Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2023/0447/З |
Дугаар | 221/МА2024/0480 |
Огноо | 2024-07-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2024/0480
Ч.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: Шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г
Нэхэмжлэгч: Ч.С
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Б.С
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох тухай” А/441 дүгээр захирамжийн Б.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 394 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 128/2023/0447/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.С-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох тухай” А/441 дүгээр захирамжийн Б.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0394 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөн найруулгаас өмнө/ 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Ч.С-гийн нэхэмжлэлтэй,Сүхбаатар дүүргийн Засаг дарга холбогдох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/441 дүгээр захирамжийн Б.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
3.1. ... Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “5. Хэдийгээр гуравдагч этгээдийн эзэмшиж буй газраар нэхэмжлэгчийн 0,4 кв агаарын болон кабель шугам дайран өнгөрч буй хэдий ч уг үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй. 6. Учир нь тухайн шугамыг гуравдагч этгээдийн газраас тойруулах замаар зөрчлийг арилгах боломжтой бөгөөд гарсан зардлыг түүнээс нэхэмжлэх эрхтэй” гэжээ. ... нэхэмжлэгч Ч.Сгийн хувьд 2010, 2013, 2014 онд зохих дүрэм журмын дагуу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас техникийн нөхцөл гаргуулан авч өндөр хүчдэлийн буюу 0,4кВт-ын шугам тавьсан болно. Өөрөөр хэлбэл инженерийн шугам сүлжээ бүхий газарт дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг зөрчин Б.Сд газар эзэмших эрх олгосон, энэ талаар анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
3.2. Мөн гуравдагч этгээдэд инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлсэн нь хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн, гэхдээ уг шугамыг тухайн газраас тойруулах замаар зөрчлийг арилгах боломжтой гэх дүгнэлт хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар 0,4 кв-ын шугамыг гуравдагч этгээдийн газраас тойруулж тавих боломжтой гэдэг нь нотлогдохгүй, өөрөөр хэлбэл газар хангалттай байгаа эсэх, тэр нь өөр хэн нэгэн этгээдийн газар эзэмших ашиглах өмчлөх эрхийг зөрчих эсэх, эрх бүхий этгээд буюу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
3.3. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн “8. Гэтэл барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-д инженерийн шугам сүлжээ гэж ус хангамж, цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг хэлнэ гэж заасан бөгөөд өрхийн хэрэглээнд зориулж татсан цахилгааны кабель шугамыг уг тодорхойлолтод хамруулах боломжгүй...” гэжээ. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “цахилгаан түгээх сүлжээ”гэж эх үүсвэрээс шууд холбогдсон болон цахилгаан дамжуулах сүлжээний дэд станцаас хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх цахилгаан түгээх зориулалт бүхий 110 кВ, түүнээс доош шугам, дэд станцыг хэлэхээр зохицуулсан байдаг. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ашиглалт засварын зүүн төвийн 2023.08.04-ний өдрийн 31/290, 2024.01.29-ний өдрийн 31/29 дугаартай албан бичгээс харахад анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн байдаг. Б.Сд эзэмшүүлсэн газар доогуур хийгдсэн инженерийн шугам сүлжээнд олгогдсон 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0097/2014 тоот техникийн нөхцөлийн 9.7-д хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтныг томилох бөгөөд шугам сүлжээний хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн байгаа.
3.4. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн засаг дарга Эрчим хүчний тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчин Б.Сд газар эзэмших эрх олгосон болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч буюу Сүхбаатар дүүргийн засаг дарга, түүний төлөөлөгч нарын зүгээс маргаж буй газар нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын бүс байхгүй г.м тайлбарыг амаар болон бичгээр удаа дараа гаргаж байсан. Тиймээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ашиглалт засварын зүүн төвийн дарга К.Э, эсхүл түүнээс эрх олгосон тус байгууллагад ажилладаг эрчим хүчний чиглэлийн инженер хүнийг гэрчээр оролцуулж хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал буюу: инженерийн шугам сүлжээ гэж юу болох, түүнд хамгаалалтын зурвас байх ёстой эсэх, инженерийн шугам сүлжээ бүхий газрыг иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлж болдоггүй шалтгаан нь юу болох, маргаж буй газарт инженерийн шугам байгаа эсэхийг асуух хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй.
3.5. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн “9. Нөгөөтэйгүүр гэрч шүүх хуралдаанд 3 газрыг очиж үзсэн, 2 хоногийн дараа өргөдлийг хүлээн авсан гэж мэдүүлсэн тул хариуцагчаас маргаан бүхий газрыг олгохдоо Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 4.2.3-д заасан хээрийн судалгааг хийсэн гэж үзэхээр байна...” гэжээ. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 4.2-т гэрчилгээ олгох үйл ажиллагааны дэс дарааллыг зохицуулсан байдаг. Тухайлбал: 4.2.1. Хүсэлтийг хүлээн авах, бүртгэх; 4.2.2. Суурин судалгаа хийх; 4.2.3. Хээрийн судалгаа хийх; 4.2.4. Шийдвэрийн төсөл боловсруулах; 4.2.5. Нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, 4.2.6. Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах, 4.2.7. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, 4.2.8. Газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, 4.2.9. Нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх; Гэтэл Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны эрх бүхий этгээдүүд хээрийн судалгаа хийгээгүй.
Уг журмын 7-д хээрийн судалгаа хэрхэн хийх талаар зохицуулсан. Тухайлбал: 7.2.1. Нэгж талбарын эргэлтийн цэгийн солбицлын утгыг тогтоож, тухайн газрыг шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг тодорхойлох; 7.2.2. Хүсэлтэд дурдсан газрын хил заагийг урьдчилсан байдлаар тогтоох, 7.2.3. Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх; 7.2.4. Инженерийн шугам сүлжээ, үер, усны ам, далан, ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын болон хязгаарлалтын бүстэй давхцаж буй эсэхийг нягталж үзэх; 7.2.5. Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох; 7.2.6. Эзэмших, ашиглах эрхийн хязгаарлалт /сервитут/ тогтоох болон хууль, тогтоомжид заасан бусад үндэслэлээр шаардлагатай тохиолдолд хөршүүдтэй энэхүү журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загварын дагуу тэмдэглэл үйлдэх; Б.Сд эзэмшүүлсэн гэх газрын доогуур инженерийн шугам сүлжээ буюу 380-н хүчдэлийн шугам байдаг.
3.6. Өөрөөр хэлбэл 2010, 2013, 2014 онд зохих зөвшөөрлийн дагуу хийгдсэн 0,4 кВт-ийн шугам дээр газар эзэмших эрх олгогдсон. Мөн хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлоогүй. Мөн хээрийн судалгаа хийсэн эсэх, хийсэн бол холбогдох баримтыг, хийгээгүй бол тэр талаарх лавлагаа тодорхойлолтыг ирүүлэхийг шүүхээс удаа дараа шаардсан боловч хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж биелэгдээгүй байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Ц.Т гэх хүн гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн. Гэхдээ хавтаст хэрэгт энэ хүн: Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд ажиллаж байсан эсэхийг нотолсон баримт байхгүй, маргаж буй газар дээр очсон эсэх нь тодорхойгүй /эх сурвалжаа зааж чаддаггүй/, тэмдэглэл, протокол хөтөлсөн талаарх баримт байхгүй бодит байдал ийм байхад анхан шатны шүүх хээрийн судалгаа хийсэн гэх үнэлэлт дүгнэлт өгсөнд гомдолтой байна.
3.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч буюу Сүхбаатар дүүргийн Засаг дарга, түүний төлөөлөгч нар нь маргаж буй газрыг гуравдагч этгээд Б.Сд эзэмшүүлэхдээ хээрийн судалгаа хийх шаардлагагүй, холбогдох дүрэм журмыг зөрчөөгүй г.м тайлбарыг амаар болон бичгээр удаа дараа гаргаж байсан. Тиймээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргыг эсхүл түүнээс эрх олгосон тус байгууллагад ажилладаг геодези зураг зүйн инженер хүнийг гэрчээр оролцуулж хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал буюу Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эсэх, маргаж буй захиргааны актыг гаргахдаа Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг дагаж мөрдөх ёстой эсэх, иргэн хуулийн этгээдийн газар эзэмших хүсэлтийг суурин судалгаагаap шийдвэрлэх боломжтой гэж үзвэл үүний дараа хээрийн судалгааг заавал хийж гүйцэтгэх үү эсхүл хийхгүйгээр газар эзэмших эрх олгож болох уу, хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц гарцыг тодорхойлохын ач холбогдол нь юу болох, хөрш зэргэлдээх газар эзэмшигч нартай уулзаж хил зааг, хязгаарын талаар тэмдэглэл үйлдэхийн ач холбогдол юу болох зэргийг асуух хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй.
3.8. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... тухайн тохиолдолд нэхэмжлэгчид сонсох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагагүй..." гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд сонсох ажиллагааны талаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох ёстой байсан. Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн тайлбартаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасныг үндэслэн сонсох ажиллагаа явуулаагүй, явуулах шаардлагагүй гэсэн байдаг ч уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа нотолсон баримтыг шаардсан боловч хариуцагч тал гаргаж өгөөгүй.
3.9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал Нийслэлийн засаг даргыг хамтран хариуцагчаар татах, хариуцагчийг солих хүсэлтийг тус тус гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй. Хуулийн хүчин төгөлдөр Газрын тухай хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс бүрэн хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг буюу Нийслэлийн засаг даргын газрын харилцааны талаарх хэрэгжүүлэх бүрэн эрхэд нэмэлт орсон байдаг. Тухайлбал 21.2.6. иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн засаг дарга нь маргаж буй захиргааны хэргийн хувьд хариуцагчийн эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй, энэхүү эрх нь Нийслэлийн засаг даргад шилжсэн байсан. Тиймээс хамтран хариуцагчаар Нийслэлийн засаг даргыг татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, мөн хариуцагчийг солих хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчид олгогдсон диспозитив эрхийг ноцтой зөрчиж, хүлээн аваагүй.
Эдгээрийг харгалзан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах шийдвэрийн аль тохирохыг гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ч.Сгаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох тухай” А/441 дүгээр захирамжийн Б.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны А/441 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод 613 кв.м газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг гуравдагч этгээд Б.Сд олгожээ.
4. Нэхэмжлэгчээс “... газар эзэмшүүлэх эрхгүй этгээд газар эзэмшүүлсэн, сонсох ажиллагаа болон хээрийн судалгаа хийгээгүй, эрчим хүчний хамгаалалтын зурвас зөрчсөн, тус газар нь манай газартай хил залгаа байрлалтай тул Ч.С миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж, хариуцагчаас “... хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, бусдын орц, гарц руу орох гарахыг хаасан зүйл байхгүй, маргаан бүхий акт нь Газрын тухай хууль, бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн зүйлгүй” гэж, гуравдагч этгээдээс “... зам хааж, орц, гарцгүй болгох зэрэг асуудал байхгүй, тухайн үед нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь хамтын гэр бүлийн амьдралтай байсан, нийт эзэмшиж байсан газрынхаа илүүдэл газраа эзэмшихээр Б.Сгийн нэр дээр хүсэлтээ гаргасны дагуу газар олгосон, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт тул сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг нь үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
5. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрууд хөрш зэргэлдээ оршдог бөгөөд өөр хоорондоо давхцалгүй, ... гуравдагч этгээдийн эзэмшиж буй газраар нэхэмжлэгчийн 0,4 кВт агаарын болон кабель шугам дайран өнгөрч буй хэдий ч уг үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй, ... тухайн тохиолдолд нэхэмжлэгчид сонсох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагагүй, ... хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөн найруулгаас өмнө/ 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасантай нийцнэ” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
5.1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.2.3 /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулгаас өмнө/-д “… хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 21.5.3-д “энэ хуулийн 21.5.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах” гэж тус тус зааснаас үзэхэд дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б.Сд маргаан бүхий газрын эзэмших эрхийг олгох үед дүүргийн нутаг дэвсгэрийн тухайн байршилд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхийг дүүргийн Засаг даргад олгосон уг хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байсан.
5.2. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-д ““инженерийн шугам сүлжээ” гэж ус хангамж, цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг хэлнэ” гэж заасанд нэхэмжлэгчийн 0,4 кВт агаарын болон кабель шугам татсан газар хамаарахгүй болох нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Ашиглалт, засварын зүүн төвийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 31/290, 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 31/29, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/2079 дүгээр албан бичиг зэрэг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.
Тодруулбал, инженерийн шугам сүлжээ бүхий газар болох нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр баталгаажсан, зураглал, төлөвлөгөө, түүний техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг, төсөл, газрын кадастрын зураглалд тусгагдсан байх шаардлагатай бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өрхийн хэрэглээнд зориулж татсан цахилгааны кабель шугамыг уг тодорхойлолтод хамруулах боломжгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул “...дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг зөрчин Б.Сд газар эзэмших эрх олгосон” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
5.3. Түүнчлэн, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна”, Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүчний шугам сүлжээ эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлт, эрчим хүчний шугам сүлжээний зурвасын зураглалыг үндэслэн Эрчим хүчний тухай хуулийн 33.2-т заасны дагуу хамгаалалтын зурвасыг тогтооно”, 4.1-т “Эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ: Эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ”, 4.1.4. шугам сүлжээний хамгаалалтын зурвасын байршлын зураглалыг хийх, хамгаалалтын зурвасыг тогтоолгох тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаар гаргуулах” гэж тус тус заажээ.
Дээрх зохицуулалтаас үзэхэд шугам сүлжээний хамгаалалтын зурвасын байршлын зураглалыг хийх, хамгаалалтын зурвасыг тогтоолгох тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаар гаргуулах нь эрчим хүчний шугам сүлжээ эзэмшигчийн үүрэг гэж үзэхээр байх бөгөөд дээр дурдсан ажиллагааг хийгээгүй болох нь хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд “...Эрчим хүчний тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчиж гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон” гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.
5.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/441 дүгээр захирамж нь гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт тул Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах, бусад этгээдээс саналыг нь авах зэргээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаа дутуу явагдсан гэж үзэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5.5. Нэхэмжлэлийн шаардлагад хүчингүй болгуулахаар тодорхойлсон, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох тухай” А/441 дүгээр захирамжийн Б.Сд холбогдох хэсгийн улмаас нэхэмжлэгч Ч.Сгийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй газар эзэмших эрх нь тус дүүргийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар 400 кв.м газрын эзэмших эрхийг шилжүүлэн авснаар буюу цаг хугацааны хувьд нь гуравдагч этгээд Б.Сд газар эзэмших эрх олгосноос хойш үүссэнээс гадна тэдэнд эзэмшүүлсэн газарт байршлын хувьд давхцал үүсээгүй болох нь хэрэгт цуглуулсан нотлох баримтаас тогтоогдсон, энэ талаар маргаагүй учраас “нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдөн” гэх тайлбарыг мөн хүлээн авсангүй.
6. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс түүнийг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0394 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөн найруулгаас өмнө/ 21 дүгээр зүйлийн 21.5.3,” гэснийг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөн найруулгаас өмнө/” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ