Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар  2022/ШЦТ/656

 

 

 

 

 

 

 

   2022          10         03                                          

                                                                                                        

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч Я.С-, Д.М-,  Д.Х-, тэдний өмгөөлөгч Ө.Учрал, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б- овогт Д-гийн Х-, М овогт Я-ын С-,  Х- овогт Д-гийн М-  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210013350911 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, “К” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овогт Д-гийн Х,  

 

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “С-” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, ам бүл 3,  нөхөр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Монгол овогт Я-ын С,

 

3. Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “С-” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамтаар улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х- овогт Д-гийн М,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Х- нь “К” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “А-” хотхоны барилгын Б блокийн барилгын ажил гүйцэтгэж байсан “С-” ХХК-ийн захирал Д.М-тай “кран түрээсээр ажиллуулах гэрээ” байгуулж, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалаар баталсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.5.19 Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.4.2 Кран эзэмшигч ба ашиглагч байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь ачаа өргөх кран, түүний зам, оосорлох сольдог хэрэгсэл, ээлжийн тоног савны бүрэн бүтэн байдалд үзлэг үйлчилгээ, засвар, магадлалыг хийх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч, тэдгээрийн бүрэн бүтэн байдал ба аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангуулна гэсэн заалтыг Зам ээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалаар баталсан “Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.5.19 Краныг ажиллаж байхад хориглох зүйлс Үүнд: ...к/барилгын цонх тагтаар ачаа хүлээн авах тусгай тавцан, хэрэгсэл ашиглалгүйгээр ачааг оруулж гаргах гэж заасныг зөрчиж хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн эс үйлдэхүйн улмаас “С-” ХХК-нд барилгын материал зөөх цагийн ажилтнаар ажиллаж байсан 15 настай Б.Н- нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Н” ХХК-ийн А- хотхоны барилгын Б блокийн 10 давхарт өргөгч төхөөрөмжөөр плита зөөх ажил гүйцэтгэж байхдаа ачаа өргөх краны тэвшнээс унаж, эрүүл мэндэд нь амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүд учирсны улмаас амь нас хохирсон,

шүүгдэгч Я.С- нь “С-” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3-т заасан үүргээ Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан №2487 “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” I хэсэг “Ерөнхий шаардлага” БНБД 12-03-04-ийн 4.17 Мэргэжлийн анхан дунд шатны болон ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн сурагчдыг аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажилд татан оролцуулахыг хориглоно гэснийг тус тус зөрчиж, хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажил буюу тээврийн болон ачаа өргөгч  хэрэгслийг ашиглаж ачиж буулгах ажилд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулах үүргээ биелүүлээгүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй 15 настай Б.Н-ээр өргөгч төхөөрөмж ашиглаж, барилгын тагтаар ачааг оруулж, гаргах үйлдэл хийлгэсэн эс үйлдэхүйн улмаас Б.Н нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Н” ХХК-ийн А- хотхоны Б блокийн 10 давхарт өргөгч төхөөрөмжөөр плита зөөх ажил гүйцэтгэж байгаад ачаа өргөх краны тэвшнээс унаж эрүүл мэндэд нь амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүд учирч, улмаар амь нас хохирсон,

Шүүгдэгч Д.М- нь “С-” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 142 дугаар зүйлийн 142.7 дахь хэсэгт заасныг Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” I хэсэг Ерөнхий шаардлага БНБД 12-03-04-ийн 4.17-д заасныг тус тус зөрчиж хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, 15 настай Б.Н-ээр барилгын ажил буюу өргөгч төхөөрөмж ашиглан барилгын тагтаар ачааг оруулж, гаргах ажил гүйцэтгүүлсэн эс үйлдэхүйн улмаас Б.Н- нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Н” ХХК-ийн А- хотхоны барилгын Б блокийн 10 давхарт өргөгч төхөөрөмжөөр плита зөөх ажил гүйцэтгэж байгаад ачаа өргөх краны тэвшнээс унаж эрүүл мэндэд нь амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүд учирч улмаар амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Д.Х-: “...: Тодорхой зүйлийн талаар мөрдөгчид ярьсан учир шүүхэд нэмж мэдүүлэг өгөхгүй, тухайн үед хэлээгүй, би байгаагүй...” гэв.

 

          Шүүгдэгч Я.С-: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хүүхдийг 15 настай гэдгийг мэдээгүй, ХАБ-ын зааварчилгаа өгсөн, кран дээр дохиочин, оосорлогч нар ажиллах ёстой, тухайн үед ажиллаж байсан, Ганхуяг, талийгаачийн ах Нямдэлэг нар юм...” гэв.

         

          Шүүгдэгч Д.М-: “...Насанд хүрээгүй хүнийг ажиллуулж байгааг мэдээгүй, ХАБ-аас асуухад сүүлд таньдаг хүн байсан учир ажиллуулдаг байсан юм байна лээ. Хяналт тавьдаг байсан, гэхдээ өдөр бүр биш. Хүнд хэцүү л дээ, бидний хариуцлагагүй байдлаас болсон, их хүнд гарз тохиож, хүндэтгэлтэй хандаж байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нөхөр Батбаатар, хүү Н-, Отгондэлэг нарын хамт амьдардаг. Манай талийгаач хүү Н- нь төрсөн ах Н-ийн хамт барилга дээр хааяа ажилладаг. ...Тэгээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байсан барилга дээр ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр барилгаас унаж нас барсан. Тухайн үед төрсөн ах Н-ийн хамт байсан бөгөөд хүү хэлэхдээ тухайн үед бид хоёр 10-н давхарт плита буулгаж байгаад тэвшнээс унасан гэж хэлсэн. ...“С-” ХХК-с оршуулгын бүх зардлыг гаргасан, яг хэдэн төгрөг гаргасан талаар мэдэхгүй байна. Захирал нь өөрөө мэдэж байгаа, ар гэрт тусламж дэмжлэг үзүүлэхээ амлаж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 2022 оны 09 дүгээр сард ашиглалтад орох байрнаасаа 2 өрөө байр өгөхөөр болж гэрээ хийсэн. ...Бидний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл бол байхгүй...” /1 дэх хавтаст хэргийн 26 дахь тал/ гэсэн,

 

 Гэрч Б.Н- мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн төрсөн дүү Н-ийг өөрийн ажиллаж байгаа ажилд туслах ажилтнаар 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр оруулсан, ямар нэгэн гэрээ хийгээгүй, надтай хамт ажиллаж байсан. Манай компани Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын аманд орон сууцны зориулалттай барилга барьж байгаа бөгөөд дүү бид хоёр барилгын материал зөөх болон бусад туслах ажил хийдэг, тэгээд өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дүү бид хоёр ажилдаа 09 цагийн үед ирэхэд инженер Ө- “та хоёр 10 давхарт гараад доороос кранаас өргөж зөөсөн плитаг буулгаж хураагаарай” гэж хэлсэн юм. Дүү бид хоёр тэвш дээр хураасан плитаг 10 давхарт гараад доороос кранаар өргөөд цонхны тавцан дээр тэвшийг байрлуулаад тэвшнээс плитаг дүү аваад цонхны дэргэд тавихад уг плитаг би аваад өрөөнд хурааж байсан юм. Кранаар нэг өргөөд ирэхдээ тэвш дээр нийт 45 ширхэг плита байсан, зөөж байхдаа дүү бид хоёр кранистад орилж, дээш доошоо болго гэдгийг хэлж байсан, цайндаа 13 цагийн үед ороод үргэлжлүүлэн плита зөөх ажил хийж байхад 14 цагийн үед доороос кранаар өргөж ирсэн тэвштэй плитаг цонхны тавцан дээр тавиад дүү тэвшнээс плита авч өгөөд би хурааж байхад /тэвш дээр байсан плита дуусаж байхад/ тэвш бага зэрэг хөдлөөд байсан бөгөөд би плита аваад хурааж байхад ард түс тас гэх чимээ гарахаар нь эргээд харсан чинь тэвшний 3-н дэгээ мултраад нэг ширхэг дэгээн дээрээ тогтсон байсан, дүү байхгүй байхаар нь гайхаад доошоо харсан чинь дүү доор газар унасан байсан, тухайн үед дүү бид хоёроос өөр хүн байгаагүй, би гүйгээд дүү дээр очиход нас барчихсан байх шиг байсан, эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. ...Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй өдрийн 50,000 төгрөгөөр туслахаар ажиллаж байсан, захирал гэх хүнтэй /нэрийг нь мэдэхгүй байна/ утсаар яриад ажилд орсон. Инженер Ө- гэх хүнтэй уулзаад ажилд орох гэж байгаагаа хэлсэн. Дүү бид хоёрын бичиг баримтыг үзээгүй. Цалинг инженер Ө- дансаар өгдөг байсан. Өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. ...Зааварчилгааг хөдөлмөр хамгааллын инженер С- өгдөг байсан бөгөөд өнөөдөр ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй. Манай дүүг анх ажилд ороход насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр С- дүүг насанд хүрээгүй гэдгийг мэдээд “дахин ирж ажиллахгүй шүү” гэж хэлсэн байсан, ...өглөө ажилд ирэхэд каск өгөөд орой ажил тарахад буцаагаад авдаг, өөр бол ямар нэгэн хувцас хэрэгсэл олгосон зүйл байхгүй, ...оосорлогч дохиочин байгаагүй...” /1 дэх хавтаст хэргийн 28-29 дэх тал/ гэсэн,

 

Гэрч О.Ө- мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “С-” ХХК-д 2019 оноос хойш барилгын инженерийн албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Арцатын ам А- хотхоны 2 дугаар блок дээр талбайн инженерээр 2021 оны 10 дугаар сараас ажиллаж байна. ...2022 оны 05 дугаар сарын 13-ны өглөө би 09 цагт ажил дээрээ ирэхэд плита зөөх барилгын туслах ажилчид ирсэн байсан, манай үндсэн ажилтан Бат-Эрдэнийн хамт хоёр хүн ажиллана гээд ирсэн, Б- ахаас хэдэн хүн ирсэн талаар асуухад хоёр хүн болон үндсэн ажилтан ирсэн байсан юм. Би тэр хүнтэй уулзаад дээш гарч плита зөө гээд гаргасан бөгөөд ажил үүргийг нь  хуваарилж өгсөн. Тэгээд доор хоёр давхарт өрөөндөө суугаад ажлаа хийж байгаад манай захирал Б- намайг Хангарди Сити 2 хотхоны үйлчилгээний төвд бичиг баримт хүргээд өг гэхээр нь 12 цагийн орчим барилгаас гарч явсан, ...би бичгээ хүргэж өгчхөөд буцаад барилга руугаа явж байхад 14 цаг 54 минутад миний гар утас руу Б- залгаж хаана явж байна, барилга дээр хүрээд ирээ, барилгаас хүн уначихлаа гэж хэлсэн. Би захирал руу шууд залгаад юу болсон талаар хэлж түргэн дууд, барилга дээр хүрээд ир гэж хэлээд барилга руу ороход, 2 дугаар блокийн урд талд 10 давхраас унасан гээд эрэгтэй хүн байсан. Ойртоод харахад амьсгалахгүй юм шиг болохоор түргэн дуудсан талаар захирлаас залгаж асуугаад тосож авахаар болж үүдэнд очсон, түргэний машин ирээд нас барсан талаар хэлж цагдаа дуудсан уу гэж асуухад захирал дуудсан гэсэн хариу өгч, удалгүй цагдаа нар ирсэн. ...Би хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэл болох бээлий каск өгсөн, ажилчдын томилгоог хийсэн. Хүмүүс ирэхдээ ихэвчлэн өөрсдөө ажлын муу хувцастайгаа ирдэг. ...Би 2 дугаар блокийг хариуцсан талбайн инженер бөгөөд хүмүүс ирж өдрийн 50,000 төгрөгөөр материал зөөх болон цэвэрлэгээний ажил хийдэг. Би ирж буй өдрийн ажилчидтай гэрээ хийдэггүй, эрэгтэй насанд хүрсэн хүн байвал ажиллуулдаг. Өдрийн ажил 09 цагаас 09 цаг 30 минут хүртэлх хооронд эхэлж хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан бүртгэж судалгаа аваад ажилд нь оруулдаг. ...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хоёр хүн үндсэн ажилтны хамт ирээд би хараад шууд ажилд нь гаргасан, өмнөх өдөр нь ажилласан болохоор авах бүртгэлтэй гэж бодоод ажилд гаргасан. ...Зарын дагуу өдрөөр ажиллах ажилчдад хөдөлмөр хамгааллын зааварчилгаа хөдөлмөр хамгааллын ажилтан С-  өдөр болгон өгдөг бөгөөд өнөөдөр С- надаас үдээс өмнө хүүхдийн үсэглэлийн баяртай тул чөлөө өгнө үү гэхэд би чөлөө өгч явуулсан. Өнөөдөр хэрэг болох үед С- байгаагүй.

Өнөөдрийн С- байхгүй болохоор ажилчдад хөдөлмөр ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, зааварчилгаа болон ажилчдын судалгаа аваагүй шууд ажилд нь гаргасан. ...Би өнөөдөр ажиллана гээд ирсэн хүмүүсийн хувийн мэдээллийг аваагүй бөгөөд шинээр хүн ирсэн тохиолдолд овог, нэр, утасны дугаар, нас зэргийг тэмдэглэж авдаг. Талийгаачийг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй, нэг үеийн залуучууд ирээд ажиллаад байдаг болохоор тэд нарын нэг гэж бодсон. ...Өнөөдөр ажиллах хүмүүс гадна талбайд байсан 2700 м² плитаг давхар бүрд 90 ширхэг хайрцаг гаргах ёстой байсан, ...Манай барилга 12 давхар бөгөөд талийгаач 10 давхраас унасан гэж кранист Б- хэлсэн. Плитагаа зөөгөөд доороос дээд давхар луу ээлжээр гаргаж байсан гэсэн ...Хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааны дэвтэрт байдаг юм. Уг дэвтэр Сумьяахүүд байдаг...” /1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.Б- мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тус барилгын ажил Хан-Уул 4 дүгээр хороо, Арцатын аманд байрладаг бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр М- бид хоёр компанийн оффис дээр байж байхад барилгын талбай дээрээс хүн унасан байна гэж талбайн инженер бидэнд холбогдож хэлсэн. ... Барилгын талбай дээр манай байгууллагын үндсэн ажилчдаас талбайн инженер Ө-, Хөдөлмөр аюулгүй байдлын инженер С-, туслах Б- гэх хүмүүс тус барилгын талбай дээр ажиллаж байна, ...өдөр тутамдаа ирж ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөр аюулгүй байдлын асуудлыг манай байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдлын үндсэн инженер хариуцаж ажиллах юм. ...Би насанд хүрээгүй хүүхэд ажиллах эрсдэл гаргахгүйн тулд хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, талбайн инженер нарт иргэний үнэмлэх бичиг баримтыг нь шалгахыг хэлдэг байсан. Би ...насанд хүрээгүй хүүхэд талбай дээр ажиллаж байгааг мэдээгүй, өнөөдөр болсон үйл явдлаас хойш байдлыг очиж тодруулахад ямар нэг бригадад хамаардаггүй, өдөртөө ирж ажилладаг туслах байсан гэж мэдсэн...” /1 дэх хавтаст хэргийн 34-35 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Д.Б- мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 13-ны ...өдрийн 14 цагийн орчим А- барилгын 2 дугаар блок гадна тэвш дээр гадаа байсан плитаг тавьж өгөөд тухайн пилтаг кран дээшээ 10 давхар луу өргөж өгч байсан. Би плитаг тэвш дээр тавьж, кранд оосорлож өгөөд дээшээ өргөөд эхлэхээр нь баруун талд байсан элсийг тэвшинд хийж байхад дээрээс нэг юм унах чимээ сонсогдоод эргээд харахад хүн унасан байсан. Тэгээд дээшээ харахад 10 давхарт нэг хүн доошоо орилоод байсан. Тухайн үед барилгын доод талбайд краны жолооч бид хоёр л байсан, ...доороос плита зөөж өгч байхад дээр ах дүү хоёр ажиллаж байгаа талаар мэдсэн ...Уг нь байнга зуруулдаг, тэгэхдээ өнөөдөр өглөө ирэхэд хөдөлмөр хамгааллын инженер ажилдаа ирээгүй шууд ажилдаа гарсан. Ямар нэгэн хүн ажилд гаргаагүй. ...Гараар хийсэн төмөр дотор талаараа модтой тэвш байсан. Тэвшийг кранд оосорлож өгөхдөө дөрвөн дэгээг гадна тал руу нь харуулан дэгээдэж оосорлож өгсөн. Хүн унасны дараа дээшээ харахад тэвшний 3 дэгээ мултарсан нэг дэгээн дээрээ дүүжлэгдсэн байдалтай байсан. Тэвшний баруун урд талын дэгээ мултраагүй дээрээс бууж ирэхээр нь би салгаж авсан ба тэвш дотор нэг боодол плита байсан...” /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.Г- мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ “...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шалны плитаг 10 давхарт гаргах ажлыг кранаар хийж гүйцэтгэж байсан, плитаг барилгын материал зөөж дээш гаргаж өгөх зориулалттай тэвш дээр тухайн барилга дээр ажиллаж байгаа нэг танихгүй ах зөөж ачиж байсан, тэвш дээр ачсан плитануудыг би кранаар дээш 10 дугаар давхарт өргөж гарган өгч байсан, дээр 10 дугаар давхарт өндрөөс унасан талийгаач ахынхаа хамт миний дээш гаргаж өгсөн плитануудыг тэвшнээс авч буулгаж байсан, ...14 цагийн үед дээш плитануудыг өргөчхөөд доош буулгах дохио өгөхийг хүлээж байхад дээрээс юм унах шиг чимээ гарахаар нь би урагшаагаа хартал 10 дугаар давхарт плита буулгаж байсан танихгүй залуу газар уначихсан хөдөлгөөнгүй байхаар нь би айгаад очиж үзээгүй. ...Тухайн барилгын компанитай миний ажиллуулж байгаа краны эзэн нь гэрээ байгуулсан юм байна лээ. Би тус компанитай гэрээ байгуулаагүй, миний ажиллуулж байсан краны эзэн нь намайг ажиллах уу гэхээр нь би тэгье гэж хэлээд ажиллаж байсан юм. Би ямар ч компани, хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллаж байсан ...“С-” ХХК-д хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ажилтан байдгийг нарийн мэдэхгүй байна. Өглөө ажилд гарахад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаад ажилд гаргадаг ...Би 1 сарын хугацаанд ажиллахад талийгаач үе үе ирсэн ажиллаж байсан, ...“С-” ХХК-ийн үндсэн ажилтан эсэхийг мэдэхгүй байна, түүний ах нь бас үе үе ирж ажиллаад байсан. Албан ёсны оосорлогч, дохиочин байгаагүй, доороос ачиж байгаа хүн болон дээр ачаа буулгаж байгаа хүмүүсийн дохиогоор ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тухайн үед доор плита ачиж өгч байсан танихгүй ах болон дээр плита буулгаж байгаа талийгаач болон түүний ах хоёрын дохиогоор ажиллаж байсан. ...Би талийгаачийг унаж байхыг хараагүй тухайн үед би ус уух гээд урагшаагаа ус авахаар тонгойж байх үед урд талд дээрээс юм унах шиг чимээ гарахаар нь хартал хүн уначихсан байсан...” /1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Я.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай хүүхэд Галцэцэгийн үсэглэлийн баяр болсон учир тодорхой цагийн чөлөө аваагүй, үсэглэлийн баяр дуусахаар ажилдаа очих талаар захирал М-д хэлсэн байсан, би ажил руугаа явж байхад 14 цагийн үед манай захирал Б- над руу залгаж барилга дээр ажиллаж байсан хүн 10 давхар дээрээс унасан, хаана явж байна, хурдан ир гэж ярихаар нь би хэн гэдэг ямар хүн унасан юм бэ гэж асуухад ...Шараа гэдэг нь унасан, ах дүү хоёрын нэг нь гэж хэлсэн. Би барилгын талбай дээр 15 цагт очиход түргэн, цагдаа ирээгүй байсан ба баригдаж байгаа барилгын 2 дугаар блокийн урд өргөгч краны урд хүн уначихсан хөдөлгөөнгүй байхаар нь ойртож үзэхэд ...Шараа гэх хүүхэд унасан байсан, удалгүй цагдаа, түргэн ирсэн ...Би 2021 оны 09 дүгээр сард ажилд орсноосоо хойш барилга дээр туслах ажилтан авна гэсэн зар фейсбүүк дээр тавихад 2022 оны 01 дүгээр сард байх өдрийг нь санахгүй байна, талийгаач хоёр ахынхаа хамт ирж ажиллахаар ирсэн юм. Би тухайн хүмүүсээс бичиг баримтыг нь шалгахад бичиг баримтуудаа гэртээ орхисон гэж хэлэхээр нь би дараа ирэхдээ авчраарай гэж хэлсэн, дараа ажилд ирэхэд бичиг баримтуудаа авчирч үзүүлэхгүй байсан, ...талийгаач үе үе ирж барилга дээр ажиллаж байсан болохоор бичиг баримтуудыг нь үзэж чадаагүй, асуухаар орхисон байна, мартчихаж гэж хэлээд байсан юм. 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр талийгаач элс ачиж байхаар нь очиж уулзан ямар мэргэжилтэй вэ гэж асуухад талийгаач “Би 9 дүгээр ангид сурдаг” гэж хэлэхээр нь би “чи насанд хүрээгүй юм байна шдээ, өнөөдөр ажлаа дуусгачхаад маргаашаас битгий ирээрэй” гэж хэлсэн. Тухайн үед манай барилга дээр цагийн ажил хийж байсан Ховдхан гэх хүн хамт элс ачиж байсан. Талбайн инженер бид хоёр ажилд орж байгаа хүмүүсийн бичиг баримтыг шалган ажилд авдаг. ...Б.Н- болон талийгаач нар “С-” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, элсний ажилтнаар ажиллаж байсан. ...Албан ёсны оосорлогч, дохиочин байгаагүй, би тус компанийн үндсэн ажилтан болох Б-д оосорлогч дохиочинд өгөх зааварчилгааг давхар өгдөг байсан, доороос барилгын материал гаргах үед доороос ачиж байгаа хүн болон дээр ачаа буулгаж байгаа хүмүүсийн дохиогоор кранист ажил үүргээ гүйцэтгэж байсан. ...Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар 2 сар ажиллаж байна. ...Ажилчдыг ажилд гарахаас нь өмнө нийтэд нь суулгаж байгаад аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгдөг байсан. Талийгаач манай барилга дээр үе үе ирж ажилладаг байсан. Ирж ажиллах болгонд нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч дээр ажиллуулахгүй газар ажиллах талаар зааварчилгаа өгч байсан. Талийгаач нь их хөдөлгөөнтэй хүн байсан. Мөн дээрээс нь үндсэн ажилтан биш болохоор давхрууд дээр ажиллуулдаггүй байсан. Тухайн осол болсон өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр талийгаачийг барилга дээр ирж ажилласныг би мэдээгүй...” /2 дахь хавтас хэргийн 149, 1 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Манай компани нь үндсэн 5 ажилтантай. Үүнд талбайн инженер О.Ө-, хөдөлмөр хамгааллын инженер С-, менежер Гоомарал, нягтлан бодогч Гэрлээ, компанийн хувь эзэмшигч Б.Б- нарын бүрэлдэхүүнтэй. ...Манай инженер Ө-, менежер Гоомарал, Сумьяахүү нар ажилчид авах зар тавьж өдрөөр туслах ажилчин ажиллуулдаг, өдөр болгон хэдэн хүн ажилласан талаар Ө-аас тоог нь авч ажлын хөлсийг нягтлан Гэрлээ Ө-ы дансанд шилжүүлж, Ө- нь тухайн өдөр ажилласан хүмүүст цалинг нь өгдөг, өдрөөр ажиллаж байгаа хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. ...Өөрийн үндсэн ажилчидтай хөдөлмөрийн гэрээ бол байгуулсан, өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр барилгын оффис дээр байж байхад 14 цаг өнгөрч байсан, Ө- утсаар яриад барилга дээрээс хүн уначихлаа гэхээр нь яваад очсон чинь 10 давхарт плита зөөж байсан өдрийн ажилтан эрэгтэй хүн унасан байсан. ...Би тодруулахад өдрийн ажил хийж байсан 15 настай хүүхэд унасан байсан бөгөөд энэ хүүхэд нь төрсөн ахын хамт 10 давхарт плита зөөж буулгаж байсан хүүхэд байсан. ...Өдрийн цалинтай ажиллаж байгаа хүмүүст хөдөлмөр хамгааллын хувцас тусгай хэрэгсэл олгодог эсэх талаар бээлий, малгай зэргийг олгодог, ...хувцас олгодоггүй, олгодог байж байгаад больчихсон, хувцас аваад ажилдаа ирдэггүй юм. Осол болох үед хөдөлмөр хамгааллын инженер С- нь ажлын байран дээрээ байгаагүй, ...2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ажил тарах үед маргааш манай хүүхдийн үсэглэлийн баяр болно, үдээс хойш ажил дээрээ ирнэ гэхээр нь би чөлөө өгсөн юм. ...Би орны хөдөлмөр хамгааллын инженер томилоогүй, талбайн инженерт чөлөө авсан талаар хэлээд ажлаа хийж байгаарай гэсэн юм. Албан бичгээр чөлөө өгсөн зүйл байхгүй, амаар л чөлөө өгсөн. ...Кран болон кранистыг гэрээ байгуулан ажиллуулж байгаа. Гэрээг байгуулахдаа хөдөлмөр хамгааллын гэрээг бас давхар байгуулсан, уг гэрээгээр оосорлогч, дохиочныг хэн хариуцах байсныг тусгасан байгаа байх ба одоо сайн санахгүй байна. Манай компанид оосорлогч дохиочин бол байгаагүй...” /2 дахь хавтас хэргийн 159 дэх тал, 1 дэх хавтаст хэргийн 46-47 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Манай компани бүх крануудад мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулан аюулгүй ажиллагааны магадлал хийлгэсэн юм. Компанийн зүгээс кран болон кранистыг гаргаж, ажил үйлчилгээг хийж байсан. Краны эвдрэл кранаас болж ажил саатсан тохиолдолд манай байгууллага хариуцахаар байгаа юм. Захиалагч компани буюу “С-” ХХК нь ажлаар бүрэн хангаж краныг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангасан талбай дээр кран болон кранистын аюулгүй байдлыг хангаж ажил үүрэг гүйцэтгэхээр заасан байгаа юм. Мөн мэргэжлийн оосорлогч дохиочин, ойрын богино долгионы станцаар хангаж ажил үүрэг гүйцэтгэхээр гэрээнд заасан байгаа юм. Манай компанийн кранист мэргэжлийн үнэмлэхтэй, энэ чиглэлээр 2005 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа. Кранистад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр бүр өгөхөөр заасан. Уг гэрээний гүйцэтгэгчийн эрх үүргийг 4 дэх заалтад кранист нь даамал, мастер, инженер, оосорлогч, дохиочин нартай хамт хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авч, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр арилган ажил үүрэг гүйцэтгэхээр заасан. ...Гэрээний дагуу “С-” ХХК нь мэргэжлийн оосорлогч дохиочин хөдөлмөр хамгааллын ажилтнаар бүрэн хангахаар заасан. Мэргэжлийн хөдөлмөр хамгааллын ажилтан, оосорлогч дохиочны доор кранист нь ажил үүрэг гүйцэтгээгүйн улмаас гарсан зөрчил, хор уршгийг захиалагч тал болох “С-” ХХК бүрэн хариуцахаар заасан. ...“С-” ХХК-д түрээсэлсэн краны талаар уг кран хийн дугуйт өөрөө явагч КС5363 маркийн 25 тонны даацтай, 1987 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, сум нэмээд одоогоор 35 метрийн урттай дээд хязгаар 10 давхар барилга руу ачаа бараа зөөх хүчин чадалтай, кран нь барилгын талбай дээр ажиллахдаа 380 хүчин чадалтай тогоор болон дизель хөдөлгүүрээр хөдөлгөөнгүй суурин ажилладаг юм, сум сунаад дээд хязгаар 2000 кг-с дээш өргөхгүй хязгаартай. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар магадлал хийлгэсэн, краны техникийн хувьд бүрэн бүтэн ажиллагаатай, стандартын дагуу, кран нь нэг зөвхөн кранистад зориулсан нэг хүний суудалтай, краны бүх троссыг бүгдийг шинээр сольсон...” /2 дахь хавтас хэргийн 137, 1 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №1395 дугаартай дүгнэлтэд: “ Дүгнэлт 1.2. Б. Н-ийн цогцост гавал тархи, цээж, дээд, доод мөчдийн хавсарсан хүнд гэмтэл: Гавлын баруун чамархай, суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, багана тархины дээд хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, гурав, дөрөвдүгээр ховдол дахь цусан хураа /60 мг/, гол судасны нум хэсгийн бүрэн тасрал, цээжний хөндийн цусан хураа /1600 мл/, эрүү ясны хугарал, баруун 3, 4, зүүн 1-4-р хавирганы зөрүүгүй хугарал, умдаг ясны баруун салаа, зүүн бугалга, дунд чөмөгний зөрүүтэй далд хугарал, баруун шаант тахилзуур ясны ил хугарал, эрүүнд шарх, эрүү, зүүн хацар, баруун шилбэнд зулгаралт, баруун сарвуу, хоёр өвдөг, баруун шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр буюу өндрөөс унах үед үүсгэгдэнэ.

4. Гавлын баруун чамархай суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, багана тархины дээд хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, гурав, дөрөвдүгээр ховдол дахь цусан хураа /60 мл/ гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 312. 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай нь тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гол судасны нум хэсгийн бүрэн тасрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун шаант тахилзуур ясны ил хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Эрүү ясны хугарал, баруун 3,4, зүүн 1-4-р хавирганы зөрүүгүй хугарал, умдаг ясны баруун салаа, зүүн бугалга, дунд чөмөгний зөрүүтэй далд хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Эрүүнд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.6. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй

7. Талийгаач Б.Н- нь амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.

8. Талийгаачид 2022 оны 05 дугаар сарын 14-ний 03:10 цагт хийгдсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 12-14 цаг болсон байжээ.

9.10.11. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Хорт бодис, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

12. Талийгаач нь дөрөвдүгээр булгийн цустай байна...” /1 дэх хавтаст хэргийн 60-64 дэх тал/ гэсэн,

 

Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2022/03 дугаартай дүгнэлтэд:

Хариулт 1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 3 дугаар зуйлийн 3.1.9. /“ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг/, мөн хуулийн 3.1.20./ “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг/, 3.1.21. / “үйлдвэрлэлийн орчин” гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг/ гэж тус тус томъёолсон байдаг. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй А- хотхоны барилгад 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр туслан гүйцэтгэгч С- ХХК-ийн туслах ажилтан Батбаатарын Н- нь тус барилгын Б блокийн 10 давхарт өргөх төхөөрөмжөөр өргөгдөн ирсэн тэвш дээрээс плита зөөж байхдаа унаж нас барсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон тул нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: 2.1.1. /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ гэсэн заалтад хамаарах үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоно.

Хариулт 2. Батбаатарын Н- нь барилгын гүйцэтгэгч С- ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай барилгын ажил гүйцэтгэхээр хөлсөөр ажиллах гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй /нотлох баримтгүй/, ажлын хөлсийг өдрийн 50,000 төгрөгөөр амаар тохирч барилгын туслах ажилтан ажлын байранд ажиллаж байсан болох нь гэрч Б.Н-, О.Ө- нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. /Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй./, 48.3. /Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно/ гэж заасан байх бөгөөд С- ХХК-ийн захирал Д.М- нь Батбаатарын Н-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажил үүрэг гүйцэтгүүлж байсан. Иймд Батбаатарын Н-ийн ажил олгогч нь С- ХХК-ийн захирал Д.М- болно.

Хариулт 3. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй А- хотхоны барилгад 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр С- ХХК-нд туслах ажилтнаар ажиллаж байсан Батбаатарын Н- нь тус барилгын Б блокийн 10 давхарт өргөх төхөөрөмжөөр өргөгдөн ирсэн тэвш дээрээс плита зөөж байхдаа унаж нас барсан үйлдэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234-р тушаалаар баталсан "Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-д заасан аюулгүй байдлыг хангах шаардлагууд бүрэн хангагдаагүй, зөрчигдсөнөөс болсон байна гэж үзлээ.

Хариулт 4. С- ХХК-ийн захирал Д.М- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна./ гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар Я.С-г томилон ажиллуулж, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэх чиг үүргийг тогтоож өгсөн байна. Иймд С- ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар Я.С- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234-р тушаалаар баталсан "Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийг сахин хангуулж мөрдүүлэх үүрэгтэй.

Хариулт 5. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.1/ Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зааварчилгаа өгөх хэлбэрээр зохион байгуулна./ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: /1. Урьдчилсан 2. Ажлын байран дахь зааварчилга, анхан шатны зааварчилга, 3. Давтан зааварчилга/ гэсэн хэлбэртэй байдаг. Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№ 2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНБД 12-03-04-ийн 5.11.3. /Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй/ гэж заасны дагуу ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг ажилчдад өгч байсан нь хэрэгт авагдсан "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааны бүртгэлийн дэвтэр"-ийн 2022 оны 05-р сарын 01, 02, 03, 04-нийг хүртэлх хугацаанд тухайн ажил үүрэгтэй уялдуулан Б.Н-т аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулсан тэмдэглэл хөтөлсөн байна.

Хариулт 6. Б.Н- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна: 18.2.2. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх/ гэж заасны дагуу Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаагүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан эсэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Хариулт 7. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234-р тушаалаар баталсан "Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн 8.5.19. Краныг ажиллаж байхад хориглох зүйлс. Үүнд: ... к) /барилгын цонх, тагтаар ачаа хүлээн авах тусгай тавцан, хэрэгсэл ашиглалгүйгээр ачааг оруулж гаргах; /.гэж заасныг зөрчиж, краны ашиглагч, эзэмшигч, кранчин нар нь барилгын тагтаар ачааг оруулж гаргах үйлдэл хийсэн нь осол гарах шалтгаант нөхцөлийг бий болгосон байна.

Хариулт 8. С- ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар Я.С- нь Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№ 2487/ "Барилгын уйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03 04-ийн 4.17. Мэргэжлийн анхан, дунд шатны болон еренхий боловсролын бүрэн дунд сургуулийн сурагчдыг аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажилд татан оролцуулахыг хориглоно/ гэж заасан уг дурмийн ХАВСРАЛТ-Ж ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НЭМЭГДЭЛ ШААРДЛАГА ТАВИГДАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЖАГСААЛТ БА БАРИЛГЫН АЖЛЫН НЭР ТӨРӨЛ "Тээврийн болон ачаа өргөгч хэрэгслийг ашиглан ачиж, буулгах ажил" гэсэн заалтыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.7. Ажил олгогч энэ хуульд заасны дагуу 15-18 хүртэлх насны хүнээр хөдөлмөр эрхлүүлэх бол хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон тухайн насанд хүрээгүй хүнтэй гуравласан хөдөлмөрийн гэрээ байгуулна./ гэж заасан байна.

Хариулт 9. Краны ашиглагч, эзэмшигч, кранчин нар нь барилгын тагтаар ачааг оруулж гаргах үйлдэл хийсэн байгаа нь Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.5.19. Краныг ажиллаж байхад хориглох зүйлс. Үүнд: ... к) барилгын цонх, тагтаар ачаа хүлээн авах тусгай тавцан, хэрэгсэл ашиглалгүйгээр ачааг оруулж гаргах; заалтыг зөрчсөн байна.

Хариулт 10. Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.4.2. Кран эзэмшигч ба ашиглагч байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь ачаа өргөх кран, түүний зам, оосорлох сольдог хэрэгсэл, ээлжийн тоног савны бүрэн бүтэн байдалд үзлэг үйлчилгээ, засвар, магадлалыг хийх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч, тэдгээрийн бүрэн байдал ба аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангуулна... гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Хариулт 11. Ачаа өргөх кранд өргөж ашигласан тэвш нь Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 3.1.1. Кран түүний механизм, зангилаа, аюулгүй ажиллагааны төхөөрөмж болон ачаа өргөх тоноглолыг энэхүү дүрэм, улсын стандартууд, техникийн нөхцөл, бусад норматив баримт бичгийг мөрдлөг болгож хийгдсэн зураг төслөөр үйлдвэрлэнэ. 3.1.2. Кран ба түүний эд ангийг мэргэшсэн ажилчидтай, техникийн нөхцөл боломжоор хангагдсан, энэ дүрэм стандарт, техникийн нөхцөлийн шаардлагыг бүрэн хангасан, холбогдох төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуй нэгж үйлдвэрлэнэ гэсэн заалтын дагуу тооцоо, зураг төсөлгүй хийсэн тэвш байна.

Хариулт 12. Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 3.1.23. Ээлжийн ачаа оосорлох тоноглолыг холбогдох норматив баримт бичгүүд болон технологийн картын дагуу үйлдвэрлэнэ. Эдгээрийг үйлдвэрлэх явцад зайлшгүй гагнуур хэрэглэх тохиолдолд технологийн баримт бичигт түүнийг гүйцэтгэх, чанарын шалгалтыг хэрхэн хийх тухай оруулсан байвал зохино. 3.1.24.  ачаа оосорлох тоноглолыг (тэнжээ, гинж, хөндлөвч, хавчаар гэх мэт) үйлдвэрлэсний дараа үйлдвэрлэгч туршилт хийнэ. Тэнжээнээс бусад ачаа оосорлох тоноглолыг засварласны дараа туршилт хийнэ. Тэнжээг засварлахгүй, бүхлээр нь солино. Ачаа оосорлох тоноглолыг паспортад заагдсан даацаас нь 25% илүү ачааллаар туршина. 3.1.25. Ээлжийн ачаа өргөх тоноглол, сав, баглаа боодлыг үйлдвэрлэсэн тухай тусгай бүртгэл хөтлөх ба түүнд тоноглол, сав, баглааны нэр, тэдгээрийн даац, технологийн картын дугаар, хэрэглэсэн материалын сертификатын дугаар, гагнуурт шалгалт хийсэн, тоноглолыг туршсан байдал, сав, баглааны үзлэгийн үр дүнг бичнэ. 3.1.26. Ээлжийн ачаа өргөх тоноглолуудад дугаар, даац, туршилт хийсэн он, сар, өдрийг заасан төмөр пайзыг бэхэлсэн байвал зохино. Ачаа өргөх тоноглолуудыг гадны байгууллагад үйлдвэрлэсэн бол паспортжуулсан байна.

Хариулт 13. А/ Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234-р тушаалаар баталсан “Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.5.19. Краныг ажиллаж байхад хориглох зүйлс. Үүнд: ...к) /барилгын цонх, тагтаар ачаа хүлээн авах тусгай тавцан, хэрэгсэл ашиглалгүйгээр ачааг оруулж гаргах, гэж заасныг зөрчиж, краны ашиглагч, эзэмшигч, кранчин нар нь барилгын тагтаар ачааг оруулж гаргах үйлдэл хийсэн нь гүйцэтгэгч К ХХК нь захиалагч С- ХХК-тай байгуулсан “Кран түрээсээр ажиллуулах гэрээ”-ний Хоёр. Гүйцэтгэгчийн эрх үүрэг: 4 дэх хэсэг: Кранист нь даамал, мастерийн удирдамжаар дохиочин, оосорлогчтой хамтран ажиллаж, хөдөлмөр хамгаалал, техникийн үзлэг шалгалтыг хамтран хийж илэрсэн зөрчил дутагдлыг цаг хугацаанд нь таслан зогсоосон байна гэсэн үүргээ биелүүлээгүй (барилгын тагтаар ачааг оруулж гаргах үйлдэл хийсэн, тэвштэй ачааг ташуу өргөж, буулгасан, ачаа өргөх краны тэнжээний дэгээний түгжээ байхгүй) байна.

Б/ Барилгын гүйцэтгэгч С- ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар Я.С- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.Энэ хуулийн 27.2-т заасан ‘хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 27.3.3. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах 27.3.4 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;/ гэж заасан хуулиар хүлээсэн чиг үүрэг болон ажлын байрны тодорхойлолтын Б.Чиг үүрэг: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх компанийн бодлогыг тодорхойлж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартын хэрэгжилтийг хангуулах, нийт ажилтныг эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх/ хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№ 2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04-ийн 4.17. /Мэргэжлийн анхан, дунд шатны болон ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн сурагчдыг аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажилд татан оролцуулахыг хориглоно/ гэж заасан уг дүрмийн хавсралт-ж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажил мэргэжлийн үлгэрчилсэн жагсаалт ба барилгын ажлын нэр төрөл “Тээврийн болон ачаа өргөгч хэрэгслийг ашиглан ачиж, буулгах ажил” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Хариулт 14. Хавтаст хэргийн 3, 4, 5 дугаар зурагт тэвшийг барилгын тагтны дээр байрлуулж байгаа хэсэгт ачаа өргөх краны тэнжээний дэгээний түгжээ байхгүй байгаа нь Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн 2.6.2. (Ерөнхий зориулалттай нэг салаа дэгээний түгжээ нь ГОСТ-12840-ын шаардлагыг хангасан байна.) гэсэн шаардлагыг хангахгүй байна...”/1 дэх хавтаст хэргийн 90-94 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 5-14 дэх тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 15-18 дахь тал/,

- Нас тоолсон тэмдэглэл /1 дэх  хавтас хэргийн 19-20 дахь тал/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 15-18 дахь тал/,

- “С-” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааны бүртгэлийн журналын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 113-124 дэх тал/,

- Н ХХК болон “С-” ХХК нарын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 125-132 дахь тал/,

- “С-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 133 дахь тал/,

- “С-” ХХК-ийн дүрмийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 166-171 дэх тал/,

- “С-” ХХК болон К ХХК-ийн хоорондох кран түрээсээр ажиллуулах гэрээ, гэрээний сунгалтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 172-173,179 дэх тал/,

- Кранаар ачаа шилжүүлж ажил гүйцэтгэх үеийн Аюулгүй ажиллагаа хариуцагчийн ажлын зааврын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 174-178 дэх тал/,

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай гэрээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 189-192 дахь тал/,

- Барилгын гадна хөнгөн цагаан фасадны ажлын гүйцэтгэх гэрээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 193-200 дахь тал/,

- Д.М-, О.С- нарыг ажилд томилох тухай тушаалын хуулбар /1 дэх хавтас хэргийн 221 дэх тал/,

- “С-” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /1 дэх хавтас хэргийн 223-229/,

- “С-” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөл байгуулах тухай, Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссыг томилох тухай, Аюулгүй ажиллагааны алтан дүрмийн хуулбарууд /1 дэх хавтас хэргийн 230-246 дахь тал/,

- “С-” ХХК-ийн ХАБЭАБО-ны эрсдэлийн удирдлага /1 дэх хавтас хэргийн 247-250, 2 дахь хавтас хэргийн 1-76 дахь тал/,

- Д.С-гийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрын тодорхойлолт /2 дахь хавтас хэргийн 94-104, 105-107 дахь тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгөхөөр тохиролцсон гэх орон сууц захиалгын гэрээний хуулбар /2 дахь хавтас хэргийн 114-115 дахь тал/,

- Шүүгдэгч Д.М-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 158 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 159 дэх тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 160 дахь тал/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 161 дэх тал/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 162 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 163 дахь тал/, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 164 дэх тал/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 156 дахь тал/,

- Шүүгдэгч Я.С-гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 93 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 87 дахь тал/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн 88 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 90 дэх тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 91 дэх тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн 92 дахь тал/, хөдөлмөрийн гэрээ /2 дахь хавтаст хэргийн 94-103 дахь тал/,

- Шүүгдэгч Д.Х-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 121 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 122 дахь тал/, байнга оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн 120 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /2 дахь хавтаст хэргийн 118 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Х-, Д.М-, Я.С- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Д.Х- нь “К” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “А-” хотхоны барилгын “Б” блокийн барилгын ажил гүйцэтгэж байсан “С-” ХХК-ийн захирал Д.М-тай “кран түрээсээр ажиллуулах гэрээ” байгуулж, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234-р тушаалаар баталсан “Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.5.19. Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.4.2. Кран эзэмшигч ба ашиглагч байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь ачаа өргөх кран, түүний зам, оосорлох сольдог хэрэгсэл, ээлжийн тоног савны бүрэн бүтэн байдалд үзлэг үйлчилгээ, засвар, магадлалыг хийх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч, тэдгээрийн бүрэн байдал ба аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангуулна гэсэн заалтыг зөрчсөн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234-р тушаалаар баталсан "Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн 8.5.19. Краныг ажиллаж байхад хориглох зүйлс. Үүнд: ... к) /барилгын цонх, тагтаар ачаа хүлээн авах тусгай тавцан, хэрэгсэл ашиглалгүйгээр ачааг оруулж гаргах; /гэж заасныг зөрчиж, краны ашиглагч, эзэмшигч, кранчин нар нь барилгын тагтаар ачааг оруулж гаргах үйлдэл хийсэн нь гүйцэтгэгч К ХХК нь захиалагч “С-” ХХК-тай байгуулсан “Кран түрээсээр ажиллуулах гэрээ”-ний хоёр. Гүйцэтгэгчийн эрх үүрэг: 4 дэх хэсэгт Кранист нь даамал, мастерын удирдамжаар дохиочин оосорлогчтой хамтран ажиллаж, хөдөлмөр хамгаалал, техникийн үзлэг шалгалтыг хамтран хийж илэрсэн зөрчил дутагдлыг цаг хугацаанд нь таслан зогсоосон байна гэсэн үүргээ биелүүлээгүй барилгын тагтаар ачааг оруулж гаргах үйлдэл хийсэн, тэвштэй ачааг ташуу өргөж, буулгасан, ачаа өргөх краны тэнжээний дэгээний түгжээ байхгүй байгаа зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс “С-”         ХХК-нд барилгын материал зөөх цагийн ажилтнаар ажиллаж байсан 15 настай Б.Н- нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Н” ХХК-ийн “А-” хотхоны барилгын “Б” блокийн 10 давхарт өргөгч төхөөрөмжөөр плита зөөх ажил гүйцэтгэж байгаад ачаа өргөх краны тэвшнээс унаж, эрүүл мэндэд нь амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүд учирч, улмаар амь нас нь хохирсон,

 Шүүгдэгч Я.С- нь “С-” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3-т заасан үүргийг, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03- 04-ийн 4.17. /Мэргэжлийн анхан, дунд шатны болон ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн сурагчдыг аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажилд татан оролцуулахыг хориглоно гэснийг тус тус зөрчиж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажил буюу тээврийн болон ачаа өргөгч хэрэгслийг ашиглан ачиж, буулгах ажилд, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулаагүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтад 15 настай Б.Н-ээр өргөгч төхөөрөмж ашиглан, барилгын тагтаар ачааг оруулж, гаргах үйлдэл хийлгэсний улмаас Б.Н- нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Н” ХХК-ийн “А-” хотхоны барилгын “Б” блокийн 10 давхарт өргөгч төхөөрөмжөөр плита зөөх ажил гүйцэтгэж байгаад ачаа өргөх краны тэвшнээс унаж, эрүүл мэндэд нь амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүд учирч, улмаар амь нас нь хохирсон,

Шүүгдэгч Д.М- нь “С-” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, мөн хуулийн 142 дугаар зүйлийн 142.7 дахь хэсэгт заасныг, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04-ийн 4.17-д заасныг тус тус зөрчиж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, 15 настай Б.Н-ээр барилгын ажил буюу өргөгч төхөөрөмж ашиглан, барилгын тагтаар ачааг оруулж, гаргах ажил гүйцэтгүүлснээс Б.Н- нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Н” ХХК-ийн "А-" хотхоны барилгын "Б" блокийн 10 давхарт өргөгч төхөөрөмжөөр плита зөөх ажил гүйцэтгэж байгаад ачаа өргөх краны тэвшнээс унаж, эрүүл мэндэд нь амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүд учирч, улмаар амь нас нь хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ын “...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нөхөр Батбаатар, хүү Н-, Отгондэлэг нарын хамт амьдардаг юм. Манай талийгаач хүү Н- нь төрсөн ах Н-ийн хамт барилга дээр хааяа ажилладаг. ...Тэгээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байсан барилга дээр ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр барилгаас унаж нас барсан юм. Тухайн үед төрсөн ах Н-ийн хамт байсан бөгөөд хүү хэлэхдээ тухайн үед бид хоёр 10-н давхарт плита буулгаж байгаад тэвшнээс унасан гэж хэлсэн юм...” /1 дэх хавтаст хэргийн 26 дахь тал/ гэсэн, гэрч Б.Н-ийн “...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дүү бид хоёр ажилдаа 09 цагийн үед ирэхэд инженер Ө- “та хоёр 10 давхарт гараад доороос кранаас өргөж зөөсөн плитаг буулгаж хураагаарай” гэж хэлсэн юм. Дүү бид хоёр тэвш дээр хураасан плитаг 10 давхарт гараад доороос кранаар өргөөд цонхны тавцан дээр тэвшийг байрлуулаад тэвшнээс дүү плитаг аваад цонхны дэргэд тавихад би уг плитаг аваад өрөөнд хурааж байсан юм. Кранаар нэг өргөөд ирэхдээ тэвш дээр нийт 45 ширхэг плита байсан, зөөж байхдаа дүү бид хоёр кранистад орилж, дээш доошоо болго гэдгийг хэлж байсан, цайндаа 13 цагийн үед ороод үргэлжлүүлэн плита зөөх ажил хийж байхад 14 цагийн үед доороос кранаар өргөж ирсэн тэвштэй плитаг цонхны тавцан дээр тавиад дүү тэвшнээс плита авч өгөөд би хурааж байхад тэвш дээр байсан плита дуусаж байхад/ тэвш бага зэрэг хөдлөөд байсан бөгөөд би плита аваад хурааж байхад ард түс тас гэх чимээ гарахаар нь эргээд харсан чинь тэвшний 3-н дэгээ мултраад нэг ширхэг дэгээн дээрээ тогтсон байсан бөгөөд дүү байхгүй байхаар нь гайхаад доошоо харсан чинь дүү доор газар унасан байсан...” /1 дэх хавтаст хэргийн 28-29 дэх тал/ гэсэн, гэрч О.Ө-ы “...Би “С-” ХХК-д 2019 оноос хойш барилгын инженер албан тушаал дээр ажиллаж байгаа бөгөөд Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Арцатын ам А- хотхоны 2 дугаар блок дээр талбайн инженерээр 2021 оны 10 дугаар сараас ажиллаж байна. ...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би өглөө 09 цагт ажил дээрээ ирэхэд плита зөөх барилгын туслах ажилчид ирсэн байсан бөгөөд манай үндсэн ажилтан Бат-Эрдэнийн хамт хоёр хүн ажиллана гээд ирсэн, Б- ахаас хэдэн хүн ирсэн талаар асуухад хоёр хүн болон үндсэн ажилтан ирсэн байсан юм. Би тэр хүнтэй уулзаад дээш гарч плита зөө гээд гаргасан бөгөөд ажил үүргийг нь  хуваарилж өгсөн. Тэгээд доор хоёр давхарт өрөөндөө суугаад ажлаа хийж байгаад манай захирал Б- намайг Хангарди Сити 2 хотхоны үйлчилгээний төвд бичиг баримт хүргээд өг гэхээр нь 12 цаг орчим барилгаас гарч явсан, ...би бичгээ хүргэж өгчхөөд буцаад барилга руугаа явж байхад 14 цаг 54 минутад миний гар утас руу Б- залгаж хаана явж байна, барилга дээр хүрээд ирээ, барилгаас хүн уначихлаа гэж хэлсэн, ...Өнөөдөр ажиллах хүмүүс гадна талбайд байсан 2700 м² плитаг давхар бүрд 90 ширхэг хайрцаг гаргах ёстой байсан, ...Манай барилга 12 давхар бөгөөд талийгаач 10 давхраас унасан гэж кранист Б- хэлсэн. Плитагаа зөөгөөд доороос дээд давхар луу ээлжээр гаргаж байсан гэсэн ...Хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааны дэвтэрт байдаг юм. Уг дэвтэр Сумьяахүүд байдаг...” /1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал/ гэсэн, гэрч Д.Бат-Эрдэнийн “...2022 оны 05 дугаар сарын 13-ны ...14 цагийн орчим А- барилгын 2 дугаар блок гадна тэвш дээр гадаа байсан плитаг тавьж өгөөд тухайн плитаг кран дээшээ 10 давхар луу өргөж өгч байсан. Би плитаг тэвш дээр тавьж, кранд оосорлож өгөөд дээшээ өргөөд эхлэхээр нь баруун талд байсан элсийг тэвшинд хийж байхад дээрээс нэг юм унах чимээ сонсогдоод эргээд харахад хүн унасан байсан. ...Тэвшийг кранд оосорлож өгөхдөө дөрвөн дэгээг гадна тал руу нь харуулан дэгээдэж оосорлож өгсөн. Хүн унасны дараа дээшээ харахад тэвшний 3 дэгээ мултарсан нэг дэгээн дээрээ дүүжлэгдсэн байдалтай байсан. Тэвшний баруун урд талын дэгээ мултраагүй дээрээс бууж ирэхээр нь би салгаж авсан ба тэвш дотор нэг боодол плита байсан...” /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/ гэсэн, гэрч Б.Г-ийн “...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шалны плитаг 10 давхарт гаргах ажлыг кранаар хийж гүйцэтгэж байсан плитаг барилгын материал зөөж дээш гаргаж өгөх зориулалттай тэвш дээр тухайн барилга дээр ажиллаж байгаа нэг танихгүй ах зөөж ачиж байсан, тэвш дээр ачсан плитануудыг би кранаар дээш 10 дугаар давхарт өргөж гарган өгч байсан, дээр 10 дугаар давхарт өндрөөс унасан талийгаач ахынхаа хамт миний дээш гаргаж өгсөн плитануудыг тэвшнээс авч буулгаж байсан, ...14 цагийн үед дээш плитануудыг өргөчхөөд доош буулгах дохио өгөхийг хүлээж байхад дээрээс юм унах шиг чимээ гарахаар нь би урагшаагаа хартал 10 дугаар давхарт плита буулгаж байсан танихгүй залуу газар уначихсан хөдөлгөөнгүй байхаар нь би айгаад очиж үзээгүй. ...албан ёсны оосорлогч, дохиочин байгаагүй доороос ачиж байгаа хүн болон дээр ачаа буулгаж байгаа хүмүүсийн дохиогоор ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тухайн үед доор плита ачиж өгч байсан танихгүй ах болон дээр плита буулгаж байгаа талийгаач болон түүний ах хоёрын дохиогоор ажиллаж байсан. ...Би талийгаачийг унаж байхыг хараагүй тухайн үед би ус уух гээд урагшаагаа ус авахаар тонгойж байх үед урд талд дээрээс юм унах шиг чимээ гарахаар нь хартал хүн уначихсан байсан...” /1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Я.С-гийн “...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай хүүхэд Галцэцэгийн үсэглэлийн баяр болсон учир тодорхой цагийн чөлөө аваагүй, үсэглэлийн баяр дуусахаар ажилдаа очих талаар захирал М-аас авсан, би ажил руугаа явж байхад 14 цагийн үед манай захирал Б- над руу залгаж барилга дээр ажиллаж байсан хүн 10 давхар дээрээс унасан хаана явж байна хурдан ир гэж ярихаар нь би хэн гэдэг ямар хүн унасан юм бэ гэж асуухад ...Шараа гэдэг нь унасан, ах дүү хоёрын нэг нь гэж хэлсэн. Би барилгын талбай дээр 15 цагт очиход түргэн, цагдаа ирээгүй байсан ба баригдаж байгаа барилгын 2 дугаар блокийн урд өргөгч краны урд хүн уначихсан хөдөлгөөнгүй байхаар нь ойртож үзэхэд ....Шараа гэх хүүхэд унасан байсан, удалгүй цагдаа, түргэн ирсэн ...Б.Н- болон талийгаач нар “С-” компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, элсний ажилтнаар ажиллаж байсан ... Албан ёсны оосорлогч дохиочин байгаагүй, би тус компанийн үндсэн ажилтан болох Б-д оосорлогч дохиочинд өгөх зааварчилгааг давхар өгдөг байсан, доороос барилгын материал гаргах үед доороос ачиж байгаа хүн болон дээр ачаа буулгаж байгаа хүмүүсийн дохиогоор кранист ажил үүргээ гүйцэтгэж байсан. ... Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар 2 сар ажиллаж байна ...Ажилчдыг ажилд гарахаас нь өмнө нийтэд нь суулгаж байгаад аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгдөг байсан. Талийгаач манай барилга дээр үе үе ирж ажилладаг байсан. Ирж ажиллах болгонд нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч дээр ажиллуулахгүй газар ажиллах талаар зааварчилгаа өгч байсан...” /2 дахь хавтас хэргийн 149, 1 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Д.М-ын “...Манай компани нь үндсэн 5 ажилтантай. ...Өөрийн үндсэн ажилчидтай хөдөлмөрийн гэрээ бол байгуулсан, өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр барилгын оффис дээр байж байсан чинь 14 цаг өнгөрч байхад Ө- утсаар яриад барилга дээрээс хүн уначихлаа гэхээр нь яваад очсон чинь 10 давхарт плита зөөж байсан өдрийн ажилтан эрэгтэй хүн унасан байсан. ...Би тодруулахад өдрийн ажил хийж байсан 15 настай хүүхэд унасан байсан бөгөөд энэ хүүхэд нь төрсөн ахын хамт 10 давхарт плита зөөж буулгаж байсан хүүхэд байсан. Осол болох үед хөдөлмөр хамгааллын инженер С- нь ажлын байран дээрээ байгаагүй. ... 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажил тарах үед маргааш манай хүүхдийн үсэглэлийн баяр болно үдээс хойш ажил дээрээ ирнэ гэхээр нь би чөлөө өгсөн юм. ...Би орны хөдөлмөр хамгааллын инженер томилоогүй бөгөөд талбайн инженерт чөлөө авсан талаар хэлээд ажлаа хийж байгаарай гэсэн юм. Албан бичгээр чөлөө өгсөн зүйл байхгүй, амаар л чөлөө өгсөн. ...Манай компанид оосорлогч дохиочин бол байгаагүй...” /2 дахь хавтас хэргийн 159 дэх тал, 1 дэх хавтаст хэргийн 46-47 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Д.Х-ын “...Манай компани бүх крануудад мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулан аюулгүй ажиллагааны магадлал хийлгэсэн. Компанийн зүгээс кран болон кранистыг гаргаж, ажил үйлчилгээг хийж байсан. Краны эвдрэл кранаас болж ажил саатсан тохиолдолд манай байгууллага хариуцахаар байгаа. Захиалагч компани буюу “С-” ХХК нь ажлаар бүрэн хангаж краныг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангасан талбай дээр кран болон кранистын аюулгүй байдлыг хангаж ажил үүрэг гүйцэтгэхээр заасан. Мөн мэргэжлийн оосорлогч дохиочин, ойрын богино долгионы станцаар хангаж ажил үүрэг гүйцэтгэхээр гэрээнд заасан байгаа юм. Манай компанийн кранист мэргэжлийн үнэмлэхтэй, энэ чиглэлээр 2005 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа. Кранистад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр бүр өгөхөөр заасан. Уг гэрээний гүйцэтгэгчийн эрх үүргийг 4 дэх заалтад кранист нь даамал, мастер, инженер, оосорлогч, дохиочин нартай хамт хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авч, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр арилган ажил үүрэг гүйцэтгэхээр заасан байгаа юм...” /2 дахь хавтас хэргийн 137, 1 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны №1395 дугаартай дүгнэлтэд: “ Дүгнэлт. Б.Н-ийн цогцост гавал тархи, цээж, дээд, доод мөчдийн хавсарсан хүнд гэмтэл: Гавлын баруун чамархай, суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, багана тархины дээд хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, гурав, дөрөвдүгээр ховдол дахь цусан хураа /60 мг/, гол судасны нум хэсгийн бүрэн тасрал, цээжний хөндийн цусан хураа /1600 мл/, эрүү ясны хугарал, баруун 3, 4, зүүн 1-4-р хавирганы зөрүүгүй хугарал, умдаг ясны баруун салаа, зүүн бугалга, дунд чөмөгний зөрүүтэй далд хугарал, баруун шаант тахилзуур ясны ил хугарал, эрүүнд шарх, эрүү, зүүн хацар, баруун шилбэнд зулгаралт, баруун сарвуу, хоёр өвдөг, баруун шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр буюу өндрөөс унах үед үүсгэгдэнэ. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Б.Н- нь амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ...” /1 дэх хавтаст хэргийн 60-64 дэх тал/ гэсэн,

Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2022/03 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 5-14 дэх тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 15-18 дахь тал/, нас тоолсон тэмдэглэл /1 дэх  хавтас хэргийн 19-20 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 12-14 дэх тал/, “С-” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааны бүртгэлийн журналын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 113-124 дэх тал/, “С-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 133 дахь тал/, “С-” ХХК болон К ХХК-ийн хоорондох кран түрээсээр ажиллуулах гэрээ, гэрээний сунгалтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 172-173,179 дэх тал/, кранаар ачаа шилжүүлж ажил гүйцэтгэх үеийн Аюулгүй ажиллагаа хариуцагчийн ажлын зааврын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 174-178 дэх тал/, Д.М-, О.С- нарыг ажилд томилох тухай тушаалын хуулбар /1 дэх хавтас хэргийн 221 дэх тал/, “С-” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /1 дэх хавтас хэргийн 223-229/, “С-” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөл байгуулах тухай, үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссыг томилох тухай, аюулгүй ажиллагааны алтан дүрмийн хуулбарууд /1 дэх хавтас хэргийн 230-246 дахь тал/, “С-” ХХК-ийн ХАБЭАБО-ны эрсдэлийн удирдлага /1 дэх хавтас хэргийн 247-250, 2 дахь хавтас хэргийн 1-76 дахь тал/, Д.С-гийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрын тодорхойлолт /2 дахь хавтас хэргийн 94-104, 105-107 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

“К” ХХК-ийн захирал, шүүгдэгч Д.Х- нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”, “Кран түрээсээр ажиллуулах гэрээ”, С-” ХХК-ийн захирал Д.М-, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, шүүгдэгч Я.С- нар нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг тус тус зөрчиж 15 настай /насанд хүрээгүй/ Б.Н-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй үйлдвэрлэлийн ажлын байранд ажиллуулж хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах үүргээ зөрчиж, ...аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх талаар Үндсэн дүрэмд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас тухайн үйлдвэрлэлийн байранд ажиллаж байсан 15 настай Б.Н- 10 давхраас унаж, амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой, Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Х-, Я.С-, Д.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Д.Х-, Д.М-, Я.С- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой амь хохирогчийн оршуулгын зардлыг төлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хоёр өрөө орон сууц шилжүүлэн өгөхөөр тохиролцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж учруулсан хохирол, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар гэм бурууг ойлгосон байдал, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэв.

 

3. Гэмт хэргийн улмаас 15 настай Б.Н-ийн амь нас хохирсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар амь хохирогчийн оршуулгын зардалд 11,947,680 төгрөг төлж, хохирогчийн ар гэрийн амьдралыг сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлалтай ELEGANCE хотхоны А4-р блокийн 1 дүгээр орцны 2 давхрын 53,26 м2 /14 тоот/ орон сууцыг хохиролд тооцон шилжүүлэн өгөхөөр тохиролцсон /2 дахь хавтас хэргийн 113-115 дахь тал/ болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч нарын мэдүүлснээр нотлогдож байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц- гомдол саналгүйн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2210013350911 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.М-, Д.Х-, Я.С- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

          Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Д-гийн Х-, М овогт Я-ын С-, Х- овогт Д-гийн М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д-гийн Х-, Я-ын С-, Д-гийн М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Д.Х-, Д.М-, Я.С- нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-, Я.С-, Д.М- нар нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь амь хохирогчийн оршуулгын зардалд 11,947,680 /арван нэгэн сая, есөн зуун дөчин долоон мянга, зургаан зуун наян мянга/ төгрөг төлж, хохирогчийн ар гэрийн амьдралыг сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлалтай ELEGANCE хотхоны А4-р блокийн 1-р орцны 2 давхрын 53,26 м2 /14 тоот/ орон сууцыг хохиролд тооцон шилжүүлэх өгөхөөр тохиролцсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

6. Эрүүгийн 2210013350911 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.М-, Д.Х-, Я.С- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Х-, Я.С-, Д.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-, Я.С-, Д.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.АЛТАНЖИГҮҮР