Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/263

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бгийн Бд холбогдох эрүүгийн 2238000000543 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                    

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны постын орчим хохирогч Б.Птай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000543 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны постын орчим Б.Пыг “чи намайг баривчилгаанд явсан гэж хүн болгонд хэлсэн байна” гэх шалтгаанаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун ухархайн хананд хугарал, эрүүний залай ясанд цууралт, зүүн талын 7 дугаар хавирганд цууралт, тархинд доргилт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи болон баруун мөр, зүүн мөр, зүүн дал, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зүүн хөмсгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бы өгсөн: “..Тэр өдөр бид хоёрын хувийн таарамжгүй харилцаанаас болж уулзсан юм. Тэгээд хэл амаа ололцохгүй ийм зүйл болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Пын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хатгал тосгоны хяналтын постод дээр ажлаа хийгээд зогсож байхад Хатгал тосгоны У гэх эмэгтэй намайг гараад ирээч уулзъя гэж хэлсэн. Би постоос гараад очиход саарал өнгийн приус-10 маркийн машинд суулгаад хяналтын постоос холгүй байдаг нойл руу очиж зогсоод Б нойл ороод машиндаа орж ирээд миний зүүн талын нүд рүү гараараа цохисон. Миний шил унахаар нь авах гээд тонгойход дахиад Б толгой хэсгийн зулай руу хөлөөрөө өшиглөсөн. ... Б миний шанаа хэсэг рүү өшиглөж, хамар болон хөмсөгнөөс цус гарсан. У нь миний дээр гарчихсан намайг багалзуурдаж аваад байж байтал надтай тухай өдөр хамт үүрэг гүйцэтгэж байсан тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагч Б, манай ажлын Э гэх хоёр эмэгтэй намайг хараад хүрч ирээд тэр хоёроос намайг салгаад аваад явсан. Миний эрүү ам, хавдсан, хөмсөгнөөс цус гарсан байдалтай байж байхад Б, Э хоёр цусыг минь цэвэрлэж өгч манай эгчийг болон манай “Эко” дэвшлийн захиралтай ирж намайг Хатгал тосгоны сум дундын эмнэлэг дээр авчирч анхан шатны тусламж үзүүлсэн. ... Одоо хугарсан хөмсөг тасарсан, хоол унд идэж болохгүй хэцүү байна. Нүд хамрын хагалгаанд орох шаардлагатай гэсэн. .. Б "чи намайг баривчилгаанд явсан гэж хүн болгонд хэлсэн байна" гээд над руу дайраад байсан. Би тэгэхээр юу яриад байгаа нь тэр хүмүүсээ аваад ир гэж хэлсэн. Тэгтэл намайг цохиж авсан ..Б архи уусан байх шиг байсан. Уыг уусан үгүйг мэдэхгүй байна...Тархины хаван буулгах, эрүү хэсэгт хөдөлгөөн хязгаарлагч хийсэн, хоол унд хорьж, хэвтрийн дэглэм сахисан байдалтай л байна.. Гомдолтой байна. Эрүүл мэндээрээ  хохирсон, бие эмчлүүлж эрүүл саруул болмоор байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

Гэрч Б.Бийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр надтай хамт гарч байсан Нямпүрэв, Э, П бид 4 Хатгал тосгоны нэвтрэх цэг дээр гарч байхад нэвтрэхийн цонхоор харахад усан цэнхэр приус-10 билүү приус-11 маркийн машин эрчмийн хашааны хажууд зогсож байсан. Машин хэзээ ирээд зогссоныг нь мэдээгүй. .. Машин дотроос У гарч ирээд бид нар дээр ирж уулзаж мэндлээд надтай цуг байсан Пыг уулзъя гээд У аваад явсан. Ард модон нойл байдаг. Тэр нойлын ард нь очоод 30-40 минут болсон. Тэгээд удаад байхаар нь яасан юм бол гэж бодож байгаад пиво уух юм яриад байхаар нь пиво ууж байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд удалгүй П наашаагаа үс нь сэгсийсэн ирж явсан. Тэгтэл У араас нь ирээд гараас нь татаад гарыг нь зулгаагаад байсан. Тэгтэл Б нь бас араас нь ирээд Пыг цохиж өшиглөөд байсан. Тэрийг хараад надтай байсан Э салгахаар гүйж очсон. Би тухайн үед гаднаас Хатгал руу орж яваа машинуудад тасалбар тасалж байсан болохоор тасалбараа тасалчхаад араас нь тэр хэдийн зодооныг салгахаар очсон боловч тэр дороо салгаж чадаагүй 10 гаран минут зууралдаж байж арай гэж нэг юм салгасан. Э ар гэрийнхэн рүү нь залгаж Пыг зодуулсан талаар хэлсэн. Бид хэд Пын нүүр гарыг нь угаагаад удалгүй Хатгал тосгоны эмнэлэг рүү эгч нь болох Бямбацэцэг ирээд аваад явсан. .. Нойлын хойно байхад нь юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Машинд тасалбар таслаад нээх анзаараагүй байсан. Тэгээд удалгүй П зодуулсан бололтой нойлын араас гараад үс нь сэгсийсэн ирж яваа харагдсан. Тэгтэл араас нь У ирээд гараас нь татаж чангаагаад байж байтал Б нь ирээд цохиж өшиглөж зодоод байсан. Б миний нүдэн дээр Пыг зодоод байсан. Харин У нь зодсон үгүйг нь мэдэхгүй байна. Тэрийг бол хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

Гэрч Л.Эын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр надтай хамт гарч байсан Нямпүрэв, П, Б бид 4 Хатгал тосгоны нэвтрэх цэг дээр гарч байсан. У нэвтрэх пост дээр ирээд бид нартай мэнд мэдээд Птай уулзъя гээд авч яваад 30-40 минут болсон. Тэгээд удалгүй П наашаагаа үс нь сэгсийсэн ирж явсан. Тэгтэл У араас нь ирээд гараас нь татаад гарыг нь зулгаагаад байсан. Тэгтэл Б нь бас араас нь ирээд Пыг цохиж өшиглөөд байсан. Тэрийг хараад би тэр зодоон болоод байгаа П, У, Б нар дээр очоод та нар чинь яаж байгаа юм бэ? та хоёр болиоч гээд салгах гэтэл салж өгөхгүй байсан. Пын гаднах хувцас буюу куртик нь тайлагдаад газарт байсан. Мөн левчик нь бас тайлагдсан газар байсан. Би хувцсыг нь авсан. Тэгээд салгах гээд салж өгөхгүй удалгүй Б миний араас ирээд бид хоёр тэр хоёрыг салгах гээд 10-20 минут болсон байх. Арай гэж салгаад байж байтал У, Б нар бид хоёр Пыг гэрт нь хүргээд өгье гээд байхаар нь Пыг явуулаагүй. Тэр хоёр машинаас унаад явсан. Би Пын куртикнээс нь утсыг нь аваад эгчийг чинь дуудах уу гэхэд тэг тэг гэхээр нь эгчийг нь дуудаад байж байтал П ухаан алдаж унасан. Төд удалгүй эгч Бямбацэцэг нь ирээд бид хэд машинд нь өргөж оруулаад эгч нь Хатгалын эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед байсан Нямпүрэв модны лакаар самбар лакдах гээд явсан байсан хойгуур ийм зүйл болсон.... Машинд тасалбар таслаад завгүй байсан. П наашаа ирж явахад нь У ирээд гараас нь татаж чангаагаад байж байтал Б нь ирээд цохиж өшиглөж зодоод байсан. Б миний нүдэн дээр Пыг зодоод байсан. Харин У нь нойлын ард зодсон үгүйг мэдэхгүй байна тэрийг бол хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/

Гэрч Ш.Уын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 10-ний өдөр би гэртээ байхад Б над руу 13 цагийн үед залгаад ирж хоол идэнгээ хотоос ирсэн бараа үз гэхээр нь би Бы гэрт нь очсон. Очоод хоол идээд бараа үзэж юм ярьж сууж байхдаа П надаас бэлэн мөнгө хэд хэдэн удаа зээлсэн. Тэр мөнгөө өгөхгүй их удсан гэж ярьсан. .. Бы гэрт нэлээн удаан сууж байхад намайг чи ер нь очоод Пыг дуудаад өг би уулзаж ярилцъя гээд Бы машинаар нь цуг яваад Пын ажил болох Хатгалын нэвтрэх пост дээр 17 цагийн үед очсон. Тэгэхэд пост дээр П, Б, Э, Нямпүрэв тэр 4 байсан. Тэдэнтэй мэндэлчхээд Птай уулзаад чамтай Б уулзахаар ирсэн байна очиж уулзах уу гэхэд за тэгье гээд надтай хамт явсан. Машинд ороод би арын суудал дээр суугаад П урд суугаад Б жолооны хүрдний ард суугаад тэр 2 юм ярьж байсан аа намайг хот руу ажлаар явсныг яагаад 62-т ачигдсан гэж худлаа ярьсан байсан. Яагаад тэгж ярьсан юм гэхэд П би тэгж яриагүй гээд байсан. Чи надад зээлсэн мөнгөө хэзээ өгөх юм бэ надад мөнгө хэрэгтэй байна гэхэд надад мөнгө байхгүй ээ чамд өгөх юм байхгүй цалин буугаагүй мөнгө байхгүй гэхэд нь би чам руу зөндөө залгасан чи утсаа аваагүй чатаар хариу бичихгүй байсан, тэгээд чи намайг энд тэнд хүмүүст намайг худлаа ярьж явдаг юм байна лээ гэхэд П нь би тэгж яриагүй гэхэд Б нь чи намайг угаасаа зөндөө энд тэнд буруугаар ярьж явдаг би чамд юм хэлэхгүй байхад чи бүүр даварчихсан юм гээд нүүр рүү нь 2, 3 удаа алагдсан. Тэгэхэд П нь би чамд орлогоос мөнгө аваад ирье гэж хэлсэн. Тэгтэл П нь машины хаалгаар гадагшаа унасан. Тэгтэл Б эгч наадах чинь нээрээ татаж унадаг юм, 2 уулаа машинд суулгая гэхэд хамаг бие ээ чангалаад байсан би хөлөөс нь бариад Б эгч цээжин хэсгээс нь өргөөд машины урд хаалгаар суулгаж чадаагүй ард хаалгаар нь ч суулгаж чадаагүй. За тэгвэл болъё гээд машины хажууд тавиад бид хоёр цуг сууж байтал П юм ярихгүй л байгаад байсан. Тэгэхээр нь бид хоёр явлаа шүү наадах чинь ажил руугаа явчих нь биз гээд бид хоёр машинаа асаагаад хөдөлсөн. Тэгээд явж байхдаа эргэж харахад П босож ирснээ малгай хувцсаа янзлаад байж байхаар нь бид хоёр буцаж очиход духнаас чинь цус гоожчихсон байхаар яаж ийм байдалтай ажил дээрээ очих юм бэ эмнэлэг рүү явъя нэг эсвэл гэрт чинь хүргэж өгье гэж хэлээд байж байтал нүднийхээ шилийг гараараа базаж хугалсан аа шилийг нь аваад би ер нь үхлээ гүрээгээ ханан би үхчихье гээд байхаар нь би ингэж болохгүй яагаад байгаа юм бэ гээд 2 гарыг нь бариад байж байсан чинь пост дээр гарч байсан хоёр охин гүйж ирээд юу болоод байгаа нь яагаад байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би хоёр гарыг нь барьсан байж байгаад гарыг нь тавьсан. Тэгтэл П дахиад ухаан алдсан юм уу уначихсан. Би сая зүгээр байж байгаад яачхав гээд байж байтал босож ирсэн ээ Бийн хөлөөс нь тэврээд сууж байсан. Тэгтэл Б эгч нэлээн ууртай байсан. Дахиад 2, 3 удаа Пын бие хэсэг рүү нь өшиглөсөн. Яг аль хэсэгт нь өшиглөснийг мэдэхгүй байна. Э пост руу гүйгээд ус авчирч нүүрийг нь угааж цусыг нь арилгасан. Бид хоёр ийм царайтай яаж ажил дээрээ очих гээд байгаа юм гэрт чинь хүргээд өгье гэхэд П би явахгүй гэсэн. Нөгөө хоёр охин бас явж яахын дахиад зодчихвол яах юм бэ гэсэн. Тэгээд бид 2 явсан. П малгайгаа дарж өмсөөд Б, Э хоёртой ажил руугаа буюу пост руугаа явсан...Б нь Пыг алгадаж, цохиж, өшиглөсөн зүйл байгаа. Дуудаж өгч уулзуулсан намайг салгах хүртэл тэгж барьцалдаж зодоогүй, алагдаад үстээд байсан. Тэрнээс өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 447 дугаартай: “...Б.Пын биед баруун ухархайн хананд хугарал, эрүүний залай ясанд цууралт, зүүн талын 7 дугаар хавирганд цууралт, тархинд доргилт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи болон баруун мөр, зүүн мөр, зүүн дал, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зүүн хөмсгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдоо. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Б.Пын биед учирсан баруун ухархайн ханын хугарал, эрүүний залай ясанд цууралт, зүүн талын 7 дугаар хавирганд цууралт, тархинд доргилт гэмтлүүд нь тус бүрдээ, биеийн бусад хэсгийн гэмтлүүд нийлбэр дүнгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь ухархайн хананы хугаралын эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Бы гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.... Хацар хэсэг рүү нь 2 удаа алагдсан. Машин руу суулгах гэж байхад машины хаалга руу П нь мөргөсөн. Ийм л зүйл болсон өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Пын мэдүүлэг, гэрч Б.Б, Л.Э, Ш.У нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 447 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Б нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны постын орчим хохирогч Б.Пыг “чи намайг баривчилгаанд явсан гэж хүн болгонд хэлсэн байна” гэх шалтгаанаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун ухархайн хананд хугарал, эрүүний залай ясанд цууралт, зүүн талын 7 дугаар хавирганд цууралт, тархинд доргилт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи болон баруун мөр, зүүн мөр, зүүн дал, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зүүн хөмсгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.  

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Пын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Бы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Бы үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Пын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Бы гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.П нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой 2.465.450 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн хэдий ч шүүгдэгч Б.Б, хохирогч Б.П нар нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “...Талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Эмчилгээний зардал болон холбогдох бусад зардалд 2.177.144 төгрөгийг Б.Б нь Б.Пд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцов...” гэх эвлэрлийн гэрээ байгуулан хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь 2.177.144 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Боос 2.177.144 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Пд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Б.Бы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 38-41, 46 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Хөшөөт 1412 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Бы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бы зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Б.Быг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос гадагш зорчих эрхийг 1 сарын хугацаагаар хязгаарлаж шийдвэрлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Бгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О овогт Бгийн Быг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бы зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Б.Быг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос гадагш зорчих эрхийг 1 /нэг/ сарын хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Бд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Боос 2.177.144 /хоёр сая нэг зуун далан долоо мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Пд олгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН