| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2018/03826/и |
| Дугаар | 3514 |
| Огноо | 2018-11-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 3514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 170Б дугаар байр, 78 тоотод оршин суух, Архө овогт Лхамсүрэнгийн Батсүрэн /РД: ЧИ73031098/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамж, 70 тоотод оршин суух, Бөртэ овогт Төмөрбаатарын Цолмон /РД: ЧН74112401/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Батсүрэн, хариуцагч Т.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Батсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хурадаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 онд Т.Цолмонтой танилцаж 2005 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд хүү Б.Даян 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Одоо бид хоёр тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй, хүү ээжийнхээ асрамжинд үлдэх болон хүүхдийн тэтгэлэгийг төлөхөд татгалзахгүй гэв.
Хариуцагч Т.Цолмон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр болох Л.Батсүрэнтэй 2015 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа болно. Нөхөр маань 2017 оноос хамтран амьдрагчтай болсон учраас гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүү Б.Даян 13 настай, миний асрамжинд үлдээж, сар бүр хэрэглээний мөнгийг гаргуулж өгөхийг хүсч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй гэв.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Батсүрэн нь хариуцагч Т.Цолмонд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.Батсүрэн болон хариуцагч Т.Цолмон нар нь 1999 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2005 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Даян төрсөн нь 1374 дугаар төрсний гэрчилгээ болон 243 дугаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байхаас гадна талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь үр дүнд хүрэхгүй гэж үзэн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Талууд 2015 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа нь болон тусдаа амьдрах үеэс эхлэн 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Даян эхийн асрамжинд байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байна. Иймд хүүхдийн асрамжийг өөрчлөх шаардлагагүй, мөн хүүхдийн санал, түүнчлэн гэрчлэгчид хүү Б.Даянг эхийн асрамжинд үлдээх талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харгалзан түүнийг эхийн асрамжинд үлдээв.
Хариуцагч нь хэдийгээр нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар шаардлага гаргаагүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр нэхэмжлэгчээс тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь тус дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 258 дугаар тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн гэж үзэв.
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эхийн асрамжинд үлдээж, хуульд заасан хэмжээ, хугацаагаар хүүхдийн тэтгэлэг тогтоон нэхэмжлэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Талууд эд хөрөнгийн талаар маргаагүйг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Архө овогт Лхамсүрэнгийн Батсүрэн, Бөртэ овогт Төмөрбаатарын Цолмон нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Даянг эх Т.Цолмонгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Даянг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Л.Батсүрэнгээс гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН