Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
Хэргийн индекс | 186/2022/0759/Э |
Дугаар | 2022/ШЦТ/814 |
Огноо | 2022-10-18 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/814
2022 10 18 2022/ШЦТ/814
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Ж.Баянжаргал, шүүгдэгч Ө.Э /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө.Эөд холбогдох эрүүгийн “2211 00000 1536” дугаартай, 186/2022/0759/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “ххх тоотод оршин суух бүртгэлтэй,
- урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, 1 удаагийн ялтай, Ө.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Э нь 2022 оны 8 дугаар сарын 15-ний өдрөөс 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд бүжиглэж байсан Б.Мгийн хацрыг шилээр зүсэж түүний биед гэмтэл учруулан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Ө.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..” мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мгийн:...би 2022 оны 8 дугаар сарын 15-ний өдрөөс 16-нд шилжих шөнө гурван найзын хамтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Чикаго” бааранд ороод жоохон сууж байгаад босоод бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Бид нарын хойно хөгжмийн хэсэгт баарны дижи хүнтэй маргалдаад байсан, тэгээд намайг бүжиглэж байхад гэнэт миний хацрыг нэг зүйл шүргэх шиг болсон, хацраас цус урсаад ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Уранбилэгийн:..2022 оны 8 дугаар сарын 15-ний өдрөөс 16-нд шилжих шөнө би өөрийн найз Мөнхтуяа болон түүний гурван найзын хамт “Чикаго” бааранд ороод жоохон сууж байгаад талбай дээр бүжиглэж байтал манай найз Мөнхтуяа хацраа бариад хартал цус гарч байсан. Бид хоёр түргэн дуудсан. Тэгээд түргэн ирээд Мөнхтуяа үзүүлэх гээд хоёр найзын хамтаар гарсан. Би Мөнхтуяаг цохисон хүнийг гаргахгүй гээд хараад үлдсэн. Тухайн хүн гарах гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би түлхсэн чинь миний нүүрлүү 1 удаа цохисон. Миний шил газар унасан. Би тухайн хүнийг огт танихгүй анх удаагаа харсан, гэнэт л нэг зүйл Мөнхтуяагийн хацрыг ирээд оночихсон гэх мэдүүлэг. /хх-ийн 8 дугаар тал/,
2.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 11320 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Мгийн биед зүүн хацрын хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна. Шинжээч эмч Н.Энхцолмон гэжээ. /хх-ийн 20-21 дүгээр тал/,
Гурав:Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтас хэргээс: шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 314 дугаар прокурорын тогтоол, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 11320 дугаар дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, хохирогч Т.Мн хэргийн материалтай танилцахгүй, нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, хохирлоо бүрэн барагдуулсан гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 68 дугаар тал/, эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16, 18 дугаар тал зэргийг шинжлэн судлалаа.
3.2. Шүүгдэгч Ө.Э нь хавтаст хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаж үзлээ.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ө.Э нь 2022 оны 8 дугаар сарын 15-ний өдрөөс 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд бүжиглэж байсан Б.Мгийн хацрыг шилээр зүсэж түүний биед зүүн хацрын хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Б.Мгийн: би 2022 оны 8 дугаар сарын 15-ний өдрөөс 16-нд шилжих шөнө гурван найзын хамтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” бааранд ороод жоохон сууж байгаад босоод бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Бид нарын хойно хөгжмийн хэсэгт баарны дижи хүнтэй маргалдаад байсан, тэгээд намайг бүжиглэж байхад гэнэт миний хацрыг нэг зүйл шүргэх шиг болсон, хацраас цус урсаад ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,
- гэрч Н.Уранбилэгийн: 2022 оны 8 дугаар сарын 15-ний өдрөөс 16-нд шилжих шөнө би өөрийн найз Мөнхтуяа болон түүний гурван найзын хамт “Чикаго” бааранд ороод жоохон сууж байгаад талбай дээр бүжиглэж байтал манай найз Мөнхтуяа хацраа бариад хартал цус гарч байсан. Бид хоёр түргэн дуудсан. Тэгээд түргэн ирлээ гээд Мөнхтуяа үзүүлэх гээд хоёр найзын хамтаар гарсан. Би тухайн Мөнхтуяаг цохисон хүнийг гаргахгүй гээд хараад үлдсэн. Тухайн хүн гарах гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би түлхсэн чинь миний нүүрлүү 1 удаа цохисон. Миний шил газар унасан. Би тухайн хүнийг огт танихгүй анх удаагаа харсан. Гэнэт л нэг зүйл Мөнхтуяагийн хацрыг ирээд оночихсон гэх мэдүүлэг. /хх-ийн 8 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 111320 дугаартай дүгнэлт. /хх-ийн 20-21 дүгээр тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнтэй зөв харьцахын оронд маргалдаж улмаар түүнрүү шил шидсэний улмаас бүжгийн талбайд бүжиглэж байсан өөр нэг иргэнийг онож улмаар түүний биед гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ө.Эийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ө.Эийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Хохирогч Б.М нь шүүгдэгч Ө.Эөөс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргасныг мөрдөгчийн бичсэн тэмдэглэл, мессеж, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Ө.Эийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр тус тус гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Шүүгдэгч Ө.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ө.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Эөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ