Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 110/ШШ2021/0006

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Монгол Ардын намын хороо,

Нэхэмжлэгч: М.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  сонгуулийн хороо,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаартай “Аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай”, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолуудын Х.Дд холбогдох хэсэг, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдааны 01 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай”  тогтоолын Х.Дд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг тус аймгийн сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, гуравдагч этгээд Х.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нараас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баян-Өлгий аймгийн Хурлын сонгуульд Өлгий сумын 18 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Д нь Аймаг, нийслэл,  сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4, 28.4.3 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын дэд дарга бөгөөд ерөнхий инженерийн албан тушаалаас 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн өмнөөс чөлөөлөгдөх ёстой. Гэтэл нэр дэвшигч Х.Д нь албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байхад Хурлын сонгуульд  нэр дэвшсэн нь хуулийн 28.4, 28.4.3-т заасан зөрчлийн шинжийг агуулж байна. Учир нь тухайн тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн М.Г нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын албан тушаалаас 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн юм.

 Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4.3-д дахь заалт нь нэр дэвшигч нар нэг ижил гараанаас өрсөлдөх, давуу байдал бий болгохоос урьдчилан сэргийлсэн зорилготой юм. Х.Д нь 150 гаруй ажилтантай байгууллагын хоёр дахь дарга, тус байгууллагын даргын зөвлөлийн гишүүн, даргын эзгүйд тус байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг, доод албан тушаалтан нарт үүрэг даалгавар өгөх удирдах албан тушаалтан юм. Х.Д нь аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын дэд дарга бөгөөд ерөнхий инженерийн албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байхад түүнийг Өлгий сумын 5 дугаар багаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль бус бөгөөд  сонгогчдод нөлөөлөх албан тушаалын давуу талыг бий болгож байна.

Энэ маргаан шийдвэрлэгдээгүй байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт сонгууль явагдаж, хууль зөрчиж Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Д нь сонгогчдын олонхийн санал авч ялалт байгуулсан. Аймгийн сонгуулийн хороо нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж Х.Дийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргасан.

Захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцаж үзэхэд гуравдагч этгээд Х.Д нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан буюу төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болох Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын Ерөнхий инженерийн удирдах албан тушаал хашиж байсан нь нотлогдож байна. Иймд түүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр  сонгогдсонд тооцсон аймгийн Сонгуулийн хорооны тогтоолууд нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4, 28.4.3 дахь заалтуудыг зөрчсөн илт хууль бус эрхийн актууд байсан гэж үзэж байна. Нэгэнт дээрх маргаан бүхий тогтоолуудыг хууль бус гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа тул уг тогтоолуудыг үндэслэн гарсан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр баталсан Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын Х.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь хууль дээдлэх зарчим, шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.  Иймд Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны  2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоолын аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Дийг бүртгэсэн хэсгийг,  Баян-Өлгий  аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай   тогтоолын  Х.Дийг Баян-Өлгий  аймгийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон  хэсгийг,   Баян-Өлгий аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдааны 01 дугаартай  тогтоолын Х.Дд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын  сонгуулийн 18 дугаар тойрогт дахин сонгууль  явуулахыг Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн  шаардлагыг  дэмжиж байгаа ба дараах хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь ханган  шийдвэрлэж өгөхийг  шүүхээс хүсэж байна. 

Учир нь аймгийн Хурлын сонгуулийн  18 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж, Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон гуравдагч этгээд Х.Д нь төрийн  болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн байгууллагад  удирдах албан тушаал эрхэлж байгаа нь захиргааны  хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Үүнд,Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын даргын  2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн “Ерөнхий инженерээр томилох тухай” 115 дугаартай тушаал, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Даргын зөвлөлийн гишүүдийг томилох тухай” 75/2 дугаартай тушаалаар Х.Дийг байгууллагын даргын зөвлөлийн гишүүнээр томилсон байдал, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд  заасан чиг үүрэг, захиргааны хэрэгт авагдсан  гуравдагч этгээд  Х.Ды ажлын байрны тодорхойлолтын А-д Нийтлэг үндэслэл, 2-т Нэгжийн нэр: Захиргаа аж ахуйн хэсэг,  Ажлын байр, ИТА болон бүх ажилтан, Албан тушаалын  зорилго: Байгууллагын ИТХ нарыг инженерийн  удирдлагаар хангах,  Албан тушаалын үндсэн чиг үүрэг: а\ Шугам сүлжээ, дэд станц, 6,0 кв, 0,4 кв-ын хуваарилах байгууламж, бусад цахилгаан тоноглолын үзлэг үйлчилгээ, урсгал, дунд, их засварын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу удирдах, аюулгүй байдлыг хангах, б\ Техникийн  бичиг баримтын хөтлөлтийг ИТХ нараар тогтмол хийлгэх, с\ Тоног төхөөрөмж, машин механизмын ашиглалт, засварын ажлын чанарт хяналт тавих, д\ ЦЭХ-ний зүй бус алдагдал, шугамын алдагдал бууруулах ажлыг удирдах гэж, Б-д Албан тушаалын үйл ажиллагаа, ажлын байранд хийгдэх ажлуудыг ИТА нарын сар бүрийн ажлын төлөвлөгөөг хянаж батлах, өдөр тутмын зааварчилгааны хяналт тавих, материал зарцуулалтад хяналт тавих, ИТА нараар шаардлагатай сэлбэг материалын судалгаа гаргуулах, нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, техникийн бичиг баримтын хөтлөлт, баяжилтад хяналт тавьж, техникийн өөрчлөлтийн зураг схемд тухай бүр тусгаж баталж байх, шугам сүлжээний хамгаалах хэрэгсэл, багажийн туршилтын хугацаанд хяналт тавих, жил бүр техникийн хичээлийг удирдан зохион байгуулж, ажилчдаас мэргэшлийн шалгалт авах ажлыг удирдах, байгууллагын бүх ажиллагсдын багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, ЦШС-ний тоног төхөөрөмжид гарсан аваар саатал осол гэмтэлд тухай бүрт акт тогтоох комиссыг удирдан давтан гаргахгүй байх арга хэмжээ авах, хөдөлмөр, хамгаалах аюулгүй ажиллагааны  3 шатны  үзлэгт хяналт тавьж удирдах, мэргэжлийн шалгалт авах техникийн комиссыг удирдах гэж, шийдвэр гаргах эрх мэдлийн хүрээнд гэнэтийн болон гадны нөлөөгөөр шугам сүлжээ, дэд станцад гэмтэл гарч хүний амь нас, тоног төхөөрөмжид аюул учирахуйц нөхцөлд хэрэглэгчдийн  ЦЭХ-ийг  хязгаарлах, удирдлагадаа байгаа ажилтнуудынхаа ажлын хариуцлага, үйл ажиллагааны талаар байгууллагын даргын өмнө бүрэн хариуцаж, саналаа бичгээр илэрхийлж байх, цахилгаан эрчим хүчний  хэрэглэгчдийн техникийн нөхцөлд  хяналт тавих зорилгоор тэдгээрийн орон байранд нэвтрэн орох,онцгой нөхцөлд ИТХ нар болон ажиллагсдыг тодорхой хугацаагаар дайчлах гэж заасан байгаа. Мөн байгууллагын  хөдөлмөрийн дотоод журмын Хоёрт  хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалтыг зохцуулсан хэсгийн 2.1-д “Байгууллагыг дарга  удирдана.”,  2.1.1-д “Байгууллагын тамга нь дарга дээр байна.”, 2.1.2-т  “Даргын эзгүйд тамгыг журмын дагуу гарын үсэг зуралцан  Ерөнхий инженерт шилжүүлнэ.”, 2.2-т  “Байгууллагын  даргын  дэргэд  Ерөнхий инженер, Ерөнхий нягтлан бодогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Хүний нөөцийн ажилтан нараас бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй, даргын зөвлөлийг даргын тушаалаар баталж ажиллуулна.” гэж, Дөрөвт Төлөвлөгөө, тайлан, түүнд тавих хяналтын тогтолцоог зохицуулсан хэсгийн 4.2-т “Хэсгийн төлөвлөгөө, тайлан, хяналт” гэж зааж, үүний 4.2.1-д “Хэсэг нь үйл ажиллагаагаа сар, улирал, жилээр төлөвлөж явуулна.”, 4.2.1.1-д” Сар, улирлын төлөвлөгөөг Ерөнхий инженерээр батлуулна.”, 4.2.3-т “ИТХ нар хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг төлөвлөж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй  хариуцсан инженерээр хянуулж, Ерөнхий инженерээр батлуулна.”, 4.2.4-т “Инженер техникийн ажилтан нарын төлөвлөгөөт ажлын гүйцэтгэх, үр дүнг Ерөнхий инженер улирлаар дүгнэж,  биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллана.”, Тавд Дотоодын ажлын зохион байгуулалтыг зохицуулсан хэсгийн 5.1-д  “Долоо хоногийн 5 дахь өдөр бүр  Инженер техникийн ажилтан  нарт зөвлөгөөн хийж, зөвлөгөөнөөр өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, явцын талаар ИТХ нарын мэдээллийг сонсож, ирэх долоо хоногт гүйцэтгэх  ажлын талаар холбогдох үйл ажиллагаа болон арга хэмжээг товлоно.”, 5.1.2-т “Зайлшгүй шаардлагатай үед ИТА нарын шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер удирдан зохион байгуулж ажиллана.” гэж заасан. Мөн Увс аймаг дахь Баруун бүсийн Эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компани 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 618 дугаартай албан бичигт “Баян-Өлгий аймгийн ЦШС-ний газар нь манай охин компани болох УВС ЦТС ХХК-тай үйл ажиллагааны чиглэлийн хувьд төстэй байгууллага юм. Увс ЦТС ХХК-ийн ерөнхий инженер нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтан бөгөөд тус байгууллагад дэд захирлын орон тоо байхгүй болно.” гэжээ. Увс аймгийн “Цахилгаан Түгээх Сүлжээ  ХХК-ийн ерөнхий инженерийн албан тушаалын тодорхойлолтод албан тушаалын үндсэн зорилтод ерөнхий инженер нь бусад ажилчдын ажлыг удирдан зохион байгуулах, тэдгээрийн ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх, хяналт тавих эрхтэй болохыг тусгасан байна.

  “ББЭХС” ТӨХК”-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн А\84 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтад Увс “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, удирдлага  гэсэн хэсэгт  Гүйцэтгэх захирал,  Ерөнхий инженер гэж тусгасан байдал,  ”ББЭХС” ТӨХК”-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн А\84 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтад А хэсгийн Албан тушаалаар  гэсэн хэсэгт Увс “ЦТС” ХХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог Төлөөлөн удирдах зөвлөл, “ ББЭХС” ТӨХК,  Увс ЦТС ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий инженер гэсэн бүтцийг баталсан байна.  Энэхүү тушаалд тус газар нь техникийн алба, санхүүгийн алба, борлуулалтын алба, захиргаа, хүний нөөцийн алба гэсэн 5 албатай байхаар  зохицуулсан байна. Үүнээс үзэхэд Ерөнхий инженерийн удирдлагын дор техникийн алба, санхүүгийн алба, борлуулалтын алба, захиргаа, хүний нөөцийн алба гэсэн 4 алба  ажиллаж байгаа нь харагдаж байна.  Уг тушаалд байгууллагын удирдлагыг Төлөөлөн удирдах зөвлөл, дарга, ерөнхий инженер гэж тодотгон тусгасан нь  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4.3-т төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн гэж тус тус хуульчилсантай нийцэж байна гэж үзэж байна.

 Баян-Өлгий аймгийн  Цахилгаан шугам сүлжээний газрын даргын 2018 оны 03 дугаартай  тушаалаар  аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөн ажиллах тухай тушаалын хэрэгжилтэд биелэлт тавих албан тушаалтнаар Х.Дийг  баталсан  байдал,  2018 оны 04  дугаартай тушаалаар  тус байгууллагын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус зөвлөлийн даргаар Х.Дийг томилсон байдал, 2018 оны 05 дугаартай тушаалаар  хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  орон тооны бус зөвлөлийн даргаар Х.Дийг томилсон байдал, 2018 оны 29 дугаартай хөдөлмөрийн маргаан таслах комиссын даргаар Х.Дийг томилсон байдал,  2018 оны 36 дугаартай тушаалаар  гамшгаас хамгаалах алба, тусгай зориулалтын мэргэжлийн ангийг шинэчлэн батлах тухай дурдаж, Х.Д нь цахилгаан  шугам сүлжээний засварын бүлгийн даргаар томилсон байдал,  2018 оны  90 дугаартай тушаалаар байгууллагад шинээр худалдан авах автокран болон үйлчилгээний автомашиныг хүлээн авах комиссын даргаар Х.Дийг томилсон байдал, 2018 оны 102 дугаартай байгууллагын жилийн эцсийн тооллогын комиссын даргаар Х.Дийг томилсон байдал, 2019 оны 13 дугаартай тушаалаар тус байгууллагын хөдөлмөрийн мараан таслах комиссын даргаар Х.Дийг томилсон байдал, 2019 оны 14 дугаартай тушаалаар “Аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг мөрдөн ажиллах тухай дурдаж, бүрэлдэхүүнд Х.Дийг баталсан байдал, 2019 оны  15  дугаартай тушаалаар  байгууллагын дэргэдэх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус зөвлөлийн даргаар Х.Дийг томилсон байдал, 2019 оны  16 дугаартай  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  орон тооны бус зөвлөлийн даргаар Х.Дийг томилсон байдал, тус газрын даргын 2019 оны  32 дугаартай тушаалаар  байгууллагын архивын улсын үзлэгт бэлтгэх, нэгдсэн үзлэг шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлын хэсгийн ахлагчаар Х.Дийг томилсон байдал, 2019 оны  33 дугаартай  байгууллагын баримт бичиг нягтлан шалгах комиссын даргаар Х.Дийг томилсон байдал, 2019 оны 77 дугаартай тушаалаар байгууллагын тооллогын комисс байгуулж, ахлагчаар Х.Дийг томилсон байдал, 2020 оны 16 дугаартай тушаалаар  байгууллагын   24 цагийн ажиллагаатай шуурхай штаб байгуулж  ахлагчаар Х.Дийг томилсон байдал, 2020 оны 17 дугаартай тушаалаар Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан мэргэжлийн ангийн бэлэн байдлыг бүрэн  хангаж, техник сэлбэг материалын нөөцийг бүрдүүлэн байнга бэлэн болгох, аймгийн шуурхай штабтай байнгын холбоотой байлгахыг ерөнхий инженер Х.Дд даалгасан байдал тус тус нотлох баримтаар  тогтоогдсон гэж үзэж байна.  Дээр дурдсан  тушаалууд буюу  2018, 2019,  2020 оны  16 тушаалаар Х.Д тус байгууллагад  удирдах албан тушаал хашиж байгаа,  байгууллагын ажилтан нарт үүрэг өгөх, үүргийн биелэлтийг  хангуулах эрх мэдэлтэй албан тушаалтан  болох нь  нотлогдож байна.

  Баян-Өлгий аймгийн  Цахилгаан шугам сүлжээний газрын  2018 оны 06-09, 23, 53, 64, 65-67, 82, 83, 87, 90, 95, 86, 97, 98, 101, 111-114, 117, 118, 120, 123, 129, 132, 133,, 134-142, 155, 161, 162 дугаартай албан бичгүүд, 2019 оны 22, 83-87, 99,100, 103, 104, 111, 147, 148, 151, 152, 154, 180, 182 дугаартай албан бичгүүд, 2020 оны 01,02,, 31, 39, 79, 80, 81, 102, 103, 107 дугаартай албан бичгээр Х.Д нь байгууллагын даргын эзгүйд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэн  тус байгууллагын төлөөлөн  бусад байгууллагад албан бичиг илгээх эрх бүхий удирдах албан тушаалтан  болох  нь нотлогдсон байна.

 Баян-Өлгий аймгийн  Цахилгаан шугам сүлжээний газрын 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 110, 111, 112  дугаартай албан бичигт Х.Д нь гарын үсэг зурж бусад байгууллагад явуулсан  цахилгаан эрчим хүч авах  буюу техникийн нөхцөл олгох тухай баримт бичгийг баталж байсан нь нотлогдсон байна.  Энэ талаар тодруулан тайлбарлавал, Баян-Өлгий аймгийн хэмжээнд шинээр баригдаж буй барилгыг цахилгаан эрчим хүч авах зөвшөөрлийг  гагцхүү  тус байгууллагын  ерөнхий  инженерт олгосон бүрэн эрх  гэж үзэж байна. Энэ бол тусгай үйл ажиллагаанд олгож буй зөвшөөрөл, лиценз  гэж  ойлгож байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4, 28.4.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нарыг шударгаар өрсөлдөх,  тэдэнд гарааны ижил нөхцөл олгох гэсэн зорилготой зохицуулалт гэж ойлгож байна.   Хуулийн  28.4-т  нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус,  нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна, 28.4.1-д төрийн жинхэнэ албан хаагч, 28.2.4-т төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, 28.4.3-т төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн гэж  тус тус хуульчилсан байна.  Ингэхээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4-т төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн нь орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх тохиолдолд  сонгуулийн жилийн наймдугаар сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа  чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх шаардлагыг тусгажээ.  Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд нэр дэвшигч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд өгсөн байх нь нэр дэвшигч этгээдийн хуулиар хүлээсэн үүрэг байх бөгөөд гуравдагч этгээд Х.Д нь хуулийн энэхүү шаардлагыг биелүүлээгүй, хуульд заасан хугацаанд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу ерөнхий инженерийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаагүй байгаа ба өнөөдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий инженерийн албан тушаалыг хашиж байна. Хариуцагч болон гуравдагч этгээдээс аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий инженер нь удирдах албан тушаалтан биш, тухайн үед ажлаас чөлөөлөгдөх шаардлагагүй,  хуульд энэ талаар нарийвчлан тусгаагүй  гэж маргаж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцээгүй, нэр дэвшигчийг ажлаас чөлөөлөх тухай ажил олгогч  эрхийн акт гаргаагүй байгаагаар нотлогдож байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.2-т  “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.”,  мөн хуулийн  31.2.3-т  энэ хуулийн 28.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбарыг хавсарган ирүүлэхээр зохицуулсан байна. Гэтэл Баян-Өлгий   аймгийн Сонгуулийн хороо нь  аймгийн Ардчилсан намаас аймгийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт   нэр дэвшсэн аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий инженер Х.Д нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, ажлаа чөлөөлсөн тушаалаа ирүүлээгүй байхад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн  32 дугаар зүйлийн 32.1-д “Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана, 32.1.2-т  энэ хуульд заасан нэр дэвшигчдэд тавих шаардлагыг хангаагүй.”, 32.1.4-т “Нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу,  31.5-д  “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах бөгөөд уг баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно.” гэж  тус тус  заасныг зөрчиж түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн явдал хууль бус гэж үзэж  байна. Энэ нь орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нарыг шударгаар өрсөлдөх, тэдэнд гарааны ижил нөхцөл олгох гэсэн зорилготой. Монгол Улсын  Үндсэн хуулийн Нэгдүгээр дүгээр зүйлийн 2-т "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т  “Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална.”, 7.4.1-д хууль дээдлэх, 7.4.3-т  шударга ёсыг сахих гэж   хуульчилсныг  зөрчсөн гэж үзэж байна. 

Гэтэл түүний өрсөлдөгч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын даргаар ажиллаж байсан М.Гийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн Б/29 дугаартай тушаалаар   ажлаас  чөлөөлсөн байна.  Ингэхээр гуравдагч этгээд Х.Д нь аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий инженерийн албан тушаалаас нь чөлөөлөгдөөгүй байхад орон нутгийн сонгуульд оролцож албан тушаалын байдлаа сонгуулийн үйл  ажиллагаанд ашиглах, давуу байдал  үүсгэсэн гэж үзэж байна.

 Аймгийн сонгуулийн хороо нь өрсөлдөгч нарт ямар нэгэн давуу байдал эдлээгүй,  хуулийн шаардлага албан үүргээ гүйцэтгээгүй байхыг шаардсан, энэ шаардлагыг Х.Д нь хангаагүй байхад  хуулийн зорилго, ач холбогдолд нийцээгүй тайлбар хийсэн нь үндэслэлгүй бөгөөд нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хэрэгжээгүй  нөхцөл байдлыг орхигдуулах, хууль тогтоогчийн зүгээс шаардсан баримтыг бүрдүүлээгүй нь үйл баримтыг үгүйсгэж  хариуцагчийн нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн М.Г нь Өлгий сумын 5 дугаар багийн иргэн гэсэн эрх зүйн  статустай  оролцсон ба харин  уг тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Д нь  Баян-Өлгий аймгийн  Цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий инженер, байгууллагын даргын зөвлөлийн  гишүүн, байгууллагын дэргэдэх орон тооны бус олон зөвлөлийн дарга, аймгийн хэмжээнд   бусад байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх цахилгаан эрчим хүч авах техникийн нөхцөлд зөвшөөрөл олгох эрх бүхий  албан тушаалтан байхад  оролцсон нь Орон нутгийн сонгуульд хуульд зааснаар хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчимд харшилж  байна гэж үзэж байна. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нар шударгаар өрсөлдөх, ижил тэгш гараанаас өрсөлдөх зарчмыг алдагдуулсан нь дээр дурдсан бичгийн нотлох баримтууд, тогтоогдсон нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна.  Иймээс аймгийн Сонгуулийн  хороо Х.Дийг нэр дэвшигчээр бүртгэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд өрсөлдөх  зөвшөөрөл олгож, улмаар Х.Д нь тус тойрогт ялалт байгуулсан явдалд  Х.Дий одоогийн хашиж буй албан тушаал  нөлөөлсөн гэж үзэж  байна. Иймд аймгийн Монгол Ардын намын хороо, иргэн М.Г нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  сэргээх талаар шүүх  шударга шийдвэр гаргаж, Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны  2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоолын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Дийг бүртгэсэн хэсгийг,  Баян-Өлгий  аймгийн Сонгуулийн хорооны   2020 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 16 дугаартай   тогтоолын  Х.Дийг Баян-Өлгий  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тооцсон  хэсгийг,   Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдааны “Төлөөлөгчдийн бүрэн 01 дугаартай тогтоолын Х.Дд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт дахин сонгууль  явуулахыг Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хороонд даалгахыг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Сонгуулийн хорооноос шүүхэд гаргасан  тайлбарт:

Х.Дий нэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхээр тус аймаг дахь Ардчилсан намаас ирүүлсний дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-д заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо хуралдаж бүртгэх шийдвэр гаргаж тогтоолоо албажуулсан болно.

Хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн гэсэн заалтад Х.Дий албан тушаал хамаарахгүй юм. Учир Х.Д нь орон нутгийн өмчит Цахилгаан шугам сүлжээний газарт ерөнхий инженерийн албан тушаал эрхэлдэг байна.

Нэр дэвшигч нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д тодорхой зааж өгсөн тул аймгийн Сонгуулийн хороо хуралдаж олонхийн саналаар  Х.Дийг нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргасан.

Х.Д нь олонхийн саналаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсоны дагуу аймгийн сонгуулийн хороо хуралдаж 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолыг Хурлын даргад өргөн мэдүүлсэн болно.

Аймгийн Сонгуулийн хороо орон нутгийн сонгуулийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулахдаа хууль дээдлэх зарчмын хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Сонгуулийн хуулийг агуулгаар нь буюу ямарваа нэг байдлаар өөрсдөө тайлбарлаж хэрэглэх эрхгүй. Х.Дийг тухайн хуульд заасан нийтлэг шаардлага болон бусад шаардлагыг бүрэн хангасан гэж үзсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т  “... орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ...” гэж заасан. Нэхэмжлэгч талаас Х.Д нь дэд дарга гэсэн албан тушаал эрхэлдэг гэсэн үндэслэлээр маргасан нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн үгүйсгэгдэж байна. Хуульд чөлөөлөгдсөн байх албан тушаалыг тодорхой нэрлэн зааж өгсөн. Орон нутгийн өмчит газарт нэгжийн дарга, санхүүгийн албаны дарга гэх мэт олон төрлийн удирдах албан тушаалтан байгаа. Энэ дотор тухайн хуулийн этгээдийн дэд захирал, дэд дарга гэсэн албан тушаалтнуудыг сонгуульд нэр дэвших бол ажлаас чөлөөлөгдөх  ёстой гэж хуульд тусгаж өгсөн.

 Ерөнхий инженер гэдэг нь мэргэжлийн дагуу гүйцэтгэж байгаа албан тушаал учраас уг нэр дэвшигчийг тухайн албан тушаалаас чөлөөлөгдөх шаардлагагүй гэж аймгийн Сонгуулийн хороо үзсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Х.Дий ерөнхий инженерийн хувьд гүйцэтгэж байгаа олон ажил үүргийг нэрлэж байна. Энэ нь ерөнхий инженерийн  хийж гүйцэтгэх үүрэгтэй холбоотой ажлууд нь болохоос тухайн байгууллагын дэд даргын ажил үүргийг гүйцэтгэдэг гэж тайлбарлаж байгаа  нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд аймгийн Монгол Ардын намын хороо болон М.Г нарын нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн тайлбарт:

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын Х.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Аймгийн Хурлын сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн 26 тойрогт 39 мандатын тоогоор хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид тооцуулахаар өргөн барьсан байгаа.

Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бүрэн эрх нь дуусгавар болж байгаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах хуулийн зохицуулалтын дагуу 2020 оны 10 дугар сарын 28-ны өдрийн 10 цагт хуралдааныг зохион байгуулахаар тов нь зарлагдсны дагуу болж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу хамгийн эхэнд Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлын авч хэлэлцсэн.

Төлөөлөгчийн бүрэн эрхэнд хамгийн олон санал авсан 39 нэр дэвшигчийг нэр дэвшигч  тус бүрээр санал хурааж,100 хувийн саналаар Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн. Энэ хугацаанд ямар нэг иргэн, байгууллага, хуулийн этгээдээс гуравдагч этгээдээр оролцож байгаа Х.Дд холбогдуулж түүний Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөхгүй байх талаар гомдол, мэдээлэл, хүсэлт ирээгүй. Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн Хурал хуулийн дагуу Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, тогтоол гарсан байгаа гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбарт:

Миний бие 2012-2016 онуудад Баян-Өлгий аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрэн эрхийн хугацаа дуусч ажлаас чөлөөлөгдсөн.

Ажлаас чөлөөлөгдсөний дараа тодорхой хугацаанд ажилгүй байгаад Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаар тушаалаар мөн өдрөөс тус газрын ерөнхий инженерээр томилогдож одоо хүртэл ажиллаж байна. Би 2020 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Өлгий сумын 5 дугаар буюу сонгуулийн 18 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж холбогдох материалаа хуулийн хугацаанд бүрдүүлж аймгийн сонгуулийн хороонд өгсөн. Аймгийн сонгуулийн хороо миний холбогдох материалуудыг хянаад шаардлага хангасан тул нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гаргаж, үнэмлэх олгосон.

Би хуулийн дагуу сурталчилгаагаа хийж 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр явагдсан сонгуульд 18 дугаар тойрогт хамгийн олон хүний санал авч сонгогдсон. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т зааснаар төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Миний ажилладаг Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь орон нутгийн өмчит хуулийн этгээд болох нь үнэн. Гэхдээ би дээрх байгууллагын дэд дарга, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээр  ажилладаггүй, зөвхөн ерөнхий инженерээр ажилладаг, уг албан тушаалыг 2002 оноос эхэлж хааж ирсэн. Гэтэл нэхэмжлэгч нар намайг тус газрын дэд дарга бөгөөд ерөнхий инженерээр ажилладаг гэх үндэслэлээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэл гаргасан нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс намайг байгууллагын удирдах албан тушаалтан гэж байна. Эрчим хүчний байгууллагын дарга,  төлөөлөн удирдах зөвлөл болон гишүүд нь удирдах албан тушаалтанд хамаардаг. Ерөнхий инженерийг тухайн байгууллагын даргын тушаалаар томилж байгаа учраас бусад инженерүүдтэй адилхан. Эрчим  хүчний хууль болон эрчим хүчний дүрмээр ерөнхий инженер нь өдөр тутмын ажлаа зохион байгуулах үүрэгтэй, тухайн байгууллагын өмнөөс албан бичиг явуулж байгааг удирдах албан тушаалтан гэж үзэж болохгүй. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй холбоотой тайлбарлахад сонгуульд нэр дэвшиж оролцсон Х.Д нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн  мөн үү гэдэгт анхааралаа хандуулах ёстой.  Гуравдагч этгээд Х.Д нь Монгол Улсын иргэн, сонгуульд нэр дэвших эрх нь байгаа. Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий инженерийн хувьд тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Ямар ч  ажлын байранд тодорхойлолт байдаг. Ажлын байранд тавигдсан чиг үүргийг  хэрэгжүүлснээр Х.Д байгууллагын дэд дарга болохгүй. Нэхэмжлэгч талаас байгууллагын даргын гаргасан хэд хэдэн тушаалтай холбогдуулж, даргын эзгүйд даргыг орлодог, ажлын хэсгийг толгойлдог гэх үндэслэлүүдийг ярьж байгаа боловч эдгээр нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу  хийж хэрэгжүүлж байгаа байгууллагын дотоод ажиллагаа юм.

Х.Д уг ажлуудыг хэрэгжүүлснээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.  Байгууллагын дарга байхгүй бол орлогч дарга нь орлодог. Хэрэв орлогч дарга, дэд дарга байхгүй бол зохион байгуулалтын нэгжийн хамгийн чиг үүргээрээ ойролцоо нэгжийн дарга нь орлоод явдаг асуудал аль ч байгууллагад байгаа. Үүний дагуу  хэд хэдэн бичиг баримтад гарын үсэг зурснаар Х.Д байгууллагын  дэд дарга  шууд болохгүй. Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар  нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газар. Уг байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийг Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоодог. Гэтэл Увс аймгийн нэг компанийн гаргасан баримт бичгийн хүснэгтэд заасныг үндэслэн Х.Дийг байгууллагын дэд дарга юм байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн тухай хуулийн сонгуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэсэн шаардлага тавигдсан. Хуулийн 28.4.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэж заагаад өгсөн. Үүнд  тухайн байгууллагын удирдах бүрэлдэхүүн, эсвэл эрх бүхий албан тушаалтан гэх байдлаар адилтгаж  заагаагүй байхад хуулийн тодорхой заалтаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Х.Д Цахилгаан шугам сүлжээний газрын дэд дарга биш, ерөнхий инженерээр ажилладаг нь холбогдох нотлох баримтаар нотлогдсон. Ажилд томилогдсон тушаал, ажлын байрны  тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ нь байхад Х.Д маш их эрх хэмжээтэй,  дэд дарга гэж  буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч М.Гийн хувьд  2020 оны 10 дугаар  сарын 23-ны өдөр шүүхэд аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар тогтоолын Х.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тухайн 18 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Дараа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01 дүгээр тогтоолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д заасныг зөрчсөн гэх агуулгаар маргаж байгаа. Энэ үндэслэлээр маргаж байгаа бол эхнээсээ Сонгуулийн хорооны Х.Дийг нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэртэй холбогдуулж маргах ёстой байсан. Хуульд 7 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заагаад өгсөн. М.Г 1 сар, 7 хоногийн дараа нэхэмжлэл гаргаад, нэхэмжлэлдээ би тухайн үед намын удирдлагад хэлж, Баян-Өлгий аймгийн Монгол Ардын намын хороо нэхэмжлэл гаргасан. Намын удирдлага шийдэж өгөөгүй гэдэг байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-д “Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.”, 81.4-т “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй.” гэж заасан.

Тиймээс нэхэмжлэгч М.Гийн нэхэмжлэл сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн учраас  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх  ёстой. Учир нь эхлээд нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрт гомдол гаргадаггүй. Дараа нь  Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрт гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2-т “аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох” гэж,  31 дүгээр зүйлийн 31.9-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.” гэж заасныг тус тус үндэслэн  Баян-Өлгий аймгийн сонгуулийн хорооноос  2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар тогтоолоор тус аймгийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшүүлсэн нэхэмжлэгч М.Г нарын 39 нэр дэвшигчийг, 13 дугаар тогтоолоор  Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн гуравдагч этгээд Х.Д нарын 39 нэр дэвшигчийг тус тус бүртгэжээ.

Баян-Өлгий аймгийн сонгуулийн хорооны дээрх тогтоолуудын холбогдох хэсгээр  Монгол Ардын намаас нэр дэвшүүлсэн нэхэмжлэгч М.Г, Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн гуравдагч этгээд Х.Д нар нь аймгийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшиж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн байх ба сонгуулийн үр дүнгээр тухайн тойрогийн сонгогчдын хамгийн олон санал авснаар Х.Дийг сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар тогтоолын холбогдох хэсгээр аймгийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож шийдвэрлэжээ.

Улмаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.1, 18.1.1-ийн а/-д  Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудлыг аймгийн Хурал нь өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гэж заасны дагуу  Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдааны 01 дугаартай тогтоолын холбогдох хэсгээр  Х.Дий аймгийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нараас Баян-Өлгий аймгийн сонгуулийн хороо болон Хурлын байгууллагаас гаргасан дээрх шийдвэрүүдийн Х.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож, аймгийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг сонгуулийн хороонд даалгахыг шүүхээс хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Сонгуулийн дүн гарсан шийдвэр хүчингүй болсон бол энэ хуулийн 4.7, 74.6-д заасан үндэслэлээр дахин сонгууль явагдана.” гэж заасан ба нэхэмжлэгч талаас  маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлээ нэхэмжлэлдээ “Х.Д нь Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын дэд дарга бөгөөд ерөнхий инженерийн албан тушаалаас 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө чөлөөлөгдөх ёстой байтал уг албан тушаалаас чөлөөлөгдөхгүйгээр сонгуульд нэр дэвшиж оролцсон нь хуулийн[1] 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.3-т заасныг зөрчсөн. Хуулийн уг заалт нь нэр дэвшигч нар ижил гараанаас өрсөлдөх, давуу байдал бий болгохоос урьдчилан сэргийлэх зорилготой.” гэж тайлбарлан маргажээ.

Хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж, 28.4.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой  хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн;” гэж тус тус заажээ.

Гуравдагч этгээд Х.Д нь Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт ажилладаг байх ба тус байгууллага нь хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болох нь, Х.Д нь ерөнхий инженерээр ажилладаг нь, тухайн байгууллагад дэд дарга, дэд захирлын албан тушаалын орон тоо байхгүй  нь хэрэгт авагдсан  аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1487 дугаартай албан бичгээр шүүхэд хүргүүлсэн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа”, аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаартай “Ерөнхий инженер томилох тухай”, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн  7 дугаартай “Ажил, албан тушаал, цалингийн жагсаалт батлах тухай”, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай “Цалингийн жишгийг шинэчлэн батлах тухай” тушаалууд, ажил олгогчоос ерөнхий инженер Х.Дтэй байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 135 дугаар тогтоолоор  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн байх ба гуравдагч этгээд Х.Д нь тус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээр ажилладаггүй болох нь уг тогтоолоор, 2016 оноос хойш Хурлын байгууллагын дээрх 135 дугаар тогтоолоос өөр аймгийн Цахилгааны шугам сүлжээний газрын төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилсон шийдвэр гараагүй нь аймгийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02/275 дугаартай албан бичгээр, мөн Х.Д нь  төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн  оролцоотой өөр бусад  хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,гишүүнээр ажилладаг талаар улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлгүй болох нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/1661 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд  оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ  тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана.”, 32 дугаар зүйлийн 32.1.2-т  заасан “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” тохиолдолд 32.1-д зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана гэж тус тус заасан. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ерөнхий инженер нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т нэрлэн заасан албан тушаалд хамаарахгүй  байх тул Х.Д нь нэр дэвшигчийн хувьд хуулийн 28.4.3-т заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй, сонгуулийн хорооноос түүнийг  хуулийн 32.1.2-т зааснаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байна. Иймд аймгийн сонгуулийн хорооноос  Хурлын сонгуульд  Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Х.Дийг хуулийн 28.4, 28.4.3-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагатай холбогдуулж түүнийг Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий инженерээр томилсон эрх бүхий этгээдийн  2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаартай тушаалыг үндэслэн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаар тогтоолын холбогдох хэсэг нь хуулийн дээрх заалтууд болон нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчөөгүй байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар сонгуулийн зарчим нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэх бөгөөд Х.Дийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн уг  шийдвэр нь хуулийн 7.1-д заасан сонгуулийн зарчим, 7.4.1-д заасан сонгууль зохион байгуулахад баримтлах хууль дээдлэх зарчимд тус тус нийцсэн байна гэж үзлээ.

Эрхэлсэн ажлын хувьд орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ерөнхий инженерээр ажилладаг Х.Дийг аймгийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэсэн тухайн шатны сонгуулийн хорооны шийдвэр нь дээрх байдлаар хуулийн 28.4-т заасныг зөрчөөгүй байх тул сонгуулийн үр дүнгээр хамгийн олон санал авснаар түүнийг аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар тогтоолоор аймгийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсэг, аймгийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдааны 01 дугаартай тогтоолоор Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.”, 73.4-тТухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн а/-д Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал;” гэж заасантай тус тус нийцсэн, хууль ёсны шийдвэрүүд байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ерөнхий инженерийн албан тушаалыг тухайн байгууллагын удирдах албан тушаалд хамааруулж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан дэд дарга, дэд захирлын албан тушаалтай адилтгаж үзнэ.” гэж маргасан ба  үндэслэлээ ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэг, Увс “ЦТС” ХХК-ийн бүтэц, орон тоог баталсан шийдвэр, Хөдөлмөрийн дотоод журмын Хоёрын 2.1.2-т заасан нь “Даргын эзгүйд байгууллагын тамгыг журмын дагуу гарын үсэг зуралцан ерөнхий инженерт шилжүүлнэ,” гэх заалт болон ерөнхий инженерийн хувьд хяналт шалгалт тавьж ажиллах талаарх бусад зохицуулалтуудыг үндэслэн, мөн  Х.Д нь  2018-2020 онуудад ерөнхий инженерийн хувьд болон байгууллагын даргыг төлөөлж  зарим албан бичгүүдэд гарын үсэг зурсан, тус байгууллагын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүн болон даргын тушаалаар баталсан олон төрлийн чиг үүрэгтэйгээр ажиллах орон тооны бус зөвлөл, комисс, хэсгийн дарга, гишүүн, ахлагчаар тус тус  томилогдон ажилласан нөхцөл байдалтай холбогдуулж тайлбарласан нь үндэслэлгүй юм.

Учир нь сонгуульд нэр дэвшигч нь удирдах албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлага нь  Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т зааснаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан байх тохиолдолд хамааралтай.

Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь төрийн үйлчилгээний байгууллага биш бөгөөд орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ерөнхий инженерийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д тодорхойлсон төрийн үйлчилгээний ангиллын албан тушаалд хамаарахгүй юм. Иймээс орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ерөнхий инженерээр ажилладаг гуравдагч этгээд Х.Дийг сонгуульд нэр дэвшигчийн хувьд тухайн албан тушаалаасаа хуулийн 28.4-т зааснаар чөлөөлөгдсөн байх шаардлагатай  гэх маргаан нь үндэслэлгүй байна.

Нөгөө талаар хуулийн 28.4.3-т төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдэд дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн  дарга болон гишүүн зэрэг албан тушаалд ажилладаг нэр дэвшигч нь 28.4-т заасан хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн байхаар заасан. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчийн хувьд чөлөөлөгдсөн байх албан тушаалын нэрийг хуульд тодорхой заасан, чиг үүргийн хувьд зарим албан тушаалыг хуулийн 28.4.3-т заасан албан тушаалтай адилтгаж үзэж болохоор мөн зүйлд зохицуулагдаагүй тул хэрэгжүүлж буй ажлын чиг үүрэгтэй нь холбогдуулж ерөнхий инженерийн албан тушаалыг хуулийн 28.4.3-т заасан дэд дарга, дэд захирлын албан тушаалтай адилтгаж үзнэ гэх нэхэмжлэгч талын маргааныг  мөн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актууд нь холбогдох хууль болон нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, тэдгээрийг хүчингүй болгох, хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар сонгуулийн тухайн тойрогт  дахин сонгууль явуулах үндэслэл тогтоогдоогүй гэж үзээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч М.Г нь Баян-Өлгий аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 16 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлээ шүүхэд  Аймаг, нийслэл, сум дүүгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасан  хугацаанд гаргасан, уг шийдвэр нь тусдаа захиргааны акт тул эхлээд  гуравдагч этгээдийг нэр дэвшигчээр бүртгэсэн сонгуулийн хорооны шийдвэртэй холбогдуулж нэхэмжлэл гаргасан байхыг шаардахгүй юм. Иймээс М.Гийг сонгуулийн хорооны Х.Дийг анх нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэртэй эхэлж маргаагүй гэж үзэж, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахыг хүссэн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар, маргаан үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сонгуулийн  тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.3, 31 дүгээр зүйлийн 31.9, 73 дугаар зүйлийн 73.3, 73.4, 77 дугаар зүйлийн 77.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  18 дугаар зүйлийн 18.1.1 “а”, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан шүүхэд гаргасан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Монгол Ардын намын хорооны  “Баян-Өлгий аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаартай “Аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолын Х.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг,  нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Монгол Ардын намын хороо болон  М.Г нарын “Баян-Өлгий аймгийн Сонгуулийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын Х.Дд холбогдох хэсэг, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдааны 01 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай”  тогтоолын Х.Дд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг тус аймгийн сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн  нэхэмжлэлийг  тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                              

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.РИЗА

 

 

 

 

 

 

 

 

[1] Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль