Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/659

 

 

 

 

 

 

 

2022            10           05                                     

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Ууганбаяр, хохирогч Х.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч С.Соронзонболд, шинжээч Г.Х-, шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч О.Санчирбал, Э.Ганбат, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт С-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2000002120289 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч ажилтай, ам бүл 1 улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт С-гийн Б,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Б- 2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Ривэр Вилла” хотхоны А блокийн 000 тоот гэртээ хамтран амьдрагч Х.Бтай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг түлхэж унагаагаад дээр нь гарч хоолойг нь боож, баруун хацар хэсэгт тохойгоороо цохиж зодон эрүүл мэндэд нь цээж, хэвлий, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шинжээч шүүгдэгчийн мэдүүлэг:

 

Хохирогч Х.Б: “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай ах, эгч хоёр хөдөөнөөс ирээд би гэртээ авчирсан. Тэгээд би ах эгч хоёрыг очиж авахдаа машинаараа зогсоолд байсан төмрийг шүргэчихсэн. Энэ талаар С.Б-өд хэлэхэд их уурласан, орой нь гэрт ирээд бөөндөө сууж байгаад С.Б-тэй муудалцаад С.Б- явлаа гэхээр нь би явуулахгүй гээд зөрчилдөөн болсон. С.Б- нь дээгүүрээ дан  футболкатай, дан дотуур өмдтэй явах гээд байсан. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө намайг эгчтэй муудалдсан гэж байна, би эгчтэй муудалцаагүй. ...Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарч яваад эргэж ирээгүй, маргааш нь уучлалт гуйхгүйгээр цагдаад өг, бяраа үзье гээд байсан учир би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Хацартаа өөх хайлуулах тариа хийлгэсэн. Тэр нь зүүний мөрөөр хөхөрдөг. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эрүүндээ тариа шахуулсан, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө босоход миний нүүрэнд хөхрөлт үүссэн байсан. Бид хоёр дундаасаа хүүхэдтэй учир эвлэрэх санал байсан ч намайг дарамталсан мессеж бичиж, амар тайван байдал алдагдуулсан, гэнэт нэг өдөр танихгүй хүн ирээд байраа сулла гэсэн. Тэгээд Б-ийн эгч, ээж нь намайг зайл гээд би 6 сартай нялх хүүхдээ аваад гарсан. Худалдаж авсан хүн нь энэ байрыг би хүлээж авна гэхэд нь би С.Б-өд өөрт нь хүлээлгэж өгнө гэж хэлж байсан. Одоо бодоход намайг явуулах гэж л тийм зүйл хийсэн байх...” гэв.

 

Шинжээч Г.Х-: “...Шинжээчийн дүгнэлтийг гаргасан, хэсэг газрын үзлэгт цээжний зүүн хажуу хэсэгт 7х3 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, төв хэсэгтээ 1,3х0,3 см хүрэн өнгийн зулгаралттай гэсэн нь 7х3 см хөхөлбөр цус хуралтад багтана, хүзүүний баруун хэсэгт 5х4 см цус хуралтын төв хэсэгт 2х0,3 см хүрэн өнгийн зулгаралт нь мөн 5х4 см цус хуралтад багтана, хохирогчийн биед учирсан гэмтэл нь тухайн хүний биеийн гадаргуугийн нэг хувьтай тэнцэнэ гэснийг тодорхой арга аргачлалаар тогтоосон зүйл байхгүй. Хохирогчийн биеийг үзэхэд биед хөхөлбөр өнгийн цус хуралт, өнгөний өөрчлөлтэй байсан, энэ нь тухайн гэмтлийг аваад удсан, эдгэрч байгаа гэсэн ойлголтод хүрэхгүй, гэмт хэрэг гарахад үүссэн шинэ гэмтлүүд байсан...” гэв.

 

          Шүүгдэгч С.Б-: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, мөн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үйл баримтын талаар мэдэхгүй учир мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн өмгөөлөгч 2022 оны 01 дүгээр сарын 05-аас 06-ны шөнө гэж ойлгож байгаа юм байна. Яллах дүгнэлт үйлдсэн баримтыг тухайн өдөр үйлдээгүй учир яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой нагац эгч М-, нөхөр А-ын хамт гэр бүлээрээ Өмнөговь аймгаас манайд ирсэн. Анх удаа манай гэрт ирж байгаа гээд цагаан идээ, жижиг шилтэй хэдэн пиво авчирсан. Ах, эгч хоёр уугаад сууж байхад манай нөхөр С.Б- ажлаасаа тарж ирээд манай эгч, ах хоёрын авчирсан пивоноос уугаад өөрөө гараад дэлгүүрээс адилхан шилтэй пиво авчирсан. Тэрийгээ ууж сууж байхдаа эгч, ах хоёрын өөдөөс нь харж сууж байгаад удмаараа архичин, хартай гээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд би “чи одоо боль, чи бид хоёрын асуудалд энэ хүмүүс ямар хамаатай юм” гэсэн. Тэгээд бид хоорондоо маргалдахад С.Б- “явлаа” гээд гарч явах гээд байсан. Би согтуу хүн гараад хөлдөөд үхчихнэ гэж бодоод явуулахгүй гэж хорьсон, тэгсэн чинь намайг түлхэж унагаад дээр гарч сууж байгаад миний хоолойг боосон, ...мөн тохойгоороо миний баруун шанаа руу тохойлдсон. Би өөрийгөө хамгаалахдаа өөдөөс нь эсэргүүцэж байгаад нүднийх нь доор маажсан. Тэгээд би дүүгээ дуудаж С.Б-ийг өөрөөсөө салгуулсан. Манай хамаатнууд байсан болохоор манай дүү нөхрийг аваад өрөөнд нь оруулж унтуулсан. Өглөө нь С.Б- гэрийн түлхүүр үлдээгээд машинаа аваад явсан, гэртээ ирэхгүй ямар ч байсан 20 хоног болсон. Мессежээр намайг зайлаарай, голомтоор чинь самарна, аав ээжээс чинь айхгүй, чаддаг юм бол цагдаа сэргийлэхээр яваарай гэсэн. Тэгтэл нэг танихгүй хүн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирээд би энэ байрыг танай нөхрөөс худалдаж авсан гэж хэлээд гэрээ шиг юм үзүүлсэн. Тэрнийх нь зургийг би утсан дээрээ дарж авсан, шалгуулмаар байна. Тэгээд би 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр охинтойгоо Өмнөговь аймагт аавындаа ирсэн.

...Манай нөхөр С.Б- өмгөөлөгчийн ажил хийдэг болохоор өмнө үйлдэж байсан гэр бүлийн хүчирхийллийг нь би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Энэ удаа манай ах эгч хоёр ирсэн байсан болохоор цагдаад хэлсэн. Намайг жирэмсэн байхад шөнө хөөгөөд явуулж л байсан, муудалцсан үедээ машинаас намайг буулгаад хаяад л явчихдаг, уусан үедээ гар хүрээд хэрүүл өддөг, 11 дүгээр сард бас намайг зодож байсан. Тэр үед би цагдаад мэдэгдээгүй, би 2020 оны 10 дугаар сараас С.Б-тэй хамт амьдарч байна, энэ хугацаанд хамт амьдарч байсан байраа зараад энэ байранд орсон байсан, ...би гомдолтой байна, өөрөө зодуулчхаад хамт бий болгосон байрнаасаа хөөгдөөд, С.Б- намайг зодож байрнаас хөөснөөс болж эмнэлэг цагдаагаар бага насны долоон сартай хүүхдээ дагуулж явснаас болж covid-19 туссан нь надад үнэхээр харамсалтай байна. Дундын хөрөнгөө хувааж хүүхдэдээ эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлмээр байна...” /хавтас хэргийн 19-25 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Х.Г- мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ “...Намайг хичээлээсээ ирэхэд гэрт Б эгч бас манай хамаатны эгч М-, хүргэн ах А- нар хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгаас ирсэн байсан. Б- ах ажлаасаа ирээгүй байснаа намайг унтахын өмнөхөн орж ирсэн. Тэр хэд хоол унд идээд юм яриад хөзөр тоглоод байж байсан. Тэгээд А- ах, Б- ах хоёр дэлгүүрээс пиво авахаар хамт гарах шиг болсон. Би өглөө эрт хичээлтэй болохоор орой 21 цаг гээд жижиг өрөөнд ороод унтсан. Тэгтэл шөнө 00 цагийн үед Б эгчийн “Гангаа” гээд хашгирах чимээ гараад би сэрсэн. Намайг манай гэрийнхэн Гангаа гэж дууддаг юм. Би сэрээд өрөөнөөс гарахад үүдэнд Б эгчийг нөхөр Б- нь заамдчихсан, өөрөө хувцас хунараа өмсчихсөн гарах гэж байгаа бололтой хана руу шахаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод боль гээд салгасан. Тэгтэл Б- ах би гармаар байна гэсэн, ...Б- ах нэлээн согтуу байсан, аниа ч гэсэн наадахыгаа битгий гарга гэсэн болохоор Б- ахыг би аргадаад тайвшруулсан. Тэгээд та энэ гэртээ үлд, бид нар явъя гээд би хувцсаа өмссөн чинь Б- ах та нар явах хэрэггүй ээ гээд гайгүй болохоор нь би өөрийнхөө унтаж байсан өрөөнд Б- ахыг оруулаад бид хамт унтсан. Аниа өөрийнхөө унтлагын өрөөнд хүүхэдтэйгээ, ирсэн хүмүүс том өрөөнд унтацгаасан. Б- ах гарах гээд байхдаа их согтуу байсан, тухайн үед нэг бол уучлаарай ахын дүү гээд нэг бол гараад үзчих үү, чамаас айхгүй шүү гэх мэтээр маш их тавьтиргүй загнаж байсан. Би та өөрийнхөө авсан байрандаа ганцаараа үлд, бид нар явъя гэхээр л тэр хүн арай гайгүй болж гарахаа болиод унтахаар болсон. ...Эгч түүнд заамдуулчихсан зогсож байсан, намайг дуудахаас өмнө Б- ах эгчийг яаж цохиж зодсон талаар мэдэхгүй, бодвол эгч цохиулаад л надаас тусламж хүсэж дуудсан байх гэж бодож байна.

Намайг очиж салгаснаас хойш Б- ах эгчид гар хүрээгүй, эгч уйлаад л байсан. Биед нь ил харагдахаар цус гарсан, улайсан зүйл ажиглагдаагүй, би ч нойрмог байсан. Өглөө тэднийг унтаж байхад нь би гарсан болохоор эгчийг ямар байдалтай болсон байсныг мэдээгүй, маргааш орой хичээлээсээ ирэхэд эгчийн нүүр, хүзүү, гар хөл нь хөхөрсөн байсан. Б- ах тэр өдрөөс хойш гэртээ ирээгүй. Тэгж байгаад өөрөө ч ирэхгүй байсаар байраа зарчихсан байсан, зочид ч аль хэдийн явсан байсан. ...Намайг эгчийг Б- ахаас салгаж авахад А- ах мөн авдар налчихсан байдалтай сууж байсан. М- эгч буйдангийн хажууд сууж байгаад босож ирээд аниаг авсан, өнгөрсөн намраас хойш би тэдэнтэй хамт амьдарч байгаа. Энэ хугацаанд миний нүдэн дээр бол зодоон нүдээн хийж байгаагүй, харин 11 сард намайг жижүүртэй сургууль дээрээ хонож байхад эгч чат бичээд “Баянаа агсам тавиад байна, намайг үсдээд чирлээ” гэсэн байсан, би гарч чадахгүй болохоор очиж чадаагүй. Б- гудамжинд явж байгаад л эгчтэй муудалцвал хаана ч хамаагүй хүүхэдтэй нь гудамжинд буулгаад хаячихдаг. Тэндээс таксидаад ирлээ гэх үе байсан.

...Б эгч, М- эгч хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл ерөөсөө болоогүй, ...яалаа гэж тэд нар муудалцаж ноцолдох вэ дээ, огт тийм юм болоогүй. Аниа бид хоёр бага байхдаа тэднийд их очдог, ойр өссөн хүмүүс шүү дээ ...Б- ах орой болгон шахуу ганцаараа пиво уугаад л сууж байдаг. Хааяа эгчтэй нийлээд уудаг л байсан. Эгч бол хүүхдээ хараад гэртээ өнждөг, би ихэнхидээ байдаггүй, найз охин дээрээ ирж очоод байдаг байсан. А- ах, М- эгч 2 анх удаа л тэднийд ирсэн нь энэ, гаднаас нэг их хүн орж гардаггүй айл, ...эгч ганцаараа уйдаад тэднийг ирсэн байхаар нь ороод гар л гэсэн юм шиг байна лээ...” /хавтас хэргийн 26-30 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Н.А- мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ “...Намайг 2022 оны 01 дүгээр сарын эхээр Улаанбаатарт Б-ийн гэрт байх үед Б-, Б хоёр хоорондоо муудалцаад хэрэлдээд байсан. Тухайн үед Б- бид хоёр хамт пиво уусан байсан. ...Би нэг их согтоогүй, тухайн үед би эмнэлгээр яваад жаахан ядарсан байсан юм. ...Хэрүүл юунаас болсныг мэдээгүй, би унтах гээд хэвтэж байсан, Б-, Б манай эхнэр нар хөзөр тоглож байсан. Тэгж байгаад гэнэт Б- нь явлаа гээд үүд рүүгээ явсан. Тэгсэн чинь Б явуулахгүй гээд араас нь явсан, тэгээд үүдний өрөөнд пижигнээд явчихсан.  ...Д.М- нь дүү Бтай тухайн өдөр том өрөөнд хоорондоо муудалцсан, маргалдсан асуудал болоогүй, ...манай эхнэр дүүдээ гар хүрсэн зүйл байхгүй. Ингэж үндэслэлгүй гүтгэж байгаад гайхаж байна...” /хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Д.М- мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны орой дүү Бын гэрт нөхөр А- бид хоёр хүүхдүүдийн хамт очсон, манай ам бүлийг Б ирж авсан бөгөөд бид нарыг гэрт нь очиход Бын дүү Г- ганцаараа байсан, ...гэрт нь очоод хоол унд идээд сууж байхад Бын нөхөр Б- ажлаасаа ирсэн. Б- хоол ундаа идчихээд орой бид нар хөзөр тоглосон, нөхөр бид хоёр анх айл болсон айлд очсон учраас цагаан идээ, тараг, айраг, боорцог 7 ширхэг шилтэй пиво зэргийг авч очсон. Тэгээд хөзөр тоглож байхад манай нөхөр А-, Б- нар пиво ууцгаасан, дүү бид хоёр пиво уугаагүй, пиво ч дууссан. Тэгээд Б- манай нөхрийг дагуулаад дэлгүүр гараад 10 ширхэг шилтэй пиво авч ирж, ...Б-, А- нар ууцгаасан, ...авч ирсэн 10 пивоо дуусгаад Б-, А- нар дахин дэлгүүр гарсан. Эргэж орж ирэхдээ дэлгүүр хаасан байна гэсэн, тэгэхээр нь би буусан айл руугаа явж амарлаа гэсэн чинь Б- хүүхэд багачууд чинь унтсан байхад одоо яваад яах вэ, эндээ унтаад яв, би дуудлагын пиво дуудна гэж хэлсэн, тэгээд бид хонохоор болсон юм. Б- нөгөө дуудлагын хоёр том пиво авчруулсан, эхнийхийг нь задлаад жаахан ууж байгаад манай нөхөр ядраад нойр хүрээд байна гээд буйдан дээр хэвтсэн. Б, Б- бид гурав хөзөр тоглож байсан, ...хөзөр тоглож байхад Б-, Б хоёр хоорондоо муудалцаад байсан, яг юунаас болоод байгааг нь мэдээгүй, тэгж байгаад Б- хөзрөө шидээд би явлаа гээд шууд хаалга чиглээд явсан. Тэгсэн Б чамайг явуулахгүй гээд араас нь явсан, би том өрөөнд сууж байхад түр тар гээд явчихсан. Тэгсэн чинь Б Г-аа гээд дүүгээ дуудсан, дүү нь нөгөө өрөөнөөс босоод очсон. Би бас босоод очсон чинь Б-, Быг багалзуурдаад дарчихсан байсан. Г- Б-ийг салгаад өрөө рүүгээ явсан. Тэгээд би Быг босгож авсан. Тэр үед Б- эхнэрээ янхан, гичий, өлөгчин гэх мэтээр доромжилж байсан. Тэгээд Г- Б-ийг өрөөндөө аваад унтсан. Би Быг том өрөөнд авч ирээд ийм хүн явна гэж байхад явуулж бай гэж хэлсэн, тэгээд бид нар амарсан, маргааш өглөө Б- юу ч болоогүй юм шиг босоод ажилдаа явлаа гээд яваад өгсөн. ...Б бид хоёр пиво согтууруулах ундаа хэрэглээгүй. ...Б бид хоёр хоорондоо муудалцаж маргалдах хүмүүс биш, багаасаа хамт өссөн хүмүүс байгаа юм, манай дүүг нөхөр нь боогоод унагаасан байхад би нэмээд дүүгээ зодож байна гэж юу байх вэ дээ, ...ах, эгч хоёр нь гэрт нь анх удаа очиж байхад манай дүүг ингэж боож, харааж зүхэж байгаа юм чинь энэ ч анх удаагийн үйлдэл биш гэж бодож байна...” /хавтас хэргийн 45-47 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.А- мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ “...Б 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зажлуурын булчиндаа ви лайн ботокс болон хацар шанаа, давхар эрүүний өөх хайлуулах тариа хийлгэсэн, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөх хайлуулах тариаг хацар, шанаа, давхар эрүүнд, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ви лайн ботоксийн давтан тарилгыг хийлгэсэн. Энэ өдөр өөхний тариа хийлгэх байсан боловч нүүр хавдартай байсан учир хийгээгүй. Тэрнээс хойш ирээгүй. ...Надтай Б утсаар яриад нөхөр Б-өд зодуулсан тухайгаа хэлсэн, ....надаас тарилгаас болж хөхрөлт үүсэх боломжтой юу гэж сүүлд асуусан. Б- ч гэсэн энэ талаар асуугаад байсан.

...Судас дайрсан бол хөхрөлт үүссэн байж болно. Гэхдээ хүн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй. Хөхрөлт үүсэхгүй ч байж болно, энэ зургаас харахад миний өөх хайлуулах тарилга хийсэн талбайд хөхрөлт үүссэн байна. Гэхдээ тарианых мөн, биш гэж хэлэхэд хэцүү юм...” /хавтас хэргийн 49-50 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч С.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Би эхнэр Быг зодож гэмтэл учруулаагүй. ...Б бид хоёр 2019 онд анх танилцсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сараас хамт амьдарсан, дундаасаа 7 сартай нэг охинтой хамтран амьдрагч нар, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой ажлаасаа гэртээ ирэхэд манай эхнэр Бын ах, дүү нар болох хамаатны эгч Гэрэлээ, түүний нөхөр А-, бага насны 4 хүүхдийн хамт ирчихсэн, пиво уугаад сууцгааж байсан. Намайг очихоос өмнө 10 лааз пиво авч уугаад дууссан байсан, намайг гэртээ ороход шатан дээр хүргэн ах нь дахиад пивонд явж байсан. Гэрт ороод ирсэн хойно дахиад 10 лааз пиво авч орж ирсэн, тэрнээс нь ...би хоёрыг уусан. Манай эхнэр нилээн халсан, дуу нь чангарчихсан байхаар нь “одоо болио чи хөхүүл байж” гэтэл миний үгийг тоогоогүй, “би ууна” гээд эхнэр уугаад л байсан. Мөн авсан пиво дуусахаар нь би хүмүүс ирсэн болохоор санаа зовоод өөрөө гарч 10 лааз пиво авчирсан, би дахин хоёр лааз пиво уусан. Авчирсан пиво ч дууссан, гэтэл эхнэр маань дахиад уух гээд байсан, би хүргэнийх нь хамт гартал дэлгүүр хаалттай байсан учир буцаж орж ирээд охиноо өвөртлөөд унтах гээд хэвтсэн. Тэгтэл манай эхнэр эгчээрээ 2,5 литрийн том савтай пиво хоёр ширхгийг дуудлагаар захиалуулаад авчруулсан байсан. Тэгтэл намайг хүргэн нь дуудаж сэрээгээд пиво ирсэн, дуусгалгүй орхисон хөзрөө дуусгая гэсэн. Тэгэхээр нь би босож хөзрөө тоглоод авчирсан юмнаас нь уугаад сууж байтал манай эхнэр тоглоом шоглоомоор ярьж байсан зүйлсээс уурлаж гэнэт миний толгой руу гараараа 3-4 удаа цохиод авсан. Би ах, эгч нарынхаа хажууд яаж байгаа юм бэ, зүгээр байгаарай гээд хувцаслаад гарах гэтэл намайг Б гаргахгүй гээд үүдэнд зууралдаад байхаар нь би гарах гэж зүтгээд байсан ч намайг гаргахгүй хэл амаар доромжилж, намайг өшиглөж цохиод хаалга алдалж зогсоод намайг гаргаагүй. Тэр үед жижиг өрөөнд унтаж байсан төрсөн дүү Г-ыг орилж дуудаад “Баянаа ах чинь намайг зодох гээд байна” гэсэн, дүү нь сэрээд гарч ирэхээр нь би ах нь гарах гэсэн юм, эгчийгээ холдуулаадах гэсэн чинь дүү ч бас намайг та гарч яахын бэ гэхээр нь би гарахаа болиод охиныхоо хажууд очоод хэвтсэн. Тэгэхэд нөгөө ах, эгч хоёр нь том өрөөнд сууж л байсан. Бидэн дээр ирээгүй, тэгж байтал манай эхнэр том өрөөнд эгчтэйгээ муудалцаад дээр доороо ороод ноцолдоод байсан, яг юу ярьж яаж ноцолдсоныг мэдэхгүй, хүчтэй дуу чимээ гараад орилж хашгираад ноцолдоод дээр доороо ороод байх шиг байсан. Эгч нь дүүгээ загнаад байгаа бололтой л байсан, бас л Г- салгаад Быг өрөөнд оруулаад ирэхээр нь бас хэрүүл болох байх гээд босоод эхнэрээ өрөөндөө унтуулаад би өөрөө Г-ын өрөөнд орж унтсан. Ингээд маргааш буюу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө ажилдаа явсан, тэр өдөр гэртээ буцаж очоогүй, би чамд дээрэлхүүлж чадахгүй, очихгүй гэхэд чамайг ирэхгүй бол цагдаад намайг зодсон гэж өгнө гэж зурвасаар сүрдүүлсэн. Би тэр өдрөө гэртээ очоогүй, тэгтэл 06-ны өглөө намайг очихгүй болохоор хэлснээрээ надад зодуулсан гэж цагдаад өргөдөл гаргасан байсан. Тэр асуудлаас хойш би түүнтэй өнөөдрийг хүртэл огт уулзаагүй, очоогүй, миний ээж, эгч очиж гэрээс хувцас авсан. Угаасаа тэр байр зээлтэй байсан болохоор байрыг буцааж эзэнд нь өгсөн учир Б тухайн байрнаас хүүхдээ аваад нутаг руугаа буюу Өмнөговь аймаг явсан байна лээ.

Би өөрөө түүнд өшиглүүлж цохиулж гэмтсэн, ...Б өөрөө маш их согтуу байсан, зүрхний өвчин нь хөдлөөд хана хүртэл гараараа цохиж байсан. ...Би түүнийг зодоод учирсан гэмтэл биш. ...Тэрнээс гадна Б нүүрэндээ гоо сайхны эмнэлгээр 7 хоногт 4-5 удаа нүүрний өөх хайлуулах тариа хийлгэж байсан. Тэрнээс болоод нүүр нь хөндүүр зовиуртай, хөхрөлттэй байсан. Хөхрөлт хөндүүр бол үүсдэг юм байна лээ. ...Жижиг сажиг гэр бүлийн маргаан бол болж байсан ч цагдаад дуудлага өгч шалгуулах хэмжээний асуудал гарч байгаагүй, түүний төрсөн дүү Г- оюутан болохоор манайд түр суудаг байсан. Тэр хүн бидний дунд гэр бүлийн хэрүүл маргаан болж байгаагүйг тухайн өдөр хэн нь хэнийгээ зодсоныг мэдэж байгаа байх. Би 4 лааз пиво л уусан, өөрийгөө хянах чадвартай байсан. Манай эхнэр бол их согтсон байсан. Бид энэ асуудлаас өмнө хэрүүл маргаантай л байсан, таарч тохирохгүй салж сарних яриа гарч л байсан. Тухайн өдөр надаас гадна нөгөө эхнэрийн ах А-, эгч М- нар бас нилээн согтолттой байсан. Тэд намайг бодвол харьцангуй их буюу 7-8 лааз пиво уусан байсан. Тэгсэн атлаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө намайг дүүг нь зодсон юм шиг агуулгатай мэдүүлэг өгсөн, мөн дүүтэйгээ зууралдсан тухай асуудлаа огт дурдаагүй байгааг намайг яллагдагчаар татсан тогтоол дээрээс харлаа. ...Би Быг эгч М-тэйгээ зууралдаж байхад салгаж унтуулсан, Г-ыг гэрчээр дахин асуулгамаар байна, М- болон А- нартай би нүүрэлдэж мэдүүлэг өгмөөр байна, шинжээч эмчээс мэдүүлэг авч, Бд учирсан гэмтлүүдийг гэмтэл тус бүрээр нь зааглаж тодруулмаар байна. Энэ нь Бд учирсан гэмтлийг би дангаараа учруулаагүй гэдгийг нотлох ач холбогдолтойгоос гадна гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгахад чухал гэж үзэж байна. Б намайг гаргахгүй гээд үүдэнд зууралдаж байхад би санамсаргүй тохойгоороо түүний нүүр орчимд хүрсэн байж магадгүй юм, тэрнээс бусад нуруу, хэвлий зэрэгт учирсан гэмтлийг би огт мэдэхгүй, магадгүй өөрөө ч юм уу, бусад этгээд түүнд учруулсан байх боломжтой гэж бодож байгаа. Мөн Бын нүүрэнд ботокс тариа хийлгэсэн. С- гоо сайхны эмнэлгийн эмч Анугаас мэдүүлэг авхуулмаар байна...” /хавтас хэргийн 79-81 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №1470 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Х.Бын биед цээж, хэвлий, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 54-55 дахь тал/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №200 дугаартай дүгнэлтэд: “...1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1470 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Х.Бын биед цээж, хэвлий, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байх ба эдгээр гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 67-68 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 8 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 9-10 дахь тал/,

- Аюулын зэргийн үнэлгээ /хавтас хэргийн 11-12 дахь тал/,

- Ботокс хийлгэх үйлчлүүлэгчийн зөвшөөрлийн хуудас, С- эмнэлгийн тарилга хийлгэсний дараах зөвлөмж /хавтас хэргийн 51-52 дахь тал/,

- Шүүгдэгч С.Б-ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн хуулбар /хавтас хэргийн 90-91 дэх тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 92 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 93-95 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 89 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч С.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Р” хотхоны А блок, 000 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хамтран амьдрагч Х.Бтай маргалдаж, түүнийг түлхэж унагаагаад дээр нь гарч хоолойг нь боож, баруун хацарт тохойгоороо цохиж зодон биед нь цээж, хэвлий, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Бын “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой нагац эгч М- нөхөр А-ын хамт гэр бүлээрээ Өмнөговь аймгаас манайд ирсэн. Анх удаа ирж байгаа юм чинь гээд цагаан идээ, жижиг шилтэй хэдэн пиво авчирсан. Ах эгч хоёр уугаад сууж байхад манай нөхөр С.Б- ажлаасаа тарж ирээд манай эгч, ах хоёрын авчирсан пивоноос уугаад өөрөө гарч дэлгүүрээс адилхан шилтэй пиво авчирсан. Тэрийгээ уугаад ах, эгч хоёрын өөдөөс нь хараад сууж байгаад “удмаараа архичин, хартай” гээд хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би “чи одоо боль, чи бид хоёрын асуудалд энэ хүмүүс ямар хамаатай юм” гэсэн. Тэгээд Б- бид хоёр хоорондоо маргалдахад Б- явлаа гээд гарч явах гээд байсан. Тэгэхээр нь би согтуу хүн гараад хөлдөөд үхчихнэ гэж бодоод явуулахгүй гэж хорьсон, тэгсэн чинь намайг түлхэж унагаад дээр гарч сууж байгаад миний хоолойг боосон, ...тохойгоороо миний баруун шанаа руу тохойлдсон. Би өөрийгөө хамгаалахдаа өөдөөс нь эсэргүүцэж нүднийх нь доор маажсан. Тэгээд дүү Г-ыг дуудаж Б-ийг салгуулсан, манай хамаатнууд байсан болохоор нөхрийг аваад өрөөнд нь оруулж унтуулсан. Өглөө нь С.Б- гэрийн түлхүүр үлдээгээд машинаа аваад явсан. Мессежээр намайг зайлаарай, голомтоор чинь самарна, аав ээжээс чинь айхгүй, чаддаг юм бол цагдаагаар яваарай гэсэн. Тэгтэл нэг танихгүй хүн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирээд энэ байрыг би танай нөхрөөс худалдаж авсан гээд гэрээ шиг юм үзүүлсэн. Тэгээд би 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүүхдээ дагуулаад Өмнөговь аймагт аавындаа ирсэн...” /хавтас хэргийн 19-25 дахь тал/ гэсэн,

Гэрч Х.Г-ын “...Тэр хэд хоол унд идээд юм яриад хөзөр тоглоод байж байсан. Тэгээд А- ах, Б- ах хоёр дэлгүүрээс пиво авахаар хамт гарах шиг болсон. Би ч өглөө эрт хичээлтэй учир 21 цаг гээд жижиг өрөөнд ороод унтсан. Тэгтэл ...00 цагийн үед Б эгчийн “Гангаа” гээд хашхирах чимээ гараад би сэрсэн. Намайг манай гэрийнхэн Гангаа гэж дууддаг юм. Би сэрээд өрөөнөөс гарч үүдэнд очиход Б эгчийг нөхөр Б- нь заамдчихсан, хувцас хунараа өмсчихсөн гарах гэж байгаа бололтой хана руу шахаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод боль гээд салгасан. Тэгтэл Б- ах би гармаар байна гэсэн, ...Б- ах нэлээн согтуу байсан, аниа ч гэсэн наадахыгаа битгий гарга гэсэн болохоор Б- ахыг би аргадаад тайвшруулсан. Тэгээд та энэ гэртээ үлд, бид нар явъя гээд би хувцсаа өмссөн чинь Б- ах та нар явах хэрэггүй гээд гайгүй болохоор нь би өөрийнхөө унтаж байсан өрөөнд Б- ахыг оруулаад бид хамт унтсан. ...Эгч түүнд заамдуулчихсан зогсож байсан, намайг дуудахаас өмнө Б- ах эгчийг яаж цохиж зодсон талаар мэдэхгүй, бодвол эгч цохиулаад л надаас тусламж хүсэж дуудсан байх гэж бодож байна. Намайг очиж салгаснаас хойш бол Б- ах эгчид гар хүрээгүй, эгч уйлаад л байсан. ...Маргааш орой нь хичээлээсээ ирэхэд эгчийн нүүр, хүзүү, гар хөл нь хөхөрсөн байсан. ...Б эгч, М- эгч хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл ерөөсөө болоогүй, ...яалаа гэж тэд нар муудалцаж ноцолдох вэ дээ, огт тийм юм болоогүй...” /хавтас хэргийн 26-30 дахь тал/ гэсэн,

гэрч Н.А-ын “...Намайг 2022 оны 01 дүгээр сарын эхээр Улаанбаатарт Б-ийн гэрт байх үед Б-, Б хоёр хоорондоо муудалцаад хэрэлдээд байсан. Тухайн үед Б- бид хоёр хамт пиво уусан байсан. ...Би нэг их согтоогүй, тухайн үед эмнэлгээр яваад жаахан ядарсан байсан. ...Хэрүүл юунаас болсныг мэдээгүй, би унтах гээд хэвтэж байсан юм. Б-, Б манай эхнэр нар хөзөр тоглоод байсан. Тэгж байгаад гэнэт Б- нь явлаа гээд үүд рүүгээ явсан. Тэгсэн чинь Б явуулахгүй гээд араас нь явсан, тэгээд үүдний өрөөнд пижигнээд явчихсан. ...Д.М- нь дүү Бтай тухайн өдөр том өрөөнд хоорондоо муудалцсан маргалдсан асуудал болоогүй ...Манай эхнэр дүүдээ гар хүрсэн зүйл байхгүй. Ингэж үндэслэлгүй гүтгэж байгаад гайхаж байна...” /хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн,

гэрч Д.М-ийн “...Дүү Бын гэрт нөхөр А- бид хоёр хүүхдүүдийн хамт очсон, манай ам бүлийг Б ирж авсан, ...гэрт нь очоод хоол унд идээд сууж байхад Бын нөхөр Б- ажлаасаа ирсэн. Б- хоол ундаа идчихээд орой бид нар хөзөр тоглосон, нөхөр бид хоёр анх айл болсон айлд очсон учраас цагаан идээ, тараг, айраг, боорцог, 7 ширхэг шилтэй пиво зэргийг авч очсон. Тэгээд хөзөр тоглож байхад манай нөхөр А-, Б- нар пиво ууцгаасан, дүү бид хоёр пиво уугаагүй, пиво ч дууссан. Тэгээд Б- манай нөхрийг дагуулаад дэлгүүр гараад 10 ширхэг шилтэй пиво авч ирж, ...Б-, А- нар ууцгаасан, ...авч ирсэн 10 пивоо дуусгаад дахин Б-, А- нар дахин дэлгүүр гарсан. ...Б- нөгөө дуудлагын хоёр том пиво авчруулсан эхнийхийг нь задлаад жаахан ууж байгаад манай нөхөр ядраад нойр хүрээд байна гээд буйдан дээр хэвтсэн. Б, Б- бид гурав хөзөр тоглож байсан, ...хөзөр тоглож байхад Б-, Б хоёр хоорондоо муудалцаад байсан, яг юунаас болоод байгааг нь мэдээгүй, тэгж байгаад Б- хөзрөө шидээд би явлаа гээд шууд хаалга чиглээд явсан. Тэгсэн Б чамайг явуулахгүй гээд араас нь явсан, би том өрөөнд сууж байхад түр тар гээд явчихсан. Тэгсэн чинь Б Г-аа гээд дүүгээ дуудсан, дүү нь нөгөө өрөөнөөс босоод очсон. Би бас босоод очсон, Б-, Быг багалзуурдаад дарчихсан байсан. Г- Б-ийг салгаж аваад өрөө рүү явсан. Тэгээд би Быг босгож авсан. Тэр үед Б- эхнэрээ янхан, гичий, өлөгчин гэх мэтээр доромжилж байсан.

...Б бид хоёр хоорондоо муудалцаж маргалдах хүмүүс биш, багаасаа хамт өссөн хүмүүс, манай дүүг нөхөр нь боогоод унагаасан байхад би нэмээд дүүгээ зодож байна гэж юу байх вэ дээ, ...ах, эгч хоёр нь гэрт нь анх удаа очиж байхад манай дүүг ингэж боож, харааж зүхэж байгаа юм чинь энэ ч анх удаагийн үйлдэл биш гэж бодож байна....” /хавтас хэргийн 45-47 дахь тал/ гэсэн,

гэрч Г.А-ы “...Б 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зажлуурын булчиндаа ви лайн ботокс болон хацар шанаа, давхар эрүүний өөх хайлуулах тариа хийлгэсэн, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөх хайлуулах тариаг хацар, шанаа, давхар эрүүнд, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ви лайн ботоксийн давтан тарилгыг хийлгэсэн. Энэ өдөр өөхний тариа хийлгэх байсан боловч нүүр хавдартай байсан учир хийгээгүй. ...Надтай Б утсаар яриад нөхөр Б-өд зодуулсан тухайгаа хэлсэн, ....надаас тарилгаас болж хөхрөлт үүсэх боломжтой юу гэж нэлээн сүүлд асуусан. Б- ч гэсэн энэ талаар асуугаад байсан, ...судас дайрсан бол хөхрөлт үүссэн байж болно. Гэхдээ хүн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй, хөхрөлт үүсэхгүй ч байж болно. Энэ зургаас харахад миний өөх хайлуулах тарилга хийсэн талбайд хөхрөлт үүссэн байна. Гэхдээ тарианых мөн, биш гэж хэлэхэд хэцүү юм...” /хавтас хэргийн 49-50 дахь тал/ гэсэн,

шүүгдэгч С.Б-ийн “...Б бид хоёр 2019 онд анх танилцсан, 2020 оны 01 дүгээр сараас хамт амьдарсан, дундаасаа 7 сартай нэг охинтой хамтран амьдрагч нар, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой ажлаасаа гэртээ ирэхэд манай эхнэр Бын ах дүү нар болох хамаатны эгч Гэрэлээ, түүний нөхөр А-, бага насны 4 хүүхдийн хамт ирчихсэн, тэд пиво уугаад сууцгааж байсан. ...Намайг Б гаргахгүй гээд үүдэнд зууралдаад байхаар нь би гарах гэж зүтгээд байсан ч намайг гаргахгүй хэл амаар доромжилж, намайг өшиглөж цохиод хаалга алдалж зогсоод намайг гаргаагүй. Тэр үед жижиг өрөөнд унтаж байсан төрсөн дүү Г-ыг орилж дуудаад “Баянаа ах чинь намайг зодох гээд байна” гэсэн, дүү нь сэрээд гарч ирэхээр нь би ах нь гарах гэсэн юм, эгчийгээ холдуулаадах гэсэн чинь дүү ч бас намайг та гарч яахын бэ гэхээр нь би гарахаа болиод охиныхоо хажууд очоод хэвтсэн. Тэгэхэд нөгөө ах эгч хоёр нь том өрөөнд сууж л байсан, бидэн дээр бол ирээгүй, ...маргааш буюу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө би ажилдаа явсан, тэр өдөр гэртээ буцаж очоогүй, би чамд дээрэлхүүлж чадахгүй, очихгүй гэхэд чамайг ирэхгүй бол цагдаад намайг зодсон гэж өгнөө гэж мессежээр сүрдүүлсэн. Би тэр өдрөө гэртээ очоогүй, тэгтэл 06-ны өглөө намайг очихгүй болохоор хэлснээрээ надад зодуулсан гэж цагдаад өргөдөл гаргасан байсан. Тэр асуудлаас хойш би түүнтэй өнөөдрийг болтол огт уулзаагүй, очоогүй, миний ээж, эгч очиж гэрээс хувцас авсан. Угаасаа тэр байр зээлтэй байсан болохоор байрыг буцааж эзэнд нь өгсөн учир Б тухайн байрнаас хүүхдээ аваад нутаг руугаа буюу Өмнөговь аймаг явсан байна лээ.

...Б намайг гаргахгүй гээд үүдэнд зууралдаж байхад би санамсаргүй тохойгоороо түүний нүүр орчимд хүрсэн байж магадгүй...” /хавтас хэргийн 79-81 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №1470 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Х.Бын биед цээж, хэвлий, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 54-55 дахь тал/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны №200 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1470 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Х.Бын биед цээж, хэвлий, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байх ба эдгээр гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 67-68 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 9-10 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Х.Бын эрүүл мэндэд учирсан “...цээж, хэвлий, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.Б-ийн түүнийг түлхэж унагаасан, боосон, тохойлдсон зэрэг идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Б-ийн хохирогч Х.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Шүүгдэгч С.Б- хамтран амьдрагч Х.Быг “гэрээс гаргасангүй” гэх шалтгаанаар түлхсэн, боосон, тохойлдсон нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхгүйг хүчирхийлэлд тооцохоор заасан.

 

          Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн түгээмэл хэлбэр нь бие махбодын хүчирхийлэл бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэх бөгөөд шүүгдэгчийн хийсэн санаатай үйлдэл нь энэ хуульд заасны дагуу бие махбодын хүчирхийлэл гэхээр хуульчилсан.

         

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.

         

          Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

 

          Шүүгдэгч С.Б- нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, ...хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх... үүргийг адил хүлээнэ” гэснийг үл биелүүлж хамтран амьдрагч Х.Быг гэр бүлийн гишүүний хүчирхийллээс ангид орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн байна.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь 2020 оны 01 дүгээр сараас хойш хамт амьдарч байгаа, дундаасаа 1 хүүхэдтэй болох шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдох бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч С.Б-ийг хамтран амьдрагч Х.Бын биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч С.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, шалтгаан нөхцөл, хохирогч гомдолтой гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч С.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бын биед цээж, хэвлий, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлэхгүй, гомдолтой гэсэн тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2000002120289 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б- “...Миний байр суурь огт гэм буруугүй гэж маргаагүй, Х.Бын биед санаатайгаар тэр хэмжээний хохирол учруулаагүй, хэт нэг талдаа яваад байгааг шүүх анхаарна уу. ...Улсын яллагчийн дурдаад байгаа 2022 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө би Х.Бтай хамт байгаагүй...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал “...Хохирогчийн зүй бус үйлдлээс болж маргаан үүссэн, ...С.Б-ийн хувьд маргаан гарах нь гээд гараад явах гэхэд хохирогч хориглосон. ...Хохирогчийн биед гэмтэл учруулах сэдэл, санаа зорилго байгаагүй, харин ч С.Б-ийн биед гэмтэл учирсан талаар хэрэгт баримт байгаа. ...Гэмт хэргийн шинжгүй учир цагаатгаж өгнө үү...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат “...Хохирогч, шүүгдэгч нар хувийн таарамжгүй харилцаанаас болоод явна, явахгүй гээд харилцан бие биедээ хүрсэн гэх үйл баримтын нотолгоо явагдаж байна. ...Биеийн гадаргуугийн 1 хувиас хэтрэхгүй зөөлөн эдийн гэмтлийг гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж заасан байдаг хохирогчид учирсан гэмтэл 1 хувьд хүрэх эсэх нь эргэлзээтэй, зөөлөн эд эмзэглэлтэй байсан эсэх асуудал тодорхойгүй...” гэсэн мэдүүлэг, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан хохирогч Х.Бын “...Тэгээд хоорондоо маргалдаад явлаа гээд гараад явах гээд байсан. Тэгэхээр нь би согтуу хүн гараад хөлдөөд үхчихнэ гэж бодоод явуулахгүй хорьсон, тэгсэн чинь намайг түлхэж унагаад дээрээс гарч сууж байгаад хоолойг минь боосон, ...тохойгоороо миний баруун шанаа руу тохойлдсон. Би өөрийгөө хамгаалахдаа өөдөөс нь эсэргүүцэж байгаад нүднийх нь доор маажсан...” /хавтас хэргийн 19-25 дахь тал/ гэсэн,

Гэрч Х.Г-ын “...00 цагийн үед Б эгчийн “Гангаа” гээд хашхирах чимээ гараад би сэрсэн. Намайг манай гэрийнхэн Гангаа гэж дууддаг юм. Би сэрээд өрөөнөөс гарахад үүдэнд Б эгчийг нөхөр Б- нь заамдчихсан хувцас хунараа өмсчихсөн гарах гэж байгаа бололтой хана руу шахаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод боль гээд салгасан, эгч түүнд заамдуулчихсан зогсож байсан, намайг дуудахаас өмнө Б- ах эгчийг яаж цохиж зодсон талаар мэдэхгүй байна, бодвол эгч цохиулаад л надаас тусламж хүсэж дуудсан байх гэж бодож байна...” /хавтас хэргийн 26-30 дахь тал/ гэсэн,

Гэрч Н.А-ын “...Тэгсэн чинь Б явуулахгүй гээд араас нь явсан, тэгээд үүдний өрөөнд пижигнээд явчихсан...” /хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн,

Гэрч Д.М-ийн “...Б- хөзрөө шидээд би явлаа гээд шууд хаалга чиглээд явсан. Тэгсэн Б чамайг явуулахгүй гээд араас нь явсан, би том өрөөнд сууж байхад түр тар гээд явчихсан. Тэгсэн чинь Б Г-аа гээд дүүгээ дуудсан, дүү нь нөгөө өрөөнөөс босоод очсон. Би бас очсон чинь Б-, Быг багалзуурдаад дарчихсан байсан. Г- Б-ийг салгаж аваад өрөө рүү явсан. Тэгээд би Быг босгож авсан, тэр үед Б- эхнэрээ янхан, гичий, өлөгчин гэх мэтээр доромжилж байсан...” /хавтас хэргийн 45-47 дахь тал/ гэсэн,

Гэрч Г.А-ы “...Надтай Б утсаар яриад нөхөр Б-өд зодуулсан тухайгаа хэлсэн, ....надаас тарилгаас болж хөхрөлт үүсэх боломжтой юу гэж нэлээн сүүлд асуусан. Б- ч гэсэн энэ талаар асуугаад байсан, ...судас дайрсан бол хөхрөлт үүссэн байж болно. Гэхдээ хүн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй. Хөхрөлт үүсэхгүй ч байж болно....” /хавтас хэргийн 49-50 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №1470 дугаартай дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт: Цээжний зүүн хажуу хэсэгт 7х3см хөхөлбөр өнгийн цус хуралттай, төв хэсэгтээ 1,3х03см хүрэн өнгийн зулгаралттай, орчны эд бага зэргийн хавдартай, тэмтрэлтээр эмзэглэлтэй, хэвлийн зүүн хажуу хэсэгт 18х2,3см төв хэсэгтээ хүрэн өнгийн зурагдал бүхий зулгаралттай, хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун хацарт 3х3,5см хөхөлбөр өнгийн цус хуралттай, бага зэргийн хавдартай, тэмтрэлээр эмзэглэлтэй, хүзүүний баруун хажуу хэсэгт 5х4см цус хуралтын төв хэсэгт 2х03 см хүрэн өнгийн зулгаралттай.

Дүгнэлт: 1. Х.Бын биед цээж, хэвлий, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 54-55 дахь тал/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны №200 дугаартай бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд: “...1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1470 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Х.Бын биед цээж, хэвлий, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байх ба эдгээр гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 67-68 дахь тал/ гэсэн дүгнэлтээр няцаагдах бөгөөд дээрх мэдүүлэг, дүгнэлтүүд хуульд заасан журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай байна.

 

Харин шүүгдэгч С.Б-ийн “...Санаатайгаар биед хөнгөн хэмжээний гэмтлийг учруулаагүй...” гэснийг нотолсон баримт хэрэгт авагдаагүйн дээр түүний дээрх мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” гэж зааснаар буруутгах үндэслэл болохгүй.

 

Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “...Гэмт хэрэг гарсан цаг хугацаа зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул шүүх дахин шинжээч томилж өгнө үү” гэсэн агуулга бүхий асуудлаар мэтгэлцэж оролцсон санал дүгнэлтийн тухайд: Гэмт хэрэг гарсан цаг хугацааг хохирогчийн мэдүүлэг /хавтас хэргийн 19-20, 21-23 дахь тал/, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн лавлагааны хуудас /хавтас хэргийн 8 дахь тал/-т “...Дуудлагын утга: Нөхөр Б--91110405 хоёр хоногийн өмнө намайг зодоод өчигдөр гараад явсан, тэгсэн одоо намайг утсаар дарамтлаад байна гэх” агуулгатай дуудлагыг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн, гэрч Х.Г-, Х.А-, Д.М- нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэж мэдүүлсэн зэргээр тухайн гэмт хэрэг 2022 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө гарсан гэж үзэхээр байх бөгөөд прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд цаг хугацааг зөрүүтэй бичиж, засварласан байгаа нь техникийн шинжтэй алдаа, хяналт тавьж буй прокурорын хайнга байдал байна.

Гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 04, 05, эсхүл 06-ны өдөр юм шиг бичигдсэн боловч хэзээ, хаана, ямар үйл явдал болсон талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нар тогтвортой мэдүүлдэг учир цаг хугацааг буруу тогтоосон гэж үзэх боломжгүйн дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хязгаарласан, зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж шүүхээс үзэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дангаар болон бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтүүдийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүхээс дахин дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж өгнө үү гэх санал үндэслэлгүй, шүүх хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт С-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-гийн Б-ийг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.Б-өд оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2000002120289 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Х.Б гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР