Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

 

 

 

 

 Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02791 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э ХХК-д холбогдох  

 

Гэрээний үүрэгт 634 925 000 төгрөг гаргуулах тухай үндсэн үндсэн нэхэмжлэлтэй, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №3-12/06/05 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Урангоо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Наранцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол, П.Урангоо нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК болон Э ХХК-иудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №3-12/06/05 тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Бид анх үндсэн зээл 233 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон торгууль, мөн алдангийг буюу 349 500 000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба улмаар өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулсан. Үүнд:

1/ Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан №3-12/06/05 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 233 000 000 төгрөг;

2/ 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл буюу нийт 35 сарын хугацааны хүү 285 425 000 төгрөг;

3/ 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны алданги 116 500 000 төгрөг буюу нийтдээ 634 925 000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Бид алдангийг үндсэн зээл болох 233 000 000 төгрөгөөс тооцсон байгаа.

Анх Э ХХК нь 2012 онд Г ХХК-д хүсэлт тавьсны дагуу 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 233 000 000 төгрөгийг 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүгүй зээлсэн. Харин тохирсон хугацаандаа зээлээ төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийг анх байгуулсан өдрөөс зээлийг эргэн төлөгдөх хүртэлх хугацаанд сар бүрийн 3.5 хувийн хүү төлөхөөр, үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Үүний дагуу Э ХХК-д 33 000 000 төгрөгийг, хариуцагч компанийн хүсэлтийн дагуу “Ган-очир Трейд” ХХК-д 200 000 000 төгрөгийг тус тус шилжүүлүүлсэн. Тодруулбал, Г ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авах буудайн өр, төлбөр авах ёстой байсан бөгөөд уг төлбөрөөс 233 000 000 төгрөгийг суутгуулж, дурдсан этгээдүүдэд шилжүүлэх хүсэлтийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2012 оны 6 дугаар сарын 05, 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрүүдэд хүсэлт явуулсан байдаг.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн шаардах эрхийн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна. Манай компани Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг харин Э ХХК нь Дархан хотод үйл ажиллагаагаа явуулдаг байсан учраас бид анх нэхэмжлэлээ шуудангаар явуулсан байдаг. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх хүлээж авч шийдсэн гэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу бидний анх явуулж байсан шуудангийн баримтыг шүүхээс авч үзэж болно. Тэгээд ч хариуцагч өмнө нь энэ хөөн хэлэлцэх хугацааны талаар хариу тайлбар, татгалзалаа бичгээр өгч байгаагүй. 

Манай зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Бид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, хариуцагч болон хариуцагчийн заасан этгээд рүү зээлийн мөнгийг шилжүүлсэн. Хариуцагчийн зүгээс компанийг төлөөлөх эрхгүй этгээд уг гэрээг байгуулсан гэж маргаж байна. Гэтэл уг гэрээг байгуулахаас өмнө Э ХХК-ийн одоогийн гүйцэтгэх захирал н.Бат-Эрдэнэд Э ХХК-ийн 3 хувьцаа эзэмшигчээс гэрээг Г ХХК-тай байгуулахыг зөвшөөрч, эрх болгосон итгэмжлэл олгосон, энэ нь хэрэгт байгаа. Г ХХК нь уг итгэмжлэлийн дагуу н.Бат-Эрдэнэтэй хүчин төгөлдөр зээлийн гэрээг байгуулсан, тэгээд ч талууд компанийн тамга, тэмдгээ гэрээн дээр дарсан. Зээлийн гэрээ 2012 оны 6 дугаар сарын 05-нд байгуулагдсан байдаг бөгөөд түүний өмнөх өдөр буюу 6 дугаар сарын 04-ний өдөр Э ХХК-ийн албан бланктай тамга дарагдсан хүсэлт ирсэн. Энэ хүсэлтээр л зээлийг олгохоор болж, гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. “Гацуурт ХХК-иас манай компанид 233 000 000 төгрөг орж ирээгүй. Э ХХК-ийн 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн албан бичигт тухайн үед “Эко ноос”ХХК-ийн захирал Л.Дүйнхэржаваас Г ХХК-ийн захирал Л.Чинбатад хүсэлт гаргаж Э ХХК 33 000 000 төгрөг, “Ган Очир Трейд” ХХК-д 200 000 000 төгрөг авах тухай, дээрхи мөнгийг өөрийн хөрөнгөөр хариуцах тухай хүсэлт гаргасан албан бичиг хадгалагдан үлдсэн байдаг. Харин энэ мөнгөний зарцуулалтыг Э ХХК-ийн санхүү дээр тусгагдаагүй тул манай компани хариуцан тайлбарлах болон хүлээн зөвшөөрөх боломжгүй. Л.Дүйнхэржав мэдүүлэг өгч, нотлох баримт өгөхдөө Э ХХК-тай ямар ч холбогдолгүй нотлох баримт явуулсан байдаг. Одоогийн Э ХХК-ийн байрлах үл хөдлөх хөрөнгийг 2011 оны 9 дүгээр сарын 21-нд иргэн Т.Доржбалаас Л.Дүйнхэржавын эхнэр Б.Наранцэцэг нь 300 000 000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийсэн байх буюу 2011 оны 11 дүгээр сарын 06-нд Т.Доржбалаас Л.Дүйнхэржав руу 900 000 ам.долларын өртөгөөр худалдан авах гэрээ хийсэн байна. Худалдан авахдаа тухайн үед хариуцан ажиллаж байсан ХААЯам, ТЭДСангаас мөнгө шилжүүлж авсан байдаг. Дараа нь “Дархан таван нуур” ХХК-иас мөнгө авч ТЭДСангийн өрийг дарсан байдаг. Иймд Г ХХК-ийн нэхэмжилж байгаа мөнгө энд хамааралгүй. 2013 оны 11 дүгээр сарын 18-нд дээрхи үл хөдлөх хөрөнгийг Л.Дүйнхэржаваас /Амуу хангай/ иргэн Б.Отгонгэрэл /Хар хорин хүрээ/ худалдан авахдаа гэрээний төлбөр 900 000 ам.долларыг 2 хувааж 300 000 ам.долларыг иргэн Г.Баярмагнайд, үлдэгдэл 600 000 ам.долларыг буюу 808 800 000 төгрөгийг “Дархан таван нуур” ХХК-д 2013 оны 11 дүгээр сарын 18-нд байгуулсан өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээнд заасны дагуу төлж барагдуулсан байна. Г ХХК болон Л.Дүйнхэржавтай холбоотой төлбөр тооцоог хариуцах үндэслэлгүй. Гэрээг захирал Г.Бат-Эрдэнэ хийсэн, гэхдээ тэр мөнгө нь манай дансанд орж ирээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн тайлан балансад байхгүй. Л.Дүйнхэржав өөрөө зохицуулж авсан хүн өөрөө төлнө. Хэрэв бид төлбөрийг төлөх ёстой бол 33 000 000 төгрөгийг ТЭДСангаас мөнгө орж ирсэн учир ТЭДСанд л төлнө. Энэ бол том уршигтай, улс төр орсон зүйл, бид нар ч учрыг олохгүй. Зохион байгуулалттай гэмт хэрэг тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г ХХК Э ХХК-д 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №3-12/06/05 тоот зээлийн гэрээний 233 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Гэтэл Г ХХК буюу зээлдүүлэгч нь Э ХХК буюу зээлдэгчид зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлээгүй. Харин Хүнс хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал асан Л.Дүйнхэржав өөрийн эрхэлж буй ТЭДСангаас мөнгө гаргаж, өөрийн бусдад өгөх өр ширийг дарсан нь хавтас хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар нотлогддог. Талуудын хооронд байгуулсан гэж нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа зээлийн № 3-12/06/05 тоот гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасанчлан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8-р зүйлийн 8.1-д: “Талууд энэ гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно.” гэжээ. Зээлдүүлэгч Г ХХК нь зээлдэгч Э ХХК-д 233 000 000 төгрөгийг шилжүүлээгүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2  дахь хэсэгт зааснаар Г ХХК, Э ХХК-ийн хооронд 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №3-12/06/05 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол, П.Урангоо нараас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хоёр байгууллагын эрх бүхий этгээдүүд гарын үсгээ зурж, тамгаа дарсан. Бид 233 000 000 төгрөгийг шууд Э ХХК руу шилжүүлээгүй болов Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсгүүдэд заасны дагуу мөнгийг хариуцагч болон хариуцагчийн заасан этгээдэд шилжүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэг болон 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнээс харахад 233 000 000 төгрөг зээлсэн мэтээр гэрээг хийсэн баримт авагдсан байдаг. Гэхдээ Э ХХК-ийн 2012 оны санхүүгийн тайлан мөн Э ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаас Г ХХК-иас Э ХХК-д ямар мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Э ХХК-ийн дансанд орж ирсэн 3 000 000 төгрөг, 30 000 000 төгрөг нь Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас орж ирсэн байдаг. Энэхүү дансны хуулгаас харахад гэрээний урьдчилгаанд 3 000 000 төгрөг, гэрээний үлдэгдэлд 30 000 000 төгрөг гэсэн санхүүгийн баримт байдаг болохоос Г ХХК-аас мөнгө шилжүүлж байна гэсэн ямар ч үг үсэг байдаггүй. Тиймээс Г ХХК-иас Э ХХК-д 233 000 000 төгрөг шилжүүлсэн гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм. Тариалан эрхлэлтийн дэмжих сангийн баримтаас ч гэсэн үзэхэд 233 000 000 төгрөгийг “Ган-Очир Трейд” ХХК-руу шижлүүлсэн гэсэн үг өгүүлбэр байдаг. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ нь бодит байдлаар биелэгдээгүй, 233 000 000 төгрөг зээлүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Э ХХК-ийн захирал Г.Бат-Эрдэнэ гэдэг хүн гарын үсэг зурсан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг боловч Л.Дүйнхэржав гэдэг хүн жилийн дараа буюу 2013 онд Бат-Эрдэнээр энэ гэрээн дээр гарын үсэг зуруулсан байдаг. Тухайн үед Г.Бат-Эрдэнэ нь өөрөө компанийг төлөөлж хэлцэл хийх эрх бүхий субьект байгаагүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас авсан лавлагаа дээр Бат-Эрдэнэ нь 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Эко ноос”ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байдаг. Э ХХК-ийн хүсэлтээр мөнгө зээлсэн гэж ярьж байна. Гэтэл “Эко ноос”ХХК нь Г ХХК-д ямар ч хүсэлт явуулаагүй. Хавтаст хэрэгт байгаа баримтанд Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Дүйнхэржав гэдэг хүн гарын үсэг зурсан байдаг. Л.Дүйнхэржав нь 2012 оноос 2014 оны хугацаанд Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ажиллаж байсан. Гэтэл Л.Дүйнхэржав гэдэг хүн яагаад Э ХХК-ийн өмнөөс хүсэлт гаргаж, түүнийг нь Г ХХК хүлээж авч мөнгө зээлүүлсэн нь логикийн хувьд ч гэсэн үнэн бодит байдалтай нийцээгүй, мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Г ХХК болон Э ХХК-ийн хооронд 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан гэж үзэглэсэн байдаг. Хэрвээ 2012 оны 12 дугаар сарын 31-нд гэрээ дуусгавар болсон бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Иргэний хуулийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шаардах эрх дуусгавар болсон. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлийг харахад 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь тогтоогддог. Иймээс нэхэмжлэгч ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар 1 жил 10 гаруй сарын хугацаа өнгөрөхөд ямар нэг хүсэлт гаргаагүй, хүндэтгэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрвээ энэ гэрээ байгуулагдсан бол гэрээний 4.1 дагуу нэхэмжлэгчид 1 сарын хугацаанд нэхэмжлэл гаргах эрх нь хүртэл байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон учраас хариуцагчийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгчээс татгалзах эрхтэй.Л.Дүйнхэржав нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ажиллаж байхдаа уг сангийн К2 төслөөр Японы ард түмнээс үнэ төлбөргүй будаа орж ирэн, энэ будааг зарж борлуулан, тариалан эрхлэгч нар, Монголын ард түмний хүнсний хангамжийг сайжруулах чиг үүрэг бүхий төслийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөр бусад компаниуд руу шилжүүлж, үүнд нь Г ХХК оролцож уг мөнгийг нь хүлээж авах, шилжүүлэх үйл ажиллагаанд нь оролцсон байна. Л.Дүйнхэржав Дарханд объектыг худалдаж авч мөнгө зээлсэн гэх нь Э ХХК-тай огт хамааралгүй болох нь н.Ганпүрэвийн гэрчийн мэдүүлгээр бүрэн нотлогдоно. 200 000 000 төгрөг нь Э ХХК-тай хамааралгүй, харин Л.Дүйнхэржав, “Ган-очир трейд” ХХК-ийн хооронд үүссэн төлбөрийн асуудал байна. Ингээд хавтаст хэрэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар Г ХХК нь Э ХХК-д 200 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас гэрээ байгуулагдаагүй байна. Тиймээс үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 576 675 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Э ХХК-ийн 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан №З-12/06/05 тоот “зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3 490 525 төгрөг, Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 332 575 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 3 041 325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг давж заалдах гомдолдоо: “... 2012 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Э ХХК-ийн тамгатай албан бичигт гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржав гэж гарын үсэг зурсан. Гэтэл Л.Дүйнхэржав нь уг компанийн хувьцаа эзэмшигч  биш, гүйцэтгэх захирал ч биш. Хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын лавлагаагаар бүрэн нотлогдоно. Түүнчлэн Л.Дүйнхэржав нь 2010-2014 он хүртэл хугацаанд ХХААХҮЯамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан хүн. Иймд дээрх албан бичгийг Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын хүсэлт буюу зөвшөөрөл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Э ХХК нь Г ХХК-иас нэг ч төгрөг дансаар болон бэлнээр аваагүй. Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Монгол Улсын хүнсний хангамжийг сайжруулах чиг үүрэг бүхий төслөөс 30 000 000 төгрөг Э ХХК-ийн дансаар орж ирсэн. Э ХХК нь Г ХХК-д 200 000 000 төгрөгийг “Гантрейд” ХХК-д шилжүүл гэсэн зөвшөөрөл, хүсэлт өгөөгүй. “Гантрейд” ХХК-ийн захирал Л.Ганпүрэв шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээс шүүхийн дүгнэсэн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэсэнтэй нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 233 000 000 төгрөг, хүү 285 425 000 төгрөг, алданги 116 500 000 төгрөг, нийт 634 925 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр №3-12/06/05 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 233 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлэх, гэрээний хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд хүү тооцохгүйгээр, тохиролцсон хугацаанд зээлийг буцаан төлөөгүй нөхцөлд 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд сарын 3.5 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан дээрх зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтууд, Э ХХК-ийн хүсэлт зэргээр тогтоодож байна. /хх 6-8, 21, 91-94/

 

Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №3-12/06/05 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд дээрх зээлийн гэрээ нь хүсэл зоригоо илэрхийлж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар баримт үйлдэж гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхтэй холбоотой хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Зээлийн гэрээний дагуу 233 000 000 төгрөгийг нэхэмжлэгч тал хүлээн авсан гэж үзнэ. Нэхэмжлэгч Э ХХК-ийн албан бичиг, хүсэлтийн дагуу өөр этгээдүүдийн болон өөрийнх нь данс руу бусад байгууллагаар дамжуулан шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Энэ тохиолдолд Тариалан эрхлэлтийн сангаас мөнгө шилжиж орсон байгаа нь Г ХХК-иас Э ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шилжигдэж байгаа мөнгийг төлөгдөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй. /хх 21, 89-95/

 

Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа, шаардлага гаргах хугацаа, үүргийн гүйцэтгэлийг хангах аргатай холбоотой хуулийн зохицуулалтыг гэрээний нөхцөлтэй холбон тайлбарлаж хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Талуудын хоорондын зээлийн гэрээний хугацаа 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж тодорхойлсон байх ба зээлийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийг төлж дуустал сарын 3.5 хувийн хүү тооцох буюу уг зээлийн гэрээг байгуулагдахаас өмнөх хугацаанаас тооцохоор заасан нөхцөлүүдээс үзвэл зээлийн гэрээний хүүгийн талаарх тодорхой тохиролцоо гэж үзэх боломжгүй юм.

 

Гэрээний 1.1-д “2012 оны 12 дугаар сарын 31-ний дотор зээлийн бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийг төлж дуустал сарын 3.5 хувийн хүү төлөх гэж заасан атлаа 6.3-д “зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх” гэж заасан. Энэхүү алданги төлөх хугацаа нь гэрээний дагуу хүү төлөх хугацаатай давхардсан байх тул уг заалтыг үндэслэн алданги гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасан байх тул гэрэний 6.2 дахь заалтыг үндэслэж торгууль төлөх үндэслэлтэй. Харин уг гэрээний үүргийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс гүйцэтгээгүй байгаа тохиолдолд хугацаагүй болох, гэрээний 6.2 дахь хэсэгт 12 дугаар сарын 31-ний өдрөөс зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 20 хувиар торгууль төлөх талаар тохиролцсон гэж үзнэ. 

 

Үүнээс үзэхэд 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээ хугацаагүй болж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийг шаардсанаас хойш 1 сарын хугацаанд зээлдэгч үүргээ биелүүлэх ёстой. Иймд 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хариуцагч тал зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэг үүссэн, нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас үндсэн зээл 233 000 000 төгрөг, түүнд ногдох торгууль 46 600 000 төгрөгийг нэмж тооцон, нийт 279 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02791 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас үндсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 279 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 355 325 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...3 041 325 төгрөг...” гэснийг “...1 555 950 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Э ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 332 950 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН