Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Бгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03416 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Ч, О.Бнарт холбогдох  

 

Хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 31 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хамтран ажиллах гэрээг цуцалж, өөрийн эзэмшлийн шугамаа чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нямжавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Нямжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Э.Нямжав нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж байгаа ба уг барилгынхаа гадна дулаан, халуун хүйтэн усны шугамын холболтын асуудлыг шийдвэрлэхийн тулд Р.Чтай 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний 1.1-т зааснаар Р.Чын эзэмшлийн гадна дулаан, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамд холболт хийж Н.Б нь өөрийн барьж буй барилга руу шинээр шугам татаж гадна дулаан, хэрэглээний халуун хүйтэн усаар хангахаар болсон. Ингээд хамтран ажиллах гэрээний 5.1-т заасны дагуу би нийт 25.000.000 төгрөг болон өөрийн найз А.Сувдаагийн өмчлөлийн Япон улсад үйлдвэрлэсэн, 3760 УБҮ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашиныг Р.Чын талын хүн болох С.Даваад 6.500.000 төгрөгт тооцон шилжүүлэн өгсөн. Улмаар эрх бүхий байгуулсан хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул гэрээнээсээ татгалзаж гэрээний 5.2-т А талын техникийн нөхцөл олгогдоогүй тохиолдолд А талын Б талд төлсөн төлбөрийг 30 хоногийн хугацаанд үл маргах журмаар бүрэн бүтэн буцаан олгоно гэж заасан. Мөн Р.Ч нь өөрийн эзэмшлийн гадна дулаан, хэрэгцээний халуун хүйтэн усны инженерийн шугамаа Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т заасны дагуу нийслэлийн өмчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн. Иймд хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүй 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр надтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байгаа тул энэхүү хамтран ажллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймээс хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байдаг тул хариуцагч нараас шилжүүлэн өгсөн 31.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Г.Жадамбатай 001 дугаар бүхий хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Г.Жадамбын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгаас түүний эзэмшлийн гадна дулааны хэрэгцээний халуун, хүйтэн ус, бохир усны шугамд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 давхар орон сууцны гадна дулааны, хэрэгцээний халуун, хүйтэн ус, бохир усны шугамыг холбож, уг шугамыг миний эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Би 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Г.Жадамбаас зөвшөөрөл аван Н.Бтай хамтран ажиллах 2016/10 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээгээр дээрх миний эзэмшлийн дулааны, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамд Н.Бгийн захиалгаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны гадна дулаан, халуун хүйтэн усны шугамын холболтын асуудлыг шийдвэрлэх зорилгоор холболт хийж, хэрэгцээний халуун хүйтэн усаар бүрэн хангаж, Н.Бгаас 30.000.000 төгрөг болон Тоёота приус 20 маркийн автомашиныг өөрийн өмчлөлд авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан билээ. Би Н.Бтай байгуулсан гэрээний үүргээ бүрэн хангасан гэж үзэж байна. Учир нь Н.Б миний эзэмшлийн дулааны өсөх, буцах, хэрэглээний халуун усны өсөх, буцах 4 шугамд өөрийн шугамын хоолойг холбосон бөгөөд өдийг хүртэл ашиглаж байгаад тооцож болно. Н.Б нь гадна дулааны, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамыг Г.Жадамбын нэр дээр бүртгэлтэй гэх үндэслэлээр надтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад, намайг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа нь учир дутагдалтай. Үүнийг эзэмшил гэдгийг анх гэрээ байгуулах үеэс эхлэн мэдсээр байж мөн Г.Жадамбатай харилцан тохиролцож түүнд 15.000.000 төгрөг өгч байсан атлаа нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Дээрх бүгд Г.Жадамба бид хоёрын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ Н.Бтай байгуулсан хамтран ажиллах гэрээ болон дулааны шугам эзэмшлийн заагийн зураг, иргэн Р.Чын салаа шугамын гидравлик тооцооны дүн, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас баталсан 271/2014, 69 дүгээр техникийн нөхцөл зэргээр нотлогдоно. Н.Б нь Р.Чын хүү О.Болор-Эрдэнэд 2015 онд 10.000.000 төгрөг, 2016 онд 4.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэж худал хэлж, аваагүй мөнгийг нэмж нэхэмжилж байна. Н.Бг хамтран ажиллах гэрээний 5.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Учир нь өдийг хүртэл гэрээнд заасан төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй. Энэ нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т үүргийг тогтоосон хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасныг зөрчиж байна. Мөн Н.Б нь гэрээний 5.1-т заасны дагуу эхэлж 30.000.000 төгрөгийг Тоёота приус 20 маркийн автомашины хамт миний өмчлөлд бүрэн шилжүүлсэн тохиолдолд би өөрийн эзэмшлийн дулаан болон хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамаас түүний барилгыг дулаан болон хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах үүрэг хүлээсэн тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу Н.Бгаас өөрийн өмчлөлийн дулаан болон хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамыг чөлөөлүүлэхэд хүрэх юм уу аль эсвэл гэрээний үүргийн үнийн дүнгийн үлдэгдэл 19.000.000 төгрөгөө нэхэмжлэхэд хүрээд байна. Учир нь Н.Б нь гэрээний үүргийн үнийн дүн болох 30.000.000 төгрөгөөс, 11.000.000 төгрөгийг, Тоёота Приус 20 маркийн автомашины хамт өгсөн бөгөөд үлдэгдэл 19.000.000 төгрөгийг өгөөгүй нь үүргийн гүйцэтгэлээ бүрэн хангасан гэж үзэхээргүй байна. Бид зах зээлийн ханшаар 300.000.000 орчим төгрөгт үнэлж холболт хийлгэдэг шугамыг Н.Бд маш хямдхан өгч эзэмшүүлж байхад ийм байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа бол түүнээс өөрийн эзэмшлийн шугамаа чөлөөлүүлэх хүсэлтэй байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шарадлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч О.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нарыг шугамын өмчлөгч биш байна гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл одоо өмч нь мөн юм, гэхдээ нийслэлийн өмчид шилжүүлээгүй гэж үзэж байгаа юм байна. Бид хуулийн дагуу барьсан орон сууцыг 3 жил хариуцна, харин шугамаа 5 жил хариуцна, холбогдох гэрээ байгаа. Миний шугамны тэн хагасаас авсан байгаа, ОСНААУГ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК аль аль нь нотолсон баримтыг шүүхэд өгсөн байна. Би Н.Бг аль дуртай газраасаа ав гэсэн, миний шугамны тэн хагасаас авсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ. 

Хариуцагч Р.Ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болор-Эрдэнэ нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Н.Б нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Р.Чтай 2016/10 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүргээ бид бүрэн биелүүлсэн бөгөөд харин тэрээр гэрээнд заасан төлбөрийн үлдэгдэл болох 14.000.000 төгрөгөө төлөөгүй. Н.Б нь миний эзэмшлийн дулааны өсөх, буцах, хэрэглээний халуун усны өсөх, буцах 4 шугамд өөрийн шугамын хоолойг холбосон бөгөөд энэ нь одоог хүртэл ашиглагдаж байгаа гэж үзэх үндэстэй. Н.Б нь гадна дулааны, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамыг татахдаа Г.Жадамбын эзэмшлийн газар дээгүүр явуулсан төлбөрөө төлснөө өөр хүнээс дулаан, халуун хүйтэн усны шугам холбосон тул гэсэн нь үндэслэлгүй байна. Миний бие Г.Жадамбатай хамтран ажиллах гэрээ болон дулааны шугам эзэмшлийн заагийн зураг иргэн Р.Чын салаа шугамын гидравлик тооцооны үр дүн, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас баталсан 271/2014, 69 дүгээр бүхий техникийн нөхцлөөр Н.Б нь миний эзэмшлийн дулааны өсөх, буцах, хэрэглээний халуун усны өсөх, буцах 4 шугамд өөрийн шугамын хоолойг холбосон болох нь хангалттай нотлогдоно. Мөн тэрээр техникийн нөхцлөө авч барилгаа барьсан байтлаа ямар ч техникийн нөхцөл аваагүй гэсэн утгатайгаар үндсэн нэхэмжлэл гаргасан байна. Мөн хамтран ажиллах гэрээний дагуу 11.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн, приус 20 маркийн автомашиныг 6.500.000 төгрөгт тооцож өгсөн, одоо 14.000.000 төгрөг дутуу төлсөн байна. Иймд нэхэмжлэгч Н.Бтай байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2016/10 тоот хамтран ажиллах гэрээг цуцалж, өөрийн эзэмшлийн шугамаа чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 

Нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Э.Нямжав нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Р.Чын эзэмшлийн дулааны шугамаас өөрийн барьж буй барилгадаа гадна дулаан, халуун, хүйтэн усны шугамаа татаагүй тул Р.Чын эзэмшлийн шугамыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн дагуу энэ шугам нийслэлийн өмч юм. Эрчим хүчний тухай хуулийн 29.1.9, 30.1.10-т зааснаар хангагч нь нэмж холбох эрхтэй, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр холбох үүрэгтэй тул хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй. Чанцал, Жадамба нарын хамтран ажиллах гэрээний дагуу Чанцал шугамыг өргөтгөсөн ч эзэмшил нь Жадамбынх гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Бгийн ээж Туул 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөн нэхэмжлэгч нь найз Анхбаярын хамт 4.000.000 төгрөгийг бэлнээр өгснийг нотлох гэрчийн мэдүүлэг байгаа. Иймд нийт 25.000.000 төгрөг болон приус маркийн автомашин 6.500.000 төгрөгт тооцож нийт 31.500.000 төгрөг хариуцагч нарт төлсөн тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Р.Ч, О.Бнараас 31.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н.Бд холбогдуулан гаргасан өөрийн эзэмшлийн инженерийн шугамаа чөлөөлүүлэх тухай хариуцагч Р.Чын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч, хариуцагч тус бүрийн төлсөн 315.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2609006167 тоот данснаас илүү төлсөн 550 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Р.Чд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нямжав давж заалдах гомдолдоо: “...Г.Жадамба, Р.Ч нарын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.2 “...801 дүгээр ангийн Дулааны худаг 1-с иргэн Жадамын эзэмшлийн ДХ-3 хүртэлх ф-100-н дулааны өгөх буцах шугамыг ф-150-н шугам болгон өргөтгөж зарцуулалтыг нэмэх ажил, иргэн Р.Чын эзэмшлийн ДХ-5-6-г шинээр хийх”, мөн Р.Ч нэхэмжлэгч хоёрын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.3-т “Р.Ч эзэмшлийн ДХ-5-6-д өргөтгөл хийхгүй холболт хийх”, мөн “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1525 дугаартай албан бичигт “...шугамыг иргэн н.Чинбат, н.Жадамба нар анх шинээр татсан, дараа нь Р.Ч шугамыг өргөтгөн шинэчлэн сольсон байдаг. Дээрх хэрэглэгч нар нь өөрийн хөрөнгөөр инженерийн шугам сүлжээ татсан учир өмчлөгч болон эзэмшигч хоорондоо ямар хэлцэл хийгдсэн нь тус газар мэдэх боломжгүй байна” гэсэн атал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж чадаагүй, зөвхөн шугамыг өргөтгөн сольсон тул тус шугамын өмчлөгч нь Р.Ч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

...Р.Ч нь 35 айлын орон сууцны барилга барьсан бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэтэй, мөн хуулийн 30.1.13-д “нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүрэгтэй”, Нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах тухай журмын 1.3-ын а-д “Нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны барилгын гадна цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж орно” гэж тус тус заажээ. Энэ талаар “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03/1595 тоот албан бичигт “...иргэн н.Жадамба, н.Чинбат, Р.Ч нар нь орон сууцны байрууд барьж ашиглалтад оруулж, зарж, борлуулсан байдаг боловч ус дулаанаар хангадаг гадна инженерийн шугам сүлжээг Нийслэлийн өмчид хүлээлгэн өгөх үүргээ одоо хүртэл биелүүлээгүй байдаг юм” гэж шүүхэд ирүүлсэн болно. Иймд нэхэмжлэгчийн холбосон инженерийн шугам нь нийтийн эзэмшлийн эд хөрөнгө бөгөөд эзэмшигч нь энэхүү шугамыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүрэгтэй атлаа энэхүү үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан тул зохигчдын байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” нь Эрчим хүчний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд тооцогдох юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

       Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Р.Ч, О.Бнарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 31 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу хариуцагч уг шугамыг нийслэлийн өмчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хамтран ажиллах гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хамтран ажиллах гэрээг цуцалж, өөрийн эзэмшлийн шугамаа чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

      

       Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Р.Ч нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2016/10 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр  хариуцагч нь өөрийн эзэмшлийн гадна дулааны, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамд нэхэмжлэгчийн захиалгаар баригдаж буй орон сууцны дулаан болон хэрэглээний халуун хүйтэн усаар хангах, нэхэмжлэгч нь гэрээний төлбөр болох 30 000 000 төгрөг болон Тоёота Приус 20 маркийн автомашиныг төлөхөөр харилцан тохиролцсон, талуудын тохиролцоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасантай нийцсэн байна. /хх 6-8/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч Н.Б нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Сансар хотхон 1 дүгээр гудамж, 17а, 17б тоот хаягт байршилтай тус бүр 700 м.кв газрын өмчлөгч бөгөөд эдгээр газарт 96 айлын орон сууц барьсан болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, техникийн нөхцөл, техникийн тодруулга, барилгын эскиз, архитектур төлөвлөлтийн даалгавар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 34, 92-119/

 

       Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн барилга холбогдсон инженерийн шугамыг анх Н.Чинбат, Г.Жадамба нар барьсныг хариуцагч Р.Ч өөрийн барилгыг холбохдоо өргөтгөн шинэчлэн сольсон болох нь тогтоогдож байх тул шүүх хариуцагч Р.Ч нь өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан инженерийн шугам сүлжээний өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах эрхтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Дээрх хэлцэл нь хуулиар хориглосон болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж, хэлцлийн дагуу үр дагаврыг арилгуулахаар талууд шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Н.Б нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулахдаа тус инженерийн шугам сүлжээг хариуцагч Р.Чын өмчлөлийн зүйл гэдгийг мэдэх боломжтой байсан талаарх хийсэн шүүхийн дүгнэлт дээрх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлажээ.

 

            Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар нэхэмжлэгч Н.Б нь төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарлаж, эхнэр Б.Баярцацралын Төрийн банкны данснаас 11 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагааг гаргаж өгсөн байна. Эдгээр баримтыг гэрч З.Туулын “...2015 оны 12 дугаар сард банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн 6265 УНӨ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашиныг барьцаалан 15 000 000 төгрөгийн зээл авч, үүнээс 10 000 000 төгрөгийг О.Болор-Эрдэнэд бэлнээр өгсөн” гэх, гэрч Б.Анхбаярын “...2015 оны 05 дугаар сарын 15, 16-ны үед Н.Б бид хоёр АТМ-ээс 4 000 000 төгрөг авч О.Болор-Эрдэнэд бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх 5, 135-140/ зэрэгтэй харьцуулан үзэхэд хариуцагч О.Болор-Эрдэнийг сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

       Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нямжавын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН