Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 23

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанд

          Прокурор Д.Ганчимэг

          Нарийн бичгийн дарга Э.Ууганчимэг нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр А.О т холбогдох 1929000990040 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Өмнөговь аймаг, Манлай сум, ...................... гэх газар нутагладаг, урьд ял шийтгэлгүй, Ямаан Ойдов овогт А.О  /регистрийн дугаар: ...................../.

          Шүүгдэгч А.О  нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг, Хүрэн хад гэх газар нутаглах С.М ын гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                       

     Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь  А.О ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч А.О ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.О  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, А.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Прокурор В.Төгсбаяр эсэргүүцэлдээ:.. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан: “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор... торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэсэн заалтыг харгалзан дүгнэлт хийлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, өөрөөр хэлбэл шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар буюу хуульд зааснаас бага хугацаагаар тогтоож, эрх хэмжээгээ хэтрүүлэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

Анхан шатны шүүхийн уг шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чанд сахина” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалттай зөрчилдөж байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулиар торгох ялыг биелүүлэх хугацааны доод хязгаарыг тогтоож өгөөгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацааг харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх доод хугацааг тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн зарчимд харшлахгүй, харин тусгайлан зохицуулсан хуулийн хугацаанаас богино хугацаагаар торгох ялын биелэлтийг тогтоож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

            Прокурор Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар торгох шийтгэлийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор зохицуулах хуультай. Гэтэл шийтгэх тогтоол гаргахдаа торгуулийн шийтгэлийг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.

            Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж доод хэмжээг 90 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 2 сар гэснийг 3 сар буюу түүнээс дээш хугацаа 3 жил хүртэл болгож өөрчилж шийдвэрлэж өгнө үү гэв.        

                              ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5/04 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь А.О ыг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын, Жаргалант баг, Хүрэн хад гэх газарт С.М ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх А.О ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, гэрчүүдийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд түшиглэн нэгтгэн дүгнэхдээ зүй бус харьцаанаас үйлдэлтэй маргааны явцад А.О  нь бусдын эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж С.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай байна гэж тогтоосон анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

            Анхан шатны шүүхээс А.О т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна.

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

         Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар тольд “эсвэл” гэдгийг “нэг бол”, “үгүй бол” гэсэн сонгох хувилбартай байхаар бичсэн байна. Хуулийн дээрх заалтуудыг үзэхэд торгох ял биелүүлэх хугацааг шүүх шийдвэртээ Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар заана. Хэрэв заагаагүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаагаар шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэж ойлгогдож байна.

         Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаас үзэхэд хууль тогтоогч нь торгох ялыг биелүүлэх хугацааны доод хязгаарыг тогтоож өгөөгүй, харин дээд хязгаарыг 3 жил хүртэл хугацааны дотор торгох ялыг биелүүлэх хугацааг зааж өгөх эрхийг анхан шатны шүүхэд олгосон байна.

           Анхан шатны шүүх торгох ял оногдуулсан тухай шийтгэх тогтоолдоо торгох ял биелүүлэх хугацааг зааж өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацааг шүүх заавал баримтлах үндэслэлгүй учир хяналтын прокурор В.Төгсбаярын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/42 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт тусгахдаа “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх” гэх нэрийг “Ханбогд сум дахь Сум дундын шүүх” гэж /хх-52/ бичиж Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн заалтыг зөрчсөн байна.

           Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 2019/ШЗ/80 дугаартай шүүгчийн захирамждаа /хх-59/ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон А.О ыг шүүхэд шилжүүлсүгэй” гэж яллах дүгнэлтэд тусгагдаагүй Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг дурдаж алдаатай бичсэнийг дурдах нь зүйтэй гэж үзэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

           3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                  М.МӨНХДАВАА