Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1207

 

        

 

 

 

 

 

 

2022              9             28                                       2022/ШЦТ/1207

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Т.Мижиддорж,

хохирогч Г.З, түүний өмгөөлөгч К.Баатар /ҮД:2442/

            шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан /ҮД:0678/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өод холбогдох эрүүгийн 2008028371015 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Мастер төмөр” ХХК-нд захирал ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн

- 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн шүүхийн 1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял,

- 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 3 жил 5 сарын хугацаагаар тэнссэн,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 774 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,

/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 8 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах хохирогч Г.Зын гэрийн гаднаас “Mitsubishi Fuso” маркийн автомашиныг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, залилан авч, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан авч, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэн худалдаж, 32 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 784 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон компанийн дүрэм, гаалийн хилээр барааны мэдүүлэг, зээлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ, /1хх28-40/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх162-168/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх54-55/, үнэлгээ /1хх180-182/, зээлийн гэрээ /1хх38/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /1хх84/, Б.Өын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааны хуулбар /1хх46/, Б.Өын харилцах банк дахь дансны хуулга /1хх113-132/, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах прокурорын тогтоол /1хх134-135/, гэрч М.Аийн мэдүүлэг /1хх154/, зээлийн гэрээ /1хх164/, машин худалдах худалдан авах гэрээ /1хх167/, Б.Өын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх192-193/,  Б.Өын дансны хуулга /1хх207-215, 2хх16-17/, хуралдаанд шинээр өгсөн Б.Өын хаан банкны дэлгэрэнгүй хуулга, хохирол төлсөн баримтыг шинжлэн судлав.

Харин шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгчийн гаргаж өгсөн Б.Өын Б.Оймандах гэх хүнтэй харилцсан тухай фэйсбүүк чат бүхий 4 хуудас баримтыг нотлох баримтаар тооцон, үнэлэх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан журмаар нотлох баримтаар тооцуулаагүй, мөн тухайн баримт бичгийг үндсэн эх сурвалжтай нь харьцуулан үзлэг хийж, хуулбарлан авч хэрэгт бэхжүүлээгүй тул нотлох баримтаар тооцох боломжгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгчийг гэм буруугүйд тооцсон тухайд:

1. Улсын яллагчаас шүүгдэгчийг бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан хуурч, автомашиныг нь шилжүүлэн авсан, мөн төлбөрөө төлөлгүй бусдад шилжүүлэн худалдаж залилсан гэсэн бол,

хохирогч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн залилах гэмт хэрэг үйлсэн нь нотлогдсон үндэслэлээр улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж оролцсон.

 

2. Шүүгдэгч Б.Ө нь хохирогчийг залилаагүй гэсэн бол, түүний өмгөөлөгч нь иргэний эрх зүйн гэрээтэй холбоотой асуудал, залилах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах байр сууринаас мэтгэлцэж оролцсон.

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэтгэлцээн, шүүх хуралдаанд гаргасан оролцогч нарын мэдүүлэг, тайлбарыг дүгнэн үзээд шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгчийн залилах гэмт хэргийн шинжгүй гэсэн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дараах үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэв.

 

4. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Шүүгдэгч Б.Ө нь хохирогч Г.Зын төрсөн ах Г.Бтай бизнесийн харилцаатай танилууд байсан ба   Б.Ө нь Г.Баар дамжуулан 2019 оны 7 дугаар сард хохирогч Г.З, түүний нөхөр Б.Оймандах нартай тохиролцон “Mitsubishi Fuso” маркийн ачааны автомашин худалдан авахаар болсон. Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Mitsubishi Fuso” маркийн автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж /1хх39/, Б.Ө нь автомашины төлбөрийг дараа нь төлөхөөр тохирсон. Мөн төлбөрийн баталгаа болгож Б.Ө нь хохирогч Г.Заас 28.000.000 төгрөгийг зээлсэн гэсэн зээлийн гэрээ /1хх38/ байгуулсан байна. Б.Ө тохиролцсоны дагуу автомашины төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул Г.З нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр хандсан боловч нэхэмжлэл хангагдаагүй байна /1хх140-141/. Улмаар Б.Өыг залилах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гарган /1хх10-11/ шалгуулж, прокуророос Б.Өыг залилах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн үйл баримт тогтоогдлоо.

Тодруулбал, Хохирогч Г.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Б.Өын захиалгаар “Атенса” ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл Англи улсаас импортоор оруулж ирсэн. “Mitsubishi Fuso” маркийн автомашиныг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 1543 тоотод байхад Б.Ө гэдэг залуу ирж үзээд 36 сая төгрөгөөс доошоо байна уу гэж асуусан. Тэгээд Б.Ө болон нөхөр Б.Оймандах бид нар ярилцаж байгаад 32 сая төгрөгөөр зарахаар тохирсон. Тэрнээс хойш Б.Ө утсаар ярихгүй, утсаа авахгүй байхаар нь фэйсбүүк ашиглан ачааны машин зарна гэж зар тавьсан. Тэгтэл Ө над руу залгаад зараа зогсоочих, би машинаа очиж авъя гээд 2019 оны 8 дугаар сарын эхээр ирж тээврийн хэрэгслийг гаалийн бичигтэй нь цуг зээл удахгүй бүтнэ, ачааны машины тэвшийг гагнуур хийж давхарлаж бэлэн болгоно гэж хэлээд машиныг аваад явсан. ..Өын нэр дээр нотариатаар шилжүүлсэн. Зээлийн гэрээ болон автомашин худалдах худалдан авах гэрээг өргөдлийн хамт хуулбарлан өгсөн. Одоог хүртэл машиныхаа мөнгийг авч чадахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандах болсон...манай төрсөн ах Б урьд  нь Өод Mitsubishi Fuso авто машин зарж байсан. Дахиад Mitsubishi Fuso машин хэрэгтэй гээд захиалуулсан...” гэсэн бол /1хх 21-22/, хуралдаанд мэдүүлэхдээ “...машинд тахометр аваад өгчих гэж Ө хэлсэн, тахометргүй бол машин хүчээ авч чадахгүй байна, тэр машины сэлбэгийг захиж магадгүй, Монголд дандаа Хятад сэлбэг байдаг гээд Англи улсаар сэлбэг байна уу гэж асууж байсан. 2019 оны 8 сарын орчим Ө манай нөхөр Оймандах руу утсаар залгаж Тахилтын тэнд байх нэг засварын залууд машиныг засуулахаар өгсөн, жижиг, сажиг төлбөр байгаа, тэр төлбөрийг төлөх боломж байна уу, 750.000 төгрөг бэлнээр авч очоод засварын залууд өгчих гэхээр нь тэр залуутайд очоод ярилцсан чинь тахометр гэх машины хүч авахад хэрэглэх төхөөрөмжийг нь хийж болно гэсэн. Тэгээд тэр машин засварын залууд 750.000 төгрөгийг манай нөхөр өгчхөөд тэр газраас уруудаад явж байтал нөгөө залуу буцаж утсаар залгаад “би энэ машинд ямар засвар хийгээгүй гээд мөнгийг маань буцааж өгсөн. Машин тэр засвар хийж байсан залуугийн хашаанд байсан, тухайн үед машины нэрийг Өод шилжүүлээгүй байсан. ..машин 32 сая төгрөгийн үнэтэй, шүүгдэгчээс 23 сая төгрөг авсан, одоо 9 сая төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа...” гэжээ.

- Гэрч Г.Б мэдүүлэхдээ “...Би Б.Ө гэх хүнийг танина. 2017 оны орчим санагдаж байна интернэт зар дээр төмөр хийцийн ажил хийдэг гэх зарын дагуу холбогдоход Ө гэх хүн байсан. Уг хүнтэй уулзахад 2 хүн ирсэн. Би төмрөөр юм хийж чадах уу гэж асуухад чадна гэсэн. Би Өмнөговь аймагт зөөврийн 2 сууц бариулахаар болсон. Тэгээд би ажлаа эхэл гэхэд Ө нь надад ажил эхлэх мөнгө алга байна гэхээр нь би залуу хүүхэд гэж бодоод дэмжээд тооцоог нь бодуулаад 2 зөөврийн сууцыг ажлын хөлстэйгөө 32 сая төгрөг болж байна гэхээр нь би Англи улсаас оруулж ирсэн Митсубиши фусо маркийн машиныг 32 сая орчим төгрөгт бодож өгсөн. ... 2020 оны 9 сарын орчим манай төрсөн дүү З над руу утсаар яриад миний оруулж ирсэн машиныг Ө гэх хүн авъя, дараа мөнгийг нь өгье гэж байна яах бэ гэж асуухаар нь би зүгээр өгвөл өгчихөө гэж хэлсэн. Учир нь би таньдаг болохоор тэгж хэлсэн. Өөр холбоо бариагүй. ...Ө надаас авсан машиныг эвдрэлтэй гэж хэлж байгаагүй. Уг машин орж ирсэн шинэ машин байсан. Би Англиас 10 гаруй ачаатай Митсубиши Эл 200 маркийн машин оруулж ирсэн байх үед Ө надтай уулзаад таны машинаас авмаар байна гэж хэлэхэд нь би зээлээр аваарай гэж хэлж байсан. Би манай дүүд ачааны урт машин ирж байгаа талаар хэлж байсан. Ав гэж хэлсэн зүйл байхгүй, ирэхээр нь ирж үзээрэй гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /1хх177/,

- Гэрч Д.Аын “...Б.Ө гэх залуу надаас төмөр худалдаж авдаг байсан тэрнээс хойш таньдаг болсон. Надаас төмөр худалдаж худалдаж болон зээлээр авч байгаад нийтдээ 7.5 сая төгрөгийн өртэй болсон байсан. Ө надад Mitsubishi Fuso маркийн ачааны машин засварын газарт байгаа барьцаалан зээлдүүлэх газар машинаа тавьсан. Та өрөнд оролцуулаад худалдаж авах уу гэж надад санал болгосон. Би зөвшөөрөөд бид хоёр 22 сая төгрөгөөр тохирсон юм. Уг автомашин Баянхошуунд байрлах хувиараа машин засдаг хүний хашаанд байсан. Би тэр хүнийг танихгүй. Засварын газарт нийтдээ 700.000 төгрөгөөр засвар хийсэн, уг мөнгийг төлж барагдуулсан. Би тухайн үед ломбардад хэдэн төгрөг төлж машин чөлөөлснөө санахгүй байна...Ө надад хандаад та ломбардаас миний машиныг чөлөөлөөд өөрийнхөө нэр дээр болгочих би танд ломбардад байх үеийн хүүг сар болгон төлөөд явна гэж хэлсэн атлаа надад ямар ч мөнгө хүү өгөөгүй. Надад бас хэлэхдээ би сар болгон хүүгээ төлж чадахгүй бол уг машин таных болно гэж байсан...би анх авахдаа 2 сар болоод авахгүй бол машиныг чинь зарна шүү гэж хэлсэн. Мөн 4-5 сарын дараа би машиныг зарахдаа утсаар холбогдож хэлэхэд надад 5 сая төгрөг өгчих гэж хэлсэн. Тухайн үед би чадахгүй. Сарын хүүнд мөнгө чинь таарч байна гэж хэлээд машиныг зарсан...” гэсэн мэдүүлэг /1хх 26-27, 31, 157/,

- Гэрч Э.Эын /“Батжинбат-ирээдүй” ХХК-н ажилтан/ “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.Ө гэх хүн 5.000.000 төгрөгийн барьцаанд “Митсубиши Фусо” маркийн автомашин манайд барьцаалан нэг жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ дуусгавар болгосон байна. Тухайн үеийн баримтууд манайд архивлагдсан байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх29/,

- Гэрч М.Аийн “..Би хийсэн гэрээний товъёог шүүж үзэхэд зээлдүүлэгч Атенса ХХК-ийн захирал Г.З, зээлдэгч Б.Ө нар 28.000.000 төгрөгийн иргэд хоорондын гэрээ байгуулсан байсан. Зээлийн гэрээнд хоёр талын иргэний үнэмлэх, Атенса ХХК-ийн гэрчилгээ, компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэр бүхий нүүр хавсаргасан байсан. Уг гэрээг хоёр тал харилцан тохирч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болдог. Зээлдэгч болон зээлдүүлэгч нар нотариатын дэргэд мөнгө өгч, авна гэсэн хуулийн заалт байхгүй. Хоёр тал өгсөн авсан тухайгаа албажуулж гэрээнд тусган гарын үсэг зурдаг. Миний дэргэд мөнгө авсан, өгсөн зүйл байхгүй. Автомашин худалдах, худалдан авах гэрээг төлбөр төлөөгүй тохиолдолд хийдэггүй. Төлбөр төлж дууссаны дараа хийгддэг юм. Өөрөөр хэлбэл төлбөр төлж дуусаагүй тохиолдолд авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийдэг” гэсэн мэдүүлэг /1хх154-155/,

- Б.Ө яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Болдоо гэх хүн Өмнөговь аймагт ажил хийлгүүлэхээр болсон. Ажлын хөлсний тал хувьд нь бартераар ачааны машин өгөхөөр болсон. Тэгээд би ажлаа хийж дуусгаад хөлсөнд машинаа авсан... Би Болдоод хандаж надад дахиад машин хэрэгтэй байна гэж хэлэхэд надад 3 сард ачааны машин ирнэ, чи уг машиныг ирэхээр нь авчих, чамд өгөх ёстой 8 сая төгрөгийг уг машинаас суутгаад хасаад ав гэж хэлсэн. Машин нь хугацаанаасаа хоцорч ирсэн ба намайг очиж үзэхэд Болдоо утасны дугаар өгсөн. Би уг дугаараар холбогдож байгаад очиж үзэхэд надад үзүүлж байсан машины зургаас өөр эвдрэлтэй машин байхаар нь үнийг нь асуухад 32 сая төгрөг гэж хэлэхээр нь эвдэрхий машин авахгүй гэж хэлээд явсан. Оймандах над руу яриад би гадаад явах гээд байна. Чи энэ машиныг авчих гээд ...би Оймандахад хандаж надад бэлэн мөнгө байхгүй. Би авахаар бол цувуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд би Оймандахаас машины авч үлдсэн. Машиныг засуулах газар олдохгүй сар гаруй болж байгаад үнэтэй засварын газар олсон. Тэгээд уг машиныг хүргэж өгөөд засуулсан. Оймандах нь Англи улс руу явсан гээд би чатаар нь холбогдоод нэрийг нь шилжүүлээд өг гэж хэлэхэд эхнэрийн дугаар гээд утасны дугаар өрсөн. Би уг дугаартай холбогдоод нотариатын газарт очиход өр авлагын асуудал байгаа гэж хэлэхэд нотариатын хүн машин худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээг З бид хоёрын дунд хийж өгсөн. Би машиныг аваад эмээлт рүү явж байхад дахиад эвдрэхээр нь машин эвдэрсэн тухай Зт хэлсэн. Тэгээд би машиныг 5 сая төгрөгийн барьцаанд банк бус санхүүгийн байгууллагад тавьсан. Надад төмрийн ажил орж ирсэн ба би төмөр зардаг А гэх хүнээс төмөр зээлээр өгчих гэж хэлсэн чинь барьцааны зүйл өгөх гэхээр нь засварт байгаа машинаа хэлэхэд авахаар болсон ба надад 7 сая гаруй төгрөгийн төмөр зээлээр өгсөн. Мөн барьцаанд тавьсан мөнгө болох 4.700.000 төгрөг, засварын 700.000 төгрөг зэргийг төлөөд машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Намайг 13 сая төгрөг төлөөд машинаа аваарай, хүүд нь машиныг чинь хэрэглэж байя гэсэн...” гэсэн бол /1хх192-193/,

мөн хуралдаанд мэдүүлэхдээ “...би Зт машины мөнгийг өгөхгүй гэж хэлээгүй, машин авсан юм чинь өгөх нь тодорхой, З бид хоёр машины төлбөр өгч авахаар олон удаа ярьсан, Оймандах над дээр ирэхэд нь би хуруугаа гэмтээсэн, ажил хийх боломжгүй байгаа талаараа хэлж байсан. Тэгэхэд Оймандах намайг хоолойноос боож унагаагаад машины түлхүүр аваад зугтаж байсан, тэгээд дараа нь иргэний шүүхэд өгсөн.  Тухайн үед би хуруугаа аваад, дээр нь ковидын нөхцөл байдал үүсээд барааны хомсдол гэж явсаар байгаад одоо л үйл ажиллагаа хэвийн жигдрээд явж байна, ... Зын нөхөр надаар шат хийлгүүлнэ гэж байсан, шат хийлгэсний төлбөр машины төлбөрөөс хасагдах байсан, гэтэл би шат хийж өгч чадаагүй, хуруугаа авснаас болоод машины төлбөрийг төлөх чадваргүй байсан, би сая нэлээн хөөцөлдөж байж 100 сая төгрөгийн бизнесийн зээл авсан...” гэжээ.

 

5. Хохирогч Г.З нь Иргэний хэргийн шүүхэд хандан зээлийн үндсэн төлбөр 28 сая төгрөг, алданги 6.3 сая төгрөг нийт 34.3 сая төгрөгийг Б.Өоос нэхэмжилсэн, Б.Ө нь 28 сая төгрөгөөр машиныг худалдан авсан, үүнээс засварын 5.5 сая төгрөг, Г.Зын төрсөн ах Г.Бын өгөх ёстой 2 сая төгрөг хасаад 20.5 сая төгрөг төлөх ёстой гэж  маргасан байна.  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01371 дугаар шийдвэрт үндэслэх хэсэгт “...“Mitsubishi Fuso” маркийн автомашиныг 28 сая төгрөгөөр худалдах, хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнэд 28 сая төгрөг төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 28 сая төгрөгийг шилжүүлэн өгөөгүй байх тул гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй...” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх140-141/.

Иргэний хэргийн шүүхээс талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна, харин зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул зээлийн гэрээний дагуу гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иргэний хэргийн шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэр нь хохирогч Г.Зын нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн шүүхэд хандах эрхийг хязгаарлаагүй, мөн нэхэмжлэлийн шаардлага буруу байснаас нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

6. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Өыг бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж буюу автомашины төлбөрийг төлөх боломжгүй өр төлбөртэй байж итгэл төрүүлэн хуурсан, мөн хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл байгуулан эд хөрөнгийг шилжүүлэн авсан, улмаар Д.Ат өрөндөө өгсөн нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэжээ. 

Залилах гэмт хэргийн хувьд анхнаасаа эд хөрөнгө, хөрөнгийн эрхийг буцаан өгөхгүй, хариу төлбөргүй хийхгүй байх зорилгоор эд хөрөнгийг шилжүүлэн авахын тулд хохирогчийг хуурах, зохиомол байдал бий болгох, бодит байдлыг нуун төөрөгдүүлэх зэрэг идэвхтэй үйлдэл хийсний үр дүнд эд хөрөнгийг шилжүүлэн авсан байдаг.

Гэтэл Б.Ө болон Г.З, түүний нөхөр Б.Оймандах нарын хооронд анхнаасаа “Mitsubishi Fuso” маркийн автомашиныг зээлээр буюу эд хөрөнгийг шилжүүлсний дараа төлбөрийг тодорхой хугацаанд, хэсэгчлэн төлөхийг харилцан зөвшөөрч, тохиролцсон нь тэдгээрийн мөрдөн байцаалтын болон шүүхэд гаргасан мэдүүлэг, автомашин худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Тус гэрээнд “Mitsubishi Fuso” маркийн автомашины үнийг 10 сая төгрөг, төлбөрийг бүрэн төлсөн гэжээ. Улмаар Г.Заас Б.Өод 28 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлэх зээлийн гэрээ байгуулсан /1хх38/ нь автомашины үнийг тусдаа тохирч, гэрээний баталгаа болгон хийсэн зээлийн гэрээ гэж үзэхээр байна.  

Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний баталгаа байдлаар зээлийн гэрээг давхар байгуулан нотариатаар гэрчлүүлсэн, энэхүү зээлийн гэрээний үүрэг, анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй хуульд заасан шаардлага хангаагүй байсан гэдгийг зөвхөн Б.Ө мэдэж байсан, харин Г.З нь мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ тохиолдолд талууд машины төлбөр, засвартай холбоотой харилцан ярилцаж байсан байх ба шүүгдэгч Б.Өод хохирогч Г.Зыг залилах санаа зорилго анхнаасаа байсан гэсэн нь үгүйсгэгдэж байна.   

 

7. Мөн шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг “Батжинбат-ирээдүй” ХХК-д авто ломбардад барьцаанд тавьж 5 сая төгрөгийн зээл авсан /1хх87-90/, зээлийн үлдэгдэл  4.478.560 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 02-нд /1хх106/ тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Ааар төлүүлэн, “Батжинбат-ирээдүй” ХХК-н барьцаанаас чөлөөлөн түүний өмчлөлд шилжүүлсэн /1хх102/ нөхцөл байдал тогтоогдсон. Д.А гэрчээр өгсөн дээрх мэдүүлэгтээ Б.Өод машины төлбөрөө 2 сарын дотор төлж авахгүй бол өрөндөө тооцож зарна гэж тохирсон, 4-5 сарын дараа төлбөрөө төлөхгүй байсан тул бусдад худалдсан гэжээ.

Улсын яллагчаас Б.Өыг тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн, барьцаалж буй дээрх үйлдлийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд автомашины төлбөрийг дараа нь хийх тохиролцоотойгоор өмчлөх эрхийг шилжүүлсэн буюу энэ тал дээр хэн аль нь маргаагүй. Энэ нь тээврийн хэрэгслийн эрсдэл Б.Өод бүрэн шилжсэн буюу тухайн тээврийн хэрэгсэл эвдрэх, устаж алга болсон ч тэрээр Г.Зт төлөх төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. Үүнтэй адил шилжүүлэн авагч этгээдийн тухайн тээврийн хэрэгслийг бусдад барьцаалах эрхийг нь хязгаарлах боломжгүй зүйл юм.

 

8. Харин шүүгдэгчийг гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй буюу хугацаандаа төлбөр төлөх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж тээврийн хэрэгслийг бусдын өрөнд өгсөн гэх үндэслэл мөн тогтоогдохгүй байна. Учир нь Б.Ө нь Иргэний хэргийн шүүхэд гаргасан тайлбартаа тээврийн хэрэгслийн засвартай холбоотой зардлыг хасуулах талаар маргаж, 20.5 сая төгрөгийн төлбөр төлөхөө зөвшөөрсөн байгаа нь түүнд огтоос төлбөр төлөхгүй, үндэслэлгүйгээр төлбөрийн хугацааг хойшлуулах хууран мэхлэх үйлдэл гаргасан гэж үзэхээргүй байна. 

Иргэний хуулийн 56 /Хүчин төгөлдөр бус байх хэлцэл/, 57 /Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл/, 58 /Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл/, 59 /Хууран мэхэлж хийсэн хэлцэл/, 60 /Хүч хэрэглэж хийсэн хэлцэл/ дугаар зүйлд тус тус заасан хэлцлээс үүссэн маргаанд шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших эрхийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар олж авах гэсэн гэмт санаа зорилго байдаггүй тул уг хэлцлүүдээс үүссэн маргаан болгон гэмт хэрэг болохгүй. Харин дээрх хэлцлүүдээр халхавчлан шунахай сэдэлтээр хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар авсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үздэг[1].

Б.Өыг 300.000.000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа зээл бүтэхээр машины төлбөрийг төлнө /1хх140/ гэж анхнаасаа хуурсан, утсаа салгаад алга болсон гэж хохирогч Г.З тайлбарласан. Харин Б.Ө нь зээл хөөлцөлдөж байсан нь үнэн, бүтэхгүй байсаар 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 100.000.000 төгрөгийн зээл гарсан гэсэн нь Хаан банкны албан бичиг, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар /2хх16-17/ тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ө нь хувиараа бизнес эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан баримтууд, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба анхнаасаа ямар ч орлогогүй, үйл ажиллагаа явуулдаггүй, эсвэл төлбөр төлөх боломжгүй зээлийн дарамтад орсноо нуух байдлаар хохирогчоос эд зүйлийг нь шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Мөн байгалийн давагдашгүй хүч, нийгэм, эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт, гэнэтийн осол, өвчин эмгэг, хорио цээр зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүйг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үздэггүй[2].

Б.Ө, Г.З нар 2019 оны 9 дүгээр сард гэрээ байгуулсан, гэрээний үүргийг 2019 оны 12 дугаар сард биелүүлэх байсан, 2020 он гарснаас хойш ковид-19 цар тахал гарсан, тухайн үед талууд иргэний шүүхэд маргаж байсан, улмаар хөөцөлдөж байсан зээл олголт хойшилсон, зээлийн мөнгөн дүн багассан, ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд орж, үйл ажиллагаа доголдож эхэлсэн гэсэн шүүгдэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ. Мөн талуудын хооронд автомашины төлбөртэй холбоотой маргаан үүссэн нь төлбөр төлөх хугацааг хойшлоход нөлөөлсөн гэж үзэх боломжтой ба Б.Ө нь 2021 оны 8 дугаар сард 3 сая төгрөг, 2022 оны 7 сард 20 сая төгрөг нийт 23 сая төгрөг машины төлбөрт төлжээ.

 

9. Шүүгдэгч Б.Ө нь автомашин худалдан, худалдан авах гэрээг хохирогч Г.Зын нөхөр Б.Оймандахтай анх ярилцаж тохирсон, машиныг өгч авалцсан, гэрээ байгуулахад түүний эхнэртэй байгуулсан, мөн Б.Оймандахтай автомашины засвар, эвдрэлтэй холбоотой ярилцаж байсан гэсэн тайлбарыг хохирогч Г.З хуралдаанд үгүйсгээгүй. Мөн шүүгдэгч нь төлбөрийн асуудлаас болж хохирогчийг иргэний шүүхэд хандахаас өмнө Б.Оймандахтай маргалдаж муудалцаж байсан гэж тайлбарлаж байхад тус хэрэгт Б.Оймандах нь гэрчээр мэдүүлэг өгсөн нөхцөл байдал байхгүй байгаа нь хэргийн байдлыг бүрэн бодитой тогтоох ажиллагаа гүйцэд хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Мөн хохирогч “Mitsubishi Fuso” маркийн автомашины “тахометр”-ийг /хохирогчийн мэдүүлж буйгаар хурд авахгүй байсныг/ засуулах шаардлагатай байсан, мөн засварын газарт байхад нь очиж засварчинтай уулзсан болохоо мэдүүлсэн, мөн гэрч Д.Аын мэдүүлснээр тухайн тээврийн хэрэгслийг засварт байхад засварын төлбөрийг төлөн, очиж авсан гэж мэдүүлжээ.

Талуудын маргаж байгаачлан тухайн тээврийн хэрэгсэлд завсар үйлчилгээ шаардлагатай байсан эсэх, ямар хугацаанд засварын газарт байсан болох, хохирогчийн мэдүүлэгт дурдсан “тахометр” гэх зүйлийг хэрхэн зассан зэргийг мөрдөн байцаалтын шатанд шалган тогтоогоогүй, үүнтэй холбоотой худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд нөлөөлсөн үү, эсвэл шүүгдэгчийн зориуд үүргээ биелүүлэхгүй, залилах зорилготой үйлдэл байсан эсэхийг таамаглах боломжгүй юм.   

Тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд болон яллах талын цуглуулсан нотлох баримтын талаар эргэлзээ төрвөл “эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан зарчмыг шүүх удирдлага болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ө болон хохирогч Г.З нарын хооронд “Mitsubishi Fuso” маркийн ачааны автомашин худалдах, худалдан авах  иргэд хоорондын гэрээний харилцаа үүссэн байх ба шүүгдэгчийн үйлдэлд хохирогчийг залилсан гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Өыг цагаатгаж шийдвэрлэх нь зөв байна.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих” гэж заасны дагуу хохирогч Г.Зын гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэйг дурдах нь зүйтэй байна.

 

11. Шүүгдэгч Б.Ө нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсантай холбоотой хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

 

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дах хэсэг, 36.6, 36.9 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Өыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Г.Зын гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэргийн шүүхэд хандах эрх нээлттэй болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрт учирсан хохирлыг оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР

 

 

[1] Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар 51 тогтоол      

[2] Мөн тэнд