Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1134

 

 

 

 

 

 

 

     2022          9           16                                            2022/ШЦТ/1134

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул, Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Ширэндэв /томилолтоор/, Г.Лхагвасүрэн /томилолтоор/,

хохирогч О,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0755 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эх, дүү нарын хамт

/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр хорооллын автобусны буудлын ард талд хохирогч Оын хүзүүндээ зүүсэн монетон гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас бусдад 2.600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 565 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Г.М:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.М нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, оролцогч нарын мэдүүлэг, талуудын тайлбар, гэм буруугийн дүгнэлтээр хохирогч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр хорооллын автобусны буудлын ард талд хохирогч Оын хүзүүндээ зүүсэн монетон гинжийг булааж буюу илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас бусдад 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Оын “...Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 23-388 тоот гэртээ 09 цагийн үед ... найз Ганзоригтой уулзсан. Тэгээд бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 21 дүгээр хорооллын автобусны буудлын ард байх нэг пабад ороод хоол болон 1 шил 0,75 граммын Соёрхол нэртэй архи хувааж уучхаад 12 цагийн үед нөгөө пабаасаа гараад автобусны буудлын хажуу талаас такси барих гээд байж байтал хажуу талаас хоёр залуу гэнэт гарч ирээд хар өнгийн пальто өмссөн дотуураа цагаан өнгийн подволктой залуу нь “хөөе ахаа” гээд намайг дуудсан. Тэгэхээр нь би манай жолооч нарын нэгнийх нь дүү юм болов уу гэж бодоод зогсоод харсан чинь танихгүй залуу байсан. Тэгээд бид хоёр явах гэж байтал нөгөө хоёр залуу яриа өдөөд байсан. Тэгээд манай найз Ганзоригтой хар өнгийн куртик, малгай өмссөн туранхай залуу муудалцаад байх шиг байсан. Тэгсэн яг автобусны ард талын түц-ний хойд талд нь гараад байж байтал нөгөө хар өнгийн пальто өмссөн цагаан подволктой залуу нь миний хүзүүнд байсан монетон гинжийг шууд тасалж аваад шөнийн зах руу зугтаасан. Манай найд бид хоёр нөгөө залууг нь бариад үлдсэн тэгсэн нөгөөдөх нь миний монетон гинжийг аваад явсныг мэдэхгүй зогсоод байсан. Тэгээд гэнэт зугтаагаад яваад өгсөн. Тэгээд бид хоёр цагдаа дуудсан...18,6 граммтай орос монетон гинж байгаа юм. Би 2014 онд Орос улсаас 2.600.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Намайг ямар нэг байдлаар цохисон асуудал байхгүй. Харин манай найз Ганзоригийг хоёр цохиод авсан байх. ...Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх11/,

- гэрч Ж.Мяын “...улаан малгайтай, цэнхэр куртиктэй нэг залуутай би утас засвар дотор муудалцаж зодолдсон. Тэгээд тэндээс хөөгдөж гараад Мөнхөө найзын хамтаар өнөөх залууг гадаа хүлээж байгаад гарч ирэхээр нь цохиж газар унагааж байтал Мөнхөө улаан малгайтай, цэнхэр куртиктэй залуутай хамт явж байсан хүний нэг зүйлийг аваад гүйгээд яваад өгсөн. Би юу болоод байна гэтэл өнөөх 2 залуу миний гинжийг аваад явчихлаа гэж намайг бариад цагдаа дуудна гэж хэлэхээр нь би айгаад зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх21/,

- хохирогч Ч.Оаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд Г.Мөнх-Эрдэнийг зургаар таньсан тухай тусгажээ. /хх32-39/,

- Мөн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21-р хорооллын автобусны буудлын ард талын барьцаалан зээлдүүлэх газрын болон GS-25 аж ахуй нэгжийн хяналтын камерын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 06 минутаас 12 цаг 07 минут хүртэлх бичлэгт үзлэг хийв. ...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 21 дүгээр хорооллын автобусны буудлын ард байх шарх өнгийн түргэн үйлчилгээний цагийн ертөнцийн зүгээр ард талаас хар өнгийн урт куртик, цагаан өнгийн цамц өмссөн 20-30 орчим насны эрэгтэй хойшоо чигтээ гүйж байгаа харагдав гэсэн тэмдэглэл. /хх41/, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх64/ болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож тогтоогдож байна.

3. Хохирогч Оын алдсан монетон гинжийг 2.600.000 төгрөгийн үнэ бүхий бүхий эд зүйл байсан гэж хөрөнгийн үнэлгээний тайланд үнийг тогтоожээ./хх27/

4. Хохирогч нь өөрт нь хүч хэрэглэж довтолсон зүйл болоогүй талаар тодорхой мэдүүлсэн, мөн шүүгдэгч Г.М нь хохирогчтой маргалдаж байх үедээ түүний хүзүүнд байсан монетон гинжийг хүзүүнээс нь тас татан авч зугтаасан байх тул түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, илээр, хүч хэрэглэхгүйгээр авч хүч хэрэглээгүй дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч От 2.600.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол төлөгдөөгүй байна. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд бусдын эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгах талаар заасан ба тус зүйлийн 1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Иймд шүүгдэгч Г.Мэс 2.600.000 төгрөг гаргуулан хохирогч От олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.

8. Шүүгдэгч Г.М нь хохирлоо төлнө, гэм буруугаа хүлээж байна гэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлэх хүсэлт гаргасан.

9. Шүүгдэгч Г.М нь шунахайн сэдэлттэйгээр санаатай гэмт хэрэг үйлдсэн тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд хохирол төлөх завсарлага авсан хугацаанд шүүхээс оргон зайлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.

11. Шүүгдэгч Г.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж байх боловч шүүхээс оргон зайлсан хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

12. Шүүгдэгч Г.Мд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр явуулж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлөх хүсэлт гаргасны дагуу эрүүгийн хариуцлагын хуралдааныг завсарлуулсан боловч шүүгдэгч нь шүүхээс оргон зайлсан. Улмаар шүүгдэгчийг эрэн сурвалжлах хугацаанд гэм буруугийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ширэндэв албан ажлаасаа чөлөөлөгджээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас прокурор Г.Лхагвасүрэнг тус шүүх хуралдаанд томилсон байх ба прокурор хэргийн материал танилцаж, эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт улсын яллагч нь шүүх хуралдаанд цаашид үргэлжлүүлэн оролцох боломжгүй тохиолдолд түүнийг сольж, хуралдааныг эхнээс нь явуулахаар заасан нь дээрх тохиолдолд хамаарахгүй гэж үзсэн болно.  Учир нь мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдаан нь гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага гэсэн хоёр үе шаттай байхаар хуульчилсан ба шүүгчийн зүгээс нотлох баримтыг судалж, шүүхийн хэлэлцүүлгийг дүгнээд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг нэгэнт шийдвэрлэсэн байхад дахин гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэх үндэслэлгүй юм. Түүнчлэн 34.12 дугаар зүйлийн 2 дахь заалт нь гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байх нөхцөл байдлыг зохицуулсан гэж үзэхээр байна. 

           

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон /2022.8.22-2022.09.16/ нийт 25 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 25 /хорин тав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Мэс 2.600.000 /хоёр сая, зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч От олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий дискийг хэргийн хамт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР