| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/1179/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1195 |
| Огноо | 2022-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1195
2022 9 27 2022/ШЦТ/1195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 0000 01438 дугаартай хэргийг 2022 оны 9 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Төмөр төгс хийц” ХХК-д гүйцэтгэх захирлын ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдүүдийн хамт, урьд:
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 428 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч С.Т нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16-262 тоотод Х.Стай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Х.Сын хүзүүг нь хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1093 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч С.Т.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.Т нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16-262 тоотод хохирогч Х.Стай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Х.Сын хүзүүг нь хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Х.Сын өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө найз Б болон Хүслэн нартай Бын гэрийн гадаа 2 том 2 литртэй пиво хувааж уугаад гэртээ 02 цаг 40 минутын орчим 2 найзын хамт ороход гадаа хашааны том хаалга нээлттэй байхаар нь гайхаад Бын хамт ороход манай аавын ажлын захирал Т нь согтуу манай ээж Хгийн хамт бэлгийн харилцаанд орж байх шиг болохоор нь би хөнжлийг нь татаад сөхсөн чинь манай ээж болон Т нар хоёулаа согтуу шалдан бэлгийн ажил хийж байсан юм. Тэгэхээр нь би ээжид хандаж “юу болж байгаа юм бэ” гэсэн чинь ээж ичээд цаашаа хараад хэвтчихсэн чинь Т шалдан босож ирээд өмдөө өмсөөд сууж байхаар нь би болсон явдлыг хэлээд уурласан чинь Т надтай барилцаад зууралдаад гал тогоонд орсон. Тэгсэн чинь Т чи хэзээ ийм болсон юм бэ гээд уурлаад миний уруул руу баруун гараа зангидаж байгаад 1-2 удаа цохисон. Тэгэхээр нь би Тийн цээж хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон чинь Т хойшоо газар унаад босож ирэхдээ ширээн дээр байсан шар хуванцар иштэй хутгыг гартаа бариад босоод ирэхээр нь манай найз Б тэрийг нь хараад та боль, болохгүй гэж хэлтэл Т намайг баруун гараараа хальт цохих шиг болоод нэг юм газар шидчихээд гараад явахаар нь харсан чинь шар иштэй хутга байсан бөгөөд тэр үед миний хүзүү рүү нэг зүйл урсах шиг болохоор нь шалгаж үзэхэд миний хүзүү зүсэгдсэн байсан. ...би өөрийн эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг Т ахаас 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бэлнээр авсан юм. ...надад одоо Т ахад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх15-17/,
- гэрч Г.Бын “...С, Т ахтай өөрийнх нь ээжтэй нэг оронд байсан тухай ярилцаад маргалдаж байсан бөгөөд тэр хоёр нэлээн ширүүн маргалдаад байх шиг болохоор нь би багажаа орхиод гэрт нь ороод харахад С Т нар хоорондоо бие биеэ заамдаад зогсож байсан. Тэгсэн чинь Т Сын нүүр лүү нь баруун гараараа 2 удаа цохих шиг болоход С Т ахын цээж рүү гараараа цохиод Т арагшаа газар унах шиг болоод босоод ирэх үед гартаа шар бариултай хутга баруун гартаа ирийг нь гарын дотор тал руу харуулаад барьчихсан босож ирээд Сыг нэг удаа цохих шиг болоод гартаа байсан хутгаа газар шидчихээд гараад явсан юм. Тэгсэн чинь Сын хоолой хэсэгт зүсэгдээд цус гарч байсан бөгөөд Хүслэн Сын цусыг цаасаар дараад би цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Миний сонссоноор Сын ээжтэй Т ах бэлгийн харилцаанд орж байх үед нь С харснаас болж маргалдсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх22/,
- гэрч А.Хгийн “...Би өчигдөр ажлаасаа 20 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манайд хүн байгаагүй. Тэгэхээр нь би өөрийн нөхөр Нэргүйбаатартай утсаар яриад хаана байгаа талаар асуухад Нэргүйбаатар надад Ттэй хамт Цэргийн хотхон дотор архи ууж байна гэсэн бөгөөд манай нөхөр надад бид хоёрын хамт өчигдөр уусан архины тал нь орон доор байна лээ чи ганц нэг татчихаад амарчихгүй юу гэхээр нь би утсаа салгаад нөгөө тал шил 0.5 литртэй хараа архийг ганцаараа уугаад том өрөөний буйдан дээр ороо засаад унтсан юм. Тэгээд би хэсэг унтаж байгаад сэртэл миний хажууд Т согтуу унтаж байхаар нь би Тийн бүх хувцсыг тайлаад байж байтал гэнэт гаднаас манай хүү С өөрийн найз Б болон нэг үл таних охины хамт бага зэрэг архи уусан бололтой орж ирээд шууд хөнжил сөхөж хараад Тийг татаж босгоод бид хоёрыг элдвээр хэлээд орилоод байсан бөгөөд Т рүү дайраад байхаар нь би чи буруугаар ойлгоод байна гэж хэлсэн боловч сонсохгүй Т рүү дайраад заамдаад байх шиг байсан. Гэнэт Т гэрээс гараад явсан чинь ард нь Сын хоолой хэсгээс цус гараад байхаар нь үзэхэд зүсэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх24-25/,
- 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх3-7/,
- шүүгдэгч С.Тийн: “...Би өөрийн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх75/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11605 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Х.Сын биед хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Х.Сын биед эсэргүүцэн тэмцэлдсэн гэхээр гэмтэл үгүй байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэжээ. /хх34/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг хутгаар нэг удаа зүссэн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч С.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
8. Шүүгдэгч С.Т нь хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч С.Т нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тийг 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР