Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/03454

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 13-р байрны 3-р орцны 0 тоотод байрлах, Г-08, Галын дөл 13,14 СӨХ-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 13-р байрны 23 тоотод оршин суух, эмэгтэй, РД-РЭ73060364, Харяад овогт Санжхүүгийн Лхагвасүрэнд холбогдох,

232 750 төгрөгийг тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Сосор, хариуцагч С.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2017 оны 8-12 сарууд, 2018 оны 4-9 саруудын зардалд 232 570 төгрөгийг гаргуулахаар шаардсныг шүүх хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус СӨХ-нд харьяалагддаг 13-р байрны 23 тоотод оршин суугч С.Лхагвасүрэн нь СӨХ-ны төлбөрөө удаа дараа төлдөггүй, шаардлага тавихад биелүүлдэггүй, сүүлийн 10 жил шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байж төлбөрөө төлдөг. Бидний ажлыг хүндэтгэдэггүй, байнгын энэхүү шатлалаар төлбөрөө төлөх ёстой юм шиг асуудалд хандаж ирсэн. Үүнээс өмнөх хугацааны СӨХ-ны төлбөрийг мөн адил ийм байдлаар төлж ирсэн.

С.Лхагвасүрэн нь 2017 оны 1-7 сарын зардлыг шүүхийн шийдвэрээр төлсөн. 2018 оны 1-3 саруудын төлбөрийг төлсөн. Одоо 2017 оны 8 сараас 12 сар хүртэлх төлбөрт 104 350 төгрөг, 2018 оны 4 сараас 9 сар хүртлэх хугацааны төлбөрт 125 220 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд С.Лхагвасүрэнгээс 2017 оны 8 сараас 12 саруудын төлбөрт 104 350 төгрөг, 2018 оны 4 сараас 9 сарыг дуустлах хугацааны төлбөрт 125 220 төгрөг, нотариатын зардалд 3000 төгрөг, нийт 232 570 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Галын дөл 13,14 СӨХ нь 2018 оны 4 сард 2017 оны өрийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, үүнийг нь зөвшөөрсөн хариу тайлбар өгч байсан нь үнэн. 2018-04-26 өдөр 17 000 төгрөг, 2018-04-27 өдөр 200 000 төгрөг, 2018-04-28 өдөр 100 000 төгрөгийг миний эзэмшдэг, Хаан банк болон Төрийн банкны данснуудаас татаж авч, 2017 оны өр дуусгавар болсон гэж бодож байна. 2018 оны 4 сарын дундуур 1 давхрын лифтнээс ачаа, бараа зөөж байхад хайрцагтай гар утас алдаж, камер шүүлгэх болж, СӨХ-нд хандахад татгалзаж, сүүлдээ Цагдаагийн байгууллагад хандаад ч шүүлгэж чадаагүй. Би алдсан гар утасны төлбөрийг өөрөө төлсөн. Мөн манай орцны дулаалга, цэвэрлэгээ хангалтгүй талаар хэлэхээр тоодоггүй. Оршин суугчдаас засвар, үйлчилгээний зардал байнга авдаг мөртлөө, санал гомдлыг хүлээн авдаггүй. Зан харилцаа муутай.Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

           ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Галын дөл 13, 14 СӨХ нь Баянгол дүүргийн 8-р хороо, 13, 14 байруудыг хариуцагч ажилладаг байх бөгөөд хариуцагчаас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2017 оны 8-12 саруудын, 2018 оны 4-9 саруудын зардалд 229570 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахаар бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 3000 төгрөгийн хамт гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нь 13-р байрны 23 тоот орон сууцыг өмчилдөг байх тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлөх үүрэгтэй.

Хариуцагч С.Лхагвасүрэн нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зардлаас 2017 оны 8-12 саруудад төлөх 104350 төгрөгийг төлсөн тухай тайлбар гаргаж, нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байгаа байх боловч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтнй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас 2017 оны 8-12 сарууд, 2018 оны 4-9 саруудын зардалд 229570 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчээс 3000 төгрөгийн зардал гарсан тогтоогдож байх тул үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол болох нотариатын үйлчилгээний хөлс 3000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 7627 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 7627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.