Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2023/0473/з |
Дугаар | 221/МА2024/0514 |
Огноо | 2024-07-31 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2024/0514
О.Гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З
Нэхэмжлэгч: О.Г
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Д.Д, А.М, Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 296 кв.м газрыг О.Г-д өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтайн 2 дугаар гудамж, 137 тоот хашааны 414.8 кв.м газрыг О.Г-д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0266 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч О.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О
Гуравдагч этгээд Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн
Хэргийн индекс: 128/2023/0473/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Г-оос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 296 кв.м газрыг О.Галсандоржид өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтайн 2 дугаар гудамж, 137 тоот хашааны 414.8 кв.м газрыг О.Г-д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0266 дугаар шийдвэрээр: Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасныг баримтлан О.Г-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 296 кв.м газрыг О.Г-д өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтайн 2 дугаар гудамж, 137 тоот хашааны 414.8 кв.м газрыг О.Г-д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: гуравдагч этгээд Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч О.Г нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/332 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд ийнхүү нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг тус тус зөрчиж буюу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан байдаг. Учир нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар нэхэмжлэгч О.Г-д 297 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн ба ийнхүү захиргааны акт гарснаас хойш 7 жилийн дараа тухайн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн захирамж гарсан даруй газар өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан ба тус гэрчилгээгээр 296 м.кв газрыг өөрт нь өмчлүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгон баталгаажуулсан болохыг сайтар мэдэж буй юм. Мөн нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэл болон Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №21/55 тоот /1х-8 дахь тал/ албан бичгээр тус тус тогтоогдсон. Тухайлбал, О.Г-ийн нэхэмжлэлийн үндэслэлд:
-2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ 296 м.кв гэж гарсан байсан.
-Харин 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “М Э И” ХХК-иар хэмжилт хийлгэж 414.8 м.кв хэмжээтэй гэдгийг анх олж мэдсэн.
-2022 оны 04 дүгээр сарын 21-нд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 106 тоот өрөөнд очиж уулзахад “манайх шийдвэрлэхгүй, өөрсдөө хоорондоо зохиц” гэсэн хариуг өгсөн.
-2022 оны 04 дүгээр сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд өргөдөл гаргасан. 2022 оны 05 дугаар сарын 05-нд өргөдлийн хариуг бичгээр очиж авсан хэмээн тус тус дурдсан байдаг.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/332 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 296 м.кв газрыг өмчлүүлсэн болохыг захиргааны акт гарсан цаг мөчөөс эхлэн мэдэж байсан ба харин 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хашааны газрын хэмжээг тодорхойлуулж, улмаар 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гомдлынхоо хариуг авсан болох нь дээрх баримтуудаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл, Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой бөгөөд энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой байсан.
Нөгөөтээгүүр, Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс хэрэгт авагдсан дээрх үйл баримтад үндэслэн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тайлбарлан мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг тус тус хэрэглээгүй буюу дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №0266 дугаар шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 24 дэх заалтад “... нэхэмжлэгчийн бодитоор өмчилж, ашиглаж, эзэмшиж байгаа газар 414.8 м.кв талбай бүхий газар нь 297 м.кв талбай бүхий газар гэж зөрүүтэй газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж, мөн зөрүүтэй хэмжээгээр эзэмшүүлэх болон өмчлүүлэх шийдвэр гарсан байна” хэмээн дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд шүүхийн дээрх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч О.Г нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Алтай-16-30 тоот/ одоогийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 2 дугаар гудамж, 137 тоот/ хаягт байрлах 2977 м.кв газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь О.Г-оос гаргасан бөгөөд захиргааны байгууллага нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг нь үндэслэн түүнд 297 м.кв хэмээн тодорхойлж хүсэлт гаргасан ба энэ тохиолдолд хуулийн дээрх заалтыг хариуцагч зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй болно.
Нөгөөтээгүүр, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Газар өмчилж авах эрх бүхий иргэн дараах үүрэгтэй”, мөн хуулийн 19.2.1-д “Кадастрын зураглалын ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу газрын улсын бүртгэлийн кадастрын зураг хийлгүүлэх”, 19.2.2-т “өмчлөлийн газрынхаа заагийг газар дээр тэмдэгжүүлэх” гэж тус тус заасан. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага хууль зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй ба харин нэхэмжлэгч нь хуулийн дээрх заалтад заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/332 дугаар захирамж нь нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт /297 м.кв газар өмчлөх/-ийн хүрээнд гарсан тул хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчсөн буюу хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Гэвч анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг хэрэглээгүй бөгөөд уг үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй /нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй/ байх ба хэрэгт авагдсан О.Г-ийн хүсэлт /1-р хавтас 96-р тал/-ийг үгүйсгэсэн, няцаасан баримт болон дүгнэлтгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.
3.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсний улмаас гуравдагч этгээд Д.Д болон бусад гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчөөд байна.
Учир нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны №254 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Алтайн 16-31а тоот хаягт байрлах 670 м.кв талбай бүхий газрыг Д.Д өмчлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд заасны дагуу өмчлөгчийн эрхийг гагцхүү хуулиар хязгаарлана гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Галсандоржид 414.8 м.кв газрыг өмчлүүлэх тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн мэт боловч бодит байдалд гуравдагч этгээд Д.Д-ийн өмчлөх эрхэд шууд халдаж, түүний өмчлөлийн газраас 117 м.кв газрыг хасч нэхэмжлэгчид өмчлүүлэх хууль зүйн үр дагаврыг үүсгээд байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар газар өмчлүүлэх шийдвэрийг төрийн захиргааны байгууллага гаргах ёстой болохоос биш шүүх нэг өмчлөгчийн эрхийг сэргээж буй нэрийн доор нөгөө өмчлөгчийн өмчлөх эрхэд шууд халдаж буй нь үндэслэлгүй юм.
Нөгөөтээгүүр, Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн хүрээнээс хальж, дээрх байдлаар хууль зүйн үндэслэлгүйгээр гуравдагч этгээд Д.Д-ийн өмчлөх эрхэд халдсан гэж үзэхээр байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Алтайн 16-31а тоот хаягт байрлах 670 м.кв Д.Д-д өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны №254 дүгээр захирамж хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч тухайн захирамжийн Д.Д-д холбогдох хэсэгтэй огт маргаагүй атал нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.Г гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхэд аливаа байдлаар нөлөөлөх шийдвэрийг гаргах үндэслэлгүй юм. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсний улмаас Д.Д-аас гадна олон гуравдагч этгээдийн газар эзэмших, өмчлөх эрхэд халдах, олон маргаан үүсэх нөхцөлийг бүрдүүлээд байна.
3.4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн хуулийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, мөн хуулийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч нь 297 м.кв газрыг өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчилж буй нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх Газрын тухай хуульд байхгүй ойлголт болох хашааны газар гэх ойлголтыг гаргаж ирж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д “”нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус заасан ба Газрын тухай хуульд заасан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх байхгүй болно.
3.5. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/332 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Гэвч Нийслэлийн Засаг даргын 2008 оны №254 дүгээр захирамжаар нэхэмжлэгч О.Галсандорж болон түүний гэр бүлийн гишүүд болох Н.Б, Г.М нарын өмчлөлд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Алтайн 16-30 тоот хаягт байрлах 297 м.кв газрыг хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн ба уг захирамж нь өмчлөх эрх үүсгэсэн акт. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад буй маргаан бүхий акт болох 2016 оны А/332 дугаар захирамж нь хамтран өмчлөгч хассаныг баталгаажуулсан акт юм.
Гэтэл нэхэмжлэгч өөрт нь газар өмчлөх эрх үүсгэсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны №254 дүгээр захирамжийн холбогдох хэсэгт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй атлаа хамтран өмчлөгч хассаныг баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/332 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт нь нэхэмжлэгчид 297.м.кв газрыг өмчлөх эрх үүсгэсэн захирамж биш бөгөөд тухайн захиргааны актыг хүчингүй болгон шийдвэрлэх тохиолдолд хамтран өмчлөгч байсан Н.Б болон Г.Мнарын өмчлөх эрх сэргэхээр байна.
3.6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж заасан ба Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/332 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гэж заасан ба Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/332 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалт болон үйл баримтад огт дүгнэлт хийлгүйгээр эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Дээр дурдсанчлан, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтыг ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0266 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ
4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд Д.Долгормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
3. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид Зөвлөгөөн гэх/ ажиллана”, 19.2-т “Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ: гээд 19.2.5. энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 72.2-т “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 72.1-д заасан журмаар томилно” гэж тус тус заасан.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, О.Г-оос Нийслэлийн Засаг даргадхолбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 296 кв.м газрыг О.Галсандоржид өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтайн 2 дугаар гудамж, 137 тоот хашааны 414.8 кв.м газрыг О.Г-д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүгч С.Ганбатад хуваарилсны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2023/4863 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ЕШ2024/0078 дугаар захирамжаар О.Г-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчээр шүүгч С.Г-ыг томилсон шийдвэрийг албажуулсан байна. (хэргийн II хавтасны 41 дэх талд)
6. Үүнээс хойш хэргийг тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор, хуульд заасан үндэслэлээр хэд хэдэн удаа өөр шүүгчид шилжүүлж байсан бөгөөд Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 331 дүгээр тогтоолоор шүүгч С.Г-аас шүүгч Ц.О-д дахин шилжүүлсэн.
Харин шүүгч С.Г-д хуульд заасан журмын дагуу хэргийг буцаан шилжүүлсэн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, хэрэг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж шийдвэргүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарна.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулж байсан шүүгч Ц.О-аас 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд шүүгч С.Г-д хэргийг буцаан шилжүүлсэн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх даргалагчаар шүүгч С.Г-г албажуулсан тухай холбогдох шийдвэр бичгээр гарсан эсэх нь тодорхойгүй, тэдгээрийг хэрэгт хавсаргаагүй (193 хүртэл дугаарлагдсан хэргийн II хавтсанд байхгүй) энэ тохиолдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь дангаараа шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болох хэдий ч давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянасан учир хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарвал зохих дараах асуудлыг нэг мөр дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.
8.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримтыг нотлох баримтаар эргэлзээгүй тогтоож, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.
Тухайлбал, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь одоо өмчилж буй газраа өмнө нь дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшиж байсан ба Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 369 дүгээр захирамжаар О.Г-д 297 кв.м газрыг, дүүргийн Засаг даргын 2007 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1 дүгээр захирамжаар Д.Д-д 670 кв.м газрыг,дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар А.М-д 556 кв.м газрыг тус тус эзэмшүүлж шийдвэрлэсэн ба бодитоор хашаалсан газрын хэмжээ нь дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн, улмаар нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлүүлсэн газрын хэмжээнээс зөрүүтэй эсэхийг тогтооход чиглэсэн ажиллагааг явуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.
8.2. Үүнээс хамаараад нэхэмжлэгчийн бодитоор хашаалсан газрын хэмжээ нь 414.8 кв.м талбайтай байхад, захирамж, гэрээ, гэрчилгээнд 296 кв.м гэж мэдээллийн санд бүртгэгдсэн, эсхүл угаасаа 296 кв.м бус 414.8 кв.м талбай бүхий газрыг эзэмшиж өмчлөх ёстой гэж маргаж байгаа үндэслэлийг тодорхойлохоор байхаас гадна О.Г-д анх 297 кв.м газар эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 369 дүгээр захирамжийг хэрэгт нотлох баримтаар цуглуулаагүй.
8.3. Гэтэл анхан шатны шүүх “…нэхэмжлэгч О.Г-ийн бодитоор өмчилж, ашиглаж, эзэмшиж байгаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 43-р хороо Алтайн 2-137 тоот хаягт байрлах 414.8 м.кв талбай бүхий газар нь иргэн Д.Д-ийн өмчлөлийн 669 м.кв талбай бүхий газартай 117 м.кв, иргэн Б.Э-ын өмчлөлийн 625 м.кв талбай бүхий газартай 1 м.кв талбайгаар тус тус Газрын кадастрын мэдээллийн санд давхцалтай байна. ...Харин бодит байдал дээр хашаалсан хэмжээгээрээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар нь ямар нэгэн давхцал байхгүй бөгөөд мөн үүнтэй холбоотой маргаан байхгүй болохыг дурдах нь зүйтэй.” гэж маргааны үйл баримтын талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.
9. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад бүрэн гүйцэт дүгнэлт хийгээгүй, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулаагүй, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан учраасшийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0266 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ