Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар   2022/ШЦТ/1448

 

2022        10          07                                           2022/ШЦТ/1448

 

                            

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт *******-д холбогдох эрүүгийн 2206 00067 2172  дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Б овгийн *******

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь  2021 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнийн 00:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны автобусны эцсийн зам дээр асаалттай орхисон байсан хохирогч Ө.Б-ийн эзэмшлийн ....УБВ улсын дугаартай Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би шар хаднаас автобусанд суух гээд явж байхад нэг машин асаалттай байсан. Хэрэг үйлдэх үедээ би согтуу байсан. Буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Иргэн Ө.Б-аас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

-Хэргийн газар үзлэг хийсэн “...машин алга болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны автобусны эцэс байх..” гэх тэмдэглэл /хх-ийн 9-10/,

-Хохирогч Ө.Б-ийн “Би өчигдөр орой 22:00 цагийн үед Шархадны эцсийн караокед ганцаараа ороод 4 шил пиво уусан. Намайг манай төрсөн дүү Б ирж авах ёстой гэж хэлсэн. Удалгүй Б гаднаас орж ирээд бид 2 буцаад гартал машин байхгүй байсан. Тухайн үед гайхаад хэсэг байж байгаад цагдаад дуудлага өгсөн. Би 7 хоногийн өмнө 2,600,000 төгрөгөөр худалдан авч байсан ... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа. Манай дүү Б ойр зуур унадаг юм. Жолооч талын урд карлон будаггүй, нэмэлт цагаан гэрэлтэй дотор нь дугуй ачсан байгаа. Надад ямар нэгэн өр зээл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

-Гэрч Ө.Б-ын “Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны оройн 00:00 цагийн үед төрсөн ах Ө.Б-ийг Шархадны эцсээс авах гэж Б ахын эзэмшлийн ... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж ирсэн. Батсүх ах шархадны Ди Эс караокед байсан ба би орж авах гээд машинаа зам дээр асаалттай нь орхиод орсон. Миний унаж явсан машины түлхүүр нь асаалттай чигтээ сугардаг болохоор түлхүүрээ сугалж аваад машинаа түгжилгүй асаалттай үлдээсэн. Орж ахыг аваад 10 минут болоод гараад ирэхэд машин байхгүй болсон байхаар нь хэсэг харж байгаад цагдаад дуудлага өгсөн. Урд гупер дээрээ 2 цагаан нэмэлт гэрэлтэй, урдуураа олон тооны сэвтэй, урд гупер нь салбайж унжсан машин байгаа. Ах 7 хоногийн өмнө Цайз 16-ын ойролцоо Банк бус санхүүгийн байгууллагаас 2,600,000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

-Гэрч Н.Г-ын “Энэ автомашиныг манай хашаанд холын хамаатны Х гэдэг залуу авч ирсэн. Яг хэдний өдөр ирснийг санахгүй байна. Машины талаар ямар нэг зүйл хэлээгүй, шөнийн 03:00 цагийн орчимд ирээд надтай 1 шил архи хувааж уучихаад өглөө сэрэхэд машинаа хашаанд үлдээчихээд явсан байсан. Би машиных нь талаар асуугаагүй, өөрийнх нь машин юм болов уу гэж бодсон. Х үлдээсэн өдрөөс хойш 20 гаран хоног болж байна. Энэ хугацаанд холбоо барьж автомашинаа асуугаагүй мөн манайд ирээгүй. ...Х тэр орой манайд орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. Өөр хэн нэгэн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

-Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн БЗДЗ-22-497 дугаартай тайлан /хх-ийн 95-97/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь  2021 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнийн 00:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны автобусны эцсийн зам дээр асаалттай орхисон байсан хохирогч Ө.Б-ийн эзэмшлийн ... УБВ улсын дугаартай Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

-Иргэн Ө.Б-аас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

-Хэргийн газар үзлэг хийсэн “...машин алга болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны автобусны эцэс байх..” гэх тэмдэглэл /хх-ийн 9-10/,

-Хохирогч Ө.Б-ийн “Би өчигдөр орой 22:00 цагийн үед Шархадны эцсийн кароекед ганцаараа ороод 4 шил пиво уусан. Намайг манай төрсөн дүү Б ирж авах ёстой гэж хэлсэн. Удалгүй Б гаднаас орж ирээд бид 2 буцаад гартал машин байхгүй байсан. Тухайн үед гайхаад хэсэг байж байгаад цагдаад дуудлага өгсөн. Би 7 хоногийн өмнө 2,600,000 төгрөгөөр худалдан авч байсан ...УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа. Манай дүү Б ойр зуур унадаг юм. Жолооч талын урд карлон будаггүй, нэмэлт цагаан гэрэлтэй дотор нь дугуй ачсан байгаа. Надад ямар нэгэн өр зээл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

-Гэрч Ө.Б-ын “Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны оройн 00:00 цагийн үед төрсөн ах Ө.Б-ийг шархадны эцсээс авах гэж Б ахын эзэмшлийн ... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж ирсэн. Б ах шархадны Ди Эс кароекед байсан ба би орж авах гээд машинаа зам дээр асаалттай нь орхиод орсон. Миний унаж явсан машины түлхүүр нь асаалттай чигтээ сугардаг болохоор түлхүүрээ сугалж аваад машинаа түгжилгүй асаалттай үлдээсэн. Орж ахыг аваад 10 минут болоод гараад ирэхэд машин байхгүй болсон байхаар нь хэсэг харж байгаад цагдаад дуудлага өгсөн. Урд гупер дээрээ 2 цагаан нэмэлт гэрэлтэй, урдуураа олон тооны сэвтэй, урд гупер нь салбайж унжсан машин байгаа. Ах 7 хоногийн өмнө Цайз 16-ын ойролцоо Банк бус санхүүгийн байгууллагаас 2,600,000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

-Гэрч Н.Г-ын “Энэ автомашиныг манай хашаанд холын хамаатны Х гэдэг залуу авч ирсэн. Яг хэдний өдөр ирснийг санахгүй байна. Машины талаар ямар нэг зүйл хэлээгүй, шөнийн 03:00 цагийн орчимд ирээд надтай 1 шил архи хувааж уучихаад өглөө сэрэхэд машинаа хашаанд үлдээчихээд явсан байсан. Би машиных нь талаар асуугаагүй, өөрийнх нь машин юм болов уу гэж бодсон. Х үлдээсэн өдрөөс хойш 20 гаран хоног болж байна. Энэ хугацаанд холбоо барьж автомашинаа асуугаагүй мөн манайд ирээгүй. ...Х тэр орой манайд орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. Өөр хэн нэгэн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

-Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн БЗДЗ-22-497 дугаартай тайлан /хх-ийн 95-97/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч ******* нь хохирогч Ө.Б-ийн өмч болох ... УБВ улсын дугаартай Тоёото приус 10 маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл, хохирогчийн өмчлөх, эзэмших эрх ашгийг хохироосон хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.  

Шүүгдэгч *******-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно. 

Шүүгдэгч *******-ийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид 2,568,396 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эзэмшлийн ... УБВ улсын дугаартай Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслийг биет байдлаар хүлээлгэн өгсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүхээс *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон 110 хоногтой. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Мөн цаашид ийм хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Өмнө нь найзынхаа мотоциклийг хулгайлж авч Өвөрхангай аймгийн шүүхээр 17.1.1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж дуусаагүй байж байгаад дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж 17.1.1 гэсэн зүйл ангиар дахин шүүх хурал болж байна. Хохирогчийн машиныг аваад буцаагаад өгсөн, эвдэлж гэмтээгээгүй, бусдад төлөх төлбөргүй, ам бүл ганцаараа, эхнэр хүүхэд байхгүй, хоолойн ангени өвчтэй, үе мөч нь өвддөг боловч эмнэлгийн ямар нэгэн бичиг баримт хавтаст хэрэгт авагдаагүй, өөрөө амаараа хэлж байгаа зэрэг байдлуудыг харгалзаж үзээд хорионы саналаас өөрөөр Эрүүгийн хуулийн 6.9-д заасны дагуу нэмж нэгтгэж өмнөх эдлээгүй ял болох 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ 17.1.1.-д заасан хулгайн гэмт хэргийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санкцийг нэгтгээд нэг мөсөн нийтэд тустай ажил хийлгэх ял оноож өгөхийг хүсье гэв.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч уг ял нь 2021 оны 07 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ч засрал хүмүүжлийг ололгүй ахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа зэргийг харгалзан эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж хорих ялыг сонгож шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Бусад асуудал:

 

Шүүгдэгч ******* нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул  шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь 108 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт *******-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б овогт *******-г 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн цагдан хоригдсон 108 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ