Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2023/0342/з |
Дугаар | 221/МА2024/0469 |
Огноо | 2024-07-18 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2024/0469
“Б б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, М.Г, хариуцагч Ц.М, М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т
Нэхэмжлэгч: “Б б” ГХОХХК /РД:5294088/
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, М.О
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, М.О нарын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн 212200000 дугаар нөхөн ногдуулалтын актаар 2,142,942,784 төгрөгийн төлбөр ногдуулснаас 1,302,000,216 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0258 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Ө.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, М.Гг
Хариуцагч Ц.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2023/0342/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б б” ГХОХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, М.О нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, М.О нарын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн НА-21220000049 дүгээр нөхөн ногдуулалтын актаар 2,142,942,784 төгрөгийн төлбөр ногдуулснаас 1,302,000,216 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0258 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 25 дугаар зүйлийн 28.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1, Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.3, 47.5, Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.21., 47.5, 47.7, 47.16, Зөрчлийн тухай хууль /2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б б” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, М.О нарын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №21220000049 дүгээр нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нийт 20,778,235,546.77 төгрөгийн татварын зөрчилд ногдуулсан 2,142,942,784 төгрөгийн төлбөрөөс болон нэхэмжлэлийн шаардлагаар маргасан 1,302,000,216 төгрөгийн төлбөрийн хэмжээнээс 2018 оны 7,8 дугаар сард ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд дутуу тайлагнасан 533,716,785 төгрөгийн нөхөн татварт ногдуулсан 160,115,035.51 төгрөгийн торгууль, 106,743,357 төгрөгийн алданги нийт 266,858,392.51 төгрөгийг бууруулан багасгаж, нэхэмжлэлийн үлдэх 1,035,141,823 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх заалтаар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг дараах байдлаар илтэд ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан “Б б” ХХК-ийн 2018 оны татварын тайланг татварын байгууллага нь хүлээн авч баталгаажуулсан баримтад огт дүгнэлт өгөөгүй бөгөөд энэ нь тухайн 2018 оны татварын тайланг татварын байгууллага нь үнэн, зөв гэж хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан үйл баримтыг огт үнэлээгүй. Тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Татварын алба нь татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа төлж буй эсэхэд хяналт тавина”, 46.2, 46.3, 46.3.1-т зааснаас үзвэл татварын байгууллага нь 2018 оны тайланг хүлээн авахдаа тухайн тайлан үнэн зөв эсэхийг хянан шалгаж, баталгаажуулахаар хуульчилсан байна. Гэтэл тухайн цаг хугацаанд татварын байгууллага нь “Б б” ХХК-ийн 2018 оны татварын тайланг алдаатай эсэх талаар огт шаардлага тавьж байгаагүй атлаа 2022 онд татварт ногдуулсан орлогоо дутуу ногдуулсан гэж нөхөн татварын акт ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх “Б б” ХХК-ийн 2020, 2021 оны АМНАТ-ыг тооцохдоо нүүрсний бодит илчлэгийг харгалзан тогтоодог үйл баримтыг огт анхаарч үзэлгүй, “Б б” ХХК-ийн 2020, 2021 онд борлуулсан нүүрсний 5000 ккал/кг-аас доош илчлэг бүхий нүүрсэнд 5000 ккал/кг-аас дээш илчлэгтэй нүүрсний ангилалаар тооцон нөхөн ногдуулалтын актыг үндэслэлгүй тогтоосон баримтыг огт харгалзаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Б.Г, Д.Ж нарын өгсөн мэдүүлэгт нүүрсний илчлэгийн хэмжээг чийгтэй жинд тооцсон илчлэгээр бус бодит илчлэгээр тооцон ангилдаг талаар мэдүүлсэн. Тухайлбал гэрч Д.Ж нь “Мөн бодит илчлэгийн үнийг хэлж байгаа. Зах зээлийн үнийн мэдээлэл стандартад тулгуурлан гардаг. Стандарт дээр бодит илчлэгийн хэмжээ л байдаг”, Нэхэмжлэгч “Б б” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 05, 08, 10-ны өдрийн экспортод гаргасан нүүрсний илчлэг 5000 ккал/кг-аас доош, 2021 оны 02 дугаар сарын 04 болон 03 дугаар сарын 30-ны өдрийнхөөс бусад өдрүүдэд экспортод гаргасан нүүрсний илчлэг 5000 ккал/кг-аас доош байгаа бөгөөд энэ нь тухайн хугацаанд улсын хилээр гаргасан гаалийн мэдүүлэг болон хариуцагч нарын өөрсдийн шүүхэд гаргаж өгсөн тооцооллоос илэрхийн нотлогдож байна.
Гэтэл анхан шатны шүүх нь дээрх баримтуудыг огт үнэлээгүй ба хариуцагчийн тооцоолол дээрх илчлэгийн хэмжээ нь 5000 ккал/кг-аас доош байгаа баримтуудыг харгалзаагүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна.
3.2. Шүүх хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолыг 2019 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байна. Хариуцагч нар нь 2022 онд “Б б” ХХК-нд татварын хяналт шалгалт явуулж, 2018 оны 2,3,7,8 дугаар саруудын АМНАТ-т нөхөн ногдуулалт тогтоохдоо Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолыг үндэслэн нөхөн ногдуулалт хийсэн. Энэ нь хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэсэн буюу Захиргааны ерөнхий хуулийн 60.4-т “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байхад анхан шатны шүүх уг үйлдлийг зөвтгөж, үндэслэлгүй дүгнэлт өгсөн.
Эрдэс баялгийн хэлтсийн “Танилцуулга” нь танилцуулга гэх нэршилтэй хэдий ч агуулгаараа захиргааны актын шинжийг агуулсан байх бөгөөд хэрэв захиргааны акт гэж үзэн татварын байцаагчийн акт тавигдаж байгаа бол захиргааны актын үндсэн шаардлага буюу захиргааны акт гаргахдаа нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа хийх, захиргааны акт чиглэсэн этгээдэд мэдэгдэх зэрэг хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй тухайн актыг хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзэхээр байна.
Мөн Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “шийтгэлийн зорилго нь хүн хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус заасан ба татварын албанаас татвар төлөгчийн экспортолсон нүүрсний гэрээний үнэ бусад аж ахуй нэгжийн үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэйг, тайланг хүлээн авсан учир гомдол гаргагчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу ногдуулсан зөрчилд гэм буруу тогтоогдохгүй байна" гэж мөн дүгнэсэн Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол хүчин төгөлдөр байна.
Татварын улсын байцаагч нар нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолыг үндэслэн акт тогтоосон нь ойлгомжгүй байх бөгөөд энэхүү тогтоолыг Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон ба мөн 342 дугаар тогтоолыг Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор мөн хүчингүйд тооцсон байна. Эрх зүйн байдлыг дордуулсан хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй байх онолын суурь зарчмын хүрээнд татвар төлөгчийн ногдох орлогыг тодорхойлж, хүчингүй болсон Засгийн газрын тогтоол нь өмнөх харилцаанд нөхөж үйлчлэхгүй бөгөөд татвар тайлагнах, ногдуулах, төлөх харилцааг татварын хууль тогтоомжоор зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгчийн татвар төлөгч нь үйл ажиллагааны орлогодоо татвараа хэрхэн төлөх, тайлагнах, залруулах зэрэг үйлдлүүд нь тодорхой хуулийн зохицуулалттай байдаг.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 27.1-д “Хуулийг дагаж мөрдөх журмаар дараах асуудлыг зохицуулна”, 27.1.3-т “өмнө үйлчилж байсан хууль, эрх зүйн зохицуулалтын дагуу үүссэн харилцаа, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг шинэ хуулийн дагуу хэрхэн хамгаалах, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, өөрчлөх, хүчингүй болсонд тооцох болон сөрөг үр дагаврыг арилгах нөхцөл, арга зам, хариуцлагыг зохицуулах хэлбэр”, 27.1.6-д “хууль буцаж үйлчлэх онцгой тохиолдол” зэрэг хуулийн зохицуулалтаар хууль тогтоомжийг буцаан хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг хуульчилсан байна.
Иймд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 2018 оны 2, 3, 7, 8 дугаар саруудад нөхөн татвар ногдуулахдаа хууль тогтоомжийг буруу хэрэглэж акт тавьсан гэж дүгнэж байна.
“Б б” ХХК нь Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох аргачлалын дагуу 2018 онд экспортод гаргасан 270,566.83 тонн нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг гэрээний үнэ, тээврийн зардал, гааль болон бусад зардлын нийлбэр дүнгээс тооцон харьяалагдах татварын албанд тайлагнасан. Түүнчлэн сар бүрийн 10-ны өдрийн дотор Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт тухайн сарын экспортод гаргасан нүүрсийг борлуулсан гэрээ, борлуулалтын мэдээ, шинжилгээний бичиг болон бусад холбогдох бичиг баримтуудыг хүргүүлж байсан бөгөөд Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.5-д “Аж ахуйн нэгж нь энэхүү аргачлалын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан нүүрс борлуулах гэрээ, 5 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан, тайлбарыг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д заасан хугацаанд үнэн зөв, иж бүрэн ирүүлсэн бол татварын алба уг аж ахуйн нэгжийн төсөвт төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын гэрээнд үндэслэн эцсийн тооцоог хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталгаажуулна” гэж заасны дагуу татварын байгууллага нь “Б б” ХХК-ийн 2018 оны 2, 3, 7, 8 дугаар саруудын татварын тайланг хүлээн авч, баталгаажуулснаас хойш 4 жилийн дараа нөхөн татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй болно. Татварын ерөнхий газрын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 06/2864 тоот албан бичиг, мөн Татварын ерөнхий газрын 10 дугаар сарын 01-ний өдрийн 06/3248 тоот албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн “Танилцуулга”-ыг үндэслэн акт гаргаж байгаа бол тухайн албан бичигт 2018 оны 03 дугаар сарын болон 2018 оны 1 дүгээр улирлын АМНАТ-ийн борлуулалтын үнэлгээг тооцох тухай дүгнэлтийг хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл энэхүү эрхийн акт нь 2018 оны 03 дугаар сарыг дуустал хэрэгжүүлэх эрхийн акт байх бөгөөд энэхүү хугацаа дуусмагц хууль зүйн үр дагавар гаргахгүй болно.
Татварын улсын байцаагчийн актын 2 дахь хуудсанд 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 47.4, 47.5 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн /2019 оны 11 сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 47.5, 47.17, 47.16, 47.2.2, 47.3.1 дахь заалтуудыг үндэслэн акт оногдуулсан нь шинэ, хуучин хуулиудыг хольж хутган Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 11 сарын 22-ны өдөр Улсын Их Хурлаар өөрчлөлт оруулахдаа батлагдсан өдрөөс хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад буцаан хэрэглэж татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр болж хэрэгжүүлэхтэй холбогдуулан Дагаж мөрдөх журмын тухай хууль батлахдаа 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө, энэ хуулийг ашигт малтмалын тухай хуульд хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө гэж хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх эрх зүйн харилцаа нь 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдахаар байна.
Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байх ба тус нэмэлт өөрчлөлтөөр 47 дугаар зүйлийн 47.1, 47.3.2, 47.10 дахь хэсгүүдийг өөрчлөн найруулсан. Дараа нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар 47 дугаар зүйлийн 47.16, 47.17 дахь хэсгүүдийг тус тус нэмсэн. Мөн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.3 дахь хэсгүүдэд өөрчлөлт оруулсан.
Нөхөн татвар ногдуулсан акт 2018 оны 2, 3, 7, 8 дугаар саруудын АМНАТ-т нөхөн татвар ногдуулж байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд дээрх өөрчлөлт орохоос өмнөх татварын эрх зүйн харилцаанд сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн зохицуулалтуудыг үндэслэж татвар ногдуулах үндэслэлгүй байна.
Тухайлбал: Нөхөн ногдуулалтын актын 1, 2, 3, 4 дэх хэсгүүдээр тогтоосон АМНАТ-ын нэмэлт хувийг 47 дугаар зүйлийн 47.2, 47.3, 47.5.11, 47.17 дахь хэсгүүдийг үндэслэн авах нь өмнө үүссэн эрх зүйн харилцаанд сүүлд батлагдсан хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Энэ үйл баримтад анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй нь үндэслэл муутай болжээ.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0258 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
4.1. ... Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, М.О нар эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-хэсэгчилсэн шалгалт хийж 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-21220000049 дүгээр нөхөн ногдуулалтын актаар 20,778,235,56.77 төгрөгийн зөрчилд 2,142,942,784 төгрөгийн төлбөр ногдуулсан.
4.2. Билэгт баялаг ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд 2018 оны 2,3,7,8 дугаар саруудад АМНАТ тооцоолсон үнэлгээг зах зээлийн жишиг үнээр бодож 879,935,937 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан татварын байцаагчийн зөрүү татварыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх гомдол гаргаж, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №А22/93 тоот албан бичгээр нэмэлт тайлбар гаргаж, 2018 онд 879,935,937 төгрөгийн АМНАТ, 263,970,781 төгрөгийн торгууль, 140,789,750 төгрөгийн алданги, нийт 1,284,706,468 төгрөгийн төлбөр, 2020-2021 онуудад 234,214,841 төгрөгийн АМНАТ, 70,264,451 төгрөгийн торгууль, 23,299,199 төгрөгийн алданги бүгд 327,778,492 төгрөгийн төлбөр, бүгд 1,612,484,960 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргасан байсан.
4.3. Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар 20,778,235,546.77 төгрөгийн зөрчилд 1,474,316,927 төгрөгийн нөхөн татвар, 443,923,428 төгрөгийн торгууль, 224,702,429 төгрөгийн алданги нийт 2,142,942,784 төгрөгийн төлбөр ногдуулснаас 2018 оны 7,8 дугаар сарын дутуу тайлагнасан ашигт малтмалын нөөц ашигласны 533,716,785 төгрөгийн нөхөн татварт ногдуулсан 160,115,035.51 төгрөгийн торгууль, 106,743,357 төгрөгийн алданги нийт 266,858,392.51 төгрөгийн төлбөрийг бууруулж 1,474,743,357 төгрөгийн нөхөн татвар, 283,808,392.49 төгрөгийн торгууль, 117,959,072 төгрөгийн алданги нийт 1,846,084,391.49 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилсөн.
4.4. Нэхэмжлэгч “Б б” ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн 1,302,000,216 төгрөгийн төлбөрт Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор бууруулсан 2018 оны 7,8 дугаар сард ашигт малтмалын тайланд дутуу ногдуулсан гэж үзэн актаар тогтоосон 533,716,785 төгрөгийн нөхөн татварт ногдуулсан 266,858,392.51 төгрөгийн торгууль, алдангийн дүн ороогүй бөгөөд өмнө нь Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор бууруулан шийдвэрлэсэн байхад шүүхээс давхар хасаж төсөвт төлөх татварын дүнг бууруулсан нь үндэслэлгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0258 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар Билэгт баялаг ХХК-ийн маргасан нэхэмжлэлийн 1,302,000,216 төгрөгийн дүнг 266,858,392.51 төгрөгөөр бууруулан шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
3. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина”, 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ”, 41.8-д “Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх нөхцөлийг харгалзан татварын хяналт шалгалтыг зохион байгуулж, томилгоо хийж, удирдамжийг батална”, 41.9-д “Татварын хяналт шалгалтыг хоёр болон түүнээс дээш татварын улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэнэ”, 41.13-т “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, мөрдүүлнэ” гэж,
Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт, шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 3.1-т “Татварын алба хяналт шалгалтыг Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэх бөгөөд хяналт шалгалтын ерөнхий болон тусгай удирдамжийг Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална”, 3.3-т “Хяналт шалгалтыг ерөнхий удирдамжаар хийж гүйцэтгэнэ”, 3.4-т “Хяналт шалгалтыг шаардлагатай тохиолдолд тусгай удирдамжаар хийж гүйцэтгэнэ. Тусгай удирдамжид хяналт шалгалтын бүрэлдэхүүн түүнд тавигдах шаардлага, хамтарч гүйцэтгэх байгууллагын нэр, гүйцэтгэх хяналт шалгалтын цар хүрээ зэрэг бусад шаардлагатай мэдээллийг тусгана”, 3.6-д “Татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалт хийх томилолт /цаашид “томилолт” гэх/-ыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжээс ирүүлсэн хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтад үндэслэн тухайн албаны хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга олгоно” гэж тус тус заажээ.
4. Маргаан бүхий үйл баримтын тухайд:
4.1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М, М.О нар нь “Б б” ХХК /ГХО/-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2122501485 тоот томилолтын дагуу “Б б” ХХК /ГХО/-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийж, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-21220000049 дүгээр нөхөн ногдуулалтын актаар 1,474,316,927 төгрөгийн нөхөн татвар, 443,923,428 төгрөгийн торгууль, 224,702,429 төгрөгийн алданги, нийт 2,142,942,784 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.
4.2. Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандан “татварын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ зах зээлийн жишиг үнээр тооцон бодож нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй” гэсэн агуулгаар гомдол гаргасныг Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2019.11.22-ны өдрийн/-ийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.3.3, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан 2018 оны 7, 8 дугаар сарын дутуу тайлагнасан ашигт малтмалын нөөц ашигласны 533,716,785 төгрөгийн нөхөн татварт ногдуулсан 160,115,035.51 төгрөгийн торгууль, 106,743,357 төгрөгийн алданги, нийт 266,858,392.51 төгрөгийн төлбөрийг бууруулж, 1,474,316,927 төгрөгийн нөхөн татвар, 283,808,392.49 төгрөгийн торгууль, 117,959,072 төгрөгийн алданги, нийт 1,876,084,391.49 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэжээ.
4.3. Улмаар нэхэмжлэгчээс шүүхэд хандан татварын улсын байцаагчийн НА-21220000049 дүгээр нөхөн ногдуулалтын актаар 2,142,942,784 төгрөгийн төлбөр ногдуулснаас 1,302,000,216 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч хянаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “...зөрчилд ногдуулсан 2,142,942,784 төгрөгийн төлбөрөөс болон нэхэмжлэлийн шаардлагаар маргасан 1,302,000,216 төгрөгийн төлбөрийн хэмжээнээс 2018 оны 7, 8 дугаар сард ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд дутуу тайлагнасан 533,716,785 төгрөгийн нөхөн татварт ногдуулсан 160,115,035.51 төгрөгийн торгууль, 106,743,357 төгрөгийн алданги нийт 266,858,392.51 төгрөгийн төлбөрийг бууруулан багасгаж, нэхэмжлэлийн үлдэх 1,035,141,823 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5. Ингэхдээ хэрэгт хамааралтай, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамааралтай нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Тодруулбал, хариуцагч талаас “...Татварын ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан “Хяналт шалгалт хийх тусгай удирдамж”-ын дагуу Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2122501485 тоот томилолтын дагуу тухайн /Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Хэсэгчилсэн/ хяналт шалгалтыг хийсэн хэмээн тайлбарлаж маргасан.
7. Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.10-д “Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно”, 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ”, Сангийн сайдын 2019 оны 305 дугаар тушаалаар баталсан “Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам”-ын 6.8-д “Татварын албаны холбогдох нэгжийн болон хувь хүн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт, гомдол, удирдамж, чиглэлийн дагуу тухайлан баталсан шалгуур үзүүлэлтээр тооцоолсон татвар төлөгчийн эрсдэлийн түвшин, татварын албаны тодорхойлсон бусад эрсдэлд үндэслэн хяналт шалгалтад шилжүүлж болно” гэж тус тус заасан.
8. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
8.1. Анхан шатны шүүх “Хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийг хэрэгт нотлох баримтаар аваагүй; Татварын ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан “Хяналт шалгалт хийх тусгай удирдамж”-ийн 2.2-т “Хяналт шалгалтад эрсдэлийг тооцож үнэлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг худалдан борлуулагч, худалдан авагч татвар төлөгч хамаарна. /Хавсралт-2/” гэж заасан байхад тухайн хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг баталсан 2 дугаар хавсралт болон нэхэмжлэгч компанид эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх ямар үндэслэл бүрдсэн, эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийсэн талаарх баримтуудыг хэрэгт нотлох баримтаар аваагүй.
8.2. Мөн “Хяналт шалгалт хийх тусгай удирдамж”-ийн 3.1-т “Хяналт шалгалтыг Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газар, Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн хэлтэс нь удирдлага, арга зүйгээр хангаж, харьяалах татварын албаны татварын улсын /ахлах/ байцаагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын /ахлах/ байцаагч нарын бүрэлдэхүүн /Хавсралт-1/-тэй хийж гүйцэтгэнэ” гэж заасан байхад тухайн татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх байцаагч нарын бүрэлдэхүүнийг баталсан 1 дүгээр хавсралтыг шүүх хэрэгт нотлох баримтаар аваагүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцэхгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс хамтарсан хяналт шалгалтад оролцсон этгээдүүд ямар чиг үүрэгтэй оролцсон болохыг тодруулах шаардлагатай талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргаж мэтгэлцсэн байх тул тухайлан хяналт шалгалтыг хийх эрхтэй этгээд хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан эсэх, тухайн төрлийн татварын хяналт шалгалтад хамрагдах аж ахуйн нэгжийн жагсаалтад нэхэмжлэгч хуулийн этгээд орсон эсэх асуудлыг анхан шатны шүүхээс тодруулж, дээрх баримтуудыг хэрэгт нотлох баримтаар авалгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... 2018 онд экспортод гаргасан 270,566.83 тонн нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг гэрээний үнэ, тээврийн зардал, гааль болон бусад зардлын нийлбэр дүнгээс тооцсон. ...тухайн цаг хугацаанд татварын байгууллага “Б б” ХХК-ийн 2018 оны татварын тайланг алдаатай эсэх талаар огт шаардлага тавьж байгаагүй атлаа 2022 онд татварт ногдуулсан орлогоо дутуу ногдуулсан гэж нөхөн татварын акт ногдуулсан нь үндэслэлгүй, ... 2018 оны 2, 3 дугаар сард татварын албанд гэрээний буюу хэлцлийн үнээр борлуулалтын үнэлгээгээ тооцуулах талаар хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/18/17 дугаар албан бичгээр хүргүүлж, холбогдох тайлан, мэдээгээ хавсарган хүргүүлсэн гэж,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...татварын албанд гэрээний үнэ буюу хэлцлийн үнээр борлуулалтын үнэлгээгээ тооцуулахаар холбогдох тайлан мэдээ, баримтуудыг ирүүлэх талаар Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дахь заалтаар зохицуулсан. “Билэгт баялаг ХХК” нь 2018 оны 2, 3 дугаар сарын гэрээний борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр тооцуулахаар хүсэлт ирүүлж байгаагүй гэж маргаж байх бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн татварын албанд хүргүүлсэн гэх дээрх албан бичгийг хүлээж авсан эсэх талаар тодруулахаар Татварын ерөнхий газрын архивт хийсэн үзлэгийн тэмдэглэлд “ ...цахим бүртгэлд нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэрээр шүүлт хийхэд 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/18/29 гэсэн бичиг байв. Уг бичгийг хуулбарлан авч хавсаргав...” гэж дурдсан боловч уг албан бичиг нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй төдийгүй архивын хадгаламжийн нэгжид дээрх 2 албан бичиг бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “... гэрээний үнээр тооцуулахаар хүсэлт гаргасан байхад жишиг үнээр тооцсон” гэж, хариуцагчаас “... “Б б” ХХК нь гэрээний үнээр тооцуулах хүсэлтээ ирүүлж байгаагүй” гэх шаардлага ба татгалзлын үндэслэл гаргасан учраас дээрх нөхцөл байдлыг тодруулах, үзлэгийн тэмдэглэлд дурдсан албан бичгийг хэрэгт нотлох баримтаар авах шаардлагатай гэж үзлээ.
9. Анхан шатны шүүх дээр дурдсан хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэгчээс удаа дараа гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтээсээ татгалзаагүй байхад түүнийг шийдвэрлэлгүй орхигдуулсан зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж, дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх зэргээр уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0258 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ