Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 833

 

2019            8             15                                             2019/ДШМ/833

 

Б.Э, Т.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Д.Б даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Мажигсүрэн, Н.Түвшинбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч Х.Д,

хохирогч Х.Еын өмгөөлөгч Б.О,

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Я.Б, Ш.Г, Ж.Т,

шүүгдэгч Т.Л, түүний өмгөөлөгч Ж.Б, Т.У,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/537 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э, Т.Л, шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.У, Ж.Б, Ж.Т, Я.Б, Ш.Г, хохирогч Ц.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Э, Т.Л нарт холбогдох эрүүгийн 1809045770923 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Б.Э, 1973 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Эко Пирамид” ХХК болон “МД констракшн” ХХК-д захирлаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт _..................... тоотод оршин суух бүртгэлтэй,

Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 7 дугаар сарын 2-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: ........................./,

Б овгийн  Т.Л, 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Оюу толгой” ХХК-ийн Оюут 2 төслийн “Ти Си инженеринг” ХХК-д цахилгаанчнаар, “ITBS” ХХК цахилгааны компанид цахилгаанчнаар тус тус ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/,

1. Т.Л нь Б.Этай бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-105 тоот хашааны гадна талд 04-96 УБР улсын дугаартай, “Toyota Land cruiser Prado 95” загварын автомашиныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Бэлх 114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Б, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Б нарыг шалгахад хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Д.Быг автомашинаас зүүгдэн явахыг мэдсээр байж Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Өвөр согоотын эцсийн буудлын засмал зам дээр унагааж хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алсан,

2. Б.Э нь Т.Лтай бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-105 тоот хашааны гадна талд 04-96 УБР улсын дугаартай, “Toyota Land cruiser Prado 95” загварын автомашиныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Бэлх 114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Б, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Б нарыг шалгахад хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Д.Быг автомашинаас зүүгдэн явахыг мэдсээр байж Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Өвөр согоотын эцсийн буудлын засмал зам дээр унагааж хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алсан,

2. Б.Э нь 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ганцаараа

- 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Б.Б, А.Х, В.Б нар нь Б.Этай тендерийн ажилд хамтран оролцох гэж “Бридж Вүүд” ХХК-ийн дансанд тендерийн баталгаа гэж 21.474 ам.долларыг байршуулсаныг Б.Б, А.Х нарт мэдэгдэхгүйгээр В.Бөөс би өөр зүйлд зарцуулна, Б.Б бид 2 сайн найзууд гэх мэтээр төөрөгдүүлэн залилан авч нийт 36.140.742 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Э нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгийн орчим барилга барина, хөнгөлөлттэй үнээр байр өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Ц.Аийн 13.200.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,

- 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 81 айлын орон сууцны байрны захиалга авах талаар иргэн Д.М, Л.О нараас санал болгосноор Д.Моос 51.3 м.кв 2 өрөө байрны урьдчилгаа төлбөрт 20.000.000 төгрөгийг, Л.Ооос 49 м.кв 2 өрөө байрны урьдчилгаа төлбөрт 8.000.000 төгрөгийг тус тус авч байрны гэрээ байгуулах зэргээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж нийт 28.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд М.Сид Цагдаагийн академийн хажууд баригдах барилга барьж байгаа орон сууцнаас өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцал бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны дансаар нийт 30.500.000 төгрөгийг нь шилжүүлэн авч хохирол учруулан залилсан,

- 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ техникийн зах дээр иргэн З.Саас “Toyota Prius”  загварын 2 ширхэг, “Toyota Harrier” загварын автомашин 1 ширхэгийг зээлээр авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж мөнгийг нь өгөлгүй залилан 38.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэн В.Соос алт олборлож зараад олсон ашгаас нь буцааж өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 100.000.000 төгрөгийг нь эхнэр Ж.Нийнхээ ХААН банкны 5039123591 дугаартай дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан,

- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Гийн эзэмшлийн “Монгол менежмент” ХХК-д үерийн далангийн тендерийн ажлыг авч өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 16.550.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,

- Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мах импекс” ХХК-д хамтарч мах бэлтгэн нийлүүлнэ гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглан Д.Аоос 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 25.228.000 төгрөгийг нь дансаар шилжүүлэн залилан авч хохирол учруулсан,

- Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мах импекс” ХХК-руу малын мах нийлүүлж өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж иргэн Х.Эаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд бэлтгэсэн махыг нь авч тушаагаад мөнгийг нь өгөлгүй нийт 81.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ри-Фен” ХХК-д 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр иргэн Б.Еын мэдлийн 22.270 кг махыг зарж өгөх явцдаа бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж тушаасан махны үнийг нь өөрийн дансруугаа шилжүүлэн авч нийт 88.807.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 9 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн хичээлийн байрны гадна Д.Шийн өмчлөлийн 04-96 УБР улсын дугаартай “Toyota Land cruiser Prado 95” загварын автомашиныг нь нүүрсний машин авахдаа урьдчилгаа 30.000.000 төгрөгөнд бодоод өгчихье, чамд удаахгүй машины үнэ болох 15.000.000 төгрөгийг чинь өгье гэж төөрөгдүүлэн залилан авч тус тус урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлэн залилан авч, нийт 472.425.742 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Т.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Э, Т.Л нарыг бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд 13 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 15 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 15 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 20 жилийн хорих ял, Т.Лд оногдуулсан 13 жилийн хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 307 хоног, шүүгдэгч Т.Лгийн урьдчилан цагдан хоригдсон 231 хоногийг тус тус тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Лгаас 84.006.820 төгрөгийг, шүүгдэгч Б.Эаас 84.006.820 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт, шүүгдэгч Б.Эаас 6.050.385 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт, 30.090.357 төгрөгийг гаргуулж хохирогч А.Хд, 25.600.000 төгрөг гаргуулж хохирогч М.Сид, 36.000.000 төгрөг гаргуулж З.Ст, 60.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч В.Сд, 16.550.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Гэд, 24.228.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Аод, 88.807.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Еад, 15.000.000 төгрөг гаргуулж Д.Шт тус тус олгож, хохирогч Ц.Аэд учруулсан 13.000.000 төгрөг, Д.Мд учруулсан 20.000.000 төгрөг, Л.Оод учруулсан 8.000.000 төгрөг, Х.Эад учруулсан 81.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Э нөхөн төлсөн, эдгээр хохирогч нар нь шүүгдэгч Б.Эаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтуудад зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Пагамын шүүгдэгч тус бүрээс сэтгэл санааны хохирол тус бүр 50.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аээс шүүгдэгч нараас хүүхэд тус бүрээ насанд хүртэл нь тэжээн тэтгүүлэх болон сэтгэл санааны хохиролд 500.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А нь амь хохирогчийн авч байсан цалин болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг шүүгдэгч нараас нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 04-96 УБР улсын дугаартай “Toyota Land cruiser 95” загварын тээврийн хэрэгсэл, уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын нөхөн төлбөр төлөгчийн гэрчилгээний хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шилжүүлж, шүүгдэгч Б.Э, Т.Л нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийг хянасан прокурор, мөрдөгч нар нь хэргийн үнэн зөвийг тогтоох, хэрэг гарсан нөхцөл байдлыг шалгаагүй хэт нэг талыг барьж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Цагдаагийн албан хаагч зогсоож шалгаж байгаа машин руу ална, хядна гэж дайрч, танхайрсан Б.Б, П.Б, Х.Е нарыг огт шалгаагүй, П.Б хэргийн газарт байсан. Мөргүүлж, шүргүүлсэн “Toyota Prius 20” загварын автомашин, цагдаагийн алаг машин зэргийг бүгдийг нь хөдөлгөж, хэргийн бодит байдлыг тогтоох нөхцөл байдал болон өөрсдийн гэмт үйлдлийг арилгах зорилгоор дээрх машинуудыг холдуулсан. Шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “... цагдаагийн алаг тэргийг холдуул гэж цагдаагийн хүн үүрэг өгсөн тэгээд холдуулсан ...” гэж хэлсэн. Гэтэл ахмад Д.Б нь манай цагдаагийн албан хаагч холдуулсан гэж худал хэлж байна. Д.Б нь анхны мэдүүлэгтээ “... талийгаач, ахлах ахлагч Д.Б нь замын голд нүүр, амнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би нүүр амыг нь нойтон сальфеткаар арчсан. Ёооё гэж зовиурлаж байсан. Огт хөдөлгөөгүй, 103 руу утасдаад түргэний тэрэг 10-15 минутын дараа ирээд авч явсан ...” гэдэг. 2019 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд болсон шүүх хуралдаан дээр “... замын боржурнаас 20-30 см зайд, ёооё гэх зэргээр орилж, их өвдөөд байна гээд дөрвөн хөллөөд сууж, доошоо харчихаад толгой өвдөөд байна” гэж хэлсэн. Мөн Д.Б нь Т.Лг зогсоож шалгасан гэдэг боловч өөр хүн шалгасныг би баттай хэлнэ. Машин зогсоож шалгасан нөхцөл байдлаа буруу худлаа яриад байна. Гэрч Ж.М нь анх мэдүүлэхдээ цагдаагийн албан хаагч их өндөрт шидэгдээд замын эсрэг талын газар унасан гэж мэдүүлсэн. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд болсон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Toyota Prado 95” загварын, 04-96 УБР дугаартай автомашинаас 50 метр зайд элдэж явсан цагдааг унахад өнгөрч явсан машины толинд харахад 20-30 метр зайтай унасан. Зам дээр унах үедээ эгц хойш 2 удаа толгойгоороо газар савж унасан гэж хэлсэн. Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд 50 метр зайд явсан машины ард цагдаа унаад, агаарт тогтож байсан машин 100 км/цагийн хурдтай явсан машин толиндоо хэрхэн хараад байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Талийгаач замын голд унахад өөрсдөө мөргөчихөөд худал яриад байна. Хөөж явах үед бичлэг хийж байгаад цагдаа унах үед бичлэг байхгүй, тэгээд унаснаас хойш бичлэг хийсэн байгаа. Цагдаа элдэж явсан автомашинд явсан ахлагч Д.А урьд нь “... цагдаа зүүгдсэн машин нь огцом, огцом тормослож, хоёр тийшээ займчиж байгаад унагахыг нь сайн хараагүй, ойролцоогоор 100 км/цагаас дээш хурдтай явсан байх ...” гэж хэлсэн. Огцом тормос гишгэсэн, займчсан зүйл бичлэгээс харагдаагүй. Шүүх хуралдаан дээр хэлэхдээ “... цагдаагийн албан хаагчийг машинаас яаж унасныг сайн харж амжаагүй, цагдаа засмал зам дээр унасан” гэж хэлсэн. Б, Б нар нь хар өнгийн “Toyota Prius 30” загварын автомашин ирж зогссон гэж мэдүүлдэг. Гэтэл машин шалгаж байсан гэх ахмад Б нь үнсэн саарал өнгийн “Toyota Prius 30” загварын автомашинтай ирсэн гэж хэлдэг. Өдрийн цагаар машины өнгө ялгахгүй байгаа болон зөрүүтэй мэдүүлэг өгч худлаа яриад байгаа нь ямар учиртай болохыг шүүх анхаарч үзээгүй. Шүүх хуралдааны үед гэрч нарыг гаргаад нэг нэгээр нь оруулж ирж асуусан ба цагдаагийн албан хаагч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нь шүүх хуралдааны танхимд бичлэг хийж гадаа байгаа гэрч нарт ярьсан үгийг нь дамжуулж байсан ба шүүгч утсаа унтраа, утас ашиглаж болохгүй гэж хэлсэн ба энэ үгийг нь оролцогч нар тоогоогүй. Ахлах прокурор Л.Мажигсүрэн нь шүүх хуралдааны өмнө болон хойно гэрч нартай уулзаж, үг зааж өгч мэдүүлгийг нь өөрчлөх талаар ярьж байсныг миний өмгөөлөгч Ж.Т, Ш.Г болон ар гэрийнхэн маань харсан. Үүнээс болж шүүх хуралдаан дээр гэрч нар бүгд худал ярьж, өмнөх мэдүүлгээсээ буцсан. 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр прокурор Л.Мажигсүрэн “Б.Э 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хэрэг гарахад Е-ыг хэргийн газар байсан гэдэг, гэтэл ь тэнд байгаагүй, өөр газар явсан” гэж өмнөөс нь өмгөөлж ярьсан. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Л.Мажигсүрэн нь хэргээ мэдэхгүй, цагдаагийн алаг тэргээр хөөгөөд, дуут дохио өгөөд, чанга яригчаар яриад, дараагийн поструугаа мэдээллээд, цагдаа нар ирээд гээд худал яриад байсныг шүүгч зогсоосон. Миний гаргасан хүсэлтийг прокурор Л.Мажигсүрэн, Н.Түвшинбаяр нар огт шалгаагүй, буцаасан. Мөн энэ хэрэгт холбогдсон шүүгдэгч миний төрсөн эгч Ц-ийн хүү Т.Лг хуулийн ямар ч мэдлэггүйг нь далимдуулан “чамд прокурорын зүгээс ял өгөхгүй гэж байгаа, чи юу ч ярьсан ахдаа дарамтлуулж, хүний эрхшээлд автуулж хэрэг үйлдсэн бол ялгүй гарна” гэх зэргээр мөрдөгч хошууч Н.Энх-Амгалан, прокурор Н.Түвшинбаяр нар хэлсэн байдаг. Үүнийг шүүхийн хэлэлцүүлэгт Т.Л “Түвшинбаяр прокурор та надад ял өгөхгүй гэсэн биз дээ” гэж хэлсэн. Ингэж дүү Т.Лд хөндлөнгөөс нөлөөлж өөрийн эрх зүйн байдлыг нь дордуулж, миний эсрэг буруу ташаа мэдээлэл өгүүлэн миний эсрэг болгон ашиглаж, хууль бус үйлдлийг нуун дарж, хүн амьны хэрэгт ял тулгасан. Энэ хэргийн ард хүн мөргөж амь насыг нь хохироосон цагдаагийн албан хаагч нар ял завшиж гэм буруугүй үлдэж байгаад харамсаж байна. Энэ хэргийн үнэн зөвийг тогтоох хүртэл бүх шатны хуулийн байгууллагад хандах ба шоронд ял эдлээд амьд гарвал үнэн зөвийг заавал олж тогтоох болно. Хэзээ нэгэн цагт үнэн ялж шударга шүүх байна гэдэгт итгэж байна. Иймд миний гаргасан гомдлыг шүүгч нар үнэн шударга хэлэлцэж буруутай хүмүүст зохих хуулийн хариуцлага хүлээлгэж хэргийг дахин шалгах боломж олгоно уу. Анхан шатны шүүх хуралдаанд эцсийн үг хэлэх боломж олгоогүй.

2019 оны 537 дугаартай тогтоолоор Б.Бт 6.050.385 төгрөг, А.Хд 25.600.000 төгрөгийн хохирол гаргасан байна. Энэ 2 хүнд би ямар ч өргүй ба “Бридж вүүд” ХХК-ийн дансанд байсан, захирал В.Б нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын орлогч, санхүүгийн хэлтсийн дарга С.Бт 2013 оны 9 дүгээр сард тендерийн авлигын мөнгө болгон ах “Смарт моторс” ХХК-ийн захирал В.Б нь “Land cruiser 200” загварын автомашин өгсөн боловч ажил нь бүтээгүй тул машинаа буцааж авсан. Б, Х нарын мөнгийг өгчихөөд аваагүй, Б үүнийгээ над руу чихэж байна. Энэ хэрэгт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр яллагдагчаар татагдаж байсан ба одоо ч хэвээр байгаа. Түүнийг хохирогч болгосон нь хууль зөрчсөн. Мөн М.Соос 2014 оны 7 дугаар сард 30.500.000 төгрөг авсан. Үүнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч Отгонням шалгаад ийм хохирол төлсөн нь худлаа байна гэдгийг тогтоож, 9.000.000 төгрөгийн тооцоо байсныг нь би өгч, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг бас үндэслэлгүй хохирол гэж үзэж байна. Мөн С-д 60.000.000 төгрөгийн хохирол гарсан байна. Энэ мөнгийг би ах В.Б-д өгснийг 2 гэрч гэрчилнэ. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд шалгаагүй, шууд тулгасан. В.Б-тэй холбогдолтой хэргүүдийг бүгдийг хэрэгсэхгүй болгосон атлаа адилхан хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг нь бичсэн байна. Миний залилангийн хэргүүдэд В.Б бүгдэд нь холбоотой. В.Б, А.Х нар нь Б.Эаас мөнгөө нэхэхгүй, В.Б-ийн “Бридж Вүүд” ХХК-ийн дансанд хийсэн, Б-өөс л авна, нэхэмжилнэ гээд шүүхийн хэлэлцүүлэгт хэлсээр байхад надад ингэж тохож байгаад гайхаж байна. Ц.Гэд 16.550.000 төгрөг өгнө гэсэн хохирол гарсан байна. Г гэдэг хүнтэй би нэгч уулзаж байгаагүй ба танихгүй. Голд нь зуулчилсан Б.Ц гэдэг хүнээс би 16.000.000 төгрөг авсан ба 12.000.000 төгрөгийг нь өгсөн. Үүнийг Ц шүүх хуралдаан дээр буцааж авсан мөнгө байгаа, 2.000.000, 5.000.000, 3.000.000 төгрөгөөр өгсөн. Мөн Г.Э гэдэг хүнтэй би ямар ч махны наймаа хийгээгүй ба өглөг авлага байхгүй. Үүнийг шүүх хуралдаан дээр Г.Э хэлэхдээ “би Энх-Амгалангаас 800.000.000 төгрөгийн мах авсан нь үнэн. Энэ залууг Г.Э танилцуулаад бид хоёрын 1 кг мах тутамаас 100 төгрөг авдаг байсан ба сүүлийн 81.000.000 төгрөг Энх-Амгаланд өгөх ёстой мөнгө орж ирэлгүй, 8 хоногийн дараа орж ирсэн ба би үүнийг Энх-Амгаланд өгсөн ба энэ хооронд Г.Э Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл өгсөн ба намайг хэлэхэд “чи Энх-Амгалангийн мөнгийг өгсөн юм байна. Би өргөдлөө авсан гэж хэлж байсан бөгөөд энэ хохирол төлсөн гэж миний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болж байна. Г.Эад ямар ч хамаагүй мөнгө миний өгөх ёстой хохирол З.Ст 36.000.000 төгрөг, Б.А 10.000.000 төгрөг, Еад 88.000.0000 төгрөг өгөх нь үнэн. Нийслэлийн байр олголтын ажилтан Д.Ш бол өөрөө надаас авлига авч, нүүрсний гэрээ хийлгэж, авлига авах яриатай машинаа өгсөн ба үүнийг нь би шалгуулах хүсэлтэй байна. Нүүрсний гэрээ нь байгаа. 1 тонн тутамд 2 юань авах, 2018 оны 6 дугаар сард надаар “Land cruiser 200” загварын автомашин авахуулах тохироотой байсан. Гэтэл намайг залилсан гэж худал гүтгэж байна. Би Нийслэлийн барилга хариусан инженер Жүгмэд гэдэг хүнээс барилгын дүгнэлт гаргуулахаар яриад авч өгөөч гэж миний танил надаас гуйсан. Шийтэрт би хэлэхэд надаас 20.000.000 төгрөг нэхэмжилсэн ба Жүгмэд хэлсэн гэсэн. Би 20.000.000 төгрөг их байна, 10.000.000 төгрөг өгье гээд 8.000.000 төгрөг өгч байсан ба тэр ажлыг нь бүтээгээгүй, энэ нь бас гэрчтэй. Ийм хууль бус үйлдэл хийдэг төрийн хүн байсаар байтал энэ асуудлуудыг огт шалгаагүй, намайг үндэслэлгүй тулгаж, ялгаварлан гадуурхаж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын орлогч, санхүүгийн хэлтсийн дарга С.Б, Баттөр нарын авлига нь 2013 оноос 2016 оны хооронд “Зос трейд” ХХК-ийн захирал Энхтуяагаас 150.000.000 төгрөг, Эрдэнэтийн барилгын компанитай Гансүхээс 160.000.000 төгрөг, Б.Э надаас 200.000.000 төгрөг, “Смарт моторс” ХХК-ийн захирал В.Буянтогтохоос “Land cruiser 200” загварын автомашин, иргэн Оюунаас 5.000.000 төгрөг зэргийг дандаа тендерийн ажил авч өгнө гэж авсан. Үүнийг би мөрдөгч Н.Энх-Амгалан, прокурор Н.Түвшинбаяр нарт удаа дараа хэлсэн ба “шүүхдээ хэл, шүүх мэднэ, би мэдэхгүй” гэж хэлээд шалгаагүй ба миний эсрэг юмыг үнэн ч бай худал ч бай маш сайн шалгадаг. Энэ талаар шүүх дээр эцсийн үгээрээ хэлэх гэж бодож байсан боловч надаар эцсийн үг хэлүүлээгүй. Иймд дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.Этай бүлэглээгүй, санаатай үйлдэл хийгээгүй. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би Б.Эыг Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байгааг мэдээгүй. Надад цагдаагийн хууль ёсны шаадлагыг эсэргүүцсэн зүйл байхгүй. Би зогсож бичиг баримтаа шалгуулсан бөгөөд надад цагдаагаас зугтах шалтгаан байхгүй. Цагдаа надад хандаж өөр шаардлага тавиагүй. Намайг Б.Эын албадлага, эрхшээлд орсон талаар мөрдөн шалгах ажиллагаанд тогтоож өгөөгүй. Би гэрчүүдийн худал зөрүүтэй мэдүүлгийг дахин шалгуулж, хэргийн бодит байдлыг газар дээр нь туршиж шалгуулж энэ нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг хүсч байна. Гэрч Б.Б, П.Б нар нь тухайн өдөр манай хашааны үүдэнд ирж, хашааны завсараар харахдаа хар өнгийн, дөрвөлжин, “Toyota crown” загварын автомашинтай байсан. Гэтэл миний ухарч мөргөсөн 51-30 улсын дугаартай, хар өнгийн “Toyota Prius 30” загварын автомашинтай явсан гэж мэдүүлсэн. Мөн Б.Эын мэдүүлэгт “... машинтай зургаагаас долоон залуусыг нуух гэж худал мэдүүлсэн байна. Мөн уулнаас бууж ирэхэд цэнхэр машинтай эмгэн, өвгөн хоёрт мөнгө өгч гэрч Маналжавынд очиход зам дээр дөрвөлжин, хар “Toyota crown” загварын автомашинтай залуус отож байсан. Цагдаа, гэрч нар бүгд худал зөрүүтэй мэдүүлэг өгч амь хохирогчийг бусад автомашинд шахаж унагах гээд байсан гэж мэдүүлдэг боловч гар утсаар хийгдсэн бичлэгт энэ нь бүрэн үгүйсгэгддэг. Харин гар утасны бичлэгээс арын машин хурдтайгаар дуут дохио, сигнал өгөлгүйгээр тулгаж хөөж байгаад амь хохирогчийг унаснаас хойш цааш даргадаа хэлсэн нотлогддог. Зам тээвийн ослын үзлэг хийсэн тэмдэглэлд зам дээр гарсан тормосны мөр, гар утасны бичлэг зэргийг үндэслэн миний хурдыг нарийвчлалтай бүрэн тодорхойлох боломжтой тул хурдыг үнэн зөв тогтоолгох хүсэлтэй байна. Би зам тээврийн осол гаргахгүйн тулд зарим нүх, хурд сааруулагч зэрэгт хурдаа сааруулж байсан. Амь хохирогчийг унахаас өмнө 10 км/цагийн хурд хүрэхгүй бага хурдтай явж байсан. Амь хохирогч надад хандаж ямар нэгэн шаардлага тавиагүй, надтай огт харилцаагүй. Дамбын эцсийн гэрлэн дохиотой уулзвар дээр би зогссон. Учир нь машинууд ар араасаа зогссон байдаг. Яг энэ уулзварт замын камер байдаг. Тухайн камерийн бичлэг дутуу авагдсан. Надад ашигтай бичлэгүүдийг шалгаж өгөөгүй. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаагч Н.Энх-Амгалан, прокурор Н.Түвшинбаяр нар намайг юу гэж ярьсан ч яллахгүй, ах Б.Э чинь гэмт хэрэг үйлдэж байгааг ойлгож мэдээгүй чамайг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн байна гэж хэлж байсан. Гэтэл надад 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний араас бэлэн асаалттай хөдөлгөөнт эргүүлийн алаг машин байхад энэ машинаар яагаад хөгөөгүй энгийн машинаар хөөсөн бэ гэдгийг шалгаж өгөөгүй. Би энэ хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоолгож, дээрх зүйлүүдийг шалгуулж өөрт тохирсон шийтгэлийг шударгаар авахыг хүсч байна. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүгдэгч Б.Э нь “Монгол менежмент” ХХК-д үерийн далангийн, тендерийн ажлыг авч өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Ц.Гээс 16.550.000 төгрөгийг залилан авсан гэж шийтгэх тогтоолын 24 дүгээр хуудсанд дурджээ. Гэтэл би 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр манай компанитай туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан, өөрөө брагидтай ажил хийдэг Б.Ц нь надтай уулзаад та үерийн далангийн тендерт орсон юм байна энийг тань би бүтээгээд өгье, ажлын хөлсөнд 27.000.000 төгрөг өгөөч гэсэн тул ажил хэргийн хувьд бидний хооронд бий болсон итгэл дараа нь тус ажлыг хийхэд манай брагид гүйцэтгэж өгнө гэсэн үгэнд нь итгэж өөрийн ХААН банкны данснаас дээрх мөнгийг түүнд шилжүүлсэн. Ингээд тус тендерт шалгараагүй тул Б.Цгээс мөнгөө нэхэхэд Б.Э гэх хүнд өгсөн, тэр хүнээс мөнгийг чинь аваад өгье гэх мэтээр элдэв шалтаг хэлж хойшлуулаад байсан тул Б.Цд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан.

Мөрдөн байцаалтын үед Б.Э гэдэг хүний талаар тодруулан асуусан ба уг хүнийг танихгүй бөгөөд Б.Цд хоорондын харилцааны явцад бий болсон итгэлээр дээрх мөнгийг өгсөн тул Б.Цд гомдолтой байна. Дээрх мөнгийг түүнээс нэхэмжилж байгаа талаараа мөрдөн байцаалтын шатанд тайлбар мэдүүлэг өгч байсан тул Б.Цд холбогдох хэрэгт хохирогч болж байна гэж ойлгосон. Мөн мөрдөн байцаалтын шатанд түүнээс хохирлын мөнгөний тодорхой хэсгийг хүлээн авч байсан.

Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас дээрх гомдлыг хүлээн авч шалгасан ч гомдлын талаар 2 жил гаруй хугацаанд тодорхой мэдээлэл өгөөгүй тул Б.Цд холбогдох гомдлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон гэж ойлгож түүний оршин суугаа газрын хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гарган түүний авсан 27.000.000 төгрөгөөс түүний өгсөн мөнгийг хасаж 14.055.000 төгрөгийг нэхэмжилж шүүхээс иргэний хэрэг үүсгэж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явагдаж байна.

Гэтэл дээрх шийтгэх тогтоолоор Б.Ц нь гэрч, би хохирогч болж, Б.Э нь Ц.Гтэй хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж бичсэн нь бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна. Би анхнаасаа Б.Цд гомдолтой талаараа мэдүүлж түүнээс хохирлын мөнгөний тодорхой хэсгийг авч байсан. Харин Б.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс Б.Ц нь Б.Эыг таньдаг, дээрх ажлаас ашиг сонирхол олох сонирхолтой байсан төдийгүй Б.Ц болон Б.Э нарын хооронд танилын харилцааны явцад бий болсон итгэл, түүнийг урвуулан ашигласан бодит байдлыг нуун дарагдуулсан байдал үүссэн гэж үзэж байна.

Иймд би өөрийгөө Б.Цгийн хохирогч гэж үзэж байгаа тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/537 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хуулийн дагуу холбогдох этгээдээс өөрийн хохирлыг нэхэмжлэх эрхийг нээж, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Лгийн өмгөөлөгч Т.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан цагаатгах нотлох баримтуудыг огт үнэлээгүй, шүүх цагаатгах баримтуудыг ямар баримтаар няцаан үгүйсгэсэн тухайгаа тогтоолдоо дурдаагүй, тухайн өдрийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдсоор байхад хэргийг прокурорт буцаах, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Шүүгдэгч Т.Лгийн өмгөөлөгч би хэргийг прокурорт буцаах хэд хэдэн үндэслэл байсныг шүүхэд өөрийн хүсэлтээр уламжилсан юм. Үүнд:

- 04-96 УБР улсын дугаартай Т.Лгийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн араас дагаад байсан гэх “Subaru Forester” загварын машин хэдэн зорчигчтой байсан,

- Алба хаагч нар хувийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр үүрэг гүйцэтгэж байсан талаарх баримт хэрэгт огт байхгүй байсан тул энэ асуудлыг шалгуулах,

- “Subaru Forester” загварын тээврийн хэрэгсэл амь хохирогчийг зам дээр унахад нь мөргөсөн байж болох тухай шүүгдэгч Б.Э, гэрч Э мэдүүлдэг тул уг тээврийн хэрэгслийн урд хэсэгт ямар нэгэн гэмтэл учирсан эсэх, тухайн тээврийн хэрэгсэлд ослын улмаас ямар нэгэн ул, мөр үлдсэн эсэх дээр үзлэг хийлгэх, энэ тээврийн хэрэгсэл хэний эзэмшлийнх болохыг шалгуулах,

- “Subaru Forester” загварын автомашин нөгөө машиныг хөөж, унасан амь хохирогчийн хажуугаар нь явж өнгөрөхдөө амь хохирогчийн биеийн аль хэсгээр зорчих хэсгийн аль эгнээгээр явж өнгөрсөн болохыг тогтоолгох,

- Амь хохирогчийг “Subaru Forester” загварын тээврийн хэрэгсэл дайрсан уу, шүргэсэн үү, мөргөсөн үү, гэдгийг илтгэх хуудаст бичигдсэн асуугдаагүй гэрчүүдээс асуух,

- “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь хэрэгт яагаад нотлох баримтаар авагдаагүй зэргийг шалгуулах,

- Гэрчүүд Т.Лгийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг 50, 60, 80, 100, 120 км/цаг гэж янз бүрээр мэдүүлсэн байх тул шүүх Т.Лгийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг эдгээр гэрчүүдийн мэдүүлгийн алийг нь үнэн, зөв гэж үзээд ял халдаах боломжгүй тул хурдыг шинжээчийн дүгнэлт гаргуулан тодорхойлуулъя,

- Гэрч М эргэлт дээр машин бөгсөө шидэхэд амь хохирогч шидэгдсэн гэж мэдүүлсэн тул ийм нөхцөлд, амь хохирогч шидэгдэх, хэрэв шидэгдэх боломжтой тохиолдолд амь хохирогч эсрэг урсгал руу орж шидэгдэх боломжтой эсэхийг шинжээч томилж нягтлуулах,

- Яллах дүгнэлтээр болон шүүхээс Т.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо амь хохирогчийг ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алсан гэж зүйлчлэлийг хүндрүүлсэн. Гэтэл амь хохирогчийг Цагдаа жолоочийн ажлын байранд авсан гэх ажилд авсан тушаал, цагдаа жолоочийн ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй байдаг. Зүйлчлэлийг хүндрүүлж байгаа үйлдлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, дуудлагаар очсон жолооч баримт бичиг шалгахад ямар эрх үүрэгтэй байдаг, зугтсан этгээдийг саатуулахад ямар оролцоотой болох нь тодорхойгүй, ойлгомжгүй байдаг тул эдгээрийг зохих эрхийн актаар нотолж тодруулснаар зүйлчлэл зөв эсэх асуудал эцэслэн яригдах боломжтой байсан гэж үзэж эдгээр баримтуудыг гаргуулах,

- Хэргийг шалгахдаа камертай байсан газруудын бичлэгийг дутуу хуулбарлаж бүрэн биш авсан байх тул амь хохирогчийг унахад “Subaru Forester” загварын тээврийн хэрэгсэл дайрч, шүргэж, мөргөсөн, чирсэнтэй холбоотой бичлэг үлдсэн гэх сэжиг төрж байгаа тул камерийн бичлэгүүдийг бүрэн гүйцэд тухайн газруудаас авахуулах, түүнчлэн алба хаагч нар бүгд энгэрийн камертай байсан, ажиллаж байсан, мөрдөгчид өгсөн гэдэг тул энгэрийн камерийн бичлэгт яагаад үзлэг хийгээгүй болохыг шалгуулах,

- Зам хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд зам, замын хөдөлгөөн, зам тээврийн осол, замын хөдөлгөөнд оролцогч, замын хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэгт юуг ойлгохыг тусгайлан хуульчилсан байдаг тул амь хохирогч зам тээврийн ослын улмаас амь хохирсон уу гэдгийг тоггоолгох зорилгоор жолооч Т.Л тухайн үед Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг зөрчсөн болохыг шинжээчийн дүгнэлт гаргуулснаар тогтоолгох,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Т.Лгийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн гадна эд ангид үүссэн эвдрэл, гэмтлийг үндэслэн тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн биш байсан гээд зориулалтын багажгүй тул тормосны хүч, идэвхижилтийг шалгах боломжгүй гэжээ. Криминалистикийн шинжээч ямар нэгэн гэмт хэргийн улмаас үүссэн байж болох ул мөрийг шинжлэх нь элбэг бөгөөд харин тээврийн хэрэгслийн явах эд анги нь бүрэн бүтэн эсэхийг шинжлэх боломжгүй байдаг тул мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж суурилуулсан авто оношлогооны төвд хандан Т.Лгийн жолоодож явсан 04-96 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн эсэх дээр дүгнэлт гаргуулах,

- Цагдаагийн Ерөнхий Газар энэ хэрэгт Иргэний нэхэмжлэгч мөн эсэх нь эргэлзээтэй байгаа. Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр амь хохирогчийн ар гэрт төрөөс олгогдсон оршуулгын зардал 1.000.000 төгрөг, 120 сарын нөхөн олговор 75.757.640 төгрөг, нийт 168.013.640 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилсэн,

- Зугтах үйлдэл хийж төв зам руу гарахдаа жолооч Т.Л нь айлын хашааг шүргэж гэмтээсэн гэдэг тул яагаад энэ асуудлыг хэргийн газрын үзлэгээр, гэрэл зургаар бэхжүүлээгүй вэ, хашаагаа эвдүүлсэн гэх өмчлөгч нар гомдол гаргаагүй гэх хэдий ч тэдгээрээс гэрчийн мэдүүлэг аваагүй шалтгааныг тодруулах,

- 14 дүгээр хавтасанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй бичгийн нотлох баримтууд маш их байх тул шүүх нотлох баримтаар тооцохгүй байх саналыг гаргасан, шүүх энэ хүсэлтийг шийдвэрлээгүй, харин ч эдгээр шаардлага хангахгүй баримтуудыг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон байна.

- Чирэгдэх, мөргөгдөх, шүргэгдэх, зүүгдэх, унах бүгд ялгаатай. Аль машинд чирэгдэхдээ тархины гэмтэл авсан бэ, амь хохирогчид тархины гэмтлээс гадна өөр бусад шарх, сорви, зулгаралт, няцралт, цус хуралт гэсэн гэмтлүүд байсан нь хэзээ, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг шалгуулах,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-д тус тус заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтоогоогүй байх тул хэргийг прокурорт буцааж өгөөч гэсэн хүсэлт гаргаад хэрэв шүүхээс хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй гэж үзэх тохиолдолд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж Т.Лд холбогдох хэргийн зүйлчлэлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргээр хөнгөрүүлэн зөвтгөөч гэдэг санал гаргахад анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э, Т.Л нар нь цагдаагийн алба хаагчийг өөрсдийн машинаас зүүгдэн явахыг мэдсэн, зогсох боломжтой байсан хэдий ч зогсолгүй, хурдалж, амь насанд нь аюултай нөхцөл байдлуудыг зориудаар үүсгэн, нэгдэж хийсэн шууд санаа зорилготой үйлдлийн улмаас цагдаагийн алба хаагчийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн учраас өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн нь бодит үнэнд нийцэхгүй дүгнэлт юм.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, дутуу ажиллагааг нөхөж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Лгийн өмгөөлөгч Ж.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Т.Л нь хэрэг учрал болдог өдөр Б.Эыг эрэн сурвалжлагдаж байгаа гэдгийг мэдээгүй байдаг. Хэдийгээр Б.Эыг урьд нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа гэдгийг мэдэж байсан боловч Б.Э нь намайг эрэн сурвалжпахаа больсон гэж хэлсэн, мөн тэднийг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-181 тоот хаягт байхад цагдаагийн албан хаагч ирж шалгаад явсан зэрэг нөхцөл байдлуудаас болоод Б.Эыг эрэн сурвалжлахаа больсон юм гэдэг итгэл төрсөн гэж Т.Лгийн шүүхийн шатанд хэлсэн тайлбар зэргээр тогтоогддог. Гэтэл түүнийг ямар үндэслэлээр ийнхүү эрэн сурвалжлагдаж байгааг мэдсээр байж хэмээн шүүх дүгнэсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл түүнийг энэ талаар мэдэж байсан гэх нотлох баримт байхгүй.

Түүнчлэн цагдаагийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтахдаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Т.Л нь 04-96 УБР улсын дугаартай, “Toyota Land cruiser Prado 90” загварын машиныг жолоодож явахдаа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-105 тоот хашааны үүдэнд цагдаагийн албан хаагчийн шаардлага тавьсаны дагуу зогсож, бичиг баримтаа гарган өгч шалгуулсан үйлдэл нь шүүгдэгч, гэрч нарын тайлбараар тогтоогддог. Энэ бүхэн нь түүнийг цагдаагийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаасан гэх үндэслэлийг үгүйсгэж байхад шүүх ийнхүү дүгнэснийг ойлгохгүй байна.

Амь хохирогч Д.Быг тухайн автомашинаас зүүгдэн явахыг мэдсээр байж санаатайгаар 6 орчим км газарт 100-аас дээш км/цагийн хурдтайгаар зорчин явсан гэж дүгнэсэн явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр гэрчүүд тухайн машины явж байсан хурдны талаар янз бүрийн зөрүүтэй мэдүүлэг өгдөг боловч хавтаст хэргийн материалд авагдсан гэрчүүдийн гар утасны камераар хийсэн бичлэгээс харахад амь хохирогчийг машинаас зүүгдэж явахад 100 км/цаг хүрэхгүй хурдтай явж байгаа нь харагдана. Мөн тухайн бичлэгээс цагдаагийн алба хаагчийг эсрэг урсгалд зорчиж байгаа тээврийн хэрэгсэлд шахах, баруун зүүн тийш автомашиныг дарж займчуулах, огцом тормослох зэргээр амь биед нь аюултай нөхцөл байдлыг үүсгэж байгаа байдал нотлогддоггүй, энэ талаар өгсөн гэрчүүдийн мэдүүлэг үгүйсгэгдэж байхад анхан шатны шүүх мөн ийнхүү дүгнэсэн явдал нь тухайн хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталсан гэж үзэхээр байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны шатанд өмгөөлөгч миний бие хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалгах хүсэлтийг гаргаж байсан. Гэвч анхан шатны шүүхээс миний гаргасан хүсэлтийг хангалгүй хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэнд харамсаж байна.

Өмгөөлөгч миний зүгээс Т.Л, Б.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг агуулаагүй харин автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх Б.Э, Т.Л нарын үйлдлийг шууд санаатай гэм буруутай үйлдлийн улмаас үйлдэгдсэн гэж дүгнэсэн байна. Шүүгдэгч нар хэдийгээр автомашинд цагдаагийн албан хаагч зүүгдсэн гэдгийг мэдсэн боловч түүнийг алах шууд санаа зорилго байгаагүй байхад ийнхүү хүсэж үйлдсэн гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн энэхүү гэмт хэрэг нь санамсар болгоомжгүй, авто зам дээр үйлдэгдсэн зэрэг байдал нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Зам тээврийн осол’’ гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэснээр тодорхойлогдож байна. Түүнчлэн тэдний автотээврийн хэрэгслээр зугтаж байгаа үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн зарим заалтыг зөрчсөн зэрэг ийнхүү дүгнэхэд хүргэж байна.

Дээрх нөхцөл байдлуудаас харахад анхан шатны шүүх Т.Лг Б.Этай бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж санаатай алсан гэж шийдвэрлэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн бодит нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлогдвол зохих байдлуудыг тогтоогоогүй, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн зэрэг байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн байна.

Тиймээс шийтгэх тогтоолийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Ж.Таас өмгөөлөгч Я.Б, Ш.Г нартай хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Эын өмгөөлөгч нарын хувьд хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийлгүүлэх хүсэлт, гомдлыг удаа дараа гаргаж байсан, хэргийг шүүхэд шилжүүлэхэд урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан болон анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаан дээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх санал гаргаж байсан байр сууриндаа хэвээр байгаа болно. Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад нэг талыг барьсан шийтгэх тогтоол гаргасан, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн доорхи асуудлуудаар гомдолтой байна. Үүнд:

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЗ/868 дугаартай захирамж, 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2019/ШТ/39 дугаартай шүүхийн тогтоол, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШД/43 дугаартай шүүхийн тогтоолуудаар нэр бүхий гэрч, хохирогч нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг.

Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсээр байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэрч Б.Б, Сорогдааны Болдбаатар, Сономдагвын Болдбаатар, хохирогчийг унаж байх үеийг харсан гэх гэрч Эрдэнэбаяр нарыг шүүхэд албадан ирүүлэх хүсэлтийг хүлээж авалгүй хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, мэтгэлцэх боломж олгоогүйд гомдолтой байна.

Хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Шээс бусад хохирогч нарт хэргийн материал танилцуулаагүй, гомдол хүсэлт гаргах эрхийг нь эдлүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн байхад хэргийг нэг талыг барьж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тодруулбал, шүүх хуралд оролцсон хохирогч В.С, А.Х, З.С, Б.Б нар нь шүүхээс дуудахад ирсэн, цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллага дээр дуудаагүй, хэргийн материал танилцуулаагүй, В.Б, С.Б гэх хүмүүст итгэж мөнгө өгсөн Б.Эыг таньдаггүй байсан дээрх хүмүүст гомдолтой, гомдол хүсэлт гаргах боломж бидэнд олгоогүй гэж мэдүүлсээр байхад анхан шатны шүүхээс энэ асуудлаар оролцогчийн эрх ашгийг хязгаарласан эсэх, нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах эсэх талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.

Б.Эт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2707 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан хүчин төгөлдөр шүүгчийн захирамж хэрэгт байдаг.

Уг захирамжинд дээр дурдсан хохирогч нарын итгэж өгсөн гэх В.Б, С.Бын дүү С.Ч нарт холбогдох хэргийг буюу зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолыг танилцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн захирамжинд прокурор эсэргүүцэл бичээгүй.

Б.Эт холбогдох хэргүүд нэгтгэгдсэн талаар хэргийн оролцогчдод танилцуулаагүй, шүүх хуралд оролцсон хохирогч нарын эрхийг зориуд зөрчсөн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, хэрэгт хамтран оролцсон хүмүүст ял завшуулж үндэслэлгүйгээр шалгахаас зайлсхийсэнд гомдолтой. Энэ асуудлаар шүүхээс нотолсон, үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй болохыг анхаарна уу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.25 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн хэлэх эцсийн үгийг цагаар хязгаарлаж болохгүй гэж хуульчилсан байхад Б.Эыг гэм буруугийн хурал дээр өөрийн бэлдсэн үгээ хэлэх явцад даргалагч шүүгчээс таслан зогсоон хязгаарласан үйлдэл хийсэн мөн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр шүүгдэгч Б.Эаар шүүгдэгчийн эцсийн үгийг огт хэлүүлээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил юм.

Анхан шатны шүүх нь хохирогч нарын мэдүүлэг, гомдол санал хүсэлтэнд үндэслэл бүхиий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж гомдолтой байна. Үүнд:

Хохирогч З.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 42.500.000 төгрөгөөс 2.000.000 төгрөг авсан, 40.500.000 төгрөг үлдсэн. Улсын яллагч 36.000.000 төгрөгийн хохирол гэж яллах дүгнэлтэд оруулаад байгааг ойлгохгүй байна. Үнэлгээтэй танилцуулаагүй. Миний нэр дээр 0435 дугаартай авто машин одоо хүртэл замын хөдөлгөөнд оролцож торгууль нь миний нэр дээр ирсээр байгаа. Энэ талаар шалгуулахаар хүсэлт гаргасныг хүлээж авдаггүй гэсэн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Мөн би Б.Эыг огт танихгүй, Сорогдооны Болдбаатарт л итгэсэн. Энэ хүнийг шалгуулна гэж өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж байсан. Одоо ч гэсэн энэ хүнийг шалгуулмаар байна гэсэн мэдүүлэгт нь анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

Хохирогч Х , Б нар нь “Бридж-вүүд” ХХК түүнийг төлөөлж буй В.Бд итгэж мөнгө гаргасан В.Б нь Б.Эт өгсөн гэж ярьдаг, сүүлд нь хамт явж В.Бийн дансыг шалгахад мөнгөө авсан байсан гэх мэдүүлгийг Б.Э авсан мэтээр мэдүүлэгт хэсэгчлэн дүгнэлт хийсэн байна.

Хохирогч В.С нь Б.Эыг огт танихгүй ах В.Бдөө итгэж мөнгө өгсөн гэсэн мэдүүлгээс үүдэлтэй В.Б, Б.Э нарын санаа зорилго хийсэн үйлдлүүдийг нарийвчлан шалгаж эрүү, иргэний хэргийн аль нь болохыг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна.

Хохирогч Д.Шийг машинаа хууль бус бичиг баримтаар бусдад өгч өмчлөх эрхийг шилжүүлсэн гэмт хэргийн хохирогч гэж үзсэн болбол түүнд мөнгө гаргуулж өгөх биш биет байдлаар автомашиныг нь өгөх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Прокурор, шүүхээс хохирогчоор Ц.Г гэх хүнийг тогтоож шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон гэрч Б.Цгийн мэдүүлгээр “Монгол менежмент” ХХК нь Ц.Г, Б.Ц нараар зуучлуулж тэр хүмүүс нь голоос нь мөнгө авч тендер авах нэрээр Б.Эт мөнгө өгсөн гэж ойлгогдохоор байх тул жинхэнэ хохирогч нь хэн бэ, Б.Цгийн “Ц.Г ах бид 2 мөнгө авсан” гэх мэдүүлгээс үүдэж хохирлын тооцоо ч ойлгомжгүй болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл энэ хэрэгт хохирогчоор “Монгол менежмент” ХХК ба түүнийг төлөөлж буй хүн байх ёстой...

Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг ойлгоогүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх хуульд заасан шаардлага зөрчигдсөн, хаанаас яаж хуулбарласан нь тодорхойгүй, эх хувь биш, нотариатаар гэрчлүүлээгүй баримтад шүүх үнэлэлт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй учир дутагдалтай, хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлээд шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч нараас хэргийг дутуу шалгасан, хохирлыг буруу тооцсон тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх санал гаргасан бөгөөд уг санал хүсэлтийг ямар нотлох баримтаар няцаалт хийсэн, нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлага байхгүй гэдгээ юугаар баталсан, өгсөн нотлох баримтуудыг хэрхэн дүгнэсэн нь шийтгэх тогтоолоос харагдахгүй байна.

Түүнчлэн өмгөөлөгч нараас шүүхэд оруулсан санал хүсэлтүүдийн талаар огт дүгнэлт хийгээгүй зүйлүүд ч байна. Тодруулбал:

Шүүгдэгч Т.Л, Б.Э нарыг хөөж явахад цагдаа нартай цуг явсан хэрэгт холбогдон саатуулагдсан хэдий ч Т.Л, Б.Эыг огт танихгүй, хамаарал байхгүй болсон асуудлыг хөндлөнгийн байр сууринаас гэрчлэх Пүрэвийн Эрдэнэ гэх хүнийг нэмэлт ажиллагаагаар байцаалгах хүсэлтэд шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Улсын яллагч Н.Түвшинбаяр 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт П.Э гэж хүн байдаг залилах гэмт хэрэг үйлдээд шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн талаар тайлбар хийж байсан. Энэ хүн бол хэргийн талаар хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг цагдаагийн алба хаагч нарын асуудалд хэрхэн хандсаныг гэрчлэх гол гэрч юм.

Энэ хэрэгт холбогдолтой хэд хэдэн авто машин яригддаг. Т.Л 82-62 дугаартай машин хөөсөн гэх, гэрч Б 30-60 УБТ улсын дугаартай, хар өнгийн, “Toyota crown” загварын машин байдаг гэх, гэрч А эрэн сурвалжлагдаж буй 11-15 УБУ “Toyota Prius 20” загварын автомашин, гэрч Булганаа 13-14 УНО улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын машин хөөж явсан гэх, 04- 96 УБР улсын дугаартай “Land cruiser Prada-95” загварын автомашины мөрөөр хурд тодорхойлох, гэрч А 82-04 УНВ улсын дугаартай, хар өнгийн “Subaru”, гэрч Булганаа 82-04 УБИ улсын дугаартай машинтай явсан гэсэн мэдүүлгүүдээс үндэслэж хөөж явсан “Subaru” машин, хар өнгийн “Toyota crown” загварын автомашинуудад эвдрэл гэмтэл байгаа эсэх, эрэн сурвалжлагдаж байсан гэх 2 ширхэг “Toyota Prius” автомашиныг хөөж шалгаж байсан эсэх, тухайн үед хэрэг гарах газрын ойролцоо дээрхи машинууд явж байсан эсэх, эрэн сурвалжлагдаж байсан нь үнэн эсэхийг шалгаж тодруулах ажиллагаа хийлгүүлэх хүсэлтэд үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

04-96 УБР улсын дугаартай, “Land cruiser Prada-95” загварын автомашиныг хохирогч Д.Шийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн өгсөн нотариатчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулах хүсэлтэд дүгнэлт хийгээгүй.

Гэрчүүд албаны энгэрийн камер ашигласан талаар шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А мэдүүлэхдээ 30 гаруй минутын энгэрийн камерийн бичлэг байгаа, үүнийгээ цагдаад өгсөн гэх боловч хавтаст хэрэгт энэхүү бичлэг байхгүй. Тийм учраас хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг нуун дарагдуулж байж болзошгүй хэргийг нотлоход ач холбогдол бүхий бичлэгийг хэрэгт авахуулах хүсэлтийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой.

Шинжээч эмч Номинцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ “... 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр багцын шинжилгээ хийсэн, 15-ны өдөр томографик оношлогооны дагуу эмийн эмчилгээ хийсэн, эрчимт эмчилгээ хийсэн, мэс засал хийх заалтгүй байсан байна, ...маргааш нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийж мэс засал хийх шийдвэр гаргасан, ...давтан томографикаар цусан хураа нэмэгдсэнээр мэс засал хийгдсэн байна гэж мэдүүлсэн. Амь аврагдах боломж байсан уу гэх өмгөөлөгчийн асуултанд амь аврагдах боломж муутай гэж хариулсанаас биш огт амь аврагдах боломжгүй гэж хариулаагүй ...”

Хохирогч эмнэлэгт очсон үед яаралтай заалтын дагуу хагалгаанд орсон бол амь аврагдах боломжтой байсан байж болзошгүй байна.

Маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 16-нд хагалгаанд орох үед эмч нарын зүгээс амь хохирогчийн эхнэрт нь 5% магадлалтай гэж хэлж байж, харин анагаах ухааны үүднээс итгэлцүүрээр авч үзвэл 0.05% байхад эрчимт эмчилгээ зөв хийвэл амь аврагдах боломжийн талаар шүүхэд танилцуулсан хэргийн зүйлчлэлд ч нөлөөлж болох энэ асуудлаар шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Шүүхэд өгсөн гэрч нарын мэдүүлэг нь урьд мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгснөөсөө илт зөрүүтэй байсныг шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна. Жишээ дурдвал, гэрч Мөнхтулга шүүхийн шатанд мэдүүлэхдээ өмнө нь огт ярьж байгаагүй зүйл болох ...хохирогч эгц хойшоогоо толгойгоороо 2 удаа газар савж унасан, машины дотроос нь савхин куртканы зах гарч ирсэн, машин дотроос 2-3 удаа гар гарч ирсэн, 100-200м яваад унасан гэх илт Б.Эыг яллах мэдүүлгийг зориуд өгсөн, энэ мэдүүлэг өгөх үйл явцад шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшлох үед улсын яллагч Л.Мажигсүрэн гэрч болон хохирогч нартай биечлэн уулзаж мэдүүлгийг зааж байсан, гэрч, хохирогч нарын шүүхэд ирэх ирэхгүй талаар бие даан судалгаа хийж үүнийгээ шүүхэд танилцуулж байсан зэргээс дүгнэж үзэхэд хэргийг шийдвэрлэхэд хөндлөнгөөс ихээхэн нөлөөлсөн гэж үзэж гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/537 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Я.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тайлбаргүй. Тэгшмандал өмгөөлөгчтэй ижил байр суурьтай оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Ш.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тайлбаргүй. Тэгшмандал өмгөөлөгчтэй ижил байр суурьтай оролцож байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Маш их гомдолтой байна. Би шүүх хуралдааныг дахин дахин хийхийг хүсэхгүй байна. Иймд хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аийн өмгөөлөгч Х.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өнөөдрийн шүүх хуралдаанаас харахад Б.Э, Т.Л нар гэм буруугаа ойлгосон зүйл харагдсангүй. Б.Э нь маш олон хүнийг хохироож залилангийн гэмт хэрэг хийж явах үедээ Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай албанаас өгсөн тусгай үүрэг гүйцэтгэж байсан хүний амь насыг хохироосон. Т.Лгийн хувьд тухайн үед үнэхээр Б.Эаас айж байсан бол цагдаагийн ажилтан ирж бичиг баримт шалгах үед буугаад учир байдлаа хэлж иргэний үүргээ биелүүлсэн бол хохирогч нас барахгүй байсан. Шүүгдэгч нар залилангийн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн. Хавтас хэргийн 177 дугаар хуудсанд гэрч Батсүх “... 130 км/ц хурдтай араас нь хөөж байхад баригдахгүй байсан...” гэж мэдүүлсэн байдаг. Дээрх нөхцөл байдлаас харахад Б.Э, Т.Л нар дээрх гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн. Цагдаагийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж явж байх үедээ амь нас нь эрсдсэн бол 10 жилийн цалинтай тэнцэх хэмжээний халамж, тэтгэмж олгоно гэсэн заалт байдаг. Цагдаагийн Ерөнхий Газар шүүгдэгч нарын өмнөөс талийгаачийн ар гэрт гэм хорын барагдуулсан. Харин шүүгдэгч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг барагдуулсан зүйл байхгүй. Мөн хохирогчийн ар гэрээс уучлалт гуйгаагүй. Улсын  Дээд Шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны 15 тоот тогтоолд автын хэрэгт гарсан хохирол төлбөрийг авто тээврийн хэрэгтээ хамт шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Иргэний хуулийн 498, 499, 506, 507 дугаар зүйлүүдэд зааснаар талийгаачийн оршуулгын зардал болон талийгаачийн авч байсан цалинг гаргуулахаар заасан байдаг. Бид нарын зүгээс шүүгдэгч нарт оногдуулсан ялыг бага гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагаас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчийн ар гэрт өгсөн. Үүний дагуу Цагдаагийн Ерөнхий газар шүүгдэгч нарын өмнөөс төлсөн мөнгөө шүүгдэгч нараас нэхэмжлэх нь зөв. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 34 дүгээр хуудсанд шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийг дутуу шалгасан, хохирлыг буруу тооцсон тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр санал гаргасан. Энэ нь хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг буруу гэж үзэх үндэслэл байхгүй. Шүүгдэгч Т.Лгийн өмгөөлөгч нарын зүгээс цагдаагийн алба хаагч М.Булганаа, Мөнхтулга нарын гар утасны камерийн бичлэгт мөрдөгчид үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч нарыг оролцуулаагүй хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж байгаа хэдий ч мөрдөн байцаалтын шатанд эдгээр гэрчүүдээс хураан авсан гар утсан дээрх камерийн бичлэгүүд нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг шууд хамааралтай. Нотолгоо ач холбогдол бүхий бичлэгүүд байх тул энэхүү хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогч Х.Еын өмгөөлөгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/537 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  дурдсан  хохирогч Х.Еын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 510, 511 дүгээр зүйлүүдэд зааснаар барагдуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Еыг хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо энэ талаар дурдсан. Гэмт хэрэг гарах үед Х.Еыг хэргийн газарт байсан гэж Б.Э мэдүүлсэн. Гэвч Болдбаяр, Батзориг нарын өгсөн мэдүүлгүүдээр тухайн өдөр  Болдбаяр, Батзориг нар хамт Т.Лгийн гэрийн гадаа байгаа машинд дээр очиж, цагдаад дуудлага өгч, цагдаагийн ажилтан нар ирж шалгасан. Батзориг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр ирж гэрчийн мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Батзоригоос миний үйлчлүүлэгч Х.Еыг тухайн үед байсан эсэх талаар асуух лавлаж асуух боломжтой байхад хэн ч асуугаагүй. Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүхээс үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрвээ хэргийг прокурорт буцаахаар бол шүүгдэгч Б.Эын давж заалдах гомдолд дурдагдсан Х.Еыг тухайн өдөр байсан эсэхийг асуух боломж нээлттэй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хохирогч Х.Еын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэнтэй санал нэг байна. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн шалгасан хэрэгт би Улсын мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Отгонжаргал гэх хүн Цагдаагийн Ерөнхий Газрын захиргааны удирдлагын хэлтсийн Бат-Өлзий гэх хүнд ирүүлсэн албан бичгийн дагуу Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хавтас хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгтэй танилцах эрхтэй. Үүүний дагуу иргэний нэхэмжлэхтэй холбоотой хэсэгтээ танилцсан. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь нас нь эрсдсэн Д.Б агсанд Цагдаагийн Ерөнхий Газрын Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар бүхий л зардлыг Цагдаагийн Ерөнхий Газраас гаргасан. Цагдаагийн Ерөнхий Газраас гарсан баримтууд нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Цагдаагийн Ерөнхий Газар нь засгийн газрын харъяа Хууль зүй дотоод хэргийн яамны тохируулагч агентлаг гэсэн төрийн захиргааны байгууллагын бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Манай төсвөөс гарч байгаа мөнгө хэдий ч татвар төлөгч нараас өгч байгаа мөнгийг төсөвт гэм буруутай этгээдээс нь гаргуулж олгох ёстой. Цагдаагийн Ерөнхий Газрын төсвөөс талийгчид олгосон 168.013.640 төгрөгийг үнийн дүн зөрүүтэй, эсхүл олгоогүй гэж үзээд байгаа эсэх нь тодорхойгүй. Хууль дүрмийн дагуу талийгаачийн ар гэрт олгох байсан мөнгийг манай байгууллага нэхэмжилж байгаа. Хавтас хэрэгт авагдсан эдийн засагтай холбоотой баримтыг би өөрийн сайн дураар гаргаж өгөөгүй. Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч манай санхүү, аж ахуйн албанаас баримтыг авч хийсэн байх. Тухайн хэргийг шалгаж байгаа мөрдөгч бид нарын гаргаж өгсөн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг прокурорт шилжүүлж, прокурор яллах дүгнэлт үйлдсэн гэж ойлгож байна. Цагдаагийн байгууллага албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсдсэн албан хаагчийн ар гэрт тэтгэмжийг өгсөн. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Цагдаагийн Ерөнхий газрын дарга өөрөө байранд нь хадаг уяж өгч байгаа нь зурагтаар гарсан. Энэ нь нийтэд илэрхий болсон баримт учраас тухайн баримтыг хуулбар гэж ойлгож байгаад гайхаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх баримтыг хуулбар гэж үзэж байсан бол мөрдөгч болон прокурорт хүсэлтээ гаргаж баримтыг хуулбар үнэн даруулах эсхүл нотариатаар оруулах боломж байхад хэргийн оролцогч нараас хэн ч хүсэлт гаргаагүй. Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Агентлагын дарга өөрийн бүхэн эрхийн хүрээнд тушаал гаргана гэж заасан байдаг. Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэхтэй холбоотой хэсгийг зөв шийдсэн гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... П.Э гэгч нь 14 үйлдэлтэй залилангийн гэмт хэргээр шалгагдаж байсан. П.Э мөрдөн байцаалтын шатнаас өөрөө оргож 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сэжигтнээр баривчлагдаж, эрүүгийн хэрэг үүсэж, яллагдагчаар татагдаж, миний хяналт тавьж байсан хэрэгт нэгтгүүлэхээр Нийслэлийн прокурорын газраас харъяалал тогтоож ирүүлсэн. 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр П.Эд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээр хэлэлцэж шийтгэх тогтоол гарч 248 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Хэрэв П.Э шүүгдэгч Б.Э, Т.Л нарын араас хөөж байсан “Subaru” загварын машинд байсныг би мэдэж байсан бол хэзээ ч нэг камерт хорихгүй. П.Эд шүүгдэгч Б.Э үг зааж өгөх эсхүл гэрчээр худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан байх гэж үзэж байна. Б.Эын хувийн байдлын хувьд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөггүй. Т.Л нь мөрдөн байцаалтын шатанд 1 удаа өмгөөлөгчөө сольсон байдаг. Мөрдөн байцаалтын шатанд Т.Лгаас яллагдагчаар мэдүүлэх авах үед прокурорын зүгээс 2 удаа хяналт тавьж суусан. Энэ үед өмгөөлөгч нар хажууд байсан. Миний зүгээс Т.Лтай хэрэг наймаалцах, ял тохиролцох  талаар ярьж байгаагүй. 3 дахь уулзалтад яллах дүгнэлтийн хавсралтад зөрүү гарсан тул 2 хуудсыг сольж өгөхөөр очиж уулзсан. Тэр үед Т.Л намайг Б.Э гэх эрүүгийн төлөөлөгч дарамтласан. Мөн манай нагац ах Б.Э  уг хүнээр захиа зөөлгөөд гэж хэлж байсан. Үүнийг дагуу хүсэлтийг бичүүлж авсан. Хүсэлтийг авч Эрүүгийн цагдаагийн газрын дотоод хяналт шалгалтын албанд албан тоотоор явуулсан. Үүний дагуу холбогдох ажиллагааг явуулж эрүүгийн төлөөлөгч Б.Э нь Т.Лг дарамтласан үйлдэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Б.Эын захиаг зөөсөн нь тогтоогдлоо гэх хариу ирсэн. Шүүгдэгч Б.Э нь намайг болон Л.Мажигсүрэн прокурорыг Улсын Ерөнхий Прокурорын Дотоод хяналт, мөрдөн байцаах албаны тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтэст гомдол гаргасны дагуу шалгасан. Үүнтэй холбогдуулж Хан-Уул дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан. ...” гэв.

Прокурор Л.Мажигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр амь хохирогчийн унаж байгаа бичлэг байхгүй, харин цаашаа явж байгаа болон зүүгдэж байгаа бичлэгийн талаар гэрч  нараас  асуусан. Цагдаагийн ажилчид тухайн бичлэгийг энгэрийн камераараа бичсэн боловч багтааж нь дүүрсэн гэдгийг мэдээгүй байсан. Тэгээд утсаараа цааш нь бичээд явсан. Гэрч нарын зүгээс цагдаагийн ажилтан унасан талаар шуурхай алба руу мэдэгдээд цааш үйл баримтыг баримтжуулаад явсан. Дээрх баримтыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт 3 ширхэг сидиг хавсаргасан. Сиди бичлэгт тухайн хэргийн талаар маш тодорхой бичигдсэн. Үүнд анхан шатны шүүх дүгнэлтээ хийсэн. Хохирогч Ц.Г нь цагдаагийн байгууллагад анх гомдол гаргахдаа Цд залилуулсан гэж гомдол гаргасан. Ц.Г нь “Монгол менежмент” ХХК-ийн хүн биш, “Монгол менежмент” ХХК-ийг тендерт ялуулахын тулд Цд хандсан. “Монгол менежмент” ХХК-ийн захирлаас лавлаж асуухаар надаас мөнгө гараагүй гэдэг. Мөнгийг хэн аваачиж өгсөн талаар асуухаар Ц.Г өгсөн байдаг. Ц.Гийг өгсөн мөнгийг Ц Б.Э өгсөн. Ц Б.Э хоёр урд бие биенээ мэддэг байсан. Ц.Г Цгээс “Монгол менежмент” ХХК-ийг нөгөө хүндээ хэлээд ялуулаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь Ц та мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн. Ингээд Ц нь Ц.Гээс авсан мөнгөө Б.Эын данс руу шилжүүлсэн. Б.Эын дансанд 22.625.000 төгрөг тухайн өдөр шилжиж орсон. Б.Э нь тухайн мөнгийг Цд буцааж өгсөн гэдэг боловч үүнийг нотлох баримт байхгүй. Цгийн хувьд Ц.Гийг Б.Эт зуучилж өгсөн учир гэрчээр асуугдсан. Нийт хохирол болох 27.000.000 төгрөгөөс 22.625.000 төгрөгийг Б.Эт залилуулсанаа мэдээд араас нь хөөсөн. Ингээд 22.625.000 төгрөгөөс одоогийн байдлаар 5.000.000 төгрөгийг буцааж авсан. Гэтэл Н.Б.Эын зүгээс Цд мөнгийг өгсөн гэж хэлдэг боловч үүнийг нотолсон зүйл байхгүй. Гэрч нарын мэдүүлгээр “Subaru Forester” загварын автомашинд цагдаагийн 3 ажилтнаас өөр хүн байгаагүй талаар мэдүүлсэн. Тухайн хэрэг болох үед А, Булганаа нар Мөнхтулгын хувийн машинаар албан үүрэг гүйцэтгэж явж цагдаагийн албан хаагчийг хараад араас явсан нь хууль дүрмийг зөрчсөн зүйл байхгүй. Энэ нь цагдаагийн албаны тухай хуульд заагдсан нийтлэг чиг үүргээ хэрэгжүүлж байсан. 04-96 УБР улсын дугаартай машинд цагдаагийн албан хаагч зүүгдэж байгаад унах үед араас нь хөөж байсан цагдаагийн ажилчид өөрсдөө дайрсан гэж ярьж байна. Өмгөөлөгч Т.У ярихдаа ногоон өнгийн хантаазтай цагдаагийн албан хаагч маш өндөрт шидэгдэхийг би харсан. Тэгээд хоёр машины аль дээр унасан, дайрсан гэдгийг мэдэхгүй гэж хэлсэн. Гэтэл гэрчийн өгсөн мэдүүлэгт цагдаагийн албан хаагч шидэгдэхийг харсан. Цагдаагийн алба хаагч газарт унаагүй байхад тэр 2 машин маш хурдтай гүүр даваад явахад цагдаагийн алба хаагч газарт унасан гэж мэдүүлсэн. Энэ нь цагдаагийн алба хаагч газар унахдаа хойно явж байсан цагдаагийн ажилтан явж байсан машинд мөргүүлээгүй, дайруулаагүй болохыг гэрчилсэн. Цагдаагийн Ерөнхий газраас ирсэн баримтыг тухайн албаны даргын гарын үсэгтэй албан тоотоор ирүүлсэн учир нотлох баримтын хэмжээнд үнэлсэн. Анхан шатны шүүхээс дээрх баримтыг үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлтийн хувьд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас уршиг хор уршгийг урьдчилан мэдэж байгаа боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж бодсоны улмаас хор уршиг учирсан байхыг хэлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг шалгахад цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүйн тулд зугтаасан. Хэрэв цагдаагийн албан хаагч машинаас унавал гэмтэнэ гэдгийг мэдсээр дээрх үйлдлийг санаа үйлдсэн учир Эрүүгийн хуулийн тусай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарыг зүйлчилсэн. Анхан шатны шүүхээс мөн хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд Батзориг гэрчээр мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхдөө тухайн үед Б.Эыг ална гэж орилсон зүйл байхгүй. Хэргийн газар Болдбаатар болон цагдаагийн 2 албан хаагч мөн шүүгдэгч нар байсан гэж мэдүүлсэн байдаг. Т.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ цагдаагийн албан хаагч ирээд бичиг баримт шалгах үед Б.Э гэж хэн бэ гэх асуултад Б.Э ах “одоо л биш, одоо л биш” гэж хэлээд намайг машинаа хөдлөгө гэж хэлсэн. Цааш явах үед Б.Э ах намайг хэл амаар доромжилж байсан талаараа мэдүүлсэн. Тэгэхээр нь Т.Л тухайн үед байсан гэрч нараас айж зугтаасан асуудал байхгүй байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд 51-30 УНГ улсын дугаартай, “Toyota prius 30” загварын автомашин байсан гэдэг нь гэрэл зургийн аргаар бэхжүүлэгдсэн. Б.Эын зүгээс хохирогч Д.Шт 15.000.000 төгрөгийн хохирол учирсан учир Эрүүгийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд зааснаар их хэмжээний хохирол учраагүй учир нотариачийг эрүүгийн хариуцлагад татах үндэслэл байхгүй. Зөрчлийн хуулиар нотариатчид хариуцлага тооцох боломжгүй учир Нотариачийн танхимын Ерөнхийлөгчид гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар прокурорын мэдэгдэл бичиж тухайн нотариатчид хариуцлага тооцуулсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчийг оролцуулж талийгаачийн амь насны аврах боломжтой байсан эсэх талаар тодорхой хариултуудыг асуусан. Шинжээч эмчээс амь хохирогчийг аврах боломж 5 хувь байсан. Талийгаачид үүссэн гэмтэл нь тавилан муутай учраас амь аврагдах боломж бараг байдаггүй. Ихэвчлэн үхлээр төгсдөг. Талийгаачийг эмнэлэгт ирсэн өдөр мэс засал хийх боломжгүй. Эхлээд оношийг тогтоож байж мэс заслыг хийх ёстой гэж мэдүүлсэн. Амь хохирогчийн биед хийсэн үзлэгээр өөр машинд дайрагдаагүй гэдэг нь нотлогдсон. Н.Түвшинбаяр прокурор бид хоёрыг гэрч нарт үг зааж өгсөн гэж хэлсэн. Шүүгдэгч Б.Э Улсын Ерөнхий Прокурорын Дотоод хяналт шалгалтын хэлтэст гомдол гаргахдаа прокурор Л.Мажигсүрэн, Н.Түвшинбаяр, Цагдаагийн Ерөнхий газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Наранбаатар нар нь гэрч нарт үг зааж өгсөн, миний өмгөөлөгч Ж.Т хэлсэн гэж эх сурвалжаа заасан. Талийгаачийг замын нөгөө талд унасан гэдгийг замын гадна талд унасан мэтээр ойлгосон. Энэ талаар эд мөрийн баримтыг шинжлэн судлахад эргэлзээ гарсан гэж ойлгож байгаа. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/537 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Э, Т.Л нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Б.Э, Т.Л нар нь бүлэглэж, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-105 тоот хашааны гадна талд 04-96 УБР улсын дугаартай, “Toyota Land cruiser Prado 95” загварын автомашиныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Бэлх 114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Б, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Б нарыг шалгахад хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Д.Быг автомашинаас зүүгдэн явахыг мэдсээр байж Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Өвөр согоотын эцсийн буудлын засмал зам дээр унагааж хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алсан,

Б.Э нь 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ганцаараа 11 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлэн залилаж, нийт 472.425.742 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Нэг. Б.Э, Т.Л нар нь бүлэглэж, цагдаагийн ахлах ахлагч Д.Быг автомашинаас зүүгдэн явахыг мэдсээр байж Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Өвөр согоотын эцсийн буудлын засмал зам дээр унагааж хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аийн “... Батчулуун 12 цаг өнгөрч байхад над руу залгаад гэмтлийн эмнэлэг рүү яваарай гэхээр нь юу болсон талаар асуухад Д.Б машин шалгаж байгаад машинд шүргүүлээд газар унаад чихнээс нь цус гоожоод байна гэсэн. ... Гэмтлийн эмч бид нарт талийгаачийг маш их цус харвалттай, гавлын яс цуурсан, баруун чихнээс цус гоожсон, ар дагзаараа илүү гэмтэлтэй, биеийн байдал маш хүнд байна гэж хэлсэн ...” гэх /11хх-118-119/,

гэрч Б.Бын “... Тэгснээ жолооч нь гэнэт ухраад манай машиныг мөргөчихөөд цагдаагийн машины хажуугаар гараад зугтаасан. Тэгэхэд нэг цагдаа нь уг автомашины жолоочийн эсрэг тал буюу зүүн талын хаалганы доод талын гишгүүр дээр гишгээд, дээд ачааны мөрнөөс нь зүүгдээд зогс гэж шаардлага тавиад байхад уг машины жолооч зогсолгүй түүнийг зүүгдээстэй чигээр нь яваад байсан. ... Ар хустайн зуслангийн эцсийн буудлын зам дээр нөгөө хоёр цагдаа харагдахаар нь яваад очиход машинд зүүгдээд явсан албан хаагч газар хэвтчихсэн, толгой нь хагарчихсан, нөгөө цагдаа нь хажууд нь түргэн дуудаад зогсож байсан. ...” /11хх-132-137/,

гэрч П.Бийн “... Болдбаяр бид хоёр нөгөө улаан хүрэн, жийп машины яг ард нь очиж зогссон, цагдаагийн 2 ажилтан машинаасаа бууж ирээд жолоочийн бичиг баримтыг шалгасан, энэ үед бид хоёр машинаас буугаад Болдбаяр машины урдуур нь тойрч харсанаа бидний хайж байгаа Б.Э гэж хүн мөн байна, тэр арын суудал дээр нүдний шилтэй сууж байгаа хүн гэж цагдаагийн ажилтанд хэлсэн. Тэгсэн чинь нөгөө 2 цагдаагийн ажилтан машины 2 талд нь зогсож байгаад буугаад ир, хаалгаа онгойлго гэж жолооч болон ард сууж байсан Б.Э нарт хэлсэн, тэгсэн чинь тэр жолооч залуу бүх хаалгаа дотроосоо түгжсэн байсан ба хаалгаа нээхгүй байж байснаа гэнэт хойшоо ухраад Болдбаяр бид хоёрын сууж явсан машиныг мөргөөд огцом урагшлаад цагдаагийн машиныг тойроод гараад явсан. Энэ үед нэг цагдаагийн ажилтан нь машины хаалганаас нь татаж зогсож байснаа машин урагшлангуут хажуу талаас нь зүүгдээд гишгүүр дээр нь гишгэсэн, цагдааг хашаа руу нэг шахаж үзээд тэр чигээрээ засмал зам руу аваад хар хурдаараа давхисан. ...” /11хх-195-197/,

гэрч Д.Э-ын “... машин тормослох чимээ нилээн чанга сонсогдохоор нь “машин мөргөлдлөө” гэж бодоод харахад төв замын урд талын салдаг хэсэгт улаан өнгийн дунд гарын жийп машин, түүний араас хар өнгийн субару автомашин дундаас нь шар, ногоон өнгийн хантаазтай цагдаагийн алба хаагч агаар дээр маш өндөрт шидэгдэж байхыг харсан. Тэр цагдаагийн албан хаагч газар унаагүй байхад нөгөө хоёр машин их хурдтай гүүр даваад явахад цагдаагийн албан хаагч газарт унасан. ...” гэх /11хх-138-140/,

гэрч Д.Бы “... “Toyota Prado 95” загварын автомашины жолооч машинаа хойш нь хөдөлгөж ард нь ирж зогссон саарал өнгийн, “Toyoata prius 30” загварын машиныг мөргөчихөөд, буцаж урагшлан намайг хашаатай шахаж албаны машины баруун талаар дарж гудамжаар уруудаж төв замруу орж баруун тийш эргэн зугтсан. Доошоо уруудах үед нь би араас хөөгөөд харахад жолооч ахлах ахлагч Д.Б нь уг машины жолоочийн эсрэг тал болон зүүн талынх нь гишгүүр дээр гишгэж, дээд талын ачааны хэсгээс хоёр гараараа зүүгдэж байгаа нь харагдсан. Уг машин огт зогсолгүй тэр чигтээ маш хурдтайгаар төв замруу орж хурдлан зугтаасан. ... Араас нь хөөж байгаад Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөр согоотын автобусны буудлын эцсийн буудал өнгөрөөд Ар согоотын гүүрний наахан талд замын голд ахлах ахлагч Д.Б нь зам дээр доошоо харчихсан, чихнээс нь цус гарсан байдалтай, нүүр ам нь нэлэнхүйдээ цус болсон байдалтай хэвтэж байсан. ...” гэх /11хх-141-142/,  

гэрч Д.Аийн “... Дамбадаржаагийн постоос салаад 58 дугаар сургуулийн арын 3 замын уулзвар дээр явж байтал урдаас улаан хүрэн өнгийн жийп маркийн тээврийн хэрэгсэл хурд ихтэй, цагдаагийн алба хаагч ганцаараа “шар ногоон өнгийн хантааз, агсамж тусгай хэрэгсэл зүүсэн байдалтай" уг машины ертөнцийн зүгээр зүүн талд нь гишгүүр дээр нь 2 хөлөөрөө гишгэсэн, гараараа машины дээд талд байрлах ачааны хүрднээс барьсан байдалтай, уг 3 замын уулзвараас Дамбадаржаагийн хийд рүү эргэх үед уг тээврийн хэрэгслийг зогсоохоор араас нь дагасан. Манай машиныг ахлагч Мөнхтулга жолоодож явсан ба урдуур нь гүйцэж түрүүлэх гэтэл шахаад боломж олгоогүй. Тухайн машин нь цагдаагийн алба хаагчийг унагаахаар 2 тийшээ займчаад яваад байсан. Тэгээд Өвөр согоотын автобусны эцсийн буудлын жаахан цаана, бетон гүүрний наана тухайн машин нь огцом огцом тооромзлож, 2 тийшээ займчиж байгаад цагдаагийн алба хаагчийг унагаах шиг болсон. Би сайн харж чадаагүй, энэ үед утасны багтаамж дүүрсэн тул унах үеийг нь бичиж чадаагүй. Би тэр машиныг ойролцоогоор 100-гаас дээш км/цаг-ийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. ...” гэх /11хх-143-145/,

гэрч М.Б-гийн “... Тэр машин ойролцоогоор 80-100 км.цагийн хурдтай явж байсан. Би жолоочийн хажууд суугаад цагдаа зүүгдэж явсан машиныг араас нь өөрийнхөө самсунг А-7 маркын гар утсаар бичлэг хийсэн. Гүйцэж түрүүлэх боломж олгохгүй их хурдтай явж байсан, эсрэг урсгал хөдөлгөөн ихтэй байсан болохоор бид нар гүйцэх боломж байхгүй мөн нэг удаа гүйцэж түрүүлэх гэхэд цагдаагийн зүүгдэж яваа хэсгээр манай машиныг шахсан. Тэр машин нь эсрэг урсгалд яваа машин руу их шахаж ороод зүүгдэж яваа цагдаагийн алба хаагчийг шахаж унагах гээд байсан. Шадивлангийн гүүрний зүүн талын автобусны буудал орчим уг автомашин 2-3 удаа займчиж шарвалт өгсөн чинь цагдаа засмал замын эсрэг талд газар унасан байсан. Бид нарт тэр цагдаад тусламж үзүүлэх боломж олдоогүй, шууд нөгөө машинтай хүмүүсийг барихаар араас нь хөөсөн ...” гэх /11хх-146-148/,

гэрч Ж.М-гын “... машины зүүн талаас зүүгдсэн цагдаагийн алба хаагчийг унагаах гэж эсрэг урсгалд явж байгаа машинууд руу байнга шахаж машинаа займчуулаад байсан юм. Тэгтэл нөгөө цагдаа зүүн талын хөлөөрөө жолоочийн эсрэг талын хаалганы шил рүү өшиглөсөн боловч цонх нь хагараагүй юм. Тэгтэл нөгөө цагдаа баруун талын гараа тавьж зүүн гараараа машины дээврийн мөрнөөс зүүгдсэн ба баруун талын гараараа агсамжнаасаа хийн гар буугаа сугалж гаргаж ирээд бууныхаа бөгсөөр машины жолоочийн эсрэг талын хойд хаалганы цонх руу 2 удаа хүчтэй цохиж цонхыг нь хагалсан юм. Энэ үед замын огцом эргэлт таарсан ба тухайн машин их хурдтай эргэлт рүү орсоноос болж машин тэнцвэр алдаж баруун тал руугаа бөгсөө шидсэн чинь жолооч нь эсрэг тал руу нь дарж машинаа тогтоосон. Яг энэ үед цагдаагийн алба хаагч их өндөрт шидэгдээд газар унасан юм. Газар унахдаа эгц арагшаагаа унасан ба толгойныхоо дагз хэсгээр 2 удаа газар хүчтэй савж унасан. ...” гэх /11хх-149-150/,

гэрч Ц.М-ын “... хаалга нүдээд байхаар нь би хаалгаа онгойлготол хоёр залуу шууд ороод ирсэн. Тэгээд би та нар юун хүмүүс вэ гэж асуутал ахаа ус байна уу хатаж үхлээ гэсэн. Тэгээд бид хоёр цагдаагаас зугтаж явна гэсэн... нэг цагдаа машинаас зүүгдэхээр нь тоормоз гишгээд унагасан тэр лав хөл гараа хугалсан байх гэж хоорондоо ярьж байсан. ...” гэх /11хх-152/,     

гэрч Д.Б-ийн “... Өвөрсогоотын шинэ гүүрний доор манай компанийн ажлын байр байдаг юм. Тухайн өдөр ажил дээрээ, гадаа машиныхаа хажууд зогсож байсан. Яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Гэнэт 2 машин маш хурдтай хаазлаад хажуугаар өнгөрсөн юу болов гээд зам руу харахад зам дээр цагдаагийн дүрэмт хувцастай хүн хэвтэж байсан. Би хурдтай явж байсан 2 машиныг цагдаа дайраад л зугтаачихлаа гэж бодоод араас нь өөрийнхөө машинаар хөөсөн. Жигжидийн эцсээс Гүнтийн даваа руу өгсөөд явсан, би араас нь хөөж байтал машины урд гупер салж унаад зогссон. Эргэж ирээд Эрдэнэбаяраас асуусан. ...” /11хх-177/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн “... машин хөдөлсөн гэх газраас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ар хустайн Өвөр согоотын автобусны буудал хүртэл нийт 6 км зам туулсан...” гэсэн тэмдэглэл /11хх-28-52/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-55-58/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-60-85/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-86/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /11хх-97/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /11хх-100-112/, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, хураан авсан тэмдэглэл /13хх-1-10/, “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний автомашин техникийн үнэлгээний тайлан /14хх-19-20, 23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 6811 дугаартай шинжээчийн дүгнэлт /12хх-89-91/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2308 дугаартай “... Д.Бы биед баруун зулай, чамархай, дагз ясны цөмөрсөн, суурь ясны олон салаалсан шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх тархмал цусан хураа, зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, суман ба баруун хөндлөн синусын урагдал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагз, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун зулай чамархай дагз хэсгийн хуйхны цус хуралт, нүүр мөчдийн зулгаралт, цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Талийгаач дээрх гавал тархины битүү гэмтэл буюу баруун зулай, чамархай, дагз ясны цөмөрсөн, суурь ясны олон салаалсан шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх тархмал цусан хураа, зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, суман ба баруун хөндлөн синусын урагдал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагз, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас тархины комд орж нас баржээ. ...” гэх /11хх-199-203/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хоёр. Б.Э нь 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ганцаараа 11 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлэн залилаж, нийт 472.425.742 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Хохирогч А.Хгийн “... би 2013 оны 9 дүгээр сард баз Батбазар болон түүний найз Баттөр нартай уулзахад Баттөрийн “Бридж вүүд” ХХК тендерийн ажилд оролцох гэсэн чинь мөнгө нь 26.000 ам.доллар гэж байсан. Ингээд би өөрийн боломжоороо 17.879 ам.долларыг гаргаж 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагааны урд талд байрлах Хаан банкны салбараас Баттөрийн “Бридж вүүд” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Тэгтэл Баттөрийн “Бридж вүүд” ХХК нь тендерийн сонгон шалгаруулалтанд тэнцэлгүй хасагдсан байсан ба 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр тендер зарласан газраас тендерийн баталгаа болох 26.000 ам доллар буцаад “Бридж вүүд” ХХК –ны дансанд орсон байсныг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.Э нь В.Бөөр компаний данснаас авахуулсан байсан. ...” гэх /3хх-32-34, 4хх-175/,

Хохирогч Б.Бын “... 2013 оны 8 дугаар сард миний танил Б.Э, Баттөр нар  хамтарч тендерт оролцъё гэсэн саналыг тавьсан бөгөөд би хүлээн зөвшөөрч хамтран ажиллахаар болсон. Хамтарч ажиллахаар болоход Баттөрийн “Бридж Вүүд” ХХК-аар тендерт оролцохоор болсон. Бид нарын оролцох тендер нь Говийн бүсийн сумуудад тусгай үйлчилгээний техник нийлүүлэх тендер байсан ба 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тендерийн материалаа өгч, мөн тендерийн баталгааны мөнгө гэж 26.000 ам.доллар байршуулсан үүнээс 17.879 ам.долларыг нь манай найз Хорлоорэнцэн, 3.595 ам.долларыг нь би гаргаж, харин 5.306 ам.долларыг нь Баттөр гаргасан. Тэгтэл Баттөрийн “Бридж Вүүд” ХХК нь тендерийн сонгон шалгаруулалтанд тэнцэлгүй хасагдсан ба би үүнийг 2014 оны 6 дугаар сард мэдсэн. Баттөр 2013 оны 11 дүгээр сард тендерт шалгараагүй болохоор тендерийн баталгааны мөнгө буцаад “Бридж Вүүд” ХХК-ийн дансанд орсон... Б.Э мөнгийг нь авсан гэж хэлсэн. ...” гэх /3хх-37-39, 4хх-14-16/,

Хохирогч Ц.Аийн “... 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Э над дээр ирээд Ботаникын орчимд байдаг Цэргийн ногоон байрыг буулгаад суурин дээр нь байр барьна, барьсан байрнаасаа надад нэг байр өгнө. Та надад байр авахын тулд эхлээд урьдчилгаа мөнгө 10.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тухайн үед надад бэлэн 10.000.000 төгрөг байсан учраас Б.Эт гаргаж өгсөн. Тэгтэл 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Б.Э барилгад хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, та боломжоороо мөнгө өгчих, таны өгсөн мөнгийг авч байгаа байранд суутгаад оруулчихна гэхээр нь би өөрийн 10 гаран хонь, 8 орчим тооны ямаагаа зараад 3.200.000 төгрөг өгсөн. ...” гэх /1хх-105-106/,

Гэрч Д.Б-ын “... Манай нутгийн залуу болох Б.Э нь “манайд ирээд Баянзүрх дүүргийн Ботаникийн буудлын ард талд орон сууц барих гэж байгаа, урьдчилгаа төлбөр өгвөл 50 хувийн хөнгөлөлттэй байр олж өгнө” гэж хэлсэн. Тухайн үедээ итгээгүй, байнга хүрч ирээд нөхөр бид хоёрыг очиж үз гэхээр нь хамт явж үзэхэд хуучин барилгыг нь нураагаад хаячихсан байхаар нь итгэсэн. Тэгээд би 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Үйлдвэрчний зөвлөлийн 3 давхарын 305 тоотод очиж Б.Эт бэлнээр 10.000.000 төгрөг өгсөн. Надад хэлэхдээ намар 9 сард байрандаа орчихно гэж хэлж байсан. 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр манай нөхөр Б.Эт 12 тооны эр хонь, 10 тооны эр ямаа зараад 3.500.000 төгрөг өгсөн...” гэх /1хх-111/,

Хохирогч Л.Оын “... Би 2015 оны 6 дугаар сард шинэ байранд орох гээд байр хайж байсан тэгтэл манай найз Мөнх-Оргил Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Улаан хуаранд байрлах Тэгш-21 гэсэн орон сууц баригдаж байгаа 9 дүгээр сард ашиглалтанд орно, тэнд би байр захиалчихсан байгаа хямдхан юм билээ хүнээр яриулсан чи очоод үзчих сул байр байгаа гэсэн. Би Б.Этай уулзаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Тэгшт-81 байрны 1 давхарын 6 тоот, 49 мкв 2 өрөө байрыг 68.600.000 төгрөгөөр худалдан авах талаар гэрээ байгуулж урьдчилгаа 8.000.000 төгрөгийг бэлнээр өгч, мөнгөний баримт авсан. Тэгээд байр ашиглалтанд орохоор үлдсэн мөнгийг банкны зээлээр төлнө гээд тохиролцсон. 2015 оны 9 дүгээр сар хүртэл хүлээгээд байр ашиглалтанд орж байна уу гэхэд арай ашиглалтанд ороогүй байна, оны дараа оруулна гэсэн. 2016 оны 1 дүгээр сард байр ашиглалтанд орчихсон бөгөөд Б.Э утсаа авахгүй байсан тэгээд байранд очиж үзэхэд Мөнх-Оргилын захиалсан тоотод нь айл орчихсон байсан тэгээд тухайн компаниас ямар учиртайг асуухад надад Б.Э гэх хүн чинь энэ барилгыг бариулаагүй, ямар ч хамааралгүй хүн бид нар ямар нэгэн өглөг байхгүй наад хүнтэйгээ та нар өөрсдөө учраа ол гэж хэлсэн. ...” гэх /2хх-183-184/,

Хохирогч Д.Мын: “...Би 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүргэн ах Болдбаатар, нагац эгч Отгонхишиг нарын найз Б.Э гэх залуу манай эгч ах хоёрт хямдхан байр байна гэж хэлсэн байсан тухайн үед би байр сонирхож байсан бөгөөд Б.Э гэх хүнтэй Баянгол дүүргийн шүүхийн ард талд офисс дээр нь очиж уулзаад Баянзүрх дүүргийн Улаан хуаранд байрлалтай, 9 давхар, 81 айлын орон сууцны барилга дээр очиж байрыг нь үзээд явсан бөгөөд Б.Э нь өөрөө жижүүрээс нь түлхүүрийг нь аваад хэдэн м.кв-тайг авах уу гэхээр нь би 51.3 м.кв байрыг авахаар сонгоод тэр өдрөө салцгаасан. Маргааш нь Б.Эт бэлнээр 20.000.000 төгрөгийг өгөөд байр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд м.кв-ыг нь 1.400.000 төгрөгөөр бодож 51.3 м.кв 2 өрөө, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Тэгшт 81 дүгээр байрны, 3 дугаар давхарын 25 тоот байрыг худалдан авахаар гэрээ байгуулсан. Б.Э нь өөрөө “Эко пирамид” ХХК-ийн захирлаар ажилладаг, энэ барилгыг манайх барьж байгаа, миний барилга юм гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 3 дугаар сард барилга дээр очиход байр ашиглалтанд ороогүй барилгын ажил явагдаж байсан. Тэгээд байр баригдаж дууссан эсэхийг тодруулж явж байгаад 2015 оны 10 сард байр ашиглалтанд орсон тэгэхээр нь би Б.Э луу залгаад байр ашиглалтанд орчихлоо байраа авая гэхэд түр хүлээж бай, энэ байрны захиралтай асуудалтай байна, мөнгө төгрөг дээрээ тохиролцоогүй байна түр хүлээж бай гэсэн. Тэгээд тэрнээс хойш утас нь холбогдохоо болиод алга болоод...өдийг хүрсэн. ...” гэх /2хх-186-188, 4хх-176/,

Хохирогч М.Сийн: “... 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр байх Б.Э “ахад нь мөнгө хэрэг болоод байна, ажил бүтээх гэж байна, би тэртээ тэргүй чамд ажил олж өгнө, тендер ч авч өгнө, 20.000.000 төгрөг зээлээч” гэж хэлэхээр нь би дүү Цэрэндаваагийн дансанд хийсэн 9.000.000 төгрөгөө Б.Э ахын Хаан банкны дансруу хийсэн, дараа нь 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дахин надаас “5.000.000 төгрөг байвал өгөөч” гээд байхаар нь эхнэрийн машиныг барьцаанд тавьж байгаад 3.500.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Ингээд 2014 оны 7 дугаар сарын сүүлээр дахин “20.000.000 төгрөг байвал өгөөч” гэсэн, Б.Э надтай уулзах болгондоо барилга юу юугүй бүтэх гэж байна, хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, тэгэхээр би чамд мөнгийг чинь буцааж өгнө гэдэг байсан. Эхэндээ баахан тендер чинь бүтэж байгаа гэж ярьж байгаад сүүлдээ барилгын ажлын эхлэх гэж байна, хөрөнгө оруулалт орох гэж байна л гэдэг болсон юм. Ингээд хамгийн сүүлд би 18.000.000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн, тэр мөнгийг Б.Э нь нийтийн байрны оршин суугчидад түрээсийн мөнгөнд талыг нь тараачихсан, 18.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн баримт надад байхгүй, гэхдээ миний нүдэн дээр надтай хамт миний мөнгийг тараасан, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 3.400.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 1.500.000 төгрөг, нийт 4.900.000 төгрөгийг Б.Эаас цагдаа дээр очиж авсан. Одоо 25.600.000 төгрөг авах ёстой ...” гэх /1хх-9-10, 25, 230, 4хх-177, 5хх-142/,

Гэрч М.Ц-гийн “... тухайн өдөр Б.Эын Хаан банкны дансанд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Өргөө кино театрын урд талын салбараас 9.000.000 төгрөг өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Миний төрсөн ах Сандагдорж өөрийнхөө байрыг зараад мөнгө нь миний дансанд хадгалагдаж байсан юм. ...” гэх /1хх-11/,

Хохирогч З.Сын: “...Би 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Да хүрээ зах дээр Б.Эт итгээд 2007 оны мөнгөлөг саарал өнгийн “Toyota prius 20” загварын автомашиныг өөрийн нэр дээр, нөгөө хоёр машиныг нь Б.Эын нэр дээр шилжүүлсэн юм. Тэгээд хугацаа болоод мөнгөө өгөхгүй, утсаар ярихаар өнөө маргаашгүй танд мөнгийг чинь өгнө ажил болж өгөхгүй байна гээд байсан. 2016 оны эхээр алтны уурхай одоо гайгүй болж байна, мөнгөөрөө техник хэрэгсэл авчихлаа, хавар гарах алтны мөнгөөрөө төлнө гэдэг байсан. Б.Эын нэр дээр шилжүүлсэн “Toyota prius 20” загварын, 2003 онд орж ирсэн, мөнгөлөг саарал өнгөтэй автомашиныг 9.000.000 төгрөгөөр, би өөрийн нэр дээр шилжүүлж өгсөн “Toyota prius 20” загварын, 2007 оны мөнгөлөг саарал өнгөтэй автомашиныг нь 11.000.000 төгрөгөөр, “Toyota Harrier” загварын автомашиныг 23.000.000 төгрөгөөр бодож Б.Эт өгсөн. Би цаасаар ямар нэг гэрээ байгуулаагүй, нийт Б.Эт 43.000.000 төгрөгийн автомашин өгсөн ...” гэх /3хх-247/,

Гэрч З.Б-ийн “... 2015 оны 5 дугаар сард намайг Да хүрээ зах дээр Санчир ахын машиныг зарж байхад Б.Э гэдэг залуу Санчир ахаас “Toyota Harrier” загварын автомашин нэгийг, “Toyota prius 20” загварын автомашин 2 ширхэгийг аваад явсан. Б.Э нь өөрийгөө Төв аймгийн Г.Э суманд барилга бариулж байгаа, Төв аймагт алтны уурхайтай гэж ярьж байсан. ...” гэх /3хх-248/,

Гэрч С.Бын “... 2015 оны 5 дугаар сард танил Б.Э ирээд “та хоёр жижиг тэрэг байвал өгөөч гэхээр нь би найз Санчирт хэлээд таньдаг, найдвартай, дүү Б.Э гэж танилцуулаад 2 ширхэг “Toyota prius 20” загварын өгчих гэж хэлсэн. Тэгээд Санчир 2 автомашин өгөхөөр болохоор нь өөрсдөө гэрээгээ хийж, ярьж тохир гэж хэлсэн. Б.Э Санчираас 2 “Toyota prius 20” загварын автомашин, сүүлд нь 1 “Toyota Harrier” загварын автомашин авсан байсан. ...” гэх /4хх-17/,  

Хохирогч В.Сы: “... Манай ах В.Б нь “би Б.Э гэдэг хүнтэй хамт барилга барьж байгаа юм, тэгсэн чинь Б.Эт мөнгөний хэрэг гарсан гэнэ, Төв аймгийн Заамарт байгаа алтыг аваад буцааж авчраад нэмээд зардаг гэж байна, 100.000.000 төгрөг зээлчих гэж байна, чи нэг тус болчихооч” гэсэн тэгэхээр нь би эхнэр Ж.Нийнх нь данс руу 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 100.000.000 төгрөг шилжүүлсэн. Б.Э нь мөнгө авахдаа өнөөдөр орой ярина, маргааш өдөр ярина гэсэн боловч мөнгө шилжүүлсний дараа шууд утсаа салгаад алга болчихсон. 2016 оны 5 дугаар сарын 25-ны өглөө гэрт нь ах В.Бийн хамтаар очиход миний 5020468413 дугаарын дансанд 40.000.000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгээд тэрнээс хойш миний 60.000.000 төгрөгийг өгөхгүй зугтаагаад алга болсон... Сонинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын 119/А байрны 78 тоот орон сууцыг Б.Э нь энэ байрыг чамд өгөх 60.000.000 төгрөгөндөө бодож өгмөөр байна, надад өөр арга алга, би Түвшинбат гэдэг дүүтэйгээ ярьж тохирсон байгаа, чи надад гомдол саналгүй гэсэн бичиг хийгээд өгчих гээд байхаар нь би тэгвэл байрны нэрийг шилжүүлээд өгчих гэж хэлсэн тэгсэн чинь Түвшинбат гэдэг лам хүнтэй хамт Саппорогийн тэнд байх нотариатын газар дуудаад худалдах худалдан авах гэрээгээр тэр байрыг надруу шилжүүлж өгөөд гэрчилгээ нь удахгүй миний нэр дээр гарсан. Тэгэхээр нь гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн. Тэгтэл Б.Э нь чамаас нэг гуйх юм байна, би Түвшинбатын байрыг томруулж өөр газарт байранд оруулж өгөх юм аа, чи 1 сар Түвшинбатыг байрандаа байлгаад өгөөч гэсэн тэгэхээр нь би 1 сар юм бол болно гэж хэлсэн. Тэгээд 1 сарын дараа Түвшинбат байрнаасаа гараагүй би байрнаасаа гар гэж шаардаж утсаар ярьдаг байсан тэгэхэд Түвшинбат би байр хайж байна, одоохон нөгөө байрны засвар дуусаагүй байна гэх мэт шалтаг хэлсээр байгаад 4-5 сар болсон. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын үеэр Түвшинбат гэрээнээсээ буцлаа гээд, Б.Эыг хайгаад олохгүй, нөгөө байрандаа орж чадахаа больсон, би байраа буцааж авна гээд Түвшинбат намайг шүүхэд өгсөн байсан ба шүүх хурал болж шүүхийн шийдвэрээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож уг байрыг Түвшинбатын нэр дээр шилжүүлсэн. ...” гэх /6хх-16, 7хх-152-154/,

Гэрч В.Бийн “... 2016 онд Б.Э нь Төв аймгийн Заамар сумын алтны уурхайд алтан дээр ажиллаж байна гээд яваад байсан. Яг энэ үедээ надруу яриад яаралтай мөнгө хэрэгтэй байна, алтан дээр ажиллаад мөнгийг чинь удаахгүй хүүтэй 2-3 хоноод өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү Сайн-Отгондоо энэ талаар хэлээд манай дүү зөвшөөрөөд Б.Эын хэлсэн түүний эхнэр Ж.Нийнх нь данс руу 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 100.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн чинь Б.Э мөнгө шилжүүлэнгүүт шууд утсаа салгаад алга болчихсон... Б.Эын “Эко пирамид” ХХК-ийн тендерт оролцох ёстой мөнгө байсан, гэвч үүсгэн байгуулагдаад удаагүй байна гэх шалтгаанаар миний өөрийн “Бридж Вүүд” ХХК-ийн дансанд мөнгөө байршуулаад тендерт орох болсон, шалтгаан нь ердөө л энэ. Гэвч тендерийн материал нь тэнцэхгүй гээд буцаасан, мөнгө нь буцаад манай компанийн дансанд ороод ирсэнийг Б.Э надаас би өөр ажил хөөцөлдөхөөр болчихлоо, чи наад мөнгөө надад данснаасаа аваад өг өө гэсэн, тэгэхээр нь би Батбазараас асуусан юм уу гэж хэлтэл мэдэж байгаа Батбазар бид 2 сайн найзууд юмаа гэж хэлсэн, тэгэхээр би анхнаасаа “Эко пирамид” ХХК-д орох ёстой байсан юм чинь гэж бодоод захирал болох Б.Эт буцааж өгсөн. ...” гэх /5хх-176-179/,

Гэрч Ж.Нийн: “... 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр миний данс руу 100.000.000 төгрөг орсон, оронгуут нь би нөхөрлүүгээ “мөнгө орчихлоо” гэхэд миний өгсөн данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө хэлснээр шилжүүлэхийг нь шилжүүлээд буцаахыг нь буцааж шилжүүлсэн. Уг мөнгөнөөс өөртөө зарцуулсан зүйл байхгүй, бүгдийг нөхрийнхөө хэлснээр шилжүүлсэн… 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр маш эрт Баттөр, Сайн-Отгон нар ирээд Б.Э алга болчихлоо, юм худлаа болчих шиг боллоо, мөнгөө буцааж авъя чиний дансанд орсон гээд нэхээд байхаар нь би хамт гараад банк ороод 40.000.000 төгрөгийг нь шилжүүлж өгсөн. ...” гэх /6хх-19, 7хх-158/,

Гэрч Ш.А-ийн “... Манай нөхөр С над руу яриад хүүтэй мөнгө зээлэх гэж байгаа юм, энэ данс руу 100.000.000 төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгээд нөхрийн хэлсэн данс руу тухайн мөнгийг шилжүүлсэн. ...” гэх /7хх-156/,

Хохирогч Ц.Гийн: “...Ц бол манай компанитай туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан, өөрөө бригадтай ажил хийдэг хүн байгаа юм. ...далангийн тендерийн ажилд “Монгол Менежмент” ХХК-иар оролцоод явж байхад Ц нэг өдөр надтай уулзахдаа би хөөцөлдөж байгаад “Монгол Менежмент” ХХК-ийг тань тендерт шалгаруулаад өгье, та ажлын хөлсийг нь өгчих гээд надаас тэр өдөр мөнгө авсан юм. Тэгсэн чинь шалгараагүй тэгэхээр нь би чи хөөцөлдөж байгаа гэсэн чинь яасан бэ, шалгараагүй байна шүү дээ, мөнгөө буцааж авъя гэхэд за би тэр ахтай яриадхъя гэснээ “таны мөнгийг Б.Э гэдэг хүнд өгсөн тэр хүнээс авч өгнө, тэр хүн бүтээж өгнө” гэсэн гээд мөнгийг маань өгөхгүй зугтаагаад алга болсон. Тэгээд би Цгээс мөнгөө нэхсээр байтал Ц нь Б.Э надад олдохгүй байна, хамтдаа хайя гэж хэлсэн тэгээд хайгаад Б.Эынх нь эхнэртэй нь очиж уулзахад Б.Э нь хөдөө гадаа явсан, алга байна, ирээгүй байна гэсэн. Тэгэхээр нь би бүтэхгүй юм байна наадахаа өөрөө хөөцөлд би чамд мөнгөө өгсөн, чамтай л учраа олно гэж Цд хэлээд явсан. Одоо 16.555.000 төгрөгийг авах үлдэгдэлтэй байгаа. ...” гэх мэдүүлэг /7хх-177-180/,

Хохирогч Д.Аын: “...2017 оны 11 дүгээр сард Орхон аймагт амьдардаг нагац дүү А.Б надруу утсаар яриад мах нийлүүлэх гэрээтэй хүн байна хоёулаа хамтраад мөнгө гаргаж байгаад энэ ажлыг хийе Улаанбаатар хотод Б.Э гэх хүн байгаа та энэ хүнтэй уулзаад хоорондоо ярилц гээд 94664448 гэсэн дугаар өгсөн. Тэгээд би дүүгийн өгсөн дугаар луу залгаж яриад Баянзүрх дүүргийн Сансарт уулзсан, Б.Э гэх хүн надтай уулзаад “Мах импекс” ХХК-тай 2500 төлөг, 50 тонн ямааны мах нийлүүлэх гэрээ байна надтай хамтраад 1000 төлөг, 500 ямааны мах нийлүүлж болно. Та хоёрын ашгийн 50 хувийг Б.Э авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би саналыг нь зөвшөөрөөд хамтарч ажиллаж мах нийлүүлэхээр болсон. Тэгээд төлөг нийлүүлэх гэсэн чинь цас ихтэй зардал их гарах гээд байхаар нь би Б.Этай уулзаад төлөг авчрах боломжгүй болчихоод байна гэсэн чинь за яахав ойрхоноос төлөг авъя чи харин мөнгөө өгчих гэсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Э Орхон аймгаас М.Б-аас ирүүлсэн 234 ямааны мах, арьсыг нийлүүлж нийт 15,228.000 төгрөг болсон ба махны мөнгө нь орж ирээгүй ба арьс ширний мөнгө болох 6,318,000 төгрөг одоо надад байна. Чи энэ мөнгөн дээрээ нэмээд өөрөөсөө 10.000.000 төгрөг гаргачих би энэ мөнгөө нийлүүлээд мах бэлтгэж байя. Чи мах, арьсны мөнгө болох 15.228.000 төгрөгийг манай найз Б-ын дансруу урьдчилаад шилжүүлчих, харин би дээрх мөнгийг дансанд ороод ирэхээр нь мөнгө нэмээд дахин мах бэлтгэж нийлүүлээд ашгийг нь 50 хувиар тооцож тооцоо хийе гэж хэлээд надаас нэмж 10.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Эын найз М.Болдбаатарын Хаан банкны 5091153556 дугаарын данс руу нь 10.228.000 төгрөгийг шилжүүлж манай дүү А.Баас 5.000.000 төгрөгийг бас авсан. Үүнээс хойш 12 дугаар сард манай дүү таны өгсөн мөнгөөр дахиад 130 гаран ямааны мах явууллаа энэ жолоочийнх нь дугаар гэж нэг дугаар өгөөд намайг тосоод аваарай гэсэн. Тэгээд би уг жолоочтой нь утсаар нь ярьсан чинь жолооч нь энэ махыг Б.Э гэх хүн тосч авна, таны нэрийг хэлээгүй гэж хэлсэн. Тэгээд би дүү рүүгээ ярьж хэлсэн чинь ямар сонин юм бэ би Болдбаатар ахаас асууя гээд утсаа салгасан. Тэгээд удаагүй 99637076 дугаараас дуудлага ирж аваад ярьтал би Болдбаатар байна энэ махыг би өөрөө бэлдэж явуулсан ба танай дүүгийн оролцоо байхгүй болохоор Б.Э хүлээж авна гэсэн. Тэгээд би энэ тухай дүүрүүгээ ярьж хэлээд манай дүү бид хоёр хоорондоо тохиролцсон гэсэн. Энэ үед Б.Эын утас нь холбогдохгүй холбоо барьж чадахгүй байсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 15-ны үед өглөө эрт 08 цагийн үед Б.Эын дугаар луу нь залгаж ярьтал би хөдөө мах бэлтгэж байна 2-3 хоногийн дараа Улаанбаатар хот орно тэгээд холбоо барья гэсэн. Тэгээд  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Э утсаар яриад “Мах Импекс” дээр мах буулгалцаад өг гэсэн. Тэгээд 12 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл 3 хоног 40 гаруй тонн мах буулгасан ба энэ үед мөнгөний талаар ярьж танай найз Болдбаатарт шилжүүлсэн 15.228.000 төгрөгийг танаас аваарай гэсэн, ингээд би танаас 25.228.000 төгрөгийг ашиг тооцож авах юм байна гэж хэлсэн чинь санаа зоволтгүй, би ашгийг чинь тооцоод дансанд мөнгө орж ирэхээр нь өгнө гэж хэлсэн. ....” гэх /9хх-105-108/,

Гэрч А.Бын “... 2017 оны 11 дүгээр сард нагац ах Д.А надад “... би хүнтэй “Мах импекс” ХХК руу мах нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд мах нийлүүлэхгүй бол асуудал үүснэ. Орхон аймагт байх Болдбаатартай нийлж мах бэлтгэ. Энд гэрээ хийсэн хүнтэй мөнгөө хувааж гаргаад ашгаа хувааж авахаар болсон гэж хэлээд 7.500.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Ямааны мах бэлтгэхэд Д.А ах 10.000.000 төгрөг бэлнээр гаргасан. Д.А ахын хамтарч ажиллаж байгаа хүн мах зарсан 15.228.000 төгрөгийг өөрөө авчихаад бид нарт ямар ч ашиг өгөөгүй. Тэгээд нөгөө хүн нь Ариунболд ахад “...дахин мах бэлтгэе, чи мөнгөө гарга, нийт ашгаасаа чиний гаргасан мөнгийг ашигтай нь бүгдийг нь өгье” гэж хэлсэн байсан. Тэгээд дахин Болдбаатарын данс руу 10.228.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд надад миний өгсөн 7.500.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг Болдбаатарт өгчих гэж хэлсэн. Би Болдбаатарт 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл махаа Орхон аймгаас ачуулаад Улаанбаатар хот руу явуултал Б.Э замаас нь Эмээлт дээр махыг тосож аваад хятад хүнд зарсан байсан. ...” гэх /9хх-112/,

Хохирогч Г.Эын: “... Бид хоёр 1993 оноос хойш уулзаагүй байж байгаад 2017 оны 11 сард Б.Э гэнэт гарч ирсэн бөгөөд тэр үед Б.Э намайг их хэмжээний мах хадгалж байгаа гэдгийг хүнээс мэдсэн байсан юм байна лээ. Тэгээд Б.Э надад “би “Мах импекс” ХК-тай гэрээтэй, махыг чинь тийш нь шахаж өгөөд дундаас нь хэдэн төгрөгтэй болох гэсэн юм, “Мах импекс” ХХК-ийнхэн мөнгийг нь ажлын 3-5 хоногийн дотор л гаргаж өгдөг юм, чи найздаа туслаач” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б.Эт эхлээд 20 орчим тонн мах өгөхөд Б.Э нь тэр өдөртөө махны маань мөнгө болох 60.000.000 орчим төгрөгийг маань өгсөн. Тэгэхээр нь би Б.Эт итгээд 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 130 орчим тонн махыг өгч явуулсан бөгөөд одоо ....130 тонн махны үлдэгдэл мөнгө болох 139.800.000 төгрөгнөөс 58.800.000 төгрөгийг нь өгч одоо надад 81.000.000 төгрөг өгөх үлдэгдэлтэй байгаа ...” гэх /9хх-43-46/,

Хохирогч Б.Е-н: “... Б.Э нь надад Налайхад үхрийн мах өндөр үнээр авдаг Хятадын компани байгаа би махыг чинь өндөр үнээр зарж өгье гэж анх танилцсан, тэгээд над руу 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр залгаад “махаа ачаад ир” гэхээр нь би хөдөөнөөс махаа 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Налайх дүүрэгт байрлах Цэргийн ангийн орчимд байрлалтай “Ри-Фон” ХХК-нд аваачиж 22 тонн, 270 кг мах тушааж байхад мөнгийг нь өөрөө авч чадалгүй Б.Эын маргааш өгнө гэсэн үгэнд итгээд яваад өгсөн боловч Б.Э захирлынх нь өрөөнд байж байснаа мөнгийг нь шилжүүлээрэй гэж хэлээд яваад өгсөн байсан. Надад мөнгө маргааш өгнө гэж худлаа хэлсэн… Одоогийн байдлаар надад Б.Э 88.807.000 төгрөг өгөх ёстой ...” гэх /8хх-14-21/,

Гэрч Д.Б-гийн “... 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Б.Э гэдэг залуу манай махны үйлдвэрт том машинтай 22.270 кг махыг 1 кг-ыг нь 4100 төгрөгөөр бодож авах уу гэж асуухаар нь би авсан. Би мөнгийг бэлнээр төлөөгүй, 91.000.000 төгрөгийг хувааж шилжүүлсэн. ...” гэх /8хх-22-24/,

Гэрч Б.Цийн “... 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Е, Б.Э гэх хүмүүс махны наймаа хийж байгаа, махаа авч ирээд хүлээлгээд өгчихсөн, мөнгөө аваагүй байгаа тул баталгаажуулж авмаар байна гэж Е хэлсэн. Б.Э нь мөнгийг чинь маргааш өгнө, хэрвээ өгч чадахгүй бол 0.5 хувийн алданги тооцно, мөнгөө өгөөд зогсохгүй дахин чамаас мах авна гээд Төлбөр барагдуулах гэрээ хийсэн. ...” /8хх-25-26/,

хохирогч М.Ш-ийн  “... Б.Э гэж хүнд машинаа зарж борлуулан нэр шилжүүлж өгөөгүй байсан. Харин тэр хүн намайг хуурч мэхэлж, чиний машиныг худалдаж авна, нүүрсний машин худалдаж авах гэж байгаа залууд үзүүлчихээд ирье гэж хэлээд надаас аваад явсан. Би тухайн үед мөнгөө авч байж нэрээ шилжүүлж өгнө гэж хэлсэн. Б.Э намайг иргэний үнэмлэхээ өгчих, би нүүрсний машины залууд үзүүлж эзэмшигчтэй нь холбоотой байдаг гэдгээ итгүүлэхийн тулд харуулчихаад аваад ирье гэж хуураад авч явсан. Эцэст нь миний машины нэрийг шилжүүлж, огт танихгүй хүний нэр дээр шилжүүлж банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байсан. Нэр шилжүүлсэн гэх баримтан дээрх гарын үсэг минийх биш гэдэг нь тогтоогдож гарч ирсэн. ...” /11хх-129-131/,  

Гэрч С.Ц-ын: “... Б.Э надад “би машин тэргэндээ дугуй авч тавьмаар байна, том машинууд бүгд дугуйгүй болчихсон, би энэ машиныг ломбарданд тавих гэсэн юм, таны нэр дээр шилжүүлээд ломбарданд тавьчихъя, та гарын үсгээ зураад өгөөч” гэж гуйсан. Би нарийн ширийн зүйлийг нь сайн ойлгохгүй зүгээр тус болох л санаатай зөвшөөрөөд гарын үсгээ зурж өгсөн юм. ...тухайн үед 04-96 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Шийтэр гэх хүний нэр дээр байж байгаад миний нэр дээр шилжсэн. Шар хадны техникийн зах дотор байдаг нэр шилжүүлдэг газар орж шилжүүлсэн. ...тухайн үед намайг тэр шархадны “Да хүрээ” зах дээр дуудаад нэг нэр шилжүүлдэг газар дотор гарын үсэг зуруулсан, би яг ямар баримтан дээр гарын үсэг зурсанаа огт санахгүй байна, сайн уншаагүй л гарын үсгээ зурсан. Тэр нэр шилжүүлэх баримтан дээр гарын үсэг зурах үед Шийтэр гэх хүн нь өөрөө байгаагүй, тэр хүний иргэний үнэмлэх энэ тэрийг конандчихсан, гарын үсэг нь зурагдчихсан нотариатаар орчихсон бэлэн баримт байсан, түүн дээр нь би гарын үсгээ зурсан юм. Тэгээд тэр машин нь миний нэр дээр шилжиж, гэрчилгээ нь гараад ирсэн чинь Б.Э намайг дагуулаад “Да хүрээ” захаас гараад авто ломбард дагуулж яваад тэнд бас зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулаад 3.000.000 төгрөг авсан. ...” /1хх-154-155, 175-176/ гэх мэдүүлгүүд,

Д.М, Л.О нартай орон сууц захиалан бариулах гэрээ /2хх-212-241/, Хохирогч Л.О, Мөнх-Оргил нарын  хохиролд  Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоололын хотхон 65 дугаар байрны 3 дугаар орцны 25 тоот байрыг нийт 43.000.000 төгрөг бодож Мөнх-Оргилын нэр дээр шилжүүлсэн баримт /4хх-26/, Хохирогч Д.Мын нэр дээр шилжүүлсэн ордерын хуулбар баримт /4хх-26/, М.Цэрэндаваагийн ХААН банкны дансны хуулга /1хх-12/, хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэсэн өгсөн тэмдэглэл /1хх-245-247/, Хохирогч З.Саас  авсан автомашины үнэлгээ /4хх-230/, Зээлийн гэрээ /2хх-161/, Ж.Нийн Хаан банкны дансны хуулга /2хх-162/, Б.Цгийн Хаан банкны дансны хуулга /8хх-195, 212-213, 215/, Б.Цгээс Ц.Гийн данс руу шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн хуулга /8хх-208/, Хаан банкны орлогын мэдүүлэг /9хх-92-93/, Г.Эын Хаан банкны дансны хуулга /8хх-92/, Төлбөр барагдуулах хэлцэл /8хх-67/, Б.Эын Хаан банкны дансны хуулга /8хх-79/, Б.Эын мах нийлүүлсэн тооцоо /8хх-181/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 415 дугаартай “Д.Шийн гарын үсэгний хэв загвар биш” талаарх дүгнэлт /12хх-110-117/ зэрэг нотлох баримтаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Прокуророос Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Т.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Б.Э, Т.Л нарыг бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Лгийн хүнийг алсан гэмт үйлдэлд 13 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Эын хүнийг алсан гэмт үйлдэлд 15 жилийн хорих ял, бусдыг залилсан үйлдэлд 5 жилийн хорих ял тус тус оногдуулж, Б.Эын нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч тус бүрийн ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Я.Б, Ш.Г, Ж.Т, шүүгдэгч Т.Л, түүний өмгөөлөгч Ж.Б, Т.У нар нь “... Б.Э, Т.Л нарт холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. Мөн шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдээгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн байж болохоор харагдаж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Шүүгдэгч Б.Э, Т.Л нар нь албан үүргээ гүйцэтгэж байсан эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Б, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Б нарыг шалгахад хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Д.Быг автомашинаас зүүгдэн явахыг мэдсээр байж автомашинаа зогсоох арга хэмжээ аваагүй, замын турш цагдаагийн албан хаагчийг унавал амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсч болохыг мэдсээр байж унагаахаар займчсан, зогсоох арга хэмжээ авах гэж араас нь дагасан машиныг шахсан зэрэг үйлдлийг хийж Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Өвөр согоотын эцсийн буудлын засмал зам дээр унагааж хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь санаатай алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн, Б.Э, Т.Л нар нь хохирогч Д.Быг араас нь хөөж байгаад замын голд унахаар нь өөрсдөө дайрч, амь насыг нь хохироосон атлаа үгсэн тохиролцож биднийг хүнийг алсан гэмт хэрэгт буруутгаж байна гэж маргадаг боловч хөндлөнгийн гэрч Д.Эрдэнэбаярын “... машин тормослох чимээ нилээн чанга сонсогдохоор нь “машин мөргөлдлөө” гэж бодоод харахад төв замын урд талын салдаг хэсэгт улаан өнгийн дунд гарын жийп машин, түүний араас хар өнгийн, “Subaru” загварын автомашин дундаас нь шар, ногоон өнгийн хантаазтай цагдаагийн алба хаагч агаар дээр маш өндөрт шидэгдэж байхыг харсан. Тэр цагдаагийн албан хаагч газар унаагүй байхад нөгөө хоёр машин их хурдтай гүүр даваад явахад цагдаагийн албан хаагч газарт унасан. ...” гэх, шинжээч эмч П.Номинцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн “... Амь хохирогч тээврийн хэрэгсэлд дайрагдсан гэх шинж тэмдэг илрээгүй. Дугуйны чимхэлтийн мөр байгаагүй, өвчтний яс үйрч хугараагүй байсан тул дайрагдсан гэж үзэхгүй. ...” гэх мэдүүлгүүдээр  тэдний гомдол няцаагдаж байна.

Шүүгдэгч Б.Э, Т.Л нар нь цагдаагийн албан хаагчийг өөрсдийн машинаас зүүгдэн явахыг мэдэж байсан, тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой байсан хэдий ч зогсолгүй хурдаа нэмж, маш хол замыг туулсан, амь насанд нь аюултай нөхцөл байдлуудыг зориудаар үүсгэн, гэмт санаа зорилго, сэдэлтээрээ нэгдэж, бүлэглэж үйлдсэн санаатай  үйлдлийн улмаас цагдаагийн албан хаагчийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдэгдсэн.

Зогсож шалгуулж байх явцдаа ардаа байсан машиныг мөргөж, шууд зугтааж, 6 км газарт зогсолгүйгээр, маш хурдтай давхиж, араас нь хөөж явах цагдаагийн машиныг гүйцэж түрүүлэх боломж олголгүй замыг нь хааж шахсан, цагдаагийн албан хаагчийг унагаахаар 2 тийшээ займчсан, огцом тормослож унагаасан зэрэг хийж байгаа үйлдлүүд нь санаатай гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, өөрөөр хэлбэл болгоомжгүйгээр үйлдэгддэг.

Автомашинаас зүүгдэж яваа хүн автомашин маш хурдтай явж байхад унах, гэмтэх, амь нас эрсдэх, нөхцөл боломжтойг мэдсээр байж, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлэлгүй зугтааж, хүний амь насыг хохироосон байх тул шүүгдэгч Б.Э, Т.Л нарын дээрх үйлдлийг нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, тухайн үед цагдаагийн алба хаагчийн шаардлагаар шүүгдэгч нар нь үргэлжлүүлэн шалгуулж, машинаа хөдөлгөж зугтаагаагүй бол энэ гэмт хэрэг гарахгүй, бусдын амь нас үрэгдэхгүй байх байсан хэдий ч шүүгдэгч нар зогсоогүй бөгөөд өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учир “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг” үйлдсэн, /Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн/ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.  

Иймд тус гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Т.Л нь өөрийн үйлдлийг Б.Эын албадлага, эрхшээлд орсны улмаас хийсэн талаар шалгаж тогтоогоогүй, тэрээр намайг хурдан яв гэж дарамтлаад, хэл амаар доромжлоод, орилоод байсан тул айгаад зогсох боломж олдоогүй гэж тайлбарладаг.

Тухайн цаг үед үүссэн нөхцөл байдлаас үзэхэд, Т.Л нь автомашиныг зогсоох боломжтой байсан гэж үзнэ.

Т.Л нь тухайн автомашиныг жолоодож явсан ба цагдаагийн албан хаагчид зогсох шаардлага тавьж, тэдний араас хөөж яваа гэдгийг мэдэж байсан ба Б.Эын зүгээс дарамт, шахалт үзүүлсэн байлаа ч түүний амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлэл учирсан болон учрах нөхцөл байдал үүсэхээргүй байсан байна.

Учир нь, төрийн нэрийн өмнөөс иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цагдаагийн албан хаагчид үүргээ биелүүлж хууль ёсны шаардлага тавьж, түүнийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, бусдын халдлагаас хамгаалах бүрэн боломжтой байхад тэрээр албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн албан хаагчийн эсрэг хийсэн үйлдэл, санаа зорилго, сэдэлтээрээ Т.Лг Б.Этай нэгдсэн гэж үзнэ.

Мөн ахлах ахлагч Д.Б нь 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Б/480 тоот Нийслэлийн цагдаагийн газрын даргын тушаалаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн тасгийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагчаар томилогдон ажиллаж байхдаа, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаад бусдын гарт амь нас нь хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 312 дугаартай тогтоолоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн 8.3.7 дахь заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Бы ар гэрт орон сууц, оршуулгын зардал, 120 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж зэрэг нийт 168.013.640 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн нь хуульд нийцсэн байна.

  Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь хохирогчийн ар гэрт олгосон тусламж, тэтгэмжтэй холбогдох нотлох баримтууд хуулийн шаардлага хангахгүй, эх хувь биш, нотариатаар гэрчлүүлээгүй, хуулбар баримтууд байсан гэсэн давж заалдах гомдол гаргасан.

Хэргийн материалд цагдаагийн Ерөнхий газраас гаргаж өгсөн хохирогч Д.Бы ар гэрт олгосон тусламж, тэтгэмжтэй холбоотой хуулбар баримтууд байгаа боловч Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдын гарын үсэг, тамгатай албан тоот, хавсралтаар Санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэд хурандаа Г.Даваахүүгийн гарын үсэг, тамгатай, хохирогч Д.Бы ар гэрт олгосон буцалтгүй тусламж, тэтгэмжийн талаарх жагсаалтыг хавсаргаж ирүүлснийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхээс уг баримтуудыг үнэлж, хохирогчийн ар гэрт олгогдсон хохирлыг гэм буруутай этгээдүүдээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Э нь 11 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч бусдад их хэмжээний буюу 472.425.742 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, дээр дурдсан бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон дансны хуулга зэрэг баримтууд нь өөр хоорондоо тохирч байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжээр илэрдэг.

Хэдийгээр Б.Э нь залилангийн гэмт үйлдлүүдээ хүлээн зөвшөөрдөггүй боловч хохирогч нарын танил тал, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, итгэл төрүүлдэг, тендерт оруулж өгнө, алтны уурхай ажиллуулдаг, алтаа тушаагаад мөнгө өгнө гэх мэтээр хуурч мэхэлдэг, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар бусдыг залилсан болох нь тогтоогдсон ба залилах гэмт хэргийн дээрхи шинжүүдийг түүний үйлдлүүд бүрэн хангаж байна.

Харин хохирогч Ц.Г “... би Б.Э гэж хүнийг танихгүй, Б.Цгийн данс руу 27.150.000 төгрөг шилжүүлсэн тул өөрийгөө Б.Цгийн хохирогч гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хуулийн дагуу холбогдох этгээдээс өөрийн хохирлыг нэхэмжлэх эрхийг нээж, гомдлыг хангаж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Э нь Б.Ц рүү утасдаж, ““Монгол менежмент” ХХК нь гүүрний тендерт орсон байна, энэ компанид таньдаг хүн байна уу” гэж асуусан. Б.Ц нь Ц.Гээс ““Монгол менежмент” ХХК-д таньдаг хүн байна уу” гэж асуухад “байгаа” гэж хэлэхээр нь “тендерт орсон уу, орсон бол   яриулах шаардлага байгаа юу” гэж асуугаад өгөөч гэхэд нь “шаардлагагүй” гэж хариу өгсөн байна. Ц.Г өөрөө 3-4 хоногийн дараа Б.Ц рүү утсаар яриад цаад хүнтэйгээ холбогдоод өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу Б.Ц Б.Э луу утасдаж асуухад “болох байх, мөнгө төгрөгөө бэлдэж бай” гэж хэлүүлсэн. Маргааш нь 27.150.000 төгрөгийг Ц.Г Б.Цгийн данс руу шилжүүлэн, Б.Эын данс руу заавал хийгээрэй, бэлнээр өгч болохгүй шүү гэж хэлсэн, улмаар Ц.Г, Б.Ц нар уг мөнгөнөөс хувь авахаар хоорондоо тохиролцсон хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 Энэ нь гэрч Б.Цгийн “... Ц.Г ахад хэлэхэд эхлээд “шаардлагагүй” гэж хариу өгсөн, үүнээс хойш 3-4 хоногийн дараа эргэж яриад нөгөө хүн рүүгээ эргээд холбогдоод өгөөч гэсэн. Би Б.Эт хэлэхэд “болно, мөнгө төгрөгөө бэлдчих” гэж хэлсэн. ...Ц.Г ах “мөнгө бэлэн болчихлоо, 27.150.000 төгрөгийг миний данс руу хийлээ гэсэн. ...” /7хх-181/ гэх мэдүүлэг, Б.Цгийн Хаан банкны 5720332431 тоот дансанд Ц.Гээс 27.150.000 төгрөг шилжиж орсон дансны хуулга /8хх-185/, Б.Цгийн Хаан банкны 5720332431 тоот данснаас Б.Эын 5063404142 тоот данс руу 22.625.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /8хх-185/, Б.Цгийн Хаан банкны 5720332431 тоот дансанд Б.Эын хохиролд төлсөн 3.000.000, 2.000.000 төгрөг шилжиж орсныг, Ц.Гийн данс руу шилжүүлсэн талаарх дансны хуулга /8хх-212-213/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Үүнээс үзвэл Ц.Г нь “Монгол менежмент” ХХК-ийн оролцсон тендерээс зохих ашиг олох гэж өөрөө Б.Цгээр Б.Э луу яриулж, тендерийн мөнгө шилжүүлж байгаа нь Ц.Гийг Б.Эт холбогдох хэргийн хохирогч болохыг баталж байна. Харин Б.Цг шүүгдэгч Б.Э, хохирогч Ц.Г нарын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзэхээр байх тул энэ талаар гаргасан хохирогч Ц.Гийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Э нь шүүх хуралдаанд эцсийн үг хэлүүлээгүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан боловч гэм буруугийн хурал завсарлахаас өмнө гэм буруугийн талаар тайлбар өгсөн, харин эцсийн болгож хэлэх зүйлийн талаар даргалагч асуухад “хэлэх зүйлгүй” гэсэн нь тэмдэглэлд бичигдсэн байх тул оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Б.Э, Т.Л нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, гэм буруудаа дүгнэлт хийгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, Б.Э нь олон удаагийн залилах гэмт хэрэгт холбогдож, уг хэрэг нь шүүхэд шилжиж, хянан хэлэлцэх явцад оргон зайлсан, улмаар түүнийг эрэн сурвалжилж байх үед цагдаагийн албан хаагчдаас зугтаж, хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн зэрэг шүүгдэгч нарын гэм буруугийн болон хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэж үзэхэд хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн нь болон ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/537 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр батлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Т, Я.Б, Ш.Г, шүүгдэгч Т.Л, түүний өмгөөлөгч Т.У, Ж.Б, хохирогч Ц.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/537 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Т, Я.Б, Ш.Г, шүүгдэгч Т.Л, түүний өмгөөлөгч Т.У, Ж.Б, хохирогч Ц.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН   

ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН