| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/1178/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1194 |
| Огноо | 2022-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1194
2022 9 27 2022/ШЦТ/1194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан /ҮД:1224/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Мад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1269 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1965 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, урьд:
- Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 186 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.
/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Малбордохын эцсийн буудлын орчим хохирогч Б.Шийг гар утсаараа яриулсангүй гэх шалтгаанаар цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1058 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.М.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Малбордохын эцсийн буудлын орчим хохирогч Б.Шийг гар утсаараа яриулсангүй гэх шалтгаанаар түүний хөл, нүүрэн тус газар нь цохиж, биед нь дээд уруул, баруун гуянд цус хуралт, дээд уруулд язарсан шарх, дээд үүдэн зүүн 2 дугаар шүдний эмтэрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Шийн “...Миний бие Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо Мал бордохын автобусны эцэст “Ганган гантиг” нэртэй эмийн санд эмийн санч хийдэг. 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн орчим эмийн сангаа хаагаад гэр лүү харих зорилгоор автобусны буудал дээр ирсэн. Автобус хүлээх зуур манай зүс таних М гэх хүн над дээр ирж миний гар утсыг гуйж хүнтэй утсаар яриад өгье гээд авсан. Миний утас нэгж багатай байсан бөгөөд нэгж дууслаа би хүнтэй ярина гээд М ахаас утсаа авах гэтэл өгөхгүй байсан бөгөөд миний бие утсаа авчхаад байж байтал ахиж утсаар яриул гэж уурлаж, хэрүүл хийсэн. Би автобусны сандал дээр сууж байхад хөл рүү 2 удаа цохисон ба тэнд байсан танил эгчтэйгээ хамт дагуулаад хэл амаар доромжлохыг нь болиулах зорилгоор Мын худ ургийн хүн болох Лхагва эгчийн гэр лүү явж байтал М ах нь гэнэт уурлаж миний нүүр ам хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Гар утсаараа яриулсангүй гээд уурлаж улмаар намайг цохих болсон. Одоогоор хохирлын баримт байхгүй. 3.390.000 төгрөгийн эмчилгээ хийнэ гэсэн тодорхойлолт байгаа...” гэсэн мэдүүлэг /хх7-8, 10/,
- 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/,
- гэрч Ж.Тгийн “...миний бие өөрийн эгч Лхамсүрэнтэй автобусны буудал дээр байж байтал эмийн сангийн Ш мөн ирсэн. Тэгтэл манай гэрийн ойролцоо байдаг М гэж эрэгтэй ирээд Штэй утаснаас болж маргалдсан ба М нь 2 удаа цохисон. Эмийн санчийн амнаас нь цус гарч бид хоёр цагдаа дуудсан. Өөр хүн байгаагүй. Гар утсаар яриулсангүй гээд маргалдсан...” гэсэн мэдүүлэг /хх71-72/,
- шүүгдэгч Н.Мын “... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой санал нийлж байна. Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол одоогоор барагдуулаагүй. Баримттай бол би төлнө...” гэсэн мэдүүлэг /хх30/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9818 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.Шийн биед дээд уруул, баруун гуянд цус хуралт, дээд уруулд язарсан шарх, дээд үүдэн зүүн 2 дугаар шүдний эмтрэл гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх21/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг цохисон, өшиглөсөн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
7. Хохирогч Б.Ш нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой баримтыг нотлох баримтаар гаргаагүй бөгөөд шүдний эмчилгээ хийлгэхтэй холбоотой 3.390.000 төгрөгийн нэхэмжлэх /хх18/ бүхий баримтыг гаргажээ. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөө эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой бодит зардал гараагүй байх тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх дүгнэлт гаргасан.
8. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан.
9. Хохирогч нь шүд эмтэрсэнтэй холбоотой ямар эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй, түүний хэрэгт хавсаргуулсан нэхэмжлэлээр зайлшгүй гарах зардлыг /хохирлыг/ тодорхойлон шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогч Б.Ш эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой хохирлоо Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
10. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 1 жилийн хугацаанд төлүүлэх дүгнэлт, санал гаргасан.
11. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Н.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж байгаа, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.
12. Шүүгдэгч Н.М нь хохирогчийн гар утсыг ашиглаж бусадтай ярьсан, дахин яриулсангүй гэх шалтгаанаар хохирогчийг дээрэлхэх, танхайрах шинжтэй үйлдэл гаргасан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй, мөн тэрээр урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй юм.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
13. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.
14. Иймд шүүгдэгч Н.Мын гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан түүнд хуульд заасан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Улсын яллагч тус хэрэгт торгох ялын биелүүлэх хугацааг 1 жилийн хугацаа тогтоох дүгнэлт гаргасан нь торгох ялын хэмжээ уялдаагүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт гэж үзсэн болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Ш нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР