Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1217

 

                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр, улсын яллагч О.Эрхэмбаяр, шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... овгийн С-ийн Г, ....... оны .... дугаар сарын ......-ны өдөр ........... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ..... хамт ........ дүүргийн ..... дугаар хороо хороо, ........... тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ............, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч С.Г нь Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны хооронд ахуйн газ 112 ширхэг, газын плитк 2 ширхэг, газын хошуу 20 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж 506,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч, .... овгийн С-ийн Г нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны хооронд ахуйн газ 112 ширхэг, газын плитк 2 ширхэг, газны хошуу 20 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж 506,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж-ын “...Би Г ХХК-д нягтлан бодогч ажилтай, уг байгууллагад сүүлийн 10 орчим жил ажиллаж байгаа ба манай Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материалын эцэст байдаг С.Г гэх 19 настай хүү борлуулагчийн туслахаар 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс ажиллаж эхэлсэн ба уг хүүг ажилд орсноос хойш манай агуулах байдлаар ашигладаг машин орох том хаалга цоожтой байгууллага дотроос нэвтрэх явган хаалга нь онгорхой байдаг гараашнаас ахуйн газ, аяны газын плитк, газын хошуу зэрэг зүйлс бага багаар хулгайд алдагдаад байсан ба манай ажилчид хамт олон жил ажиллаж байгаа ямар нэгэн эд зүйлс хулгайд алдагдаагүй байсан учраас С.Г-ийг хардаж байсан ба 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед ажил тарах дөхөөд С.Г-ийг хар өнгийн үүргэвчтэй цүнхээ үүрээд гарах гэж байхад цүнхээ үзүүлэхийг шаардахад уг цүнхнээс 2 боодол буюу 8 ширхэг ахуйн газ гарч ирсэн ба тухайн өдрөө цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

- гэрч Д.М-ийн “...Би хувиараа дэлгүүр ажиллуулдаг С.Г гэх хүнийг зүс таньдаг төрөл садны болон холбоо хамаарал байхгүй. Би “Н” бидний маркет дэлгүүр ажиллуулдаг. Манай дэлгүүрээр үйлчлүүлдэг С.Ггэх хүү 2022 оны 05 дугаар сард болон 06 сарын эхээр нийт 2 удаа Г гаднын байгууллагад ажилд орсон, газ авч байгаач гэж гуйхаар нь би 2 удаа газны хошуу авсан. Хэдэн ширхэг авснаа санахгүй байна. Төлбөрт нь нүүрс, ус ундаа аваад үлдэгдэл төлбөртөө бэлэн мөнгө авсан хэдэн төгрөг өгснөө санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал), 

- гэрч Г.Т-ын “...Г ХХК-д диспетчер ажилтай С.Г гэх залуу манайд 2022 оны 05 дугаар сарын дундуур ажилд орсон ба 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг өнгөрч байхад С.Г хар өнгийн хоёр мөртэй үүрдэг цүнх үүрээд гарах гэхээр нь цүнхэндээ газ хийсэн байж магадгүй гээд цүнхээ шалгуул гэхэд цүнхнээс 8 ширхэг буюу 2 боодол газ гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолт (хавтаст хэргийн 25-26 дахь тал), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-18 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч С.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед “... Би 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороонд байрлах Г ХХК-д туслахаар ажилд орсон бөгөөд тухайн намайг ажиллаж байх үед манай бусад ажилтнууд газ алга алга боллоо, газын плитк алга боллоо гэж ярилцдаг байсан. Тэгээд би ажиллах мөнгөний хэрэг гарсан тул тус байгууллагын агуулахаас газ авах болсон. Би нийт тус агуулахаас 28 боодол буюу 112 ширхэг ахуйн хэрэглээний жижиг газ нууцаар авчихсан юм. Хамгийн сүүлд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус агуулахад байсан хучлага доор нуучихсан байсан 3 боодол буюу 12 ширхэг ахуйн хэрэглээний газ авсан бөгөөд тэндээ баригдсан учир 1 боодол газыг нь үлдээгээд 2 боодлыг нь авч гарч ирсэн. Би тухайн авсан газнуудаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орбит гэх газар байдаг Н хүнсний дэлгүүрт тухайн авсан ахуйн хэрэглээний газнуудаа зарчихдаг байсан...Би уг хэргийг ганцаараа үйлдсэн, хэн нэгэнтэй огт хамтраагүй. Би Н хүнсний дэлгүүрийн хүнд гэмт хэргийн замаар хулгайлж авсан эд зүйлс гэж огт хэлээгүй...” (хавтаст хэргийн 13, 15 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй...” гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдсан байх тул түүний хэргээ хүлээсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгов.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч С.Г-ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйлс болох ахуйн газ 112 ширхгийг 336,000 төгрөгөөр, газын плитк 2 ширхгийг 90,000 төгрөгөөр, газны хошуу 20 ширхгийг 80,000 төгрөгөөр тус тус үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нийт 506,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч С.Г-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Г-ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Шүүгдэгч С.Г нь хохиролд 506,000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч С.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-1.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ял оногдуулах саналтай байна. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно...” гэв.

Шүүгдэгч: “...Намайг уучлаарай...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

 

Шүүгдэгч С.Г-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 39-41 дэх тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгч С.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилтод нийцнэ гэж үзлээ.

2.3.      Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.... овгийн С-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч С.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Г-д гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч С.Г-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА