Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1185

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан  дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...... дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ....... овгийн Х-ийн Б, ...... оны ..... сарын .....-ны өдөр ..........төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ....., .................. хамт ............. дүүргийн ........... дугаар хороо, ............. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар: ............, урьд нь ял шийтгүүлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

 

Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ........ дугаар хороо............ тоотод байхдаа “Бид” санхүүгийн нэгдэл дэх хохирогч Б.Б-ийн нэр дээр үүсгэсэн цахим зээлийн аппликейшин руу нэвтэрч, хохирогчийг “чам дээр зээл гарах боломжгүй байна” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, төөрөгдөлд оруулж түүний цахим зээлийн санд байсан 500,000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны ............ дугаартай дансаар шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч, ........ овгийн Х-ийн Б нь Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр 12-ны өдөр хохирогч Б.Б-т "Чамд зээл гарах боломжгүй юм байна" гэж худал хэлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан түүний цахим зээлийн санд байсан 500,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ............ дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Б.Бийн: "... 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр надад мөнгөний хэрэг болоод манай эгчийн найз Х.Бд надад Бид апп-аас зээл гарах нь уу шалгаад өгөөч гэж хэлээд өөрийн иргэний үнэмлэхээ урдаа зогссон зургаа явуулсан. Тэгээд 20 минутын дараа Х.Б над руу залгаад яам дээр зээл гарах боломжгүй юм байна гэж хэлсэн. Тэрнээс хойш 2022 оны 5 дугаар сард миний ........... дугаартай утас руу ............ дугаараас залгаад “Та манай Бид апп-аас 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 510,000 төгрөгийн зээл Хаан банкны ............. дугаартай Х.Б гэдэг хүний дансаар дамжуулан авсан байна” гэсэн. Тэгээд би Х.Б руу залгаж чи миний нэр дээр Бид апп-аас зээл авсан байна гэж хэлэхэд эхлээд би аваагүй гээд уурлаж байснаа, дараа нь би авчихсан юмаа, удахгүй төлчихнө гэж хэлсэн. Тэрнээс хойш Х.Б утсаа авахгүй надаас Бид апп-аас зээлээ төл гээд нэхээд байхаар нь цагдаад хандах болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), Х.Бын Хаан банкны ............... тоот дансны хуулга (хавтаст хэргийн 28-38 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Х.Б нь мөрдөн байцаалтад яллагдагчаар: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, ............ тоотод байхдаа Бид апп-аас 500,000 төгрөгийн зээлийг өөрийн ............. дугаарын дансаар авсан юм...Би хохирлоо төлж барагдуулсан” гэж (хх-ийн 49 дэх тал) мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэж мэдүүлсэн болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

1.4.   Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Х.Бын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Бын хохирогч Б.Бийн нэр дээр нээсэн цахим зээлийн үйлчилгээний эрх рүү нэвтэрсэн үйлдлийг Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг давхар агуулахгүй гэж үзсэн болно. Учир нь, шүүгдэгч нь тухайн цахим эрхийг хохирогчийн хүсэлтээр өөрөө нээсэн буюу нэвтрэх нэр, нууц үгийг өөрөө үүсгэсэн байх тул түүнийг кибер орчинд хууль бусаар халдсан гэж үзэхгүй. Харин тэрээр зээлийн эрх үүссэн байхад нь эрх үүсээгүй мэтээр зориуд худал хэлж бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулсан, цахим хэрэгсэл ашигласан үйлдлүүд нь зөвхөн залилах гэмт хэрэгт хамаарч байгаа юм.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.Быг “залилах” гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Гэрч О.Төгөлдөр нь “...Би Бид апп-д зээлийн мэргэжилтнээр ажилладаг юм. Б.Бийн авсан зээлийг Х.Б гэх эмэгтэй манай Бид апп-ын хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” хэмээн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Х.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

            2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Х.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 19 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 21 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал), тээврийн хэрэгслийн бүртгэлгүй гэх лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал), дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 29-38 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 39-43 дахь тал), эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол (хавтаст хэргийн 45-46 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 58-61 дэх тал), хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 62, 63 дахь тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 66 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 69-125 дахь тал), Бид аппликейшинд холбогдох баримт (хавтаст хэргийн 128-135 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Прокуророос гаргасан “17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэх ” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

2.2.     Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ......... овгийн Хийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах” гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Бд сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА