Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/153

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга        М.Баярмэнд            

улсын яллагч                       Б.*******

шүүгдэгч                               Э.*******

түүний өмгөөлөгч                 Б.*******

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******эд холбогдох 2223000000139 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдөр *******од төрсөн, 32 настай, эрэгтэй, *******, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, ээж, дүү, хүүхдүүдийн хамт амьдардаг, ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн ******* /регистрийн дугаар *******/

 Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг сургуулийн арын гудамжинд хар өнгийн “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох үедээ орчныг шалгалгүйгээр хөдөлгөөн эхлүүлж О.ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт хамаарч байна

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч овогт ийн ******* нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд Завхан аймаг сумын багийн нутаг сургуулийн арын гудамжинд хар өнгийн “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ орчныг шалгалгүйгээр хөдөлгөөнийг эхлүүлж О.ийн амь насыг хохироосон хэргийн үйл баримт нь хэрэгт  авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

О. зам тээврийн осолд орж нас барсан тухай мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.*******гийн “... 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг өнгөрч байхад ...Э.******* манай гэрийн гадаа хар өнгийн маркийн авто машинтай ирээд ... Д. амь хохирогч О.ийг дагуулаад Э.*******ийн машинд суугаад аавын гэр рүү явсан юм шиг байна лээ. Тэгтэл удалгүй гэртээ байж байтал Д. гаднаас инээгээд орж ирж байсан. Тэгээд гадаа хүмүүс орилолдоод байхаар нь юу болсон юм бол гэж бодоод гэрээс гарахад хашааны баруун урд талд миний 2 настай хүү О. нь машинд дайруулсан байдалтай газарт хэвтэж байхаар нь би хүүхэд рүүгээ гүйж очоод цаашаа юу болсон талаар санахгүй байна. Эмнэлэг ороод эмчид үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн...Миний хүүгийн хэвтэж байсан газрынх нь цаад талд нь Э.*******ийн хар өнгийн машин зогсож байсан бөгөөд Э.******* нь яанаа юу болов гээд байх шиг байсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 20 дахь тал/

Э.*******ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж байсан гэрч А.ийн “...2022 оны 07 дугаар сарын 22-ны ... 19 цагийн орчимд хадам аавын гэрт байхад Д. талийгаач 2 настай хүүг маань дагуулж орж ирээд таныг гадаа хүн дуудаад байна гэхээр нь гэрээс гарахад захирлын машинтай Э.******* ганцаараа явж байсан ба гийн гадаа хорхог хийж байна таныг авах гээд ирлээ гэхээр нь би аавын гэрээс махаа аваад Д. болон талийгаач хүүгээ машинд суулгаад 2 хүүхдийг хүргэж цаашаа ажлын хүмүүс рүүгээ явахаар болсон. Тэгээд ******* манай гэрийн гадаа очоод хашааны баруун урд талд ертөнцийн зүгээр баруун тийш харж зогссон. Тухайн үед би машины урд суудал дээр суугаад арын суудал дээр Д. манай талийгаач хүү хоёр сууж байсан. Гэрийн гадаа хүүгээ машинаас буулгаад л г махаа ав, дүүгээ хөтлөөд гэртээ ороорой гэсэн. Урд хар өнгийн машинтай, эмэгтэй хүн ирээд орилоод гараараа дохиод байхаар нь юу болсон юм бол гэж  бодоод машинаас буухад миний хүү О. нь Э.*******ийн машинд дайруулсан нүүр нь цус болсон байдалтай, ямар ч хөдөлгөөнгүй, чимээ гарахгүй байсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 24-25 дахь тал/ 

насанд хүрээгүй гэрч Д.гийн “.... 2022 оны 07 дугаар сарын 22-ны үдээс хойш би ийг хараад гэртээ байж байсан. Тэгсэн ахыг хайж нэг ах хар өнгийн машинтай ах ирсэн. Тэгэхээр нь би амь хохирогч ийг аваад өвөөгийнд очих гэж байсан тул ах өвөөгийн гэрт байгаа, би заагаад өгье гэж хэлээд хар өнгийн машинд амь хохирогч ийн хамт сууж өвөөгийнд очиход ах байсан. Тэр хар машинтай ах ахыг аваад явах гэхэд ах “Бид хоёрыг явъя” гээд гэрийн гадаа ирээд амь хохирогчийг машинаас буулгаад тэвэрч гэрийн үүдэнд хүргэж орхичхоод өөрөө буцаж гарч ирээд машинаас өвөөгийн гэрээс авсан тортой махыг аваад эргээд гэр лүүгээ ороход амь хохирогч байхгүй байсан. Гэрт нь амь хохирогчийн ээж *******, наадмаар ирсэн гэх эгч, бага насны 6 хүүхэд байсан. Тэгэхээр би амь хохирогч ийг яасан талаар асуухад эгч манай хүүхэдтэй тоглож байгаа байлгүй гэж хэлсэн. Тэгээд удалгүй гадаа нэг хүн орилох дуу сонсогдсон. Тэгээд би гүйж очоод тэврээд авахад амь хохирогч  доош хараад унасан байсан бөгөөд нүүр хэсэг нь битүү цус болсон байсан. Тэгээд цаанаас нь ах ирээд, тэвэрч машинд суугаад эмнэлэг аваад явсан....” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 35-36 дахь тал/

гэрч Л.ын “...2022 оны 07 дугаар сарын 22-ний орой 19 цагийн орчимд дэлгүүр дээрээ байхад гадаа эмэгтэй хүн хашхираад уйлаад байхаар нь дэлгүүрийн лангууныхаа араас нь гараад үүдэн дээр гартал манай дэлгүүрээс ертөнцийн зүгээр баруун хойд талын гудамжны баруун талын захын хүрэн хашааны баруун урд талд маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд түүний урд талд хар өнгө, марк, улсын дугаарын санахгүй байна. Мөн хар өнгийн жип машин баруунаас зүүн тийш чиглэлтэй хажууханд нь зогсож байсан ба уг машинаас тайрмал хар үстэй, 50 орчим насны эмэгтэй хүн энэ машин хүүхэд дайрчихлаа хурдан эмнэлэг рүү залгаж дуудлага өг гэхээр нь би дэлгүүр рүүгээ ороод гар утсаа аваад дуудлага өгөх гээд гарч ирэхэд хүүхэд дайрсан гэх хар өнгийн маркийн авто машин хөдлөөд явсан байсан ба хар тайрмал үстэй эгч нөгөө машин чинь хөдлөөд явсан гэхээр нь хаашаа явсан бэ? гэхэд эмнэлэг руу дайрсан хүүхдээ аваад явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 39-40 дахь тал/,

О.ид эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үед хохирогч нас барсан байсан талаар мэдүүлсэн гэрч Э.ын “...Тухайн өдөр буюу 07 дугаар сарын 22-ны өдөр би хуваарийн дагуу жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн орой 19 цаг 30 минутын үед манай эрүүл мэндийн төв рүү нэг эмэгтэй хүүхдээ тэвэрчихсэн уйлаад орж ирсэн. Тэгээд би тухайн хүүхдийн биед үзлэг хийсэн. Намайг тухайн хүүхдийн биед үзлэг хийх үед зүрх амьсгал зогссон, хүүхэн хараа гэрлийн урвалгүй , хоёр талд өргөссөн, хамар болон хоёр чих, амнаас цус гарсан байдалтай, мөн амны хөндий хэсэгт нөжирсөн цустай, толгой хэсэг нилэнхүүдэй цустай, тархины баруун гар талын гавал ясны хэлбэр алдагдсан, өтгөн гарсан, арьс салст цайж, нас барсан байдалтай ирсэн...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 32 дахь тал/

Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн Э.*******ийн  “...2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчимд хамт ажилладаг ахыг гэрээс нь очиж авахаар ганцаараа түүний гэрт нь очиход эхнэр нь хашаан дотоо байхаар нь ахыг асуухад аавынх руу мах авах гээд явсан гэхээр нь  хөдлөх гэж байхад нэг жаахан охин амь хохирогч хүүхдийг дагуулаад ахаа би зааж өгөөд махаа аваад хүрээд ирье гээд машины баруун хойд хаалгыг онгойлгож суусан. ....Машины хойд талын хаалгыг нөгөө охин онгойлгоод мах аваад амь хохирогчийг дагуулаад буусан. ах бид хоёр 30 секунд орчим хоорондоо юм ярьж байгаад хамт ажилладаг гэх залуугийнх руу явахаар болоод хөдөлсөн. Тэгтэл машины баруун хойд дугуйнд юм дайрагдаж байгаа юм шиг мэдрэгдэхээр нь буухад хүмүүс хүүхэд дайрчихлаа гээд орилоод хүрээд ирсэн. Тэгтэл ахын 2 настай хүүхэд нь дайрагдсан, хамарнаас нь цус гарсан газарт ухаангүй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлгээр, / хэргийн 93 дахь тал/

Дээрх зам тээврийн ослын улмаас хохирогч нас барсныг нотолсон Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 000000048 дугаартай “...1.Амь хохирогч О.ийн цогцост. Гавал тархины хүнд гэмтэл, гавлын орой ясны бяцрал, суурь ясны бяцарсан хугарал, дух яс, дагз ясны цуурсан хугарал, Их бага тархины няцрал, духны хэсэгт зулгаралт гэмтэл байна. 2.Амь хохирогч О.ийн цогцост үүссэн гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн гэмтэл байна. Нас барсны дараа ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. 3.Амь хохирогч О.ийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо хүнд зүйлээр дарагдах үед үүснэ. 4.Амь хохирогч О.ийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Амь хохирогч О. нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна...” гэсэн дүгнэлт, / хэргийн 59-62 дахь тал / хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тус тус нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөн эхлэхдээ, бага насны хүүхэд машины ойр байгаа эсэхийг шалгалгүй хөдөлгөөнийг эхлүүлснээс болсон нь Завхан аймаг дахь цагдаагийн хошууч П.ийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гаргасан “ Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх ийн ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой” гэсэн магадлагаагаар тогтоогдсон байна.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь насыг хохирсон үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан  гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Шүүгдэгчээс хохирогч нийт 16.011.080 төгрөгийг нэхэмжилсэн ба түүнээс шүүгдэгч 9.500.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол үндэстэй эсэх, нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар үл марган, шүүх хуралдаанд хохирлын нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлахаас татгалзаж үлдэгдэл 6.511.080 төгрөгийг нөхөн төлөхөө сайн дураараа илэрхийлж байгааг харгалзан шүүгдэгчээс 6.511.080 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар  тогтоогдож байна.  Э.******* нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар заасан эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт  хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл гэж заасан тул уг гэмт хэрэг хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүгдэгч нь амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардлаас зарим хэсгийг буюу 9500000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “шүүгдэгчид гомдол, саналгүй хүүхдийнхээ буянд зориулж энэ хүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэл зоригийн илэрхийлэл, шүүгдэгч бага насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг, орлого олдог болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учир түүний хохирогчид хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн илэрхийлэл бодитой гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, зааснаар Э.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.*******эд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Э.*******эд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 2 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр  зүйлийн 4,5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Шүүгдэгч Э.*******эд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Э.*******ээс 6.511.080 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.*******д олгосугай.

9. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид оногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

             

           

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.НАНДИНЦЭЦЭГ