Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1222

 

 

 

 

 

 

 

 

      2022           10         03                                          2022/ШЦТ/1222

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02343 1379 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1964 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гурилын операторчин мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, нөхрийн хамт суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 95 дугаар гудамжны 10а тоот гэртээ хохирогч Д.Отой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгой, гэдэс тус газар руу нь цохиж, түүний биед баруун тохой, шуунд зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1101 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.Ц.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 95 дугаар гудамжны 10а тоот гэртээ хохирогч Д.Отой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгой, гэдэс тус газар руу нь цохиж, түүний биед баруун тохой, шуунд зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Д.Огийн “...би 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Толгойтын 96 дугаар гудамжинд “Хүүш хар толгой” дэлгүүр орох гэж явж байсан. Тухайн үед зүс таних Ц гэх эгчтэй 2 хүүхэд дагуулаад явж байхад нь таарсан. Тэгээд би эгчтэй уулзаад хоорондоо ярилцаж байгаад хамт архи уухаар болоод тухайн дэлгүүрээс 0.5 литрийн “Хараа” нэртэй архи аваад дэлгүүрээс гарч арын гудамжинд байх эгчийн таньдаг үл таних 2 хүний гэрт ороод хамт авсан архиа хувааж уусан. Уг архийг ууж дуусаад айлын эзэн ах дэлгүүр орж 0.5 литрийн “Соёрхол" нэртэй архи авчраад хамт уусан юм. Тэгээд би тухайн архийг ууж дуусаад Ц эгчтэй хамт 2 ачийг нь дагуулаад гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тухайн үед тэдний гэр лүү ороход эгч 2 хүүхдээ загнахад хүүхдүүд нь уйлаад байхаар нь би эгчид хандан “хүүхдүүдээ битгий загнаач дүү нь гэр лүүгээ явлаа шүү” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд миний өмсөж явсан хувцаснаас зуураад түлхээд унагаахад нь би толгойгоо гараараа хаагаад унасан. Тэгээд намайг газар унахад Ц эгч миний толгой хэсэгт цохисон. Мөн баруун гар дээр хөлөөрөө дэвсээд үснээс зулгаагаад хана мөргүүлсэн. Тухайн үед зодуулсны дараа би уйлаад намайг зодуул зод гэж хэлээд хэвтэж байтал гудамжинд тоглож байсан хүүхдүүд бололтой гүйж ирээд бид хоёрыг салгаад удалгүй цагдаа нар ирсэн. ..тухайн үед миний толгой руу нэг удаа цохисон, аль гараараа цохисныг мэдэхгүй байна. Мөн баруун гар дээр тонгойчихсон байсан учраас аль хөлөөрөө дэвсэж байсныг мэдэхгүй 3-4 удаа дэвсэж байсан. Тэгээд гараараа толгойтой үснээс зулгаагаад байшингийнхаа ханыг 2 удаа мөргүүлсэн. Баруун гуя руу өшиглөсөн...би Г.Цгээс эмчилгээний зардалд нийт 250.000 төгрөг бэлнээр авсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхээр эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх22, 85/,

            2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: ..Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Толгойтын 95-10а тоотод байрлах хашаан дотор улаан өнгийн тоосгон байшингийн хажууд хохирогч Д.О буюу ногоон өнгийн ноосон цамц, хар өнгийн биеийн тамирын өмд, цагаан өнгийн гутал өмссөн хүнийг хар өнгийн үстэй, хар өнгийн футболк, хар хөх өнгийн өмдтэй Г.Ц гэх хүн баруун гараас нь зүүн гараараа зулгааж байгаа дүрс бичлэг 00:05 секундэд бичигдсэн байв. Үзлэгийг үргэлжлүүлэхэд яллагдагч Г.Ц нь хохирогч Д.Огийн үзнээс нь зүүн гараараа зулгаан доош дарж баруун гараараа цамцных нь захнаас татаж байгаа дүрс бичлэг 00:09 секундэд бичигдсэн байв. Үзлэгийг үргэлжлүүлэхэд яллагдагч Г.Ц нь хохирогч Д.Огийн үснээс нь зүүн гараараа зулгаах явцдаа хойд талд байх улаан өнгийн тоосгон байшингийн хананд хохирогч Д.Он баруун хөлийг зүүн хөлөөрөө дэгээдэн толгойн ард дагз хэсгийг савж байгаа дүрс бичлэг 00:11 секундэд бичигдсэн байв. Үзлэгийг үргэлжлүүлэхэд яллагдагч Г.Ц нь хохирогч Д.Огийн өмсөж байсан цамцнаас зүүн гараараа зулгаан баруун гараараа баруун доод хэвлий хэсэгт дарж байгаа дүрс бичлэг 00:15 секундэд бичигдсэн байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд яллагдагч Г.Ц нь хохирогч Д.Он үснээс зүүн гараараа зулгааж байх явцдаа газарт унан баруун гараараа зүүн доод хэвлий хэсгээс зулгаа байгаа дүрс бичлэг 00:36 секундэд бичигдсэн байв гэжээ. /хх9-12/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9833 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Д.Огийн биед баруун тохой, шуунд зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх28/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг цохиж зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Г.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

9. Шүүгдэгч Г.Цг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Г.Ц нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Галхүүгийн Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цг 500 нэгж буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР