Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1138

 

 

 

 

 

 

 

 

      2022         9            19                                      2022/ШЦТ/1138

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Э.Оргилбат /томилолтоор/,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дэмбэрэлийн Сад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1250 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дархан мэргэжилтэй, дархан урлалын газарт дархан ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт ахаа гэж дуудсангүй гэх шалтгааны улмаас Б.Ртой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөж хоншоор ясны баруун урд хана болон хамар ясны баруун хажуу ханын хугарал, хамар зүүн бугалганд цус хуралт, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 966 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.С.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлт, мэтгэлцээнийг дүгнээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авав.

Хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүгнэхэд Д.С нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Б.Рийг ахаа гэж дуудсангүй гэж шалтаглан маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, хоншоор ясны баруун урд хана болон хамар ясны баруун хажуу ханын хугарал, хамар зүүн бугалганд цус хуралт, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хохирогч Б.Рийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт нутаг дэвсгэрт байрлах Алт мөнгөний дарханы газар ажилладаг. 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ би ажлаа хийхээр очих үед манай ажлын хэсэг хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан юм. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, манай ажлын хүмүүс ууж байсан. Би ажлын гадаа сууж байсан чинь Ганбат ажлаас гараад явж байхаар нь андаа хоёулаа хамт гадагшаа явах уу гээд асуусан чинь хажуугаас Сумьяабат чи яахлаараа Ганбатыг ахаа гэж дууддаггүй юм бэ гэхээр нь би түүнд хандаж би Ганбаттай чацуу юм чинь яахаараа ах гэж дуудах ёстой юм бэ гэж хэлсэн. Тухайн үед Сумьяабат над дээр ирээд миний баруун талын чихийг зөөлхөн хазахаар нь би барьж байсан зүйлээрээ Сумьяабатын гэдэс рүү зөөлхөн хатгасан. Тэгтэл Сумьяабат миний хамрын хэсэгт толгойгоороо мөргөсөн чинь миний хамраас цус гарсан. Тэгээд Сумьяабат бид хоёр маргалдахаа болиод би тухайн үед буцаад дэлгүүр гарах гээд хашааны хаалгаар гараад явж байхад ардаас Сумьяабат ганцаараа над дээр ирсэн. Би тухайн үед Сумьяабат бид хоёр эвлэрээд элдэв янзын зүйл болоогүй байхад дахин Сумьяабат миний нүүр хамар, амны хэсэгт гурван удаа мөргөсөн чинь хамраас цус гарсан. Удалгүй ажлын хүмүүс гарч ирээд Сумьяабатыг надаас салгаад аваад явсан. Харин би өөрийнхөө зургийг аваад фейсбүүкээр эхнэр лүүгээ явуулсан. Тэгтэл манай эхнэр надад хандаж чиний хамар чинь хугарсан байна хоёулаа явж үзүүлэхгүй бол болохгүй гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа манай эхнэр ирээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү намайг дагуулаад хамт явсан. Тэгээд би эмнэлэг дээр очоод үзүүлэхэд эмч миний хамрыг үзээд хугарсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх11-12/,

- гэрч Б.Яын “...2022 оны 7 дугаар сарын 06-ны өглөө би ажил дээрээ очоод ажлаа хийж байгаад 11 цагийн үед нөхөр Б.Р луу залгасан чинь гар утсаа авахгүй байсан. Удалгүй 30 минутын дараа манай нөхөр Б.Р фейсбүүк хаягийнхаа чатаар өөрийнхөө нүүрний хэсгийн зургийг явуулсан. Би тэр явуулсан зургийг харсан чинь хамар нь хавдаад далийгаад хөхөрсөн байсан. Тэр үед нь би нөхөр Б.Рид хандаж наад хамраа яасан юм бэ хугарсан байна гэж хэлсэн чинь Б.Рид надад хандаж манай ажлын Сумьяабат надтай маргалдаад нүүр рүү мөргөж гэмтээсэн гэж хэлсэн. Би тэр үед нь нөхөртөө хандаж хоёулаа эмнэлэг орж эмчилгээ хийлгэж цагдаад өргөдөл гаргана гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх21-22/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх56-58/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 9678 дугаар дүгнэлтэд “...Б.Рийн биед хоншоор ясны баруун урд хана болон хамар ясны баруун хажуу ханын хугарал, хамар зүүн бугалганд цус хуралт, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх26/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүр хэсэг рүү нь толгойгоороо мөргөсөн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

           

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Б.Р нь 150.000 төгрөгөөр Гэмтэл согог судлалын төвд хугарсан хамраа тэгшлүүлсэн, 120.000 төгрөгөөр томографт үзүүлсэн /хх35-37/ баримтыг гаргаж өгчээ.

7.  Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

8. Иймд Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эмчилгээ хийлгэсэн зардал болох 270.000 төгрөгийг шүүгдэгч Д.Саас гаргуулан олгуулж, хохирогч нь цаашид хамрын хагалгаа хийлгэх зэрэг хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьдаас төлөвлөөгүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хүний эрүүл мэндэд халдсан, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

12. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Д.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Саас 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Рид олгуулсугай.

5. Хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарсан эмчилгээний болон бусад зайлшгүй зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР