Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 110/ШШ2021/0001

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Е.Ж-ийн нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын  Сонгуулийн хороонд   холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн хорооны  2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар “Нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын З.С, А.С, Х.Д, Ж.Х нарт холбогдох хэсгийг  хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Е.Ж,  түүний өмгөөлөгч А,  хариуцагч Ногооннуур сумын Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ш.Р,  гуравдагч этгээд З.С, А.С, Х.Д, Ж.Х, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч С.Н, орчуулагч Б.А,  шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Е.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Тус сумын орон нутгийн сонгуулийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 4 дүгээр багаас  Ардчилсан намаас нэр дэвшигч миний бие 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орон нутгийн сонгуулийн санал хураалт, дүнгийн талаар доорх зөрчил гарч хууль бус үйл ажиллагаа болсон тул эсэргүүцэж гомдол гаргасан байгаа.  Тухайлбал:  Улаанчулуу багийн 0158 дугаар хэсгийн санал хураалт орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 64.7, 64.9, 65.3, 65.4, 65.5, 65.6, 65.7, 65.10, 65.11, 65.13.2, 65.13.4, 65.15 дугаар заалтуудыг тус тус зөрчсөн байгаа. Санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа нь алдагдсанаас болоод уг зөрчил гарсан байгаа. Үүний нэг жишээ өглөө эрт 8 цагийн үед санал өгсөн хэд хэдэн сонгогчийн саналын хуудсыг 1-2 удаа санал тоолох төхөөрөмж буцааж, 3 дахь удаа уншуулахад арай гэж авч байсан бол 12 цагийн үед дахин санал тоолох төхөөрөмж гацаж А.Б-ы саналын хуудсыг уншиж чадалгүй зогссон байсан. Оройн 6 цаг хагас гэхэд үйл ажиллагаа нь бүр алдагдаж эвдэрч саналын хуудас хүлээж аваагүй байсан.  Тэр хугацаанд хэсгийн хороо дээд шатны байгууллагуудад нэг ч удаа хандаж арга хэмжээ аваагүйгээс болоод цаг ойртох тусам сонгогч бөөнөөр нь орж ачаалал ихэдсэн үед бүр гацсан байсан. Дараа нь тус хэсгийн хороо шийдвэр гаргаж саналыг зөөврийн хайрцаганд авах тэмдэглэл хөтөлж, оройн 6 цагийн үед зөөврийн хайрцгаар санал авах шийдвэр гаргасан байсан. Мөн үүнээс гадна санал тоолох төхөөрөмж нь сонгогчийн зөв тэмдэглэсэн саналын хуудсыг 2 удаа буцааж хүчингүйд тооцсон тохиолдол гарсан байна. Өөрөөр хэлбэл зөв тэмдэглэсэн хүчинтэй хуудсыг санал тоолох төхөөрөмж хүлээн авч уншаагүйгээс саналын хуудсыг хүчингүйд тооцож, зарим сонгогч саналаа өгөөгүй.Санал тоолох төхөөрөмж санал хураах явцад хүчинтэй тэмдэглэсэн 40-өөд саналыг хүчингүйд тооцсон байсан гэсэн. Санал хураалтын хугацаа дуусах болоход иргэний бүртгэлийн итгэмжилсэн ажилтан сонгогчийн бүртгэлийн хуудсыг замбараагүйгээр сонгогчдод олгосон. Санал хураалт дуусах дөхөхөд итгэмжлэлийн хуудастай сонгогчид санал авах байрны  хаалгыг эвдэн дайран орж ирэхэд итгэмжлэлийн хуудастай сонгогчдод саналын хуудсыг бөөнөөр нь тарааж өгсөн. Саналаа бүхээггүй, нууц биш ил, санал хураах байрны хананд, коридорт, цонхны тавцанд, үүгээр барахгүй хэсгийн гишүүдийн өмнө саналын хуудас, үзгээ бие биедээ дамжин тэмдэглэн 60-аад сонгогчийн саналын хуудсыг нэг доор зөөврийн хайрцаганд хийсэн. Үүнээс болж санал хураалт замбараагүй болж, сонгогчид нууцаар саналаа өгөх боломжгүй болсон, саналын хуудсыг санал авах байрнаас авч гарч бөглөсөн зэрэг хууль бус үйлдлүүд гарсан байна. Энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7.6-д “сонгогч саналаа нууцаар өөрөө гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа өгөх боломжоор хангагдсан байна”, 65.3-д “сонгогч санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар тэмдэглэнэ”, 65.15-д “сонгогч саналын хуудаст саналаа тэмдэглэх үед тухайн сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглоно” гэж заасныг зөрчсөн бөгөөд хууль бус санал авах ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй.  Уг сонгууль замбараагүй болсныг нотлох нэг баримт бол саналын хуудас С.Ма-н гарт байсан. Энэ байдлыг санал хураах машин гацаж эвдэрснээс саналын хуудсыг авч хаясан, замбараагүй байдалтай сонгууль болсон гэж үзэхээс өөр аргагүй юм. Дээрх хууль бус санал авах ажиллагаа болсон болохыг сонгуулийн хороо мэдсээр байж Ногооннуур сумын 4 дүгээр тойрогт дэвшигчдийг хамгийн олон санал  авсан гэж үзэж, тогтоол гаргаж байгаа нь миний сонгогдох эрхийг зөрчиж, хууль бус санал хураалтын дүнг хууль ёсны мэтээр үзэж байна.

Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтын 4 дүгээр баг,0158 дугаар тойрогт нэр дэвшсэн З.С, А.С, Х.Д, Ж.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь сонгууль хууль журмын дагуу явагдаагүй. Санал тоолох төхөөрөмж нь эвдэрсэн, замбараагүй байдлаас болж сонгогдогч хүний  эрх ашиг зөрчигдсөн гэдэг үүднээс нэхэмжлэл гаргасан. Сонгуулийн хорооны дарга тайлбарлахдаа уг маргаанаас болж бүх сонгуулийн ажиллагааг хүчингүй болгох шаардлага байхгүй гэж байна. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс харахад, саналын хуудас авсан  хүн болгон саналын хуудсаа оруулахад гацаж байсан байна. Гацсан цаасыг буцааж аваад, шинэ саналын хуудас өгч байсан. Ийм байдалтай сонгууль замбараагүй болсон байна. Бичлэгээс харахад ч замбараагүй байдал үүссэн нь харагдаж байна. Тиймээс тухайн тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Тухайн үед хүчингүй болсон 58 саналын хуудсыг архивт өгсөн гэсэн. Гэтэл шүүхээс  саналын хуудсанд үзлэг хийхэд, хүчингүй саналын хуудас 58 биш, 57 байсан. Ийм зөрчил гарч байхад, үүнийг зөрчил гараагүй, хууль журмын дагуу явагдсан гэж хэлэх нөхцөл байдал байхгүй.  Мөн С.М гэдэг хүн саналын хуудсыг олж авсан байна. Тэр хүн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжөөс  аваагүй, хулгайлж аваагүй. Цонхны тавцанд хаячихсан болохоор нь олж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар 4 дүгээр баг буюу 0158 дугаар тойрогт нэр дэвшсэн З.С, А.С, Х.Д, Ж.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Ногооннуур сумын Сонгуулийн хорооны шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Ногооннуур сумын 4 дүгээр багт болсон санал хураалтын үйл ажиллагааг хууль журмын дагуу зохион байгуулсан. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж үнэмлэх олгох тухай сумын Сонгуулийн хорооны 08 дугаар тогтоол гарсан. Сонгуулийн бүх үйл ажиллагааг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан. Ногооннуур сумын нийт 9 багт санал хураалт хуулийн дагуу сумын Засаг даргын захирамжаар батлагдсан санал авах байруудад цагтаа эхэлж, цагтаа дууссан. Сонгуулийн өдөр 4 дүгээр хэсгийн санал тоолох төхөөрөмж нь хэвийн ажиллаагүйгээс шалтгаалан хугацаандаа саналаа өгч чадаагүй гэсэн ямар ч сонгогчоос тухайн өдөр, мөн түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд санал гомдол ирээгүй.  Тухайн өдөр, тухайн хэсэгт санал хураалт цагтаа эхэлж, орон нутгийн цагаар оройн 18 цаг 30 минут хүртэл ямар ч асуудалгүй хэвийн үргэлжилсэн. Санал хураалтын болон сонгогчдын ирц, мэдээ тайланг 4 дүгээр хэсгийн хорооноос хугацаандаа ирүүлж байсан. Бүх хэсгүүдийн ирүүлсэн мэдээг нэгтгэж аймгийн Сонгуулийн хороо, Тагнуулын алба, Цагдаагийн байгууллага, Иргэний бүртгэлийн мэдээллийн газарт цагтаа дамжуулж байсан. 18 цаг 40 минут орчимд 4 дүгээр хэсгийн хорооны дарга М.Г утсаар холбогдож, санал тоолох төхөөрөмж гацсан талаар, мөн сонгогчид саналаа өгөхөөр олноор дайрч байгаа талаар сумын Сонгуулийн хороонд мэдэгдсэн. Сумын Сонгуулийн хорооны дарга Ш.Р энэ нөхцөл байдлыг сумын Цагдаагийн тасгийн дарга Н.А, аймгийн Сонгуулийн хорооны дарга А.С болон аймгийн Тагнуулын албаны 80686060 дугаарын утсанд мэдээлсэн. Сумын сонгуулийн хорооноос тухайн хэсэгт зөвлөхдөө: Нэгэнт төвөөс нөөц төхөөрөмж  ирээгүй учир хуулийн дагуу санал тоолох төхөөрөмж хэвийн ажиллах хүртэл санал хураалтын үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр үргэлжлүүлэн гар аргаар буюу өөрөөр хэлбэл саналын хайрцгаар санал хураалт зохион байгуулахыг зөвлөсөн.  Өглөөнөөс орой хүртэл сонгогчид санал хураалтад маш цөөн тоогоор орж байсныг ирц бүртгэлийн явцын тайлангаас харж болно. Санал авах ажиллагаа дуусгавар болох хугацаа дөхөөд ирмэгц сонгогчид саналаа өгөхөөр олноор дайрсан байна. Энэ нөхцөл байдлыг цагдаагийн ажилтан Т.П болон хэсгийн хорооны дарга, гишүүд зохицуулалт хийж, санал хураалтыг хэвийн үргэлжлүүлэн сонгогчдыг санал өгөх боломжоор хангасан байна. Тухайн үед сонгогчид саналаа нууцаар өгөх боломж алдсан байдал гараагүй, бал үзэг хүрэлцээтэй, саналын хуудасны хавтас хүрэлцээтэй байсан бөгөөд санал авах байрнаас саналын хуудас авч гарсан гэх мэт хууль зөрчсөн үйлдэл гараагүй гэдгийг хэсгийн хорооны явцын тэмдэглэл гэрчилнэ. Мөн тухайн үед үүссэн нөхцөл байдалтай холбоотой хэсгийн хорооны тэмдэглэлд нэхэмжлэгч Е.Ж-ийн ажиглагч болох эхнэр Ж.А гарын үсгээ зурсан байна.  Төхөөрөмж гацах хүртэл санал тоолох төхөөрөмжөөр нийт 494 сонгогч саналаа өгсөн байна. Мэдээлэл технологийн даамал арга хэмжээ авч төхөөрөмж хэвийн үйл ажиллагаанд орсны дараа буюу хуулийн 68.4.3-т заасны дагуу саналын хайрцаганд байсан гар аргаар авсан саналын хуудсыг холбогдох журамд заасны дагуу төхөөрөмжид уншуулсан байна. Энэ бүхнийг тухайн хэсгийн хорооны иргэний бүртгэлийн мэдээлэл болон санал тоолох төхөөрөмжөөс гарсан биллүүд гэрчилнэ. Тухайн цаг үед болон түүнээс хойш хуулийн хугацаанд сумын сонгуулийн хороонд хууль зөрчсөн үйлдэл гарсан тухай ямар ч нэр дэвшигч, ямар ч сонгогч, аль ч намаас, ямар ч ажиглагч санал гомдол мэдүүлээгүй. Нэхэмжлэгчийн бичсэнээр санал тоолох төхөөрөмж сонгогчийн зөв тэмдэглэсэн саналын хуудсыг хоёр удаа буцааж хүчингүйд тооцож, үүний улмаас зарим сонгогч саналаа өгөөгүй гэсэн байна.  Санал тоолох төхөөрөмж зөв тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохгүй. Үүнд: сонгогч өөрөө буруу тэмдэглэгээ хийснээс үүдэлтэй төхөөрөмж таньж уншаагүй саналын хуудас нь хүчингүйд тооцогдох нь гарцаагүй. Ийм хуулийн үндэслэлгүй зүйлийг нэхэмжлэлийн үндэслэл болгож сонгуулийн хорооны шийдвэрийг хэн нэгний таамаг, дам яриаг үндэслэн хууль зөрчин хүчингүй болгож болохгүй. Тэр тусмаа 4 дүгээр хэсэг буюу тус багт хяналтын тооллого таарч, хяналтын тооллогын дүн санал тоолох төхөөрөмжийн биллтэй таарсан. Илүү, дутуу зөрүү гараагүй. Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан санал өгөхөөр ирсэн сонгогчийн хурууны хээг таниулж, сонгогчид бүртгэлийн хуудас олгож, санал өгөх боломжоор хангаж үүргээ гүйцэтгэсэн. Хууль бус санал авах ажиллагаа болсныг сонгуулийн хороо мэдсээр байж тогтоол гаргасан гэж Сонгуулийн хороог буруутгаж байгаа нь үнэнд нийцэхгүй. Сонгуулийн хороо нь санал тоолох төхөөрөмжийн дүнг үндэслэн хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг хуулийн хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр  Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ гаргаж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 06 тоот албан тоотоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн гэв.

Гуравдагч этгээд З.С, А.С, Х.Д, Ж.Х нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Е.Ж-ийн Улаанчулуу багийн 4 дүгээр тойрогт явагдсан орон нутгийн сонгуулийг хууль бус явагдсан, санал тоолох төхөөрөмж нь хэвийн ажиллаагүйн улмаас сонгогчид саналаа өгч чадаагүй гэж гаргасан гомдол нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.  Уг тойрогт төрийн албан хаагчаас бүрдсэн хариуцлагатай 9 хүн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд ажиллаж, санал хураалтын явцад гарсан асуудлуудыг цаг тухайд нь хуралдаж танилцуулж байсан юм. 2020  оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон нтугийн сонгууль өглөөний 6 цагт эхэлж,оройн 19 цагт сонгууль дууссан. Бид нар орж санал өгөхөд санал тоолох төхөөрөмж  эвдэрсэн тохиолдол гараагүй. Хэвийн ажиллаж байсан.Дунд нь санал тоолох төхөөрөмж бохирдсон учраас  цэвэрлэгээ хийж, дараа нь хэвийн ажилласан гэсэн. Саналын хуудсыг хүлээж авахгүй байсан тохиолдол нь сонгогчийн буруу тэмдэглэгээ  хийснээс болсон гэж үзэж байна. Тухайн үед сонгогчид өглөө саналаа өгөхгүй явж байгаад үдээс хойш олноор орж саналаа өгсөн. Санал өгч чадаагүй хүмүүс байгаагүй. Хуулийн дагуу бүх хүмүүс саналаа өгсөн. Санал өгөхөд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байгаагүй. Мөн уг нэхэмжлэлдээ С.Мийн гарт нэг ширхэг саналын хуудас байгаа талаар дурдсан байсан, үүнийг бид мэдэхгүй, огт хараагүй.  Санал хураалт хуулийн дагуу явагдсан, сонгогчдын өгсөн саналын тоогоор сонгуулийн дүн гарч, улмаар 4 дүгээр тойргийн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрсөн шийдвэр болох тогтоол гарсан юм.   Иймд 4 дүгээр тойрогт олонхийн санал авч төлөөлөгчөөр сонгогдсонд бид ямар ч буруугүй ба бидний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа тул Е.Ж-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгдүгээрт хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Ногооннуур сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолын гуравдагч этгээдүүд буюу хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Аймаг,нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-д “Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ”,81.4-т “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэж заасан. Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл хуулийн  81.4-т заасан 7 хоногийн дотор шүүхэд өргөдөл, гомдол нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн учраас 81.4-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан. 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.  Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах  нөхцөл байдал шүүх хуралдааны явцад илэрсэн гэж үзээд, 54.1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох  санал гаргаж байна.

Хоёрдугаарт, энэхүү нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь буруу. Яагаад гэвэл санал авах ажиллагааг хүчингүй болгуулах асуудалд маргаж байгаа боловч  сумын Сонгуулийн хорооны шийдвэрт гомдол гаргасан явдал хуульд нийцээгүй. Санал хураалтыг хүчингүйд тооцох гэдэг нь нэг зүйл,  харин төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоолыг хүчингүй болгох гэж нэг өөр асуудал байгаа. Нэхэмжлэгчийн гол ярьж байгаа зүйл нь санал хураалтыг хүчингүйд тооцуулах асуудал. Гэтэл санал хураалтад гомдол гаргахгүйгээр хэсгийн хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, санал хураалтад маргахгүйгээр шууд нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон сумын  Сонгуулийн хорооны шийдвэрт маргаад явсан. Сумын хорооны шийдвэр яаж гардаг вэ гэхээр хэсгийн хорооны дүнг нэгтгээд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцоод шийдвэр гаргадаг байгууллага. Өөрөөр хэлбэл 73.1, 73.2-т зааснаар хамгийн олон санал авсан, мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно. Хэсгийн хорооны үйл ажиллагаа, санал хураалт хууль бусаар явагдсан гэж байгаа боловч энэ талаар дээд шатны байгууллага буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар  сумын сонгуулийн хороонд гаргах ёстой. Сонгууль өгөх байранд замбараагүй байдал үүслээ, эсвэл зөөврийн саналын хайрцгаар санал авч хууль зөрчлөө,  цагаа хэтрүүллээ, иргэдийн нууцаар санал өгөх эрх нь зөрчигдлөө гэж үзвэл сумын сонгуулийн хороонд гаргах ёстой байсан. Тэнд гомдол гаргаагүй. Цаашид гомдол гаргах эрхээ алдсан гэсэн үг. Гэтэл нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн хорооны үйл ажиллагаанд гомдол гаргахгүйгээр сонгуулийн хорооны дүнг нэгтгэн гаргасан тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя гэсэн шаардлага нь өөрөө хуульд нийцээгүй. Хэсгийн хорооны санал хураалтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Санал хураалтыг хүлээн зөвшөөрсөн байхад яагаад тэрийг үндэслэж нэгтгэн дүн гаргасан сонгуулийн хорооны тогтоолд маргаж байгаа вэ.

 Хэсгийн хорооны санал хураалтыг хүчингүйд тооцуулахаар маргаж байсан бол сумын сонгуулийн хороо нь тэдний санал хураалтыг хүчингүйд тооцох хоёр үндэслэлийг хуульд зааж өгсөн. Аймаг, нийслэл, сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79.1-д Тухайн шатны сонгуулийн хороо дараах тохиолдолд санал хураалтыг хүчингүйд тооцно: 79.1.1-д “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол”, 79.1.2-д “саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол” гэсэн 2 үндэслэл байгаа. Нэхэмжлэгч энэ хоёр үндэслэлээс өөр үндэслэл яриад байна. Өөрөөр хэлбэл С.М гэдэг хүн саналын хуудсыг санал авах байрнаас нууцаар аваад явсан асуудал санал хураалтыг хүчингүй болгуулах үндэслэл болохгүй. С.М гэдэг хүн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Зөрчлийн  тухай хуулийг зөрчсөн учраас 10 сая төгрөгөөр торгуулах ёстой байсан байна. Санал авах байрнаас саналын хуудсыг нууцаар аваад явсан нь өөрөө зөрчил. Зөөврийн саналын хайрцгаар санал авсан асуудал байна. Тэрэнд тайлбар хэлэхэд, нэгэнт тухайн үеийн сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байсан хүмүүс шийдвэр гаргасан. Санал авах машин нь түр саатсанаас  болж, хүмүүсийн санал өгөх эрхийг хангах үүднээс сумын Сонгуулийн хорооноос зөвлөгөө авч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байсан. Зөөврийн хайрцгаар санал авсан явдал нь хуулийн 79.1.1, 79.1.2-д  заасан үндэслэлд хамаарахгүй. Нөгөөтээгүүр хуулийн тодорхой заалтыг зөрчсөн явдал нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол гэж заасан. Тухайн үеийн нийт сонгогчдын саналын хуудас, хүчингүй болсон санал,  өгсөн бүх саналуудад  шүүхийн зүгээс үзлэг хийж, судалгаа хийсэн байгаа. Санал тоолох төхөөрөмж гацсан үед битүүмжилсэн зөөврийн хайрцгаар санал авсан асуудал хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй. Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ялгаагүй хүчингүй болсон саналуудыг тооцсон ч  хамгийн олон санал  авсан 4  хүн нь хэвээр байгаа.

Нэхэмжлэгч талын ярьж байгаа зарим нэг үндэслэлүүд дээр тайлбар хэлэх нь зүйтэй байх. 50-60-аад хүн санал өгөхөд машин гацсан учраас нууцаар санал өгөх эрх нь зөрчигдсөн гэж ярьж байгаа боловч энэ нь сонгуулийн дүнд нөлөөлсөн талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Тэр хүн нууцаар санал өгөх эрхээ эдлээгүйгээс болж өөр хүний эрхшээлд орж, түүний хэлснээр тэр хүнийг сонгосон юм аа гэдэг зүйлийг хэн ч яриагүй. Мөн бичлэгээс харахад бүртгэл хийхдээ бөөнөөр нь оруулж ирсэн. Дараа нь  нэг нэгээр орж саналаа өгсөн байна. Нууц алдагдаж, журам зөрчигдсөн, үймээн самуун болсон гэдэг асуудал үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Иймээс 2 үндэслэл гаргаж байгаа. Нэгдүгээрт, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ нэхэмжлэлийг хүлээн авахаас  татгалзах үндэслэл байхад нэхэмжлэлийг хүлээн авч  хэрэг үүсгэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй асуудал нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон учраас  хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хоёрдугаарт, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө  үү. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй, хариуцагчийг буруу тодорхойлсон байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Е.Ж-ийн “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн хорооны  2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар “Нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын З.С, А.С, Х.Д, Ж.Х нарт холбогдох хэсгийг  хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн хорооны  2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар “Нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолоор[1]сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын сонгуульд оролцож,хамгийн олон санал авсан нэр  дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, нэрсийг нь хавсралтаар баталсан байх ба хавсралтын дэс дугаарын 6,7,8,9-д зааснаар 4 дүгээр /Улаанчулуу/ багаас нэр дэвшигч А.С, Х.Д, Ж.Х, З.С нарыг  төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон байна.

            Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 32 дугаар “Орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог байгуулах,тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр,төвийг тогтоох тухай” тогтоол[2],түүний хавсралтад зааснаар  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9 тойрогтой байхаар, Улаанчулуу /4 дүгээр/ багийн нутаг дэвсгэр хамаарах 4 дүгээр тойрог нь 4 мандаттай байхаар тогтоожээ. Мөн Тэргүүлэгчдийн  2020 оны  05 дугаар сарын  27-ны өдрийн 33 дугаар “Орон нутгийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулах, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” тогтоолоор[3] сонгуулийн 9 хэсгийг байгуулсан байх ба 4 дүгээр хэсгийн /сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 0158 дугаар хэсэг/ төв нь Улаанчулуу багийн төв /багийн хурлын заал/ байхаар, уг хэсэгт Улаанчулуу багийн нутаг дэвсгэр хамаарахаар  шийдвэрлэжээ.

            Аймаг, нийслэл, сум , дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сумын Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолын[4] хавсралтад зааснаар Ногооннуур сумын Сонгуулийн хороог дарга Ш.Р, нарийн бичгийн дарга Т.М, гишүүд Х.Ш, А.Х, Х.Ц нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаар тогтоолоор[5]  Т.М-ийг нарийн бичгийн даргаас чөлөөлж, Ж.С-ийг томилон ажиллуулсан байна.  Мөн Ногооннуур сумын Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолоор[6]  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн  баталсан байх ба 0158 дугаар хэсгийн хороог /Ногоонуур сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 4 дүгээр хэсгийн хороо/ дарга М.Г, нарийн бичгийн дарга А.Д, 7 гишүүний  бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сонгуульд 4 дүгээр /Улаанчулуу/ багаас  Монгол Ардын намаас  Ж.Х нарын 4 хүн,  Ардчилсан намаас А.С, Х.Д З.С, Е.Ж нарыг тус тус нэр дэвшүүлснээр эдгээр нэр дэвшигчдийг Ногооннуур сумын Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор[7] нэр  дэвшигчээр бүртгэсэн байх ба   хэргийн оролцогчид эдгээр үйл баримтын  талаар маргаагүй болно.

2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ногооннуур сумын  Улаанчулуу /4 дүгээр/ багийн  хурлын зааланд буюу  0158 дугаар хэсгийн  санал авах байранд санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар 07 цагт эхэлсэн, санал авах ажиллагаа эхэлмэгц  2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн 1 сонгогчийн регистрийн дугаараар бүртгэл хийж, сонгогчийн бүртгэлийн хуудсыг итгэмжлэгдсэн ажилтнаар гаргуулж аваад   уг сонгогчийн  саналын хуудсыг  санал тоолох төхөөрөмжид хийсэн, санал авах ажиллагааны явцад санал тоолох төхөөрөмж саналын  хуудсыг уншихгүй байх тохиолдол гарч,  мэдээллийн технологийн даамлаас цэвэрлэгээ хийснээр  санал тоолох төхөөрөмж хэвийн ажиллаж байсан, санал авах ажиллагааны хугацаа дуусах дөхсөн  буюу 18:30 цагийн үед санал тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарч хэвийн ажиллахгүй болсноор 0158 дугаар хэсгийн хорооны шийдвэрээр саналаа өгөхөөр ирсэн үлдсэн 54 сонгогчийн саналын хуудсыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийлгэсэн, санал авах ажиллагаа дууссаны дараа  санал тоолох төхөөрөмжийг янзалж хэвийн ажилласнаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг дахь саналын хуудсыг  төхөөрөмжид уншуулсан, үүний дараа санал тоолох төхөөрөмжөөс дүнгийн хуудас хэвлэж гаргасан нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[8] тогтоогдож байна.

Сонгуулийн 0158 дугаар хэсгийн ирцийн бүртгэлийн хаалтын тайланд зааснаар  нийт 555 сонгогч  бүртгүүлсэн[9], санал тоолох төхөөрөмжөөс хэвлэж гаргасан дүнгийн хуудаст[10] зааснаар  санал тоолох төхөөрөмжид нийт уншигдсан хүчинтэй саналын хуудас 541, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч А.С 300 санал, Х.Д 289, Ж.Х 284, З.С 275, Е.Ж  273 санал авсан байх ба хэсгийн хорооноос нийт хүлээн авсан саналын хуудас 691, хүчинтэй саналын хуудас 541,   хүчингүй саналын хуудас 58, зарцуулагдаагүй саналын хуудас 92  гэсэн санал хураалтын дүн[11]   гаргасан байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий тогтоолын  А.С, Х.Д, Ж.Х, З.С нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Сонгогчид саналаа нууцаар өгөх боломжгүй байсан, саналын хуудсыг санал авах байрнаас авч гарч бөглөсөн, санал тоолох төхөөрөмж гацаж  сонгогчдын зөв тэмдэглэсэн саналын хуудсыг уншихгүй буцаасан, сонгогчдод дахин  саналын хуудас олгосон, санал авах хугацаа дууссанаас  хойш санал авсан, санал хураалтын явцад саналын хайрцгаар санал авсан, сонгууль замбараагүй болсныг нотлох нэг баримт бол 1 ширхэг саналын хуудас С.М-ийн гарт байсан зэргээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ногооннуур сумын 4 дүгээр багт орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа хууль бусаар явагдсан байхад уг санал хураалтын дүнг хууль ёсны гэж, дээрх нэр дэвшигчдийг хамгийн  олон санал авсан гэж тус тус үзэж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоол гаргасан нь миний сонгогдох эрхийг зөрчсөн” гэж тодорхойлж маргасан.

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2-т зааснаар сонгуулийн 0158 дугаар хэсгийн хороо нь санал авах байр, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, сонгогчийн бүртгэлийн болон санал тоолох төхөөрөмж, санал бэлтгэх  бүхээг, саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас, тусгай тэмдэглээний үзэг зэрэг санал авахад шаардлагатай зүйлийг бэлтгэсэн байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[12]  тогтоогдож байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар саналын хуудсыг санал авах байрнаас авч гарч бөглөсөн гэх зөрчил нь тогтоогдохгүй байгаа, харин гэрч С.М “саналын хуудсаа  бүхээгт биш цонхны тавцанд бөглөсөн”, гэрч М.Б, Х.О, Х.Х нараас “50-60 хүн  бүхээгний хажууд бөөгнөрч зогсож  саналын хуудастаа тэмдэглэгээ хийсэн, үүнийг өрөөний хаалга онгорхой байсан тул гаднаас харж байсан, сонгогчид саналаа нууцаар өгөх боломжгүй байсан” гэж мэдүүлсэн[13] боловч энэ нь хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа, өөрөөр хэлбэл ажиглагч нараас  санал авах үйл явцад зөрчил гарсан талаар хэсгийн хороонд мэдэгдээгүй, гомдол хүсэлт гаргаагүй байна. Түүнчлэн   С.М болон бусад сонгогчдоос саналаа нууцаар  илэрхийлэх боломжийг хангаагүй талаар  тухайн үед гомдол, хүсэлт гаргаагүйгээс гадна  гэрч С.М  “саналаа нууцаар өөрөө гаргах  эрхэд нь хөндлөнгөөс нөлөөлсөн” гэж  мэдүүлээгүй тул сонгогчийн саналаа нууцаар гаргах  эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 - 20:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна” гэж заасан. Гэрч сонгуулийн 0158  дугаар хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд болон мэдээллийн технологийн даамлаас “0158 дугаар хэсэгт сонгогчийн саналыг  орон нутгийн цагаар 06:00-19:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авсан” гэж, гэрч Х., Х.Х, М.Б нараас “...санал авах байранд байсан 50-60 сонгогч саналаа өгч дуусахад 19:00 цаг өнгөрсөн гэж бодож байна” гэж зөрүүтэй  мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[14]  орон нутгийн цагаар 19:00 цагт сонгогчдын бүртгэл зогссон  болох нь тогтоогдож байгаа, түүнчлэн  мөн хуулийн  64 дүгээр зүйлийн 64.14-т “Санал авах өдрийн 20:00 цагт сонгогчдын бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа авсан сонгогчийн саналыг нь өгүүлнэ” гэж заасан байх тул хууль зөрчигдсөн гэж үзэх   үндэслэлгүй байна.

3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-т “Сонгогч саналаа тэмдэглэсний дараа... саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ”, 65.7-д “Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч, саналаа өгч болно” гэж тус тус зохицуулснаар санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй тул нийт 44 хүнд дахин саналын хуудас 0158 дугаар хэсгийн хорооноос олгож, энэ талаар  тэмдэглэл хөтөлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[15] тогтоогдож байна. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т “Сонгогч саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө”, 71 дүгээр зүйлийн 71.1-д “Тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно”, 71.2-т “Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно” гэж саналын хуудсыг хүчингүйд тооцох үндэслэлүүдийг хуульчилсан. Мөн  хуулийн 70 дугаар зүйлийн 70.7-д “Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн тухайн хэсгийн санал хураалтын дүн байна”,  70.9-д “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудас хүчинтэй саналын хуудас байна” гэж тус тус зааснаар санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хүчинтэй гэж үзэж, санал хураалтын дүнг төхөөрөмжөөс гарсан дүнгээр тооцохоор  зохицуулсан тул нэхэмжлэгчийн санал тоолох төхөөрөмж  зөв тэмдэглэсэн саналын хуудсыг  уншихгүй буцаасан, сонгогчдод дахин саналын хуудас олгосон гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн  68.4-т “Санал авах байранд санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллаж байгаа даамал гэмтэл, саатал гарсан тохиолдолд дараах арга хэмжээг авна: 68.4.1.мэдээллийн технологийн багт шуурхай мэдэгдэх ба гэмтэл, саатлыг арилгах боломжгүй тохиолдолд мэдээллийн технологийн багаас туслалцаа авах, санал тоолох нөөц төхөөрөмжид санал авах, тоолох ажиллагааг шилжүүлэх арга хэмжээг нэн даруй авах; 68.4.2.санал тоолох хоёр дахь болон нөөц төхөөрөмж байхгүй тохиолдолд хэсгийн хорооны зөвшөөрлөөр саналын хайрцгийн нөөц тасалгааны лацыг хөндөж саналын хуудсыг хийлгэх; 68.4.3.санал тоолох төхөөрөмж хэвийн ажиллагаанд шилжсэний дараа саналын хайрцгийн нөөц тасалгаан дахь саналын хуудсыг холбогдох журамд заасны дагуу төхөөрөмжид уншуулна” гэж тус тус  заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[16] 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сонгуулийн 0158 дугаар хэсэгт санал авах ажиллагааны хугацаа дуусах дөхсөн  буюу 18:30 цагийн үед санал тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарч хэвийн ажиллахгүй болсноор 0158 дугаар хэсгийн хорооны шийдвэрээр үлдсэн сонгогчдын саналын хуудсыг  зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийлгэсэн,  санал авах ажиллагаа дууссаны дараа  санал тоолох төхөөрөмжийг янзалж хэвийн ажилласнаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг дахь саналын хуудсыг  төхөөрөмжид уншуулсан,  тус хэсэгт санал тоолох хоёр дахь болон нөөц төхөөрөмж байхгүй  болох нь  тогтоогдсон болно. Хуульд  санал тоолох хоёр дахь болон нөөц төхөөрөмж байхгүй тохиолдолд  саналын хайрцгийн нөөц тасалгааны лацыг хөндөж саналын хуудсыг хийлгүүлэхээр зохицуулсан байгаа боловч  хэсгийн хорооны гишүүд болон мэдээллийн технологийн даамлаас  зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт саналын хуудас хийлгэсэн  үндэслэлээ  санал тоолох төхөөрөмжид нөөц тасалгаа байдаг гэдгийг мэдээгүй гэж тайлбарласан бөгөөд нэгэнт   дээр дурдсанаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг дахь саналын хуудсыг  санал тоолох төхөөрөмжид уншуулсан  үйл баримт тогтоогдож байгаа тул үүнээс болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Дээрх байдлаар санал авах ажиллагааны явцад гарсан гэх  зөрчлүүд нь тогтоогдохгүй, санал хураалтын үйл ажиллагаа хууль бус явагдсан гэж үзэх үндэслэлгүй байгаагаас гадна  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1-д “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол”, 79.1.2-т “саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол” гэж санал хураалтыг хүчингүйд тооцох тохиолдлуудыг  хуульчилсан ба нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлүүд нь  санал хураалтыг хүчингүй болгох тохиолдолд хамаарахгүй байна. Нэхэмжлэгчээс Ногооннуур сумын 4 дүгээр багийн оршин суугч С.М-ийн олж авсан гэх 1 саналын  хуудсыг нотлох баримтаар[17] ирүүлсэн ба                                                                         шүүхээс  архивд хадгалсан сонгуулийн 0158 дугаар хэсгийн  саналын хуудсанд хийсэн үзлэгээр[18] хүчингүйд тооцсон 58 саналын хуудаснаас нэг  саналын хуудас дутсан. Гэхдээ сонгуулийн 0158 дугаар хэсэгт явагдсан санал авах ажиллагаатай холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар сонгогч санал авах байрнаас саналын хуудас авч гарсан гэх асуудлаар шалгаж байгаа, шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг, мөн Эрүүгийн хуулийн 14.5, 14.6, 14.7 дугаар зүйлд тус тус  зааснаар иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх,сонгуульд хууль бусаар нөлөөлөх, сонгуулийн саналын хуудсыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, ашигласан  гэх асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, шалгаж шийдвэрлэсэн  хэрэг байхгүй болох нь тус тус тогтоогдсон[19] тул шүүхээс тухайн С.М-ийн олж авсан гэх 1 саналын хуудсыг  хүчингүйд тооцсон 58 саналын хуудаснаас дутсан  саналын хуудас байна гэж үнэлэх боломжгүй байна.

Харин архивд хадгалсан сонгуулийн  0158 дугаар хэсгийн  саналын хуудсанд хийсэн үзлэгээр хүчингүйд тооцсон 58 саналын хуудаснаас нэг  саналын хуудас дутсан үйл баримт тогтоогдож байгаа боловч энэ нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр зөрчил биш гэж үзлээ. Учир нь дээр дурдсанчлан санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хүчинтэйд тооцож, санал хураалтын дүнг төхөөрөмжөөс гарсан дүн байхаар  хуульчилсан ба шүүхээс  сонгуулийн 0158 дугаар хэсгийн  саналын хуудсанд хийсэн үзлэгээр[20] хүчинтэй саналын хуудас 541 гарсан буюу хэсгийн хорооны гаргасан санал хураалтын дүнтэй таарч байгаа. Өөрөөр хэлбэл санал тоолох төхөөрөмжөөс нийт уншигдсан хүчинтэй саналын хуудас 541, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч А.С 300 санал, Х.Д 289, Ж.Х 284, З.С 275, Е.Ж 273 санал авсан гэсэн дүнгийн хуудас гарсан, мөн тухайн хэсэгт хийгдсэн хяналтын тооллогоор санал тоолох төхөөрөмжид уншигдсан  нийт саналын хуудас, нэр дэвшигчдийн авсан саналд зөрүү  гараагүй болох нь хэрэгт  авагдсан нотлох баримтуудаар[21] тогтоогдож байгаа  тул  нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоонд  өөрчлөлт орохгүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчээс  хүчингүйд тооцсон 58 саналын хуудасны 12  саналын  хуудас нь хүчинтэй саналын хуудас гэж маргасан боловч Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.9-д “санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудас хүчинтэй саналын хуудас байна” гэж зааснаар  санал тоолох төхөөрөмжид уншигдаагүй саналын хуудсыг  хүчинтэй саналын хуудас гэж үзэх үндэслэлгүйгээс гадна уг 12 саналын хуудсаар[22] нэр дэвшигчдэд өгсөн саналыг тооцож үзсэн ч гуравдагч этгээд А.С 6 санал, Х.Д 5 санал, Ж.Х 11  санал, З.Су 3 санал,  нэхэмжлэгч Е.Ж  3 санал  авсан  буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчид ба түүний дараах нэр дэвшигчийн байр солигдохгүй  болохыг дурдах нь зүйтэй.

Маргаан бүхий тогтоол нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.3-т тус тус зааснаар Ногооннуур сумын Сонгуулийн хорооноос гаргасан сонгуулийн хэсгийн хорооны танилцуулсан санал тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын дүнг үндэслэж хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү  тооны нэр  дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон  шийдвэр бөгөөд нэхэмжлэгчээс сонгуулийн  0158 дугаар хэсэгт явагдсан санал хураалтын үйл ажиллагаа хууль бус болсон гэсэн үндэслэлээр маргасан боловч тухайн хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцуулахаар хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2,79.3-т зааснаар тухайн шатны сонгуулийн хороонд гомдол гаргаагүй, мөн шүүхэд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Дээрх байдлаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн хорооны  2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар “Нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоол нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.3-т заасантай нийцсэн бөгөөд уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэх  үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7, 70.9, 73 дугаар зүйлийн 73.1,73.2,73.3, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е.Ж-ийн “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн хорооны  2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар “Нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын З.С, А.С, Х.Д, Ж.Х нарт холбогдох хэсгийг  хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар  зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 31-33-р хуудас

[2] Хэргийн 106-107-р хуудас

[3] Хэргийн 108-109-р хуудас

[4] Хэргийн 12-13-р хуудас

[5] Хэргийн 14-р хуудас

[6] Хэргийн 135,139-р хуудас

[7] Хэргийн 26-28-р хуудас

[8] Хэргийн 69,70,76,77,90,91,149-152,156-160,167-170,214-217-р хуудас

[9] Хэргийн 70-р хуудас

[10] Хэргийн 70-р хуудас

[11] Хэргийн 90-91-р хуудас

[12] Хэргийн 73,74,75,77,149-152,156-160,167-170,214-217,226-227,234-235-р хуудас

[13] Хэргийн 210-211,221-222,239-240,243-244-р хуудас

[14] Хэргийн 70-р хуудас/1-р хавтас/,  21-22-р хуудас /2-рхавтас/

[15] Хэргийн 36-67,79,80,81,84,85,86,88,89,149-152-р хуудас

[16] Хэргийн 70,90,91,149-152,156-160,167-170,210-211,214-217-р хуудас

[17] Хэргийн 122-124-р хуудас

[18] Хэргийн 247-248-р хуудас

[19] Хэргийн 172-р хуудас

[20] Хэргийн 247-248-р хуудас

[21] Хэргийн 70, 149-152,156-160,167-170,214-217 -р хуудас/1-р хавтас/, 13-р хуудас /2-р хавтас/

[22] Хэргийн 249-260-р хуудас