Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2023/0392/з |
Дугаар | 221/МА2024/0489 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2024/0489
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г
Нэхэмжлэгч: “Г” ХХК /РД:5060338/
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын /ахлах/ байцаагч Р.Б, П.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн НА-21220000030 дугаар нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0226 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн
Хэргийн индекс: 128/2023/0392/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын ахлах байцаагч Р.Б, П.Д нарт холбогдуулан “... татварын улсын байцаагч нарын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн НА-21220000030 дугаар нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0266 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /2019/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 28 дугаар зүйлийн 28.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1, Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.3, 47.5, Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.5, 47.7, 47.16, Зөрчлийн тухай хууль 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Том татвар төлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн НА-212200000030 дугаартай нөхөн ногдуулалтын актад “Г” ХХК-ийг 2018 онд 22.764,37 тн хайлуур жоншны хүдрийг гаальд мэдүүлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэж тусгажээ. Гэтэл “Г” ХХК нь шүүхийн шатанд 2019 онд гаальд мэдүүлж, Монгол Улсын хилээр экспортолсон хайлуур жоншны хүдрийн талаарх мэдээллийг авхуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, уг материалыг гаалийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн. Шүүхэд ирүүлсэн гаалийн мэдүүлэгтэй танилцан тооцоололт хийж үзэхэд “Г” ХХК нь 2018 онд 22.096,16 тн хайлуур жоншны хүдэр гаргасан байна.
Татварын улсын байцаагч нарын ашигласан гэх хөндлөнгийн мэдээллээс авсан тоо, хэмжээ шүүхийн шатанд ирүүлсэн гаалийн мэдүүлгийн тоо хэмжээнээс зөрөөтэй байхад татварын улсын байцаагч нарын хөндлөнгийн мэдээллээс гарсан тоо, хэмжээг шүүх яагаад үнэн зөв үндэслэлтэй гэж үзсэн талаараа хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөөгүйг буруу гэж үзэж байна.
3.2. “Г” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 2 дахь үндэслэлд дурьдсан “Татварын улсын ахлах байцаагч нар үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгөн дүнтэй акт тавьсан, ... 2018 онд 11,522,979,455.29 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож АМНАТ-ын төлбөр ногдуулжээ. Үүнээс үндсэн төлбөрт 576,148,972,76 төгрөг, нэмэлт төлбөр 765,505,663 төгрөг байх ба нэмэлт төлбөрийг бодохдоо 6.64%-иар тооцсон нь үндэслэлгүй байна.
Учир нь ногдуулсан нэмэлт төлбөр нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын төвшнөөс хамаарч 4,5 хувиар бодоход 518,534,075,48 төгрөг байхаар байна”; Нэхэмжлэлийн 6 дахь үндэслэл “2019 онд ногдуулсан нэмэлт төлбөрийг төгрөгийг 7,18 хувиар тооцсон нь үндэслэлгүй байна... зөрүү 187,557,265,77 төгрөгийг илүү оногдуулсан”; Нэхэмжлэлийн 8 дахь үндэслэл "2020 онд ногдуулсан нэмэлт төлбөр төгрөгийг 7,79 хувиар тооцсон нь үндэслэлгүй бөгөөд хууль заасан 4,5 хувиар бодоход 137,818,612.24 төгрөг, зөрүү нь 100,938,218,87 төгрөгийн АМНАТ илүү оногдуулсан”; Нэхэмжлэлийн 10 дахь үндэслэл "...2021 онд ногдуулсан нэмэлт төлбөр 20,561,746.31 төгрөг байх ба үүнээс 12.13 хувиар тооцсон нь үндэслэлгүй байна. Хуульд заасан 3.5 хувиар бодоход 5,929,947,59 төгрөг байгаа бөгөөд зөрүү 14,631,798.72 төгрөгийг илүү тооцсон” гэсэн шаардлагуудад шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
3.3. Тодруулбал, дээрх үндэслэлээр гаргасан гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай тогтоолд "... гомдол гаргагчийн ашигт малтмалын ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг бодохдоо 2018-2021 онд 6.64-12.13 хувиар тооцсон гэх гомдол үндэслэлгүй байна" гэж маргааны гол асуудалд ач холбогдол өгөлгүй шийдвэрлэсэн.
Бид ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн хувийг гаалийн төв лабораторийн дүгнэлтээр ашигт малтмалын боловсруулалтын түвшин марк, жоншны агуулгад үндэслэн борлуулалтын үнэлгээнээс хайлуур жоншны хүдэрт 5 хувь, баяжмалд 4.5 хувиар бодож ногдуулах асуудал дээр маргаагүй.
Харин нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох үндсэн болон нэмэлт төлбөрийг тооцож, төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнгээс АМНАТ-ын тайлангаар тайлагнасан төлбөрийн ногдлыг хасаж, үлдсэн хэсэгт АМНАТ ногдуулна гэж үзэн дээрх тооцоолол хувийг гарган тооцоход 6.64-12.13 хувьтай байгаа нь хуульд заасан хувь хэмжээнээс их байна гэж маргасан бөгөөд энэ үндэслэлд шүүх хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргаагүй.
З.4. Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас үзэхэд татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил бөгөөд түүнд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд шийтгэлийн хуудсаар биш, нөхөн ногдуулалтын актаар хариуцлага тооцох нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Татварын ерөнхий хуулиудыг зөрчиж байна. Хугацаанд нь төлөөгүй татварт торгууль ногдуулахдаа татварын улсын байцаагч Татварын ерөнхий хууль эсхүл Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг хэрэглэх үү гэсэн асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй байна. Иймд татварын улсын байцаагч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул зөрчилд холбогдох торгуулийг хүчингүй болгох үндэстэй гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан үндэслэлээр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын /ахлах/ байцаагч Р.Бн, П.Д нарт холбогдуулан “... татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн НА-21220000030 дугаар нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг актыг хүчингүй болгох үндэслэлээ “... татварын улсын байцаагчид олон улсын зах зээлийн жишиг үнэ /FOB үнэ/-ийг баримталсан нь буруу бөгөөд шалгалтын дүн анхнаасаа буруу гарах нөхцөл болсон, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.1 гэсэн заалтыг маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт дээр үндэслэсэн нь буруу, татварын үйл ажиллагааны журмын хавсралт, маягт ХШ-06/02 болон ХШ-08 хоорондоо зөрүүтэй, нөхөн ногдуулалтыг татварын хөөн хэлэлцэх хугацааны дотор тавиагүй, татварын алданги, торгуулиас чөлөөлөгдөх хуулийг хэрэглээгүй” гэж тайлбарлан маргажээ.
4. Анхан шатны шүүх “... Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт болон 04 дүгээр тогтоол гарснаас батлагдсан байсан, мөрдөгдөж байсан хууль тэр чигтээ хүчингүй болохгүй тул нэхэмжлэгчийн маргасан үндэслэлийг хүлээж авахгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаалийн мэдүүлгээр 49,456.91 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг БНХАУ-д экспортод гаргасан үйл баримт тогтоогдохын сацуу борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасныг баримтлан олон улсын зах зээлийн үнээр тооцож, нөхөн ногдуулалтын актаар ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул түүнийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ““ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална”, 47.3-д “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3-д “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.5-д “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.8-д “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал, эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, ... алданги тооцох бөгөөд ... дараах зарчмыг үндэслэн тогтооно:”, 73.2.1-д “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтуудаас үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт албан татвар ногдох бөгөөд хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргахдаа олон улсын зах зээлийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулан төсөвт төлөхөөр зохицуулсан гэж үзэхээр байна.
6. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-ийг өөрчлөн найруулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмал экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар тогтоожээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Хууль, ... Үндсэн хуульд нийцээгүй гэх Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, эсхүл маргаантай асуудлыг дахин хянан үзэж Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, ... бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно гэж заасан байх тул маргаан бүхий цаг хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж үзэхээр байна. Тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг үндэслэн нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь эрх зүйн зөрчилгүй бөгөөд сүүлд Үндсэн хуульд нийцээгүй хэмээн хүчингүй болсон хууль анх батлагдсан цагаасаа авхуулан үйлчлэлээ алдах нь гагцхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлагыг хөнгөрүүлэх тохиолдолд хамаарахаар байна. Иймд татвараа үнэн зөв суутгаж тайлагнаагүйгээс татварын хууль тогтоомжид үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулсан энэхүү хэргийн хувьд дээрх зохицуулалт хамааралгүй гэж маргааны үйл баримтад холбогдох зохицуулалтыг Улсын дээд шүүх нэг мөр тайлбарласан. /“Баян их үйлс” ХХК ба Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар, 128/2023/0451/з, УДШ (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2024/0046/
7. “Г” ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-аар 2018 онд 22,622.10 тонн, 2019 онд 15,384.71 тонн, 2020 онд 7,918.76 тонн, 2021 онд 3,481,82 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг тус тус экспортод гаргасан гэж тайлагнасан боловч татварын хяналт шалгалтаар, 2018 онд 22,764.37 тонн, 2019 онд 15,316.79 тонн, 2020 онд 7,918.76 тонн, 2021 онд 3,456.97 тонн, нийтдээ 49,456.89 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж борлуулсан ба нийтдээ 21,735,585,053.00 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
8. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д энэ хууль нь татвар төлөгч, татварын алба болон татварын хууль тогтоомжийн дагуу түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдэд хамаарна гэж, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж тус тус зааснаас үзэхэд татварыг хуулийн хугацаанд төлөөгүйтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь Татварын ерөнхий хууль байна.
9. Татварын улсын байцаагч нараас хариуцлага тооцохдоо Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн татварын дүнгийн 30 хувиар”, 82.1.2-т “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн татварын дүнгийн 40 хувиар” гэж заасныг үндэслэл болгож, Татварын ерөнхий хуулийн (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө татварын хууль тогтоомж зөрчсөн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ гэж зааснаар Зөрчлийн тухай хуулийн 10 хувиар алданги тооцох зохицуулалтыг хэрэглээгүй нь нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглэх зарчимд нийцсэн байх тул “… зөрчил шийтгэлийн хуудсаар биш, нөхөн ногдуулалтын актаар хариуцлага тооцох нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуулийг зөрчиж байна” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авсангүй.
10. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ