Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 469

 

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлынтанхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Ч.Дуламхандын нэхэмжлэлтэй, Л.Отгонбаярт холбогдох Зээлийн төлбөрт 21.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Л.Отгонбаярын сөрөг нэхэмжлэлтэй, Ч.Дуламхандад холбогдох Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах ыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1971 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 2 дугаар байрны 52 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх,

Боржигон овгийн Чинбатын Дуламханд

регистрийн дугаар:УХ-71090202

Нэхэмжлэгч Ч.Дуламхандын өмгөөлөгч Ё.Ринзаан, А.Отгонбаяр

Хариуцагч Л.Отгонбаярын өмгөөлөгч Г.Амартүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Ч.Дуламханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 1.000.000 төгрөг, бүгд 21.000.000 төгрөг гаргуулах,

2.Үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Түлээтийн 3 дугаар гудамж, 104 тоотод орших хувийн орон сууц, газраар хангуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие хувиараа түүхий эд цуглуулах ажил эрхэлдэг юм. Хариуцагч Л.Отгонбаярын гуйлт, хүсэлтийн дагуу харилцан тохиролцож, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан хариуцагч Л.Отгонбаярт 20.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатайгаар 5 хувийн хүүтэйгээр Л.Жавхланг байлцуулж зээл олгосон юм.

Л.Отгонбаяраас зээлийн гэрээнийхээ үүргийн дагуу авсан зээлээ буцааж төлөхийг олон удаа шаардсан боловч төлөхгүйгээр намайг банкны зээл, хүү төлүүлэн хохироосоор байна. Миний бие зээл өгөхдөө хариуцагч Л.Отгонбаярын хувийн өмчийн хашаа /газар/, орон сууцыг барьцаалан гэрээ байгуулсан тухай Улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэн гэрээндээ тэмдэглэл хийлгүүлсэн болно.

 

Зээлийн гэрээний хоёрдугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт заасны дагуу гэрээнийхээ үүргээ 270 хоног хэтрүүлсний алданги хоног тутамд 0.5 хувиар тооцож үзэхэд 35.100.000 төгрөг нэмж нэхэмжлэх хууль зүйн үндэслэл үр дагавартай боловч хариуцагч Л.Отгонбаярын хувийн байдлыг харгалзан нэхэмжлэхгүй байгаа бөгөөд зөвхөн зээлийн гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна... гэжээ.

 

Нэхэмжлэгч: Ч.Дуламханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би 2017 онд иргэн Л.Отгонбаярт 3 сарын хугацаатай 20.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Ингээд 3 сарын хугацаа өнгөрсөн боловч зээлсэн мөнгөө эргүүлж өгөөгүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм. Би өөрөө түүхий эдийн ченж хийдэг ба өмнө нь Л.Отгонбаяртай олон удаа харилцаж байсан. Л.Отгонбаяр нь надад арьс, ноолуур түүхий эд өгч хэрэгцээтэй үедээ мөнгө зээлж авдаг байсан. Байнга харилцаатай байсан болохоор итгээд өгсөн. Мөнгө зээлэхдээ Л.Отгонбаярын хашаа байшинг барьцаалсан.

Л.Отгонбаяр намайг гэртээ байхад уулзъя мөнгө зээлээч гэж дуудсан. Тэгэхээр нь би эгчид нь боломж алга учир нь ноос ноолуурын үе эхэлчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд 4-5 хоног гуйгаад байхаар нь сүүлдээ мөнгө зээлэхээр болж, харилцан тохиолцож, гэрээ хийж, мөнгөө өгсөн. Мөнгө өгөх болоход Л.Отгонбаяр нь өөрийн хүргэн гэх Л.Жавхлантай намайг хамт явж, мөнөө аваад ир гэхээр нь би мөнгөө банкнаас аваад хүргэн болох Л.Жавхланд нь тоолж өгсөн юм. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан. Би Л.Отгонбаяртай л гэрээ хийсэн болохоор түүнээс мөнгөө авна гэж бодож байна...

Л.Жавхлан гэдэг хүнийг бол танихгүй. Тийм болохоор Л.Жавхланд мөнгө өгөх үндэсгүй, Л.Отгонбаяр л хамт явуулж мөнгөө аваад ир гэсэн юм... Иймд Л.Отгонбаяраас 22.000.000 төгрөг гаргуулж өгнө үү! гэв.

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Хушаат сум, Даагат 1 дүгээр баг, Лодойн Отгонбаяр /регистрийн дугаар ОО-80121013/ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Ч.Дуламхандын нэхэмжлэлтэй Л.Отгонбаярт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Ч.Дуламханд бид хоёрын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийгдсэн ба нэхэмжлэгч Ч.Дуламханд нь гэрээнд заагдсан мөнгөө надад өгөөгүй, өөр бусдад өгсөн тул миний бие гомдолтой байна.

Иймд Ч.Дуламхандыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус-д тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна... гэв.

 

Нэхэмжлэгч Ч.Дуламханд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч Л.Отгонбаяраас тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргажбайна.

Үүнд: 2017оны 04 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ амарч байхад Л.Отгонбаяр удаа дараа утсаар дуудаад байхаар нь очиж уулзахад ...20-н сая төгрөг гурван сарын хугацаатай зээлээч. Би өөрийн өмчлөлийн хашаа байшингаа барьцаалъя гээд гуйж шалаад байхаар нь мөн өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан юм.

Энэ өдөр Л.Отгонбаярын хүргэн гэх үл таних залуу түүнтэй цуг явж байсан. Л.Отгонбаяртай гэрээгээ хийгээд мөнгөө өгч, авалцах болоход Л.Отгонбаяр нь ...Та хоёр яваад аваад ир гэхээр нь би хүргэн гэх залуутай нь хамт яваад банкнаас мөнгө аваад цуг явах гэтэл надад ажил гараад тэр хүргэнд нь тоолж өгсөн. Л.Отгонбаярыг таньдаг мэддэг учраас түүнд итгэж, гэрээ байгуулж, мөнгө өгсөн. Түүнээс огт таньж мэдэхгүй Л.Отгонбаярын цуг явж байсан. хүргэн гэх хүнтэй нь гэрээ байгуулж мөнгө зээлэх харилцаа үүсгээгүй юм. Л.Отгонбаярын хүргэн гэх хүнийг урд өмнө нь огт харж байгаагүй, танихгүй, харьцаж байгаагүй, зөвхөн Л.Отгонбаярыг таньдаг, мэддэг, харьцдаг хүний хувьд гуйж шалаад байхаар нь 20.000.000 төгрөгийг итгэж найдаад Л.Отгонбаярт зээлсэн юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү!... гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Дуламханд шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

...Би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Отгонбаяр нь өөрөө зээл авахаар өөрийн өмчлөлийн хувийн орон сууцыг барьцаалсан шүү дээ... гэв.

 

Иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Дуламханд нь хариуцагч Л.Отгонбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 21.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Л.Отгонбаяр нь Ч.Дуламхандад холбогдуулан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ..

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Ч.Дуламханд, Л.Отгонбаяр нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээгээр Л.Отгонбаярын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах Ү-2003001020 дугаартай хувийн орон сууцыг барьцаалан, Л.Отгонбаярт 20.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцон зээл болон барьцааны гэрээ байгуулан талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан гэрээг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхааүндэслэл болгожээ.

Хариуцагч Л.Отгонбаяр нь ...Ч.Дуламханд бид хоёрын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийгдсэн ба нэхэмжлэгч Ч.Дуламханд нь гэрээнд заагдсан мөнгөө надад өгөөгүй, өөр бусдад өгсөн... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаж, өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах Ү-2003001020 дугаартай хувийн орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн байна.

Зохигчдын хооронд хийгдсэн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заагдсан шаардлагыг хангасан бичгээр байгуулсан гэрээ гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан ...мөнгө буюу эд хөрөнгийг ззээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно... гэж тодорхойлогдох учраас зээлдүүлэгч нь 20.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй, Л.Отгонбаяртай хамт явж байсан Л.Жавхлан гэгчид хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан дараах Ч.Дуламхандын ...Л.Отгонбаяртай гэрээгээ хийгээд мөнгөө өгч, авалцах болоход Л.Отгонбаяр нь ...Та хоёр яваад аваад ир гэхээр нь би хүргэн гэх залуутай нь хамт яваад банкнаас мөнгө аваад цуг явах гэтэл надад ажил гараад тэр хүргэнд нь тоолж өгсөн... гэх, Л.Отгонбаярын ...Ч.Дуламханд нь гэрээнд заагдсан мөнгөө надад өгөөгүй, өөр бусдад өгсөн тул миний бие гомдолтой байна... гэсэн тайлбаруудаар нотлогдож байх тул Л.Отгонбаяр нь зээлийн болон барьцааны гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгч Ч.Дуламхандын өмгөөлөгчийн зүгээс ...Л.Жавхлан гэгч нь Л.Отгонбаярын итгэмжлэгдсэн хүн учраас мөнгийг хүлээлгэн... өгсөн гэж байгаа боловч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд ... үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлдэгчид, эсхүл хууль, гэрээ... шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөхөөр заасан ба Л.Жавхланд уг мөнгийг хүлээлгэн өг гэсэн зөвшөөрлийг олгосон гэх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна хэрэгт Л.Отгонбаярын зээлийн гэрээний дагуу Л.Жавхлангаас гэж зээлийн төлбөрийг Л.Жавхлан нь удаа дараа төлж байсан баримт авагдсанаас үзэхэд 20.000.000 төгрөгийг Л.Отгонбаяр хүлээн аваагүй болох нь нотлогдож байна.

 

 

Иймд дээрх баримтуудад үндэслэн Ч.Дуламхандын нэхэмжлэлтэй, Л.Отгонбаярт холбогдох Зээлийн төлбөрт 21.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Л.Отгонбаяр нь нэхэмжлэгч Ч.Дуламхандад холбогдуулан Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасан ба 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээнүүд нь тухайн үед зохигчдын хүсэл сонирхолыг илэрхийлсэн, Иргэний хуулинд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож болох нөхцөлүүдийг агуулаагүй байгуулагдсан, мөн дээрх гэрээнүүд нь Ч.Дуламханд, Л.Отгонбаяр нарын хооронд байгуулсан хэдий боловч гэрээ байгуулсан гэх хэсэгт Л.Жавхлан гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байдлаас үзэхэд зээлийн мөнгийг Л.Отгонбаяр аваагүй боловч уг зээлийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах зэрэг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Л.Отгонбаяр нь намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн хүсэлтээ шүүхэд утсаар мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйл, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар Ч.Дуламхандын нэхэмжлэлтэй, Л.Отгонбаярт холбогдох Зээлийн төлбөрт 21.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Л.Отгонбаярын сөрөг нэхэмжлэлтэй, Ч.Дуламхандад холбогдох Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Дуламхандын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 262.950 төгрөг, Л.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэртанилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Д.МӨНХЦЭЦЭГ