Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 110/ШШ2021/0010

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Гомдол гаргагч: М.Б гомдолтой,

Хариуцагч: Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Ногооннуур сум дахь байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох,

Гомдлын шаардлага: “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0179607 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  гомдол гаргагч М.Б, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, орчуулагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч М.Б шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие М.Б нь өвөг эцэг Жангүдей, түүний хүү миний эцэг Мади нарын гурван үеэр өвлөгдөн тус Ногооннуур сумын Улаанчулуут багийн Сийлхэмийн нурууны “Бахлуур” хэмээх тусгай хамгаалалттай цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд уламжлалт аргаар мал маллаж 40-45 жил ажиллаж амьдарч байгаа билээ.

Гэтэл тус сум дахь байгаль хамгаалагч А.Х нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сумын төвд дуудаж ирүүлэн янз бүрээр дарамтлан, монгол хэл мэдэхгүй намайг хуурч мэхлэн, айлган сүрдүүлэн зарим бичиг баримтад газрын үсэг зуруулан Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй малын хашаа барьж  хориглосон үйл ажиллагааг явуулсан гэх үндэслэлээр  500,000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан юм. Хэдий ч би хууртагдан зарим бичиг баримтад гарын үсэг зурсан боловч шийтгэврийг үл зөвшөөрч шийтгэврийн хувийг гардаж аваагүй болно.

Энэ шийтгэврийг эс зөвшөөрч аймгийн Прокурорын газарт хандсан боловч тус прокуророос шийтгэврийг хүчингүй болгох боломжгүй, хуулийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хандахыг зөвлөн хяналтын прокурорт 1/101 тоот хариуг надад ирүүлсэн.

Тусгай хамгаалалтын газрын нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт байгалийн цогцолбор газрыг хязгаарлалтын бүсэд уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж болох талаар зохицуулагдсан байна.

Мөн хуулийн 18 дугаар зүйлд байгалийн цогцолборт газарт хориглох үйл ажиллагааны талаар хуульчилсан байх ба зөвхөн онцгой дэглэмтэй бүсэд хашаа байшин барихыг хориглосон талаар энэ зүйлд зохицуулагдсан байжээ. Байцаагч А.Хын надад шийтгэл ногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгай хамгаалалттай газар, нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан тохиолдолд шийтгэл ногдуулахаар хуульчлагдсан байжээ.

Миний хувьд уг хязгаарлалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй байна. Учир нь, нэгэнт хуулиар уламжлалт аргаар мал маллахыг зөвшөөрч хуульчилсан болохоор бидний өвөг дээдэс монголчуудын мал маллах уламжлалт арга нь мал хашаа хороотой, малчин нь амьдрах байшинтай байх уламжлалтай билээ.

Нөгөөтээгүүр, байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд малын хашаа хороо барих талаар ямар нэгэн хуулийн этгээдээс зөвшөөрөл авах талаар хуулийн ямар ч зохицуулалт байхгүй ба төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан ямар нэгэн хэм хэмжээний акт байхгүй болно.

Байгаль хамгаалагч А.Х нь надад шийтгэл ногдуулахдаа Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Жишээ нь, Зөрчил шалган шийдвэрлэх  ажиллагаа явуулахын тулд 2020 оны 04 сард хашаа байшин барьсныг 8 сард болгон засаж бичиж хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй мэтээр тусган бичиж намайг хуурч байлаа. Тухайн үед би хашаа байшин барьж байхад тус газарт эргүүл хийж, ууланд дуран дүрс бичлэгийн камер байршуулан явж байсан бөгөөд энэ үед надад ямар ч шаардлага тавьж мэдэгдэж байгаагүй.

Миний бодлоор А.Х нь тус Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.М, сумын Засаг дарга К.Хуаныш нарын захиалга шахалтаар ингэж хууль бус шийтгэл ногдуулсан гэж үзээд байна.

Учир нь, би аймгийн Засаг дарга болон Байгаль орчин аялал жуулчлалын яамд гомдол гаргасан ба тус газруудаас дарга С.М, Ногооннуур сумын Засаг дарга нар нь хууль зөрчиж байсан талаар тэдэнд мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн болохоор дарга нартай үгсэн гуйвалдаж тэдний өширхсөн захиалгаар  хууль бус торгууль ногдуулсан болно.

Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохих зөвшөөрөлгүй малын хашаа хороо барьсан бол шийтгэл ногдуулах талаар зохицуулагдаагүй, зөвхөн хориглосон үйл ажиллагаа явуулсан бол шийтгэл ногдуулахаар зохицуулагдсан байна.

Иймд Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0179607 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Маас шүүх хуралдаанд тайлбартаа:

Гомдол гаргагч М.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ээс 10-ны хооронд Ногооннуур сумын Сийлхэмийн нурууны тусгай  хамгаалалттай цогцолборт газрын хязгаарлалтын бүс болох “Бахлуур” гэх газарт хаваржааны зориулалттай байшин, малын хашаа хороо барьсан байгаа.

 Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Ногооннуур сум дахь байгаль  орчны хяналтын улсын байцаагч А.Х нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр М.Быг сумын төвд дуудан ирүүлж, “... Та байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, зөвшөөрөлгүй байшин барилга, малын хашаа хороо барьсан ...” гэж буруутгаж, 500.000 төгрөгөөр торгож шийтгэлийн хуудас бичсэн байна.

Тухайн үед М.Быг хууран мэхэлж, айлган сүрдүүлж, М.Бын хууль эрх зүйн мэдлэггүй байдал, мөн монгол хэл мэдэхгүй байдлыг далимдуулан “... Чамайг 3 сая төгрөгөөр торгох ёстой байсан. Би чамайг харж үзээд 500.000 төгрөгөөр торгож байгаа” гэж худлаа бүх юмыг хүлээн зөвшөөрснөөр мэдүүлэг авч, гарын үсэг зуруулсан. Улсын байцаагчийн уг зөрчлийг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа.

Нэгдүгээрт, М.Бад Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар зүйлчилж шийтгэл ногдуулсныг буруу гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2-д “Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд хязгаарлалтын бүсийн дэглэмийг тогтоож өгсөн. Үүнд, уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх гэж заасан. Тийм учраас уламжлалт аргаар мал аж ахуйн эрхлэхээр нэгэнт хаваржааны зориулалттай байшин барьсан учраас мал нь хашаа хороонд, малчин нь байшинд амьдрах нь гарцаагүй.

Үүнийг хуулиар хориглосон үйл ажиллагаа гэж үзэхгүй байгаа.

Иймд М.Бад 7.17 зүйлийн 2-д зааснаар торгууль ногдуулсан нь буруу гэж үзэж байна. Хуулиар хориглосон үйл ажиллагаа гэдгийг Тусгай хамгаалалттай тухай хуулийн 18 дугаар зүйлд байгалийн цогцолборт газарт хориглох үйл ажиллагаа  гэж тодорхой заасан байгаа.

Мөн хөөн хэлэлцэх хугацааны асуудал байна. Энэ зүйл ангиар зүйлчилж торгууль ногдууллаа гэхэд, хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар хуульчилсан. Гэтэл энэ зөрчил нь 2020 оны 04 дүгээр сарын 01-10-ны өдрүүдийн хооронд явагдсан.

Улсын байцаагч М.Бын зөрчил гаргасан хугацааг зөв тодорхойлж чадаагүй. Зөрчил хянан шийдвэрлэх явцад өөрийн төрсөн ах А.Жаас гэрчийн мэдүүлэг авсан байна. А.Ж анх гэрчийн мэдүүлэгт өгөхдөө “... 6 сард машинаар байшингийн материалыг зөөж байсныг дурангаар харсан” гэж мэдүүлэг өгсөн. Дараа нь А.Жаас шүүхийн журмаар дахиж гэрчийн мэдүүлэг авахдаа “... хэзээ барьсныг мэдэхгүй, 6 дугаар сард дурандахад материал  зөөж байсныг харсан юм шиг байна. Материал зөөснийг хүнээс сонссон” гэж мэдүүлгээсээ буцсан.

Тиймээс улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, М.Быг айлган сүрдүүлж, гарын үсэг зуруулж авсан. 04 дүгээр сарын 01-10-ны өдрүүдийн хооронд гэдгийг гэрч М.Б, Б.Ж, Х.Т нарын мэдүүлэг болон тус багийн Засаг дарга 2 удаагийн тодорхойлолт байгаа. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” байвал шийтгэл оногдуулахгүй гэсэн үг.

Тиймээс улсын байцаагч А.Х хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчиж, М.Бад шийтгэл ногдуулсан нь хууль бус байна.

Мөн Х нь хэд хэдэн процессын алдаа гаргасан. Зөрчил үйлдэгдсэн гэх газарт 2020 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр үзлэг хийсэн гэж байна. Гэрч болохоор 30-ны өдөр үзлэг хийсэн гэж мэдүүлсэн. Гэхдээ үзлэгийн тэмдэглэлийг тухайн газар дээр нь хөтлөөгүй. Тэнд үзлэг хийгдсэн үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Үзлэгийн тэмдэглэлийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сумын төвд авчраад хөтөлсөн нь процессын алдаа. Үзлэгийг тухайн газарт хөндлөнгийн гэрчийг байлцуулан байгаа байдлыг бичиж, тэнд тэмдэглэл хөтлөх ёстой байсан. М.Баас өөрийн эсрэг мэдүүлэг авсан. 4 сард барьсан байшинг, 8 сард барьсан болгож хууран мэхэлж, монгол хэл мэддэггүй байдлыг ашиглаж процессын алдаа гаргасан.

 М.Бад Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгууллагын дарга С.Мы захиалгаар шийтгэл ногдуулсан гэж үзэж байгаа. С.М энэ маргааны талаар өмнө нь Иргэний хэргийн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгч байсан. Хууль бус шийтгэл ногдуулсан гэх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын газрын захиргааны Ногооннуур сум дахь байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Хаас шүүхэд гаргасан тайлбартаа:

М.Б нь Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын харьяа Ногооннуур сумын Улаанчулуут багийн Сийлхэмийн нурууны “Бахлуур” байгалийн цогцолборт газарт дур мэдэн  буюу ямар нэгэн байгууллагын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр малын хашаа, байшин барьсан тул Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн шийтгэвэр оногдуулсан юм.

Энэ асуудлыг холбогдогч М.Б эс зөвшөөрч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэмд  гомдол гаргасан боловч аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 69 дугаартай тогтоолоор хангахаас татгалзсан юм. Гомдол гаргагч М.Б нь хяналтын прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн ерөнхий прокурор Т.Батсүхэд гомдол гаргасан боловч  2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  гомдлыг хангахаас татгалзсан юм.

Одоо аймгийн Прокурорын газрын тогтоолууд хүчинтэй байгаа учраас М.Бад ногдуулсан шийтгэврийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездээс  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд хариуцагч А.Х өөрөө тайлбараа ирүүлсэн. Зөрчил гаргагч М.Бад оногдуулсан зөрчлийн материалыг бүрэн эхээр нь хүргүүлсэн.  А.Х нь Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалттай газрын харьяа Ногооннуур сумын Улаанчулуут багийн Сийлхэмийн нурууг хариуцаж байгаа улсын байцаагч мөн. М.Б нь ямар нэгэн эрхийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барилга байгууламж барьсан тул Зөрчлийн тухай  хуулийн 7.17 дугаар зүйлийн 2-д зааснаар хамгийн доод хэмжээ 500.000 төгрөгөөр торгож шийтгэл ногдуулсан. Тухайн үед М.Б өөрөө хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгч 500.000 төгрөгөөр тушаасан байна.

Зөрчлийн тухай хуулиар улсын байцагчид хяналт тавих эрхийг Захиргааны хэргийн шүүхэд биш прокурорын байгууллагад өгсөн байгаа. Аймгийн прокурорт гомдол гаргаад, прокуророос улсын байцаагч А.Хын ногдуулсан шийтгэл хууль зүйн үндэслэлтэй гэж хариу өгсөн. Тийм учраас улсын байцаагч А.Х нь бүрэн эрхийнхээ хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэвэр ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

М.Б өөрөө асуудлын учрыг мэддэг хүн. Зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байсан бол мөнгөө хийхгүй байх ёстой байсан. Холбогдох хууль тогтоомжийн дагуу 2 шатны прокурор хянасан байгаа. Прокуроруудын тогтоол хүчинтэй, уг шийтгэвэр биелэгдсэн байгаа. М.Б өөрөө сайн дураараа 500.000 төгрөгийг банканд очиж хийсэн. Зөрчил 2020 оны 08 дугаар сард гарсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байгаа.

Уг газар нь улсын тусгай хамгаалалттай газар учраас байшин барьж болохгүй. Манай аймагт тусгай хамгаалалтын хэд хэдэн бүсүүд байгаа. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан. А.Хын шийтгэл оногдуулсан шийтгэврийн хуудас нь үндэслэлтэй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  хавтаст  хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тус тус үндэслэн гомдол гаргагч М.Баас Монгол Алтайн нурууны тусгай хамгаалалттай газрын захиргааны Ногооннуур сум дахь байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0179607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагчаас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлээ “... М.Б нь уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх зорилгоор амьдрах байшин, мал хаших хашаа хороо барьсан, энэ газар нь байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаардаг, хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулаагүй, байшин, хашаа хороог 2020 оны 4 дүгээр сарын 01-10-ны өдрүүдийн хооронд барьсан, зөрчил гаргасан гэх хугацаанаас тооцоход  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг шалгах явцад процессын алдаа гаргасан” гэж тайлбарлан маргасан,  хариуцагчаас “... М.Б нь байгалийн цогцолборт газарт дур мэдэн, эрх бүхий байгууллагын шийдвэргүй, зөвшөөрөлгүйгээр байшин, малын хашаа барьсан тул хуулийн дагуу шийтгэл оногдуулсан, энэ асуудлыг М.Бын гомдлоор прокурорын байгууллагаас 2 удаа  хянаж, гомдлыг хангахаас татгалзсан “ гэж тайлбарлажээ.

Гомдол гаргагч М.Б нь Ногооннуур сумын Улаанчулуут багийн нутаг дэвсгэрт орших “Бахлуур” гэх газарт намаржаа, хаваржааны зориулалтаар байшин, малын хашаа хороо барьсан болох нь,   энэ газар нь Монгол Улсын Их Хурлын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дугаартай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын хавсралтын 4-т,   Байгаль орчны сайдын 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Хилийн заагийг батлах тухай” 261 дүгээр тушаалын хавсралтын 3-т тус тус зааснаар Сийлхэмийн нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн  байгалийн  цогцолборт газрын ангиллын  хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа болох нь  хэрэгт авагдсан “Бахлуур” гэх газрын байршлын зураг[1], шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зураг[2], аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн мэргэжилтэн Б.ЕрМаас үйлдэж ирүүлсэн тусгай хамгаалалттай газрын бүсийн зураг[3] зэрэг нотлох баримтуудаар   тогтоогдож байгаа бөгөөд хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна: 1/ дархан цаазат газар; 2/ байгалийн цогцолборт газар; 3/ байгалийн нөөц газар; 4/ дурсгалт газар” гэж,  14 дүгээр зүйлд “Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана: 1/ онцгой бүс; 2/ аялал,жуулчлалын бүс; 3/ хязгаарлалтын бүс” гэж,  17 дугаар зүйлд “ Хязгаарлалтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулж болно: 1/ энэ хуулийн 11,15,16 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа; 2/ уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх ...” гэж, 18 дугаар зүйлд “Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулах; 2/ онцгой бүсэд энэ хуулийн 12 дугаар зүйлийн 9,1О-т заасан үйл ажиллагаа явуулах; 3/ батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төсвийг зөрчиж суурингийн нутаг дэвсгэрийг тэлэх, барилга байгууламж барих” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байх ба  хуулийн 12 дугаар зүйлийн 9-т заасан  “өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх”  үйл   ажиллагааг байгалийн цогцолборт газрын зөвхөн  онцгой  бүсэд хориглосон, харин уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэхийн тулд намаржаа, хаваржааны байшин, малын хашаа хороог барих, мал бэлчээрлүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг  байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд  хуулиар хориглоогүй гэж үзэхээр байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглах талаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн  1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 34 дүгээр зүйлийн 1-т “ Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна”, 35 дугаар зүйлийн 1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”,  2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-т “ Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус зохицуулжээ.

Гомдол гаргагч М.Б нь тухайн газарт уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх зорилгоор байшин, хашаа хороо барьж газрыг ашиглахдаа  хуулийн дээрх заалтуудад заасан журмын дагуу  газар ашиглах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаагүй, зохих эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр,  хууль зөрчиж,  дур мэдэн байшин, хашаа хороо барьсан зөрчил гаргасан нь, өөрөөр хэлбэл,  тухайн бүс нутагт  хуулиар хориглоогүй үйл ажиллагааг хуульд заасны дагуу  зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан зөрчил үйлдсэн нь тогтоогдож байна.

Гэхдээ  хариуцагчаас  М.Бын энэ зөрчилд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар[4] Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2-т заасан “Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг үндэслэж  шийтгэл ногдуулсан нь хууль бус, гомдол гаргагчийн үйлдсэн зөрчилд нь ногдуулсан шийтгэл нь тохироогүй,  гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж шүүхээс дүгнэлээ.

Тодруулбал, М.Б нь байгалийн цогцолборт газрын хязгаарлалттай бүсийн газарт намаржаа, хаваржааны байшин, малын хашаа хороо барьж  газрыг ашиглахдаа тухайлан нарийвчлан зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дээрх холбогдох заалтуудын дагуу ашиглаагүй, хуулийг  зөрчиж ашигласан   тул Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1-дэх хэсгийн  1.1-т заасан “хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн” 1.2-т заасан “...  бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу  шийтгэл ногдуулах ёстой байжээ.

Түүнчлэн,  хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар шийтгэл ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  7.1 дүгээр зүйлийн  1.5-т заасан “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох”,  4-т заасан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална”, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаар  “Журам батлах тухай“ тушаалын хавсралтаар баталсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ын 3.6-т заасан  “Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас байгаль орчин, ус, ургамал, агаар,  амьтан, ой, газар, газрын хэвлийд учирсан хохирол, нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид заасны дагуу тооцно”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд 3-т “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэснийг тус тус зөрчиж байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоохгүйгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчид хариуцлага ногдуулсан нь  Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг алдагдуулжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Монгол Алтайн нурууны тусгай хамгаалалттай газрын захиргааны Ногооннуур сум дахь байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0179607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин гомдол гаргагч М.Б нь намаржаа, хаваржааны зориулалтаар байшин, малын хашаа хороог мал аж ахуй эрхлэхийн тулд  тусгай хамгаалалттай газарт   эрх бүхий байгууллагын зохих  шийдвэргүйгээр барьсан, энэхүү  зөрчил нь цаг хугацаа, үр дагаврын хувьд  үргэлжилсэн, байнга давтагдах шинжтэй  байгаагаас гадна байшин, хашаа хороо барьсан хугацааг зөрчил  үйлдэгдэж дууссан хугацаа гэж үзэхгүй, гомдол гаргагч нь  газрыг ашиглаж байгаа тохиолдолд зөрчил нь  таслан зогсоогдоогүй тул  Зөрчлийн тухай хуулийн  1.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй, энэ талаар маргасан М.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1,2 дах хэсэг, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 18 дугаар зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.5 дах хэсэгт  заасныг тус тус  баримтлан гомдол гаргагч М.Бын  гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Алтайн нурууны тусгай хамгаалалттай газрын захиргааны Ногооннуур сум дахь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0179607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар  зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван  хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 57 дугаар хуудас

[2] Хэргийн 110-115 дугаар хуудас

[3] Хэргийн 134 дүгээр хуудас

[4] Хэргийн 48 дугаар хуудас