Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1219

 

 

 

 

 

 

 

     2022           9           30                                           2022/ШЦТ/1219

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг /ҮД:0505/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0728 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар захирамжаар хугацаанаас өмнө суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, 07 сар 26 хоногийн ялыг биелүүлээгүй тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ХМШЗ/64 дугаартай захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар дүйцүүлэн сольсон,

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.М нь 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” караокены гадна иргэн С.Огийн халааснаас “Самсунг А-52” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 589 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, хохирол төлсөн талаарх тэмдэглэл зэргийг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Ж.М:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.М нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч гэсэн бол түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ж.М нь 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” караокены гадна хохирогч С.Ог согтууруулах ундааны зүйл уусан байдалтай, бусадтай маргалдаж байхад нь халааснаас “Самсунг А-52” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч С.Огийн “...Би 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчим ажлаа тараад ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын ард байрлалтай нийтийн караокед орсон юм. Тэгээд 0,5 граммын Сэнгүр нэртэй пиво 4 шилийг уусан. Би тус караокенаас шөнийн 00 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд өөрийн гар утсаа үзэхэд байхгүй болчихсон байсан. Би өөрийн гар утсаа алдчихсан эсвэл, хаячихсан талаараа сайн санахгүй байсан. Миний үйлчлүүлсэн караоке нь их хүнтэй, дүүрэн байсан. Тэгээд гар утсаа олж авах зорилгоор цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх6-7/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэлд: Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр “Андууд” нэртэй караокены хяналтын камерын цагаар 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цаг 33 минутад хоёр эрэгтэй хүн хоорондоо маргалдаж байгаа мэт харагдана. Түүний хажууд цагаан цамц, хар хантаазтай, хар гуталтай хүн зогсож байгаа. 34 минут 28 секундэд хохирогчийн хажууд зогсож байсан эрэгтэй, цагаан өнгийн цамцтай, хар өнгийн хантаазтай, саарал өнгийн мэт өмдтэй, хар мэт өнгийн гуталтай хүн зогсож, хохирогчийн өмссөн өмдний баруун талын халаас руу зүүн гараа хийж, халааснаас нь ямар нэг эд зүйл авах мэд хөдөлгөөн хийж байгааг харуулав” гэжээ. /хх19/, шүүгдэгч Ж.М яллагдагчаар мэдүүлсэн “...тэр хоёр залуу хоорондоо барилцаад зодолдох гээд байхаар нь би очиж салгаж байгаад халааснаас нь утсыг нь аваад явчихсан юм. Тэгээд уг утсыг Хангай захын ойролцоо зогсож байсан таксины жолоочид 30.000 төгрөгөөр зараад архи аваад уучихсан юм. Би тухайн үед ганцаараа явж байсан бөгөөд миний хулгайлж авсан утас нь дэлгэц нь хагархай хар өнгийн Самсунг А-52 маркийн гар утас байсан...” гэсэн /хх56/ мэдүүлэг, мөн шүүх хуралдаанд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч байна гэснээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

3. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг бусадтай маргалдаж байх явцад нь нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх ба уг үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 700.000 төгрөгийн хохирол /хх10/ учирсан байна.

4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

5. Шүүгдэгч нь хохирогч С.Од ижил төрлийн утас авч өгсөн гэсэн бол хохирогч нь хохирол төлөгдсөн талаар тэмдэглэлд тусгуулсан байна. Тиймээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

6. Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгүүлэх санал, дүгнэлт гаргасан.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Ж.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, урьд ял шийтгүүлсэн нь хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй, хуульд заасан хамгийн бага хэмжээгээр хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан.

8. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй. Шүүгдэгч Ж.М нь хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

9. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын байдал бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.

10. Шүүгдэгч Ж.М нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлээгүй тул  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ХМШЗ/64 дугаартай захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар дүйцүүлэн сольсон байна. Иймд түүнд хорих ял сонгон оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.   

11. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

12. Шүүгдэгч Ж.М нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ХМШЗ/64 дугаартай захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар дүйцүүлэн сольсон хорих ялаас 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 5 сарын хорих ял байгаа болох нь ялын тооцоогоор тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Н.Отгонбаярт оногдуулсан 8 сарын хорих ял дээр, зорчих эрхийг хорих ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил, 1 сараар тогтоов.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мын 2022.9.15-2022.9.30 хүртэл шүүхийн шатанд цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцов.

16. Өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэгээс шүүгдэгч Ж.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, эрүүгийн 2208 02007 1404 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх шатанд байгаа. Тиймээс тухайн эрүүгийн хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Учир нь Эрүүгийн хэргийг нэгтгэн шалгах зохицуулалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд зааснаар мөрдөн байцаалтын шатанд хийгдэх ажиллагаа бөгөөд шүүхийн шатанд хэргийг нэгтгэх хууль зүйн боломжгүй юм. Түүнчлэн яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэл байхгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мыг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд энэ тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ял дээр, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ХМШЗ/64 дугаартай захирамжаар зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг хугацааг 1 /нэг/ жил 1 /нэг/ сараар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мын цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР