Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1492

 

 

 

 

 

 

 

 

  2022         10         14                                   2022/ШЦТ/1492

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч М.Оюунбат,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ё.Б  нарыг оролцуулан тус шүүхийн Е танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ё.Б ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2817 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ё.Б ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 359 дүгээр байрны 5 тоотод найз О.О ыг “хүн гүтгэлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас хохирогчийн биед зүүн чих, хөмсөгний шарх, баруун нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ё.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 2817 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Ё.Б  нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 359 дүгээр байрны 5 тоотод найз О.О ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

Хохирогч О.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр найз Б ы гэрт очиж ажил ярьж гэрт нь хоносон. Бид хоёр нэг шил 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архийг хувааж уусан. Бид хоёр хоорондоо ямар нэгэн маргалдсан зүйл байгаагүй. Юм ярьж байгаад тасарчихсан байсан. Өглөө сэрэхэд миний зүүн чихний омог сэтэрчихсэн байсан. Энэ талаар Б аас асуухад мэдэхгүй байсан бөгөөд юу болсон талаар бид 2 юу ч мэдэхгүй байсан. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10-11 цагийн орчим Б  бид 2 ахин 0.75 литр хэмжээтэй архийг гэрт нь хувааж уугаад сууж байхдаа би Б д найз нь өчигдөр чихээ согтуудаа унаад гэмтээсэн байх аа. “Чи намайг цохиогүй байх аа” гэж хэлэхэд Б  “тийм байлгүй дээ. Чамаас болж өдөржингөө санаа зовлоо” гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохиход би шкаф сандал хоёрын завсар унасан. Ингээд миний хөмсөг язарч цус гоожоод цусаа угаагаад Б тай энэ талаар ярилцаж байгаад би гэртээ ирсэн. Гэртээ ирээд амарч байхад эхнэр Мөнхзул маань миний хөмсөг язарсан, толгой хагарсныг мэдээд Б  нөхрийг маань зодсон гэж цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

 

Гэрч М.М  ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагийн үед босоход нөхрийн маань хөмсөг, толгой, чих хэсэгт цус болоод хатчихсан. Дэрлэж унтсан дэр нь мөн цус болсон байсан. Нөхрөөсөө юу болсон талаар асуухад толинд харж байснаа “өчигдөр найз Б ы гэрт хоноход ийм зүйл болсон. Бид хоёр архи уугаад согтсон үед намайг ийм болгосон байна” гэж хэлсэн. Би нөхрийнхөө найз Б ы ......... дугаар руу залгахад холбогдох боломжгүй байхаар нь эхнэрийнх нь ....... дугаар руу залгаж “нөхөрт маань өчигдөр юу тохиолдсон юм бэ” гэхэд “бид нар буруугүй шүү” гэж хэлээд өөрсдийгөө өмөөрсөн зүйл ярьсан. Би эхнэрт нь хандаж Б ыг надтай яриулаач гэсэн. Үүний дараа Б  над руу залгаад өөрийгөө өмөөрөөд танай нөхөрт болсон зүйлийг мэдэхгүй байна. Манай гэрт гэрч дүү байгаа. Тэр харсан гэсэн гэж хэлсэн. Нөхрийг маань найз Б  нь зодсон байх. Б  надад “Би О ын нүүр рүү сандлаар цохиход О ын хөмсөг нь сэтэрсэн. Цохиулаад унахдаа толгой нь гэмтсэн байх гэж хэлсэн. Би цохисон нь үнэн. Гэхдээ чихийг нь тийм болгоогүй шүү” гэж хэлсэн. Нөхрийг маань гэмтэхэд түргэн тусламж дуудаагүй асуудалд болон Б  нөхрийг маань зодсон асуудалд гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ж.Ганцэнгэлийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11752 дугаар:

“О.О ын биед зүүн чих, хөмсөгний шарх, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/,

 

Шүүгдэгч Ё.Б ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“...О  бид хоёр 19 дэх жилдээ найзалж нөхөрлөж байгаа гэр бүлийн найзууд байгаа юм. Тухайн өдөр бид хоёр хамтарч хувиараа контентын зохиол бичихээр манайд уулзаад 0.75 граммын нэг шил архийг хувааж уугаад дахиж 0.5 граммын архи задлаад талд нь оруулаад согтоод унтсан байсан. О  бид 2 манайд архи уугаад согтоод хоёулаа унтсан. Тухайн үед маргалдаж муудалцсан зүйл огт болоогүй. Гэтэл маргааш нь О  босож ирээд “чи миний чихийг цохиж гэмтээсэн байна” гэхээр нь “би юу гэж чиний чихийг гэмтээдэг юм, чи намайг гүтгэж байна” гэж хэлээд баруун шанаа руу нэг удаа цохисон чинь газар унахдаа ор, шкафны буланг мөргөөд унахдаа хөмсөг нь язарч цус гоожоод босож ирсэн. Өөр цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандан хохирогч О.О ын гаргасан “О  овогтой О  миний бие эрүүгийн 2206 00000 2817 дугаартай хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгсөн ба надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хэргийг түргэн шуурхай, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 34/,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандан шүүгдэгч Ё.Б ы гаргасан “Миний бие Ёндонпил овогтой Б  гэм буруу дээр маргахгүй учраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Хохирол төлбөр тохирсон. Маргаан байхгүй.” гэх хүсэлт /хх-ийн 35/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Ё.Б ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 32/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33/, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 616 дугаартай прокурорын тогтоол болон санал /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Ё.Б  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ё.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Ё.Б  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Ё.Б д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Ё.Б ы хохирогч О.О ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч О.О  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Ё.Б ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ё.Б  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ё.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ