Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1135

 

 

 

 

 

 

 

 

      2022           9         16                                          2022/ШЦТ/1135

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Батаагийн Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1442 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 5 дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Болор” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна Т.Мгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, толгойн тус газарт мөргөсний улмаас толгойгоороо газар унаж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1070 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Т.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Т нь 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 5 дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Болор” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Т.Мгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, толгойн тус газарт мөргөсний улмаас хохирогч толгойгоороо газар унаж, улмаар эрүүл мэндэд нь баруун чамархай яснаас духны баруун тал руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Т.Мгийн “...Миний бие 2022 оны 8 дугаар сарын 07-ны өглөө гэрээсээ гараад найз Мөнхжингийн гэр лүү нь Доржоо болон Болдоо нартай хамт очсон. Тэгээд гэрт нь орохдоо бид гурав сүү, талх болон 1 шил 0.75 литрийн Эдэн гэх нэртэй архи худалдан авч ороод Мөнхжин, Болдоо, Доржоо бид 4 хувааж уусан. Улмаар архи уугаад сууж байтал гаднаас Э гэх манай найз ганцаараа орж ирэхээр нь мөн дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Эдэн гэх архи худалдан авч ууцгааж байгаад би согтоод тасарчихсан байсан. Нэг сэртэл найз Эын гэрт нь би сэрсэн. Намайг сэрэхэд Т “андаа намайг уучлаарай, би чамайг зодчихлоо” гээд байсан. ...Миний эм тарианд гарсан зардал болох 2.232.280 төгрөгийг өгч, эм тариа авч өгсөн. Дээрээс нь бусад зардалд 367.720 төгрөгийг бэлнээр өгсөн. Нийт одоогийн байдлаар 2.600.000 төгрөгийг өгсөн байна. ...Надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх44-45, 48/,

            - гэрч М.Бы “...Тэгээд би байн байн залгаад байсан боловч утсаа авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд өнөөдөр 16 цаг өнгөрч байхад манай хадам аав М.Мөнхбаяр над руу утсаар залгаад Т.М хүнд зодуулчихсан гэмтлийн эмнэлэг дээр байна. Чи хүрээд ир гэж хэлсэн. ...Харин намайг гэмтлийн эмнэлэг дээр очиход Б.Т гэх сахалтай залуу “би цоо эрүүл байсан өчигдөр танай нөхрийг нүүр лүү нь гараараа нэг цохиод бас нэг удаа мөргөсөн чинь танай нөхөр газар дагзаараа унаад ухаан алдсан намайг уучлаарай гэж хэлсэн...” гэсэн  мэдүүлэг /хх53-54/,

            - гэрч А.Пүрэв-Очирын “...би Тийн машинд суугаад бид 2 Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” хүнсний дэлгүүрийн гадна явж очиход машинаас түрүүлээд Т буусан. Би араас нь 10-20 секундийн дараа буухад Т Мг цохиод хөөж байгаа харагдсан. Тухайн үед машин зогсож байсан болохоор би Тийг Мгийн биеийн аль хэсэгт нь хэдэн удаа яаж цохиж байгааг хараагүй. Ямартай ч Т М руу гар далайгаад цохиж байгаа хөдөлгөөн харагдсан. Тэгээд машин хөдлөө явахаар нь явж очоод хартал М цемент дээр дээшээ хараад хэвтчихсэн, хажууд нь Т зогсож байсан ба би дөхөж очоод Мг хартал амнаас нь цус гарчихсан, юу ч хэлэхгүй, хөдөлгөөнгүй, гүнзгий амьсгаа авч байгаа мэт авиа гаргаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх57-58/,

- Гэрч Э.Эын “...би Тийг хараад өөдөөс нь яваад очтол Т өөрийнхөө өмсөж байсан малгайг надад өгчхөөд юм дуугаралгүй хажуугаар хурдан алхаад явахаар нь малгайг нь өмсчхөөд эргээд хартал дэлгүүрийн гадна бид нарыг хүргэж ирсэн таксины ар талд М дээш харчихсан хажууд нь Т байж байсан ба намайг явж очиход Мгийн уруулаас нь цус гарчихсан, нүд нь гөлийчихсөн байдалтай хэвтэж байсан. ...Надад юунаас болж бэртэж гэмтсэн талаар хэлээгүй. Харин манай гэрт Т Мг машинаар хүргэж ирээд гэр дотор сууж байхад М “ёо ёо толгой толгой” гэж хэлэхэд Т “би чамайг гараараа л цохисон биз дээ” гэж хэлж байхыг нь би сонссон...” гэсэн мэдүүлэг /хх61-62/,

- Гэрч Х.Мийн “...тэндээс гар өргөж таксинд суугаад Болор нэртэй Баясаагийн дэлгүүрийн гадна явж очиход Э түрүүлж таксинаас буугаад байж байтал Т Эад өөрийнхөө малгайг өгч бариулаад Этай нийлж архиддаг хэн бэ гээд Мг миний хажууд зогсож байхад нь нүүр лүү нэг удаа гараараа цохиход М хойш ухартал дахин Мгийн цамцнаас нь 2 гараараа барихад М “би яасан юм бэ” гэж хэлтэл Т толгойгоороо нүүр лүү нь нэг удаа мөргөх үед М цементэн дээр толгойгоороо хүчтэй унасан...” гэсэн мэдүүлэг /хх64-68/,

- 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “хар өнгийн майк, цагаан өнгийн жинсэн шорттой эрэгтэй болох Б.Т нь машины хажууд зогсож байсан цагаан хөх өнгийн оруулгатай ноосон цамц, хар хөх өнгийн өмдтэй эрэгтэй болох хохирогч Т.Мгийн нүүр хэсэгт баруун гараараа цохиж, улмаар зодоон үргэлжилж Б.Т хохирогч Т.Мгийн өмсөж байсан цамцны захнаас хоёр гараараа заамдаж, түлхэж байна. Хохирогч Т.М толгойгоороо арагш цементэн талбайг мөргөн унаж байгаа” тухай тусгажээ. /хх33-36/,

            - 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх3/,

- шүүгдэгч Б.Тийн “...би өөрийнхөө машинаас буугаад Этай уулзах гэж байгаад М дээр явж очоод “юу байна хөгшөөн, чи Эыг уруу татаж хамт архи уудгаа боль” гэж хэлэхэд М “чамд ямар хамаатай юм” гээд архи үнэртүүлчихсэн байдалтай чанга дуугаар над руу хэлэхээр нь би түүний уруул руу нь гараа атгаж байгаад баруун гараараа нэг удаа цохиход арагшаа надаас холдож ухарсан. Тэгэхээр нь би цамцнаас нь 2 гараараа заамдаж байгаад өөр лүүгээ татаж толгойгоороо түүний дух уруу нь мөргөхөд арагшаа цементэн дээр тархиараа савж унасан...” гэсэн мэдүүлэг /хх106/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11001 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Т.Мгийн биед баруун чамархай яснаас духны баруун тал руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэжээ. /хх76/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хүнд хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг гараараа цохиж, толгойгоороо мөргөсөн үйлдлийн улмаас хатуу гадаргуу болох цементэн дээр толгойгоороо савж унаснаас шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.  

9. Шүүгдэгч Б.Тийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Б.Т нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 жил 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор хугацаа тогтоов. 

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой хохирлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР