Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 832

 

С.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

хохирогч Ч.Огийн өмгөөлөгч Ц.А,

иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.С,

шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Г.Б, Х.Д,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2019/ШЦТ/894 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Г.Б, Х.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Бод холбогдох эрүүгийн 1803005180293 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн  С.Б, 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 1-7 насны 4 хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Асем вилла” хотхоны хойд замд “Toyota Hilux” загварын, 02-11 НАА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: е/ эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 25-д “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16 а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно”, мөн 10.2-т “Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэж тус тус заасныг зөрчин “Toyota Landcriuser 200” загварын 33-30 УНА улсын дугаартай автомашиныг шахсаны улмаас уг автомашин онхолдож, зорчигч Ж.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ч.Огийн эзэмшлийн “Toyota Landcriuser 200” загварын 33-30 УНА улсын дугаартай автомашинд 70.103.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Быг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар С.Бод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, С.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, С.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт битүүмжилсэн С.Бын өмчлөлийн “Toyota Hilux” загварын 02-11 НАА улсын дугаартай, “Toyota chaser” загварын 21-37 УНК улсын дугаартай, “Hovo Б223257” загварын 32-96 УНЧ улсын дугаартай, “Toyota crown” загварын 11-64 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг уг гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээж, хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн В, С, Р, Е, М ангилалын 259787 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч С.Бод оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Боос 156.360 төгрөг гаргуулж хохирогч Ж.Дд, 72.103.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Од, 743.900 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Скай Резорт” ХХК-д тус тус олгох, хохирогч Ж.Д нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох С.Боос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж шийдвэрлэжээ.   

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч С.Бод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэзээнээс эдлүүлэх талаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолно” гэсэн заалтыг тогтоолдоо тусгаагүй, орхигдуулсан нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэнэ гэснийг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлийн дагуу зохих өөрчлөлт оруулан зөвтгүүлэх саналтай байна ...” гэв.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад бүрэн гүйцэт дүгнэлт хийлгүйгээр миний үйлчлүүлэгч С.Бод үндэслэлгүй ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 59 дугаартай шүүгчийн захирамжаар энэ хэргийг прокурорт буцаасан. Тус захирамжийн 5 дугаар талд мөн уг жолоочид гүйцэгдэхэд ямар нөхцөл байдал үүссэн, тосон хариулахад цаг хугацаа, орон зайн ямар боломж байсан, нэгэнт тулгарсан осолтой байдалд тохируулж тухайн жолооч ямар арга хэмжээ авсан эсэхэд техникийн шинжээч таамаглаж хариулт өгөх боломжгүй болно гэж хариулсан байхад энд дурдагдсан туршилтыг хийлгэх эсэх талаар шийдвэрлээгүй байна гэж тодорхой дурдсан байдаг. Туршилтыг ижил загварын автомашинаар хийж гүйцэтгэхэд 40-50 км/цагийн хурдтай явж байгаад тормос гишгэхэд 3 метр яваад зогсож байсан бөгөөд тормосны мөр гараагүй байдаг. Гэтэл зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “тормосны мөр илрээгүй “Toyota Hilux” загварын автомашин хүртэл 45-50 метр зайтай, “Toyota Land cruiser” загварын автомашины дугуйн мөр 6.0 метр, 6.50 метр байв” гэж тодорхой бичиж тэмдэглэсэн байдаг. Дээрх бичгийн нотлох баримтыг тулгуурлан дүгнэлт гаргавал “Toyota Land cruiser” загварын автомашин засмал зам дээр тодорхой урттай замыг туулж өнгөрөөгөөд дараа нь замын хажуугийн хөвөө буюу шороон зам дээр 6-6.5 метр яваад онхолдсон байдаг. Эндээс “Toyota Land cruiser” загварын автомашины жолооч зөвхөн замын хөвөө хэсгээр явж байхдаа хоёр удаа автомашиныг зогсоох бүрэн боломжтой байсан нь тогтоогдож байна. Мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр С.Быг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25 дахь заалт буюу “7.1 Үргэлжилсэн цагаан зураасан тэмдэглэлийг давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх анхааралгүй хэт яллах талыг барьсан гэж үзэж байна.

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр С.Б нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ бусдын хөдөлгөөнд саад учруулсан нь тогтоогдоогүй байдаг. “Toyota Land cruiser” загварын автомашины жолооч хөдөлгөөнд саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байна. Энэ байдлыг зохих ёсоор тогтоолгох, иргэний нэхэмжлэгчид хохирсон зардлыг хэрхэн, хэнээс гаргуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч тогтоох боломжгүй гэсэн үндэслэлээр орхигдуулж хэт нэг талыг барьсан. “Toyota Land cruiser” загварын автомашины жолооч зам дээр 2-3 удаа дайвалзах, замын хажуугийн шороон зурвас зам дээр 6-6.5 метр зам туулах явцдаа ядаж нэг удаа тормос гишгэж автомашиныг зогсоох арга хэмжээ авсан бол тухайн осол гарахгүй байх бүрэн боломжтой байсан.

Тухайлбал шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.О, Д.Г нарын өгсөн мэдүүлгээр “Toyota Land cruiser” загварын автомашины жолооч автомашиныг зогсоох ямар ч арга хэмжээ аваагүй болох нь батлагддаг ба “Toyota Hilux” загварын автомашин гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийж дууссаны дараа дайвалзаж унасан болох нь тогтоогдсон. С.Бын эзэмшлийн “Toyota Hilux” загварын автомашинд хийсэн үзлэгээр уг автомашинд мөргөлдсөн, шүргэлдсэн ямар ч сэв зураас байгаагүйг тогтоосон нь С.Б гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийж дууссаны дараа уг осол гарсан болохыг давхар нотолдог.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч И.Базаррагчаагийн мэдүүлгээр “Toyota Land cruiser” загварын автомашины жолооч автомашиныг хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авахын оронд жолооны хүрдийг 2-3 удаа эргүүлж улмаар автомашины тэнцвэрийг алдагдуулан замын хажуу тал руу оруулан онхолдуулсан нь тогтоогдсон бөгөөд уг бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр С.Б нь “үргэлжилсэн цагаан зураасан тэмдэглэлийг давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн, бусад заалтыг зөрчөөгүй нь нотлогдсон.

Анхан шатны шүүхээс С.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар эсрэгээрээ “Toyota Land cruiser” загварын автомашины жолооч А.О Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан заалтыг хэрэгжүүлээгүйн улмаас тухайн осол гарсан нь тогтоогдсон байна.

Мөн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгаагүй, эсхүл нөхөн төлөхөө бодитоор илэрхийлж чадаагүй учир дээрх хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүх С.Быг гэм буруутай гэж үзсэний дараа тэрээр хохирлын 73.000.000 гаруй төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөө албан ёсоор бичгээр илэрхийлсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан заалтыг ямар шалгуураар бодитой биш гэж дүгнээд байгааг ойлгохгүй байна. Учир нь хуулийн энэ хэсэгт бодитой гэсэн үг утга агуулагдаагүй байхад санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэргийн шүүгдэгч, 1-7 настай 4 хүүхдийн эцэгт ял оногдуулсанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хэрэгт битүүмжилсэн С.Бын өмчлөлийн тээврийн хэрэгслүүдийг уг гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэхээр холбогдох байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн. Хэрэв С.Б хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн амлалтаа биелүүлээгүй тохиолдолд дээрх эд хөрөнгийг зарж, хохирлыг барагдуулах боломж байгаа ч дүгнэлт хийлгүй хэт яллах талыг барьсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 59 дугаартай захирамжаа зөрчиж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэсэн дүгнэлтдээ Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтийг оруулж бичсэн нь хууль зөрчсөн байна. Мөн шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй байхад дахин шинжилгээ хийлгээгүй. Дээрх захирамжийн 3-т “Toyota Land cruiser” загварын автомашины жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах боломж байсан эсэхэд энд дурдагдсан туршилтыг хийлгэх эсэх талаар шийдвэрлээгүй байна” гэж тус тус дурдсан байдаг.

Шүүх өөрөө үндэслэлгүй байна гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтээ шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтаар авч шийтгэх тогтоолдоо дурдсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд С.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Х.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна. Учир нь би 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр үйлчлүүлэгтэйгээ уулзахаар хорих ангид очсон. Гарч ирэхдээ шийтгэх тогтоолоо авч гарч ирээрэй гэж хэлсэн. Шийтгэх тогтоолыг харж давж заалдах гомдолдоо бичих гэтэл миний үйлчлүүлэгчид гардуулж өгсөн шийтгэх тогтоолд  тамга дарагдаагүй байсан.  Үүнийг баталгаажуулж хорих ангийн тамгыг даруулж авчирсан. Үүнийгээ шүүхэд гаргаж өгч байна.  С.Бод оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолд дурдах ёстой. Үүнийг шийтгэх тогтоолд тусгаагүй байсан. С.Бын тухайн машиныг шахсан эсэх асуудлыг хэргийн газрын анхан үзлэг болон нөхөн үзлэгээр тогтоогоогүй.  Эхний үзлэгээр шулуун хуурай хатуу хучилттай зам байсан гэж дүгнэсэн. Харин нөхөн үзлэгээр тахир зам байсан гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн машин нь улсын дугааргүй байсан гэдэг нь тогтоогдсон. Мөрдөн байцаагч тогтоол гаргахдаа үнэлгээг үндэслэж тогтоол гаргасан байсан. Техникийн шинжээчийн  дүгнэлт 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн тогтоолоор гарсан. Уг тогтоолыг  2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр нөхөж С.Бод танилцуулсан. 739 тоот тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 17.2 дугаар заалтыг зөрчсөн гэж дахин шинжээч томилсон. Прокурор энэ талаар шинжээч томилсон тогтоолдоо дурдсан. Шинжээчээс асуулт асуухдаа дандаа тулгаж асуусан.  Шинжээчийн дүгнэлтээр С.Быг үргэжилсэн шугамыг давсан гэж дүгнэлт гарсан. Тэгэхээр С.Боос хохирогчийг шахаагүй гэдэг нь нотлогдож байгаа. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн байна гэж ялласан нь үндэслэлгүй. Хавтас хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан шинжээч томилсон тогтоолыг С.Бод танилцуулаагүй. Машины үнэлгээг гаргахдаа 3 янзын үнэлгээ гаргасан.  Хавтас хэрэгт авагдсан 2 ижил тээврийн хэрэгслийн зураг байхад өөр өөр үнэлгээ гаргасан.  Нотлох баримт эргэлзээтай байгаа тохиолдолд сэжигтэн яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож С.Бод авсан таслан сэргийлэх арга өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ч.Огийн өмгөөлөгч Ц.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хавтас хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, нотлох баримтуудаар тухайн үйл баримтыг үнэлж шүүгдэгчийг гэм буруутай тооцсон нь үндэслэлтэй. Прокурорын эсэргүүцэлд дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөн гэрч хохирогч нарын мэдүүлгээр С.Б нь хохирогчийн машиныг шахсан үйлдэл нь нотлогддог. Иймд зохих өөрчлөлтийг оруулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

С.Бод холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд:

С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Асем вилла” хотхоны хойд замд “Toyota Hilux” загварын, 02-11 НАА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: е/ эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 25-д “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16 а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно”, мөн 10.2-т “Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэж тус тус заасныг зөрчин “Toyota Landcriuser 200” загварын 33-30 УНА улсын дугаартай автомашиныг гүйцэж түрүүлэх явцдаа хөдөлгөөнд нь саад учруулснаас уг автомашин онхолдож, зорчигч Ж.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ч.Огийн эзэмшлийн “Toyota Landcriuser 200” загварын 33-30 УНА улсын дугаартай автомашинд 70.103.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Дгийн "... машины зүүн талаар буюу миний зүүн гар талаар цагаан өнгийн жийп загварын автомашин гүйцэж түрүүлж орж ирээд шахах шиг болоход манай жолооч охин яанаа гээд мурилзаад замаас гараад онхолдсон. Миний зүүн гар хугарсан. ...” гэх /1хх-32-34/,

 иргэний нэхэмжлэгч Ч.Сийн “... уг автомашины ослын улмаас хашаа эвдэрсэн тул шинэ хашаа тавьсан. Эвдэрсэн хашаа нь ашиглагдах боломжгүй болсон. ...” гэх /1хх-41/,

гэрч Я.Г-ийн “... миний зүүн гар талаар цагаан өнгийн жийп загварын автомашин гүйцэж түрүүлээд хажуу талаар орж ирэхдээ шахсан. Энэ үед О баруун гар тийшээгээ жолоогоо дараад буцааж жолоогоо дарах гээд л замаас гарч онхолдсон. ...” гэх /1хх-43-44/,

гэрч А.Оийн “... миний зүүн гар талаар нэг цагаан өнгийн дунд гарын жийп загварын автомашин гүйцэж түрүүлэх гээд хажуу талаар орж ирээд явж байгаад гэнэт миний урдуур баруун гар тийшээгээ жолоогоо дараад ороод ирэхээр нь мөргөлдөх гэж байна гэж бодоод уг машиныг мөргөхгүйн тулд баруун гар тийшээгээ жолоогоо огцом дараад хариулж чадалгүй замаас гараад замын хажуу тал руу нэг мэдэхэд онхолдсон байсан. ...” гэх /1хх-48-49/,

гэрч Н.Н-ийн “... урд талд явж байсан хар өнгийн, “Toyota Landcriuser 200” загварын автомашин зам дээр 1, 2 удаа мурилзаад замынхаа хажуу тал руу замаас гараад онхолдсон. ...” гэх /1хх-61/,

гэрч Д.Г-ыг “... миний зүүн гар талаар цагаан өнгийн жийп автомашин гүйцэж түрүүлж гарч яваад миний урд талд явсан хар өнгийн “Toyota Landcriuser 200” загварын автомашины зүүн гар талаар гүйцэж түрүүлэхдээ баруун гар тийшээгээ жолоогоо дараад онхолдсон автомашины зүүн хажуу талаас жаахан шахас хийгээд урдуур нь ороод чигээрээ явах үед нөгөө хар өнгийн “Toyota Landcriuser 200” загварын автомашин баруун гар тийшээгээ жолоогоо огцом нэг дараад буцааж зүүн гар тийшээгээ жолоогоо дараад машин зам руу нэг голлож ороод буцаад баруун гар тийшээгээ машин нь яваад замын хажуу тал руу замаас гарч онхолдсон. ...” /2хх-5-6/ гэх мэдүүлгүүд, шинжээч Ж.Мягмаржав /2хх-27-28/, Н.Мөнхзул /2хх-42-43/ нарын мэдүүлгүүд,  

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-6-10/, “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх-65-68/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 872 дугаартай хохирогч Ж.Дгийн биед хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх-72-73/, хохирогч Ж.Дгийн өвчний түүх /1хх-75-85/, “Арвижих эстимейт” ХХК-ийн хийсэн хашааны хохирлын үнэлгээ /1хх-92-95/, мөрдөгчийн магадлагаа /1хх-98-99/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /1хх-136-139/, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан /1хх-143-160/, Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-182-186/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 739 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-188-189/, 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 12/47 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /2хх-24-25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Тээврийн прокурорын газраас С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шинжээчийн дүгнэлтээр С.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.1-д заасан давахыг хориглосон заалтыг зөрчиж, үргэлжилсэн шугамтай цагаан зураасыг давсан гэдэг нь тогтоогдсон ба уг буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхээс С.Быг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Харин С.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм буруу, хувийн байдалд тохироогүй, ял хүндэдсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хэдийгээр шүүхээс С.Бод энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн заалтыг харгалзаагүй байна гэж үзлээ.

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялын хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж шийдвэрлэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа ...хугацааг тоолно” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар С.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн атлаа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хэзээнээс эхлэн эдлэх талаар шийтгэх тогтоолдоо дурдаагүй байх ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Г.Б, Х.Д нар нь “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол тус тус гаргажээ.

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Асем вилла” хотхоны хойд замд “Toyota Hilux” загварын, 02-11 НАА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа гүйцэж түрүүлэхийг хориглосон буюу эсрэг урсгалыг сөрсөн, үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээрээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж, автомашиныг шахсан үйлдлийн улмаас  хохирол, хор уршиг учирсан байх тул С.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Дгээс “... гардуулсан шийтгэх тогтоолд тамга дарж баталгаажуулаагүй байна ...” гэх гомдол гаргасан боловч хавтас хэрэгт эх хувиар авагдсан шийтгэх тогтоол тамгатай байх бөгөөд тамга дараагүй шийтгэх тогтоол гардуулсныг үүгээр буруутган тэмдэглэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/678 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Г.Б, Х.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2019/ШЦТ/894 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: 

 2 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй ...” гэснийг

“... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй ...” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар С.Бод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар С.Бод оногдуулсан 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Г.Б, Х.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН  

ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН