| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2020/0049/З |
| Дугаар | 110/ШШ2021/0004 |
| Огноо | 2021-01-05 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 110/ШШ2021/0004
Б-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,
Гомдол гаргагч: С.С гомдолтой,
Хариуцагч: Б-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчид холбогдох,
Гомдлын шаардлага: “Б-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 0179697, 0179698 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгох тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч С.С, түүний өмгөөлөгч С.Н, хариуцагч Б-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдлын шаардлагын талаарх тайлбартаа:
С.С би хувиараа хөдөлмөр эрхэлдэг ба 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хн Бтай 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж түрээслүүлэгчийн эзэмшлийн 320 м2 газрыг аж ахуйн зориулалтаар түрээсэлж үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл хариуцагч Б-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Ж нь намайг Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан, хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан хэмээн үндэслэлгүйгээр торгосон явдалд гомдолтой байна.
Хариуцагчаас тухайн газраас 154 м2 илүү газар ашигласан гэж байгаа боловч түрээсэлж авсан 320 м2 газарт орохын тулд заавал 154 м2 газрыг дамжин ордог. Намайг хашаагаа сунгаж, илүү газрыг оролцуулж хашаа татсан гэж үзсэн нь үндэслэлгүй,анх түрээсэлж авахдаа газар хашаатай байсан юм. Тиймээс намайг илүү газар ашигласан, хашаагаа дур мэдэн сунгасан гэдгийг эсэргүүцэж байна. Х.Бы хүлээлгэж өгснөөр тухайн хашааг бүхэлд нь ашиглаж байгаа, ингэхдээ уг газарт барилгын модон, хөөсөнцөр, цементэн материалыг худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа ба барилгын материалуудаа 320 м2 газарт байршуулдаг, мөн уг газартаа контейнер байршуулсан байгаа. Харин 154 м2 газар нь 320 м2 газартай хил залгаа газар бөгөөд автозам руу харсан байршилтай, би 320 м газрыг ашиглахын тулд 154 м2 газар талын хашаанаас машин орох хаалга гаргаж, уг газраар дамжиж 320 м2 газар руу орж байгаа, өөр байдлаар орох боломжгүй, тухайн газарт барилгын материалаа байршуулаагүй юм.
Эрх бүхий албан тушаалтанд тухайн үед би “түрээсийн гэрээний дагуу тус газарт үйл ажиллагаа явуулж байгаа, газрын эзэмшлийн зөвшөөрөлтэй холбоотой асуудал байгаа бол тус газар эзэмшигч Х.Бтай яриарай.” гэж хэлсэн боловч миний тайлбарыг харгалзаагүй, “заавал торгоно.” гэсэн. Энэ талаар би газар эзэмшигч Х.Бд хэлэхэд “газар хууль бусаар эзэмшиж байгаа зүйл байхгүй, тухайн газрыг Ө сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар захирамжийн дагуу эзэмшдэг.” гэж газартай холбоотой баримтуудын хуулбарыг надад өгсөн. Эдгээр баримтуудаас үзэхэд, миний түрээсэлж байгаа газар иргэн Х.Бы эзэмшлийн газар мөн болох нь нотлогдож байна.
Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй гэх зөрчлийн хувьд тухайн газрыг аж ахуйн зориулалттай олгосон газар учраас анх түрээсэлж авахдаа “Энэ газарт үйл ажиллагаа явуулж болох уу” гэж газар эзэмшигчээс асуухад “Болно. Уг газар нь аж ахуйн зориулалттайгаар эзэмших эрхтэй юм.” газар гэж хэлнээр нь үйл ажиллагаа явуулж байсан.
“Д” ХХК-д эрх бүхий этгээдээс аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэхээс өмнө үйл ажиллагаа явуулж болох эсэх талаар урьдчилж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тухайн газарт хийлгэсэн байх ёстой. Нөлөөллийн үнэлгээ хийлгэсний дагуу “Д” компани нь тухайн газрыг эзэмшиж байгаа тул дахин байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Учир нь газрыг зориулалтаар нь ашиглаж байгаа гэж үзээд шийтгэлийн хуудсыг зөвшөөрөхгүй байна.
Иймд Б-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтаны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 0179697, 0179698 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарт:
Ө сумын 13 дугаар багийн иргэн М.Х, Х.Т, А.Н нараас ирүүлсэн “иргэн С.С нь Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, эзэмшил газрын хэмжээг өөрчилсөн, хашаагаа сунгасан, барилгын материалын худалдаа үйлчилгээ явуулахдаа орчныг бохирдуулдаг, тус газарт оршин суугчдад сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна.” гэсэн гомдлын мөрөөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2020 оны 04/354 тоот “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу автозамын хяналтын улсын байцаагч И.Байдолтай хамт 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Д” ХХК-ийн эзэмшлийн гэх Ө сумын 13 дугаар багт байрлах 031300478 тоот нэгж талбарын дугаартай газар, иргэн С.Сы барилгын болон мод, модон материал худалдаалах үйл ажиллагаа болон холбогдох бичиг баримт, нэгж талбарын хувийн хэрэгт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд,
Урьд нь үйл ажиллагаа явуулж байгаагүй газарт барилгын материал болон мод, модон материал худалдах үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын нөлөөллийн үнэлгээ хийлгүүлээгүй нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг, Иргэн Х.Бы болон “Д” ХХК-ийнх гэх газраас гадна зөвшөөрөлгүйгээр 154 м2 газарт хашаагаа сунгаж нийтийн эзэмшлийн газарт үйл ажиллаагаа явуулсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дэх заалтуудыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж бүртгэлийн М-119 дугаарт бүртгүүлэн ажилласан. Иргэн С.С нь гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Түрээслэгч С.Сы зөрчил нь “Д” ХХК-ийн төлөөлөл Х.Бтай байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэлийн 1959 дугаартай түрээсийн гэрээний 5.3, 7.1-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй, түрээсийн гэрээний 2.1-д заасан Х.Бы гэх 320 м2 газраас гадуур газарт илэрсэн. Түрээсийн гэрээгээр С.С нь 320 м2 газрыг ашиглах эрхтэй юм байна гэж үзсэн. Гэрээгээр ашиглаж байгаа газартай залгаа орших 154 м2 газрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашиглаж, уг газрыг 320 м2 газартай нийлүүлж хашаалсан зөрчил гаргасан нь тогтоогдсон. Мөн барилгын материал худалдан борлуулах үйлчилгээ явагдаагүй газарт шинээр энэ төрлийн үйлчилгээ явуулах тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх ёстой гэж үзсэн.
Гомдол гаргагчийн гаргаж байгаа “Д” ХХК-ийн захирал Х.Баас зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулсан гэх тайлбар нь үндэслэлгүй. Иймд гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Гомдол гаргагч С.Сийг 2 төрлийн зөрчил гаргасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, торгох шийтгэл оногдуулсан байгаа боловч энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, шинжээч томилж, хохирогчоор М.Х, холбогдогчоор С.Сыг тогтоож ажиллагаа хийж, шийтгэл хүлээлгэж байсан. Энэ нь өөрөө хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эсвэл ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх гэдэг ойлголтыг хольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн асуудал байгаа.
Нэгдүгээрт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэсэн явдал нь зөрчлийг хэзээ, хэрхэн яаж үйлдэгдсэн бэ гэдгийг зөрчиж байгаа. Хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д ...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож торгоно гэж заасан байгаа. Хуулийн энэ үндэслэлээр С.Сыг 300 000 төгрөгөөр торгосон нь хуульд нийцээгүй гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд нөлөөллийн үнэлгээ хийх үндэслэлийг заагаад өгсөн. Үүнд 7.2-т зааснаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглах эрх авах, төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж, мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийх чиглэлүүдийг тодорхой заагаад өгсөн. Худалдаа үйлчилгээний зориулалтаар газрыг ашиглах үед хуулийн 7.2-д заасан байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг заавал хийлгэсэн байх ёстой гэсэн чиглэл энд хамаарахгүй байна. С.С нь байгалийн нөөцийг ашиглах хүн биш, тэнд байгалийн нөөцийг ашиглаагүй, газрын тос болон ашигт малтмалын хайгуул хийгээгүй, ашиг малтмалын зориулалтаар газар ашиглаагүй. Тухайн газар нь анх аж ахуйн зориулалттайгаар эзэмших газар байсан боловч аж ахуйн зориулалтын үйл ажиллагаа явуулаагүй. Өөрөөр хэлбэл мал аж ахуй, барилга байгууламжийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх ч юм уу, үйлдвэр үйлчилгээ хийгээгүй гэдэг нь харагдаж байна. Зөвхөн тухайн эзэмшил бүхий газарт бэлэн бүтээгдсэн цемент, бэлтгэсэн мод, модон материалыг хашаанд оруулж зардаг байсан. Энэ мод, цемент үйлдвэрлэж байгаа үйлдвэрийн газар биш, уг газрыг аж ахуйн зориулалттай эсвэл төсөл хэрэгжүүлэх зориулалтаар ашиглаагүй юм.
Иймд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2-т заасны дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх үүргийг С.С хүлээхгүй, хариуцагч хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Аж ахуйн зориулалтаар эзэмшсэн тухайн газарт үйлдвэр үйлчилгээ явуулж, тоног төхөөрөмж оруулах бүрэн боломжтой газар байна. Гэхдээ аж ахуйн зориулалтаар ашиглаж, тухайн төслийг хэрэгжүүлэхдээ уг газарт нөлөөллийн үнэлгээ хийнэ гэж заасан байна. С.С тухайн газрыг аж ахуйн зориулалтаар ашиглаагүй учраас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үүрэг хүлээхгүй. Тухайн газрыг аж ахуйн зориулалттайгаар эзэмшүүлэхээр “Д” ХХК-д олгохдоо нөлөөллийн үнэлгээ нь хийгдэж, тухайн компанид эзэмшүүлсэн. Нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй нөхцөлд “Д” ХХК нь уг газрыг эзэмших эрх байхгүй байх байсан. Тэгээд ч заавал байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх шаардлага гараагүй байсан. Нөлөөллийн байдлын үнэлгээ хийгдсэн, хийгдээгүй гэдэг зүйлд С.Сыг торгож байгаа нь үндэслэлгүй, учир нь худалдаа хийх зориулалтаар газрыг т “Д” ХХК-ийн захирлаас гэрээний үндсэн дээр түрээсэлж авсан юм.
Түрээсийн гэрээний зохицуулалтыг Иргэний хуульд тодорхой заагаад өгсөн. Үүнд түрээслэгч, түрээслүүлэгчийн үүрэг гэж байгаа. Түрээслэгчийн үүрэг түрээсэлж авсан объектод тохирсон үнэ хөлсийг төлөөд зориулалтаар нь ашиглах үүрэгтэй. Энэ нөхцөлд гомдол гаргагч маань Иргэний хуульд заасан түрээслэгчийн үүргээ биелүүлж түрээсэлж авсан газар дээр зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулж, гэрээний үндсэн дээр тохирсон төлбөрийг сар бүр төлж байсан. Харин түрээслэгчийн үүрэг нь Иргэний хуулийн 321 дүгээр зүйлд зааснаар түрээсийн объектыг зориулалтын дагуу ашиглах боломжийг хангах үүрэгтэй байгаа. “Д” ХХК уг газрыг түрээсэлсэн учраас тухайн газарт хийгдэх нөлөөллийн үнэлгээ, газрын хэмжилттэй холбоотой бүх зүйлийг “Д” ХХК хариуцаж, харин С.Сы хувьд зөвхөн гэрээний зориулалтын газраа дагуу ашиглаж байсан. Иймд “Д” ХХК нь бусдад газраа түрээслэхээс өмнө дээрх нөхцөл байдлыг бүрдүүлж байж, түрээслэх ёстой тул “Д” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзнэ.
Хоёрдугаарт, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэж үзсэн. Энэ нөхцөлд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглах гэж юу вэ гэдгийг тогтоох ёстой. С.С гэрээний үндсэн дээр газар эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглаж байгаа газрын гадна талын нийтийн эзэмшлийн талбайд ачаагаа буулгах зорилгоор машинаа тавьдаг байсан. Үүнийг зөвшөөрөлгүй газар ашигласан гэж үзэхгүй. Мөн газрын хэмжээгээ зөвшөөрөлгүй сунгасан гэсэн үндэслэл байгаа, гэтэл уг газрыг хэзээ, хэн зөвшөөрөлгүй эзэмшсэн бэ гэдгийг С.С мэдэхгүй. Газраа түрээслэхдээ анх хашаатай газрыг 320 м2 газар гэж хэлээд өгсөн байна. Түрээсэлж авсан хашаандаа барилгын материалаа оруулаад, зардаг байсан. Илүү гэх газрыг 2014 онд “Д” ХХК нь хашаалсан байна.
Зөвшөөрөлгүйгээр газарт үйл ажиллагаа явуулсан гэж байгаа бол тухайн газар нь Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д заасан “тусгай хэрэгцээний газар” байх ёстой. Хашааны гадна талд машинаа тавьдаг гэдэг үндэслэлээр иргэнийг зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа гэж үзэж торгоод байж болохгүй. Иймд Б-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 0179697, 0179698 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“Д” ХХК-д Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрээс нийт 4434 м2 газрыг Ө сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаартай захирамжаар “аж ахуйн хэрэгцээний” гэх зориулалтаар буюу хуульд зааснаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд нь зориулан эзэмшүүлжээ. Тус компанийн эзэмшлийн 4434 м2 газар нь хоёр өөр газарт байршилтай байх ба нэг нь 320 м2 , хоёр дахь газар 4114 м2 талбайтай байна.
“Д” ХХК нь өөрийн эзэмшлийн 320 м2 талбайтай газраа гомдол гаргагч С.Сд мөн зориулалтаар нь буюу худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалтаар түрээсэлсэн байх ба энэ талаар талууд хоорондоо 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1959 дугаартай түрээсийн гэрээ байгуулснаар гомдол гаргагч уг газрыг ашиглах эрхтэй болж, тухайн газарт барилгын модон, цемент, хөөсөнцөр материал худалдаалах үйлчилгээ явуулж байжээ.
Эрх бүхий албан тушаалтнаас гомдол гаргагчийг тус газарт Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан, 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчлүүдийг гаргасан гэж үзээд, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 0179697, 0179698 дугаартай шийтгэлийн хуудсаар тус тус торгох шийтгэл оногдуулсан байна.
Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн шүүхэд гаргасан дээрх шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгохыг хүссэн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Эрх бүхий албан тушаалтны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 0179697 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох маргааны тухайд:
Уг шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил гаргасан гэж үзсэн байх ба хариуцагчаас шүүхэд энэ талаарх үндэслэлээ “...С.С нь түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа 320 м2 газартай залгаа орших 154 м2 газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж, уг газрыг 320 м2 газартай нийлүүлж хашаалсан зөрчил гаргасан нь тогтоогдсон, 320 м2 газрыг иргэн С.С нь ашиглах эрхтэй, харин үүнээс илүү хашаалсан 154 м2 газрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан гэж үзсэн.” гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Д” ХХК-ийн тухайн байршлаас эзэмших эрхтэй 320 м2 газрыг гомдол гаргагч С.С нь газар эзэмшигчтэй байгуулсан түрээсийн гэрээгээр ашиглах эрхтэй болох нь, 320 м2 газраас илүү 154 м2 газрыг оролцуулж, нийт 474 м2 газарт хашаа татагдсан нь, илүү гэх 154 м2 газрыг гомдол гаргагч С.С болон “Д” ХХК-д эзэмшүүлж, ашиглуулахаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл бүхий шийдвэр гараагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон.
Гомдол гаргагч С.С нь газар эзэмшигчээс анх хашаалсан газрыг хүлээж авсан, тухайн газарт би илүү газрыг хамруулж хашаа татаагүй гэж маргасан ба газар эзэмшигч “Д” ХХК-ийн захирал Х.Бы шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр тус компани нь өөрийн эзэмших эрхтэй 320 м2 газрыг 2014 онд хашаалах үед илүү газрыг оролцуулж хашаа татсан болох нь, гомдол гаргагчид түрээсийн гэрээгээр ашиглах эрхтэй газрыг нь хүлээлгэж өгөхдөө хашаалсан газар хүлээлгэж өгсөн нь тогтогдсоноор хариуцагчийн “С.С нь гэрээгээр ашиглах эрхтэй 320 м2 газраас илүү 154 м2 газрыг ашиглах зорилгоор нэмж хашаалсан.” гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна.
Иймд энэ талаарх гомдол гаргагчийн маргааныг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хариуцагчаас “...гомдол гаргагчийг 320 м2 газрыг ашиглах эрхтэй гэж үзсэн ба зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан газар нь 154 м2 газартай холбоотой.” гэж тайлбарласан бол гомдол гаргагчаас “...маргаан бүхий 154 м2 газрыг дамжиж өөрийн ашиглах эрхтэй 320 м2 газар руу ордог, өөрөөр орох боломжгүй тул хашааны баруун талын хэсгээс машин орж гарах хаалга гаргасан, уг 154 м2 газраар дамжиж барилгын материал ачсан автомашинаа хашаа руу оруулж, уг хашаалсан газрын 320 м2 талбай бүхий хэсэгт байршилтай контейнерт ачаа буулгадаг байсан.” гэж тайлбарлаж маргасан байна.
Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд гомдол гаргагчийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх 154 м2 газар нь байршлын хувьд түүний ашиглах эрхтэй гэх 320 м2 газрын баруун талын залгаа газар байх ба 320 м2 газрын 10.2 метрийн урттай хойд талын гол хэсэгт гомдол гаргагчийн ашиглаж буй 16.66 м2 талбайтай байшин, үүнтэй харалдаа хашааны гадна талд нь иргэн н.Хын эзэмшлийнх гэх 6 метрийн урттай төмөр контейнер бүхий агуулах сав, 22.2 метрийн урттай зүүн талд “Д” ХХК-ийн өмчлөлийнх гэх гараж болон иргэн н.Хын хоёр давхар хувийн сууц, урд талд хил залгаа байдлаар иргэн С.Хын эзэмшлийнх гэх хашаалсан газар тус тус оршдог болох нь, түүнчлэн гомдол гаргагч өөрийн ашиглах эрхтэй 320 м2 газарт барилгын материал хадгалах зориулалттай гэх хоёр төмөр контейнер байршуулсан, хашаалсан газрын баруун талаас автомашин орох, гарах 7.5 метрийн урттай хаалга гаргасан нь тогтоогдож байна.
Энэ нөхцөл байдлаас үзэхэд гомдол гаргагчийн ашиглах эрхтэй, 320 м2 газрын 3 талд буюу хойд, урд, зүүн хэсгүүдэд дээрх төрлийн үл хөдлөх хөрөнгүүд залгаа байршилтай байгаагаас гомдол гарагч нь түрээсийн гэрээгээр ашиглах эрхтэй 320 м2 газар руу зөвхөн газрын баруун талын 154 м2 газар орших талаас орж гарах боломжтой байна.
Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх явцад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий 154 м2 газрыг хашаалсан гэх үйл баримтыг тогтоосон байх боловч энэ нь газар эзэмшигчийн үйлдэл байснаар гомдол гаргагчид холбогдох зөрчил биш болох нь тогтоогдсон. Гомдол гаргагч нэгэнт газар эзэмшигчээс 474 м2 хашаалсан газрыг хүлээж авч, 320 м2 газарт барилгын материал хадгалах контейнер байршуулсан,уг газартаа нэвтрэх боломжтой газрын баруун талын хашаанаас машин орж гарах хаалга гаргаж, тухайн 154 м2 газрыг барилгын материал ачсан автомашиныг оруулах, гаргах, түр зогсоох зэргээр ашигласныг буруутгах үндэслэлгүй байх тул С.Сыг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.
Хэрэв тухайн 154 м2 газрыг газар эзэмшигч хашаалаагүй, зөвхөн 320 м2 газрыг гомдол гаргагчид хүлээлгэж өгсөн тохиолдолд ч гомдол гаргагч уг газартаа дээр дурдсан нөхцөл байдлын улмаас газрын гурван талаас нэвтэрч орох боломжгүй нөхцөлд газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхийн тулд газрын баруун талын сул чөлөөтэй 154 м2 газарт автомашинаа түр зогсоох, уг газраар дамжин өөрийн ашиглах эрхтэй газартаа нэвтрэх зэргээр маргаан бүхий уг газар зайлшгүй ашиглагдахаар байгааг дурдах нь зүйтэй.
Улсын байцаагчаас маргаан бүхий 154 м2 газарт холбогдуулж, дээрх үндэслэлүүдээр тухайн газрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулсныг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан эрх бүхий албан тушаалтны хувьд гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргээ дутуу хэрэгжүүлсэн, нөхцөл байдлыг бодитоор тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр шийтгэл оногдуулсан уг шийдвэр нь гомдол гаргагчийн түрээсийн гэрээний дагуу олж авсан 320 м2 газрыг ашиглах эрхээ хэрэгжүүлэх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Түүнчлэн дээрх байдлаар гомдол гаргагч нь өөрийн ашиглах эрхтэй 320 м2 газарт өөрөөр нэвтрэх боломжгүй, газрын баруун талаар залгаа орших маргаан бүхий 154 м2 газрыг зайлшгүй дамжин өнгөрөхөөр байхад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр уг газрыг ашигласан гэж үзэж шийтгэл оногдуулсныг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх талаарх Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэж мөн үзээд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
1.Эрх бүхий албан тушаалтны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 0179698 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох маргааны тухайд:
Уг шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзэж,хуульд заасан хэмжээгээр торгох шийтгэл онгогдуулсан байх ба хариуцагчаас энэ талаарх үндэслэлээ “...гомдол гаргагч С.С нь тухайн газарт барилгын материал худалдаалах үйлчилгээ явуулахаас өмнө Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгээгүй .”гэж тайлбарлажээ.
Гомдол гаргагч С.С нь тухайн газарт дээрх байдлаар худалдаа үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа явуулахаас өмнө байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байх ба гомдол гаргагч талаас уг газарт нөлөөллийн ерөнхий үнэлгээг газар эзэмшигч хийлгэх ёстой, газар эзэмшигч “Д” ХХК-ийн захирал Х.Бы зөвшөөрснөөр үйл ажиллагаа явуулсан.”гэх тайлбар нь дараах байдлаар үндэслэлгүй байна.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн1.1-д зааснаар энэ хуулийн зорилтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах, бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт, шийдвэр гаргах, оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино гэж заасан.
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэдгийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг ойлгох бөгөөд нөлөөллийн үнэлгээ нь хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнээс тус тус бүрдэхээр байна.
Хариуцагчаас гомдол гаргагч С.Сыг уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзсэн байх ба энэ төрлийн үнэлгээг хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар ...байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж, 7.3-т төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ гэж заажээ.
“Д” ХХК нь дээрх 320 м2 газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшдэг байх ба мөн зориулалтаар ашиглуулахаар гомдол гаргагчтай түрээсийн гэрээ байгуулсан нь, уг гэрээний дагуу худалдаа үйлчилгээний чиглэлээр гомдол гаргагч тухайн газрыг ашиглаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд гомдол гаргагч тухайн газарт барилгын материал худалдаалах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй байгаа тохиолдолд аж ахуйн зориулалтаар уг 320 м2 газрыг ашиглах эрхийг түрээсийн гэрээний дагуу олж авахаас өмнө тухайн явуулах үйл ажиллагаа нь байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавартай эсэхийг урьдчилан тодорхойлуулах зорилгоор хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3-т зааснаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх үүрэгтэй байна.
Түүнчлэн гомдол гаргагчийн тухайн газарт явуулж байсан барилгын материал худалдсан ажил үйлчилгээ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “төсөл” бүхий үйл ажиллагаанд хамаарч байна. Тухайлбал хуулийн 3.1.1-д “төсөл” гэж шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг, 3.1.2-т “төсөл хэрэгжүүлэгч” гэж тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээдийг ойлгохоор байгаа.
Иймээс иргэн С.С нь барилгын материал худалдаалах үйлчилгээг хэрэгжүүлсэн төсөл хэрэгжүүлэгчийн хувьд ч уг үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө хуулийн 7.2-т зааснаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэх үүрэгтэй байна. Иймээс гомдол гаргагч Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон, энэ талаарх эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр нь үндэслэл бүхий байх тул гомдол гаргагчийн 0179698 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ, 34.3-т хэрэв тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхийн гэрчилгээгээр эзэмших газарт хийсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр сөрөг дүгнэлт гарсан бол эрхийн гэрчилгээг олгохоос татгалзаж, дуудлага худалдааны үнийг буцаан олгоно гэж заасан нь газар эзэмшигчид хамааралтай.
Хуулийн дээрх зохицуулалтаар маргааны энэ тохиолдолд “Д” ХХК-д эрх бүхий этгээдийн шийдвэрээр 320 м2 газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсний дараа газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаас өмнө тус компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхээр байгаа ба тухайн нөлөөллийн үнэлгээ нь сөрөг дүгнэлттэй гарах тохиолдолд эрхийн гэрчилгээ олгохоос татгалзаж, дуудлага худалдааны үнийг буцаахаар байна. “Д” ХХК нь 320 м2 газрыг газар эзэмших эрхийн 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0005876 дугаартай гэрчилгээгээр эзэмшдэг байх ба уг гэрчилгээг олгохоос өмнө дээрх газартай холбогдуулж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй нь газар эзэмшигч “Д” ХХК-ийн захирал Х.Бы мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэвч газар эзэмшигчийн хувьд “Д” ХХК-ийн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан үндэслэлээр тухайн газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үүрэг нь сүүлд уг газрыг аж ахуйн зориулалтаар ашиглах эрх олж авсан гомдол гаргагч С.Сы тухайн газарт явуулах ажил үйлчилгээтэй нь холбогдуулж нөлөөллийн үнэлгээ хийлгэх үүрэгт хамааралгүй, газар ашиглагчийн хувьд уг газарт шинээр явуулах ажил үйлчилгээний талаар нөлөөллийн үнэлгээ хийлгэх хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 -т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 10.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч С.Сы шүүхэд гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Б-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 0179697 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох тус хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 0179698 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА