| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0087/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2019-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 24
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор Л.Солонго
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат
Нарийн бичгийн дарга Э.Ууганчимэг нарыг оролцуулан,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Н.М гийн давж заалдах гомдлоор Н.Н д холбогдох 1928000960083 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, эмэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Магнай трейд ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, ................ тоотод оршин суудаг, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Адуучин овгийн Н.Н , /регистрийн дугаар: ......................./
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ...................... тоот хашаанд иргэн Н.М тай харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь Н.Н гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Н г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Н.Н нь шүүхээс оногдуулсан 450000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н гаас 31242 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.М /Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6 дугаар баг, ................. тоотод оршин суух, РД:.............../-д олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.М гийн нэхэмжлэлээс 120000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.
Хохирогч Н.М давж заалдах гомдолдоо:.. “Миний бие 120000 төгрөгөөр томографын шинжилгээ хийлгэсэн бөгөөд уг шинжилгээг би өөрөө хүсэж хийлгээгүй болно. Миний толгойн хуйх нэлэнхийдээ хавантай, үс нэлээд унасан, тамирдаад сульдаад хөлөрдөг, босож явахаар толгой эргэдэг байсан тул эмчлэгч эмч намайг толгойн томографын шинжилгээ хийлгэ гэсний дагуу уг шинжилгээг хийлгэсэн.
Гэтэл анхан шатны шүүх “тархины эдийн бүтэц жигд, голомтот эмгэг өөрчлөлтгүй, тархины бор, цагаан эдийн ялгарал хэвийн, голын бүрдэл тэгш, хажуугийн ховдлууд байрлал ердийн, хэлбэр ердийн гэж оношлогдсон төдийгүй өөрийн сайн дурын үндсэн дээр хийлгэсэн болох нь тогтоогдож байна гэж томографын шинжилгээ хийлгэсэн 120000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд миний давж заалдах гомдлыг хүлээн авч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 120000 гаргуулан надад олгохоор шийдвэрлэж Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Хохирогч Н.М гомдолдоо анхан шатны шийтгэх тогтоолд хохирол төлбөрт 120000 төгрөгийн хохирол нэмж оруулахаар заасан. Энэ гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлтэй нийцэхгүй, уг гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж заасан байна. Уг гомдол нь энэхүү 3 үндэслэлд нийцэхгүй гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдлыг үзэхэд тухайн үед Н.Н нь “... Ах дүү хүмүүс байна. 120000 төгрөгийг чинь өгье, хэн хэндээ төвөг удалгүй энэ маргааныг эцэс болгоё” гэхэд нэмээд төлбөр шаардаад байдаг.
Харин уг гомдол нь хохирол гэж үзэхэд боломжгүй юм гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.М гийн бичсэн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Н.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, .................. тоот хашаанд иргэн Н.М гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.М гийн /хх-14-15/, гэрч Н.Т /хх-44-45/, Э.Ү /хх-50-51/ нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 285 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17/, яллагдагч Н.Н гийн мэдүүлэг /хх-55-56/, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Н г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Н.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд Н.М гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, гэрчүүдийн мэдүүлгийг нэгтгэн дүгнэсэн анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүхээс Н.Н д оногдуулсан торгох ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Н.Н гийн үйлдэл, үр дагаврын улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хуульд зааснаар гэм буруутай этгээд арилгах үүрэгтэй байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас бий болсон гэм хорын хохирол 120000 төгрөгийг гэм буруутай этгээд болох Н.Н гаас гаргуулан хохирогчид олгох нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хохирогч нь эрүүл мэндэд гэм хор учруулсан улмаас үүссэн үр дагаврыг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирлыг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, хууль буруу хэрэглэсэн байна.
Иймд хохирогч Н.М гийн гэмт хэргийн улмаас эмчилгээтэй холбоотой гарсан зардал 120000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах тухай давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 6 дахь заалтыг бүхэлд нь “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н гаас 151242 /нэг зуун тавин нэгэн мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.М д олгосугай” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
М.МӨНХДАВАА