Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 179

 

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00179

 

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02950 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АШУҮИС,

Хариуцагч: АШУҮИС харьяа ДУА АШУСд тус тус  холбогдох,

 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд авах, ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай” Б/10 тоот тушаалын Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, АШУИС-ийн Дархан Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” 09 тоот тушаалын Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, АШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 81 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баднайсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Мягмарсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б- нь 2006 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын тушаалын дагуу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тэнхимийн биеийн тамирын багшаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Ийнхүү зохих журмаар ажлаа хийж байтал 2015 оны 03 дугаар сарын эхээр ажилчдын түр гэрээт ажилтнаар ажиллуулна, байнгын гэрээт ажилтны гэрээгээр ажиллуулахгүй гэх Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын Б/10 тоот тушаал гарсан ба надад уг тушаалыг танилцуулаагүй.

Ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал 2015 оны 10 дугаар сард АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирал өөрчлөгдөж, түр орлон гүйцэтгэгчээр өөр хүн томилогдсон бөгөөд сургуулийн захиргаанаас “таныг түр хугацаагаар халж байна. Сургуулийн захирал албан ёсоор томилогдож жинхлэгдэхээр таныг ажилд эгүүлэн авна” гэж мэдэгдсэн. Мөн ийнхүү намайг халахдаа ажлаас чөлөөлсөн тушаалыг албан ёсоор гардуулаагүй бөгөөд нийгмийн даатгалын дэвтрийг минь өгөхдөө тухайн ажлаас чөлөөлсөн тушаалын талаар бичилт хийгээгүй, ажлыг хүлээлцээгүй болно.

2017 оны 06 дугаар сард захирал нь жинхлэгдэж, Б.Баясгаланмөнх нь тус сургуулийн захирлаар томилогдсон ба 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр түүнтэй очиж уулзахад “таныг ажилд авах боломжгүй” гэж мэдэгдсэн бөгөөд ийнхүү мэдэгдсэний дагуу ажлаас халж, чөлөөлж, түр ажилд томилсон гэх бүхий л тушаалыг албан ёсоор гардаж авсан.

Иймд Н.Б-ыг намайг ажлаас халсан гэх Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд авах, ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай” Б/10 тоот тушаалын Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, АШУИС-ийн Дархан Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” 09 тоот тушаалын Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, АШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 81 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтан Н.Б- нь анх 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээг АШУҮИС болон АШУҮИСургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуультай байгуулан биеийн тамирын багшаар ажиллаж эхэлсэн.

Ажилтан Н.Б- нь хөдөлмөрийн гэрээний дагуу өөрийн хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа багшийн ёс зүйн болон сахилгын зөрчлийг удаа дараа гаргадаг байсан бөгөөд захирлын зөвлөлийн хурлаар түүнд холбогдох асуудлыг хэлэлцүүлэн түүнд сануулах арга хэмжээг удаа дараа авч байсан байдаг. Гэсэн хэдий ч өөрийн гаргасан алдаагаа засахгүй дахин зөрчил гаргасаар байсан тул арга буюу захирлын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 24, 25-ны өдрийн хуралдаанаар түүнтэй холбоотой сахилгын зөрчил удаа дараа гаргаж байгаа үйлдлийг авч хэлэлцэн шийдвэрлэж, түүнийг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ажилд авах, ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай Б/10 тоот тушаалаар биеийн тамирын багшийн ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байдаг.

Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирлын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18 тоот хурлын тэмдэглэлээр Н.Б- нь дээрх үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн талаар огтхон ч маргаагүй бөгөөд харин ч дахин ажилд орох өргөдлийг сургуулийн захиргаанд гаргаж байсан, энэ өргөдлийг хүлээж авах эсэхийг тухайн өдрийн хурлаар хэлэлцэж, ажилд буцаж орох өргөдлийг хүлээн аваагүй байдаг. Энэ нь ажилтан ажлаас чөлөөлсөн тушаалын талаар ямар нэгэн маргаангүй байсан гэдгийг нотолж байгаа юм.

Харин Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 тоот ажилд түр томилох тухай тушаалаар түүнийг гэрээт багшаар ажиллуулах талаар тушаал гарч гэрээт багшаар ажиллаж байсан боловч Үндэсний аудитын газрын харьяа Дархан-Уул аймгийн аудитын газраас 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 01/71 тоот Ажлаас халуулах тухай албан шаардлага ирсэн байдаг.

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана... гэж заасан байх ба нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан АШУҮИС, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуульд холбогдох Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаар Ажилд авах, ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай тушаалын Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ДарханУул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн өдрийн 09 дүгээр тушаалын Ажилд түр томилох тухай тушаалын Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 81 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн тэнхимийн биеийн тамирын багш албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай Н.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Н.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Ажил олгогч нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Н.Б-ыг ажлаас халсан гэх "огноо, cap, өдрүүдийн хувьд зөрүүтэй" үндсэн болон салбар сургуулиудын тушаалыг бүгдийг нь нэг өдөр гардаж авсан бөгөөд хариуцагчийн зүгээс ажилтанд албан ёсоор ажлаас халсан тушаалыг нь хүлээлгэн өгөөгүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй өнөөдрийг хүрсэн болно. Түүнийг "ажилд удахгүй буцаан авна" гэж хэлээд тушаалуудыг нь гардуулалгүй. ажиллуулж байсан бөгөөд энэ нь хариуцагчаас гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдоно.

Хариуцагчийн зүгээс нийгмийн даатгалын дэвтэрт өнөөдрийг болтол ямар ч бичилт хийгдээгүй бөгөөд ажлаас халсан гэх АШУҮИС-ийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаар тушаал дээр Н.Б-ыг ямар үндэслэлээр халсан тухай агуулга, хуулийн заалт болон ажил хүлээлцэх өдөр зэрэг байхгүй.

Гэтэл энэ тушаалаа хариуцагч 2014 оны 12 дугаар сарын 24, 25-ны өдрүүдийн "сахилгын шийтгэлээр ажлаас чөлөөлсүгэй" гэх хурлын тэмдэглэлийг үндэслэж, шийдвэрлэсэн гэх атлаа тушаалаа 2 cap, 5 хоногийн дараа гаргасан болно

Хэрэгт авагдсан “тушаалын хүснэгт” гэх баримт дээр Н.Б-ыг АШУИС-ын Дархан АУС-ын захирлын "2015 оны 10 дугаар сарын 28-ны тушаалыг 2015 оны 10 сарын 30-ны өдөр гардуулсан" гэх мөртлөө, 2015 оны 10 дугаар сарын 30-ны тухайн өдөр Н.Б-ыг дуудахад "би хол явж байна, очих боломжгүй" гэх тэмдэглэл үйлдэгдээд байгаа юм. Ийнхүү нэг өдрөөр огноолсон 2 өөр утга бүхий баримт хавтаст хэрэгт байгаа нь хариуцагч нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн энэ бүхий л баримтыг өөрсдөө дараа нь үйлдсэн болох нь харагдаж байна. Тэгэхээр ажил хүлээлцэх өдрийг дүгнэхдээ анхан шатны шүүх хэт нэг талыг барьж дүгнэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулинд ажил олгогчийн шийдвэрийг "хүлээн авсан" өдрөөс хойш гэж тодорхой заасан болохоос "мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно" гэж хуульчлаагүй.

Анхан шатны шүүх нь ямар баримт нотлогоог үндэслээд нэхэмжлэгчийг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр болон 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд дээрх огноогоор гарсан тушаалуудыг тухайн өдрүүдэд нь мэдсэн гэдгийг тогтоогоод нэг сарын хугацааг тоолох ёстой гэж тайлбарлаад байгаа нь тодорхойгүй.

Ажлаас халсан тухай шийдвэрээ гардаж аваагүй, ажил олгогч нь гардуулахгүй байхад ажилтныг мэдсэн гэж үзээд хөөн хэлэлцэх хугацааг тоолдог бол ажил олгогч нар ажлаас халсан ажилтанууддаа тушаалаа гардуулалгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгадаг. Тушаалын огноо, cap, өдрүүд нь зөрүүтэй, нэгнийх нь тушаалын дугаар байхгүй, нэгнийх нь тушаалын дугаар өөр байхад анхан шатны шүүх нь ийм баримтыг үнэлж, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тушаалуудыг бүгдийг нь гардаж авсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон.

Нэхэмжлэгчийг ажлаас халаагүй байхдаа салбар сургуулийн захирал нь АШУҮИС-ийн дүрмийн 3.3.3, дотоод журмын 8.6 дахь заалтыг зөрчиж, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаараа ажлаас нь халж, тухайн тушаалаараа түр ажилтнаар томилсоны дараагийн өдөр 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ямар ч үндэслэлгүйгээр түүнийг ажлаас нь дахин халсан бөгөөд дахин 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр салбар сургуулийн захирал нь дүрэм болон дотоод журмаа зөрчиж 3 дахь удаагаа халсан шийдвэрийг гаргасан бөгөөд энэ бүх тушаалаа гардуулалгүй, нийгмийн даатгалын дэвтэр дээр аль ч тушаалаа бичиж, тэмдэглэл хийгээгүй байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн.

2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар Н.Б- нартай холбоотой ажилд томилох тухай өргөдлийг хянан хэлэлцсэн байх бөгөөд тус хуралд өөрийн биеэр оролцож хүсэл зоригоо илэрхийлж байсан болох нь нотлогдож байна, иймд ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудыг мэдсэн, 2015 оны 12 дугаар сард тус сургуульд ажилд орох хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй" гэж илт нэг талыг барьж дүгнэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч АШУҮИС, АШУҮИС харьяа ДУА АШУСд тус тус холбогдуулан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд авах, ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай” Б/10 тоот тушаалын Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, АШУИС-ийн Дархан Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” 09 тоот тушаалын Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, АШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 81 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Н.Б- нь 2006 оноос АШУҮИСд багшаар ажиллаж байгаад 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан, биеийн тамирын багшаар томилогдон ажиллаж байсан байна.

 

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажил олгогч түр хугацаагаар халсан ба сургуулийн захирал жинхлэгдэхээр ажилд эгүүлэн авна гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ажил олгогчтой уулзахад ажилд авах боломжгүй гэж мэдэгдсэн гэж тайлбарласныг хариуцагч талаас гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 тоот тушаалаар Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн биеийн тамирын багш албан тушаалаас чөлөөлж, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Ажилд түр томилох тухай 09 тоот тушаалаар 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээт багшаар томилж, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 81 тоот тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон цуцалжээ.

 

Анхан шатны шүүх биеийн тамирын багш Н.Б-ын ажлыг хүлээлцсэн тэмдэглэл, тушаалын хүснэгт зэрэг баримтуудыг үнэлж, ажил хүлээлцсэн сүүлийн өдрийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тодорхойлж, эрх зөрчигдсөн асуудлаар гомдол хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Учир тушаалын хүснэгт гэх баримтад бичигдсэн тушаалын огноо, сар, өдөр зөрүүтэйгээс гадна, тухайн үед Н.Б-тай хамт ажлаас чөлөөлөгдсөн У.Өлзийбаярт 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тушаалуудыг гардуулсан байгаа нь нэхэмжлэгч Н.Б-т 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гардуулсан гэж үзэхэд эргэлзээтэй. Түүнчлэн нь биеийн тамирын багш Н.Б-ын ажлыг хүлээлцсэн тухай тэмдэглэлийг хариуцагч тал үйлдсэн баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар уг баримтыг нэг тал үйлдсэн тул үнэн зөв эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байна.

 

Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

Харин АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн захирлын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд Н.Б- нь ажил орох өргөдлөө ажил олгогчид гаргасан ба түүний өргөдлийг уг хурлаар авч хэлэлцсэн үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгч нь ажлаас халагдсан гэдгээ уг өдөр мэдсэн гэж дүгнэх тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар уг хугацаанаас эхлэн 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах байжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт “энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуульд тусгайлан заасан хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаарх үндэслэл бүхий хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хөөн хэлэлцэх хугацааг өөрийн санаачлагаар сэргээн хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхий шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахад төлсөн 75 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Н.Б-т буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                               

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

 

                                                                                                     Э.ЗОЛЗАЯА