Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1189

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            9             27                                       2022/ШЦТ/1189

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс, Д.Цэвэлмаа

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч О.Санчирбал, Д.Оюунбаатар,

шүүгдэгч, хохирогч Т.Эр, А.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Болормаа,

шүүгдэгч, хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч К.Манлай,

шинжээч Г.Энхбаатар, С.Эрдэнэцэцэг /цахим/, гэрч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Эр, А.Г нарт, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э, Ц.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00738 0958 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт

 

2. Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

 

3. Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

/,

 

4. Монгол улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Өрнөх Хас” караокед хохирогч Т.Эрыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Г, Т.Эр нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Өрнөх Хас” караокед хохирогч Ц.Бтэй маргалдаж, бүлэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Өрнөх Хас” караокед хохирогч А.Гтай маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 756 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон гэрч Л.Эын мэдүүлэг /1хх25/, гэрч Б.Лхын мэдүүлэг /1хх27/, гэрч Э.Эрдэгийн мэдүүлэг /1хх35/, гэрч С.Ууийн мэдүүлэг /1хх38, 40/, гэрч Д.Баярсайханы мэдүүлэг /1хх48/, гэрч Б.Жамдамбын мэдүүлэг /1хх50/, гэрч О.Хадж харисламын мэдүүлэг /1хх53/, гэрч Г.Алтангинжийн мэдүүлэг /1хх57/ зэргийг шинжлэн судална гэв.

Өмгөөлөгч Ө.Болормаа: /давхцаагүйгээр/ Т.Эрын мэдүүлэг /3хх7/, гэрч Д.Баярсайханы мэдүүлэг /3хх21/, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт /3хх38/, Т.Эрын эд хөрөнгийн тодорхойлолт /3хх46/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх60/,

Өмгөөлөгч К.Манлай: /давхцаагүйгээр/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 8-9/, Ц.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх30-31, 33/, шинжээчийн дүгнэлт /1хх74-76/, гэрэл зураг /1хх78-79/, Ц.Бийн ял шийтгэлгүй талаарх тодорхойлолт /1хх85/, мөн Ц.Бийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг,

Өмгөөлөгч О.Санчирбал, Д.Оюунбаатар нар: /давхцаагүйгээр/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /1хх84/, хохирогч А.Ггийн дахин өгсөн мэдүүлэг /1хх216-217/, хохирогч Г.Эраас өгсөн мэдүүлэг /1хх221/, гэрч Б.Лхын тайлбар /2хх44/ Ц.Бийн тайлбар /2хх41/, гэрч Л.Эын мэдүүлэг /2хх51-52/, А.Ггаас авсан тайлбар /2хх55-56/, Д.Баярсайханаас авсан тайлбар /2хх57-58/, илтгэх хуудас /2хх65/, Г.Эт сахилгын шийтгэл оногдуулсан тухай баримтыг тус тус шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Г.Э, Ц.Б, А.Г, Т.Эр нар.

1. Шүүгдэгч Г.Э нь Т.Эрын эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэсэн бол түүний өмгөөлөгч нар цагаатгах байр сууринаас,

Шүүгдэгч Ц.Б нь А.Ггийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн бол түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх,

Шүүгдэгч А.Г нь Ц.Бтэй харилцан зууралдаж, ноцолдсоноо зөвшөөрч байна гэсэн бол, шүүгдэгч Т.Эр нь Ц.Бийн эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэж, тэдгээрийн өмгөөлөгч Т.Эрыг цагаатгах, А.Гд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус мэтгэлцэж оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбар, мэдүүлгийг дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч шүүгдэгч Г.Эыг Т.Эрын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Бийг А.Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч А.Г, Т.Эр нарыг бүлэглэн Ц.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдон, тогтоогдсон гэж дүгнэв.

3. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч А.Г, Т.Эр нар нь эхнэр, нөхрийн харилцаатай, шүүгдэгч Ц.Б, Г.Э нар нь хувийн харилцаатай болох нь тэдгээрийн тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон.

2022 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө А.Г, Т.Эр нь нар найз нарын хамт Ц.Бийн эрхлэн ажиллуулдаг Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Өрнөх Хас” караокед үйлчлүүлсэн. Улмаар Ц.Б болон А.Г нар хоорондоо караокены микрофонтой холбоотой асуудлаас болж маргалдаж хоорондоо пивоны шил шидэлцсэн, зууралдаж, нэгнийгээ үсдэж, зодолдсон, уг маргаанд Т.Эр эхнэрээ өмөөрөн оролцож Ц.Бийг нүүр, хөлд нь өшиглөсөн. Мөн Г.Э нь Ц.Бийг өмөөрөн Т.Эрыг алгадаж унагаан, өшиглөж зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /1хх6-12/ тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Л.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01:06 минутад “10272 дугаартай Э гээд цагдаа согтуу байна, дүрэмт хувцастай”, “Өрнөх Хас” ХХК караокед хүмүүс зодолдоод байсан гэсэн агуулгатай дуудлагыг 88277224 дугаартай утаснаас гаргажээ. Мөн хэргийн газрын үзлэгийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 цаг 50 минутад эхлүүлж 03 цаг 41 минутад дуусгасан байна.

  

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2480 дугаартай дүгнэлтэд “...А.Ггийн биед цээжний зүүн талд 4, 7 дугаар хавирганы хугарал, зүүн зулай, чамархай, зүүн шуу, хэвлийд зүсэгдсэн шарх, хэвлийн зүүн хажуу, баруун гарын сарвуунд цус хуралт, зүүн чамархайн хуйх, шанаа, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Зүүн зулай, чамархай, зүүн шуу, хэвлийд зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэж тодорхойлсон /1хх64-65/, А.Г нь түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж 03 цаг 18 минутад тусламж авсан нь Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсаар /1хх204-205/ тогтоогдож байна.

А.Г хохирогчоор мэдүүлэхдээ “...дуулж дуусаад Бт хандан чи өөрөө уучихсан байж үйлчлүүлэгч нартайгаа ингэж харьцаж болдог юм уу гэж хэлээд эргэж хараад ширээ рүүгээ алхтал Б шууд над руу уурлаад орилоод босоод ирснээ гэнэт юм шидэх шиг болоод “тас” гээд миний тархи манараад халуун зүйл хүзүү рүү урсаад ирэх шиг болсон. Тэгэхээр нь гараараа бариад үзтэл миний толгойноос цус гарч байсан. Тэгээд миний ухаан санаа орж гараад байсан. Нэг ухаан ороход би Бтэй барилцаад авсан байсан. Дахиад ухаан орох үед караокены үүдэнд манай нөхөр Эр, энгэр дээрээ Э гэсэн нэртэй цагдаагаас та дуудлагаар ирсэн цагдаа юу гэж асуусан чинь юу хэлснийг нь мэдэхгүй байна. Тэр Э гэх цагдаа шууд манай нөхөр Эрыг нүүр рүү нь нэг удаа, мөн элэг рүү нь хоёр удаа, нийт гурван удаа цохиж харагдсан. Тэгээд би болиоч ээ гээд салгах гэсэн чинь Э цагдаа намайг караокеноос гар гээд миний толгойн баруун ар талын үснээс чирээд явж байх үед миний үс хэсэг газраараа халцраад бөөнөөрөө унаад, намайг алгадаад би караокены шалан дээр унасан...” гэсэн /1хх16-18/ ба шүүхийн хэлэлцүүлэгт энэхүү мэдүүлгээ давтан мэдүүлсэн болно.

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 5623 дугаартай дүгнэлтэд “Т.Эрын биед хамар ясны хуучин хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал, зүүн 8 дугаар хавирганы бороололт үүссэн хуучин хугарал, баруун 10 дугаар хавирганы бороололт бүрэн үүсээгүй хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтлүүд үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, хамар ясны хуучин хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн 8 дугаар хавирганы бороололт үүссэн хуучин хугарал, баруун 10 дугаар хавирганы бороололт бүрэн үүсээгүй хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэжээ. /1хх 240/, Т.Эр нь түргэн тусламжаар мөн А.Гтай хамт Гэмтэл согог судлалын үндэсний төвд очин тусламж авсан байх бөгөөд бусдад зодуулсан цагдаа гэсэн тэмдэглэлийг Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудаст хийжээ. /1хх 237-238/

Т.Эр хохирогчоор мэдүүлэхдээ “...тамхи татчихаад буцаад караоке руу ороход баарны эзэн Ц.Б гэх эмэгтэй манай эхнэр А.Г руу пиво болон архины шил шидэж байсан. Тэгэхээр нь би караокеноос гараад 102 дугаар луу залгаж цагдаа дуудсан чинь удаагүй хар өнгийн хариар машинтай цагдаагийн алба хаагч машинаас бууж ирэхээр нь би тухайн цагдаад хандаад дуудлага өгсөн хүн байна гэж хэлэхэд намайг үгийн зөрөөгүй алгадаж, цохиод караокены үүдний хэсэгт чирч оруулаад “караокены үүдийг түгж, бүгдийг нь алаад хаячихъя” гээд орилоод намайг нүүр лүү гараараа цохиж, газарт унагаагаад хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед намайг зодсон цагдаа согтуу байсан. Тэгэхээр нь би арай гэж караокены үүдний хэсгээс амь тэмцээд гарч зугтаасан юм. Тэгээд Гүрбазар, Сосорбарам нар луу залгаад дуудахад манай хоёр хүүхэд удаагүй хүрээд ирэхээр нь би караоке руу очиход караокены үүд нь цоожтой, манай эхнэр Ггийн гадуур өмсөж байсан куртик нь караокены үүдний хэсэгт цус, шороо болсон байдалтай байсан. Тэгээд удаагүй манай эхнэр А.Г караокеноос гараад ирсэн чинь толгой нь хагарсан, үс нь зулгараад халцарсан, зодуулсан байдалтай байхаар нь 103 дуудаж үзүүлсэн чинь цагдаагийн алга машинтай хүмүүс ирээд караокены үүдийг нүдэхэд онгойлгож өгөхгүй 2 цаг гаран болсон юм. Тухайн үед манай эхнэр А.Ггийн биеийн байдал хүнд байсан. Тэгээд надад эмнэлгээр явах зав байгаагүй. ...намайг өөрт нь зодуулсан гэж битгий хэлээч би болсон асуудлыг санахгүй байна. Миний ээж хорт хавдартай, өнөө маргаашгүй нас барах гэж байгаа гэж хэлээд гуйгаад байхаар нь би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. Би тухайн үед цагдаагийн алба хаагч Эт зодуулсныхаа дараа Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Өөр эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн баримт байхгүй. Би 1 сар гаран гэртээ хэвтрийн байдалтай байсан...” гэжээ. /1хх221-222/, Мөн хуралдаанд өөрийг нь зодож гэмтээсэн хүнийг Г.Э гэж дахин мэдүүлсэн.

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2442 дугаартай дүгнэлтэд “Ц.Бийн биед хуйханд хаван, цус хуралт, баруун чихний төвгөр, дух, баруун шанаанд цус хуралт, эрүү, зүүн гарын эрхий хурууны хаван, зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, мушгих, үрэгдэн нидрэгдэх үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ. /1хх70-71/

Ц.Б хохирогчоор мэдүүлэхдээ “...Би Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Өрнөх хас” ХХК-ны караокег ажиллуулдаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай караокены 1 дүгээр ширээ, 2 дугаар ширээнд сууж үйлчлүүлж байсан хүмүүс хоорондоо маргалдаад байсан. Тэгээд 2 дугаар ширээнд сууж байсан үл таних залуу 1 дүгээр ширээнд сууж байсан үл таних залуутай зууралдаад заамдалцаад авсан. Тэгэхээр нь би очоод тухайн хоёр залууг салгах гэсэн чинь 2 дугаар ширээнд сууж байсан махлаг эмэгтэй ирээд намайг баарны муу янхан эрчүүдийгээ өмөөрлөө гэж хэлээд миний цамцнаас зулгаагаад байхаар нь би баарны ажилтан байна гэж хэлсэн чинь салаад явсан. Тэгээд тэр эмэгтэй 02 дугаар ширээн дээр очиж суучхаад намайг хэл амаар доромжлоод, чамайг ямар мэдэхгүй биш бааран дотроо эрчүүдтэйгээ заваараад байдаг байлгүй гэж хэлээд байхаар нь би тоохгүй байсан чинь тухайн эмэгтэйтэй хамт явж байсан эмэгтэй ирээд тооцоогоо хийх гээд надаас дансны дугаар өгөөд зогсож байсан чинь бүдүүн эмэгтэй /Г/ ирээд миний нүүрэн хэсэг рүү хүчтэй цохисон. Тэгэхээр нь би Гг цааш түлхээд өөрөөсөө холдуулсан чинь Г дахиж ирээд намайг үстээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үстээд авсан. Тэгээд би Гтай үстэлцээд зууралдаад байж байхад Ггийн нөхөр нь гэх эрэгтэй миний баруун шанааны хэсэгт 1 удаа хүчтэй цохиод, миний зүүн шилбэ рүү өшиглөсөн. Тухайн үед манай зөөгч охин Лхагвадулам нь Эыг дээр халамцуу унтаж байхад нь сэрээгээд Б эгчийг хүмүүс зодоод байна гэж хэлээд дуудсан байсан. Тэгээд Э ирээд Г бид хоёрыг салгасан юм. Тэгэхэд би Эыг албаны дүрэмт хувцастай байхаар нь чи халамцуу байж эндээс яв гэж хэлээд явуулсан. Тэгээд 10 гаран минутын дараа Г нь намайг хэл амаар доромжлоод караокены үүдний шатны хэсэгт буцаж ирээд үстээд авсан. Тэгэхээр нь бас зөрүүлээд Гг үстсэн чинь шатанд тээглээд Гтай хамт газарт унасан. Миний биед баруун шанаанд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтлийг Ггийн нөхөр учруулсан. Харин Г нь бусад гэмтлийг учруулсан...” гэжээ./1хх22-23/,

 

8. Гэрч Л.Э мөрдөн байцаалтын шатанд “...тусдаа сууж байсан иргэд маргалдан пивоны архины шил хоорондоо шидэлцэн хагалж байсан. Тэгээд хоорондоо үйлчлүүлэгч болон уг караокег ажиллуулж байсан эмэгтэй нар маргалдаад гараад явсан. Тэр үед уг караокены дотор талын хаалганы хажууд эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэр үед зааланд байсан нэг эрэгтэйд хандан наад үүдэнд байгаа хүнээ сэрээ гэж хэлэхэд урдаас би яаж мэдэх юм би ямар цохисон юм уу гэж хэлсэн. Уг газар хэвтэж байсан залууг зөөгч нь сэрээгээд босгосон. Тухайн караокег түрээслэгч эмэгтэй би цагдаа дуудна гэж хэлэхээр нь та дуудаа дууд гэж хэлэхэд үйлчлүүлж байсан гараад явсан. Тэр үед би араас нь гарахад нэг цагдаагийн албан хаагч үүдэнд ирсэн байсан. Надад хандан чи хоёр хүний дунд илүү чамд хамаагүй гэж хэлэхэд нь та дуудлагаар ирсэн цагдаа мөн үү гэтэл чамд хамаагүй гэж хариулсан. Тэр үед нь би зам дагуу зогсож байсан таксины жолоочийн утсыг гуйж 102-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг өгсөн бол /1хх25/,

тэрээр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “... тэр эрэгтэй /Т.Эр/ бусдад зодуулсан, цус гарчихсан хажууд нь байсан эмэгтэйн /А.Г/ үс нь сэгсийчихсэн толгой хагалчихлаа гэж хэлээд байсан... Тэр цагдаа хүмүүстэйгээ нийлээд караокены үүдэнд зодчихлоо гэж хоёулаа хэлсэн, эмэгтэйнх нь үс нь сэгсийсэн байдалтай, тэр эмэгтэй хүнд үсдэж чирүүлээд гэж хэлж байсан. Тэгээд түргэний тэрэг ирээд толгойд нь боолт хийж байсан, цагдаад дуудлага өгөхдөө хүмүүс зодолдоод байна, нэг согтуу цагдаа ирчихсэн байна гээд цол, кодтой нь явуулсан, тэгээд цагдаа нь гарч ирээд над руу давшлаад байсан, тэр үед маргалдаж байсан цагдаа хаалгаа цоожилсон, дуудлагаар ирсэн цагдаа нар гадна хүлээсэн ...эхлээд маргаан болж байсан, тэндээс нэг эмэгтэй би өөрөө цагдаа дуудна гэж хэлсэн одоо бодвол тэр шар үстэй эгч /Ц.Б/ байсан. Тэр дуудсан цагдаа, шар үстэй эгч, наад талд сууж байгаа ах, эгч дөрвүүлээ гадаа зогсож байсан...” гэж мэдүүлсэн.

 

Хэргийн нөхцөл байдлын талаар бусад гэрч нар дараах байдлаар мэдүүлсэн байна. Үүнд:

гэрч Э.Эрдэ /“Өрнөх хас” ХХК-ийн худалдагч/ мэдүүлэхдээ “...караокед үйлчлүүлж байсан хүмүүс хоорондоо зодолдоод байсан, би өөрийнхөө 80656693 дугаар утсаар цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн чинь хүлээж авлаа гэсэн ...үл таних бүдүүн эгч Б эгчийг үсдээд дарсан байсан, Э ах очиж салгасан, мөн намайг үсдээд байсан...Э ах ирснээсээ хойш манай дэлгүүрийн арын өрөөнд Б эгчийг хүлээгээд байж байсан. Б эгчийг гадаа тэр бүдүүн эгч үсдээд зодох үед би дэлгүүрийн цонхоор хараад Э ахад хэлж Э ах гарч салгачхаад удалгүй орж ирээд өрөөнөөсөө гараагүй...” гэсэн бол /1хх35-36/,  

гэрч Б.Лх /“Өрнөх хас” ХХК-ийн зөөгч/ мэдүүлэхдээ “...бүдүүн эгч шууд Б эгчийг 2 гараараа үснээс нь зулгаагаад тавихгүй байхаар нь би очоод салгах гэсэн чинь дийлээгүй тэгсэн чинь тэр эгчийн нөхөр гэх хамт сууж байсан нэг ах Б эгчийг түлхэж унагаагаад нөгөө бүдүүн эгч дахин Б эгчийг газар унасан байх үед нь үсдээд байсан...манай камер саяхан шатаад ажиллахгүй байгаа... Б эгчтэй хамт уг хүмүүсийг гаргаад хаалга хаах үед бүдүүн эмэгтэй зүгээр байсан удалгүй хаалга эвдэхээр нь онгойлгох үед толгой нь хагарсан байсан. Э хүн цохиж зодсон зүйл огт болоогүй...Э согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг мэдэхгүй байна...” гэжээ. /1хх27-28/,

гэрч С.Уу /А.Г, Т.Эр нартай хамт явсан/ мэдүүлэхдээ “...би нөхөртэйгөө хамт тамхи татчихаад буцаад орж ирсэн чинь Г эгч караокены хүүхэнтэй өөд өөдөөсөө хараад муудалцаад зөөгч нь салгах гээд байж байсан. Тэгсэн чинь манай нөхөр намайг аваад тэндээс гараад гадаа байж байгаад санаа зовоод эргээд орж ирсэн чинь Г эгч хаалганы орчим газар хэвтэж байсан... тухайн үед караокены хүүхэн Г эгчтэй зодолдож байхад цагдаа орж ирээд салгах гэж байсны санаж байна... цагдааг зодоон цохионд оролцож байгааг би хараагүй...” гэсэн бол /1хх38/,

гэрч Г.Алтангинж мэдүүлэхдээ “...би Г эгчийг Бтэй нэлээн ширүүн маргалдаж байсныг дуулж байхдаа харсан тэгээд эхнэр Ууийн хамт гарч тамхи татах гэж гарснаа санаж байна. Г эгчийг хэн зодсон талаар би их согтуу байсан болохоор санахгүй байна...” гэжээ. /1хх57-58/,

гэрч Д.Баярсайхан мэдүүлэхдээ “...би ганцаараа архиа ууж дуусгаад нэлээн согтсон ба тухайн нийтийн караокены эзэн Б ирээд хамт хоёр, хоёр шил пиво аваад ууснаа санаж байна. ...миний биед хүн цохисон зүйл байхгүй...” гэсэн бол. /1хх48/

гэрч О.Хаджхарисилам мэдүүлэхдээ “...23 цаг өнгөрөөд Өрнөх хас караокед орсон чинь шатны хажууд караокены эзэн Б гэдэг хүнийг үл таних бүдүүн эмэгтэй үсдээд байж байсан. Тэгэхээр нь би салгах гэсэн чинь дийлээгүй. Хараад зогсож байсан чинь хоёр давхрын шатнаас цагдаа хувцастай хүн бууж ирээд тэр хоёр хүнийг салгаад тэр бүдүүн эгчийг гаргаад хаалгаа хаасан. Тэгээд намайг гарах гэсэн чинь гаргахгүй, тэр хүмүүсийг явахаар гар гээд сүүлд нь дуудлагаар ирсэн цагдаа нарыг 03 цагт ирэхэд нь гарсан юм. Караоке дотор зөөгч 2 хүүхэн, захирал Б, 2 давхраас бууж ирсэн цагдаа, би нийт 5 хүн байсан, би Лхыг таньдаг юм...” гэжээ. /1хх53/, 

Маргаан болсны дараах үйл явдлын талаар гэрч А.Гүрбазар /А.Ггийн хүү/ мэдүүлэхдээ “..2022 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө яг хэдэн цагийн орчим гэдгийг санахгүй байна. Т.Эр ах над руу залгаад ээжийг нь хүмүүс зодоод байна, хурдан хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед би төрсөн дүү Сосорбарамын хамт явж байсан учраас байршлыг нь асуугаад яваад очтол ээж маань тухайн караокены үүдэнд хөлөө жийгээд суучихсан, толгойноос нь цус гарсан байдалтай байж байхаар нь ээжийг машинд суулгаад тэр хоорондоо дүүгээр 103 дуудуулсан. Тэгээд би дуудлагаар ирсэн цагдаа нараас юу болсон талаар асуухад одоо шалгах гэж байна гээд тодорхой зүйл хэлээгүй. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн гэх 96121441 дугаарын утастай залуугаас юу болсон талаар асуухад манай ээжийг хэн зодсон гэдгийг нь хараагүй нэг харахад текний хажууд ухаангүй хэвтчихсэн байсан, харин Эр ахыг цагдаа хувцастай залуу зодсон гэдгийг хэлсэн. Тэгээд удалгүй түргэний машин ирж ээжийг үзэж толгойд нь боолт хийж өгөөд Гэмтлийн эмнэлэг рүү яаралтай очиж оёдол тавиул гэсэн. Тэгээд би ээжийгээ аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тухайн үед ээжийн маань толгойноос цус гараад хэцүү байсан болохоор болсон асуудлын талаар асуугаагүй. ...Тухайн үед Эр ахын нүүр ам нь хөхөрчихсөн, уруулаас нь цус гарчихсан байдалтай, хавирга өвдөөд байна гээд бөгтийгөөд байсан...” гэсэн бол, /Зхх23-24/,

гэрч А.Сосорбарам /А.Ггийн хүү/ мэдүүлэхдээ “...Ах бид хоёр гадуур явж байхад Эр ах Гүрбазар ахын утас руу залгаад ээжийг хүмүүс зодоод байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэлсэн газарт нь яваад очтол Эр ах нэг цагдаатай юм яриад зогсож байсан бөгөөд ээж маань тухайн газрын үүдэнд толгойноос нь цус гарсан байдалтай үс нь маш ихээр унасан байсан. Тэгээд би Эр ахын дэргэд очоод болсон асуудлын талаар ярьж байгааг нь сонсоход нэг цагдаа хувцастай залуу намайг дотогшоо чирж ороод үгийн зөрүүгүй зодоод би арай гэж зугтаж гарч ирсэн гэж ярьж байсан. Тэгээд ах намайг түргэн дууд гэж хэлэхээр нь би түргэн дуудаад удалгүй түргэн ирж, ээжийг үзээд толгойг нь боогоод гэмтлийн эмнэлэг рүү очиж оёдол тавиул гэж хэлсэн учраас бид нар бүгдээрээ эмнэлэг рүү явсан. Тухайн үед би ээжээсээ юу болсон талаар асуухад гэнэт л толгой руу нэг юм цохих шиг болоод хэсэг манарчихсан байсан гэж ярьсан. ...Манай ээжийн толгой нь хагарчихсан, үс нь ихээр унасан, хумснууд нь хугарсан, гар, гэдэс, нүүр нь хөхөрсөн байсан. Харин Эр ахын уруул болон хамраас нь цус гарсан байдалтай хавирганы хэсгээр өвдөөд байна гэж ярьж байсан...” гэжээ. /3хх26/,

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан буюу шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах, бусад эх сурвалжаар давхар нотлогдон тогтоогдож байгаа эсэхийг хянан үзсэн болно.

Мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасны дагуу дүгнэлээ.  

Дээр дурдсанаар А.Г, Т.Эр нарын биед хүндэвтэр, Ц.Бийн биед хөнгөн хохирол учирсан байх ба хэрэг болох цаг хугацаанд караокед шүүгдэгч А.Г, Т.Эр, Ц.Б, Г.Э нараас гадна гэрч Л.Э, Э.Эрдэ, Б.Лх, С.Уу, О.Хаджхарисилам. Д.Баярсайхан, Г.Алтангинж нар байсан, мөн маргааны дараа гэрч А.Гүрбазар, А.Сосорбарам нар ирсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл уугаагүй, сарын сүүл болсон байсан тул тайлан, тооцоо гаргаж байсан гэж мэдүүлсэн боловч энэ нь бусад баримтаар тогтоогдоогүй ба харин гэрч Д.Баярсайханы мэдүүлэгт Ц.Бтэй хамт согтууруулах ундааны зүйл уусан тухайн мэдүүлсэн бол, Ц.Бийг согтууруулах ундааны зүйл уусан байталтай хажуу талын ширээнд сууж байсан талаар А.Г, Т.Эр нар тогтвортой мэдүүлжээ.

Шүүгдэгч Ц.Б, А.Г нарыг хоорондоо маргаж, нэгнийгээ үстсэн байдалтай байсныг гэрч нар тодорхой мэдүүлсэн ба Ц.Б, Г нар ч гэсэн хуралдааны явцад хэн хэн нь согтууруулах ундааны зүйл уусан, тухайн үед хоорондоо маргалдан муудалцаж, шил шидэлцсэн, үснээсээ харилцан зулгаалцаж зууралцсан, ноцолдсоноо хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч нарын хувьд өөрийн гэм буруугүй болохоо мөн хэргийн нөхцөл байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч тэдгээрийн хохирогчоор, гэрчээр, мөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд нь харилцан, эсвэл бусад эх сурвалжаар нэгийгээ нотолж байгаа тохиолдолд тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой юм. Түүнчлэн гэрч нарын мэдүүлгийг харьцуулах, бусад эх сурвалжаар давхар батлагдаж байгаа эсэхийг магадлан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

А.Ггийн биед учирсан “цээжний зүүн талд 4, 7 дугаар хавирганы хугарал, зүүн зулай, чамархай, зүүн шуу, хэвлийд зүсэгдсэн шарх, хэвлийн зүүн хажуу, баруун гарын сарвуунд цус хуралт, зүүн чамархайн хуйх, шанаа, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол нь Ц.Бийн гэм буруугийн санаатай үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр гэрч Э.Эрдэ, Б.Лх, О.Хаджхарисилам нарын мэдүүлэгт А.Г нь Ц.Бийг үсдээд тавихгүй зууралдаад байсан тухай дурдаад байх боловч Ц.Бийг шил шидсэн, түүнтэй зуралдаж ноцолдсон талаар мэдүүлээгүй байдаг. Гэтэл үсдээд байсан гэх А.Ггийн биед Ц.Бийнхээс илүү хохирол, хор уршиг бүхий гэмтэл учирсан, мөн А.Гг газарт унасан байдалтай хэвтэж байсныг гэрч С.Уу харсан, мөн караокены гадаа үс нь сэгсийсэн, бусдад зодуулсан, цус болсон байдалтай байсныг гэрч Л.Э, А.Гүрбазар, А.Сосорбарам нар мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл Ц.Б нь зөвхөн үсдүүлээгүй буюу А.Г руу шил шидэж гэмтээх, түүнтэй харилцан үснээс нь зулгаан ноцолдож, түүний эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, тэрээр үүнийгээ хүлээн зөвшөөрсөн болно.

Тиймээс шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Мөн А.Ггийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Э манай нөхөр Эрыг цохиж, зодсон салгах гэхэд  Э намайг баруун ар талын үснээс чирсэн, үс халцарсан...” гэсэн. 

Прокуророос Г.Эын үйлдлийн улмаас А.Ггийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг бүхий хохирол учраагүй, харин хүний биед халдсан гэж үзэж тус дүүргийн прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний биед халдах” зөрчлийн шинжтэй үндэслэлээр шийдвэрлүүлэхээр харьяалах цагдаагийн байгууллагад холбогдох баримтын хамт шилжүүлсэн /3хх60/ байна.

 

10. Харин шүүгдэгч Т.Эр нь Ц.Бийн биед халдаагүй, түүний өмгөөлөгчийн маргааны салгах гэж зууралдсан, яллах дүгнэлтэд дурдсан Т.Эрын үйлдлээс Ц.Бийн эрүүл мэндэд учирсан хохирол тусдаа хөнгөн гэмтэл болохгүй гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Учир нь Ц.Б мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ А.Гтай маргалдаж, зууралдаж байхад Т.Эр хажуугаас нүүр, шанаа хэсэг рүү цохисон, хөл рүү өшиглөсөн гэж тогтвортой мэдүүлсэн. Мөн Т.Эр нь Ц.Бийг түлхэж унагаасан тухай гэрч Б.Лх мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Ц.Б болон А.Г нарын харилцан зодоон дунд Т.Эр нь эхнэрээ өмөөрөх байдлаар хажуугаас оролцож, гэм буруугийн санаатай хэлбэрээр Ц.Бийг цохисон нь үйлдлээрээ санаатай нэгдсэн, бүлэглэн буюу хамтран оролцсон гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” заасан.

Тиймээс шүүгдэгч Т.Эрыг шүүгдэгч А.Гтай үйлдлээрээ санаатай нэгдэж Ц.Бийн эрүүл мэндэд халдаж зодсон гэж дүгнэв.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Г, Т.Эр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, гэм буруутайд тооцов.

 

11. Шүүгдэгч Г.Э нь зодоонд огт оролцоогүй, А.Г болон Ц.Б нарыг салгасан, мөн Т.Эрыг цохиж, зодоогүй гэж маргасан.

Мөн түүний өмгөөлөгч нараас Т.Эрыг Г.Эт зодуулсан гэж гэрч нар мэдүүлсэн зүйл байхгүй, мөн Т.Эр цагдаад зодуулсан гэж гомдол гаргаж байгаагүй, түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийг тухайн цаг хугацаанаас хойш үүссэн, хавирганы гэмтэл өөр өөр цаг хугацаанд үүссэн талаар шинжээч эмч мэдүүлсэн тул хэргийг цагаатгах үндэслэлтэй гэжээ.  

Гэтэл гэрч Л.Эын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Т.Эр, А.Г нарыг бусдад зодуулсан цус гарсан, үс нь сэгсийн байталтай байсан, мөн цагдаад /Г.Эрад/ зодуулсан гэж хэлж байсан” гэж тодорхой мэдүүлсэн. Мөн гэрч А.Гүрбазар, А.Сосорбарам нарын мэдүүлэгт Т.Эрыг бусдад зодуулсан байдалтай байсныг мэдүүлсэн, мөн Т.Эр нь А.Ггийн хамт Гэмтэл Согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн, эмнэлгийн тусламж авсан нь баримтаар тогтоогдсон.

Мөн Т.Эр 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр эхний удаа мэдүүлсэн мэдүүлэгтээ “...Б хажуугаас 1 микрофонтой ч гэх шиг гээд үг хаяад байсан. Тэгээд эхнэртэй хамт тамхи татаад орж ирэхэд Б босоод зогсчихсон хэн нэгэн рүү уурлаад байгаа бололтой зогсоод нэг залуу нь Бийг хориод зогсож байсан. Б бид хоёрыг орж ирэхийг хараад улам уурлаад гарт тааралдсан пиво, архины шилнүүдийг Г бид 2 руу зогсоо зайгүй шидэж эхэлсэн. Тэгэхээр нь би гараад цагдаад дуудлага өгөөд зогсож байтал цагдаа хувцастай хүн ирсэн тэгэхээр нь би дуудлага өгсөн хүн байна гэтэл намайг баруун гараараа үгийн зөрүүгүй алгадаад караоке руу чирч оруулаад хаалгаа хаачих хааж байгаад бүгдийг нь алчихъя гээд хаалгыг нь хаалгасан тэгээд би юу болсныг санахгүй гэнэт сэрсэн чинь би гадаа хүүхэд рүүгээ залгаад эргээд очиход хаалгаа хаагаад түгжсэн байсан...” гэжээ. /1хх42-43/

Тухайн цаг хугацаанд Г.Э нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1-р хэлтсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад цолтойгоор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Тэрээр Ц.Бтэй хувийн харилцаатай, мөн хэрэг болох цаг хугацаанд Ц.Бийн эрхлэн ажиллуулдаг “Өрнөх Хас” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг гэрч Л.Э болон А.Г, Т.Эр нар эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн. Улмаар Ц.Бийг зодсон гэсэн шалтгаанаар шүүгдэгч Г.Э нь Т.Эрыг алгадаж унагаан зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн А.Ггийн биед халдсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн. 

Т.Эр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “энэ хэрэгт цагдаагийн албан хаагч холбогдсон, Г.Э нь энэ талаар хэлэхгүй өнгөрөөч гэж гуйгаад байсан, өөрийнх нь болон эхнэрийнх нь эрүүл мэндэд учирсан хохирлыг барагдуулна гэсэнд итгэсэн учир гомдол гаргаж яваагүй” гэснийг үндэслэлтэй гэж үзэв.

Тодруулбал, Т.Эр нь хэрэг болсноос 3 өдрийн дараах анхны мэдүүлэгтээ “дуудлагын цагдаа ирэхээс өмнө согтуу цагдаа алгадаж унагаад, караоке руу чирч оруулсан” гэж мэдүүлсэн, мөн түүний биед ил харагдах гэмтэл шарх илэрхий байсан талаар гэрч Л.Э, А.Гүрбазар, А.Сосорбарам нар мэдүүлсэн байхад, энэ талаар шалгах ажиллагаа огт явуулаагүй нь тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан  Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагч оролцсоноос шалтгаалсан гэж үзэхээр байна.

Улмаар Т.Эрын хууль зүйн мэдлэг дутмаг байдлаасаа тухайн үедээ гомдол гаргаагүй, мөн хугацаа алдаж өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын байдлыг эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн нь түүний мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл болохыг тэмдэглэж байна. Тодруулбал, Т.Эрын мэдүүлэг нь тогтвортой бөгөөд бусад гэрч нарын мэдүүлэг, эмнэлгийн холбогдох баримтаар тогтоогдож байна. Мөн Т.Эрыг өөрийн эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой асуудлаар худал мэдүүлсэн, Г.Эыг зориуд гүтгэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Хэрэг болох үед байсан гэрч Э.Эрдэ, Б.Лх нар нь Г.Эыг зодоонд оролцоогүй гэсэн байх боловч тэдний энэхүү мэдүүлэг дээрх байдлаар няцаагдаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

12. Шинжээч эмч Г.Энхбаатар 5623 дугаартай дүгнэлттэй холбоотой шүүхэд мэдүүлэг өгөхдөө Т.Эрын биед учирсан 8, 10 дугаар хавирганы гэмтэл өөр өөр цаг хугацаанд үүссэн гэмтэл байна, 1 хавирганы хугарал гэмтлийг хөнгөн зэрэгт хамааруулдаг, хавирганы хугарал 14-21 хоногт бүрэн бороолдог, нэг хавирга бороолж эдгэсэн, нөгөө хавирга бороолоогүй учир ийм дүгнэлтэд хүрч байна гэжээ.

Харин хуралдаанд шинжээч С.Эрдэнэцэцэг хавирганы гэмтэл бороолох үйл явцыг нарийн тогтоох боломжгүй, хүний биеийн онцлогоос шалтгаалдаг, хүндэвтэр гэмтэл гэдэг утгаар 28 хоногоос дээш хугацаанд эрүүл мэндийг сарниулдаг, гэмтсэн хавирга яаж хугарснаасаа хамаарч өөр өөр хугацаанд бороолж болно гэж тайлбарласан.

Шинжээч Г.Энхбаатар дүгнэлт гаргахдаа Т.Эрын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн цээжний эгц, гавал ясны 2 байрлалын рентген зурагт үндэслэсэн байна./1хх241/ Өөрөөр хэлбэл хэрэг болсноос 54 хоногийн дараах эдгэрэлтийн байдлыг харгалзан дүгнэлтээ гаргажээ.

Гэтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” гэж, мөн журмын 2.4.1-т гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан гэмтлийг хөнгөн зэрэгт хамруулахаар заажээ.

Т.Эр мэдүүлэхдээ 2022 оны 01 дүгээр сарын 31-нд зодуулснаас хойш дахин гэмтэл аваагүй, 1 сар гаран хугацаанд хэвтрийн байдалтай байсан талаар мэдүүлсэн бол, А.Г үүнийг батлан мэдүүлсэн болно.

Шүүхээс шинжээч Г.Энхбаатарын шүүх хуралдаанд гаргасан Т.Эрын биед учирсан хавирганы хугарал гэмтлийг 14-21 хоногт бүрэн бороолж эдгэрнэ гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

Учир нь Т.Эрын ямар нэгэн эмчилгээ хийлгэлгүйгээр эдгээсэн, өөрийн биеийг гэхээс эхнэрээ асрахад илүү анхаарч байсан гэсэн тайлбар, мөн хүндэвтэр гэмтлийн хувьд 28 хоногоос дээш хугацаагаар хүний эрүүл мэндийг сарниулах шинжтэй байдаг, хавирганы гэмтэл нь хүний биеийн онцлог, эмчилгээ сувилгаанаас шалтгаалж харилцан адилгүй хугацаанд бороолж эдгэрдэг, эдгэрэлтийн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэсэн шинжээч С.Эрдэнэцэцэгийн тайлбар илүү үндэслэл бүхий байна. Тиймээс энэ талаарх өмгөөлөгч нарыг дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Тиймээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцов.

 

13. Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгчийн тухайн маргаан, зодоон болсон асуудал буюу А.Г, Т.Эр нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжтэй гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь шүүгдэгч А.Г, Ц.Б нарын хоорондын харилцан үл ойлголцсон маргаан, түүнээс үүдэлтэй, хоорондоо зодолдсон, уг маргаанд тэдний хамаарал бүхий харилцаатай Т.Эр, Г.Э нар оролцсон нь сэдэлт, зорилгын хувьд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих шинжгүй, мөн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж дүгнэв.

 

14. Прокуророос А.Ггийн караокены хаалга эвдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй /3хх27-28/ гэж дүгнэн, Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө устгаж, гэмтээх” зөрчлийн шинжтэй үндэслэлээр шалгуулахаар харьяалах хэлтэст холбогдох баримтын хамт хүргүүлсэн байна. /3хх59/ Тиймээс шүүх прокуророор шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг шийдвэрлэсэн болно.

 

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

15. А.Г нь эрүүл мэндэд учирсан хохиролд 509.725 төгрөгийн эмчилгээ, эм /1хх195-197/, Ц.Б нь 160.000 төгрөгийн шинжилгээ өгсөн баримт /1хх102/ гарган нэхэмжилсэн бол Т.Эр нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой баримт гаргаж өгөөгүй байна.

16.  Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

17. А.Г, Ц.Б нарын хувьд харилцан хэн хэнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан тул хохирлыг харилцан тооцож Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Бээс 349.725 төгрөг гаргуулж А.Гд олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан үргэлжлэхээс өмнө 350.000 төгрөгийг А.Гд төлсөн талаар талууд харилцан мэдүүлсэн болно. Тиймээс шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.   

18. Гэмт хэргийн улмаас А.Г, Т.Эр нарын биед хүндэвтэр хохирол учирсан, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой гэм хорын хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

19. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт 680 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 1000 нэгжээр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, Т.Эр нарт тус тус 600 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

20. Өмгөөлөгч Ө.Болормаа дүгнэлтдээ: А.Г, Т.Эр нарын хувьд тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, гэм буруугаа хүлээж байгаа, гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан.

21. Өмгөөлөгч О.Санчирбал, Д.Оюунбаатар нар дүгнэлтдээ: Г.Э нь анх удаа гэм хэрэг үйлдсэн, бага насны 3 хүүхэдтэй, ажил хөдөлмөр хийх боломжтой нөхцөл байдлыг харгалзан 500 нэгжээр торгох ялыг сонгон оногдуулах санал гаргасан.

22. Өмгөөлөгч К.Манлай дүгнэлтдээ: Ц.Бийн хувьд гэм буруу дээр маргаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан 500 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасан.

23. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч А.Г, Ц.Б, Г.Э нар нь урьдаас төлөвлөөгүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, А.Г, Ц.Б, Т.Эр нарын хувьд бусдад учруулсан хохирлыг баримтын хэмжээнд төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, шүүгдэгч нарын үйлдэлд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн шинж байдал, хохирол, хор уршгийн шинж, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх шинжийг харгалзан дараах байдлаар ялыг оногдууллаа.

25. Шүүгдэгч Г.Эын согтуурсан, албаны хувцастай үедээ хүний эрүүл мэндэд халдан, хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан хохирол, хор уршгийг арилгаагүй, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

26. Шүүгдэгч Ц.Бийн тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байдлыг харгалзан түүнд торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулав.

27. Шүүгдэгч А.Г, Т.Эр нарын гэмт хэрэг үйлдсэн шинж байдал, хохирол төлсөн, А.Ггийн тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зөв гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

28. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эр, Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, гэм буруутайд,

Э, Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, Т.Эр нарт тус бүр 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Г.Эт 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. А.Г, Т.Эр нар нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх нээлттэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР