Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2022/1194/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1201 |
Огноо | 2022-09-28 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1201
2022 9 28 2022/ШЦТ/1201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч Б.Б................г, түүний өмгөөлөгч С.Болорчулуун (өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийн үнэмлэхийн дугаар 2842) нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0251 91445 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Т........д овогт Б................хын Б................г, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Сагил суманд 1998 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эмэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “.............................. тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .......................
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б................г нь 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хүй долоон худаг гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй А.Б..................нийг эгчтэйгээ муудалцлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, А.Б..................нийн хөл, гар руу нь цохиж биед нь халдан, нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохиж, зодон, эрүүл мэндэд нь баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхи, баруун бугалганы цус хуралт, зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.Б................г нь 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нөхөр С.Б..................р, хүүхдүүд, найз А.Н..................нэ, тэдний хүүхдүүд, түүний дүү А.Б.................нэ нарын хамт Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан үзэхээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Хүй долоон худаг” явсан байна. Ийнхүү үндэсний хурдан морины уралдаан үзэхээр очсон байхдаа тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж найз А.Н................нийн дүү А.Б................нийг “эгчийнхээ хүүхдүүдийг авсангүй, эгчийнхээ үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж улмаар биед нь халдан эрүүл мэндэд нь баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхи, баруун бугалганы цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
-СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн PCNG12428345 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....8......02 Дуудлага хүлээн авсан...2022.07.11, 19:9:04 минут...Дуудлагын утга...эгчтэйгээ зодолдсон гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал)
- Насанд хүрээгүй хохирогч А.Б..................нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр...Н..................нэ эгч надаас “хүүхэд авч бай” гэхээр нь би “жорлон явах гэж байна. Би хүүхдийг чинь авахгүй” гэж хэлэхэд эгч уурлаад намайг “муу янхан чинь хүүхэд авч бай гээд байхад ингээд хүний үгэнд ордоггүй” гээд хараасан. Тэгэхээр нь би “согтуу авгай чинь дуугүй бай” гээд уурласан чинь эгч баруун гараа зангидаж байгаад миний толгой руу 2-3 удаа цохисон. ...гэтэл Б................ий эгч “энэ ямар даварсан бацаан бэ? бүх юм аа хүнээр бэлдүүлээд. Дээр нь хэрүүл хийдэг” гэхээр нь би “танд ямар хамаатай юм бэ?” гээд хэлчихсэн чинь Б................ий эгч гараа атгаж байгаад миний толгой руу баруун гараараа 2 удаа цохиод миний үснээс зулгаасан. Тэр хоёр хоёр талаас ээлжлээд хөлийн шууны гадан тал руу өшиглөөд миний өмсөж байсан урт даашинзыг надтай зууралдаж байгаад урчихаар нь ...би тэр хоёрыг түлхсэн чинь тэр хоёр согтуу болохоороо 2 тийшээ унасан. Тэгтэл Б................ий эгч газарт унаад хагарсан байсан архины хагархай шил ...барьж ирээд миний баруун нүдний хэсэгт 1 удаа цохисон...Б................ий эгч миний нүүр рүү 2-3 удаа алгадаад А.Н..................нэ эгч миний хөл рүү 1-2 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
- Гэрч А.Н................нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэрээрээ наадам үзэхээр...Хүй 7 худгийн орчимд машинтайгаа явж байхад төрсөн дүү Б..................нэ миний хажууд Нийслэл пиво уухаар нь боль гэж хэлтэл үгүй гэж уурласан. ...Би Б..................нийн биед учирсан баруун бугалганы цус хуралт зулгаралт бүхий гэмтлийг 2022 оны 7 дугаар сарын 11-ний орой хүй 7 худаг дээр байх үедээ дүүгээ үгэнд орохгүй хэрэлдээд бас манай охины гарыг маажчихаар нь би машин дотор сууж байхдаа уурандаа баруун бугалга гар хэсэг рү нь 5-6 удаа цохиод маажсан юм. Баруун нүдний салстад цус харвалт баруун нүдний дээд зовхийг бол би хэн цохисныг хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
- Гэрч Н.Ою.......гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр намайг хүй 7 худаг дээр хувиараа шорлог хийж зарж байх үед ...А.Н..................нэ болон А.Б..................нийн хамт ирсэн. ...17 цагийн орчим Б..................нэ уйлчихсан бууж ирээд эгчээ эд нар согтуу намайг сая зөндөө зодлоо гээд уйлахад Н..................нэ найз Б................ий гэх эмэгтэй Б..................нийн нүүр рүү 2-3 удаа гараа атгаад цохиход Н..................нэ Б..................нийг хөл рүү нь 1-2 удаа өшиглөж зодоод байхаар нь би тэр хоёроос Б..................нийг салгахад Н..................нэ дүүгээ машинд суу явъя гэхэд Б..................нэ би эд нартай явахгүй би эд нартай явбал намайг яг ална гээд яваагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал)
- Гэрч С.Б..................рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 сарын 11 -ны өдөр өглөө босоод гэртээ байж байтал 11 цагийн орчимд манай эхнэр Б.Б................г, Н..................нэтэй хоорондоо утсаар ярж байснаа “ Хүй 7 худаг явж морь үзэх гэж байгаа юм уу намайг аваад яваач” гэж байна гэхээр нь би эхнэр хүүхдийн хамт Хайлааст орж Н..................нэ дүү Б..................нэ нарыг 2 хүүхдийнх нь хамт аваад замаараа пиво аваад Хүй 7 явах замд тэр 3 хамт уугаад явсан. Тэгээд Эмээлтээс нэмээд пиво аваад уусаар байгаад хүй 7 дээр очоод манай ээж болон ах дүү нар Хүй 7 дээр сайхан бариад баярлаж байгаа газар нь очоод би эхнэр хүүхдийн хамт буугаад манай гэрийнхэн дээр очоод машинд Н..................нэ дүү болон 2 хүүхдийнхээ хамт пивоо уугаад үлдсэн. Тэгээд намайг гэрийнхэнтэйгээ байх үед манай нэг дүү ахаа таны машин дотор чинь хүн орилоод байна гэхээр нь очоод үзэхэд миний машин дотор Б..................нэ баруун тал нь хумсаар маажаад, цохиулсан бололтой гар нь улайгаад уруулчихсан Н..................нэ гуя нь маажсан бололтой хумсны шархтай хоёулаа уйлчихсан үс гэзэг нь арзайчихсан хүүхдүүд нь бас уйлаад сууж байсан. Тэгсэн чинь манай эхнэр энд хүмүүс их байгаа буруугаар ойлгоно манай хадмууд мэдчихнэ эндээс холдооч гэхээр нь бид нар машиндаа суугаад хойд энгэр рүү машинтай очих гээд явж байхад тэр хоёр арын суудал дээр хэрэлдэж орилолдоод зодолдоод яваад байсан. Тэгээд бид нар хойд энгэр рүү очиход Н................нийн хадмууд байсан тэгсэн чинь Б..................нэ би танай хадмууд дээр бууж үлдлээ чи намайг зодоод байна гэсэн чинь би чамайг хадмууд дээрээ үлдээхгүй би санаа зовж байна гээд намайг машинаа хөдөлгөөд доошоо яв би бие засъя гэж Н..................нэ хэлээд бид нар нэлээн доошоо уулын жалга орчим очсон. Машинаас Н..................нэ, Б..................нэ, Б................г 3 буугаад бие засах гэж байснаа Б..................нэ дээшээ “аллаа намайг авраарай” гээд согтуу орилоод дээшээ гүйхээр нь бид нар машинаараа гүйцээд өмнө зогсож байгаад аргадаад машинд суулгах гэхэд Б................г чи ингэж болохгүй тайвшир гээд үг хэлсэн чинь чамд ямар хамаатай юм бэ чи ээж, аавгүй байж гэсэн утгатай үг хэлээд хараасан. Тэгсэн манай эхнэр уурлаад Б..................нийг үнээс нь зулгааж байгаад 4-5 удаа баруун гараараа нүүрэн тус газар баруун зүүн хацарт нь алгадаад зогсохгүй байхаар нь би буугаад салгаад чи ингэж хамаагүй хүн цохиж болохгүй гээд тэр 3-г арын суудалд суулгаад дэлгүүр ороод Н................нийн хадам эгчийнх нь захисан салатны зүйл болон пиво аваад Н................нийн хадам эгч дээр очоод захисан юмыг нь өгөхөөр тэр 3 хамт буусан тэгсэн чинь Б..................нэ хадам эгчийнх нь араар ороод хэрэлдээд байх шиг байснаа Н..................нэ дүүтэйгээ дахиад зодолдоод байхаар нь Б................г салгах гээд очсон чинь Б..................нэ манай эхнэрийг дахиад самардах шиг болсон чинь манай эхнэр шууд үсдэж аваад нуруу руу нь цохиод хажуугаас нь эгч нь орж ирээд салгаж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9866 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт...Баруун нүдний салстад цус хуралттай, баруун нүдний дээд зовхинд 4х2см ягаан өнгийн цус хуралттай, баруун бугалганд эргэн тойронд янз бүрийн хэлбэр хэмжээтэй цус хуралт, зулгаралттай... ДҮГНЭЛТ
1. А.Б..................нийн биед баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхи, баруун бугалганы цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.Б................г нь мөрдөн байцаалтад: “...2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Б..................нийн нүүрний баруун тал руу нийт 7 удаа гараараа цохиж гэмтэл учруулсан...” гэж (хавтаст хэргийн 76-77 дахь тал) мэдүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б................г нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9866 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Б................г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж” хохирогч А.Б..................нийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Б.Б................г нь насанд хүрээгүй хохирогч А.Б..................нийг цохисны улмаас хохирогчийн биед баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхи, баруун бугалганы цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн зэрэг гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б................г нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Б.Б................г, А.Н..................нэ нарын насанд хүрээгүй хүнд согтууруулах ундааны зүйл өгснөөс болж үйлдэгдсэн гэх үндэслэлтэй.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч А.Б..................нэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б................гийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Б................гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Б.Б................г нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Б................г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 48, 49 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), “Сүндэрлэх хос багана” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 68 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б................г, насанд хүрээгүй хохирогч А.Б..................нэ нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Б.Б................г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Б................гт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0251 91445 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т........д овогт Б................хын Б................гийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б................гийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б................гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б................г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ