Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 180

 

 

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00180

 

 

Д.М, М.Б, М.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШШ2017/00498 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.М, М.Б, М.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Цд холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц болон орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Амарнасаа

Хариуцагч: Ж.Ц

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Урангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 54 дүгээр орон сууцны ... тоот, 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хамтран өмчилдөг.

Нэхэмжлэгч М.Б болон М.Г нар нь 2016 онд нэхэмжлэгч нарын дундын өмчлөлийн орон сууцыг Ж.Ц хууль бусаар эзэмшиж байгааг мэдсэн.

Бид эцэг Д.М, эх Ц.Хандсүрэн нарыг тухайн орон сууцыг бусдад хөлслүүлж байгаа бодож байсан. Энэ талаар эх Ц.Хандсүрэнгээс тодруулж асуухад “н.Баярсайхан багш хамт ажилладаг Ж.Цыг дагуулж ирсэн ба 200 000 төгрөг гаргаж ирээд 100 000 төгрөгийг надад, 100 000 төгрөгийг н.Баярсайхан авсан. Түүнээс хойш надад 50 000 төгрөг өгсөн, өөр ямар ч мөнгө өгөөгүй” гэж хэлсэн.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул Ж.Цын эзэмшлээс орон сууц болон орон сууцны улсын бүртгэлийн  гэрчилгээг тус тус гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Д.М, М.Б, М.Г бид уг орон сууцны өмчлөгч бөгөөд бидэнд мэдэгдэлгүйгээр Ц.Хандсүрэн хэлцэл хийх ямар ч эрхгүй билээ.

Манай орон сууцны ванн, угаалтуур, унтраалга, тосгуур, шүршүүр бүгд байсан. Засвар хийх шаардлагагүй, бүх өрөөний обой цаас нь бүтэн, шалны хулдаас урагдаж цоорсон зүйлгүй, цонх түгжээ хэвийн байсан бөгөөд бид орон сууцаа бусдад хөлслүүлж байгаагүй.

Хариуцагч тал 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээг байгуулж өмчлөх эрхээ шилжүүлсэн гэж худал тайлбар гаргасан. Бид бэлэглэлийн гэрээг хийх ямар ч шаардлага, шалтгаан байхгүй бөгөөд тухайн гэрээнд зурсан гарын үсэг нь бидний гарын үсэг биш байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1999 онд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Ц.Хандсүрэн, Д.М, М.Г, М.Б, Г.Нямцогт нар бүртгэлтэй байсан. Ц.Хандсүрэн, Д.М нар нь орон сууцны ашиглалтын хуримтлагдсан өр төлбөр, бусад зардлыг уг орон сууцны үнэд шингээгээд 480 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

Орон сууцны төлбөрийг төлсний дараа Ц.Хандсүрэн, Д.М нар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээг надад эх хувиар нь өгсөн ба өмчлөх эрхийн гэрчилгээг дараа шилжүүлж өгнө гэж хэлсэн.

2004 онд орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн, өмчлөх эрхээ “өөрөө бүртгүүлээд аваарай” гэсэн. Би уг гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өмчлөх эрхээ бүртгүүлэхээр очиход бэлэглэгч Ц.Хандсүрэн, Д.М нар нь хүчингүй болсон улаан паспортаар нотариатын үйлдэл хийлгэсэн байсан тул өмчлөгчөөр бүртгэхэд шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр бүртгэлийн хэлтэс өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн аваагүй, татгалзсан.  

Тухайн үед ямар ч гэрээ хийлгүйгээр орон сууцыг худалдаж авсан. Өмчлөх эрхийг элдэв шалтаг тоочин шилжүүлж өгөөгүй байдлаа ашиглан орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

            Би орон сууцны ашиглалтын зардалд нийт 240 000 төгрөгийн төлбөрийг холбогдох газруудад төлсөн ба худалдах нийт үнийн дүнгээс хасч тооцон үлдэгдэл 256 000 төгрөгийг Ц.Хандсүрэнд хэсэгчлэн өгсөн. Уг орон сууцыг хөлсөлж суугаагүй.

Би 1999 оны 7 дугаар сард маргаан бүхий орон сууцыг нийт 480 000 төгрөгөөр урдах өмчлөгч нараас худалдан авч хорооны хүн ам, өрхийн бүртгэлд хамрагдаж, орон сууцтай холбоотой бүхий л төлбөрийг төлсөн.

Нэхэмжлэгч нарын буруутай үйлдлийн улмаас өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй хохирч байна. Иймд намайг Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын 54 дүгээр орон сууцны ... тоот 2 өрөө орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: 1994 оны Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 54 дүгээр орон сууцны ... тоот 2 өрөө орон сууцыг Ж.Цын хууль бус эзэмшлээс чөлөөлж, 0018024 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгон, хариуцагч Ж.Цыг 54 дүгээр орон сууцны ... тоот 2 өрөө орон сууцнаас албадан гаргаж,

Хариуцагч Ж.Цын нэхэмжлэгч Д.М, М.Б, М.Г нарт холбогдуулан гаргасан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Ж.Цоос сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 31 238 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Цоос 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх шүүгчийн захирамж бүрэн биелэгдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн. 1994 оны Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэгч Д.М нь 1996 онд Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр орон сууцны 1 дүгээр орц, ... тоот, 2 өрөө орон сууцыг 2675 дугаартай "Орон сууц ашиглах эрхийн бичиг"-ийн үндсэн дээр эзэмшиж байсан гэжээ.

Гэтэл Д.М нь маргаан бүхий 2 өрөө орон сууцыг 1996 онд 2675 дугаартай "Орон сууц ашиглах эрхийн бичиг"-ийн үндсэн дээр эзэмшиж байгаагүй, ийм баримт хэрэгт авагдаагүй, харин 1996 онд 4-р орон сууцанд 3 өрөө орон сууцыг эзэмшиж байсан талаар гэрч Т.Баяраа мэдүүлсэн.

Д.М нь 1997 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргаж 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 0018024 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авч, хамтран өмчлөгчөөр М.Г, М.Б, Ц.Хандсүрэн, Г.Нямцогт нарын нэрийг гэрчилгээний хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэдэгт тэмдэглүүлжээ. 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт тухайн орон сууцны өмчлөгчөөр М.Б, М.Г, Д.М нарыг бүртгүүлэхээр бүртгэлийн мэдүүлэг гаргасан гэсэн.

Гэтэл Д.М нь 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 0018024 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авах өргөдөлдөө хамтран өмчлөгчөөр М.Г, М.Б, Ц.Хандсүрэн, Г.Нямцогт нарын нэрийг гэрчилгээний хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэдэгт тэмдэглүүлсэн, мөн маргаан бүхий орон сууц нь 5 өмчлөгчтэй байсан гэдгийг 0018024 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ нотолж байсан. Түүнчлэн Д.М нь тухайн орон сууцны өмчлөгчөөр М.Б, М.Г, Д.М, Ц.Хандсүрэн, Г.Нямцоож нарын 5 хүнийг бүртгүүлэхээр өргөдөл, бүртгэлийн мэдүүлэг гаргасан байдаг.

Маргаан бүхий орон сууцыг хариуцагч 1999 оны 7 сард нийт 480 000 төгрөгөөр худалдаж авахад тухайн орон сууц нь Д.М, М.Г, М.Б, Ц.Хандсүрэн, Г.Нямцогт нарын 5 өмчлөгчтэй байсныг шүүхэд бид тайлбарлаж, 0018024 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь шүүхэд өгч, уг ордерт үзлэг хийлгэх хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Энэхүү бичмэл нотлох баримтыг шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд өгсөн.

Түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 дгээр сарын 24-ний өдрийн 570 дугаартай эд хөрөнгийн лавлагаа нь үндэслэлгүй, худлаа, дутуу байгаа талаар шүүх хуралдаан дээр бичгээр тайлбарлаж, зохигчдын маргаж буй орон сууц нь 1999 оны 7 сард 5 өмчлөгтэй байсан уу, 3 өмчлөгтэй байсан уу гэдгийг дахин лавлагаа авсаны дараа шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргахад шүүх энэхүү хэрэгт чухал ач холбогдолтой, болж өнгөрсөө үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхэд нөлөөлөхүйц нотлох баримтыг Улсын бүртгэлийн хэлтсээс шаардаж авахаас илтэд татгалзаж хэргийг дутуу баримтанд үндэслэн шийдвэрлэсэн.

Түүнчлэн улсын бүртгэгч Ш.Минжбат нь Багануур дүүргийн шүүхэд тухайн орон сууц нь 2015 оны байдлаар нэр бүхий 5 өмчлөгчтэй байсныг тайлбарласан тайлбарыг 2015 онд тус шүүхэд гаргаж өгсөн байсан.

Мөн гэрч Ц.Хандсүрэн шүүхэд өөрийгөө энэ орон сууцны өмчлөгч байсан, гэрчилгээн дээр миний нэр тэр үед бичигдсэн байсан гэж мэдүүлсэн.

2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн нотлох баримт шаардан гаргуулах шүүгчийн захирамж бодитой, бүрэн биелэгдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

М.Б нь өөрсдийн эзэмшлийн сууцыг өөр хүмүүс эзэмшиж байсныг 15 жилийн дараа буюу 2014 онд мэдсэн гэж үнэнд нийцэхгүй тайлбарыг нэхэмжлэлдээ дурьдсан байхад шүүх түүнийг өөрсдийнх нь эзэмшлийн сууцыг өөр хүмүүс эзэмшиж байсныг 2016 онд мэдсэн гэж зөрүүтэй дүгнэж 2016 оноос шаардах эрх үүснэ гэж хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолсон.

Нэхэмжлэгч нар анхнаасаа уг орон сууц нь бусдын эзэмшилд байсан гэдгийг 1999 оны 7 сараас мэдэж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд бусдын эзэмшлээс чөлөөлүүлэх талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

1999 оны зун 7 сард маргаан бүхий орон сууцыг 480 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод энэ мөнгөнөөсөө хариуцагч бүх л өр төлбөрийг нь холбогдох байгууллагуудад төлж үлдэх мөнгийг нь өмчлөгч Ц.Хандсүрэнд бүрэн төлсөн байх ба энэ талаар Ц.Хандсүрэн нь шүүхэд дуудагдан гэрчийн мэдүүлэг өгөхдөө надаас бэлнээр 250 000 төгрөг авсан гэдгээ мэдүүлсэн. Ц.Хандсүрэн нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг дараа нь шилжүүлэх боломжтой гэж ойлгуулан уг орон сууцыг 480 000 төгрөгөөр худалдсан.

Д.М, Ц.Хандсүрэн, М.Г, М.Б, М.Гын охин Г.Нямцогт нар нь 1999 онд ГовьСүмбэр аймагт амьдарч байхдаа өөрсдийнх нь өмчлөлийн орон сууцанд тогтвортой амьдрах хүнгүй, эзэнгүй орон сууц, тогны мөнгийг нь төлж чадахгүй их өртэй болсон учраас хариуцагчид 480 000 төгрөгөөр худалдаж, орон сууцаа суллаж, уг орон сууцны эзэмшлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хамт шилжүүлэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч нар нь 2004 оныг хүртэл Багануурт ирээгүй, хариуцагч багшийн ажил эрхэлж зав муутай байсан. Орон сууцны гэрчилгээг худалдагч талын буруутай үйлдлийн улмаас буюу эрх шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч нар нь зөрчиж үүргээ биелүүлээгүй тул худалдах авагч "Орон сууц худалдах худалдан авах гэрээ"-г бичгээр байгуулах, өмчлөх эрхийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй гэдгээ шүүхэд тайлбарласан. Мөн нэхэмжлэгч нар 1980 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Говьсүмбэр аймагт амьдарч байсан гэдэг нь нэхэмжлэгч нарын тайлбар, Ц.Хандсүрэнгийн хуучин улаан паспортын ард шилжилт хөдөлгөөний бүртгэл хийгдсэн тэмдэглэлээр нотлогдоно.

Хариуцагч орон сууцыг худалдан авахдаа гэрчилгээг эхээр нь хүлээн авч, суллаж өгсөн орон сууцыг нь шударгаар эзэмших болсон. 1999 оны 7 дугаар сараас эхлэн 480 000 төгрөгөөр надад худалдаж, орон сууцны эзэмшлийг шилжүүлсэнээс хойш хариуцагч уг орон сууцанд 18 жил амьдарч, орон сууц, дулааны зэрэг төлбөрийг өмчлөгч нарын өмнөөс төлж байсан баримтууд, Багануур дүүргийн Засаг даргын тодорхойлолт, Ж.Цын хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогдож байгаа.

Орон сууц бэлэглэлийн гэрээн дээр 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ж.Ц нь гарын үсгээ зурсан ба гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхээ баталгаажуулахаар удаа, дараа хандсан боловч Улсын бүртгэгч Т.Нэргүй, улсын бүртгэгч Ш.Минжбат нар нь энэ гэрээ хуулийн шаардлага хангахгүй тул улсын бүртгэлд бүртгэх боломжгүй, хүчингүй болсон хуучин улаан паспортоор гэрээг гэрчилсэн байна, насанд хүрээгүй Г.Нямцогтын гарын үсгийг М.Г нь төлөөлж зураагүй байна гэж бүртгэхээс татгалзсан.

2013 онд Багануур дүүргийн Улсын бүртгэгч Т.Нэргүй, улсын бүртгэгч Ш.Минжбат нар нь Ж.Цыг удаа дараа шаардлага хангахгүй гэсэн "Орон сууц Бэлэглэлийн гэрээ”-г улсын бүртгэлд бүртгүүлнэ гээд байхаар аргаа барсан уу яасан юм түүнд “Та Ц.Хандсүрэн, Д.М нараас энэ орон сууцны өмчлөх эрхээ бусдад бэлэглэх, худалдах  эрх олгож байна гэсэн итгэмжлэл хийлгээд ир, тэгвэл эрх шилжих боломжтой” гэхээр нь хариуцагч Говьсүмбэр аймаг руу явах боломжгүй, ангийнхаа С.Саранцэцэгийг Говьсүмбэр аймагт амьдардаг болохоор учраа хэлж Д.М, Ц.Хандсүрэн нартай уулзаж итгэмжлэл хийлгэж явуулаач гэж хэлэхэд зөвшөөрсөн байдаг ба 2013 оны итгэмжлэлийг хийлгээд явуулсан. Энэхүү итгэмжлэлийг хариуцагч улсын бүртгэгч нарт өгөхөд одоо М.Г, Г.Нямцогт, М.Б нараас яг ийм агуулгатай итгэмжлэл авчирахад өмчлөх эрх таны нэр дээр шилжинэ гэсэн хэдий ч хариуцагч нарын амьдарч байгаа газрыг олж чадахгүй байсаар 2015 онд Багануур дүүргийн шүүхэд өөрийгөө өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэл гаргаж байсан тухай шүүгчийн захирамжийг анхан шатны шүүх үнэлээгүй.

Ц.Хандсүрэн нь зөрүүтэй мэдүүлэг өгч байхад шүүх түүний мэдүүлэгийг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлээгүйд гомдолтой байна.

1994 оны Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 44 дүгээр зүйлийн 44.1.3-т тус тус зааснаар Ц.Хандсүрэн, хариуцагч Ж.Ц нарын хооронд амаар хийсэн хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь буруу.

Шүүх нэхэмжлэгч нар хэлцлийн үндсэн дээр орон сууцны эзэмшлийг хариуцагчид шилжүүлсэн эсэх, өмчлөх эрх шилжүүлэх үүргээ яагаад бүрэн гүйцэтгээгүй буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг асуудалд эрх зүйн талаас нь дүгнэлт хийгээгүй. Харин хуулийн 41 дүгээр зүйлд тусгайлан заасан бол талууд хэлцэл хийхдээ эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах буюу бүртгүүлэх үүрэгтэйг зааж, энэ шаардлагыг биелүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг дурдсан байсан боловч үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ нь зөвшөөрлөөр хийгдэх хэлцэл биш юм.

Эрх шилжүүлэхээр хэлцэл хийсэн этгээд үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож байхад улсын бүртгэлийг үнэн зөвд тооцох зарчмыг маргаанд шууд хамааруулж хэрэглэн нэхэмжлэгч нарыг өмчлөгч хэвээр байгаа гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь улсын бүртгэлийг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгосон нь хариуцагч орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдоогүй тохиолдолд зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, орон сууцыг чөлөөлүүлэх шийдвэр гаргах үндэслэлгүй байсан.

Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.М, М.Б, М.Г нар нь хариуцагч Ж.Цд холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц болон уг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.М нь 1996 онд Багануур дүүргийн 3 дугаар хороо 54 дүгээр байрны 1 дүгээр орц, ... тоот, 2 өрөө орон сууцыг Орон сууц ашиглах эрхийн 2675 тоот бичгийн үндсэн дээр эзэмшиж байгаад, 1997 оны 09 дүгээр сарын 12 ны өдөр Багануур дүүргийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргаж, 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдөр орон сууц өмчлөх эрхийн 0018024 тоот гэрчилгээ авсан, хамтран өмчлөгчөөр М.Г, М.Б, Ц.Хандсүрэн, Г.Нямцогт нар нь бүртгэгдсэн байна.

 

М.Б, М.Г, Д.М нар 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр бүртгэлийн мэдүүлэг гаргасан байх ба 54-... тоот орон сууцны өмчлөгчөөр тэдгээрийг бүртгэсэн нь улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа, /хх 38, 56-57 дахь тал/, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээн дэх тэмдэглэлээр /хх 36-37 дахь тал/ тогтоогдсон.

 

Түүнчлэн Ц.Хандсүрэн болон 1994 онд төрсөн Г.Нямцогтыг уг орон сууцыг өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдэд оруулан бүртгэсэн байна.

 

Уг орон сууцны өмчлөгчид нь Д.М, М.Ганцоож, М.Б, Ц.Хандсүрэн, Г.Нямцогт нар байх бөгөөд тэдгээр нь гэр бүлийн гишүүд тул хэн аль нь өмчлөлийн зүйлээ бусдаас шаардах эрхтэй юм. Иймд улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа ирээгүй, гэр бүлийн гишүүдээс улсын бүртгэлд дээр дурдсан өмчлөгч нарын эсхүл тоог тодорхойлох шаардлагагүй тул нотлох баримт цуглараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Хариуцагч Ж.Ц нь маргаан бүхий орон сууцыг 1999 онд худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр Д.М, Ц.Хандсүрэн нараас худалдаж авсан авсан гэж тайлбарлаж байгаа боловч худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй байна.

 

Ц.Хандсүрэн, Ж.Ц нар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцлийг амаар хийсэн гэж хариуцагч тайлбарласан боловч Иргэний хуулийн /1994 оны/ 95 дугаар зүйлийн 3-т зааснаар гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болох М.Гоос зөвшөөрөл бичгээр аваагүй тул үл хөдөлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийг бичгээр байгуулаагүйгээс гадна зохих этгээдийн зөвшөөрлийг ч мөн аваагүй байна.

 

Түүнчлэн Ц.Хандсүрэн, Д.М болон Ж.Ц нарын хооронд 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Орон сууц бэлэглэлийн гэрээ” байгуулагдсан ч уг гэрээ хэрэгжих  боломжгүй буюу уг орон сууцыг бүхэлд нь бусдад бэлэглэх эрх Ц.Хандсүрэн, Д.М нарт олгогдоогүй, М.Г М.Б нараас зөвшөөрлийг аваагүй нь Иргэний хуулийн /2002 оны/ 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчжээ.

 

Иймд Ж.Ц нь уг орон сууцыг өмчлөх эрхгүй, өмчлөх эрхийг хуульд заасан аливаа хэлбэрээр олж аваагүй нь тогтоогдсон тул орон сууцыг эзэмших түүний эзэмшил хууль бус юм.

 

Нэхэмжлэгч нар нь бусдаас өмчлөлийнхөө зүйл болох орон сууцаа шаардаж байх бөгөөд өмчлөх эрх нь туйлын эрх тул тэд хэдийд ч өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй юм.

 

Иймд хөөн хэлэлцэх хугацааг анхаараагүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн орон сууцын бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм.

 

Маргаж буй орон сууц нь нэхэмжлэгч нарын өмчлөлийнх бөгөөд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж дүгнэх тул 2002 оны Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар уг орон сууцыг хууль бус эзэмшлээс гаргуулсан нь зөв боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулалгүй шийдвэрлэсэн нь буруу юм.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагчийг уг орон сууцнаас албадан гаргуулах гэж тодорхойлжээ. Энэ 2 шаардлагын агуулга нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан агуулгаар тодорхойлж, өөрчлөн найруулахдаа хууль хэрэглээний алдаа буюу нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргасан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний хуулийн зохих зохицуулалтыг баримтлана.

 

            Нэхэмжлэгч нарын орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй болсон тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон. Анхан шатны шүүх хууль хэрэглээгүй алдаа гаргасныг зөвтгөв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШШ2017/00498 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 54 дүгээр байрны ... тоот 2 өрөө орон сууц болон уг орон сууцны өмчлөх эрхийн 0018024 тоот гэрчилгээг Ж.Цын хууль бус эзэмшлээс тус тус гаргуулсугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад “Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар” гэж нэмж оруулан, гэснийг “хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 51 238 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД                                              Т.ТУЯА

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА