Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/891

 

2022           09          14                                 2022/ШЦТ/891

 

 

                       

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Б.Оргилболд,

Хохирогч Д.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал,

Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оргилболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хорио цээрийн байцаагч мэргэжилтэй, ............ ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ............тоотод оршин суух хаягтай боловч, ................ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ч. М, /РД ........../.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Ч.М нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К-” сүлжээ хоолны газрын хажуу талын гудамжинд ...... УАА улсын дугаартай Тоёота марк икс маркийн автомашинтай явж байгаад, тус гудамжинд өөдөөс нь тулж зогссон 00-00 УНЯ улсын дугаартай Тоёота креста маркийн автомашинаас бууж ирсэн хохирогч Д.Этай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдах явцдаа түүнийг машины жолооч талын хаалгаараа цохиж унаган, машинаасаа бууж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “...тархи доргилт, зүүн 11-р хавирганы хугарал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн ... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч Б.О...оос:

-Хохирогч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 17-20, 22-23 дугаар тал),

-Гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 37-39 дүгээр тал),

-Шүүгдэгч Ч.Мын Хаан банк дахь дансны хуулга (хавтаст хэргийн 43 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1303  дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),

-Яллагдагч М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 50-51 дугаар тал),

-“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 62-63 дугаар тал) зэрэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг судалж, шүүх хуралдаанд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.М...аас

-Хохирогч Д.Эгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдлийг (хавтаст хэргийн 7 дугаар тал),

-Шинжээчийг асуусан тэмдэглэл (хавтаст хэргийн 55-56 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах байр суурьтай оролцохоо илэрхийлсэн болно.

Хохирогч Д.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Би өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно. Миний хувьд шүүгдэгчээс эмчилгээтэй холбоотой зардлаа баримтаар нэхэмжилнэ. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гомдолтой байгаа. Энэ хүн манай гэрээс очиж машины хучлага авсан, машины толийг хугалсан, би тэр л мөнгийг маань өгсөн гэж үзэж байгаа” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг,

Шүүгдэгч Ч.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “хохирол төлбөрийг өөрийнх нь нэхэмжилсэн дүнгээр нь төлж байсан. Дараа нь хохирогч эмчилгээтэй холбоотой мөнгө 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн, өмгөөлөгчтэйгээ адил байр суурьтай байгаа” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг тус тус гаргажээ. 

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.М нь хохирогч Д.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдах явцдаа түүнийг машины жолооч талын хаалгаараа цохиж унаган, машинаасаа бууж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Хохирогч Д.Эгийн: “...2021 оны 12 дугаар сарын 24-ний орой 19 цагаас 21 цагийн хооронд би ажлаа тараад өөрийн нэр дээр байдаг 00-00 УНЯ гэсэн Т.Креста 200 маркийн машинаа, миний машин барьдаг үеэл Т.М- гэх хүнээр бариулаад гэртээ харих гээд явж байх замдаа Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны “К-” сүлжээ дэлгүүрийн урдуур зүүн тийшээ эргээд манай машин нарийн замаар ороод явж байхад урдаас Тоёота загварын ногоовтор өнгийн жижиг тэрэг бид нарын урдаас орж ирээд машиныхаа том гэрлээ асаачхаад явуулахгүй байсан. ...Тэгэхээр нь би машины жолооч талын цонхыг тогшиход жолооч талд нэг өндөр залуу сууж байгаад цонхоо онгойлгосон, жолоочийн эсрэг талд жижиг эрэгтэй хүн хоёр байсан. Тэгээд тэр хоёр шал согтуу байсан, тэгэхээр нь би та хоёр ухар гэж хэлсэн чинь надад та ухар гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу хүмүүстэй юу ярих вэ гээд өөрийнхөө машины ард зогсож байсан машинуудыг гуйгаад ухраагаад, өөрийнхөө машиныг ухар гээд ухраалгаад “К-”-гийн шатны хажууд ирээд нөгөө машин гарахаар зай тавьж өгсөн. Тэгээд тэр машин, тэр зайгаар миний машиныг жаахан өнгөрч зогсоод жолооч талын цонхоо онгойлгоод өвгөн гуай гээд намайг дуудахаар нь би “чи яваа миний дүү, одоо зам чөлөөтэй болчихлоо гээд очоод тонгойгоод хэлчхээд эргэх гэхэд жолооч талын хаалгаа хүчтэй онгойлгоод миний зүүн талын нүдний дээд талд оноод цохисон, тэгээд машинаасаа буугаад баруун гараараа миний зүүн хавирганд 1 удаа хүчтэй цохисон, тэгээд би ухаан алдсан шиг байгаа юм. Намайг нэг мэдэхэд сэгсэрч байсан, тэгэхээр нь би юу болов оо гээд асуусан чинь намайг тавьчихсан, тэгээд миний машины жолоочийн эсрэг талын толийг гараараа хуга цохиод цагдаадаа хэлээрэй гэж хэлчхээд машинаа унаад зугтчихсан. Эд материалын хохирлоо авлаа. Надад одоо гомдол санал байхгүй М миний хохирол болох 1,020,000 төгрөгийг бүрэн төлсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-20, 22-23 дугаар тал),

 

-Гэрч М.Эын: “...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Н- худалдааны төвийн арын хашаанд байх ах Б-ийн гэрээр ах Мын хамт юм оруулж өгөөд цай уучхаад 19-20 цагийн үед гараад Мын эзэмшлийн ...... УАА улсын дугаартай автомашинаар “К-” урд талд байх гудамжаар ороод явж байхад урдаас машин орж ирсэн. Тэр машинаас нэг ах бууж ирээд М ахын машины урд гупер руу өшиглөөд цонхыг нь цохиод байсан. Бид хоёрыг ухар гээд дайраад байсан. Тэгээд бид хоёр ухрах гэтэл араас машин ороод ирсэн тэгээд нөгөө ахын машиныг өөр нэг эмэгтэй хүн барьж байсан тэр хүн нь жоохон ухарсан бараг ухраагүй тэгээд хажуугаар нь би машины цонхоор өнгийж харж байгаад гарсан. Гараад явах гэтэл хажууд буугаад ир гээд дагаад яваад байсан. Тэгээд М ах бууж уулзсан би машиндаа суугаад үлдсэн. Удалгүй М ах орж ирээд хөдлөөд явсан дургүй хүргээд новш чинь гэж хэлж байсан. Би явъя явъя гай л болно гэж хэлээд хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дүгээр тал),

 

-Шүүгдэгч Ч.Мын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “хохирол барагдуулав” гэх утгаар 1,020,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Хаан банк дахь дансны хуулга (хавтаст хэргийн 43 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “...1.Д.Эгийн биед тархи доргилт, зүүн 11-р хавирганы хугарал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн 1303 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Ч.М нь хохирогчийн биед халдаж машины хаалгаар цээж хэсэг рүү нь цохисон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгч Ч.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Учир нь Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж өөрчлөн найруулжээ. Өөрөөр хэлбэл, яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцааж болохооргүй болжээ.

 

Шүүгдэгч Ч.Мт холбогдох хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, бусад оролцогчоос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаагүй, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн 1508 дугаартай захирамж гарсан байна. Нэгэнт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байх тул хэргийг прокурорт буцаах боломжгүй юм. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал тогтоогдсон, хэргийг шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хохирогч нь эмчилгээтэй холбоотой 130,000 төгрөгийн зардлын баримтыг хэрэгт тусгуулан өгчээ. Мөн “Мастер үнэлгээ” ХХК-иас машины баруун толийг 35,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хохирогч Д.Эд нийт 165,000 төгрөгийн эмчилгээний болон эд материалын зардал гарснаас шүүгдэгч Ч.М 1,020,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Хаан банк дахь дансны хуулгаар (хавтаст хэргийн 43 дугаар тал) нотлогдож байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Харин хохирогч Д.Э гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ч.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос “шүүгдэгч Ч.Мт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг”, шүүгдэгч “торгох ялыг хөнгөрүүлэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

 

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...хохирол нөхөн төлсөн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ч. Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мт 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН