Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1234

 

   

 

 

 

 

 

    2022            10            04                                        2022/ШЦТ/1234

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Х.Лх..........нэ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0122 41502 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.......д овогт Х..........нийн Лх..........нэ, Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1998 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 24 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “....................................5.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Х.Лх..........нэ нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хувиараа такс үйлчилгээнд явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх хуучин 22-ын товчооны буудал дээр буухдаа гээсэн хохирогч Б.Ц.............рын эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хар өнгийн Samsung S21 Ultra маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж бусдад зарж борлуулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Х.Лх..........нэ нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчим Toyota Prius-20 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа Драгон гэх газрын орчмоос Д.Ц.............рыг суулгаж түүнийг Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Цахилгаан тээвэр” ХХК-ийн урд байрлах “МТ” шатахуун түгээх газрын орчим буулгасан байх бөгөөд тухайн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн Д.Ц.............р нь тээврийн хэрэгсэл дотор “Samsung S21 Ultra” маркийн гар утсаа мартаж буусан байна. Ийнхүү шүүгдэгч Х.Лх.......энэ нь тээврийн хэрэгсэл дотроос Д.Ц.............рын мартаж буусан гар утсыг олоод 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ашиг олох зорилгоор тухайн гар утсыг “ТЭДИ” худалдааны төвийн орчим БГ............ход “өөрийн найз охин Б.Х............лын гар утас” гэж худал хэлэн зарж борлуулан завшиж Д.Ц.............рт 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-1, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын хуудаст: “...Дуудлага өгсөн: 88......24, ...Дуудлага хүлээн авсан: 2022-3-08 10:50:30, ...Дуудлагын утга: халааснаасаа Самсунг Эс-21 загварын гар утсаа хулгайд алдсан...” гэх баримт (хавтаст хэргийн 7 дахь тал),

- Хохирогч Б.Ц.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ...найз руугаа яриад ирээгүй болохоор нь такси бариад урдаас нь явж байхад найзтайгаа холбогдоод, утсаа далд хийгээд таксинаас буугаад Samsung S21 Ultra маркийн гар утсаа гаргаж ирэх гэхэд байхгүй байсан. Тэгээд би маргааш нь буюу 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр цагдаад хандсан...Миний гар утас... гадуураа хамгаалалтын гэртэй... имэй код нь 350635584982523 358425144982624 гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

- Иргэний нэхэмжлэгч БГ............хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр би Тэди гар утас худалдааны төвийн гадна ажлаа хийгээд зогсож байхад нэг залуу ирээд “Samsung S21 Ultra” байна, худалдаж авах уу гэхээр нь авна хайрцаг сав нь байгаа юу гэхэд манай найз охины утас гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайх утсаа авахдаа иргэний үнэмлэх лавлагаатай авна гэхэд нөгөө залуу яваад найз охиноо дагуулж ирээд утсыг нь 1.500.000 төгрөгөөр авахаар тохироод Баярсайханы Х............лын ФА02260404 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа өгөөд надад утсаа зарсан. Тухайн залуу нь мөнгөө миний данс руу хийчих гээд Худалдаа хөгжлийн банкны 417022496 тоот Х..........нэ гэсэн данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Би тухайн гар утсыг лангуун дээр тавьж байгаад зарсан ба тухайн гар утас зарсан хүн цагдаагаас дуудаад байна гэхээр нь би “Samsung S21 Ultra” маркийн гар утасны оронд өөр гар утас өгч хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

- Эд  зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэлд: “...БГ............хоос ХААН банкны 5077..4005 тоот дансны ...1 хуудас бүхий дансны хуулга, Б.Х............лын ...иргэний үнэмлэхийн лавлагааг ...хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэх баримт (хавтаст хэргийн 61 дэх тал),

- БГ............хын ХААН банкны 5077..4005 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 03/08/2022... харьцсан данс 000417022496, цаг: 16:23, хуулгын агуулга: S21ULTRA, зарлага: 1.500.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 62 дахь тал),   

- Шүүгдэгч Х.Лх..........нийн бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Миний бие... Лх..........нэ нь S21 утас зарсан мөнгийг сайн дураараа хүлээлгэн өгч байна. Худалдаа хөгжлийн банкны 4170..2496 тоот дансанд орсон 1.500.000 төгрөгийг хүлээлгэн өгч байна...” гэх баримт (хавтаст хэргийн 65 дахь тал),

- Гэрч Э.Э......мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Samsung S21 Ultra маркийн 350635584982523 358425144982624 имэй дугаартай гар утсыг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Тэди гар утасны худалдааны төвөөс ...2.500.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

- “ЖИМОБАЙЛ” ХХК-ийн албан бичигт: “...Танай газрын... тоотод дурдсан  IMEI кодуудаас 350635584982523 кодтой утсыг 9300..33 дугаарт ашиглаж байна...” гэх баримт (хавтаст хэргийн 37 дахь тал),

- 9300..33 дугаар эзэмшигчийн мэдээлэлд: “...Хэрэглэгчийн овог нэр: Энхбатын Эрхэм...” гэх баримт (хавтаст хэргийн 38 дахь тал),

- “Тэнцвэр- Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №479 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “...Samsung S21 Ultra...гар утас 2.000.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал)

Шүүгдэгч Х.Лх..........нэ нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр...Өөрийн эзэмшлийн Приус 30 маркийн ............ улсын дугаартай авто машинтай явж байхад...хохирогчийг Драгон төвөөс аваад Депо автобусны буудлын ойролцоох шатахуун түгээх газарт буулгасан...хохирогчийг буулгахад...22 цагийн болж байсан. Тэгээд гэртээ хариад машины суудлын хойд суудал дээр хохирогчийн утас байхыг харсан. Хохирогчийн гар утас руу хүн залгахгүй байсан тул найз охин Х............лтай яриад гар утсыг худалдахаар шийдсэн...Миний утас руу танихгүй дугаар залгасан болохоор цагдаа залгахад утсаа аваагүй учраас цагдаа дарга руу ярьж намайг хүний гээгдэл эд зүйлд авсан гэдгийг хэлээд цагдаагийн байгууллагад дуудсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн... Би оройн цагаар хувиараа такси үйлчилгээнд явдаг... Би хохирогчийн гар утсыг Тэди төвд зарсан... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн ) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Х.Лх..........нийн яллагдагчаар өгсөн: “...өмнө нь өгсөн мэдүүлэг дээр тодорхой ярьсан. ...өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар дурдсаныг үндэслэлгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл тухайн мэдүүлэгт шүүгдэгч нь ямар гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлээгүй, нөгөө талаар түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгийг иш татсан нь хууль зүйн үндэслэлгүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэлгүй болгоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Лх..........нэ нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Х.Лх..........нэ нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, гээгдэл эд хөрөнгө буюу “Samsung S-21 ultra маркийн гар утас бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Лх..........нэ нь “Samsung S-21 ultra маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хохирогч Б.Ц.............рын гар утсыг завшсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол учирсан болох “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Х.Лх..........нийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц.............рт 2.000.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч Х.Лх..........нэ нь хохирогчид утсыг нь буцаан өгсөн болох нь (хавтаст хэргийн 89 дэх тал) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Х.Лх..........нийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Х.Лх..........нэ нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Х.Лх..........нэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 89, 90 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 96, 97 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 98-99 дэх тал),

- Эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тогтоолд: “...Хар өнгийн Samsung S-21 ultra маркийн 350635584982523 358425144982624 имэй дугаартай гар утсыг хураан авав...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 58 дахь тал)

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Хар өнгийн Samsung S-21 ultra маркийн 350635584982523 358425144982624 имэй дугаартай гар утсыг хохирогч Б.Ц.............рт 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөв...” гэх баримт (хавтаст хэргийн 60 дахь тал)

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 81, 82 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 80 дахь тал), Билэгт ТРАК ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Лх..........нэ, хохирогч Б.Ц.............р нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Х.Лх..........нэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Х.Лх..........нэд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0122 41502 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдахын сацуу улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж хэргийн үйл баримтыг тогтоохдоо утга найруулгын алдаатай, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газрыг буруу тогтоосон зэрэг зөрчил байгааг дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.......д овогт Х..........нийн Лх..........нэ нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Лх..........нэ 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Лх..........нэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Лх..........нэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ