Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
Хэргийн индекс | 179/2022/0262/Э |
Дугаар | 2022/ШЦТ/258 |
Огноо | 2022-09-22 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, Б.Ганчимэг,
Шүүгдэгч С.А, Г.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сгийн А, Гын З нарт холбогдох эрүүгийн 2238000000041 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 9-07 тоотод байрлах Д.Гын эзэмшлийн байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч луун хээтэй, хурган дотортой дээл 1 ширхэг, үхрийн хааны мах 1 ширхэг, үхрийн гуяны мах 1 ширхэг, хонины бүтэн мах 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,292,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.А, Г.З нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 5-02 тоотод байрлах Л.Бийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшинд нэвтэрч хуйхалсан хонины өвчүү, 42 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 817,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн байшинд орохдоо цонхыг хагалж 230.000 төгрөгийн хохирол, нийт 1.047.000 төгрөг хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138000000625 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт С.Анх-Эрдэнийн өгсөн: “ ..Мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Зын өгсөн: “..Мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Гын өгсөн: “.. Манайх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 9-7 тоотод оршин сууж байгаад өнгөрсөн оны 11 дүгээр сард Мөрөн сумын 1 дүгээр багийн Шинэ мөрөн хороололд байранд нүүж орсон юм. Тэгээд манай 6 дугаар хорооны 9-7 тоот хашаанд байх 7х7 хэмжээтэй палкан байшингаа эзэнгүй орхиод тухайн байшиндаа өвлийн идшээ орхисон байсан. Би өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн үед байшиндаа очиж борцоо байшингийнхаа үүдэнд хатааж өлгөөд орхисон. Тэгтэл өнөөдөр өглөө манай хөрш Д утсаар холбогдож танай байшин руу хулгай орсон юм шиг байна. Танайхаас шуудайтай юм үүрээд явж байгаа хүний алсаас нь хараад явж байна гэж хэлэхээр нь яваад очтол миний хурган дотортой дээлийг өмссөн нэг эрэгтэй хүн ногоон өнгийн шуудайтай мах үүрчихсэн явж байсан. Би тэгээд тэр хүн дээр очоод наад мах аваад ир гэж хэлсэн чинь нөгөө хүн юун мах би өөрийнхөө махыг аваад явж байна гэж хэлээд зогсож байтал цагдаа нар ирээд нөгөө хүнийг аваад явсан. Тэгээд би махаа буцааж аваад машиныхаа ар багаж руу хийгээд Мөрөн сумын 6 дугаар багийн 7-9 тоот байх байшиндаа очтол манай байшингийн гадна хаалганы цүү сэтэрч эвдэрсэн хаалга онгорхой байсан. Би байшин дотроо ороод хартал манай байшингийн гал тогооны өрөөний шалан дээр хураалттай байсан махнуудаас үхрийн гуя /буцаан авсан/, үхрийн хаа, хоёр ширхэг хонины мах бүтнээрээ байхгүй болсон байсан. Тэгээд би цааш унтлагын өрөө рүү ороход унтлагын өрөөнд байсан хоёр авдар онгорхой, авдар дотор байсан эд зүйлсийг гаргаад шалан дээр орхисон байсан. Би тэгээд авдар доторх юмаа эхнэрийн хамт бүртгэж үзэхэд миний өөрийн хурган дотортой, луун хээтэй өнгөтэй дээл байхгүй байсан. Тэр дээлийг манай махыг авсан хүн өөрөө өмсчихсөн явж байсан, тэр дээл манайд орсон хүний дээл байх гэж би бодож байгаа манайд тийм ногоон дээл байдаггүй юм....Манай байшин дотроос хураалттай байсан өвлийн идэшнээс 1. Үхрийн гуя /буцаан авсан/, 2. Үхрийн хаа 3. Эр хонины бүтэн мах, 4. Луун хээтэй өнгөтэй, хурган дотортой дээл /1 ширхэг/ алга болсон байсан. Тэр дээлийг манайд орсон хүн өөрөө өмсчихсөн явж байсан. Би үхрийн хаагаа 200.000 төгрөгөөр,хонины махаа нэг бүрийг нь 200.000 төгрөгөөр үнэлж байна. Би үхрийн гуя болон хурган дотортой дээлээ үнэлэхгүй учир нь би үхрийн гуяаа буцаан авсан, одоо тэр хүнээс дээлээ авна. Тэгэхээр надад 600.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна... Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Яруу сумын нутаг Их монголын элс гэдэг газарт байх өөрийн төрсөн ах Гийн хотноос идшиндээ 1 тооны үхэр, 2 тооны хонь нядалж аваад тэндээс Г ахын нэр дээр гарал үүслийн бичиг бичүүлж аваад Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирсэн. Би Мөрөн сумын 6-9-07 тоотод байх өөрийн эзэмшлийн байшиндаа махаа хураасан байсан. Тэгээд манай байшингаас 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эд зүйл хулгайд алдагдсан бөгөөд хулгайчийн үүрч явсан үхрийн гуя болон дээлээ буцааж авсан. Эд зүйлээ бүртгэхэд үхрийн хаа 1 ширхэг, хоёр хонины мах дутсан. .. Би одоо манайхаас эд зүйл хулгайлсан хүнээс хохирол гомдол гээд нэхэмжлээд байх зүйлгүй. Тэр хүн нь угаасаа ч бидэнд хохирол төлөх чадваргүй хүн юм шиг байна гэж ойлгосон. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20, 220 тал/,
Гэрч Д.Дын өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг өнгөрч байх үед би гэрээсээ гарч 00 орж бие засаад гарч явтал манай зүүн талын хашаа буюу Мөрөн сумын 6 дугаар багийн 09-7 тоотод эзэнгүй айлын хашааны хаалга дуугарах чимээ гарсан. Би хашаагаар өнгийгөөд байшингийнх нь хаалга руу хартал байшингийн хаалга нь онгорхой, цоож нь нэг талдаа зүүлттэй харагдахаар нь өөрийнхөө хашааны хаалгаар гарч хартал шар цоохор хурган дотортой хурган дотортой дээл өмссөн хүн ногоон торон шуудайтай зүйл үүрчихсэн манай гудамжны баруун талын үзүүр чиглээд цаашаа явж байсан. Би зүүн талын айлын хүн биш шиг байхаар нь хулгайч байна гэж бодоод араас нь очтол үл таних согтуу хүн байхаар нь чи айлын юм хулгай хийгээд байгаа юм уу, наад юмаа буцааж аваачиж тавь гэж хэлтэл би өөрийнхөө гэрээс юмаа авч явна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн газрын жижүүрийн утас руу дуудлага өгчихөөд дараа нь байшингийн Г гэдэг залуу руу утасдаж танай байшингийн хаалга онгойсон байна. Нэг хүн шуудайтай юм үүрээд гарч явахаар нь саатуулаад цагдаад дуудлага өгчихлөө гэж хэлсэн. Манай зүүн талын хашааны хөршийг Г гэдэг юм. Урьд өмнө Хонгороо гэдэг айл байж байгаад Г гэдэг хүнд зарсан юм. Гынх манай хамар хашаанд ирээд 1 жил гаруй байж байгаад өнгөрсөн намрын 10 дугаар сараас байранд орсон гээд нүүсэн юм. Түүнээс хойш эзгүй байдаг болсон юм. Байшин нь цагаан төмөр цоожоор цоожлогдсон харагддаг байсан. Тэгээд уг хулгайч хийсэн хүнийг нь би явуулахгүй байлгаж байтал Цагдаагийн алба хаагчид ирээд аваад явсан. Манай хөрш айлын залуу болох Г ч бас эхнэртэйгээ ирсэн...Би огт харж байгаагүй, танихгүй хүн байсан. Шар цоохор хурганы арьсан дотортой дээлтэй, 30 гаруй орчим насны шар царайтай, намхан нуруутай эрэгтэй хүн байсан. Архи их уусан бололтой, нэлээн согтолттой байсан. Би айлын юмыг авсан бол буцааж тавь гэж хэлтэл өөрийнхөө юмыг авч явна гэж хэлсэн...Шуудайны гадна талаас харахад хөлдүү мах шиг зүйл байсан. Би яг онгойлгож хараагүй...Тийм зүйл анзаараагүй...Намайг хашаанаас гарахад ганцаараа явж байсан, ойр хавьд нь хүн харагдаагүй...Би яг хэзээ орсныг нь мэдэхгүй байна. Шөнө орсон ч байж магадгүй. Би 11 цагийн үед л хашааны хаалга дуугарахаар нь мэдсэн...Би тэднийд орж гарч байгаагүй болохоор хаана юу байдаг талаар мэдэхгүй, намайг дуудсаны дараа гэртээ орж шалгаад 2 хонины бүтэн мах алга болсон байна, муу үстэй дээлээ тайлж орхиод шар цоохор өнгөтэй хурганы арьсан дотортой дээл өмсөөд явсан байна гэж байсан. Өөр юм яриагүй...Надад өөр нэмж ярих зүйл алга. Миний ярьсан зүйл бүгд үнэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-24 тал/,
Гэрч М.Бийн өгсөн: “...өглөө голын эргийн байрандаа байж байтал манай хажуу талын хөрш манай нөхөр рүү залгаад байшинд чинь хулгай орж байна гэж хэлсэн. Нөхөр бид хоёр тэр хүнтэй холбогдож байгаад хамт очиход манай хөрш нэг залууг дагаад явж байсан. Тэр залуу манай нөхрийн хурган дотортой дээлийг өмсчихсөн, үхрийн гуя үүрчихсэн явж байсан. Тэр залуугаас хурган дотортой дээл үхрийн гуя хоёроо буцааж авсан. Эд зүйлээ бүртгэхэд манай идэшний махнаас 2 хонины мах, нэг үхрийн хаа мах дутсан байсан. Тэр залууг манай махыг удаа дараа зөөж авсан байх гэж бодож байна..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222 тал/,
Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний №2245617200177 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэн Д.Гын хулгайд алдагдсан үхэр, хонины мах, эрэгтэй хүний хурган дотортой дэлний нийт үнэлгээг 1.292.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 32-32 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 6 тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-15 тал/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Бийн өгсөн: “...Би өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны орой Мөрөн сумын 06 дугаар багийн 5-02 тоотод байх гэртээ өвчүү хуйхалж тавиад гарсан юм. Манайх өвөлдөө урд байранд өвөлждөг. Гэхдээ би гэрээ өдөр бүр эргэж тойрдог, хараа хяналттай байдаг юм. Өнөө өглөө эхнэртэйгээ захын засмал өгсөөд явж байхад нэг нь куртиктэй, нохой гуталтай, нөгөө нь дээлтэй хоёр залуу манай наад талын хашааны завсраар хараад явж байгаа харагдсан. Манай эхнэр хулгайч юм биш үү гэхээр нь би гэгээн цагаан өдөр юунд хулгай хийв гэж дээ гээд өгсөөд явчихсан юм. Тэгтэл манай байшингийн хойд урд хоёр цонхыг хагалж хулгайч орсон байна. Би байшиндаа орж юмаа бүртгэхэд өчигдөр хуйхалсан хонины өвчүү, 42 инчийн LCD зурагт алга болсон байна...Би зурагтаа хоёр жилийн өмнө 1350.000 орчим төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан. .. Хуйхалсан өвчүүгээ ч үнэ ханш ээд яахав тэрийг ах нь нэхэхгүй. Цонхны хагарсан шилнүүдээ зах зээлийн ханшаар үнэлнэ. Одоо би хүнээр хийлгэхэд хэдэн төгрөг болохоор байна. Тэр ханшаар л үнэлж нэхэмжилнэ...Би манай гэрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгөнд маань халдсан хүмүүсийг хуулийн дагуу шалгуулж хариуцлага тооцуулмаар байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... Би хоёр цонхоо нийт 4м /квадрат вакум цонхны шил хийлгэж шиллүүлсэн. Мөн цонх шиллэхэд хүрээ хийдэг резинд 8 метр резин орсон. Тэр нь 1 метр нь 8000 төгрөг нийт 64.000 төгрөг болсон. 1м /квадрат цонхны шил 90.000 төгрөг нийт 360.000 төгрөг болсон. Цонх шиллэсэн хүнд ажлын хөлсөнд 50.000 төгрөг төлсөн. Нийтдээ ингээд бодохоор цонх шиллүүлэхэд 474.000 төгрөг болсон. Мөн дээр зурагтаа нэг сая төгрөгөөр бодож тооцоод нийт 1474000 төгрөг нэхэжилж байна. Би миний орон сууцанд халдаж хулгай хийсэн, надад хохирол учруулаад одоог болтол нөхөн төлж өгөөгүй байгаа хүмүүст гомдолтой байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107, 109 тал/,
Гэрч Б.Огийн өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зөрчлийн байцаагчаар жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан болохоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 5-02 тоотод хулгай орж байна гэх дуудлагын дагуу жолооч цагдаа ахлагч Алтаншагайн хамт очсон. Дуудлагаар очиход 6 дугаар багийн 6 дугаар гудамжинд буюу хулгай орсон айлын арын гудамжинд нэг нь ногоон өнгийн дээлтэй, нөгөө нь хөр өнгийн хувцастай хоёр эрэгтэй хүн явж байсан. Хар хувцастай өндөрдүү эрэгтэй нь зурагт тэвэрчихсэн явж байснаа цагдаагийн машин очоод зогсонгуут барьж байсан зурагтаа шидчихээд цаашаа гүйчихсэн. Тэгэхээр нь би машинаас бууж араас нь гүйгээд тэр хар хувцастай залууг барьж авч шалгахад нэрийг нь З гэж байсан. Бага зэргийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нөгөө ногоон дээлтэй хүнийг нь Алтаншагай цагдаа барьж аваад шалгахад бас архи согтууруулах ундаа үнэртүүлсэн халамцуу байсан бөгөөд өвөрт нь хуйхалсан өвчүү байсан. Тэр ногоон дээлтэй хүнийг нь Сгийн А гэж байсан. Тэр хоёроос хаанаас авсан талаар асуухад хэлэхгүй байсан тул цагдаагийн газарт эд зүйлсийн хамт хүлээлгэж өгсөн. Эд зүйлсийг жижүүр дээр үлдээсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113 тал/,
Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №2245617200183 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэн Л.Бийн хулгайд алдагдсан 42 инчийн Sony маркийн телевизор, хонины махны нийт үнэлгээг 817.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлэв...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 115-116 тал/,
Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №224561720346 дугаартай: “...Л.Бийн сууцны байшингийн 2 ширхэг вакум цонхны шилний үнэлгээг 230.000 үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 210-211 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 93 тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 96-101тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 100-101 тал/
Мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцуулах тухай санал /1-р хх-ийн 102 тал/,
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 103 тал/,
Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 104 тал/,
Прокурорын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай тогтоол /1-р хх-ийн 95 тал/,
Шүүгдэгч С.Анх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би цагдан хоригдож байгаа болохоор яаж өмгөөлөгч авахаа мэдэхгүй байна. Би төлбөрийн чадваргүй учир улсын өмгөөлөгч авах бодолтой байна. Надад ямар нэгэн байдлаар хэргийг удаашруулах саад учруулах зорилго байхгүй... Би мэдүүлэг өгөхөд татгалзаж байна. Би энэ өмгөөлөгчийг авмааргүй байна. Би өөрөө батлан даалтад гарч байж өмгөөлөгч авч мэдүүлэг тайлбар өгмөөр байна. Би ямар ч зүйлд гарын үсэг зурахгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59, 61, 132-133, 146 тал/,
Шүүгдэгч Г.Зын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “..Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ дэлгэрэнгүй ярьсан.. Би тодорхой юмыг юуг нь ярихав дээ..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судласнаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Г, гэрч М.Б, Д.Д нарын өгсөн мэдүүлэг, Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний №2245617200177 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч С.А нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 9-07 тоотод байрлах Д.Гын гэрт хууль бусаар нэвтэрч луун хээтэй, хурган дотортой дээл 1 ширхэг, үхрийн хааны мах 1 ширхэг, үхрийн гуяны мах 1 ширхэг, хонины бүтэн мах 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,292,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Б, гэрч Б.Он нарын өгсөн мэдүүлэг, Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №2245617200183 дугаартай дүгнэлт, Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №224561720346 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч С.А, Г.З нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 5-02 тоотод байрлах Л.Бийн гэрт хууль бусаар нэвтэрч хуйхалсан хонины өвчүү, 42 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 817,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн байшинд хууль бусаар нэвтэрч орохдоо цонхыг хагалж 230.000 төгрөгийн хохирол, нийт 1.047.000 төгрөг хохирол учруулсан үйлдэл нотлогдон тогтоогдож байна.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч С.А, Г.З нар нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрсдийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгоно.
Харин хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр цонх хаалга, түгжээг эвдэх зэргээр хууль бусаар нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нар нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.А нь ганцаараа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл авч хохирогч Д.Гад 1,292,000 төгрөгийн, шүүгдэгч Г.Зтай бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл авч хохирогч Л.Бт 1.047.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу шүүгдэгч С.А, Г.З нар нь хохирогч нарын гэрт нэвтрэх эрхгүй гэдгээ мэдсээр байж бусдын орон байрыг эзэнгүй, хүнгүй сул байдлыг далимдуулан байшингийн хаалганы цоож, цонхыг эвдэн хууль бусаар нэвтэрч, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.А, Г.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Анх-Эрдэний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Гад 1.292.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Г нь 670000 төгрөгийн эд зүйлийг буцаан авсан, үлдэгдэл үхрийн хааны махны үнэ 207.000 төгрөг, хоёр хонины махны үнэ 415.000 төгрөг нийт 622.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэх тайлбар мэдүүлэг өгсөн, хохирогч Б.Гад шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “хохирол авахгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч С.А, Г.З нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Бт 1.047.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Б нь 17000 төгрөгийн үнэлгээ бүхий хонины өвчүүг биет байдлаар буцаан авсан байх бөгөөд, үлдэх 42 инчийн Sony загварын LCD зурагтын үнэ 800.000 төгрөг, 2 ширхэг вакум цонхны шилний үнэ 230.000 төгрөг, нийт 1.030.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 515000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.З нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Бт 554.200 төгрөгийг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.З нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Аэс 515.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Бт олгохоор шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.А, Г.З нар нь бүлэглэж болон дангаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч С.А, Г.З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хорих ял оногдуулах, шүүгдэгч Г.Зт мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна....” гэв.
Шүүгдэгч С.Анх-Эрдэний өмгөөлөгч Б.Манлайбаяр эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “..Нэгэнт хуульд заасан бага хэмжээ байгаа учраас хорих ялын хамгийн бага хэмжээ болох 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч Г.Зын өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “..Энэ хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж зааснаар хорих ялаас доогуур хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү. ... .хорих ялаас доогуур ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү..” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг.
Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байр, нэвтэрч” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгч С.Анх-Эрдэний ганцаар болон бүлэглэн 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байр, үйл ажиллагаа явуулах зориулалттай ...нэвтэрч” гэсэн шинжээр нь хүндрүүлэн зүйлчилж тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчид нэг удаа ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.А, Г.З нарт хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг, шүүгдэгч Г.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт авагдсан шүүгдэгч нарын өмнө ял шийтгүүлж байсан талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг баримтуудыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч С.А, Г.З нар өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүхээс шүүгдэгч С.Анх-Эрдэнийн ганцаараа болон бусадтай бүлэглэж, шүүгдэгч Г.Зыг бусадтай бүлэглэж “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, урьд удаа дараа санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан атлаа нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа тэдний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Г.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтов.
Шүүгдэгч С.А нь сэжигтнээр 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 2 хоног цагдан хоригдсон, 2022 оны 1 дүгээр сарын 19-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 246 хоног, нийт 248, шүүгдэгч Г.З нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 66 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 42 инчийн Sony загварын телевизорыг хохирогч Л.Бт буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Г.З нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Сгийн А, Э овогт Гын З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О овогт Сгийн Анх-Эрдэнийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э овогт Гын Зыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Г.Зт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Анх-Эрдэнийн цагдан хоригдсон нийт 248 хоног, шүүгдэгч Г.Зын цагдан хоригдсон 66 хоногийг тус тусын эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аэс 515000 /таван зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Бт олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 42 инчийн Sony загварын телевизорыг хохирогч Л.Бт буцаан олгосугай.
7. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.З нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А, Г.З нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН