Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1146

 

 

 

 

 

 

 

     2022           9           19                                           2022/ШЦТ/1146

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Мягмардоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00717 1373 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, боловсролгүй /монгол бичиг мэддэг/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1

   - 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан,

  

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өндөр Од” худалдааны төвийн гадна Г.Агийн эзэмшлийн “Самсунг А-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.250.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 989 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Б.Б:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өндөр Од” худалдааны төвийн гадна Г.Агийн халааснаас “Самсунг А-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.250.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Г.Агийн “...Өндөр Од худалдааны төвийн зүүн талд хаалганы ойролцоо найз Золбоо, Золбоогийн найзтай гурвуулаа явж байхдаа төрсөн дүү болох Хонгорзултай гар утсаар ярьчхаад өөрийн гар утсаа өмссөн байсан куртикныхаа зүүн халаасанд хийгээд Золбоогийн найзыг зам гаргаж өгөхөөр бид цагаан гарцын хажууд зогссон...цааш автобусны буудал руу явж байх замдаа би өөрийн гар утсаа халаасандаа үзсэн чинь миний гар утас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх18/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэлд: Бичлэгийн 02 дахь минут 16 секундэд цэнхэр өнгийн куртиктэй, хар малгайтай цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй, нэг удаагийн цэнхэр масктай, цагаан өнгийн пүүзтэй хүн урдаа зогсож байсан гурван эмэгтэйн хар урт куртик, цэнхэр өмд, хар гуталтай эмэгтэйн гадна талын куртикын баруун халаас руу гараа хийж, гар утас авч байгаа бичлэг байв...” гэсэн /хх11/, шүүгдэгчийн Б.Б яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх70-71/, шүүх хуралдаанд хяналтын камерын бичлэгт бичигдсэн хүнийг өөрийгөө болохыг хүлээн зөвшөөрсөн зэргээр нотлогдон тогтоогдож байна.

3. “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтод Самсунг А-52 загварын гар утсыг 1.250.000 төгрөгөөр үнэлжээ.

4. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг халааснаас нь зөвшөөрөлгүй авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх ба уг үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.250.000 төгрөгийн хохирол учирсан байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Хохирогч Г.Ад учирсан 1.250.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, шүүгдэгч Б.Б хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн болно.

7. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөөс эд хөрөнгийн үнэлгээ болох 1.250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ад олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

9. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй. Улмаар шүүгдэгч Б.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.

11. Шүүгдэгч Б.Б нь урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан, мөн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн хулгайлах зөрчлөөр баривчлах шийтгэл хүлээж байсан /хх47/, хохирол төлөгдөөгүй нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг сонгон оногдуулах нь зөв байна.

12. Шүүгдэгч Б.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгааг хорих ялын хугацааг тогтооход харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөөс 1.250.000 /нэг сая, хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Ад  олгуулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР