Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
Хэргийн индекс | 179/2022/0243/Э |
Дугаар | 2022/ШЦТ/248 |
Огноо | 2022-09-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хгийн Эад холбогдох эрүүгийн 2238000000535 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Э нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Р сумын 3 дугаар багийн Ж гэх газрын голын захад хохирогч Б.Бтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи олон ууцны зөөлөн эдэд цус хуралт, дээд уруул болон зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000535 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Х.Э нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Р сумын 3 дугаар багийн “Ж” гэх газрын голын захад хохирогч Б.Бтай “аавыг архи уулгалаа” гэх шалтгаанаар маргалдан түүний толгой, нуруу, бөөр хэсэг газарт цохих, өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи олон ууцны зөөлөн эдэд цус хуралт, дээд уруул болон зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Эын өгсөн: “мэдүүлэг өгөхгүй,.. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Бгийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Р сумын 3 дугаар багийн Ж гэх газар голын захад Эын аавын Хтэй хамт юм яриад сууж байтал Э аавыгаа авахаар ирсэн. Э машинаас бууж ирээд үгийн зөрөөгүй намайг өшиглөж цохиж эхэлсэн. Тэр үед Эын аав Х салгах гээд Этай ноцолдож байх хооронд гол гаталж зугтаж цааш гарсан. Тэгсэн машинаа асаагаад гол гаталж араас ирээд толгой, тархи, нуруу, бөөр рүү өшиглөж зодсон. Эын аав Х машинаас бууж ирээд Эыг болиулж ноцолдож байх хооронд цааш зугтаж машин гарах боломжгүй том голыг гарамгүй газраар гаталж гараад гэр рүүгээ явж байтал араас Э машинтайгаа араас давхиж ирээд машинд суу таныг зодсон байна уу гэхээр нь би айгаад суугаагүй намайг яах билээ гэж бодсон. Би цааш яваад Б.Б гэдэг айлд ороход Б чамаас цус их гарсан байна юу болов гэрт чинь хүргээд өгье гээд өөрийн машинаараа гэрт минь хүргэж өгсөн. Би гэртээ ороход миний ам хамраас цус их гарсан тул манай гэрийнхэн айж сандраад эмнэлэг рүү дуудлага өгсөн. Эмнэлгээс дуудлагаар очсон Н эмч үзээд намайг сумын эмнэлэгт авчирч хэвтүүлсэн... Нуруу бөөрөнд цус хурсан, тархи толгой доргиж гэмтсэн байсан. Мөн булчин хэсэг хөхөрч хавдсан, нүүрэнд олон тооны газарт шалбарсан зэрэг гэмтэл Эад зодуулснаас болж үүссэн...Э миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Бид хоёр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
Гэрч Ж.Хгийн өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр би хүү Эрдэнээгийн хамт манай нутгийн шинэ айл болсон Дынд цайлаад гэр рүүгээ ирэх замд голын зах дээр манай нутгийн Б гэдэг хүн сууж байтал манай хүү Эрдэнээ, Б 2 маргалдаад эхэлсэн. Юунаас болж маргаж эхэлснийг мэдэхгүй. Удаагүй Эрдэнээ, Б хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Би тэр хоёрыг салгах гээд дийлээгүй. Удалгүй тэр хоёр маргалдахаа болиод Эрдэнээ бид хоёр гэртээ ирсэн. .. Миний бодлоор тэр хоёр нилээн согтуу байсан. .. Би яг ямар шалтгааны улмаас зодолдсоныг мэдэхгүй байна. Нэг харсан барьцалдаж авсан Эрдэнээ баруун гараараа нүүрэн тус газар нь цохиж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Гэрч Б.Нгийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчим Р сумын 3 дугаар багийн Жарын ар гэх газраас 88602604 утасны дугаараас Б.Б гэдэг хүн хүнд зодуулсан байна гэж иргэн Н дуудлага өгсөн. 23 цаг 30 минутад дуудлага өгсөн айлд очиход Б гэдэг хүний нүүр, толгой цус болсон уруулны дотор тал ялзарсан, амин үзүүлэлтийг нь үзэхэд даралт 140-80 тай пүүс 121, даралт ихэссэн пүүс олширсон байдалтай байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
Гэрч Б.Бий өгсөн: “...Намайг Мотоциклоор хүргүүлээд араас нь очиход Б, Х, Эрдэнээ гурав сууж байсан... Би архи согтууруулах ундааны зүйл эх хэрэглэсэн болохоор машин руу ороод унтсан болохоор юу болсны мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 437 дугаартай: “...Б.Бгийн биед зүүн нүдний зовхи болон ууцны зөөлөн эдэд цус хуралт, дээд уруул болон зүүн бугуйнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ. Б.Бгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Х.Эын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Тухайн үед намайг гэртээ 15 цагийн үед байж байхад шинэ айл болсон Дөлгөөн гэдэг айлаас над руу залгаад аав чинь тасраад унасан байна гадаа аягүй халуун байна ирж аваарай гэсэн. Тэгэхээр нь яваад очсон чинь Дөлгөөн гэдэг айлын ард талд байдаг голын эрэг дээр манай аав Х, нутгийн хүн Б ах хоёр байсан. Намайг очиход манай аав тасраад унасан, харин Б ах халамцуу байсан... Аавыг уруу татаж архи уулаа гэж бодоод би Бгийн нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Бас бөөр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Б ч бас миний толгой руу цохиж байсан... энэ хоёр нийлээд архи уучих гээд байдаг хүмүүс байгаа юм. ..Би Б.Бгийн хохиролыг бүрэн төлж барагдуулсан. ..бид хоёр эвлэрлийн гэрээ хийсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Бгийн мэдүүлэг, гэрч Ж.Х, Б.Н, Б.Бэ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 437 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Х.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Х.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Р сумын 3 дугаар багийн Ж гэх газрын голын захад хохирогч Б.Бтай “аавыг архи уулгалаа” гэх шалтгаанаар маргалдан түүний бие, эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи олон ууцны зөөлөн эдэд цус хуралт, дээд уруул болон зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Бгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Х.Эын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Х.Эын үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Бгийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Х.Эын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х.Эын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч Б.Б, шүүгдэгч Х.Э нар нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “2 тал харилцан тохиролцсон, төлбөрийн хэмжээ 1.000.000 төгрөгийг барагдуулсан” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 52-53/ байгуулж хавтаст хэрэгт хавсаргасан. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.Эын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Эын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 48-51, 54 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Х.Э нь ам бүл 2, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Р сумын 3 дугаар багт мал маллан оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 237 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Х.Эын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Хгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хгийн Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Эад оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН