Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/856

 

 

2022           09         01                                 2022/ШЦТ/856

                      

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох,

Шүүгдэгч Ю.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.У, Ю.М нарт холбогдох эрүүгийн 2202002230206 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системийн менежмент мэргэжилтэй, “.......... веб дизайнер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ........... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н. У /РД: /,

 

Монгол Улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, Н барилгын дэлгүүрт худалдаа эрхэлдэг, ам бүл 4, дүү, хүргэн, охин нарын хамт ............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ю.М /РД:/.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Н.У нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 100 айлд үйл ажиллагаа явуулах Н нэртэй дэлгүүрийн орчим Ю.Мгээс Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 тушаалын 3 дугаар хавсралтын Химийн хорт болон аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай гялгар уутанд хийсэн 5 кг, 25 грамм бодисыг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 45,000 төгрөгөөр, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус бүр нь 25 кг савлагаатай 5 шуудай бодисыг 875,000 төгрөгөөр тус тус хууль бусаар худалдан авсан, мөн Химийн хортой болон аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай тус бүр нь 25 кг савлагаатай 5 шуудай бодис болон гялгар уутанд хийсэн 5 кг, 25 грамм бодисыг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Regency Recidence” оффисын арын замд байрлуулсан S маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн,

 

Шүүгдэгч Ю.М нь 2022 оны 03 дугаар сарын 27-ноос 2022 оны 04 дүгээр сарын 18ы өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 100 айлд үйл ажиллагаа явуулах Н нэртэй дэлгүүрт Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 тушаалын 3 дугаар хавсралтын Химийн хорт болон аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай тус бүр нь 25 кг савлагаатай 3 шуудай бодисыг хууль бусаар хадгалсан, үүнээс өмнө өөрийн хадгалж байсан химийн хорт, аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай гялгар уутанд хийсэн 5 кг, 25 грамм бодисыг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 45,000 төгрөгөөр, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус бүр нь 25 кг савлагаатай 5 шуудай бодисыг 875,000 төгрөгөөр Н.Уолд худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2202002230206 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч Г.Эрдэмбаатараас:

-Гэмт хэргийн талаарх мэдээлэл оруулах тухай мөрдөгчийн танилцуулгыг (хавтаст хэргийн 04 дүгээр тал),

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 6-9 дүгээр тал),

-2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 19-09 УАК улсын дугаартай “Subaru Outback” маркийн автомашинд үзлэг, нэгжлэг хийж 25 кг-ийн савлагаатай 5 шуудай бодис, жижиг гялгар уутанд 3 хэсэг савласан нунтаг цагаан өнгийн бодисыг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

-Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрлийг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

-Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилох тухай 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 06/2504 дугаартай албан бичгийг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2213 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 57-60 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2417 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 68-70 дугаар тал),

-“Хос итгэл төгс” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 79-84 дүгээр тал),

-Химийн хорт бодисын хэмжээг тодорхойлсон мөрдөгчийн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 124-126 дугаар тал),

-Шүүгдэгч Н.Уын Төрийн банк дахь 101400053214 дугаартай харилцах дансны хуулгыг (хавтаст хэргийн 204 дүгээр хуудасны ар тал),

-Шүүгдэгч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 137-138 дугаар тал),

-Шүүгдэгч Ю.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 154-155 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Н.Уын өмгөөлөгч Ц.Баяртогтохоос:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

-Шүүгдэгч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

-Гэрч Д.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

-Шүүгдэгч Н.Уын мөрдөн шалгах ажиллгаанд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 141-142, 145 дугаар тал),

-Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 161-181 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Н.У шүүх хуралдаанд “...Химийн хортой бодис гэдгийг мэдэж байсан. Гэр бүлийнхээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тухайн химийн бодисыг худалдаж авсан. Тэгээд хортой бодис юм байна гэж мэдээд машиндаа авч яваад байсан юм. Энэ машиныг найзаасаа худалдаж авсан боловч нэрийг нь шилжүүлж амжаагүй байсан. Эхнэр маань жирэмсэн болохоор энэ бодисоор юм хийж болохгүй юм байна гэж бодсон. Хуулийн мэдлэг дутуу дулимаг байдлаас болж энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг, тайлбарыг,

Шүүгдэгч Ю.М шүүх хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй, мэдүүлэг гаргахгүй” гэх утга агуулга бүхий тайлбарыг тус тус гаргажээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.У нь Химийн хорт болон аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай бодисыг хууль бусаар худалдан авсан,  мөн “Subaru Outback маркийн 19-09 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн,

 

Шүүгдэгч Ю.М нь Химийн хорт болон аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай бодисыг хууль бусаар хадгалсан, бусдад худалдсан үйл баримтууд нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Эд зүйлд үзлэг хийсэн “...Subaru Outback загварын мөнгөлөг саарал өнгөтэй суудлын автомашин байх бөгөөд жолооч болон зорчигчийн суудал, салоны голын хайрцаг ...хоосон, арын суудал дээр 2 ширхэг цагаан өнгийн гялгар тор байх ба 1 тор нь дотроо юмгүй, нөгөө торонд 3 хэсэг савласан цагаан өнгийн нунтаг бодис байна. Уг тээврийн хэрэгслийн арын хаалгыг /багаажны хэсэг/ нээж үзэхэд sodium hydroxide NaON, 25 кг болон хятад хэлээр бичсэн бичиглэл бүхий 5 ширхэг шуудайтай бодис /жолоочийн хэлснээр шүлт гэх/ зэрэг байсныг эд мөрийн баримтаар хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-9 дүгээр тал),

-Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

-Хохирогч Ц.Бын “...Натрийн гидроксид нь химийн хорт болон аюултай бодисын ангиллын жагсаалтад орсон бодис мөн. Тухайн бодисыг уул уурхай, саван үйлдвэрлэхэд, хүнсний үйлдвэрт шугам угаахад ашигладаг. Тухайн бодисыг ашиглах импортлох, худалдахад тусгай зөвшөөрлийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас авах ёстой. Миний хувьд ажил үүргийн улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “1.Хуванцар савтай цагаан өнгийн талст бодиснууд шинжилгээнд тэнцэнэ. 2.Найман ширхэг хуванцар савтай цагаан талст бодисуудаас Натрийн гидроксид /NaON/-н агуулга илэрч байна. 3.Натрийн гидроксид /NaON/ нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 тушаалын “Химийн хорт болон аюултай бодисын ангилал”-ын 3 дугаар хавсралтад хамаардаг. 4.Хүчтэй шүлтлэг чанараа алдаагүй байгаа тул ашиглах боломжтой. 5.Хүн, амьтан амьсгалах, залгих, арьсанд хүрвэл гэмтээж, үхэлд хүргэж ч болно. 6.Коррозид тэсвэртэй материалаар хийгдсэн агуулахад хүчлээс тусгаарлан хадгална” гэх 2213 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 57-60 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “...1. Шинжилгээнд авсан “1” гэж дугаарласан, “2” гэж дугаарласан, “3” гэж дугаарласан хуванцар савтай цагаан талст бодис тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. 2. “1” гэж дугаарласан, “2” гэж дугаарласан, “3” гэж дугаарласан хуванцар савтай цагаан талст бодис тус бүрээс Натрийн гидроксид /NaOH/-н агуулга илэрч байна. 3. Натрийн гидроксид /NaOH/ нь Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д хамаарна. 4. Хүчтэй шүлтлэг чанараа алдаагүй байгаа тул ашиглах боломжтой. 5. Хүн, амьтан амьсгалах, залгих, арьсанд хүрвэл гэмтээж, үхэлд хүргэж ч болно. 6. Коррозид тэсвэртэй материалаар хийгдсэн агуулахад хүчлээс тусгаарлан хадгална” гэх 2417 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 68-70 хуудас),

-“Хос итгэл төгс” ХХК-иас S маркийн ...... УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 24,000,000 төгрөгөөр үнэлсэн тухай хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 79-84 дүгээр тал),

-Шүүгдэгч Н.Уын Төрийн банк дахь ........... дугаартай харилцах дансны хуулга /2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 45,000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 875,000 төгрөгийг тус тус Ю.Мд шилжүүлсэн/ (хавтаст хэргийн 204 дүгээр хуудасны ар тал) зэрэг нотлох баримтууд болно.

Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон химийн хорт аюултай бодисыг үйлдвэрлэх, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, ашиглах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл байдаг.

Шүүгдэгч нар нь химийн хорт, аюултай бодис гэдгийг мэдэж байсан болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.У нь “химийн хорт аюултай бодис гэдгийг мэдэж байсан,  гэхдээ тээвэрлэх, хадгалах нь гэмт хэрэг гэдгийг мэдээгүй, хууль эрх зүйн мэдлэг дутуу дулимаг байснаас энэ хэрэгт холбогдсон” гэж мэдүүлж байгаа боловч түүнийг дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх боломжгүй, аливаа хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч Н.У химийн хорт, аюултай бодисыг Ю.Мгээс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, 27-ны өдрүүдэд худалдан авсан, улмаар мөн өдрөөс хойш Г.Бий эзэмшлийн “Subaru Outback” загварын 16-09 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар хадгалж, тээвэрлэсэн үйл баримт,

Шүүгдэгч Ю.М химийн хорт, аюултай бодисыг Н.Уод 2022 оны 03 дугаар сарын 23, 27-ны өдрүүдэд худалдсан, мөн хууль бусаар хадгалсан үйл баримтууд нь шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн гэх шинжүүдийг хангаж байна.

Тухайлбал, химийн хорт, аюултай бодисыг хадгалсан гэж химийн хорт, аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын орон байр, агуулах, тээврийн хэрэгсэл, байгальд байлгахыг, худалдсан гэж тухайн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр бусдад мөнгө болон бусад зүйлээр зарах, солихыг, авсан гэж мөнгө болон бусад зүйл өгч авсныг, тээвэрлэсэн гэж бодисыг нэг газраас нөгөө газарт зөөж шилжүүлснийг ойлгох бөгөөд шилжүүлэхдээ автотээврийн хэрэгсэл, ердийн хөсөг ашигласан аль ч байж болох юм.

Тиймээс шүүгдэгч Н.Уыг үргэлжилсэн үйлдлээр химийн хорт, аюултай бодисыг Ю.Мгээс худалдан авсан, улмаар мөн өдрөөс хойш “Subaru Outback” загварын 16-09 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ю.Мг химийн хорт, аюултай бодисыг бусдад худалдсан, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ю.М тухайн химийн хорт, аюултай бодисыг танихгүй хүнээс худалдаж авсан гэж мэдүүлсэн бөгөөд энэ талаар прокурор яллах дүгнэлтдээ дурдсан /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус хуульчилснаас дүгнэхэд дан ганц яллагдагч Ю.Мгийн өөрийнх нь өгсөн мэдүүлгийг үндэслэж, түүнийг химийн хорт, аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай бодисыг бусдаас хууль бусаар авсан гэж үзэх нь үндэслэлгүй байна гэж дүгнэв/ нь үндэслэл бүхий болжээ.

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан шууд хохирол, хор уршиггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ю.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ю.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Уоос, гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого 920,000 төгрөгийг шүүгдэгч Ю.Мгээс тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх саналыг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч “миний үйлчлүүлэгч Н.У нь хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хувийн байдал, эхнэр хүүхдээ ганцаараа тэжээн тэтгэж байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нэгдүгээрт: гэрч Г.Бий эзэмшлийн машин байгаа, хоёрдугаарт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор л хураах ёстой албадлагын арга хэмжээ юм. Гэтэл энэ хэрэгт бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй тул машины үнэлгээг Н.Уоос гаргуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Н.У, шүүгдэгч Ю.М нар нь хэдийгээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахгүй.

Тиймээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэдгээрт хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан шүүгдэгч нар нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан …техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “…Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ...” гэж тус тус заажээ.

Тодруулбал, шүүгдэгч Н.У нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ химийн хорт, аюултай бодисыг Subaru Outback загварын 16-09 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, тухайн автомашинд бодисыг хадгалсан буюу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдсон тул дээрх хуулийн заалтын дагуу “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж үзэхээр байна.

Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн тээврийн хэрэгсэл нь иргэн Г.Бий эзэмшлийнх болох (хавтаст хэргийн 31-32 дугаар тал) нь нотлогдсон. Мөн “Хос итгэл төгс” ХХК-ниас тээврийн хэрэгслийг 24,000,000 төгрөгөөр үнэлсэн болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 79-84 дүгээр тал)-гаар тогтоогдсон тул дээрх үнийн дүнг шүүгдэгч Н.Уоос гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Мөн шүүгдэгч Ю.Мгээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 920,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь хуульд нийцнэ гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албанд хадгалагдаж байгаа Химийн хорт, аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/-н агууламжтай 25 кг савлагаатай 8 шуудай бодис, 5 кг 25 грамм савлагаатай 3 ширхэг гялгар ууттай бодисыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгаж, шүүгдэгч нарыг ял оногдуулахгүйгээр тэнссэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч  нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Н. Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр химийн хорт, аюултай бодисыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

шүүгдэгч Ю.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.У, Ю.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.У, Ю.М нар нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Н.У, Ю.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Ялтнуудын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Н.У, Ю.М нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Уын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг, шүүгдэгч Ю.Мгийн гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого 920,000 /есөн зуун хорин мянга/ төгрөгийг тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албанд хадгалагдаж байгаа химийн хорт, аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай 25 кг савлагаатай 8 шуудай бодис, 5 кг 25 грамм савлагаатай 3 ширхэг гялгар ууттай бодисийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгасугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН