Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зукарын Гүлбарша |
Хэргийн индекс | 110/2020/0066/З |
Дугаар | 110/ШШ2021/0011 |
Огноо | 2021-02-08 |
Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 110/ШШ2021/0011
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ** дугаар багийн оршин суугчид М.Б, М.Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ногооннуур сумын Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” А/185 дугаар захирамж илт хууль бус акт болохыг тогтоож, Ногооннуур сумын Засаг даргын А/185 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А/185 дугаар захирамжийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ногооннуур сумын Засаг дарга Х.Е, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, түүний өмгөөлөгч Х.З, орчуулагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б, М.Б нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие М.Б нь Ногооннуур сумын Улаанчулуут багийн Сийлхэмийн нурууны “Б” хэмээх тусгай хамгаалалттай газар нутагт гурван үер өвөг эцэг Жангүдей, түүний хүү миний эцэг Мади нараар өвлөгдөн дамжсаар 40-45 жил уламжлалт аргаар мал маллаж тус газарт өвөлжиж хаваржиж амьдарч ирсэн билээ.
Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1,2 дугаар хэсэгт “улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэд газар ашиглах тухай хүсэлт гаргавал түүнийг тусгай хамгаалалттай газрын захиргаа эсхүл сумын Засаг дарга хүлээн авч өөрийн саналаа хүсэлтийн хамт төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “төрийн захиргааны төв байгууллага нь төрийн тусгай хамгаалалттай бүс газар нутгаас иргэдэд газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сумын Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус хуульчилж өгсөн байна.
Гэтэл Ногооннуур сумын Засаг дарга нь дээрх хуулийн заалтуудыг илт зөрчиж өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, эрх хэмжээг хэтрүүлэн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А/185 тоот хууль бус захирамж гаргаж миний газрыг хууль бус ашиглуулахаар шийдвэрлэж миний чөлөөтэй ажиллаж амьдрах эрхэд халдсан болно.
Улмаар Д.Ө нь энэ хууль бус захирамжийн дагуу гурвалсан гэрээ байгуулан, тус газарт байгаа миний өвөлжөөг албадан нүүлгэхээр тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд хандсан байна. Миний бие аргагүй эрхэнд А/185 дугаар захирамж нь илт хууль бус болохыг тогтоолгохоор танай шүүхэд хандаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Маргаан гаргаж байгаа иргэн Д.Өийн төрсөн ах Д.Сайлаубек нь Ногооннуур сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа тул сумын Засаг даргатай үгсэн гуйвалдаж А/185 дугаар захирамжийг нууцлан тэр болгон хүнд өгөхгүй байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх заалт болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн асуудал хамаарахгүй байхаар зохицуулагдсан юм.
Хуулийн дагуу эхлээд А/185 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад хандсан боловч түүний Тамгын газраас миний өргөдөл, гомдлыг Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалтын газар нутгийн захиргааны даргад шилжүүлсэн байна. Гэтэл тус газрын дарга С.М нь гэрээний нэг тал байх тул надад хариу өгөхөөс татгалзсан.
Иймд М.Б миний нэхэмжлэлийг хүлээн авч, Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/185 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Муратаас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх тухай хүсэлтдээ:
М.Б, М.Б нарын гаргасан гомдлын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар болон Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Ногооннуур сумын Засаг дарга нь хууль зөрчиж А/185 тоот захирамжийг гаргаж иргэн Д.Өд тусгай хамгаалалттай бүс нутгаас хууль бус 5000 м.кв газар ашиглуулсан байх тул тус захирамжийг хүчингүй болгуулах арга хэмжээ авахыг тус аймаг дахь Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Мд тус тус үүрэг болгожээ.
Улмаар дарга С.М нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 104 тоот албан бичгээр тус хууль бус А/185 тоот захирамжийг хүчингүй болгохыг хүсэж Ногооннуур сумын Засаг даргад хандсан боловч хүчингүй болгох эрх зүйн акт гаргаагүй байна. Түүнээс гадна хариуцагч тус сумын Засаг дарга Х.Е нь уг А/185 дугаар захирамж нь хууль ёсны мэтээр тайлбарлан шүүхэд тайлбар хүргүүлсэн байна.
Иргэд хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ба уг А/185 дугаар захирамж нь нэхэмжлэгч М.Б, М.Б нар одоогийн мал маллаж амьдарч оршин суугаа газрыг ашиглах талаар хүсэлт гаргаж, зохих хууль журмын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын яамнаас газар ашиглах тухай захиргааны акт гаргуулан чөлөөтэй ажиллаж амьдрах эрхийг нь зөрчиж, хөндөж байгаа юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу Ногооннуур сумын Засаг даргын А/185 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А/185 дугаар захирамжийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч М.Б, М.Б нь тус шүүхэд Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/185 тоот “иргэн Д.Өд газар ашиглуулах тухай” захирам нь илт хууль бус болохыг тогтоолгох, тус захирамжийг хүчингүй болгохгүй байгаа Ногооннуур сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А/185 тоот захирамжийг хүчингүй болгох захиргааны шийдвэр гаргахыг тус Засаг даргад даалгаж шийдвэрлүүлэх зэрэг шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ.
А/185 тоот захирамж илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд:
Ногооннуур сумын Засаг дарга нь уг захирамжийг гаргахдаа өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Учир нь,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь /Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь/ байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс нутгаас иргэнд газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сумын Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, иргэдэд газар ашиглуулах тухай шийдвэр гаргахыг тус хуулиар сумын Засаг даргад биш Байгаль орчин, аялал жуулчлалын яамны чиг үүрэгт нь хамааруулсан байдаг.
А/185 тоот захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай байна. Захирамжийн 1 дэх хэсэгт Д.Өд ашиглуулахаар олгосон га газрын хэмжээг хоёрдмол агуулгатай тусгажээ. Д.Ө нь шүүхэд ашиглахаар авсан талбайн хэмжээг 5000 м.кв гэж маргадаг ба харин захирамжид хаалтан дотор 5.0 га газар ашиглуулах мэтээр тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, 0.5 га гэдгийг 5.0 га гэж буруу илэрхий алдаатай бичсэн байна.
Харин уг хууль бус захирамжийн дагуу хийгдсэн гурван талт гэрээнд ашиглах талбайн хэмжээг 2.5 га болгож зөрүүтэй тусган талууд тохиролцож, гарын үсгээ зурсан байдаг. Иймд энэ захирамж нь ямар ч эрх зүйн чадамжгүй гэдгийг харуулж байна. Захирамжид ашиглуулах хүсэлт ирүүлсэн нь тодорхой биш бөгөөд “эзэмших хүсэлт гаргасны дагуу” гэж тусгаж бичсэн байх ба тус Засаг дарга өөрөө 2014 онд 80 тоот захирамж гаргаж Д.Өд 500 м.кв газар эзэмшүүлж 000504565 тоот гэрчилгээ олгож байжээ.
Учир нь, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлд газар эзэмших, газар ашиглах гэх нэр томьёоллыг тус туст нь тайлбарласан байдаг байна.
Хууль бус А/185 тоот захирамжийг хүчингүй болгохгүй байгаа Ногооннуур сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А/185 тоот захирамжийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг тус Засаг даргад даалгаж шийдвэрлүүлэх шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч М.Б, М.Б нарын гаргасан гомдлын дагуу аймгийн Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ногооннуур сумын Засаг дарга нь хууль зөрчиж А/185 тоот захирамжийг гаргаж, иргэн Д.Өд тусгай хамгаалалттай цогцолбор газрын хязгаарлалтын бүс нутгаас хууль бус 5000 м.кв газар ашиглуулсан байх тул тус захирамжийг хүчингүй болгуулах арга хэмжээ авахыг тус аймаг дахь Монгол Алтай нурууны төрийн тусгай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга С.Мд тус тус үүрэг болгожээ.
Улмаар дарга С.М нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 104 тоот албан бичгээр тус хууль бус А/185 тоот захирамжийг хүчингүй болгохыг хүсч Ногооннуур сумын Засаг дарга хандсан боловч хүчингүй болгох эрх зүйн акт гаргаагүй байна. Түүнээс гадна хариуцагч тус сумын Засаг дарга Х.Е нь А/185 тоот захирамж нь хууль ёсны мэтээр тайлбарлан шүүхэд удаа дараа тайлбар хүргүүлсэн байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт сумын Засаг даргын захирамж нь хуульд нийцээгүй бол өөрөө хүчингүй болгохоор зохицуулагдсан байх тул А/185 тоот захирамж нь илт хууль бус Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн байх тул өөрөө хүчингүй болгох нь энэ хуульд нийцнэ гэж үзээд байна.
Иргэд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ба уг А/185 тоот захирамж нь нэхэмжлэгч М.Б, М.Б нар одоогийн мал маллаж амьдарч оршин суугаа газрыг хууль журмын дагуу уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэхийн тулд газар ашиглах хүсэлт гаргах, зохих хууль журмын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах тухай захиргааны акт гаргуулан, чөлөөтэй ажиллаж амьдрах эрхийг нь боогдуулан зөрчиж, хөндөж байгаа юм.
Харин гуравдагч этгээд нь хууль бус захирамжийн дагуу өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулах мөн нэхэмжлэгч нарыг албадан нүүлгэх гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа учраас нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлээр үнэлэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хуулийн дагуу бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.
Хариуцагч Ногооннуур сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:
Урьд энэхүү “Б” гэх газрын өвөлжөөтэй холбоотой маргаан гарч байсан ба нэхэмжлэл гаргагч М.Бын төрсөн ах М.Б нь удаа дараа нэхэмжлэл гаргасан, энэ маргааны талаар сумын газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсэг удаа дараа газар дээр нь очиж ажилласан болно.
М.Бын нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь захиргааны анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, М.Бын байшин, пүнз, амбаарыг албадан нүүлгэх шийдвэр гаргасан байна.
Дээрх шийдвэрүүдийг харгалзан сумын Засаг дарга 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А/185 дугаар захирамжаар “Б” гэх газраас 5000 м.кв /5га/ газрыг өвөлжөөний зориулалтаар Д.Өд 5 жилийн хугацаатай ашиглуулсан шийдвэрийг хэвээр үлдээсэн тул сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Мөн Д.Ө нь өмнө тусгай хамгаалалтын газрыг авахаас өмнө энэ газрыг эзэмших гэрчилгээтэй байсан.
Тухайн үед сумын Засаг дарга Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Д.Өд тус газрыг ашиглуулах гурвалсан гэрээ байгуулсан болохоор иргэн Д.Ө тус газрыг ашиглах эрхтэй гэж үзэж байна. Захирамжид 5000 м.кв /5га / газар, гурвалсан гэрээнд 2.5 га гэсэн тул 5 га гэдэг нь үндэслэлтэй байх.
Иймд М.Бын нэхэмжлэлийг харгалзан үзэхэд тус өвөлжөөг эзэмшүүлсэн ямар нэгэн эрхийн актгүй, өөрөө “Т” гэх газарт өвөлжөө , хаваржаа эзэмшдэг, ах нь болох М.Б “Б” гэх газрын өвөлжөөтэй холбоотой маргаан гаргаж шүүхээс нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болсон учир сумаас Д.Өд тус өвөлжөөг ашиглуулах шийдвэр гаргасан болно.
М.Б, М.Б нарын эрх ашиг сонирхол нь зөрчигдөөгүй. Тиймээс А/185 дугаар захирамж үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Гуравдагч этгээд Д.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:
Нэхэмжлэгч М.Б, М.Б нар нь Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” А/185 дугаартай захирамжийг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хамгаалалтын захиргааны буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон энэ талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэснийг, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “төрийн захиргааны төв байгууллага газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргааны болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэснийг зөрчсөн гэж маргаан үүсгэсэн байна.
Гэтэл Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр батлагдаж, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн ба Монгол Алтайн Сийлхэмийн нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн 2000 онуудын үед улсын тусгай хамгаалалтад хамааруулсан тул түүнээс өмнөх хугацаанд өвөлжөө, хаваржаа барьж, уламжлалт мал аж ахуйг эрхэлж байгаа айл өрхүүдэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх зүйн зохицуулалт буцаан үйлчлэхгүй болно.
Учир нь, 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буцаан хэрэглэх тухай заалт байхгүй тул 1995 оны 04 дүгээр сарын 01-нээс өмнө буюу тухайн хууль дагаж мөрдөхөөс өмнө баригдсан өвөлжөө, хаваржааны газар нутгийг ашиглах эрхэд энэ хуулийн үйлчлэл хамаарахгүй юмаа.
Нэхэмжлэгч Д.Өийн ашиглаж байгаа Ногооннуур сумын Улаанчулуут багийн нутаг дэвсгэрт харьяалагдах “Б” гэдэг газар байршилтай өвөлжөөний хашаа хороо нь Ногооннуур сумын “Партизан” нэгдлийн үед 1970-аад оноос уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар баригдаж, Бердимурат гэдэг хүн мал маллаж амьдарч, бүс нутгийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж ирсэн, тухайн бүс нутгийн улсын тусгай хамгаалалтад авахаас өмнө тухайн хашаа хороо баригдсан түүхтэй юм.
Хариуцагч М.Б, М.Б нар нь Ногооннуур сумын Улаанчулуут багийн нутаг дэвсгэрт харьяалагдах, Монгол Алтай Сийлхэмийн нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн “Т” гэх газарт тус тусдаа өвөлжөө барьж, өвлийн байшин, хашаа хороо зэрэг үл хөдлөх хөрөнгө барьж суурьшин амьдарч байна.
Хууль бүх хүмүүст тэгш үйлчилдэг тул хариуцагч М.Б, М.Б нар мөн адил уг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан “газар ашиглуулах” шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгч шүүхэд мэтгэлцэх нь зүйтэй байна.
Мөн хариуцагч М.Б, М.Б нарт маргаан бүхий “Б” гэх газраас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмаар авсан “Газар ашиглуулах” шийдвэрийг Төрийн захиргааны төв байгууллагаас авч, зохих хууль журмаар “Б” гэх газарт тус тусдаа хашаа, хороо барьсан бол түүнийг нотлохыг хүсч байна.
Хэрэв М.Б, М.Б нарын өөрт нь Төрийн захиргааны төв байгууллагаас /БОАЖЯ/-аас гарсан “газар ашиглуулах шийдвэр” байхгүй байгаа бол эрх бүхий байгууллагаас М.Б, М.Б нарт “Б” гэх газраас “газар ашиглуулах” гэрээ хэлцэл, шийдвэр гараагүй бол тухайн газарт шинээр хашаа хороо барих, бэлчээр ашиглах боломжгүй, Д.Өийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх үндэс байхгүй юм.
Нэгэнт маргаан бүхий “Б” гэх газраас М.Б, М.Б нарт газар ашиглуулах шийдвэр гаргаагүй, газар ашиглах талаар гэрээр хэлцэл байгуулаагүй тул М.Б, М.Б нарын хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй болно.
Нэхэмжлэгч М.Б, М.Б нар манай хамаатны хүмүүс байгаа. Уг газрыг нэгдлийн үед н.Бердимурат гэдэг хүн Казахстан улсад нүүх хүртэл 40 гаруй жил эзэмшин суудаг байсан. Бид малаа нагац талын н.Бердимурат гэдэг хүнээр харуулдаг байсан. Тухайн үед М.Б нь “... манай мал багтахаа байлаа, хэсэг хугацаанд танайхтай хамт сууя” гэсэн болохоор тухайн үед манай малыг хариулдаг хүмүүстэй хамт суудаг байсан.
М.Бын байшин, хашаа сараалжин модон саравч гэсэн хавтаст хэрэгт авагдсан зургийн хашаан доторх жижигхэн малын саравчийг манайх томсгосон. Урьд нь манай хашаа байдаг байсан. Мөн чулуун хашаа манайх, тухайн үед эсгий гэрт амьдардаг байсан гэв.
М.Б манай нагац талын хүмүүстэй 2 жил хамт амьдарсны дараа манай газрыг булаацалдаж эхэлсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. М.Б шүүхээс хоёр удаа ялагдаад, одоо хэрэг Улсын Дээд шүүх дээр явж байгаа. Өөрөө ялагдсан болохоор төрсөн дүү М.Баар манай газрын доод талд дахин хашаа хороо бариулсан.
Тиймээс би Иргэний хэргийн анхан шатны шүүхэд М.Быг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” А/185 тоот захирамж нь нэхэмжлэгч М.Б, М.Б нарын эрх ашгийг зөрчөөгүй, уг захирамж нийтийн эрх ашигт халдаагүй байгаа тул “илт хууль бус” эрхийн акт гэж үзэх боломжгүй болно.
Иймд шүүхээс хүсэх нь нэхэмжлэгч Мадийн Багдат, Мадийн Болат нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Зулкаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч М.Б, М.Б нарын нэхэмжлэлийг ихэсгэж, тодруулсан шаардлагаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар Ногооннуур сумын Засаг даргын А/185 тоот захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоож, А/185 тоот захирамжийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Уг нэхэмжлэлтэй холбоотой хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, гуравдагч этгээдийн тайлбар бусад нотлох баримтуудад дүгнэлт хийсний үндсэн дээр дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч М.Б, М.Б нар нь Ногооннуур сумын Засаг даргаас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” А/185 тоот захирамжийг гаргахдаа Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д зааснаар “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэсэн заалтыг, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, эрх бүхий байгууллагын шийдвэрлэвэл зохих асуудлын эрх олгогдоогүй байгаа сумын Засаг дарга шийдвэрлэсэн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрчүүдийн тайлбар зэрэг нотлох баримтуудаас харахад, Д.Өд ашиглуулсан “Б” гэх Монгол Алтай нурууны Сийлхэмийн нурууны тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа газар нь Ногооннуур сумын Партизан нэгдэл байсан үед нэгдлийн малчинд зориулж баригдсан.
Бердимурат гэдэг хүн нэгдлийн малыг маллаж, тухайн газрыг эзэмшин, ашиглаж байсан ба тухайн үед Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдаагүй байсан.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдаж, 1995 оны 04 дүгээр сарын 01-ээс эхлэн дагаж мөрдсөн байгаа. Монгол Алтай нурууны Сийлхэмийн нурууны тусгай хамгаалалттай газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг болгосон.
Мөн байгалийн цогцолбор газрын бүсэд хамааруулсан эрхийн акт 2000 онд гарч байсан зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд, энэ хууль батлагдахаас өмнө тухайн газар уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар нэгдлийн үед эзэмшин ашиглаж байсан нь тогтоогдож байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.1-д заасан зохицуулалт 1995 оны 04 дүгээр сарын 01-ээс эхэлж мөрдөгдсөн. Ийм учраас өмнө нь тухайн газрыг уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар эзэмшиж байсан учраас 1994 оны 11 дүгээр сард батлагдсан Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль өөрөө буцаан хэрэглэх заалтгүй гарсан учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авах асуудал хөндөгдөхгүй.
Тиймээс нотлох баримтаар гаргаж өгсөн М.Б, М.Б нарын “Т” гэх газраас өвөлжөөний газар эзэмшиж байгаа газар нь мөн адилхан хөндөхгүй үлдэж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар тусгай зөвшөөрөл авах асуудал яригдахгүй. Д.Өийн тайлбарт 1970-аад оноос эхлэн уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар баригдаж, Бердимурат гэдэг хүн мал маллаж амьдарч, бүс нутгийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж ирсэн.
Тухайн газрыг улсын тусгай хамгаалалтад авахаас өмнө тухайн хашаа хороо Партизан нэгдлийн үед баригдаж байсан гэдгээ тайлбарласан. Үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. Д.Өийн ашиглаж байгаа “Б” гэх газарт адилхан хашаа хороо нэхэмжлэгч М.Б, М.Б нарт байгаа. Ногооннуур сумын Улаанчулуут багийн нутагт харьяалагдах Монгол Алтай Сийлхэмийн нурууны улсын тусгай хамгаалалттай “Т” гэх газарт өвөлжөөтэй. Энэ жил тэнд өвөлжиж байгаа болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн багийн Засаг даргын нотлох баримтаар нотлогдож байна.
Ийм учраас “Т” гэх газарт өвөлжиж байгаа М.Б, М.Б нар ч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.1-д заасан зөвшөөрлийг аваагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичгийг судлуулсан. Тэнд тухайн газарт зөвшөөрөл авалгүй оршин суусан явдал нь үндэсний аюулгүй байдалд харшлах хүчин зүйл гэж дурдсан байна. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь өөрөө энэ асуудлыг судалж мэдээгүй учраас нэг талыг баримталсан хариулт өгсөн гэж ойлгож байна.
Учир нь, тухайн газарт өргөдөл гомдол гаргаж булаацалдаж байгаа этгээд М.Б, М.Б нарт тухайн газрыг ашиглах эрх үүссэн үү, үгүй юу гэдэгт дүгнэлт өгөх боломж байхгүй. Зөвхөн М.Б, М.Б нарын өргөдлийг үндэслээд тэрхүү хариуг өгсөн байна. Нэхэмжлэгч талын хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байгаа.
Нэхэмжлэлийн шаардлага болгож байгаа Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” А/185 дугаар захирамж нэхэмжлэгч нарын ямар нэгэн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ”, 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан.
Хуулийн энэхүү заалтаар нэхэмжлэгч М.Б, М.Б нарын хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 3.1.3-д зааснаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш юм. Тухайн захирамжаар Д.Өд 5000 м.кв газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглуулсан явдал нь нэхэмжлэгч М.Б, М.Б нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй учраас тухайн актыг хүчингүй болгох үндэслэл байхгүй. М.Б, М.Б нар нь тухайн газраас Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох хэсэгт зааснаар газар ашиглах эрх үүсээгүй учраас нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.
Тиймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч М.Б, М.Б нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” А/185 дугаар захирамж илт хууль бус акт болох”-ыг тогтоож, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох “Ногооннуур сумын Засаг даргын А/185 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, А/185 дугаар захирамжийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” А/185 дугаар захирамжаар[1] Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Б” гэх газраас гуравдагч этгээд Д.Өд 5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар ашиглуулах шийдвэрийг гаргаж, улмаар уг шийдвэрийг үндэслэн Ногооннуур сумын Засаг дарга, Монгол Алтайн нурууны тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга С.М, иргэн Д.Ө нарын хооронд “Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурван талт 08 дугаартай гэрээг[2] 2019 оны 10 дугаар сарын 23 өдөр байгуулжээ.
Энэ 5 га газар нь Монгол Улсын Их Хурлын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дугаартай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын хавсралтын 4-т, Байгаль орчны сайдын 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Хилийн заагийг батлах тухай” 261 дүгээр тушаалын хавсралтын 3-т тус тус зааснаар Сийлхэмийн нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын ангиллын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа болох нь хэрэгт авагдсан гурван талт гэрээний 4 дэх хэсгийн “а” заалтад тусгасан тухайн газрын байрлал, хилийн зааг “Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын “Б” хэсгийн хязгаарлалтын бүсэд багтдаг “Б” гэдэг газар” гэж бичигдсэнээр, мөн Монгол Алтайн нурууны улсын хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар албан бичиг[3], холбогдох бүсчлэлийг тогтоосон газрын байршлын зураг[4], аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 61 дугаартай албан бичиг[5], тусгай хамгаалалттай газрын бүсийн зураг[6] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид нь энэ талаар маргахгүй байна.
Гуравдагч этгээдээс тухайн газрыг анх ашиглах тухай хүсэлт гаргах, хариуцагч талаас тухайн газрыг гуравдагч этгээдэд ашиглуулах шийдвэр гаргах, гурван талт гэрээ байгуулах үед Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 4 , Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, 32 дугаар зүйлийн 32.2.2-т тус тус зааснаар тухайн газрын байршил, зааг, нэгж талбарын дугаарыг нарийвчлан заагаагүй, нэгж талбарыг харуулсан тойм зураг, кадастрын зураг нь үйлдэгдээгүй байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үзүүлсэн байршил, хилийн заагийн дагуу шүүхээс тухайн газарт үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон 5 га газартай нэхэмжлэгч М.Бын хаваржааны зориулалтаар байшин, хашаа хороо барьсан газар нь давхцсан, харин нэхэмжлэгч М.Бын хаваржааны зориулалтаар байшин, хашаа хороо барьсан газар нь давхцаагүй болох нь тус тус хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, схем болон фото зургуудаар[7] тогтоогдож байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна: 1/ дархан цаазат газар; 2/ байгалийн цогцолборт газар; 3/ байгалийн нөөц газар; 4/ дурсгалт газар” гэж, 14 дүгээр зүйлд “Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана: 1/ онцгой бүс; 2/ аялал,жуулчлалын бүс; 3/ хязгаарлалтын бүс” гэж, 17 дугаар зүйлд “ Хязгаарлалтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулж болно: ... 2/ уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх ...” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтуудаар байгалийн цогцолборт газрын ангилалттай тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ.
Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тусгай хамгаалалттай газарт хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг явуулах зорилгоор газар ашиглах асуудлыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь заалтад заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 2 дах заалтад “ Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус нарийвчлан зохицуулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзэхэд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутгаас газар ашиглах хүсэлтээ Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-т заасан журмыг баримтлан хамгаалалтын захиргаанд, хэрэв хамгаалалтын захиргаа байхгүй тохиолдолд тухайн тусгай хамгаалалттай газар нутагт сумын Засаг даргад гаргах бөгөөд хамгаалалтын захиргаа буюу сумын Засаг дарга нь уг хүсэлтийг болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжлах, төрийн захиргааны төв байгууллагаас газрыг ашиглуулах тухай шийдвэр гаргах, уг шийдвэрийг үндэслэн газар ашиглуулах гэрээ байгуулахаар байна.
Гэтэл хариуцагч нь гуравдагч этгээд Д.Өд тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалттай бүсээс 5 га газрыг мал аж ахуй эрхлэх зориулалтаар ашиглуулах шийдвэр гаргасан, энэ нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн төдийгүй сумын Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заагаагүй асуудлаар, тодруулбал, сумын Засаг даргад хуулиар олгоогүй эрх хэмжээг эдэлж, өөрийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” шинжийг агуулсан байх тул Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/185 дугаар захирамжийг илт хууль бус акт гэж шүүхээс дүгнэлээ.
Мөн дээрх илт хууль бус актыг үндэслэж газар ашиглуулах тухай гурван талт гэрээ байгуулсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-т заасан “ Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэснийг зөрчжээ.
Нэгэнт гуравдагч этгээд Д.Ө нь илт хууль бус актаар тухайн газрыг ашиглаж байгаа тохиолдолд түүнийг хууль ёсны газар ашиглагч гэж үзэхгүй тул нэхэмжлэгч М.Б, М.Б нарын уг газрыг ашиглах талаар хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргах, шийдвэр гаргуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.
Гуравдагч этгээдээс “... ашиглуулахаар олгосон газрыг 1970 оноос Партизан нэгдлийн үед нагац талын Бердимурат гэгч хүн уламжлалт мал аж ахуй эрхлэх зорилгоор хашаа хороо барьж ашиглан эзэмшиж бидний малыг малладаг байсан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр батлагдаж, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн ба Монгол Алтайн Сийлхэмийн нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн 2000 онуудын үед улсын тусгай хамгаалалтад хамааруулсан тул түүнээс өмнөх хугацаанд өвөлжөө, хаваржаа барьж, уламжлалт мал аж ахуйг эрхэлж байгаа айл өрхүүдэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх зүйн зохицуулалт буцаан үйлчлэхгүй” гэж тайлбарлан маргажээ.
Монгол Улсын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах зорилгыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 зүйлд “Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх,соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах,танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлжээ.
Хуулийн дээрх зорилгод нийцүүлэн маргаан бүхий газрын байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр байгалийн цогцолборт газрын ангилалд хамааруулан улс өөрийн тусгай хамгаалалтад авснаас хойш Ногооннуур сумын Засаг даргаас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар гуравдагч этгээд Д.Өд ашиглуулах шийдвэр гаргасан байх тул “... хууль батлагдахаас өмнө тухайн газрыг ашиглаж байсан, хуулийн үйлчлэл хамаарахгүй” гэх гуравдагч этгээдийн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй, энэ үндэслэлээр газар ашиглах эрхгүй, харин тухайн газрыг хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж, төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргуулан ашиглах эрхтэй .
Нэгэнт шүүхээс гуравдагч этгээдэд газар ашиглуулах тухай гаргасан хариуцагчийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт гэж дүгнэж тогтоосон тохиолдолд илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, уг актыг хэн нэгэн этгээд нь хэрэгжүүлэх үүргийг хүлээхгүй тул нэхэмжлэгч талаас гаргасан “ Ногооннуур сумын Засаг даргын А/185 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, А/185 дугаар захирамжийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг даалгах” шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.2, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дах заалт, 35 дугаар зүйлийн 1,2 дах заалтууд, 36 дугаар зүйлийн 1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б, М.Б нараас Ногооннуур сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” А/185 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт болох”-ыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох “ Ногооннуур сумын Засаг даргын А/185 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, А/185 дугаар захирамжийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг даалгах” шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША