Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/890

 

 

 

 

2022           09          14                                 2022/ШЦТ/890

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Шүүгдэгч, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

Шүүгдэгч, хохирогч А.Э, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. Б, А.Э нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, . ..настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “П” ХХК-нд  /зуурмаг шахагч машины/ ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ...........тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Б /РД:/

Монгол Улсын иргэн, 19... оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Д.. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “К” ХХК-нд барилгын туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..........тоотод оршин суудаг,улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А. Э /РД:/.

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “З” дэлгүүрийн арын зам дээр “...цемент газар асгасан байна...” гэж хэллээ гэх шалтгаанаар хохирогч А.Этай хэрүүл маргаан үүсгэж, улмаар бетон зуурмагийн машины /помп/ удирдлагаар шанаа, толгой хэсэгт цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйх, зүүн чихний ар талд цус хуралт, 2 чих, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч А.Э нь 2022 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “З” дэлгүүрийн арын зам дээр “...цемент газар асгалаа...” гэх шалтгаанаар үүссэн маргааны явцад хохирогч Б.Бын нүүр лүү цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь 3 шүдний булгарал, 2 шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн ... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч Г.Т..аас:

 

-Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 18, 23 дугаар тал),

-Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

-Гэрч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

-Гэрч А.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

-Гэрч Н.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 7178 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7179 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Шүүгдэгч, хохирогч Б.Бын өмгөөлөгч Б.Э..ос:

 

-Хохирогч А.Э эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг (хавтаст хэргийн 57-63 дугаар тал),

-“П” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 69 дүгээр тал),

-Хохирогч Б.Бын эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг (хавтаст хэргийн 72-76 дугаар тал),

-Шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн Б.Бын эмчилгээ хийлгэхтэй холбоотой зардлын баримт, хувийн байдлын талаарх баримтууд /нийт 9 хуудас баримт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэж,

 

Шүүгдэгч, хохирогч А.Э өмгөөлөгч Б.Ц-ээс:

 

-Шүүгдэгч А.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 07 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохиргчоор өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 18, 23 дугаар тал),

-Шүүгдэгч А.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

-Гэрч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

-Гэрч А.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 7178 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7179 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

-Шүүгдэгч А.Э урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 48 дугаар тал),

-Шүүгдэгч А.Э иргэний үнэмлэхийн лавлагааг (хавтаст хэргийн 50 дугаар тал),

-Хохирогч А.Э эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг (хавтаст хэргийн 57-63 дугаар тал),

-Хохирогч Б.Бын эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг (хавтаст хэргийн 72-76 дугаар тал),

-Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 587 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 79-81 дүгээр тал),

-Шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн шүүгдэгч А.Э хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /5 хуудас баримт/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн болно.

 

Шүүгдэгч, хохирогч Б.Б шүүхэд хандаж “үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй, хохирогчид учирсан хохирлыг шүүхээс тогтоосон дүнгээр нь төлж барагдуулна. Миний хувьд шүдний эмчилгээ хийлгэсэн, энэ талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа тул шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг,

 

Шүүгдэгч, хохирогч А.Э шүүхэд хандаж “гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, шүүхээс хохирогч Б.Бын хохирлыг тогтоож өгвөл хохирлыг төлж барагдуулна. Би бас хохирлын баримтаа шүүхэд гаргаж өгсөн байгаа. Бариа засал хийлгэсэн, эм тариа авсан гээд нэлээд зардал гарсан тул шүүхэд өгсөн баримтынхаа дагуу хохирлоо нэхэмжилнэ” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг тус тус гаргажээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “З” дэлгүүрийн арын зам дээр “...цемент газар асгасан байна...” гэж хэллээ гэх шалтгаанаар хохирогч А.Этай хэрүүл маргаан үүсгэж, улмаар бетон зуурмагийн машины /помп/ удирдлагаар шанаа, толгой хэсэгт нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйх, зүүн чихний ар талд цус хуралт, 2 чих, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч А.Э нь 2022 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “З” дэлгүүрийн арын зам дээр ‘...цемент газар асгалаа...” гэх шалтгаанаар үүссэн маргааны явцад хохирогч Б.Бын нүүрэн тус хэсэгт цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь 3 шүдний булгарал, 2 шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Хохирогч Б.Бын “...2022 оны 05 дугаар сарын 15-эаас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилгын зуурмаг шахаж дуусчхаад тээврийн хэрэгслээ цэвэрлэж байх үед зүс таних 4-5 залуу хүрз барьчихсан гарч ирээд намайг зам дээр зуурмаг асгалаа гэж хэлсэн. Би угаасаа зуурмаг шахах үед асгардаг юм гэж хэлсэн. ...Тэгээд над руу дайрсан. ...Бараан өнгийн хувцастай каск өмссөн өндөр залуу байсан миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа цохиод над руу дайраад орж ирсэн тэгэхээр нь зүүсэн байсан помпны удирдлагаараа савахад тэр залуугийн биед хүрсэн би хаана нь хүрснийг мэдэхгүй байна. ...Тэгээд намайг цохисон гэх хүн бид хоёр хамт цагдаагийн байгууллага дээр ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 23 дугаар тал),

-Хохирогч А.Э “...2022 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилгын ажил хийж байх үед манай барилга дээр зуурмаг нийлүүлж байсан тээврийн хэрэгслийн жолооч нь нийтийн эзэмшлийн зам талбай дээр зуурмаг асгасан байсан тул би гарч ирээд тухайн асгасан зуурмагийг хүрзээр цэвэрлэж байхдаа “та ингэж хамаагүй зуурмаг асгаж болохгүй” гэж хэлсэн. ...Тэгсэн жолооч нь “Чи ямар муухай ааштай нөхөр бэ? Би ахиад нэмж асгана шүү” гэж хэлээд бид 2 бага зэрэг маргалдсан. Энэ үед нөгөө жолооч том удирдлагаар миний баруун талын шанаа, зүүн чих, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэр үед би уурлаад гараараа тухайн хүний нүүр нь тус газарт нь нэг хоёр удаа цохисон тэгээд салсан. Дараа нь цагдаа нар ирээд бид нарыг авч хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

 

-Гэрч Ц.Мгийн “...жолооч зам дээр бетон асгасан байсан. Э, Э бид гурав асгасан бетоныг цэвэрлэхээр гарсан. Тэгтэл Э тэр жолооч руу “яах гэж ингэж бетон асгаж байгаа юм бэ” гэж хэлэхэд, “чамд хамаагүй гээд Э толгой руу хуруугаараа чичээд байсан. ...Тэгээд хүзүүндээ зүүсэн байсан помпны удирдлагаа аваад Э зүүн тал руу нь 1 удаа цохиход Э тэр хүнтэй барьцалдаад авсан тухайн жолоочтой хамт явж байсан туслах нь гэх залуу отверка бариад хүрээд ирсэн би тэр залууг нь барьж аваад бид хоёр газар хамт унаад би босгохгүй байж байхад Жагаа гэх залуу Э-ыг тэр залуугаас салгасан. Тэгэхээр нь би тэр хамт газар унасан залуугаас отверкыг нь аваад бид хоёр боссон. Тэгээд бид хэд салаад Э, Э бид гурав асгасан бетоныг нь цэвэрлээд хашаа руугаа орсон. ...Тэр хооронд цагдаа дуудсан байсан Э, Э хоёр жолоочийг цохисон эсэхийг би хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

 

-Гэрч А.Эын “...цутгалт хийсэн жолооч зам дээр бетон асгасан байсан. Э, М бид гурав асгасан бетоныг цэвэрлэхээр гарсан. Тэгтэл Э тэр цутгалт хийсэн хүнд “ахаа цемент их асгачихлаа” гэж хэлэхэд тэр хүн “гоожиж байгаа юмыг яах юм, ахиад ч асгаж болно шүү” гэж хэлсэн. Тэгэхэд Э “бид нар цэвэрлэх гэж байна, та ингэж болохгүй” гэхэд тэр ах Э толгой руу xypyугaapaa чичээд байсан. Би асгарсан бетоныг савлаад барилга баригдаж байгаа хашаа руу орчоод ирэхэд Э нь тэр ахтай барьцалдаад авсан байсан. Намайг xaшaa руу ороход туслах залууг М бариад тэвэрсэн байсан. Би Э, цутгалт хийсэн ах хоёрыг салгаад Э, М бид гурав хашаа руу орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

 

- Гэрч Н.Нын “...баригдаж байгаа барилга дээр цутгалт хийхээр ах Бын хамт очсон. ...Цутгалт хийж дуусаад машинаа хураагаад явах гэж байхад уг барилга дээр ажиллаж байсан залуу цемент асгалаа гэж уурлаад байсан. ...Шавар зөөгөөд 5-6 хүн байсан тэр хүмүүсийг ахалж байсан 1 залуу нь манай ахын хажууд зогсож байсан. Нэг харсан чинь тэр залуу нь манай ахын нүүр рүү цохиод авсан. Тэгэхэд ах тэр залууг түлхсэн. Би машинаас буугаад хартал шавар зөөж байсан залуус бөөнөөрөө дайраад байсан. Би ахын хажуугаар орж тэд нарыг салгаж байхад нэг бүдүүн залуу намайг газар унагаагаад дарсан хажууд нэг нөхөр байсан. Би ах руу хэдэн хүн дайрсныг хараагүй. ...1-2 минутын хугацаанд болсон. ...намайг дарж байсан бүдүүн залуу нь намайг дарахаа болиод босгосон. ...ахыг хартал ахын амнаас нь цус гарсан байдалтай ирж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

 

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “...1.А.Э биед баруун чамархайн хуйх, зүүн чихний ар талд цус хуралт, 2 чих, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх 7178 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

 

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “...1.Б.Бын биед 2 шүдний булгарал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид 2 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлнө...” гэх 7179 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

 

-Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “1.Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн №7179 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Б.Бын биед 3 шүдний булгарал, 2 шүдний сулрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэх 587 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 80-81 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Тодруулбал, шүүгдэгч А.Э, Б.Б нар нь бие биедээ халдаж, дух, нүүрний хэсэгт цохисон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч А.Э биед, шүүгдэгч А.Э нь хохирогч Б.Бын биед харилцан халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хэн алиных нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Прокуророос шүүгдэгч нарт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид хохирогч нарын хохирол төлбөрийн баримттай холбоотойгоор дараах байдлаар мэтгэлцсэн болно.

 

Үүнд: Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Э-оос “хохирогч А.Э хавтаст хэргийн 59-63 дугаар талд авагдсан хохирлын баримтууд нь /1,575,400 төгрөгийн/ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өнөөдөр аль ч байгууллага үйлчилгээ үзүүлснийхээ хариуд И баримт буюу НӨАТ-ын баримт өгдөг болсон. Гэтэл хавтаст өгсөн зарим баримтуудад НӨАТ-ын баримт нь байхгүй, үнэхээр энэ эмчилгээг хийлгэ гэж зөвлөж, эмчлүүлэгчийн картанд бичсэний дагуу эм тариагаа авсан гэдэг нь эргэлзээтэй, толгойгоо бариулсан гэх боловч шинжээчийн дүгнэлтээр тархи доргилт гэж дүгнэгдээгүй байхад дээрх эмчилгээг хийлгэсэн нь ойлгомжгүй  байх тул нотлох баримтаас хасаж, шаардлага хангасан баримтаар нь хохирлыг үнэн зөвөөр нь тооцож өгнө үү” гэх саналыг, шүүгдэгч А.Э өмгөөлөгч Б.Ц-ээс “Нэгдүгээрт: Миний үйлчлүүлэгч дээрх эмчилгээнүүдийг хийлгэсэн нь үнэн. Хохирлын баримтыг хууль эрх зүйн мэдлэг дутуу дулимаг байдлаас болж бүрэн авч чадаагүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлж өгнө үү. Хоёрдугаарт: хохирогч Б.Бын  хавтаст хэрэг бэхжүүлж тусгуулахаар өгсөн хохирлын талаарх баримтаас ч мөн адил нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна. Шинжээч 7179 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Бын 2 шүдийг булгарсан гэж дүгнэсэн байдаг. Гэтэл хэргийн материалаар хийсэн шинжээчийн 587 дугаартай дүгнэлтээр 3 шүд булгарч, 2 шүд суларсан мэтээр дүгнэсэн. Гэтэл хохирогч “Б-” гэх эмнэлэгт эмчилгээ хийлгэхдээ дээрх 5 шүднээс гадна өөр таван шүд эмчлүүлсэн мэтээр тус эмнэлгийн тодорхойлолтоос ойлгогдохоор байна. Тэгэхээр түүнийг ямар эмчилгээ хийлгэсэн нь ойлгомжгүй, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролдоо хичнээн төгрөгийн эмчилгээ хийлгэсэн юм, бусад хийлгэсэн эмчилгээ нь хор уршиг мөн үү гэдгийг ялгаж салгаагүй байдлаар баримтаа бүрдүүлэн нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй байх тул энэ эмчилгээний зардлыг бодитоор тооцож өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгч нарын саналын аль алин нь үндэслэлтэй санал байх тул тэдний саналыг бүхэлд хүлээн авч нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үнэлж шүүгдэгч нараас гаргуулж дараах байдлаар хохирогч нарт олгуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Баас 147,150 төгрөгийг гаргуулж хохирогч А.Эд,

-Шүүгдэгч А.Эас 545,900 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт тус тус олгуулж шийдвэрлэж, энэ шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтын хамт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б, А.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос “шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялын саналыг”, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “торгох ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх ижил утга агуулга бүхий саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч А.Э, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48-49 дүгээр тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

 

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б нь хохирогч А.Эд, шүүгдэгч А.Э нь хохирогч Б.Бт учруулсан хохирлыг хэн аль нь нөхөн төлөөгүй, буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгаагүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б, А.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500,000 төгрөгөөр торгох ял тус бүрт нь оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.

 

Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б. Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, А.Э нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, А.Э нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч Б.Б, А.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч нарын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахын Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Баас 147,150 /нэг зуун дөчин долоон мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Эд, шүүгдэгч А.Эас 545,900 /таван зуун дөчин таван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт тус тус олгож, бусад баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа болон хэлэцүүлэхгүй орхисон баримтын нотлох баримтын шаардлагыг хангаж бүрдүүлэн хамтад нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН