| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2022/1260/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1283 |
| Огноо | 2022-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1283
2022 10 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч: Б.Энэрэл,
шүүгдэгч: Э.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т-д холбогдох эрүүгийн 0000000000000 тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт Э-ын Т /РД:0000000/,
Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнсний технологич мэргэжилтэй, “Х н” ХХК-нд борлуулалтын менежер ажилтай, ам бүл 7, эмээ, ээж, ах, 3 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо Цагаан эрэг 0 гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, урьд:
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үлдсэн 1 сар 19 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон.
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/,
Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 7в байрны орцонд найз охин Э.С-т шалтаг шалтгаангүйгээр маргалдсаны улмаас шатнаас буух үед нь түлхэх, нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохих, хөлөөрөө толгой руу нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн дээд доод зовхи, хацар, цээж, нуруу, баруун мөр, баруун бугалга, тохой, шуу, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, хэлэнд язралт, баруун доод зовхинд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0в байрны орцонд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ найз охин Э.С-тай хувийн таарамжгүй харилцааны үндсэн дээр маргалдсаны улмаас шатнаас түлхэх, нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохих, хөлөөрөө толгой руу нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн дээд доод зовхи, хацар, цээж, нуруу, баруун мөр, баруун бугалга, тохой, шуу, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, хэлэнд язралт, баруун доод зовхинд зулгаралт” гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Э.С-гийн цагдаагийн байгууллагад гаргасан “...бусдад зодуулсан...” гэх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтастт хэргийн 2-р хуудас/,
-Хохирогч Э.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би найз залуу Т тэй 2021 оны 01 дүгээр сараас эхлэн танилцаж үерхээд жил гаран болсон юм. Дундаасаа хүүхэд байхгүй. 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Т бид хоёр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороонд байх манай гэрт 0.33 литрийн лаазтай пиво тус бүр 4 ширхгийг уучихаад байж байх үед Т-ийн найз А гэх залуу бид хоёрыг гэртээ дуудаад хамт сууя гэхэд бид хоёр зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байх найз А-хаа гэрт 2022 оны 07 дугаар сарын 17-ны шөнө 01 цагийн үед ирэхэд А гэх залуу эхнэртэйгээ мөн танихгүй эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан юм. Бид нар мөн тэдний гэрт пиво ууцгааж байгаад А эхнэрийн хамт гэрлүүгээ явчихаар нь Т бид хоёр хэсэг хугацааны дараа харих гээд тухайн байрны шатаар бууж байхад Т намайг шатны ураа түлхэхээр нь би зодох гэж байна гэж айгаад буцаад дээшээ гүйхэд ардаас хүрч ирээд миний баруун мөр хэсэг рүү нэг удаа цохихоор нь би дахин зугтаагаад байхад намайг ардаас ирээд түлхэж унагаагаад эргээд Т рүү харахад миний нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь би босоод тухайн орцны айлын хаалгыг тогших байхад миний нүүр хэсэг рүү гараараа дахин хэд хэдэн удаа цохиод гичий минь гээд орилоод байсан юм. ...Миний хамар хугарсан, зүүн шанаа зөөлөн эдийн гэмтэлтэй, цээж хөндүүрлэж, зүүн гарын эрхий хуруу зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:
“...1. Э.С-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн дээд доод зовхи, хацар, цээж, нуруу, баруун мөр, баруун бугалга, тохой, шуу, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, хэлэнд язралт, баруун доод зовхинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Дээрх гэмтлүүд нь 2022.07.17-ны өдөр үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Э.Т яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сард С-тай танилцаж үерхэж дотно харилцаатай, яг хамт амьдраагүй ч гэсэн нэгнийхээ гэрээр орж гардаг байсан юм. 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэгт байх С-ийн гэрт бид хоёр 4 ширхэг лаазтай пиво уучихаад байж байтал 23 цагийн үед миний найз А над руу залгаад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байх Золоогийнд байна хүрээд ир гэхээр нь би зөвшөөрөөд найз охин С-ийн хамт очсон юм. Тэдний гэрт очиход А эхнэртэйгээ мөн Золоогийн гэрт байсан, бид нар 2.4 литрийн пиво 4 ширхэгийг хувааж уучихаад С бид хоёр 01 цагийн үед харих гээд шатаар бууж байгаад найз охин С-ийг хурдан яв гээд урагшаа түлхтэл С буцаад дээшээ гүйчихээр би нь С-ийг ардаас нь татаад эргэж хархаар нь нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон... би буцаагаад толгой хэсэг рүү нь хоёроос гурван удаа жийсэн юм. Тэгээд бид болиод хэрэлдэж маргалдаад зогсож байтал цагдаа нар ирцгээсэн юм...” гэж /хавтаст хэргийн 33-34-р хуудас/ мэдүүлж байсан.
Хувийн байдлын хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 39-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 41-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 52-54-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр цуг байхад их стресстэй байсан. Бид хоёрын дунд үл ойлголцол гарсан байх. Ийм юм хийсэндээ маш их гэмшиж байгаа. Би багаасаа эмээтэйгээ өссөн...” гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Т нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.С-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Э.Т нь хохирогч Э.С-гийн эрүүл мэндийн эсрэг хохирогчийг түлхэх, цохих, өшиглөх зэрэг үйлдлүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байх тул гэм буруутай үйлдэл гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Т г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Э.С нь 7,000,000 төгрөг авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Т г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Э.Т 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйлийг хэлтрүүлэн хэрэглэсний улмаас найз охин Э.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна. Ажил хөдөлмөр эрхэлж тогтмол орлого эрхэлдэг гэх баримт алга байна. Шүүгдэгч Э.Т 2020 онд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн. Өмнөх гэм буруугийн асуудал дээр өөртөө дүгнэлт хийхгүй яваад байна. Шинжээчийн дүгнэлтээр жижиг гэмтэл боловч олон тооны гэмтэл учруулсан байна. Хүний яс хугарсан байна, дараа нь хагалгаанд орно гэдгээ хэллээ. Хохирол төлбөрт 7.000.000 төгрөгийг шүүгдэгч өөрийн сайн дураар өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Э.Т-д оногдуулах саналтай байна. Ажил хийдэг талаарх баримтыг хуулийн байгууллагад гаргаж өгөөгүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй байна. Хохирогчид учирсан хохирол бол хөнгөн гэмтэл ч гэсэн олон тооны гэмтэл учруулсан байна. Согтууруулах ундааны зүйлийг хэнд юу хийж байгаагаа мэдэхгүй хэмжээнд хүртлээ уух хэрэггүй. Ажил хөдөлмөр эрхэлдэг, хийдэг гэж ярьж байгаа ч тогтоогдохгүй байх тул зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах боломжгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэв.
Шүүгдэгч: Би өөртөө дүгнэлт хийж анхаарч явж байгаа. Би энд юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Найз охиноо гэмтээсэн, мэдүүлэгтээ хэлээгүй зүйл байгаа. Ийм юм хийсэндээ гэмшиж байна гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Э.Т г гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүгдэгч Э.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч хэдийгээр ажил эрхлэлтийн байдлын талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй хэдий ч түүний хохирол төлбөрөө төлсөн байгаа байдал, ажил эрхэлдэг талаараа мэдүүлсэн болон гэм буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгааг нөхцөл байдлыг нь харгалзан торгох шийтгэх оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Э-ын Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Э.Т-д торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА