Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0221/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Шүүгдэгч С.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон Сүхбаатарын Сарангэрэлд холбогдох эрүүгийн 201609000573 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Боржигон Сүхбаатарын Сарангэрэл, 1966 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дархан Уул аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, одоо “Жавхлан” СӨХ-д орцны үйлчлэгч ажилтай, ам бүл 4, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн Парк тауны 49-807 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТА66113001 регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ С.Сарангэрэл нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны гадаа Э.Мартыг алгадаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч С.Сарангэрэлийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр хэдний өдрийг мэдэхгүй байна. Би тэр өдөр аймаар ууртай ажил ихтэй дүү Батдэлгэрт гэрийнхээ түлхүүрийг өгөх гэтэл ирэхгүй 12-13 цагийн үед гэртээ ирдэг байтал 17 цаг өнгөрчихсөн байхад ирээгүй байсан. Тэгээд хайгаад явж байтал Батдэлгэрийн ангийн охидууд явж байхаар нь дүүгээ асуугаад та нар Батдэлгэрийг дууддаг, хаалга үүд тогшдог биздээ та нар хаана байгааг нь мэдэж байгаа олоод ир гэж ууралсан. Тэгээд би Э.Мартыг хажуугаар зөрөхөөр нь нэг л удаа шүргэсэн төдий л цохисон. Тэнд байсан охидуудыг бол загнаад явсан. Эдгээр охидуудтай манай дүү байнга гадуур тоглоод байдаг учраас загнаж ууралсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, айлын хүүхдийг цохисон нь миний буруу гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй хохирогч Э.Мартын хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 9-р сарын 29-ний өдөр бэлтгэлээ тарчихаад Мөнхзаяа, Намуунзаяа бид гурав Нандиаг хүлээгээд 2-р байрны гадаа тоглоомон дээр тоглож байтал Батдэлгэрийн эгч Сараа ирээд та нар Батдэлгэрийг харсан уу гэхээр нь хараагүй гэхэд та нар хамт явдаг л биздээ гээд баруун талын хацар чих рүү гараараа цохисон тэгсэнээ Намуунзаяагийн нуруу руу гараараа хүчтэй цохисон. Тэгээд та нар Батдэлгэрийг олж ир түлхүүр өгөх гэж байна олж ирэхгүй бол миний уур аймаар их хүрч байна шүү гээд яваад өгсөн. Тэгээд би ээждээ очиж хэлсэн. Батдэлгэр манай ангийн хүүхэд бөгөөд эгч Сараа нь бид нар таньдаг манай ангийн хүүхдүүдийг байнга л загнаж зоддог. Маргааш нь манай ангид Батдэлгэрийн ээж орж ирээд Марта Намуунзаяа та хоёр Батдэлгэрийг байнга дууддаг биздээ дахиж манай гэрийн тэрүүгээр явах юм бол би зургийг чинь авна шүү гэж загнасан. Би уг нь Батдэлгэртэй нийлдэггүй Намуунзаяа, Нандиа нар хааяа нийлж тоглодог. Цохиулсанаас болж миний чих өвдөөд эм дусааж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтуяагийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 9-р сарын 29-ны өдөр манай охин Март Батдэлгэрийн эгч Сарангэрэлд зодуулчихлаа гэж ирэхээр нь би сургууль орж нийгмийн ажилтантай нь уулзсан. Тэгтэл орой Батдэлгэрийн ээж Оюундэлгэр нь охинтойгоо миний ажлын байран дээр ирж том охинтой минь хэрүүл маргаан хийж бага охин Мартыг загнасан байсан. Сарангэрэл нь дүү Батдэлгэрийг хайж яваад манай охинтой таарч дүүгээ асуугаад хамт байсан ангийн охидуудыг бас хэл амаар доромжилж загнаад миний охиныг алгадсан байсан. 2016 оны 10-р сарын 03-нд цагдаад өргөдөл өгөөд чих өвдөөд байна гэхээр нь охиноо 2016 оны 10-р сарын 04-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн, картаа шүүх эмнэлэг дээр аваачиж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч Б.Намуунзаяагийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 9-р сарын сүүлээр би хэдний өдрийг мэдэхгүй байна. Хичээл тарчихаад бид нар А байр руу явж зургаа авхуулчихаад хувцасаа солиод гадаа тоглоё гээд Нандиа, Мөнхзаяа хоёр гэр рүүгээ ороод Марта бид хоёр байрных нь гадаа хүлээгээд зогсож байтал манай ангийн Батдэлгэрийн эгч Сараа ирсэнээ Батдэлгэр хаана байна гэхээр нь мэдэхгүй гэхэд та нар байнга дууддаг биздээ дагуулж явдаг алцайсан гичийнүүд гэж загнаж уурлаад Мартын баруун талын хацар уруу чанга алгадчихсан. Тэгээд та нар Батдэлгэрийг олж ир яв зайл гэсэн тэгээд бид нар олох гээд явж байтал Батдэлгэртэй таараад эгч чинь хайгаад байна гэж хэлсэн. Тэгэхэд Батдэлгэр гүйгээд явчихсан. Секцэнд явах гэж Батдэлгэрийг гэрт нь хоёр удаа л очиж дуудсан. ...намайг 3-р ангид байхад нэг удаа Батдэлгэртэй нийлж гадуур явлаа гэж нуруу руу гараараа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч М.Ууганбатын хэрэг бүртгэлтэд өгсөн: Мартын ээж Энхтуяа манай ангид орж ирээд Сараад цохиулж байсан хүн байна уу гэж асуухаар нь манай ангийнхан хэлсэн. Намайг 4-р ангид байхад Батдэлгэрийн эгч Сараа бид нарыг тоглож байхад ирээд харьцгаа гээд нуруу руу гараараа нэг удаа цохисон. Өөр намайг цохиж зодсон асуудал байхгүй. Намуунзаяа надтай таараад Батдэлгэрийн аниа Сараа нь битгий хүүхэд дагуулж яваад бай гээд Мартыг алгадчихлаа гэж ярьсан. Бид нар ойролцоо байранд байдаг учир байнга л гадаа таарч тоглодог гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, Гэрч Х.Алтансүхийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 9-р сарын 29 ны өдөр ажил дээрээ байж байтал манай ангийн Мартын ээж Энхтуяа орж ирээд Батдэлгэрийн эгч Сараад Март зодуулсан байна хацар нь хавдчихаж бас хэл амаар доромжилсон байна уулзах хэрэгтэй цагдаад мэдэгдэнэ гэрийн хаяг утасны дугаарыг нь өг гэхээр нь Сараагийн утасны дугаарыг өгсөн. Сараа бол тэр хавийн байрыг цэвэрлэдэг үйлчлэгч Батдэлгэрийн ээжийнх нь төрсөн эгч нь дүүгээ асууж сурагладаг хүүхдүүдийг харь барь гээд л явж байдаг. Батдэлгэрт анхаарал тавьдаг над руу утасдаад хичээл тарж байна уу Батдэлгэрийн авах гэсэн юм гэдэг. Манай ангийн зэрэгцээ 3 байранд байдаг арваад хүүхэд байдаг байнга л хамт явдаг тэрэн дотор Батдэлгэр, Март, Намуунзаяа нар байдаг юм. Би Сарааг харахдаа танхайраад хүүхэд зодоод яваад байдаг гэж ойлгодоггүй дүүгийнхээ хүүхдийг байнга авч хичээлд нь хүргэж өгдөг, хүүхдэд анхаарал тавьдаг гэж л ойлгодог. Мартыг алгадсаны маргааш ээж Энхтуяа нь орж ирээд манай ангийн хүүхдүүдээс та нарыг Сараа зодсон уу гэж асуугаад бичиж аваад байсан би хүүхдүүддээ та нар үнэн зөв хэлээрэй гэж хэлээд ангиасаа гарч явсан хүүхдүүд юу ярьсаныг мэдэхгүй байна. Э. Мартын ээж Энхтуяагаас надад 2016.9.29-нөөс хойш өөрөөр хэлбэл Сараад алгадуулсанаасаа хойш 2016.10.03, 20-д эмнэлэгт үзүүлнэ, 2016.10.24-ны өдөр хордлого аваад очиж чадахгүй нь гэсэн мессеж бичээд 3 удаа чөлөө авсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016.10.04-ний өдрийн 1062 дугаар дүгнэлт: 1.Э.Мартын биед баруун дунд чихний хурц үрэвсэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖурмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Э.Мартын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 11-р хуудас/, Гэрч С.Оюундэлгэрийн хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/ зэрэг болно. Шүүгдэгч С.Сарангэрэл нь 2016 оны 9-р сарын 29-ний өдөр өөрийн дүү Батдэлгэрийг хайж яваад Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах 2-р байрны гадаа ангийнх нь охидууд Мөнхзаяа, Намуунзаяа, Март нартай тааралдаж тэднээс дүүгээ асууж улмаар Э.Мартыг алгадаж баруун дунд чихний хурц үрэвсэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Гэсэн хэдий ч насанд хүрээгүй хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхтуяа нь шүүгдэгч С.Сарангэрэлтэй шүүхийн шатанд сайн дураараа эвлэрсэн нь хохирогч шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч С.Сарангэрэл нь анх удаа хөнгөн гэмт үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар С.Сарангэрэлийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Боржигон Сүхбаатарын Сарангэрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч С.Сарангэрэлийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сарангэрэлд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.БАТЖАРГАЛ