Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0476

 


 

         

Б.П-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С  

 

Нэхэмжлэгч: Б.П

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Гуравдагч этгээд: “Д м к” ХХК

Гуравдагч этгээд: “Д-Э” ХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: “... 080100477 нэг талбарын дугаараар Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Хар усан тохой нутаг дэвсгэрт байрлах 98469 м.кв газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийн нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрхтэй газартай давхцалтай 8568 м.кв хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 135, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/192, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01-А/276 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай 8568 м.кв газартай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б.Пүрэвсүрэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, кадастрын зургийг шинэчлэн хийхийг даалгах

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0010 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А

Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч

Гуравдагч этгээд “Дархан мах корпораци” ХХК-ийн төлөөлөгч Ц.Г

Гуравдагч этгээд “Дархан мах корпораци” ХХК-ийн өмгөөлөгч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 114/2023/0018/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.П-ээс, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “...080100477 нэг талбарын дугаараар Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Хар усан тохой нутаг дэвсгэрт байрлах 98469 м.кв газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийн нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрхтэй газартай давхцалтай 8568 м.кв хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 135, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/192, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01-А/276 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай 8568 м.кв газартай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б.П-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, кадастрын зургийг шинэчлэн хийхийг даалгах”-аар маргасан байна.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0010 дугаар шийдвэрээр: Газрын тухай хууль /1994 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан Б.П-ээс Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “... 080100477 нэг талбарын дугаараар Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Хар усан тохой нутаг дэвсгэрт байрлах 98469 м.кв газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийн нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрхтэй газартай давхцалтай 8568 м.кв хэгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 135, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/192, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01-А/276 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай 8568 м.кв газартай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б.П-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, кадастрын зургийг шинэчлэн хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх “Хэдийгээр хариуцагчаас гуравдагч этгээдийн газрын хэмжээг нэмэгдүүлэх /зөвтгөх/-дээ холбогдох тушаал шийдвэрийг гаргаагүй нь буруу боловч энэ нь захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохоос захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарахгүй юм” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 311 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг “Р” ХХК-д шилжүүлсэн. Уг захирамжийн хавсралтаас үзэхэд газрын хэмжээ 88,000 м.кв буюу өөрчлөгдөөгүй байна. Харин уг захирамж гарснаас хойш 5 хоногийн дараа буюу 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гарсан 0174684 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газрын хэмжээ 98,469 м.кв болж нэмэгдэн, нэгж талбарын 080100477 дугаар олгогдсон байдаг.

Үүний дараа гарсан тус газартай холбогдох Дархан-Уул аймгийн Засаг даргын 20133 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 135 дугаар захирамж, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/192 дугаар захирамж, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01-А/276 дугаар захирамжууд дээр газрын хэмжээг 98,469 м.кв гэж тусгагдаж гарчээ.

3.2. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-д “"газрын улсын бүртгэл" гэж тодорхой хил заагаар бусад газраас тусгаарлагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг эзэмших, ашиглах эрх, түүний шилжилтийг бүртгэж, баталгаажуулах үйл ажиллагааг”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ”, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Д э” ХХК, “Р” ХХК нь тухайн газрын хэмжээгээ нэмэгдүүлэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж хүсэлт гаргаж байгаагүй, нөгөө талаас эрх бүхий этгээдээс газрын хэмжээг 88,000 м.кв-аас 98,469 м.кв болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргаагүй байна.

3.3. Ийм байхад 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гарсан 0174684 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээг 98,469 м.кв болгон нэмэгдүүлэн бичиж, нэгж талбарын 080100477 дугаараар газрын мэдээллийн санд бүртгэсэн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бүртгэл нь тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамаарсан илт хууль бус захиргааны акт байна.

3.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 234 дүгээр шийдвэрт “Хуулийн дээрх заалтуудаас үзвэл Д.Д-д хууль ёсоор газар эзэмших эрх үүсээгүй, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу түүнд газар олгогдоогүй байхад хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албан нь түүний нэр дээр 18647311594457 гэх нэгж талбарын дугаараар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Дандарбаатарын гудамж гэх хаягт байрлах 272 м.кв эдлэн газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв” гэж дүгнэсэн байдаг.

Дээрх шүүхийн шийдвэрийг хянаад гаргасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0445 дугаар магадлалд “Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзвэл иргэн Д.Д нь тухайн газрын эзэмших талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж хүсэлт гаргаж байгаагүй, эрх бүхий этгээдээс түүнд маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй, эрх бүхий этгээдтэй байгуулсан газар эзэмших тухай гэрээ байгуулагдаагүй, эрхийн гэрчилгээ олгогдоогүй болох нь тогтоогдсон байх тул 1991 онд Эрүүл мэндийн яам, Хотын барилга трестийн 15 айлын амины орон сууцны барилгыг барьж байсан ажилчдын амрах байрны зориулалттай байшинг ашиглаж, манаачаар ажиллаж байсан Д.Д-ийн нэр дээр 272 м.кв газрыг 18647311594457 нэгж талбарын дугаараар газрын мэдээллийн санд бүртгэсэн Баянзүрх дүүргийн газрын албаны бүртгэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамруулж, уг бүртгэлийг “илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн анхан шатын шүүхийн дүгнэлт, шийдвэр зөв байна” гэж дүгнэсэн.

Мөн уг маргаан дээр гарсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 413 дугаар тогтоолд: …гэтэл уг газрын тодор нэгж талбарын дугаар үүсгэн 272 м.кв газрын иргэн Д.Д-ийн нэр дээр газрын мэдээллийн санд 2008 онд бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа тухайн үед мөрдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэг үндэслэлд хамаарч, илт хууль бус акт болохыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна” гэжээ.

Үүнээс үзэхэд газар эзэмших /газрын хэмжээг нэмэгдүүлэх мөн адил хамаарна/ талаар эрх бүхий этгээд болох Засаг даргын шийдвэр гараагүй байхад газрын алба нь дур мэдэн нэгж талбарын дугаар үүсгэж бусдын нэр дээр газрын мэдээллийн санд бүртгэх  нь “илт хууль бус” захиргааны акт гэдгийг гурван шатны шүүх нотлон тогтоосон байна.

3.5. Гэтэл манай тохиолдолд хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь “Дархан мах корпораци” ХХК-д 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 0174684 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо тус компанийн эдэлбэр газрын хэмжээг нь 88,000 м.кв-аас 98,469 м.кв болгон нэмэгдүүлж нэгж талбарын 080100477 дугаараар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн нь илт хууль бус захиргааны акт байхад анхан шатын шүүх үүнийг “илт хууль бус” биш хүчингүй болгох захиргааны актад хамаарна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:  

4.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дараах байдлаар хэрэгт цугларсан нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй, логик алдаатай дүгнэлт хийсэн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

“… хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн гэрчилгээ олгогдсоноос хойших цаг хугацаанд “Дарханмах экспо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор барилгыг Ч.П-д шилжүүлсэн, Ч.П, Б.П нарын хооронд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, Ч.П-д маргаж буй газрыг эзэмшүүлсэн, шилжүүлсэн шийдвэр байхгүй, Б.П өнөөдрийг хүртэлх хугацаанд газрын төлбөрийг төлж, кадастрын зураг хийлгүүлж, газар эзэмших гэрээг байгуулж, уг гэрээг дүгнүүлж байгаагүй байх тул нэхэмжлэгчийн маргаж буй газрыг эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхгүй юм” гэх дүгнэлтийг хийжээ.

Дээрх шүүхийн дүгнэлтээс үзвэл: “Дарханмах экспо” ХК-ийн өөрийн газарт хамаарахгүй, анхнаасаа ч хамаарч байгаагүй газраа нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнд биш, түүнд үл хөдлөх хөрөнгөө худалдсан Ч.Пүрэвдоржид маргаж буй газрыг эзэмшүүлсэн, шилжүүлсэн шийдвэр байхгүй нь нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгийн газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхгүй байх үндэслэл болно хэмээжээ. Газар эзэмших эрхтэй болохоо газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотолж байгаа нэхэмжлэгчийн эрхийг огт өөрт нь хамааралгүй 2010 онд газрын хэмжээг шууд нэмэгдүүлэх байдлаар газраа томруулж авсан хууль ёсоор эзэмшиж буй газрынхаа хэмжээг нэмэгдүүлж аваагүй өөрөөр хэлбэл нэмэгдүүлсэн газрын эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүссэн гэж үзэх боломжгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буй “Дарханмах экспо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол шийдвэр гараагүй гэх үндэслэлээр үгүйсгэж буй нь шүүх хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

4.2. “… нэхэмжлэгчийн маргаж буй газрыг эзэмших эрхийн хуулийн дагуу үүсээгүй, эзэмшсэн гэх 8568 м.кв газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын хаана болох нь тодорхойгүй, нэг ч удаа кадастрын зураг хийлгүүлж, түүнийгээ эрх бүхий байгууллагаар баталгаажуулж байгаагүй, нэхэмжлэгч “гуравдагч этгээдийн бүхэлдээ давхцалтай” гэж байгаа боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлсэн гражийн барилгыг бусдад бэлэглэсэн, 2003 онд хийгдсэн машстаб зурагт газрын хэмжээ 97,286 м.кв гэж тусгагдсан энэ тохиолдолд хариуцагч гуравдагч этгээдийн газрыг нэмэгдүүлэхдээ /зөвтгөх/ үлт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэхээргүй байна” гэх дүгнэлтийг хийжээ.

Энэхүү шүүхийн дүгнэлтээс үзвэл: анхан шатны шүүх хэргийн оролцогчдыг байлцуулан маргаан бүхий газар дээр очиж нураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийн суурь, давхацсан гэх газрын хашаа зэрэг тухайн үед байсан байдал өнөө үед байгаа байдалтай нь буюу зурагтай нь харьцуулан харсан, талууд тайлбараа хэлсэн хуульд заасан арга хэрэгслээр хийгдсэн үзлэгийн ажиллагаа нь нотолгооны ач холбогдолгүй мэт дүгнэлтийг хийсэн байна. Цаг хугацааны хувьд олон жил өнгөрсөн, хариуцагчийн хууль бус үйлдэл, гуравдагч этгээдийн нарийн башир аргаар газраа луйвардуулсан иргэн хүнд үүнээс илүү нотлох баримт гэж байх боломжгүй.

Хэрвээ шүүхийн хүсээд байгаа 20 жилийн өмнөхийг хажууд нь байгаа мэт харуулах нотлох баримт байдаг бол нэхэмжлэгч шүүхэд хандах ч хэрэггүй юм. Шүүх бол маргаантай асуудлыг хууль, журам, хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хууль хэрэглэх замаар шударгаар шийдвэрлэх учиртай байгууллага. Гэтэл шаардсан баримтыг гаргаж өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл боллоо гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй юм.

4.3. “…түүнчлэн нэхэмжлэгч маргаж буй газар дээр өлөнгийн цехийн үйл ажиллагаа явуулж байсан нь түүнийг газар эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй төдийгүй Б.Пүрэвсүрэн нь маргаж буй газар дээр өлөнгийн цехийн үйл ажиллагаа явуулж байсан гэх фото зурагт энэ талаарх үйл баримт тусгагдаагүй, Чех улсаас тоног төхөөрөмж оруулж ирсэн талаарх баримтыг шүүхээс шаардахад гаргаж өгөөгүй, татвар төлж байгаагүй ба шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгчээс ирүүлсэн фото зураг болон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн гражийн зураглалд байх байгууламжууд одоо байхгүй, гуравдагч этгээд уг газарт дулаан, цэвэр усны шугам шинэчлэн, сантехникийн болон насос засварын ажлыг хийсэн байна” гэж дүгнэжээ.

Энэхүү шүүхийн дүгнэлт ч мөн ойлгомжгүй гэрэл зураг газар ашиглах эрхтэй болохыг нотлохгүй бол тоног төхөөрөмж оруулж ирснийг нотлох баримт газар эзэмших эрхтэйг нотлох баримт болох мэт ойлгомжгүй дүгнэлт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч талаас тус асуудлыг гэрчлэх гэрчүүдийг мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан боловч хэрэгт ач холбогдолгүй гэх үндэслэлээр хүлээж аваагүй байдаг.

4.4. Иймд шүүх гомдлыг хүлээн авч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 114/ШШ2024/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үүгэжээ.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгээс Дархан-Уул аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “... 080100477 нэг талбарын дугаараар Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Хар усан тохой нутаг дэвсгэрт байрлах 98469 м.кв газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийн нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрхтэй газартай давхцалтай 8568 м.кв хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 135, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/192, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01-А/276 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай 8568 м.кв газартай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б.Пүрэвсүрэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, кадастрын зургийг шинэчлэн хийхийг даалгах” нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “... 1999 онд Ч.Пүрэвдоржоос “Мах комбинат” ХХК-ийн залгаа байршилтай 220 кв.м хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийг түүний доорх 8568 кв.м газрын хамт 3 сая төгрөгөөр худалдаж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон учраас хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх үүссэн, зохих татвар төлбөрийг төлж 2006 он хүртэл өлөнгийн цехийн зориулалтаар ашиглаж байсан, олон удаагийн захирамжаар миний газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн байхад мэдэгдээгүй, “Дарханмах-Экспо” ХК, “Русмяспром” ХХК-иас газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргаж байгаагүй ба эрх бүхий этгээдээс газрын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргаагүй, Газрын тухай хуулийн 31.2, 31.3-т заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн газартай давхцалтай эсэхийг шалгаж тогтоолгүйгээр бусдад газар эзэмших эрхийг давхцуулан олгосон нь хууль бус” гэж тайлбарлан маргажээ.

 

4. Анхан шатны шүүх “... “Дарханмах-Экспо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор барилгыг Ч.Пүрэвдоржид шилжүүлсэн, түүнд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн, шилжүүлсэн шийдвэр байхгүй; Ч.Пүрэвдорж, Б.Пүрэвсүрэн нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй; 08090053 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд 8568 кв.м газар эзэмшихээр тусгасан ч Б.Пүрэвсүрэнд газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын захирамж, газар эзэмшүүлэх гэрээ байхгүй; гэрээ байгуулж дүгнүүлээгүй, кадастрын зураг хийлгэж, газрын төлбөр төлөөгүй, эдгээр асуудлаар захиргааны байгууллагад хандаж байгаагүй /хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нотлогдохгүй/ тул газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхгүй; хариуцагч нь гуравдагч этгээдийн газрын хэмжээг нэмэгдүүлж зөвтгөхдөө холбогдох шийдвэр гаргаагүй нь буруу боловч энэ нь захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарахгүй”  гэж дүгнэх зэргээр маргааны үйл баримтад холбогдуулан Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Газрын тухай хууль /1994 он/-ийн 27 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2,З,4,5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэж тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана”, 32 дугаар зүйлийн 1-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ”, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3/-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх;” гэж,

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:” гэж тус тус заасныг, нэхэмжлэгчийн гаргасан “… Ч.Пүрэвдоржоос 220 кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг түүний дор байршилтай 8568 кв.м газрын хамт худалдан авч эзэмшсэн, миний эзэмшлийн газрыг 4 удаагийн захирамжаар бусдад шилжүүлсэн” гэх шаардлагын үндэслэл, тухайн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, маргаан бүхий 8568 кв.м газрыг эзэмших эрх нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнд Газрын тухай хуулиар тогтоосон нөхцөл, журмын дагуу үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас “газар эзэмших эрх” зөрчигдсөн гэж үзэхгүй.

6. Учир нь хэрэгт цуглуулсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх дараах үйл баримтууд тогтоогдоно. Үүнд:

6.1. “Дарханмах-Экспо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор, 40 мянган төгрөгийн өртөг бүхий модон барилгыг Ч.Пүрэвдоржид буцаан олгож, компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасч шийдвэрлэсэн бөгөөд Ч.Пүрэвдорж, Б.Пүрэвсүрэн нар нь “Дархан сумын 3-р баг Мах комбинатын дэргэд” гэх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг 2000 оны 2 дугаар сарын 17-ны өдөр байгуулжээ.

Харин уг орон сууцны доорх гэх 8568 кв.м газрын эзэмших эрхийн 08090053 дугаартай гэрчилгээг 1999 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөр огноолж, Б.Пүрэвсүрэнд олгосон бол дээрх газар эзэмших эрхийг анх Ч.Пүрэвдоржид олгосон, улмаар Б.Пүрэвсүрэнд шилжүүлсэн талаар Засаг даргын захирамж гараагүй.

6.2. Газрыг хуулийн дагуу эзэмшсэн гэх ч энэ хугацаанд газрын кадастрын зураг хийлгэж, мэдээллийн санд бүртгүүлээгүй, газрын төлбөр төлөөгүй, гэрээ байгуулж дүгнүүлээгүй буюу газрын хувийн хэргийн бүрдэл үүсээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлт гаргаагүй.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... -/ыг/ хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй захиргааны акт нь (а) хууль зөрчсөн байхын зэрэгцээ (б) түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.

8. Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхээс сэргээлгэхээр шаардаж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол гагцхүү хуулийн дагуу үүсч хамгаалагдсан байх нь маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох урьдчилсан нөхцөл болно.

9. Гэтэл энэ хэсгийн 5-д заасанчлан нэхэмжлэгчид нэгэнт хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрх үүсээгүй учраас гуравдагч этгээд “Дархан мах корпораци” ХХК-д 98470 кв.м газрыг эзэмших эрх олгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын маргаан бүхий 2013 оны 135, 2015 оны А/192, 2018 оны А/276 дугаар захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээж авсангүй. 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо, өмнө захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн өөр шүүхийн шийдвэрийг дурдаж, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ тайлбарлах боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 413 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн уг хэрэгт өөр үйл баримт бүхий маргаан хянан хэлэлцэгджээ. 

Хэдийгээр шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг хэрэглэх ба хэм хэмжээний эрх зүйн үр дагаврыг тодорхойлохдоо “тухайн эрх зүйн хэм хэмжээг адил тохиолдолд, өөр буюу дээд шатны шүүхийн шийдвэрт хэрхэн тайлбарласныг харгалзах” хууль тайлбарлах туслах аргыг ашиглах тохиолдол бий ч нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох маргааны үйл баримт өөр байх тохиолдолд уг аргыг хэрэглэхгүй учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... “Дархан мах корпораци” ХХК-д 2010 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо газрын хэмжээг нь 88000 кв.м-ээс 98469 кв.м болгож, мэдээллийн санд бүртгэсэн захиргааны үйл ажиллагаа илт бус” гэх гомдлын үндэслэлээ дэмжиж дурдсан өөр шүүхийн шийдвэрийг харгалзан үзэх шаардлагагүй гэж үзсэн болно.

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудалд,

11.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2023/0157 дугаар магадлалаар Б.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Дархан сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааснаас хойш анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 114/ШЗ2023/0086 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан,

Б.Пүрэвсүрэнгээс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 114/ШЗ2023/0108 дугаар захирамжаар 114/2023/0018/з индекс дугаартай захиргааны /шинэ/ хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан учраас хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн.

11.2. Хэрэгт гуравдагч этгээдээд татагдсан Дарханмах-Экспо” ХК нь татан буугдсан гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

12. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн эрхлэн явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 114/ШШ2024/0010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, өмгөөлөгч Б.Содболд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-дзаасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН

 

 

                          ШҮҮГЧ                                                                     О.ОЮУНГЭРЭЛ

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ