| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/03443/И |
| Дугаар | 03526 |
| Огноо | 2018-11-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 03526
| 2018 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2018/03526 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:А.Г-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Г.Д
Хариуцагч:Г.О нарт холбогдох
1 710 820 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сонинбилэг, хариуцагч Г.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунцэцэг, хариуцагч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:А.Г Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн байцаагчаар ажиллаж байхдаа Засгийн газрын 153 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг тооцохдоо алдаа гаргаж Г.Д, Г.О нарын тэтгэврийг илүү нэмж тооцон улмаар тус хоёр иргэнд 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 5 367 927 төгрөгийн тэтгэврийг илүү олгосон гэж үзэж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 308, 309 тоот актаар Нийгмийн даатгалын сангаас илүү олгосон тэтгэврийг А.Гоор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус нөхөн төлбөрийг А.Гоос гаргуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01989 дүгээр шийдвэрээр А.Гыг 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд Г.От илүү олгосон 350 000 төгрөг, Г.Дд илүү олгосон 1 360 820 төгрөгийг хариуцан төлөхөөр шийдвэрлэсэн байна.Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу А.Г нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 1 710 820 төгрөгийг өөрөө хариуцан төлөхөөр болсон.Иймд Г.Дгаас 1 360 820 төгрөгийг, Г.Оээс 350 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Г Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн байцаагчаар ажиллаж байхдаа Засгийн газрын 153 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг тооцож компютерт шивэх ажлыг хийсэн. А.Г 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хүртэлх хугацаанд ажлаасаа чөлөөлөгдөж сонгуулийн ажилд оролцсон байдаг бөгөөд 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн эрүүл мэндийн байцаагчаар ажилласан. Ингээд 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд Г.О 350 000 төгрөгийг, мөн энэ хугацаа буюу 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд Г.Д 1 360 820 төгрөгийг тус тус илүү авсан байдаг.Иймд Г.Оээс 350 000 төгрөг, Г.Дгаас 1 360 820 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2015 оны 3 дугаар сард миний тэтгэвэр олголт ороогүйг Хаан банкнаас мэдэж Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж тодруулахад Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тушаал, 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн тушаалаар тус тус тэтгэврийг нэмэгдүүлэн нэмж тооцохдоо ажилтан алдаа гаргасныг дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн тухай мэдсэн.Би 2015 оны 3 дугаар сард Нийгмийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргаж шалгуулахад Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу ажилтаны алдаа тул буруу бодсон ажилтан төлөх тухай хариу өгсөн.Иймээс өндөр настан би өөрийн тэтгэврийг бодож боловсруулаагүй, буруу худлаа материал бүрдүүлж өгөөгүй, надаас огт шалтгаалаагүй, байцаагчийн ажлын хариуцлагаас үүдэн гарсан асуудал тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Г.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Тэтгэвэрийн байцаагч нь алдаа гаргаж тэтгэврийг буруу тооцон олгож өндөр настанд хүндрэл учруулж байна.Бид нийгмийн даатгалын байгууллагад буруу худлаа мэдээлэл өгөөгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэж заасан байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Г.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2012 онд өндөр насны тэтгэвэрт гарсан, засгаас надад тэтгэврийн зөрүү гэж олгосон, миний тэтгэвэр 2015 онд илүү бодогдсон гээд хасагдсан, би сайн ойлгохгүй байна, би улсыг хохироосон бол төлнө, Гунгааноровт бол төлөхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч хариуцагч Г.Дгаас 4 320 227 төгрөг, Г.Оээс 1 047 700 төгрөгийг тус тус гаргуулан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нөхөн төлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хариуцагч Г.Д, Г.О нарыг 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд илүү тэтгэвэр авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж Г.Дгаас 1 360 820 төгрөг, Г.Оээс 350 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 000308 дугаартай актад-Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг зөрчиж Готовын Оюунбилэгийн 78470 тоот хувийн хэргээр 2012 оны 7 дугаар сарын 1-нээс 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд сар бүр 35 000 төгрөг илүү олгогдож бүгд 1 047 700 төгрөгийн зөрчил илрэв.Готов овогтой Оюунбилэгт 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд Засгийн газрын 153 дугаар тогтоолоор тэтгэврийн нэмэгдлийг алдаатай нэмэгдүүлсэний улмаас илүү олгогдсон 1 047 700 төгрөгийг тухайн үед тэтгэвэр буруу нэмэгдүүлэн олгосон тэтгэврийн байцаагч А.Гоор төлүүлэх, 1 047 700 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулахаар заасан байна.
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 000309 дугаартай актад-Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг зөрчиж Гомбо овогтой Дулмаагийн 40993 тоот хувийн хэргээр 2012 оны 7 дугаар сарын 1-нээс 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд сарын тэтгэврийн олголт дээр 9260-135156 хүртэл төгрөг олгогдож бүгд 4 320 227 төгрөгийн зөрчил илрэв.Гомбо овогтой Дулмаа 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд Засгийн газрын 153 дугаар тогтоолоор тэтгэврийн нэмэгдлийг алдаатай нэмэгдүүлсэний улмаас илүү олгогдсон 4 320 227 төгрөгийг тухайн үед тэтгэвэр буруу нэмэгдүүлэн олгосон тэтгэврийн байцаагч А.Гоор төлүүлэх, 4 320 227 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулахаар заасан байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01989 дугаартай шийдвэрээр А.Гоос 1 710 820 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож шийдвэрлэсэн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон дээрх шүүхийн шийдвэрт хариуцагч нарт илүү олгогдсон тэтгэврийн мөнгийг тухайн үед тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан албан тугаалтан буюу А.Г хариуцан төлөхөөр заасан байна.
Гэтэл А.Г нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 000308, 000309 тоот актууд болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01989 дугаартай шийдвэрийг биелүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар үүргийн харилцаа үүсээгүй боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж заасан байх тул А.Г нь хуульд зааснаар тэтгэвэр авагч нарт өндөр насны тэтгэвэрийн мөнгийг үнэн зөв бодож өгөх үүрэгтэй тул тухайн мөнгөн хөрөнгийг хариуцагч нараас буцаан шаардах эрхгүй байна.
Нөгөө талаар хариуцагч нар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авсан байх бөгөөд Засгийн газрын тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг тооцохдоо тэтгэврийн байцаагч алдаа гаргасан байгаа үйлдэлд хариуцагч нарыг буруутгах боломжгүй байна.
Хариуцагч нар нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагад өөрсдийнхөө тэтгэврийн талаарх баримтыг буруу мэдээлсэн, хуурамч баримт бүрдүүлж өгсөн, эсхүл зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр уг мөнгийг авсан гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул А.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 4 320 227 төгрөгт ногдох улсын тэмдэгийн хураамжид 84 050 төгрөгийг төлсөн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 710 820 төгрөг болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 050 төгрөгөөс 42 323 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 41 727 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж А.Гт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар Г.Д, Г.О нараас 1 710 820 /нэг сая долоон зуун арван мянга найман зуун хорин/ төгрөг гаргуулахыг хүссэн А.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 050 төгрөгөөс 42 323 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 41 727 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж А.Гт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН